Хүмүүний амьдрал төгсөх мөчид шүүлт хүлээж байдаг (Евр 9:27). Шүүх хурал дээр хэн нэгэн этгээдийг гэмт хэрэгтэн эсэхийг нь тогтоож, хэрэв гэм буруутай бол хэр ноцтой гэмт үйлдэл хийснээр нь ял оноодог шиг сүнслэг ертөнцийн шүүх ч мөн адил.
Тамын зовлон гээч хичнээн аймшигтайг мэддэггүй хүмүүс энэ газарт өгөгдсөн цаг хугацаагаа дэмий өнгөрөөж, адаг сүүлд нь харамсана. Бурхан махан бие өмсөөд ирсэн шалтгаан нь хүмүүний амьдралын энэ мэт төгсгөлийг мэддэг учраас тэр билээ. Бидний өмнөөс загалмайн зовлонг эдлэн нүглийн төлөөх тахил болон байж тогтоосон шинэ гэрээгээрээ тамын ялын газар явахаас өөрцгүй байсан бидэнд тэнгэрийн хаанчлалдаа буцах замыг нээсэн.
Бид нэг сүнсийг ч болов тамаас эргүүлэн тэнгэрийн хаанчлал руу дагуулж явах ажилд бүх зүрх сэтгэл, оюун бодлоо дайчлах хэрэгтэй юм. Бурхан биднийг тэнгэрт үйлдсэн нүгэл, гэм буруугаа бүгдийг нь наманчлаад тэнгэрийн орондоо буцан ирээсэй л гэж хүсэж суугаа. Ийм л учраас Бурханы бидэнд даатгасан ажил нь авралын зар. Авралын зар гэдэг зүгээр л Библид бичигдсэнийг хүмүүст тараана гэсэн утгатай биш. Харин хүмүүсийн алхаж байгаа зам эцэстээ хааш нь аваачихыг сануулж, тэдний алхааг тэнгэрийн хаанчлал руу чиглүүлэхийг л хэлнэ. Авралын зарын утга учрыг тунгаан бодож ямар сэтгэлээр Бурханаас эмээн хүндэтгэх ёстойгоо эргэцүүлж нэг үзэцгээе.
Эш үзүүлэгч Иона, мөн Паул элч хөлөг онгоцоор аялж байхдаа аль аль нь далайн шуургатай тулгарсан тухай Библид байдаг. Ав адилхан модоор хийгдсэн хэрнээ Ионагийн суусан онгоц Паулын сууснаас дэндүү ялгаатай байж. Ионагийн хөлөг онгоцонд Бурханы хүслийг сөрсөн хүн суусан бол Паулын хөлөг онгоцонд Бурханы хүсэлд дуулгавартай хүн суусан байв. Үр дүнд нь хэрхсэнийг Ионад тохиолдсон явдлаас харцгаая.
“ЭЗЭНий үг Амиттаин хүү Ионад ирж —Босоод, их хот Ниневе уруу очиж, түүний эсрэг хашхир. Учир нь ёрын муу нь өмнө минь өгсөж ирэв гэж айлдав. Гэвч Иона ЭЗЭНий оршихуйгаас Таршиш уруу зугтахаар босжээ. Тэрээр Иоппад ирж, Таршиш уруу явж байсан хөлөг онгоцыг олоод, зардлаа төлж, ЭЗЭНий оршихуйгаас Таршиш уруу тэдний хамт явахаар суув. Гэтэл ЭЗЭН, далай уруу их салхи илгээн далай дээр хүчит шуурга босгож хөлөг онгоцыг сүйрэхэд хүргэв. … Хүмүүс бие биендээ —Ирцгээ, бидэнд энэ гай хэнээс болж байгааг мэдэхийн тулд шавга татацгаая! гэцгээв. Ингээд тэд шавга татсанд уг шавга Иона дээр буулаа. … Тэгэхэд хүмүүс ихэд айн сандарч, түүнд —Чи яах гэж ингэв? гэжээ. Иона өөрөө тэдэнд хэлсэн тул тэр хүмүүс түүнийг ЭЗЭНий оршихуйгаас зугтаж явааг мэджээ. Далай улам хүчтэй шуурсан учир тэд түүнд —Далайг намжаахын тулд бид чамайг яах болж байна вэ? гэв. Иона тэдэнд —Намайг барьж аваад, далайд хая. Тэгвэл далай та нарт намжина. Учир нь та нар дээрх энэ хүчтэй шуурга надаас болж байгааг би мэднэ гэж хэлэв. … Ингээд тэд Ионаг барьж аваад далайд хаясанд далай догшрохоо болилоо. Тэгэхэд хүмүүс ЭЗЭНээс ихэд эмээн ЭЗЭНд тахил өргөж бас ам өчиг өгөв. ЭЗЭН, Ионаг залгиулахаар аварга загасыг бэлдсэн аж. Иона загасны гэдсэнд гурван өдөр, гурван шөнө байв.” Ион 1:1-17
Тэр үед Ниневе хот нь Ассир улсын нийслэл байсан бөгөөд оршин суугчид нь харийн бурхад шүтэж Бурханы эсрэг тэрсэлсээр ирсэн нутаг орон байсан юм. Иона “Тийм газар Бурханы үгийг дамжууллаа гээд хэн л миний үгийг сонсов гэж, аягүй бол алуулж ч мэднэ” гэж бодоод Бурханы оршихуйгаас зугтахаар хөлөг онгоцонд суув.
Гэтэл тогтуун байсан далайд гэнэт хүчит шуурга дэгдэж давалгаа улам ширүүсээд ирэх нь тэр. Онгоц сүйрэх нь үү гэмээр аюул тулгарсан тул хүмүүс хэн нэгэн нь бурхдын хилэнг хөдөлгөсөн нь гарцаагүй гэж таамаглаад шавга татаж үзтэл тэр нь мэдээж Иона дээр унажээ. Энэ бүхэн өөрөөс нь болж тохиолдож байгааг хүлээн зөвшөөрсөн Иона далайд шидүүлж гурван өдрийн турш загасны гэдсэнд байсан юм.
Хэдий түр зуур ч Иона зөвт бус сэтгэл өвөрлөж байсан юм. Авралын маш том ажлыг даатгасан байхад тэрээр Бурханы хүсэлд дуулгаваргүй ханджээ. Эцэст нь Иона гэгч нэг хүнээс болж онгоцонд сууж явсан бүх хүний амь насанд аюул учирсан юм.
Яг үүнтэй адилхан нөхцөл байдалд Паулын суусан хөлөг онгоц огт өөр үр дүнд хүрсэн юм.
“… Аялал улам ч аюултай болж байсан тул Паул тэдэнд сэрэмжлүүлж —Эрчүүд ээ! Энэ аялал ер нь ачаа болоод онгоцонд төдийгүй бидний аминд ч сүйрэл, их хохиролтой гэж би үзэж байна гэв. Гэвч зуутын дарга Паулын хэлснээс илүүтэй онгоцны ахмад ба залуурчинд итгэмжилж байлаа. … Өмнө зүгийн зөөлөн салхи үлээж эхэлсэнд тэд хүссэнээр болох нь гэж санаад зангуугаа татаж, Крэтийн дагуу хөвөв. Харин тун удалгүй эх газраас Еуракулон гэдэг хүчтэй салхи хуйлран салхилахад усан онгоц сөрж чадалгүй, салхинд туугдахад хүрэв. … Шуурганд хүчтэй шидэгдэж байснаас болж дараа өдөр нь тэд ачаагаа хаяцгааж эхлэв. Гурав дахь өдөр нь тэд өөрсдийнхөө гараар усан онгоцныхоо тоног төхөөрөмжийг ч хаяцгаав. Олон өдрийн турш нар, одод ч үзэгдсэнгүй. Шуурга ч аажмаар ширүүсэж байсан тул эцэстээ бидний аврагдах горьдлого тасарлаа. Хүмүүс удаан хугацаагаар хоол ундгүй байв. Тэгтэл Паул тэдний дунд босож зогсоод —Эрчүүд ээ! Та нар үгийг минь дагаж, Крэтээс хөдлөөгүй байсан бол энэ сүйрэл хохирлыг амсахгүй байх байсан. Одоо харин эр зоригтой байхыг би та нараас хүсье. Учир нь та нараас хэн ч амиа алдахгүй, харин усан онгоц л сүйрнэ. Урьд шөнө миний харьяалагддаг, миний үйлчилдэг Бурханы нэгэн тэнгэрэлч өмнө минь зогсож, “Паул аа, бүү ай! Чи Цезарийн өмнө зогсох ёстой. Үзэгтүн, чамтай хамт явагсдыг Бурхан чамд соёрхсон” гэв. Иймээс эр зоригтой байцгаа, эрчүүд ээ! … Үүр цайхын өмнө Паул бүх хүнд юм идэхийг уриалж —Та нар өнөөдөр хүртэл хүлээсээр, хоолгүй, арван дөрвөн өдөр юу ч идэлгүй явж байна. Иймд та нарыг юм идээч гэж би уриалж байна. Ингэх нь аврагдахад тань хэрэгтэй. Учир нь та нарын хэний ч толгойноос ширхэг ч үс унахгүй гэлээ. Тэр ийнхүү хэлээд талх авч бүгдийн өмнө Бурханд талархал өргөн, хуваагаад идэж эхлэв. Тэд бүгдээрээ урамшин зоригжиж бас юм идэцгээлээ. Усан онгоцон дээр бид бүгд хоёр зуун далан зургуулаа байсан юм. Тэд цадтал идчихээд онгоцыг хөнгөн болгохын тулд буудайг тэнгист хаяж эхэллээ. Өглөө болох үед тэд эх газрыг таньж чадсангүй. Харин элсэрхэг эрэг бүхий нэгэн тохойг олж хараад, … сэлж чаддагийг нь онгоцноос үсэрч, эх газарт түрүүлж хүрэхийг, харин бусдыг нь банз юмуу, онгоцны хэлтэрхийг хэрэглэхийг тушаав. Ингэж бүгдээрээ эсэн мэнд эх газарт хүрсэн билээ.” Үйл 27:1-44
“Ийнхүү эсэн мэнд үлдсэн бид уг арлыг Мальт гэж нэрлэдгийг мэдэв. Хэл харьтнууд ч бидэнд ер бусын элэгсэг хандаж, бороо цутган хүйтэн байсан тул гал өрдөөд, бид бүгдийг угтаж авлаа. Паул хэсэг гишүү авчирч галд нэмэхэд галын халуунаас болж тэдгээрийн дундаас нэгэн хорт могой гарч ирээд гарт нь зүүгдчихэв. … Тэрээр амьтныг галд сэгсэрч хаяад, өөрөө яасан ч үгүй. Хүмүүс түүнийг хавдах юмуу гэнэт газар хөсөр унаж үхэхийг нь хүлээж байлаа. Удтал хүлээсний эцэст тэд түүнд эс бусын юм тохиолдохгүй байхыг хараад, бодолоо өөрчилж түүнийг бурхан байж гэж ярьж эхлэв. Тэр газрын хавь орчмын нутаг нь арлын тэргүүн Пупли гэгч хүний эзэмшил байсан бөгөөд тэр биднийг найрсгаар хүлээн авч гурав хоног зочилсон билээ. …” Үйл 28:1-10
Паул сайн мэдээ тунхаглаж байгаад баривчлагдан Ром руу явах замд далайн шуурга дэгдэв. Тэрээр харгалзагч цэргүүдийнхээ хамт шуурганд өртөн хүндхэн байдалд орлоо. Харин тэр онгоцонд Паул сууж байсан болохоор Бурхан тэдэнд ямар ч хөнөөл учруулсангүй. Бүгд аюулаас гэтлэн арал дээр мэнд газардаж, оршин суугчдаар нь зочлуулжээ. Тэгээд буцах замд хэрэгцээтэй бүхнээ аваад зорьсон газраа аюулгүй хүрч очжээ (Үйл 28:11-14).
Ионагийн сууж явсан хөлөг онгоц түүнээс л болж аюулд өртөж байсан. Харин Паулын суусан онгоцонд байсан хүмүүс Паулын ачаар аврал авсан. Сэтгэлдээ зөвт бус бодол тээсэн Иона ойр орчмынхоо хүмүүсийг гай зовлонд унагаж байхад Бурханы хүслийг дагадаг Паултай хамт явсан хүмүүс эсэн мэнд аврагдаж байв.
Бурханд хандахдаа Иона шиг хүмүүс байдаг. Бас Паул шиг сэтгэлтэй нь ч бий. Бид Паул шиг итгэлтэй, Бурханы хүсэлд дуулгавартай байж эргэн тойрныхоо бүх хүнийг аврал руу хөтлөх нь зүйтэй юм. Хүний зүрх сэтгэлийг хардаг Бурханы өмнө хэзээд зөв итгэлээ сахиж ерөөл авдаг Сионы гэр бүлүүд болоорой гэж хүсье.
Иошуагийн үед нэг хүний нүглээс болж Израилийн нийт ард түмний дээр гай зовлон нүүрлэж байсан түүхтэй.
“Гэвч Израилийн хөвгүүд хориг цээртэй зүйлсийн тухайд итгэл эвдэв. Иуда овгийн Зерагийн гуч, Забдийн ач, Кармийн хүү Ахан хориг цээртэй зүйлсээс авчээ. Иймээс ЭЗЭНий уур хилэн Израилийн хөвгүүдийн эсрэг дүрэлзэв. … Тэд явж Аиг тагнав. Тэд Иошуа уруу буцаж ирээд —Бүх ард олныг бүү явуул. Харин хоёр юмуу гурван мянга орчим хүн явуулан Аи хотыг цохиул. Тэд цөөхүүлээ учраас бүх хүмүүсээ тэнд бүү туйлдуул гэв. Ийнхүү ард олноос гурван мянга орчим хүн тийш очсон боловч Аин эрчүүдээс тэд зугтаав. Аин эрчүүд тэднээс гучин зургаа орчим хүнийг алж, тэднийг гулдан хаалганаас Шебарим хүртэл нэхэн хөөж, бэл газарт тэднийг хороов. Тиймээс ард олны зүрх үхэж, шалдаа буув.” Иош 7:1-5
Израиль ард түмэн Канааныг түрэмгийлэх үедээ тэр нутгийн үүд хаалга гэгддэг Иерихо хотыг эзэлж, улмаар Аи гэдэг хот руу довтолдог. Яг энэ үеэр израильчуудын дундаас нэг хүн Бурханы өмнө нүгэл үйлдэв.
Итгэлээр дүүрсэн үедээ хийсэн дайн болон Бурханд нүгэл үйлдсэний дараах тулаан хоёр хоорондоо асар их зөрүүтэй байлаа. Аи хотыг төвөггүйхэн эзэлнэ гэж бодож байтал эсрэгээрээ тэндхийн эрчүүд харин Израилийн цэргийг бут цохин хөөжээ. Ялагдсан тухай мэдээ Израиль цэргийн эр зоригийг ч мохоож орхив.
Ялагдлын шалтгаан Ахан гэгч хүнд байв. Аи хотын хүчирхэгээс эсвэл тэдний эрс эр зоригтой байснаас болсонгүй. Харин Ахан Бурханы хориглосон зүйлсээс хулгайлсан учир нэг хүний үйлдсэн нүгэл бүх Израилийн дээр зовлон авчирсан нь энэ.
“Тэгээд Иошуа хувцсаа уран, үдэш хүртэл ЭЗЭНий авдрын өмнө нүүрээрээ газарт унав. Израилийн ахмадууд ч бас унацгаав. Иошуа тэдэнтэй хамт толгой дээрээ шороо цацлан байв. Иошуа —А-яа, БУРХАН Эзэн, … Эзэн минь, Израиль өстөн дайсандаа нуруугаа харуулан зугтсанаас хойш би юу хэлэх вэ? Учир нь канаанчууд болон нутгийн бүх оршин суугчид үүнийг сонсоод, биднийг бүслэн, газар дэлхийгээс нэрийг маань арчиж хаях болно. Тэгэхэд нь Та Өөрийн аугаа нэрийн төлөө юу хийх юм бэ? гэлээ. Тэгтэл ЭЗЭН, Иошуад —Өндийн бос. Юунд чи нүүрээрээ унаад байна вэ? Израиль нүгэл үйлдэж, Миний тэдэнд тушаасан гэрээг минь тэд бас зөрчсөн. Тэд хориг цээртэй зүйлсээс заримыг авч, хулгай хийж, бас хууран мэхэлсэн. Түүгээр барахгүй тэдгээрийг өөрсдийн эд зүйлс дунд тавьсан. Израилийн хөвгүүд өстөн дайснаа эсэргүүцэж чадахгүй бөгөөд тэд дайсандаа нуруугаа харуулан зугтсан. Учир нь тэд өөрсдөө хориг цээр болсон юм. Та нар өөрсдийн дотроос тэрхүү хориг цээртэй зүйлсийг бүгдийг устгахаас нааш Би та нартай цаашид хамт байхгүй.” Иош 7:6-12
Бурхан дөчин жилийн турш өдөр бүр тэнгэрээс манна буулгаж, дайснуудтайгаа тулалдахад нь ялалт авчирсаар Израиль ард түмнийг Канаан хүртэл удирдсан. Иерихо хотыг ч мөн Бурханы тусламжтайгаар төвөггүйхэн эзэлж авсан байтал Иерихогоос ч жижиг Аи хотыг эзэлж чадаагүйн учир нь нэг хүний үйлдсэн нүглээс болсон байв.
Бурханы хүслийг мэдсээр байж хэрэгжүүлэхгүй байвал, эс бөгөөс хэрэгжүүлэх боломж байсаар атал хийхгүй бол Ахан шиг бүгд зовлонд унаж ч болдгийг бид сэтгэлдээ санах ёстой. Бурханы хүслийг дагахад Паул шиг хажуудах хүмүүсээ ч аварна. Нэг хүний зүрх сэтгэл Бурханы өмнө тааллыг олоход Бурхан тэр нэг хүний улмаас нөхцөл байдлыг бүрэн өөрчилж өгдөг аж.
“Нэг хүнээр ертөнцөд нүгэл нь, нүглээр үхэл нь орж ирсэн байхад бүгд нүгэл үйлдсэнээр үхэл нь бүх хүнд иржээ.” Ром 5:12
Ертөнцөд нүгэл авчирсан энэхүү “нэг хүн” гэдэг нь Адам юм. Бурханы хүслийг зөрчсөн Адам гэх нэг хүний дуулгаваргүй байдлаас болж хүн төрөлхтөн үхлийн гинжинд хүлэгдэн зовж шаналах болсон. Яг л Иона гэх нэг хүнээс болж далайн хүчит шуурга дэгдэн аюул тулгарч байсан түүх шиг.
Адам гэх нэг хүнээр ертөнцөд нүгэл ирсэн бол Есүс гэх нэг Хүнээр ертөнцийн хүмүүст авралын зам нээгдсэн.
“Ганц хүний алдаа зөрчлөөс болж ганц хүнээр дамжин үхэл нь ноёрхсон юм бол, тэгэх тусмаа нигүүлслийн баялгийг болон зөвт байдлын бэлгийн дүүрэн хүртэгсэд нь Есүс Христ гэгч ганц Хүнээр дамжин амь дор ноёрхоно. Тийнхүү ганц алдаа зөрчлөөс болж бүх хүн ялд унасны адил, ганц зөвт үйлээс болж бүх хүн амийн зөвтгөлд хүрэв. Учир нь ганц хүний дуулгаваргүйгээс болж олон нь нүгэлтэн болсны адил Ганцын дуулгавраас болж олон нь зөвт болгуулна.” Ром 5:17-19
Христ Бурханы хүсэлд дуулгавартай байж, загалмайд цовдлогдон бидэнд авралын замыг нээсэн. Тэгээд Бурханыг дуурайсан ариун сэтгэл, зөвт үйлстэй байж хүн төрөлхтнийг аврах үүргийг бидэнд хариуцуулсан. Христийн зөвт үйлсээр олон хүн зөвт болгогдон авралд хүрсэн шиг, сайн мэдээ тараагч бидний зөвт үйлсээр хажуу хөрш, гэр бүл, төрөл садан, танилууд маань авралын зам руу ирж чадах юм.
Нэг хүний үүрэг маш чухал. Бид ч бас хажуудах хүмүүстээ ивээл хүртээж ерөөл авчирсан Паул шиг, Есүс шиг “нэг хүн” болох хэрэгтэй. Харин Ахан шиг, эсвэл Бурханы үгнээс нүүр буруулж зугтсан Иона шиг “нэг хүн” болж болохгүй ээ. Ионагийн буруу бодол, Аханы муу үйлс нь хажуудах хүмүүстээ томоохон гарз хохирол учруулсан шиг, “би” гэгч нэг хүн сэтгэлдээ бурууг тээж мууг үйлдвээс бусдад гай зовлон учрах болно. Хуучны үгэнд “Нүгэлтний хажууд байвал аянганд ниргүүлнэ” гэж байдаг шүү дээ. Бид нүгэл үйлддэг “нэг хүн” болох бус, хүмүүсийг авралын замаар дагуулагч “нэг хүн” болох хэрэгтэй юм.
Ертөнцөд өөрийгөө өндөрт гаргах гэсэн, чинээлэг амьдрах гэсэн олон хүн байдаг. Гэвч хүмүүний амьдралын төгсгөлийг бодвол ихэд өрөвдөлтэй. Өглөөний шүүдэр шиг түр тогтож байгаад л замхрах хүмүүсийг зөнд нь орхиход сүнс нь мөнхийн тамын ял авах нь гарцаагүй. Тэднийг хэрхэн аварч, мөнхийн энх тунх тэнгэрийн хаанчлалд аваачъя даа гэж өрөвдөхдөө Бурхан энэ газарт ирсэн. Бидэнд ч ийм сэтгэл байх ёстой. Үхлийн аюул учирсан хүмүүсийг эсэн мэнд газарт аваачсан Паул шиг бид ч мөн хажуудах нэг сүнсээ үнэн рүү хөтөлье. Тэгээд Елохим Бурханы соёрхох амийн усны гол дээр амар амгаланг эдлүүлж, мөнх хаанчлалын өвийг авхуулцгаая.
Бид зүгээр суугаад байвал орчин тойрон маань аяндаа өөрчлөгдчихгүй. Сэтгэлд тань Бурханд дуулгаваргүй зүйл байгаа бол даруй орхиж, Бурханы ариун үгээр сэтгэлээ дүүргээрэй. Өнөөдрийн зовлонг тэнгэрийн найдвараар ялж, хажуудах бүх хүндээ тэнгэрийн амар амгалан, баяр хөөр дамжуулах Сионы гэр бүлүүд болохыг хүсье.