​Дэлхийн сайн мэдээ ба Эхийн урмын үг​

8,953 үзэлт

Хүн бүхэн л аз жаргал бялхсан сүнсний эх нутаг тэнгэрийн хаанчлалаа санаж, тэр газар руу явахыг хүсдэг. Гэвч тэнгэрийн хаанчлал явъя гэвэл энэ газарт заяасан хүний амьдралын замаар бид зөв алхах хэрэгтэй. 40 жил цөлийн замаар алхан Канаан нутагт орсон израиль ард түмэн шиг бид ч бас Эцэгийн туулсан, Эхийн алхсан замыг дагаад итгэлийн цөлийг туулж байж л тэнгэрийн хаанчлалд хүрнэ.

Нүгэлтэн болоод дэлхий рүү ирсэн хүүхдүүдээ тэнгэрийн хаанчлал руу буцах аян замд нь Бурхан “авралын зар” хэмээх зам тавьж өгсөн юм. Бид энэ замыг туулах явцдаа тэнгэр Эцэг Эхийн золиос хайрыг, мөн нэг сүнсийг дэлхийгээс ч илүүд үздэг сэтгэлийг нь ухаарч, тэнгэрийн хаанчлалд хүрч чадна. Замдаа аяншин зүдрэх хүүхдүүдээ урамшуулах гэж Эх маань урмын үгээ цаг үргэлж илгээсээр.

Хүн төрөлхтний авралын төлөөх зорилго, үүрэг

Дэлхий дээр хэдэн тэрбум хүн амьдарч байна. Тэр дунд зорилгогүй амьдардаг хүн ч байгаа, зорилготой амьдардаг хүн ч бас бий. Зорилго бас дотроо ялгаатай. Зарим нь том, зарим нь бага зорилготой амьдардаг.

Ихэнх хүн жаахан зорилго тавиад түүндээ таарсан багаахан зүтгэл гаргаад л сэтгэл нь ханачихдаг. Харин “Залуучууд аа, хүсэл мөрөөдөлтэй байгаарай” гэсэн үг бий. Бас биднээс өмнө амьдарч байсан суут ухаантнууд “Их хүсэл мөрөөдөл өвөрлө” гэж захисаар ирсэн шүү дээ. Энэ нь том зорилготой бай гэсэн үг. Итгэлийн амьдралд ийм л зорилго хэрэгтэй.

“Би хэдийнээ олж авсандаа эсвэл хэдийнээ төгс болчихсондоо бус, харин Христ Есүст юуны төлөө баригдсан, түүнийг л барьж авахын тулд мөрддөг. Ах дүү нар аа, би өөрөө барьж авсан гэж боддоггүй, харин хийдэг ганц юм маань ардхаа мартаж, урдах өөдөө тэмүүлж, Христ Есүс дотор Бурханы дээш чиглэсэн дуудлагын шагналын төлөө бариа өөд урагшилдаг.” Фил 3:12-14

Паул элч өөрөө Бурханы дээш чиглэсэн дуудлагын шагналын төлөө бариа өөд урагшилдаг гэсэн байна. Бариа гэснийг өөрөөр илэрхийлбэл зорилго юм.

Мөнхийн тэнгэрийн хаанчлалд аз жаргалтай амьдрахын тулд бид явах ёстой замаа дуусгах хэрэгтэй. Тийм болохоор өнөө үед амьдарч байгаа бид ямар ч төлөвлөгөө зорилгогүй, тодорхой төлөвлөсөн юмгүйгээр “24 цаг” гэгч хугацааг хий дэмий үрэх биш, харин “Хүн төрөлхтний аврал” гэсэн бариаг чиглэсэн агуу их зорилго тавьж, дэлхийн бүх хүнд сайн мэдээ тараана гэсэн шийдвэрээр өдөр бүр гүйцгээе. Бурханы бидэнд даалгасан хамгийн агуу, ариун ажил нь авралын зар тараах (1Тес 2:4).

Дэлхийн нийт хүн амд сайн мэдээ тараана гэдэг Бурханы хувьд тийм ч нүсэр ажил биш л дээ. Харин хүний нүдээр бол маш том зорилго. Зорилго том байх тусмаа хичээл зүтгэл төдий чинээ гаргах хэрэгтэй болно. “Дэлхийн бүх хүнийг аваръя” гэсэн том зорилго тавиад зүтгэхэд бидний бие махбод, сэтгэл санаа мөн маш том ажил хийх хэмжээнд өөрчлөгдөхийн сацуу бүх сүнслэг систем зэрэг ажиллана. Сард нэг л үр жимс гаргавал болно гэж боддог хүн, сард 100, 1000 үр жимс гаргана гэж боддог хүний хооронд бодлын цар хүрээ, ажлын хуваарь, тэр ажилд гаргах чармайлт гээд ялгаа байх нь гарцаагүй юм.

Дэлхийн бүх хүнийг аваръя гэвэл юу юунаас илүү Бурханы тусламж туйлын хэрэгтэй. Бурханд хичээнгүйлэн залбирч, Бурханаас тусламж хүсэн бүх хүчээ дайчлан зорилгоо биелүүлцгээе. Бурхан энэ ажлаа зайлшгүй болгож бүтээнэ гэдгээ Библид тодорхой тэмдэглэн үлдээжээ.

Итгэлийн дагуу биелэх дэлхийн сайн мэдээ

Дэлхийд сайн мэдээ тунхаглах ажил нь уужим сансар огторгуйг бүтээсэн Бурханы хувьд юу ч биш. Гэвч Бурхан энэ ажлыг бидэнд даалгасан. Бурхан Өөрөө хийвэл ганц өдрийн дотор, ганц минут, бүр ганц секундэд л биелүүлчихэж чадах ажил. Харин бидэнд ерөөл өгөх боломж болгон, сайн мэдээ тунхаглах үүрэг өгөөд Бурханы золиос хайранд сургаж байна.

Бүх зүйл боломжтой гэсэн итгэлээр хийх үед сайн мэдээний түүх үтэр түргэн биелэх болно.

“Есүс тэндээс цааш явж байтал хоёр сохор хүн —Давидын Хүү минь ээ, биднийгээ өршөөгөөч гэж хашхиран Түүнийг дагажээ. Айлд орсных нь дараа сохрууд Түүн дээр ирэхэд, Есүс тэдэнд —Намайг үүнийг хийж чадна гэж та нар итгэж байна уу? гэж асуув. Тэд —Тийм ээ, Эзэн гэлээ. Тэгээд Есүс нүдэнд нь хүрч —Итгэлийн чинь дагуу болог гэсэнд тэд хараа оржээ. Есүс тэдэнд —Хэн ч үүнийг мэдэж болохгүйг сана гэж хатуу сануулав. Гэвч тэд гараад, Түүний тухай зарыг тэр нутаг даяар тараалаа.” Мат 9:27-31

Есүс сохор хүмүүст урам өгч “Итгэлийн чинь дагуу болог” гэж хэлдэг. Сохор хүмүүс итгэлтэй байсан тул тэр даруй хараа оржээ.

Библиэс харахад аль ч үед Бурхан итгэлийн дагуу болдог хүч чадлын түүхийг удирдаж ирснийг бид мэдэж болно. Канаан нутагт орсон, орж чадаагүй хүмүүсийн үр дүн итгэлийнх нь дагуу болцгоосон. “Тэд аварга биетэй, харин бид царцаа шиг. Иймд бид тэднийг огтхон ч эзэлж чадахгүй” гэж хэлсэн хүмүүс цөлд бүгдээрээ мөхсөн юм. “Бурхан бидэнтэй хамт байгаа учир тэд бидний хоол” гэж хэлж байсан Иошуа Калеб хоёр Канаан нутагт орсон билээ.

Бурхан бидэнд цаг үргэлж “Итгэлийн чинь дагуу болог” гэж айлддаг. “Би биш, харин надаар дамжуулан Бурхан хийж байгаа учир Бурханд дэндүү хэцүү зүйл байдаг гэж үү?” гэсэн итгэлээр авралын зар тараавал хаана ч очсон үзэсгэлэнтэй үр жимс гаргах болно. Энэ газар ийм тийм асуудалтай тул болохгүй бүтэхгүй гэсэн дүгнэлт урьтаад гаргачихвал Бурхан ч бас тэр итгэлийнх нь дагуу болгоно.

Одоо манай Сионыхон цөмөөрөө дэлхийн бүх тивд зүтгэл гарган сайн мэдээ тарааж байна. Эхээс урам зориг аваад дэлхийн сайн мэдээг гүйцээхээр хичээж байгаа. Итгэл, нэгдмэл сэтгэлээр энэ үүргээ хурдхан биелүүлцгээе. Дэлхий даяар сайн мэдээ тунхаглагдана гэдэг нь Бурханы амлалтын үг шүү дээ.

“Харин эцсийг хүртэл тэвчсэн нь аврагдах болно. Хаанчлалын энэхүү сайнмэдээ дэлхий даяар тунхаглагдаж, бүх үндэстэнд гэрчлэл болно. Тэгэхэд л төгсгөл ирнэ.” Мат 24:13-14

Хаанчлалын сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдаж, бүх үндэстэнд гэрчлэл болно гэсэн байна. Дараа нь “Өнөөдөр энэ од руу, маргааш тэр од руу явъя” гэх хэзээ ч гунддаггүй, уйтгарлах гэж үгүй, ядрах туйлдах ч гэж үгүй мөнхийн ертөнц, үеийн үед мөнх амь, аз жаргал эдлэх сүнсний эх нутаг биднийг тосон авна.

Тийм ертөнц рүү явахын төлөө бүх үндэстэн рүү явж, сүнсний Эцэг Эхээ тунхаглан, Эцэг Эхийнхээ зааж өгсөн шинэ гэрээний үнэнийг дамжуулж, тэнгэрээс хагацсан ах эгч дүүгээ олоод хамт буцаад ир хэмээн биднээс хүссэн. Энэ бол бидний алхах ёстой зам. Уулзсан хүн бүрээс “Манай ах дүү мөн үү, эгч дүү минь мөн үү?” гэж асуугаад тэнгэрийн хаанчлалын мэдээ болон Эцэг Эхийн талаар тунхаглахад тэдний дунд манай гэр бүл ч бий, өөр бусад хүмүүс ч бий. Харин ийм явцаар дэлхийн сайн мэдээ тунхаглах ажил эцэстээ биелэх л болно. Библийн зөгнөл дагуу хаанчлалын сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдана гэсэн болохоор бүгдэд нь тунхаглаж байж л бүх хүнд үгүйсгэхийн аргагүй баримт болно шүү дээ.

Бүх зүйл төлөвлөгөө буюу бодлынх нь үр дүн

Болохгүй ээ гэж л бодсон бол Матай 9-р бүлэгт гардаг тэр хоёр сохор хүн хараа орохгүй байх байлаа. Харин тэд Есүс өөрсдийг нь эмчилж чадна гэдэгт итгэсэн. “Итгэлийн чинь дагуу болог” гэж хэлэнгүүт өмнө нь харж байгаагүй ертөнцөө тэд тод харах болжээ. Бүхий л зүйл төлөвлөгөө буюу бодлын үр дүн аж.

“ЭЗЭН ингэж айлдаж байна. Замууд дээр зогсож, хар. Сайн замтай эртний жимийг асууж, түүгээр алх. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Харин тэд «Бид алхахгүй» гэсэн. Би та нарын дээр харуул тавьж, “Бүрээн дууг сонс” гэв. Гэвч тэд “Бид сонсохгүй” гэсэн. Тиймээс сонсогтун, үндэстнүүд ээ. Тэдний дунд юу байгааг мэдэгтүн, хотол түмэн! Газар дэлхий, сонсогтун. Үзэгтүн, Би энэ хүмүүс дээр гай гамшгийг буюу төлөвлөгөөнийх нь үр дүнг авчирч байна. Учир нь тэд үгсийг минь сонсоогүй бөгөөд хуулийг минь ч бас эсэргүүцсэн билээ.” Иер 6:16-19

Төлөвлөгөө буюу бодлын үр дүнг өөрөөр итгэлийн үр дүн гэж хэлж болно. Энэ үед ч Бурхан “Итгэлийн чинь дагуу болог” гэж айлдаад, мөн аливаа зүйл бодлын үр дүн юм шүү гэж бидэнд онцлон захисан билээ. Сайн мэдээ Самари, дэлхийн хязгаар хүртэл тунхаглагдана гэсэн нь Бурханы үг. Дэндүү хэцүү зүйл гэж үгүй Бурхан дэлхийн сайн мэдээний ажлыг бидэнд удаа дараа захиад бидний алхах ёстой замыг зааварчилж байна.

“Есүс дөхөж ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. …” Мат 28:18-20

Бид энэ замаар явж байж л мөнхийн тэнгэрийн хаанчлалын нутагт цөм орно. Бурханы хамгийн чухал тушаал болох энэ үйлсийн төлөө бид өөр хоорондоо нэгдэн цугтаа хичээх хэрэгтэй.

Цэргийн ангид ч зөвхөн буу барьсан цэрэг л байдаг биш шүү дээ. Хоол хүнс ханган нийлүүлэх гал тогооны цэргүүд, арын албаныхан, захиргааныхан гээд олон хүн байдаг. Тэд бүгд нэгдэж ажиллах хэрэгтэй байдаг шүү дээ. Сайн мэдээнд ч мөн нэгдмэл байдал хэрэгтэй. Тэгж гэмээнэ бүх хүч төвлөрч сайн мэдээний агуу их түүх өрнөх юм. Бурхантай холбоотой ажиллаж буй бүх газар, гал тогоо, захиргаа, сүмийн барилга хариуцах гээд цөм л сайн мэдээний ажлын талбар юм. Хүн бүр байгаа газартаа тус тусын үүрэгт ажилдаа итгэмжит байж харилцан биендээ туслан, Эцэг Эхэд тааламжит сайн мэдээний түүхийг хамтдаа биелүүлэх учиртай.

Итгэдэгт нь бүх юм боломжтой

Ажил хийдэг нь ажил дээрээ, сурдаг нь сургууль дээрээ, айлын эзэгтэй нар гэр орон, хөршдөө хэн ч гэсэн байгаа газраа, уулзсан хүмүүстээ сайн мэдээ тунхаглахад болно. Ингэвэл бүх үндэстэн Бурханы сайн мэдээ сонсох өдөр заавал ирнэ.

“ЭЗЭНд дэндүү хэцүү юм байна уу? …” Эхл 18:14

“Есүс түүнд —“Та чаддаг бол” гэв үү? Итгэдэгт нь бүх юм боломжтой гэхэд” Мар 9:23

Бурханд дэндүү хэцүү зүйл байна гэж үү дээ? Бурхан бүгдийг нь хийж чадна. Библид Бурханы талаар ингэж баттай зааж өгч байхад бид энэ чухамдаа болох болов уу, үгүй болов уу гэж шинжээд байх нь буруу юм. Бүх юм бодлын үр дүн бөгөөд итгэлийн дагуу болдог. Өөрийн чадварыг харж дүгнэлт гаргах биш, харин төгс хүчит Бурханы “биелүүлнэ” гэсэн амлалтын үгийг бодлынхоо гол хэм хэмжүүр болгоно гэдэгт итгэж байна.

“Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй гэж хэлэв.” Лук 1:37

Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй. “Гэрэл бий болтугай” гэж айлдахад түнэр харанхуй, хэлбэржээгүй байхад ч гэрэл бий болсон байдаг. Бас огторгуйн дээрх уснаас огторгуйн доорх усыг салгасанд ёсоор болсон. Амнаасаа гарсан үг болгоныг бүгдийг нь хэрэгжүүлдэг, санаснаа заавал гүйцээдэг Нэгэн бол бидний Бурхан (Эхл 1:1-8, Иса 55:11).

Бурхан бүх сансар огторгуйг, тоо томшгүй галактикийг түг түмэн од эрхэстэй нь хамт бүтээсэн. Дэлхийг бүтээхдээ нарнаас 150 сая километрийн зайд байрлуулж, сарыг дэлхийн дагуул болгосон. Бас Бурхан сарны татах хүчээр дэлхий дээрх усны түрлэг, татлагыг бий болгосон. Ийм гайхамшигт Бүтээгч Бурханд дэндүү хэцүү зүйл байхгүй гэдэгт бид итгэх ёстой.

Орчлон ертөнцийн түмэн зүйлийг эрхшээж буй агуу Бүтээгч Бурхан Сүнс болон Сүйт бүсгүй болж энэ газарт ирээд бидэнд “Та нар Миний хүүхдүүд болохоор юунд ч бүү санаа зов, Би тусална. Дайснуудыг чинь хөөж, харанхуйн хөшгийг хуу татна. Та нар юунд ч бүү санаа зов, босоод гэрлийг гэрэлтүүл” гэсэн. Бурхан тусалж байхад бидэнд айх хэрэг юун.

Цаг үргэлж хүүхдүүддээ урам зориг хайрладаг Бурхан

Дунд сургуульд спортын тэмцээн уралдаанд оролцож байсан үеэ эргээд нэг бод доо. Аав ээж нь хүүхдийнхээ нэрийг дуудаад “Миний хүү гүйгээрэй” гэж хөгжөөн дэмжээд өгвөл ард хоцорч явсан хүүхэд ч хүчээ шавхан гүйдэг сэн.

“Дэлхий дахинд сайн мэдээ тунхаглах” энэ агуу ажлыг гүйцэтгэе гэвэл Бурханы урам дэм бидэнд хэрэгтэй. Эх маань ч бас Солонгост байгаа сүмүүдэд урмын үгээ хайрлан, мөн гадаадад байгаа итгэгчиддээ ч урмын үгээ илгээж байна. Иймд бид бүхэн тэнгэрийн хаанчлалын барианд эсэн мэнд орох, ялагч болох итгэлтэй байцгаая.

“Би чамайг дэлхийн хязгаараас авч, өнцөг булангуудаас дуудаж, чамд хэлэхдээ… Би чамтай хамт, чи битгий ай! Би чиний Бурхан, чи бүү эмээ! Чамайг Би тэнхрүүлнэ. Чамд үнэхээр тусална. Зөвтийн баруун мутраараа заавал чамайг дэмнэнэ.» Үзэгтүн, чамд хилэгнэн дүрэлзсэн бүхэн ичиж, гутамшиг болно. Тэд юу ч биш болж, чамтай маргалдагчид сөнөнө. Чамтай тэмцэгсдийг чи эрэвч эс олно. Чамтай дайтагчид юу ч биш болж үл оршин тогтноно. Учир нь Би баруун гараас чинь атгах чиний Бурхан ЭЗЭН билээ. Би чамд «Бүү ай. Би чамд тусална» гэж айлдаж байна.” Иса 41:9-13

“… “Би чамайг аварсан учир бүү айгтун. Би чамайг нэрээр чинь дуудсан. Чи Минийх. Чамайг ус гатлахад Би чамтай хамт байна. Голоор туулахдаа чи живэхгүй. Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй, дөл нь ч чамайг шатаахгүй. Учир нь Би чиний Бурхан ЭЗЭН, Израилийн Ариун Нэгэн, чиний Аврагч мөн. … Чи Миний нүдэнд үнэтэй, хүндтэй, Би чамд хайртай. Тиймээс Би чиний оронд хүмүүсийг, амийн чинь оронд үндэстнүүдийг өгнө. Би чамтай хамт байгаа тул бүү айгтун. Би үр удмыг чинь дорно зүгээс авчран чамайг өрнө зүгээс цуглуулна.” Иса 43:1-5

Энэ айлдал нь Эцэг Эхийн 2700 жилийн өмнө Исаиа эш үзүүлэгчээр дамжуулан бидэнд илгээсэн урмын мессеж юм. Бурхан хүүхдүүдээ аварч, цуглуулж, тэдэндээ тусална гэсэн байна. Бурхан тусална. Тэгвэл үүнээс илүү агуу урмын үг хаана байх билээ?

Дэлхий дахинд сайн мэдээ тунхаглах ажил Эхийн урмын үгийн хүчээр биелнэ

Эх Сионы хүүхдүүддээ “Та нар амь амьдралын минь утга учир, хамаг бодол санаа минь юм шүү” гэж айлдсан. Энэхүү урмын мессеж итгэгчдэд том хүч болж, сайн мэдээний шинэ шийдвэр гаргаж байна гэсэн мэдээ энд тэндээс ирсээр. “Эх маань ингэж урмын үгээ хайрлаж байхад би чухам Бурханыг амь амьдралынхаа утга учир, хамаг бодол санаагаа болгосон билүү? Би ер нь юунд анхаарлаа хандуулж ирсэн билээ дээ? Ертөнцийн зүсэн бүрийн шунал хүсэлд эзэмдүүлж амьдарч ирсэн юм биш байгаа?” гээд л гэр бүлүүд маань өнөөг хүртэл босгож ирсэн итгэлээ эргэн харах болсон гэнэ.

“Одоо Түүнийг таньж, Түүнтэй эвтэй байгтун. Тэгвэл чамд сайн нь ирэх болно. Түүний амнаас зааврыг хүлээн авч, Түүний үгсийг зүрхэндээ үндэслүүлээч. Хэрэв чи Төгс Хүчит Нэгэн уруу эргэвэл, чи дахин сэргэнэ. Хэрэв чи шударга бус байдлыг майхнаасаа хол зайлуулаад, алтыг шороонд булж, Офирын алтыг горхины чулуудын дунд орхих аваас Төгс Хүчит Нэгэн чиний алт болон шилмэл мөнгө болох болно. Учир нь тэгэх аваас чи Төгс Хүчит Нэгэний таалалд оршиж, нүүрээ Бурхан өөд өргөх болно. Чи Түүнд залбирах бөгөөд Тэр чамайг сонсох болно. Чи ам өчгөө ч биелүүлэх болно. Чи ямар нэг хэрэг таслахад тэр нь чиний төлөө бүтэмжтэй байж, зам дээр чинь гэрэл гийх болно. …” Иов 22:21-30

Бурханы итгэмжит үг бидэнд цаг ямагт их урам зориг, тайтгарал, дэмжлэг болдог. Бурханы үгийг сэтгэлдээ байнга хоногшуулж, Бурханыг эрдэнээ болгох хэрэгтэй.

Бурханы хамаг санаа бодол нь биднийг гэдэг байхад харин бидний санаа бодол үе үе ертөнц рүү явж байгаа бол үүнийгээ болих хэрэгтэй. Тэгвэл юу ч хийсэн тэр нь бүтэмжтэй байх болно гэж айлдсан юм. Сайн мэдээний ажил ч мөн адил. Бурхан бидний хамаг бодол санаа болж, бидний амь амьдралын утга учир болбол боломжгүй зүйл байхгүй, биелэхгүй ажил ч гэж үгүй. Санасан бүхэн маань сэтгэлчлэн бүтнэ.

Эхийн урмын үгийг санаад, бид ч бас “Бурхан миний хамаг бодол санаа, миний амь амьдралын утга учир” гэж хэлж чаддаг ивээлтэй итгэлтэй болцгооё. Эхийнхээ урмын үгнээс үргэлж хүчийг олж, Эцэг Эхийнхээ яруу алдрыг Самари, дэлхийн хязгаар хүртэл бүх хүнд тунхаглах Сионы гэр бүлүүд болохыг хүсье.