Библийн зөгнөл ёсоор Сион руу одоо дэлхийн олон хүн цуглацгааж байна. Тэдний дотор нүглийн дадал, зуршлаа хаяж, тэнгэрлэг чанарыг өмсөн, өөрчлөгдөхийг хичээж яваа гэр бүлүүд ч бий. Хараахан ертөнцийн нүглийн хирнээсээ салж чадаагүй гэр бүлүүд ч бий.
Энэ үед Бурханд түрүүлж дуудагдсан бид үнэн рүү орж ирсэн ч, засрах шаардлагатай зан чанартай гэр бүлүүддээ Бурханы хүсэж буй ивээлтэй үг болон ивээлтэй зан чанараар сайн жишээ үзүүлэх хэрэгтэй. Сионы хүүхдүүдэд байх ёстой хайрын чухал зан чанаруудын нэг болох энэрэнгүй дөлгөөн чанарын давуу талын тухай Бурханы үгээр сурч авцгаая.
Ядуу боловч аз жаргалтай эхнэр нөхөр хоёр байжээ. Гэтэл эхнэр нөхөр хоёрт гэнэт золгүй явдал учрав. Эхнэр нь таашгүй өвчнөөр өвчилж, зовж шаналж эхлэв. Өвчинд баригдсан эхнэрээ харж байгаа ч эмчилгээний мөнгөгүй, үнэтэй эм авч өгч чадахгүй нөхөр нь ихэд халаглаж байлаа. Нөхөр нь энэ тэрийг сайтар бодсоны эцэст захаас хүн орхоодой худалдан аваад, эхнэртээ ингэж хэлжээ.
“Зүүдэнд нэгэн хүн орж ирээд, энэ уулын орхоодой байгаа газрыг зааж өгөөд, зөвхөн үүнийг идвэл таны өвчин бүрэн эдгэрнэ гэлээ. Иймд үүнийг идээд хурдан хүч тамир ор доо.”
Эхнэр нь нөхрийнхөө ухаж авчирсан гэх уулын орхоодойг үлдээлгүй бүгдийг нь иджээ. Хажуугаас нь ажиж байсан нөхөр нь өөрийнх нь үгэнд итгэсэн эхнэртээ баярласан хэдий ч, хүн орхоодой, уулын орхоодойгоо ч ялгахгүй шууд итгэсэн эхнэр нь өрөвдөлтэй харагдаж байв. Тэгтэл гайхалтай юм болж, эхнэр нь тэр үеэс аажмаар илааршиж эхлэв.
Эхнэрийнх нь өвчин бүрэн эдгэрэхэд, тэрээр эхнэрээ хуурсандаа гэмшин эцэстээ үнэнээ хэлжээ.
“Хөгшөөн, үнэндээ эмчилгээний төлбөр байхгүйгээс яалт ч үгүй танд худлаа ярьсан тул уучлаарай, намайг.”
Үнэн сэтгэлээсээ уучлал гуйсанд өөрийнх нь төлөөх нөхрийнхөө сэтгэлд уярсан эхнэр нь тэвэрч аваад ингэж хэлж гэнэ.
“Би хүн орхоодой ч, уулын орхоодой ч идсэн удаагүй. Зөвхөн таны хайрыг л идсэн.”
Энэ үгэнд нөхөр нь төдийг хүртэл хийсэн үйлс нь талаар өнгөрөөгүйд ихээхэн урам орж, зөндөө их баяр хөөр мэдэрч гэнэ.
Ядуу эхнэр нөхрийн тухай ярианд, нөхөр нь эхнэрийнхээ төлөө гэсэн хайраар сайн санаагаар худал ярьж, эхнэр нь нөхрийнхөө чин сэтгэлийг ойлгон, өөрийг нь хуурсан нөхрөө уучилжээ. Тэр хоёр хэдийгээр их эд хөрөнгө байхгүй ч, насан туршдаа сайхан хайраар амьдарч чадна гэдгийг дараагийн түүхийг нь сонсохгүй байсан ч таамаглах биз ээ.
Тэд ийм сайхан хайр бий болгож чадсан нь юунаас ч илүү тэдний хайранд энэрэнгүй дөлгөөн зан оршиж байсных юм. Энэрэнгүй дөлгөөн зан гэгч хайрын шинж чанаруудын нэг юм. Дээрх ярианд гарсан эхнэр нөхөр хоёртой адилхан сэтгэлээр бид ч мөн Бурханы хайр болон дотор нь агуулагдаж буй энэрэнгүй дөлгөөн занг сурч, хайрын үнэрийг бүх дэлхийд тунхаглах христчин болцгооё.
Бурхан зөвхөн баптисм хүртээхийн төлөө бус, биднийг авралд хүргэхээр энэ газарт ирсэн. Тэгвэл бид ч мөн хүмүүсийг Сион руу хөтөлсөндөө сэтгэл ханаад зогсох биш, “Яавал энэ гэр бүлийг Бурханы өмнө зөв зогсож, тэнгэрийн хаанчлалын аврал автал нь хөтлөх вэ?” гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Түүнчлэн Сионд дөнгөж орж ирж буй олон гэр бүлд авралд орох хүртэл нь Эцэг, Эхээс авсан хайраа харуулах хэрэгтэй юм.
“Эмэгтэй хүн мөхөс дорой хэдий ч эх хүн хүчтэй” гэдэг үг бий. Эмэгтэй хүн, эх хүн хоёрын ялгаа юу вэ? Авах хайр болон өгөх хайрын ялгаа юм. Хайрлуулахыг хүсэх эмэгтэй хүний байр сууринаас хэмжээлшгүй хайрыг өгөх эхийн байр суурьтай болж солигдоход эмэгтэй хүн юуг ч хийж чадах хэмжээний хүчтэй болдог. Адилхан нэг хүн хэр нь энэ мэт хайрлуулах гэж байна уу, хайрлах гэж байна уу гэдгээсээ шалтгаалж мөхөс дорой болж ч болно, хүчтэй ч болж болно.
Зөвхөн хайрлуулахыг хүсвэл бухимдах, шаналах юм л их гарах байх. Тиймд бид ч мөн хайр авах байр суурьтай болохоосоо илүү үргэлж өгөх байр суурьтай болох хэрэгтэй. Тэгж гэмээнэ бидний итгэл ч хүчирхэгжиж, Сион маань ч илүү хүчирхэг хот болно.
“Хайртууд минь, бие биенээ хайрлацгаая. Учир нь хайр бол Бурханаас ирдэг. Хайрладаг хүн бүр Бурханаас төрсөн бөгөөд Бурханыг таньдаг. Эс хайрлагч нь Бурханыг таньдаггүй. Учир нь Бурхан бол хайр.” 1Иох 4:7-8
Бурхан бол хайр. Тийм болохоор эс хайрлагч нь Бурханыг таньдаггүй. Мөн Бурханы хайр бол авах хайр биш, хязгааргүй өгөх хайр юм. Энэ хайраараа л Бурхан хүн төрөлхтнийг аврахаар ирсэн. Бид Эцэг, Эх Бурханы нигүүлслээс урваж, тэрхүү хайраас нь нүүр буруулсан чигээрээ энэ ертөнцөд хөөгдөж ирсэн тэнгэрийн нүгэлтнүүд шүү дээ. Гэвч Бурхан зөвхөн хүүхдийнхээ л авралыг хүсэж, тэнгэрийн бүх яруу алдраа орхиод энэ газарт ирсэн юм.
Түүнчлэн Бурхан хүмүүсийг нүглээс нь зольж, нүглийн уучлал өгөхийн төлөө золиосолсон бүхэн нь Түүний дотор орших агуу их хайраас үүдэлтэй юм. Энэ хайраас бид суралцаж, хэрэгжүүлэх ёстой.
“Хэрэв би хүмүүсийн болон тэнгэрэлч нарын хэлээр ярилаа ч надад хайр үгүй бол би хий нүргэлэх харанга, хангинах цан аж. … Хайр тэвчээртэй энэрэнгүй билээ. Хайр атаархдаггүй. Хайр агсганадаггүй, ихэрхдэггүй, зүй бус авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, зэвүүрхдэггүй, өс хураадаггүй, зүй бус юманд баярладаггүй, харин үнэнд баярладаг, бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. Хайр хэзээ ч дуусдаггүй. Харин эш үзүүллэг үгүй болж, хэл ярихуй зогсож, мэдлэг алга болно.” 1Кор 13:1-8
1Коринт номын 13-р бүлэгт агуу хайрыг төрөл бүрээр нь нарийвчлан ангилж тайлбарласан байна. Бидний хэрэгжүүлэх ёстой хайрын олон чанар дотор энэрэнгүй дөлгөөн зан ч мөн багтдаг. Хувиа л хичээдэг зангаас энэрэнгүй дөлгөөн зан гарахгүй. Мөн хайрын үр жимсэнд найдалтгүй. Энэрэл оршиж байж л хайр өсөж, үр жимсээ өгдөг юм.
“ЭЗЭН сайн, зөв шударга юм. Тиймээс Тэрээр нүгэлтнүүдэд замыг зааварлах буюу. Тэрээр даруу хүнийг шударгаар удирдаж, тэдэнд замаа сургадаг.” Дуу 25:8-9
Бурхан даруу хүнд замаа сургаж буй шалтгаан нь даруу сэтгэлтэй бол хайр гэгдэх шинэ гэрээний замыг бүрэн ойлгож ухаарч чадах учраас тэр юм. Тиймд ертөнцөд ааш зан хатуутай, зөвхөн өөрийнхийгөө зөв гэдэг, бусадтай зөвшилцөнө гэж мэддэггүй, өөрийнхөө л төлөө амьдарч байсан хэдий ч хайр болсон Бурханы дотор даруу байх хэрэгтэй. Бурханы замыг суръя гэвэл өнгөрсөн өдрүүдэд хадгалж байсан хурц зангаа хаяад, энэрэнгүй даруу сэтгэлээр Бурхан руу очих ёстой юм.
“Танаас, зөвхөн Танаас эмээвэл зохино. Таныг нэгэнт уурлах үед хэн өмнө тань тэсэх вэ? Тэнгэрээс шүүлтийг Та сонсгов. Бурхан, дэлхийн дорд хүмүүн бүхнийг аврахаар шүүхийн тулд босох үед газар айж, дуугүй байв. Села” Дуу 76:7-9
Бурхан дорд даруу хүмүүсийг аварна. Энд ярьж буй “дорд” гэдэг нь Бурханы хайран доторх дорд даруу занг хэлж байгаа юм. Эцэст нь шинэ гэрээний үнэн дотор хүн төрөлхтнийг аврах хүсэл тээсэн дорд даруу байдлыг Библид өгүүлж буй жинхэнэ энэрэнгүй дөлгөөн, даруу байдал гэдгийг мэдэж болно.
“Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая. Буулгыг минь өөрсөд дээрээ ав. Надаас сур. Би дөлгөөн, зүрхэндээ даруу. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Буулга минь аятай, ачаа минь хөнгөн гэв.” Мат 11:28-30
Биднийг сураарай хэмээн айлдсан Христийн сэтгэл ч мөн дөлгөөн, даруу сэтгэл юм. Бидний амьдралд хоосон хийгээд утга учиргүй зүйл үнэхээр их бөгөөд хоосон шунал хүслээсээ болж өөрийн сүнсээ шаналгаж, зовлонд унагах нь ч их. Харин Бурхан руу очиж, дөлгөөн даруу чанарт суралцвал сүнс маань амар тайван болж, сэтгэлдээ амралтыг олно гэжээ.
Тэнгэрийн алдагдсан ах, эгч дүү нар Эцэг, Эхийн энгэрт буцан ирж буй энэ үед Сионоо баяр хөөр бялхсан, зөөлөн дулаан, аз жаргал цалгисан газар болгохын төлөө бид заавал Бурханаас дөлгөөн даруу занг сурч, ийм сэтгэл өвөрлөх ёстой. Дөлгөөн даруу зан бол шинэ гэрээний үнэн дотор байгаа Бурханы бүх хүүхдэд байх ёстой чанар юм.
Библиэс дөлгөөн зангийн талаар сураад, Бурханы хүүхдүүдийн хувиар хайран дотор бие биетэйгээ улам бүр нэгдэцгээе. Гэр бүлүүддээ сургамжлахдаа ч бидэнд байх ёстой давуу тал бол дөлгөөн зан юм.
“Паул би та нартай нүүр тулахдаа аядуу, хол байхдаа хатуу ханддаг нэгэн гэнэ. Би Христийн дөлгөөн хүлцэнгүй чанараар та нарыг ятгаж байна.” 2Кор 10:1
“Учир нь махбод Сүнсний эсрэг хүсдэг, Сүнс махбодын эсрэг хүсдэг юм. … Харин махбодын үйлс нь илэрхий юм. Эдгээр нь завхайрал, бузар тачаал, садарлал, шүтээн шүтлэг, ид шид, дайсагнал, маргаан, хардалт, уур хилэн, харгалдаан, хагарал, тэрс үзэл, атаархал, архидалт, утга учиргүй наргиж цэнгэх зэрэг нь юм. … Ийм зүйлсийг үйлдэгчид нь Бурханы хаанчлалыг өвлөхгүй. Харин Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайн сэтгэл, итгэмж, дөлгөөн зан, өөрийгөө захирахуй нь юм. Эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй. Христ [Есүст] хамаатай хүмүүс өөрсдийн махбодыг бузар хүсэл, тачаалынх нь хамт загалмайд цовдолсон ажээ. Хэрэв бид Сүнсэнд амьд байгаа юм бол мөн Сүнс дотор явцгаая. Бид нэг нэгнээ өдөөн сөрж, өөр зуураа атаархан, сайрхахгүй байцгаая.” Гал 5:17-26
Өнгөрсөн үед бидэнд байсан хурц ширүүн, хуурамч, хатуу яхир сэтгэлээ загалмайд цовдолж хаях хэрэгтэй. Ийм сэтгэлтэй бол Христээс суралцаж чадахгүй.
Библид дөлгөөн зангаар Христийн сургаалыг сурч, тэнгэр Эцэг, Эхийн замыг дага хэмээн бидэнд сургасан байдаг. Дотроо байгаа шударга бус, бардам, хатуу сэтгэлийг хаяад, Христийн даруу, дөлгөөн сэтгэлийг сурвал шинэ гэрээний ёсыг илүү хялбар ойлгож, Эцэгийн хайр, Эхийн золиосыг төгс ухаарч хэрэгжүүлэх юм.
“Иймд та нар дуудагдсан тэрхүү дуудлагадаа зүй зохистой явахыг Эзэний хоригдол би хичээнгүйлэн ятгая. Ингэхдээ хайранд аливаа даруу дөлгөөн зангаар бие биенээ хүлцэн тэвчиж, амар тайвны холбоосонд Сүнсний нэгдлийг хадгалахыг хичээгтүн.” Ефе 4:1-3
Бурханы дуудлагад зүй зохистой үйлстэй байя гэвэл дөлгөөн зан хэрэгтэй. Тиймээс ч Паул сүм бүрд захидал бичихдээ үргэлж даруу дөлгөөн байдлаар хайр дотор байгаарай хэмээн захидаг байсан. Дөлгөөн сэтгэлээр итгэгчтэйгээ харьцаж, дөлгөөн зангаар сайн мэдээ тараа гэсэн нь анхны сүмийн чухал сургаалуудын нэг юм.
Бидний дагаж, тэмүүлдэг шинэ гэрээний үнэн дотор зөвхөн Бурханы зарлиг тушаал, итгэлийн тухай сургаал байдаг биш. Бидэнд Бурханаас хайр ба дөлгөөн занг суралцах үүрэг ч мөн байдаг билээ.
“Харин Бурханы хүн чи энэ бүгдээс зугт. Зөвт байдал, итгэл сүсэг, итгэл, хайр, тэвчээр ба дөлгөөн занг мөшгө. Итгэлийн сайн тэмцлээр тэмц. Мөнх амийг зуур. Чи үүнд дуудагдсан бөгөөд олон гэрчийн өмнө сайн гэрчлэл хийсэн.” 1Тим 6:11-12
Итгэлийн сайн тэмцлийн төлөө дөлгөөн занг эрхэмлэж, хааяа тийн үйлдэхэд бэрх байдал гарсан ч бага багаар тэвчиж, тэвчээрээ нэмэгдүүлэх ёстой. Тэгж байж л загалмайд зовохдоо биднийг аврахын төлөө тэвчиж, тэсвэрлэсэн Бурханы сэтгэлийг ойлгох юм. Мөн тэрслүү нүгэлтэн бидэнд уурлахдаа удаан байж, эцэс хүртэл дөлгөөн зан ба өөрийгөө захирахуйгаар тэнгэрийн хаанчлал руу хөтөлж өгсөн Бурханы хайрыг ухаарна.
Сион дотор Бурханы сургаалд суралцсан хүүхдүүд энэрэнгүй дөлгөөн хайрын зан чанартай болж Эцэг, Эхийн хүсэлд зүй зохистойгоор өөрчлөгдвөл олон сүнсийг авралын замд хөтлөх болно. Ингэснээр Бурханы сүнслэг бүтээлүүд бүгд төгс бүтээгдэх юм. Гэвч одоохондоо бид нүглийн хирээ угаах шатандаа явж байна. Нүгэл ба бузар муугаа хурдан арилгаж, Эцэг, Эхээсээ сурсан энэрэнгүй дөлгөөн зан, даруу сэтгэлээр Бурханаа ихэд алдаршуулцгаая.
Богинохон хугацаанд Сионыг дүүргэн цугларч буй шинэ гэр бүлүүдээ бид улам ихээр хайрлаж, чин сэтгэлээ зориулах хэрэгтэй. Хамгийн үр дүнтэй боловсрол бол эхэнд байгаа хүнээс сурах явдал гэлцдэг тул Бурханаас сурсан дөлгөөн зан, хайр, даруу байдлын бүхий л сайн үйлсээрээ үлгэр жишээ болж, тэрхүү жишээнээс маань суралцсан гэр бүлүүд ч дараагийн орж ирэх гэр бүлүүдэд дахин сайн жишээ болохын тулд хичээцгээе.
Цаг нь болбол Бурхан биднийг сул доройгоос хүчирхэг болгож өгнө хэмээсэн. Өнгөрсөн үед бид хайр авахыг л хүсдэг сул дорой байранд байсан бол одооноос өгөх хайрыг сурч хэрэгжүүлдэг хүчирхэг байранд зогсох хэрэгтэй. Тэгээд улам их хайр бялхсан Сионыг бий болгож, ертөнцийн хирээ тээгээд үнэн дотор орж ирж байгаа шинэ гэр бүлүүдийг Эцэг, Эхийн сургаал дотор угааж цэвэрлэж, асарч тойлох ёстой.
Энэрэнгүй дөлгөөн сэтгэлээр ах, эгч дүү нартаа хандаж, дөлгөөн чанараар Эцэг, Эхийн алхсан золиос ба зовлонгийн замд суралцах Сионы гэр бүлүүд болохыг бүгдээс нь чин сэтгэлээсээ хүсэж байна. Сионоо баяр баясгалан, Бурханы хайр бялхсан газар болгохын төлөө энэрэнгүй дөлгөөн занг сэтгэлдээ тодоос тод сийлж, хэрэгжүүлээд, Бурханаас их ерөөл авахыг хүсэж байна.