WATV.org is provided in English. Would you like to change to English?

​Номер нэг​

254 Үзсэн тоо

Итгэгчдийнхээ зөвт үйлсийн ачаар манай сүм шагнал авсан гэсэн баярт мэдээ дэлхийн өнцөг булан бүрээс тасралтгүй сонсогдсоор. Бурхан Сионыхондоо дэлхийн бүх үндэстнүүдийн дунд магтаал, яруу алдрыг хүртээх зөгнөлийн бүрэн төгс биелэлтийг бид удахгүй харна гэдэгт итгэж байна.

Ердөө хуулбар ба сүүдэр төдий энэ дэлхийд бид шагнал авсаар байгаа болохоор Бурханы амласан тэнгэрийн шагналд би бүр ч догдолж байна. Бурхан “Чамд өгөх шагнал Надад бий” гэж тодорхой айлдсан. Сансар огторгуйгаас харахад дэлхий бол үй түмэн гараг эрхсийн дундах өчүүхэн тоосонцор төдий. Тиймээс бидний энэ дэлхийд авах шагнал хичнээн том байсан ч Бурханы хаанчлалд очоод авах шагналтай минь огтхон ч харьцуулах аргагүй. Сионы хүүхдүүд бид тэнгэрт Бурханы өгөх дуудлагын шагналын төлөө хичээнгүйлэн гүйх хэрэгтэй.

Номер нэг Бурхан

“Number one” буюу “номер нэг” байх гэдэг нь хамгийн шилдэг нь байх гэсэн утгатай. Бидний хувьд номер нэг нь хэн билээ? Бурхан маань шүү дээ.

Библид Бурханыг “хамгийн дээд” гэж тодорхойлсон байдаг. Хаадын Хаан, эздийн Эзэн, өндөрт өргөмжлөгдсөн Нэгэн болох Бурхан бол дээдийн дээд Оршихуй (1Тим 6:15, Иса 57:15). Бурхан бүх юмсыг бүтээж, бүх юмсыг захирдаг. Тэр Өөрөө бүх хүнд амь амьсгал өгдөг. Тэгэхээр Бурхан үнэхээр л “номер нэг” гэж дуудуулах зохистой.

Бидний хувьд итгэлийн амьдралдаа Бурханыг эхлээд тавих нь чухал. Хэрвээ бид Бурханаа номер нэг болгохгүй бол Искариотын Иудас шиг өөрийн мэдэлгүй буруу бодолд автах болно. “Бурхан үгийг нь бүрэн төгс дуулгавартай дагахгүй байлаа ч биднийг хүлцэн тэвчих байлгүй” гэсэн буруу бодол тээхэд хүрнэ. Тэнгэрс газраас өндөр байдаг шиг Бурханы зам бидний замаас, Бурханы бодол бидний бодлоос өндөр байдаг тул Бурхан биднийг өөрсдийн бодол санаануудаа орхиод Өөр рүүгээ эргэ гэж айлдсан юм (Иса 55:6-9).

“Харин Есүс хариуд нь —Тэнгэрлэг Эцэгийн минь тариагүй алив ургамал үндсээрээ сугалагдана. Тэднийг орхи. Тэд сохруудын сохор удирдагчид юм. Сохор нь сохортоо газарчилбал хоёул нүхэнд унах болно гэхэд” Мат 15:13-14

Есүс “Тэнгэрлэг Эцэгийн минь тариагүй алив ургамал үндсээрээ сугалагдана” гэсэн байна. Зөвхөн Бурханы ариун хүсэл л үүрд үлдэнэ. Бурханы тарьж суулгаагүй юм бүхэн, хүнээс эхтэй юм бүхэн эцэстээ сүйрэх боловч харин Бурханы тарьж суулгасан бүхэн үүрд үлдэнэ.

“Одоо би та нарт хэлэхэд, энэ хүмүүсээс хол байцгаа, тэднийг орхи. Учир нь энэхүү зорилго, үйлс хүнээс эхтэй бол нурж унах болно. Хэрэв Бурханаас байгаа бол та нар тэднийг дийлж чадахгүй төдийгүй харин ч та нар Бурханы эсрэг тэмцэгчид болох бус уу гэхэд” Үйл 5:38-39

Хэрэв ямар нэг зүйл Бурханаас байгаа бол тэр хэзээ ч нурж унахгүй. Бурханы үг огтхон ч алга болохгүй. Хүмүүс Бурханы ертөнцийг өөрсдийн хүч чадлаар сүйтгэж нурааж чадах уу? Хүмүүс хичнээн саад учрууллаа ч сансар огторгуйг бүхэлд нь удирддаг, эхлэлээс төгсгөлийг мэддэг Бурханаас эхтэй юу ч бай нурж унахгүй. Бурханы хүүхдийн хувиар бид “Надаас өөр Бурхан байхгүй”, “Надаас өөр Аврагч үгүй” хэмээн айлдсан Бурханы сүр хүчийг үргэлж санаж байх учиртай.

Хамгийн дээд байр суурь

Бид номер нэг Бурханы хүүхдүүд. Тэнгэр дэх Бурханы талаас бол бид номер нэг. Бурхан биднийг хэн хүнээс илүүгээр хайрлан санаа тавьдаг. Хүний аав ээж өөрийн үр хүүхдээ л хамгийн их хайрладаг шиг номер нэг Бурхан маань биднийг л илүүтэй хайрладаг. Тийм байхад бид ер нь өөр юу ч хүсэх билээ дээ. Библид “Нүд үзээгүй, чих сонсоогүй, хүний зүрх сэтгэлд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ” гэсэн. Хэн маань ч унахгүй, Бурханы бидэнд бэлдсэн ер бусын гайхамшигт, ивээлтэй тэр ертөнц рүү бүгд орох ёстой.

Хэрэв бид энэ найдвараа нандигнаж, үнэ цэнийг нь ухаарах юм бол ямар ч саад бэрхшээлд ажралгүй, үргэлж баяртайгаар амьдрах юм. Харин үүнийг ухаарахгүй бол бид хичнээн ерөөлтэйгөө бодолгүй, зовлонт амьдралаар амьдрахаас өөр аргагүй. Бид бүхэн сүнслэг нүдтэй байх учиртай.

Ихэнх хүн сүнслэг ертөнцийг ухаарахгүй, энэ дэлхийд бусдаас илүү өндөр албан тушаал, илүү эд баялаг эзэмшчихвэл л сайхан байна гэж горьдон тиймэрхүү л юм эрмэлзэж байдаг. Бид чинь мөнхийн тэнгэрийн хаанчлалд үеийн үед хаанчлах Бурханы хүүхдүүд шүү дээ. Бурхан бидний төлөө тэр агуу мөнхийн ерөөлөө бэлдэж байгаа.

“… Тэнд цаашид шөнө болохгүй. Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас тэдэнд дэнгийн гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй болно. Тэгээд тэд үеийн үед хаанчилна.” Илч 22:4-5

Тэнгэр Эцэг Эхийн ивээлээр би нэг удаа Хатан хааны шагнал гардан авах гээд Англид очсон юм. Тэр үед би Хатан хааны ордонд уригдаж, угсаа залгамжлах хунтайжийн ууган хүүг ойроос харж байсан л даа. Тэрээр хааны гэр бүлийн гишүүн хэрнээ гадна төрхөөрөө онц гойд юм байгаагүй. Тэгтэл үүнийг нь үл харгалзан олон хүн түүгээр бахдан, түүнд хүндэтгэлтэй хандаж байв.

Зүгээр л хатан хааны ач хүү болохоороо л хүмүүсийн бахдал төрүүлж, хүмүүсээр хүндлүүлж байна шүү дээ. Тэгвэл Бурханы хайрладаг тэнгэрийн ханхүү гүнж нарын уудам сансар огторгуй дахь яруу алдар хичнээн агуу байх бол оо! Бид шинэ гэрээний сайн мэдээгээр Бурханы хүүхдүүд болцгоосон. Тэнгэр элч нар ч хүртэл бахдан харахыг хүсдэг Бурханы хүүхдийн байр суурь маань бидний хэзээ ч алдаж болохгүй ерөөл юм шүү.

Бид хамгийн агуу ажилд оролцож байгаа. Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассемблей хүн төрөлхтний аз жаргалыг хангахад чиглэсэн 17 зорилт баталсан. Эдгээр зорилтыг биелүүлэхийн тулд орон орны олон хүн янз бүрийн салбарт шаргуу ажиллаж байгаа. Үүний үр дүнд зарим нь хичээл зүтгэл гаргасныхаа төлөө шагнал авдаг. Тэгвэл одоо бидний гүйцэтгэж байгаа, хүмүүсийг мөнх амь, аз жаргал өөд хөтлөх сайн мэдээ тунхаглах ажил хичнээн агуу, хичнээн үнэ цэнэтэй байх вэ?

Бид зөвхөн энэ дэлхийн зүйлд л анхаараад байх биш, хязгааргүй уудам сансар огторгуйг удирдан захирдаг Бурханы ариун хүслийг ивээлтэйгээр хүлээн авах ёстой. Бурхан хий гэж тушаасан энэ ажилд бид улам бүр хичээнгүй байх хэрэгтэй. Тэгэх үед бүх хүн Бурханы бүгдэд маань бэлтгэж байгаа мөнхийн ертөнц тийш алхаж чадна.

Хамгийн агуу сургаал

Бурханы үг нь үүрд баттай орших хамгийн агуу сургаал юм. Ертөнцийнхөн ихэнх нь Гёте, Волтер, Сократ гэх мэтийн алдартай хүмүүсийн хэлсэн үгийг эрхэмлэдэг. Гэвч энэ дэлхийгээс ч давсан, бүр бүх сансар огторгуйн хамгийн агуу сургаал бол Бурханы үг юм.

Бидний одоо явж байгаа энэ сүм бол номер нэг Бурханы байгуулсан яг үнэн сүм. Бидний сурч байгаа энэ үнэнийг энэ сансар огторгуй орчлон ертөнцөд номер нэг Нэгэн болох Бурхан өгсөн учраас хамгийн агуу сургаал. Мэргэн ухаантай, мэдлэгтэй байя гэвэл бид өдөр бүр Бурханы үг сурах ёстой. Мөн бид Бурханы үгийг зөвхөн сонсоод л байхын оронд амьдрал дээр хэрэгжүүлэн, Сионы ард түмний хувиар Бурханы үгийн дагуу амьдрах учиртай юм.

“Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Эцэгийн минь хүслийг үйлдэгч нь л орно.” Мат 7:21

Бурханы хүслийг дагадаг хүмүүс л мөнхийн тэнгэрийн хаанчлалд орж чадна. Сатан хүмүүсийг тэнгэрийн оронд оруулахгүй гэж саад хийх үй түмэн арга чарга сэдэж байгаа. Зөвхөн Бурхан л тэнгэрийн орон явах замыг мэднэ. Бурханы заах арга, заавар чиглүүлгийг дагахгүйгээр тэнгэрийн орон явна гэдэг бидний хувьд боломжгүй. Есүс ч тэнгэр Эцэгийн хүслийг зөв ойлгож, амьдрал дээр дагаж хэрэгжүүлдэг хүн мөнхийн тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж айлдсан байдаг.

Номер нэг Бурхан Библийн сургаалаар дамжуулан тэнгэрийн хүүхдүүддээ тэнгэр Эцэг Эхийн хүсэлд бүрэн дуулгавартай байж, тэнгэрийн хаанчлалд орж чадах хамгийн сайн замыг өгсөн. Библид “Тэнгэрт ч, газарт ч, газрын доор ч хэн ч тэрхүү хуйлмал номыг нээж, доторхыг нь үзэж чадсангүй” (Илч 5:1-5) гэсэн. Хүн ер нь ямар нэг ном уншаад зохиолчийнх нь санааг амархан ойлгочихдог бол харин Библи бол бусад номноос ялгаатай. Ихэнх хүн Библийг хичнээн олон удаа уншиж судаллаа ч ойлгох хэцүү гэдэг. Библид тэнгэрийн хаан тахилчийн сурах ёстой зүйлийг тэмдэглэсэн. Бурхан хүн бүр халдаж болохооргүй баталгаатай маш сайн хамгаалалтын системийг Библид суулгасан. Номер нэг Бурхан хамгийн агуу зорилго хүслээ Библид тавьсан болохоор хүмүүс өөрсдийн мэдлэг, мэргэн ухаанаар Библийн үгийг ойлгох боломжгүй болсон юм. Зөгнөл ёсоор тэд харавч хардаггүй хэрэг. Библи нь тийм л нууц ном.

Ертөнцийн бусад хүн махан биеэр адилхан харж байгаа хэр нь харж ухаарч чадахгүй Библийн нууцыг хүүхдүүддээ өгөхөөр Бурхан энэ газарт махан биеэр ирсэн. Ирээд “Тэрээр бидэнд замаа заана” (Мик 4:1-2) гэсэн зөгнөлийн дагуу хамгийн агуу сургаалаа бидэнд өгсөн юм.

“Энэхүү номын эш үзүүллэгийн үгсийг сонсогч бүрд би гэрчилж байна. Хэн нэгэн нь эдгээрийн дээр нэмэх аваас Бурхан энэхүү номд бичигдсэн гамшгуудыг түүнд нэмэх болно. Хэн нэгэн нь энэхүү эш үзүүллэгийн номын үгсээс хасах аваас Бурхан энэхүү номд бичигдсэн амийн модноос болон ариун хотоос хувийг нь хасах болно.” Илч 22:18-19

Бидэнд Бурханы сургаалаас өөр аврагдах арга зам үгүй. Тийм ч учраас Библид Бурханы үгэн дээр нэмж ч, хасаж ч болохгүй гэсэн юм. Хэрэв хэн нэгэн Бурханы үгэн дээр нэмж, хасвал тэнгэрийн хаанчлалаас хасагдах болно. Библи дэх бүх сургаал нь Бурхан бидэнд нээж өгсөн тэнгэрийн оронд очих зам. Үүнийг бид сэтгэл оюундаа тунгааж, баруун, зүүн тийш ч хазайлгүй, гагцхүү Эцэг Эхийн биднийг хөтөлж буй тэнгэрийн хаанчлалд хангалттай орох тэр замаар л явах ёстой. Бидэнд мөнх амийн үг соёрхон, Бурханы үгээр амьдрах боломж олгосон Елохим Бурхандаа дахин талархаж байна.

Шинэ гэрээгээр дамжуулан бий болох хамгийн төгс оршихуй

Бурханыг орчлон ертөнцийн хамгийн агуу Нэгэн гэж итгэдэг хүмүүс Бурханы сургаалыг хэрхэвч ойшоохгүй өнгөрөхгүй. Бурхан бол өндөр дээд Оршихуй гэдгийг ухаарсан цагт л одоо бидний алхаж буй энэ зам хичнээн агуу, хичнээн үнэ цэнэтэйг, мөн энэ л замаар дамжин өөрсдийгөө бид хичнээн агуу, хичнээн үнэ цэнэтэйг ойлгож чадна.

“Намайг алдаршуулахын тулд миний тарьсан мөчир, мутрын минь бүтээл болох чиний ард түмэн бүгд зөвт болж, газрыг мөнхөд эзэмшинэ. Хамгийн өчүүхэн нь мянга болж, хамгийн дорой нь хүчирхэг үндэстэн болно. ЭЗЭН Би цагт нь яаравчлуулах болно.” Иса 60:21-22

Библийн үг нь бидний ирээдүйг харж байгаа төгс хүчит Бурхан бидний ирээдүйн аз жаргалын төлөө өгсөн сургаалууд юм. Бурханы сургаалаар л Бурханы хаанчлалд үүрд амьдрах хамгийн үнэ цэнэтэй сүнслэг оршихуй болон шинээр бүтээгдэнэ. Библид Бурханы мутрын бүтээл болох хүмүүс Бурханыг алдаршуулна гэжээ. Бурхан тэднийг хэрхэн бүтээж байгааг нь харъя.

“Исгээгүй талхны баярын эхний өдөр шавь нар Есүс дээр ирж —Танд зориулан Алгасал баярын зоогийг хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна? гэж асуухад Тэр —Хотод нэгэн хүн дээр оч. Түүнд “Багш «Миний цаг ойртож байна. Би танайд шавь нартайгаа Алгасал баярыг тэмдэглэнэ» гэсэн” хэмээн дуулга гэв. Шавь нар Есүсийн зааварласнаар үйлдэж, Алгасал баярын зоогийг бэлдэв. … Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май, ид, энэ Миний бие гэлээ. Тэгээд Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөнгөө —Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм.” Мат 26:17-19, 26-28

Есүс “Энэ Миний бие” гээд шавь нартаа Алгасал баярын талх өгөөд “Энэ нь гэрээний цус минь” гэж айлдан Алгасал баярын усан үзмийн дарс өгсөн. Бурхан үхэшгүй мөнх бие болох Өөрийн биеэ тасалж идүүлэн, бидэнд л уулгах гэж ариун цусаа урсган байж мөнх амь амласан. Бурхан биднийг шинэ гэрээгээр төрүүлсэн. Бурхан мах цусаа бидний дотор оруулснаараа биднийг хамгийн төгс оршихуй болгосон төдийгүй үүгээрээ “Тэд бол Миний гарын бүтээл” гэсэн үгээ гүйцэлдүүлсэн юм.

“Тиймээс… Эзэн айлддаг. … Би та нарыг хүлээн авч, Би та нарын Эцэг болж та нар Миний хөвгүүд, охид болно» гэж Төгс хүчит Эзэн айлддаг” гэжээ.” 2Кор 6:17-18

2Коринт номыг бичсэн элч Паул Амралтын өдөр, Алгасал баяр сахидаг шинэ гэрээн дор байдаг итгэгч байжээ. Дээрх ишлэлээс бид төгс хүчит Бурханы “Би та нарын Эцэг болж та нар Миний хөвгүүд, охид болно” гэсэн үгийг харж байна. Тэнгэрийн хүүхдүүд нь Бурханы Өөрийн гараар бүтээсэн гайхамшигт бүтээл юм.

Номер нэг Бурханы хөтлөлийн дагуу орох тэнгэрийн хаанчлал

Израильчуудыг сүү, зөгийн бал урссан Канаан руу орохыг зөвшөөрөхийнхөө өмнө Бурхан тэднийг цөлд Өөрийнхөө тушаалыг дуулгавартай дагахад дасгалжуулсан юм. Зургаан өдрийн турш тэдэн дээр манна буулгаж, долоо дахь өдөр буюу Амралтын өдөр тэдэнд ямар ч манна буулгаагүй. Зургаа дахь өдөртөө Бурхан маргааш өдөр нь ч бас хангалттай хүрэлцэхүйц хоёр дахин илүү манна буулгаж байсан юм. Израильчууд цөлийн 40 жилийн турш өдөр тутмынхаа амьдралд “Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахь” хэмээн айлдсан Бурханы хүслийг хэрэгжүүлж сурсан юм. Үүнийхээ үр дүнд тэд Канаан нутагт орж чадсан билээ.

Бурхан Алгасал баярын тухайд мөн адилхан арга хэрэглэсэн. Тэрээр ард түмнээ Алгасал баярыг ариунаар сахиулж аварсан боловч Алгасалыг сахиагүй египетчүүдийг шийтгэн, Египетийн бүх бурхдад ял шийтгэл буулгав. Энэхүү явдал израильчуудын сэтгэлд гүн сийлэгдсэн юм. Тэднийг Канаан орохын өмнөхөн Бурхан тэднээр Алгасал баярыг ариунаар сахиулав. Алгасал баяр сахисныхаа дараахан тэд уг нутагт орж чадсан байдаг.

Бурхан ард түмнээ эхлээд бүх хууль тушаалыг дуулгавартай дагахад сургаж, дараа нь Канаан нутагт орохыг зөвшөөрсөн. Үүн шиг бид ч мөнхийн тэнгэрийн хаанчлалд хангалттай орох зохистой гэгдэхийн тулд эхлээд энэ дэлхийд бидэнд өгсөн Бурханы сургаалуудыг итгэмжтэйгээр нэгд нэггүй дагах ёстой. Бурхан бол өндөр дээд Оршихуй, Бурханы үг нь хамгийн агуу сургаал юм. Бурханы хүүхдүүдийн хувьд бидний байр суурь бол бүтээлүүд дундах хамгийн дээд байр суурь юм. Бурхан Өөрөө тогтмол тунхаглан, бидэнд жишээ үзүүлсэн тэр сайн мэдээг тараах нь энэ дэлхийн хамгийн үнэ цэнэтэй ажил. Хаан тахилчийн хувьд мөнхийн тэнгэрийн хаанчлалыг өвлүүлэх гэсэндээ Бурхан бидэнд зөвхөн тэнгэрийн хүүхдүүдийн дагаж чадах сайн мэдээний замаар явахыг зөвшөөрсөн билээ.

Хамгийн сайн юмыг олж авах амаргүй. Гэвч Бурхан хүслийг нь гүйцэлдүүлж байгаа хүмүүстээ үргэлж тусалсаар ирсэн. Тийм болохоор л манай Бурханы сүм өдий төдий саад бэрхшээлийг ч үл ажран Самари дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээ тарааж чадаж байгаа билээ.

Бид Бурханы үгэнд итгэдэг. Мөн хэрэв Бурханы үгийг бүрэн дагавал бид дэлхийн бүх улс үндэстнээс дээгүүр өндөрт тавигдана. Учир нь Бурхан бол номер нэг. Бурханы үгнээс илүү үнэ цэнэтэй зүйл, Бурханаас илүү агуу Багш гэж үгүй. Зөвхөн Бурханы үгээр дамжуулан бид мөнхийн тэнгэрийн хаанчлалд очих боломжтой тул Бурханы үг энэ дэлхийн амьдралд маань зайлшгүй чухал. Үүнийг сэтгэл оюундаа санаж, Бурханы үгийн өчүүхэн хэсгийг ч үл тоон орхигдуулах биш, харин Бурхан биднийг хаашаа ч хөтөлсөн дагацгаая. Ингэснээр бид өдөр бүр, сар бүр Бурханы ард түмэн болж бүрэн дүүрэн өөрчлөгдөж, дахин төрж чадах юм.

Манай Бурхан бол номер нэг. Номер нэг Бурханы хамгийн их хайрладаг хүүхдүүд гэдгээрээ бахархацгаая. Тэнгэрийн гэр бүлүүд та бүхнийг Библид тэмдэглэгдсэн тэнгэр Эцэг Эхийнхээ үгийг байгаагаар нь дуулгавартай дагахыг хүсэх байна. Энэ дэлхийн юманд л зөвхөн анхаараад байх биш мөнхийн зүйлст сэтгэл оюунаа тавьж, мөнхийн тэнгэрийн хаанчлалд хамтдаа ороосой гэж хүсье.