“Элсэн цөлд алтан нуур байлаа ч хүйтэн булгаас өчүүхэн, алдагдсан хонинд хоньчин хүү нь хамгийн баян хаанаас ч илүү агуу.” Энэ бол “Египетийн ханхүү” гэдэг хүүхэлдэйн киноны дууны үг. Хичнээн үнэн үг вэ! Алдагдсан нэг хонинд дулаан бууц руу нь хөтлөх хоньчин шиг чухал хүн үгүй. Уудам их цөлд төөрсөн гийчинд уух уснаас чухал зүйл гэж үгүй.
Ган гачиг нүүрлэсэн газар дусал ус ч байхгүй бол алт мөнгө, эрх мэдлээр яалтай ч билээ? Амьд биет үнэхээр усгүйгээр амьдарч чадахгүй.
Бидний сүнсний амь ч мөн үүнтэй адил юм. Бидний сүнс Бурханы үг болох амийн усаар хангагдахгүй бол сүнслэг өлсгөлөнд нэрвэгдэж, эцэст нь мөнхийн сүйрлийг л хүлээх юм. Өнөө үед дэлхий дахин сүнсээр цанган зүдэрч байна. Харин одоо Иерусалим Эхийг хүлээн авсан хэн боловч амийн усыг хүлээн авсан гэдгийг Библиэр дамжуулан судалж үзье.
Хуучин гэрээний үед Амос эш үзүүлэгч бүх дэлхий Бурханы үгийг сонсохын төлөө өлсгөлөн байх болно хэмээн зөгнөсөн.
“Харагтун, Би газар дээр өлсгөлөнг илгээх өдрүүд ирж байна” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Талхаар өлсөх, усаар цангах бус, харин ЭЗЭНий үгийг сонсохын төлөө өлсгөлөн байх юм. Ард түмэн тэнгисээс тэнгис уруу, умардаас дорно хүртэл гэлдрэх болно. Тэд ЭЗЭНий үгийг эрэн цааш нааш явах боловч эс олно. Тэр өдөр үзэсгэлэн гоо онгон охид, залуус цангаснаас болж ухаан алдана.” Амо 8:11-13
Өлсгөлөн нь усгүйдлийн гамшиг юм. Бүх амьд биет усгүйгээр амьдарч чадахгүй.
Бурханы үг нь хүн төрөлхтөнд мөнх амь, аврал өгөхийн төлөөх сүнсний амийн ус юм. Бурханы үгийг сонсохын төлөөх энэ өлсгөлөн даян дэлхийд нүүрлээд байна. Зөвхөн Бурхан л энэ өлсгөлөнгөөс ангижруулж чадна. Энэ нь бодит усаар цангасан цангаа биш, амийн ус өгөхөөр ирсэн Христийг болон үгийг нь хүлээн аваагүйн улмаас нүүрлэсэн сүнслэг өлсгөлөн юм.
Олон хүн амийн усыг хайн, хэрэн хэсүүчилсэн ч “амийн усны ундарга” болох Бурханыг таниагүй учраас ололгүй төөрсөн юм (Иер 2:13). Бурханыг таньж, хүлээн авсан хэнийг ч Бурхан хэзээ ч өлсгөж цангаахгүй. Бурхан хүн төрөлхтөнд амийн ус үнэгүй өгч байна.
“Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл гэж байхгүй, гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Учир нь анхны юмс өнгөрөн оджээ. Сэнтийд Залрагч —Харагтун, Би бүх юмсыг шинэ болгож байна гээд —Бичигтүн, эдгээр үгс итгэмжит бөгөөд үнэн гэв. Тэр надад —Боллоо. Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл нь Би байгаа юм. Цангасан нэгэнд Би амийн усны булгаас үнэгүй өгнө.” Илч 21:4-6
“Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.” Илч 22:17
Бидэнд амийн ус өгч чадах цорын ганц Нэгэн бол Бурхан юм. Иохан элч Библийн сүүлчийн Илчлэл номны төгсгөлд Бурхан Сүнс ба Сүйт бүсгүй болон ирээд, амийн усыг ав хэмээн хүн төрөлхтнийг дуудаж байгаа дүр зургийг харуулсан.
Ариун Гуравын сэнтий нэгийн дагуу үзвэл Сүнс нь бидний төгс хүчит Эцэг Бурхан юм. Тэгвэл Эцэг Бурхантай хамт ирж, амийн усыг өгөх Сүйт бүсгүй хэн болж таарах вэ? Бид сүнслэг өлсгөлөнгийн үед амьдарч байгаа бөгөөд бидний гол зорилго нь цөлд усгүй төөрсөн аянчин ус эрдгийн адил амийн ус өгөх Сүнс ба Сүйт бүсгүйг хайж олох явдал юм.
Амийн ус өгдөг Бурханыг мэдэж байж л Түүн рүү очиж амийн ус гуйна шүү дээ. 2000 жилийн өмнө амийн усыг өгөхөөр энэ газарт ирсэн Есүс Өөртэй нь худаг дээр таарсан самари эмэгтэйтэй ярилцахдаа энэ талаар онцолсон.
“Ингээд Тэр Самарийн Сухар гэдэг хотод ирлээ. … Самарийн нэгэн эмэгтэй ус татахаар тэнд ирэхэд Есүс түүнээс —Надад уух юм өгөөч гэв. … Өнөөх самари эмэгтэй —Та иудей хүн байж самари эмэгтэй надаас яагаад уух юм гуйна вэ? гэв. (Учир нь иудейчүүд самаричуудтай харьцдаггүй байжээ.) Есүс түүнд хариулан —Хэрэв чи Бурханы бэлгийг болон “Надад уух юм өгөөч” гэж байгаа нь хэн болохыг мэдсэнсэн бол чи Түүнээс гуйхад Тэр чамд амийн усыг өгөх байсан гэж айлдсанд тэр Түүнд —Эзэн, энэ худаг гүн, Танд утгах юм юу ч алга. Гэтэл Та амийн усыг хаанаас авах юм бэ? … Есүс —Энэ уснаас уух хүн бүр дахин цангана. Харин Миний өгөх уснаас уух хэн ч хэзээ ч цангахгүй. Харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь өөд оргилох булгийн ус болно гэхэд эмэгтэй Түүнд —Эзэн, тэр усаа надад өгөөч. Тэгвэл би цангахгүй. Ус утгахаар энд ирэхгүй болно гэв.” Иох 4:5-15
Эхэндээ самари эмэгтэй Есүсийн үгийг шууд утгаар нь хүлээн авч, махан биеэр ойлгосон. Өнөө үед крант эргүүлэхэд л ус гардаг. Харин эрт үед хүмүүс ус авахын тулд гэрээсээ хол явж, худгаас ус татдаг байсан. Самари эмэгтэй худгаас ус татахаас төвөгшөөсөн юм. Харин Есүс “Уусан хэн ч хэзээ ч цангахгүй” гэсэн тул тэр эмэгтэй махан биеийн уух ус гэж бодож, Есүсээс гуйсан юм. Харин хэсэг ярилцсаны дараа тэрээр Есүсийг амийн ус өгөгч Христ гэдгийг ухаарч ихэд гайхширан, савтай усаа орхиод тосгоны хүмүүст Есүсийн тухай ярьсан юм (Иох 4:16-30).
Энд “Хэн болохыг мэдсэн сэн бол” гэсэн үг нь хамгийн чухал хэсэг юм. Тэр үед ихэнх иудейчүүд Есүсийг амийн усны ундарга болох Бурхан гэдгийг танилгүй, үгүйсгэж байсан юм. Хэн болохыг мэдсэн сэн бол Есүсээс амийн ус гуйх байсан. Харин тэд Есүсийг хүн болж ирсэн учраас Бурхан гэж хүлээн аваагүй. Есүс ядуу мужааны гэрт өсөж, 30 настай залуу тэдний дунд гарч ирсэн. Иудейчүүдийн хувьд Есүс хүндтэй хүн шиг биш, өөрсдөөс нь ч дор харагдсан. Тиймээс тэд Есүсийг бүхий л хэлбэрээр доог тохуу хийн, загалмайд цовдолсон.
Гэвч Есүсийн хэлсэн мөнх амийн үгнээс хэн болохыг нь мэдсэн самари эмэгтэйн адил Түүнийг хүлээж авсан ариун хүмүүс нь амийн усаар хэзээ ч цангахааргүй мөнх амьдралд орох юм.
Өнөө үед мөн адил. “Хэрэв та нар Намайг хэн гэдгийг мэдсэн сэн бол мөнх аминд хүртэл оргилох булаг, амийн усыг Надаас гуйх байсан” хэмээсэн энэ үгэнд анхаарлаа хандуулцгаая. Ариун Сүнсний үед Сүнс болон Сүйт бүсгүй амийн усыг өгнө гэсэн бөгөөд Сүйт бүсгүй нь тэнгэр Иерусалим, бидний Эх гэдгийг Библид зааж өгчээ.
“… тэнгэрэлчийн нэг нь ирээд надтай ярилцан —Нааш ир. Би чамд Хурганы эхнэр болох сүйт бүсгүйг үзүүлье гэв. Тэр намайг сүрлэг өндөр уулан дээр Сүнс дотор аваачаад Бурханаас гарч, тэнгэрээс буун ирж буй ариун хот Иерусалимыг үзүүллээ.” Илч 21:9-10
“Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм.” Гал 4:26
Эцэст нь Библид тэнгэр Иерусалим Эх дэлхийн бүх хүнийг ирээрэй хэмээн дуудаж, сүнсний өлсгөлөнд нэрвэгдсэн хүн төрөлхтөнд амийн ус өгч байгаа дүр зургийг харуулсан байна. Зехариа эш үзүүлэгч мөн адил амийн усны булаг бол Иерусалим хэмээн зааж өгсөн.
“Энэ нь өдөр ч, шөнө ч байхгүйгээрээ ЭЗЭНд танигдах ер бусын өдөр байх болно. Гэвч тэр үед үдшийн цагаар гэрэлтэй байх болно. Тэр өдөр амийн ус Иерусалимаас урсан гарч, хагас нь дорнын тэнгис уруу, нөгөө хагас нь өрнийн тэнгис уруу чиглэнэ. Энэ нь өвөл зунгүй урсах болно.” Зех 14:7-8
Тэр өдөр гэдэг нь эцсийн өдрүүд бөгөөд бидний амьдарч байгаа Ариун Сүнсний үе гэдгийг хэлсэн юм. Өнөө үед Иерусалим Эхээс амийн ус тасралтгүй урсаж, амийн усаар цангасан ард түмнийг ундаалж байна.
Бурханы ивээлээр бид амийн усаар цангасан хүн төрөлхтнийг ундаалдаг Эцэг, Эх Бурхантай уулзан хүлээн авсан билээ. Бид амийн усны ундарга болох Сүнс ба Сүйт бүсгүй рүү ирээд шинэ гэрээний үнэнийг ч олж, мөнх амь, авралын баттай амлалтыг ч хүлээн авсан. Үзэсгэлэн гоо онгон охид, залуус дэлхий даяар эрэн нааш цааш явах боловч хэн ч хэзээ ч олж авч чадахгүй амийн усыг бид үнэгүй ууж байна.
Олон хүн эргэн тойронд амийн усыг хайн, нааш цааш гүйн явсан ч тэд хараахан олоогүй байна. Учир нь тэд Иерусалим Эх мөнх амь өгөх амийн усны ундарга гэдгийг мэдэхгүй байгаа юм. Өлсгөлөн туйлдаа хүрсэн байхад амийн ус олохгүй бол тэд яах бол оо? Сүнслэг өлсгөлөнд ёолон байгаад эцэстээ мөнхийн сүйрлийн ялаас зугтах аргагүй болно. Хэрэв Бурханы амийн ус бидэнд урсан ирээгүй бол бид ч бас тэдэнтэй адил болох байсан.
Үүнийг ухааран, биднийг авралын замаар хөтлөн өгч буй Эцэг, Эх Бурхандаа талархал өргөн, амийн усны булаг болох Иерусалим Эхийн яруу алдрыг бүх дэлхийн үндэстэнд нэг өдрийн өмнө ч болов тунхаглах ёстой. Бид Иерусалим Эхийг тунхаглавал тэд амийн усыг хаанаас олж болохыг ухааран аврал руу ирэх биш үү?
Бид амийн усны ундарга хаанаас эхтэйг мэдэх хэрэгтэй. Энэ бол Иерусалим юм. Илчлэл номонд Иерусалимын талаар юу гэж айлдсаныг судалж үзэцгээе.
Иохан элч илчлэлт харахдаа Бурханы сэнтийнээс гарч буй амийн усыг харсан байна.
“Тэр надад Бурханы болон Хурганы сэнтийнээс гарах болор мэт гялалзсан, амийн усны голыг үзүүлсэн нь гудамж дундуур урсаж байв. Голын хоёр талд арван хоёр төрлийн үр жимс ургуулан, сар бүр үр жимсээ боловсруулж буй амийн мод байлаа. Тэр модны навчис нь үндэстнүүдийг эдгээхийн тулд байв. Тэнд цаашид ямар ч хараал байхгүй болно. Мөн Бурхан ба Хурганы сэнтий тэнд байж, зарц нар нь Түүнд үйлчилнэ. Тэд Түүний царайг харна. Түүний нэр тэдний духан дээр байх болно. Тэнд цаашид шөнө болохгүй. Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас тэдэнд дэнгийн гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй болно. Тэгээд тэд үеийн үед хаанчилна. …” Илч 22:1-6
Зехариа эш үзүүлэгч Иерусалимаас амийн ус урсана гэж зөгнөсөн байхад Иохан элч Бурханы сэнтийнээс амийн ус гарч буйг харсан юм. “Бурханы сэнтий” гэж Иерусалимыг илэрхийлдэг юм (Иер 3:17).
Езекиел эш үзүүлэгч мөн Иохан элчтэй адилхан үзэгдэл үзэж, амийн ус өргөөнөөс (ариун газраас) урсана гэж тэмдэглэсэн юм.
“Дараа нь тэр намайг өргөөний үүдэнд буцааж авчрав. Харагтун, өргөөний босгоны доороос зүүн зүг тийш ус урсан гарчээ. … Ус нэмэгдсэн учраас энэ нь миний гаталж чадахааргүй гол болов. … голын энэтээ тэртээ эрэгт маш олон мод байв. Дараа нь тэр надад айлдахдаа —Энэ ус зүүн нутаг уруу урсаж, Араба уруу уруудан очиж байгаа. Дараа нь тэд тэнгист цутгагдахаар тэнгисийн зүг урсаж, тэнгисийн ус нь цэнгэг болдог. Гол урсах газар бүрд үржин тархагч амьд амьтан бүр амьдрах болно. Тэнд асар их загас байна. Учир нь энэ ус тэнд очиж, цэнгэг болгож байгаа. Ийнхүү гол урсах газарт бүх юм амьдрах болно. … Голын хажуугаар эрэг дээр, нэг талд болоод нөгөө талд нь хоол хүнсний янз бүрийн модод ургах болно. Навчнууд нь хатахгүй, жимс нь муудахгүй. Тэд сар бүр жимс гаргана. Учир нь тэдгээрийн ус ариун газраас урсан гарч, жимс нь хүнс болж, навч нь эмчилгээнийх байх болно гэв.” Езе 47:1-12
Амийн ус урсан гарч байгаа өргөө, Эзэний сэнтий, Иерусалим гээд бүгд нэг зүйл бөгөөд энэ нь амийн усны ундарга болсон бидний тэнгэр Иерусалим Эхийг заасан юм.
Езекиел, Илчлэл хоёр номонд хоёуланд нь гол урсах газар бүрд бүх юм амьдарна хэмээсэн. Иерусалимаас урсан гарах амийн ус хичнээн үнэ цэнэтэй вэ! Сар бүр жимс гаргадаг амийн модны навч нь үндэстнүүдэд эмчилгээ болох юм. Далайгаар хүн төрөлхтнийг зүйрлэсэн болохоор амийн ус хүн төрөлхтний нийгэм рүү урсаж, очсон газар бүрдээ үхсэн бүхнийг амьдруулж байна.
Библи бидэнд амийн усны ундарга хэн болохыг мэдүүлж өгч байна. Хүн төрөлхтөн Иерусалим Эхийг жирийн нэг эмэгтэй гэж хардаг ч, хэн болохыг нь мэдсэн хүмүүс дэлхийн бүх орноос амийн ус гуйхаар Иерусалим Эхийн энгэрт гүйн ирцгээж байна. Есүс энэ уснаас уусан хэн ч хэзээ ч цангахгүй гэж айлдсан тул тэднийг ерөөлтэй үр удам, зөгнөлийн баатрууд гэхээс өөр юу гэх билээ!
Хүн төрөлхтөн энэ амийн усыг авахыг бүгд хичээж байгаа ч амийн ус өгдөг Иерусалим Эх хэн болохыг тэд мэдэхгүй байгаа юм. Тиймээс тэд Түүнийг дэргэд нь байхад ч хол явж, хэрэн хэсүүчилж байна. Хэрэв тэд Эхийг хэн гэдгийг мэдсэн сэн бол Түүн рүү ирж, амийн ус гуйн, мөнх амийн ерөөл ба үнэнийг хүлээн авах байсан.
Одоо Иерусалим Эхийг тунхаглах нь тэдэнд гайхамшигт өөрчлөлтийг авчирна. Одоог хүртэл Бурханы үгэнд чимээгүй байсан хүмүүс өөрчлөгдөх болно.
Сүүлийн үед 2000 жилийн өмнөх үр эртний хотоос олдож, услангуут соёолсон тухай олон улсын мэдээнд гарсан байсан. Энэ үр 2000 жилийн турш ичээндээ орсон мэт унтсан байвч услахад өөрийн үүргээ гүйцэтгэж эхэлсэн. Тэр үр ийм удаан хугацаанд ус хүлээн, нуугдаж байсан гэхээр гайхамшигтай биш гэж үү?
Үүнтэй адил дэлхий дээр одоо болтол ус хүлээж байгаа олон сүнс байна. Бид тэдэнд амийн ус дамжуулах ёстой. Бид явж тэднийг амийн усаар усалбал тэр үрүүд соёолж, нахиагаа дэлгэн үр жимс гаргах биш үү. Энэ дэлхийд олон хүн амийн ус хүлээж байна. Тэдэнд шинэ гэрээний үнэнийг тунхаглах л юм бол бүгд гэмшин, Бурхан руу буцан ирж чадна.
Библид амийн ус урсах газар бүрд амьд амьтан амьдрах болно хэмээн айлдсан. Тунхаглахад л бүгд буцан ирэх болно. Одоо үнэнийг хүлээн авсан Сионы гэр бүлүүд нэг нэгээрээ Сионы гэртээ ирж байна. Өмнө нь Паул элч шиг Бурханы сүмийг хавчин гадуурхаж байсан хүмүүс хүртэл амийн үнэний гэрлийг хүлээн авч, бүрэн гэмшин Иерусалим Эхийн энгэрт буцан ирсээр байна.
Иерусалимын эш үзүүлэгч нарын хувьд Бурханы үгэнд итгэн, Бурханы үгийг амьдралдаа хэрэгжүүлж, Иерусалим Эхийн яруу алдрыг дэлхий даяар тунхаглацгаая. Эхийн амийн ус болон хязгааргүй хайр ивээлийг нь тээн, дэлхийн бүх хүнийг аварч, дэлхий дахиныг үнэн рүү хөтлөх мундаг эш үзүүлэгчид болцгооё.