Мөнхийн тэнгэрийн хаанчлалд орохын тулд бид ямагт өөрсдийнхөө итгэлийг эргэн харж, тэнгэр Эцэг, Эхийн хүслийг дахин дахин бодож үздэг байх хэрэгтэй. Шинэ ондоо одоог хүртэл бидэнд Бурханы зарим үгэнд дуулгаваргүй үе байсан бол гэмшиж, бүрэн төгс дуулгавартай болох хэрэгтэй.
Бидний хүн нэг бүр энэ үеийн сайн мэдээний эш үзүүлэгч, хүн болгон маш чухал. “Би” гэгч ганц хүний дуулгаваргүйгээс болж Бурханы сайн мэдээний түүхэнд асар их саад учирч болох төдийгүй “би” гэгч ганц хүний дуулгавартай байдал Бурханы ивээл, ерөөл дотор сайн мэдээний түүхийг хоромхон зуур ч биелүүлж болно.
Библид ганц хүний дуулгавартай байдал ба ганц хүний дуулгаваргүй байдал нь хүн төрөлхтөнд хичнээн их нөлөө үзүүлснийг бодит жишээнээс иш татан тайлбарласан байдаг.
“Учир нь ганц хүний дуулгаваргүйгээс болж олон нь нүгэлтэн болсны адил Ганцын дуулгавраас болж олон нь зөвт болгуулна.” Ром 5:19
Ром 5-р бүлэгт Адамын дуулгаваргүй байдлаас болж ертөнцөд нүгэл болон үхэл орж ирснийг болон Есүс Христийн дуулгавартай байдлын ачаар хүн төрөлхтөн мөнх амьдрах болсныг харьцуулж үзүүлсэн байна. Бурхан сайн мууг мэдүүлэгч модны жимсийг идэж болохгүй хэмээсэн байхад, түүж идсэн дуулгаваргүй ганцхан үйлдэл нь бүх хүнд үхэл гэдэг аймшигтай үр дүнг авчирчээ.
“Тэгээд ЭЗЭН Бурхан тэр хүнд тушаан… Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идэж болохгүй. Түүнээс идсэн тэр өдөртөө л чи зайлшгүй үхнэ! гэв.” Эхл 2:16-17
“… могой, эмэгтэйд —Энэ цэцэрлэгт байгаа аль ч модноос идэж болохгүй гэж та нарт Бурхан үнэхээр хэлсэн үү? гэжээ. Тэр эмэгтэй, могойд —Бид энэ цэцэрлэг дэх моддын жимсийг идэж болно оо. Харин цэцэрлэгийн голд байгаа модны жимсний тухайд Бурхан “Та нар түүнээс бүү ид бас түүнд бүү хүр, эс бөгөөс та нар үхнэ” гэж айлдсан гэхэд могой, эмэгтэйд —Та нар ерөөсөө үхэхгүй. Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэдэж байгаа гэжээ. Тэгээд тэр эмэгтэйг хартал уг мод нь хүнсэнд сайн, нүд булаам, ухаан тэлмээр, хорхой хүрмээр сайхан харагдсан тул жимснээс нь авч иджээ. Тэр хамт байсан нөхөртөө өгч, тэр нь ч идэж.” Эхл 3:1-6
Бурханы айлдсан үгийг сэтгэлдээ байнга хадгалахгүй байвал ийм явдал бидэнд ч тохиолдоно. Диавол Бурханы хориглосон жимсийг хорхой хүргэм сайхан харагдуулж хүнийг мэхэлдэг. “Идэх л юм бол Бурхан шиг мэргэн ухаантай, их мэдлэгтэй болох юм чинь ганцхан удаа идээд үз” гэж шивнэдэг. Хүн төрөлхтний анхны нүгэл эндээс л эхэлсэн.
Ева Адамын нэг хэсэг бөгөөд тэр хоёр нэгэн бие учир Библид тэдний нүглийг Адам гэх нэг хүний гэм буруу гэж тэмдэглэсэн байна. Тэгвэл Бурхан бидэнд юуг мэдүүлэх гэж Адамын гэм бурууг Библийн эхэнд тэмдэглэсэн юм бол оо?
Ганц хүний дуулгаваргүй байдал хүн төрөлхтөнд хичнээн их нөлөө үзүүлснийг ойлгох хэрэгтэй. Эрт үед Иошуагийн цэргүүд Иерихо хотыг эзлэн, Канаан нутаг руу орсон үед ч мөн ялгаагүй. Ахан гэгч ганц хүний нүглээс болж израильчууд Аи хотод болсон дайнд ялагдаж, Канаан нутгийг эзлэн авах зам түр хаагдчихсан байв.
Ганц хүний нүглээс бүх хүний хүрэх ёстой зам хаагдах нь ч байдаг. Ганц хүний дуулгаваргүй байдлаас бүх хүнд үхэл ирэх болсон энэхүү түүх нь ганц хүний дуулгавар хичнээн чухал гэдгийг ойлгуулах баримт юм.
Библид Адам нь ирэх байсан Түүний дүрс хэмээсэн ч (Ром 5:14), үнэндээ Адам нь Есүсийн эсрэг дүрс юм. Адам нь сайн муугийн жимсийг түүж идэн дуулгаваргүй байж үхлийг авчирсан бол, Есүс нь Бурханы хүслийг үхэлд хүртэл дуулгавартай дагаснаараа бүх хүн төрөлхтнийг мөнх амь руу хөтөлсөн.
“… Тэрээр махбодынхоо өдрүүдэд Өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд чанга хашхиран, нулимсаараа залбирал ба гуйлтаа өргөсөн. Тэр эмээдэг байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ. Тэрээр Хүү нь байсан хэр нь зовсон зүйлсээсээ дуулгаварт суралцсан. Тэр төгс болгогдсоноороо Өөрт нь дуулгавартай байдаг бүхэнд мөнх авралын эх үндэс нь болсон бөгөөд Бурханаар Мелхизедекийн хэргэмийн дагуу Тэргүүн тахилчаар өргөмжлөгдөв.” Евр 5:6-10
Есүс дуулгавартай байдлаараа бүх хүнд мөнх авралын эх үндэс нь болсон. Бидний л нэгэн адил хүн төрхөөр ирээд, Бурханд дуулгавартай байх жишээ байнга үзүүлж байсан Есүс загалмайн зовлон амсахынхаа өмнө Гетсемани гүвээн дээр сүүлчийн залбиралдаа ч хүртэл зөвхөн Бурханы хүслийг дуулгавартай дагах гэсэндээ “Эцэг минь, болж өгвөл Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр биш, харин Таныхаар болог” гэж гуйсан байдаг.
Энэ мэт Христ үхлийн өмнө ч Бурханы хүслийг төгс дуулгавартай дагасан. Ганц хүний дуулгаваргүй байдлаас үхэлд хүрсэн хүн төрөлхтөн эдүгээ нэг Хүний дуулгавартай байдлаар мөнх аминд хүрэх болсон юм.
“Өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай. Хэдийгээр Тэрээр Бурханы дүр байсан ч, Бурхантай тэгш байхыг булаах гэсэнгүй, харин Өөрийгөө юу ч үгүй болгон Боолын дүрийг авч, хүнтэй адил болжээ. Хүн төрхийг олсон Тэрээр Өөрийгөө мөхөс болгож, үхэлд, загалмайн үхэлд хүртэл дуулгавартай байв. Тиймээс ч Бурхан үлэмжийн дээдээр Түүнийг өргөмжилсөн бөгөөд алив нэрээс дээд нэрийг Түүнд соёрхов. Энэ нь Есүсийн нэрд тэнгэр, газар дээр, газрын доорх бүгд өвдөг сөгдөж, Бурхан Эцэгийн алдрын төлөө Есүс Христ бол Эзэн гэж хэл бүхэн хүлээн зөвшөөрөхийн учир ажээ. Иймээс… та нар үргэлж дуулгавартай байсныхаа адил, … өөрсдийн авралыг айдас ба чичрэлээр гүйцээ.” Фил 2:5-12
Бурханы айлдсан бүх үнэний сургаал нь үхэлд хүртэл дуулгавартай дагах хэмжээний үнэ цэнэтэй. Энэ талаар 2000 жилийн өмнө Есүс энэ газарт ирээд, Өөрийн биеэр жишээ үзүүлсэн юм.
Үхэлд хүртэл дуулгавартай байсан Христ адил, бид ч мөн Елохим Бурханы бүх сургаалд захирагдаж, авралын түүхийг биелүүлэх хэрэгтэй. Бурхан биднийг дуулгавартай байвал үлэмжийн дээдээр өргөмжлөх болно. Есүсийн нэрд тэнгэрт байгаа, газар дээр байгаа, газрын доор байгаа бүх юмс өвдөг сөгдсөнтэй адил Бурханы хүсэлд төгс дуулгавартай байсан итгэгчид бүх юмсын дунд магтаал, хүндлэл, яруу алдрыг авах болно. Тиймээс итгэгчид тэнгэрийн хаанчлалд орвол хаан тахилч болно хэмээсэн (1Пет 2:9 үзэх).
Бурханы сургаалыг төгс дуулгавартай дагаж чадахгүй бол энэхүү яруу алдар ба нэр хүндийг огтхон ч авч чадахгүй. Тиймээс үргэлж дуулгавартай байж, өөрсдийн авралыг айдас ба чичрэлээр гүйцээ хэмээн айлдсан юм.
Итгэл дундаас хамгийн агуу нь дуулгавартай итгэл юм. Гэвч Адам Ева хоёрын үйлдсэн шиг өөрсдийнхөө бодлыг урьтал болгоод байвал Бурханд итгэсэн итгэл зүрх сэтгэлээс алга болж, Бурханы хүслийг зөрчихөд хүрдэг.
“Хүнсэнд сайн, нүд булаам, ухаан тэлмээр, хорхой хүрмээр сайхан харагдаж байхад идлээ гээд үхчихэв л гэж…”, “Бурхан энэрэнгүй юм чинь иймэрхүү зүйлийг уучилчих байлгүй.” Энэ мэт үргэлж өөрийнхөө бодлыг урьтал болговол Бурханы хүсэлд дуулгавартай байж чадахгүй, улмаар тэрхүү дуулгаваргүй ганц хүн өөрийгөө төдийгүй бүх хүнийг үхлийн замаар хөтөлдөг.
“… Хорон муу нь замаа, буруу нэгэн нь бодол санаануудаа орхиг. Өөрийг нь өрөвдөх ЭЗЭН өөд эргэг, өгөөмрөөр уучлах Бурханд маань эргэг. “Учир нь Миний бодол санаа та нарын бодол санаа шиг биш. Миний зам ч та нарын замаас өөр” гэж ЭЗЭН айлдаж байна. Тэнгэрс газраас өндөр байдаг шиг зам минь та нарын замаас, бодол минь та нарын бодлоос өндөр билээ. … Амнаас минь гарсан Миний үг Над уруу хоосон буцаж ирэхгүй, харин юу хүссэнийг минь хэрэгжүүлж, юунд илгээснийг минь гүйцэлдүүлнэ.” Иса 55:6-11
Бурханы сургаал нь огт дэмий хоосон биш, Бурханы бодол хүний бодлоос өндөр тул, өөрийн бодол санаагаа орхиод, Бурхан руу буцан ирээрэй хэмээсэн. Бурханы сургаалтай сөргөлддөг өөрийн бүх бодол санааг орхих хэрэгтэй. Бид өөрсдийнхөө бодлыг орхиод, Бурханы хүслийг л дагаж амьдарвал Бурханаас ерөөл болон мөнх амь заавал авах болно.
Бурханы үгээр бялхан байсан ердийн үед Адам Ева хоёрт сайн мууг мэдүүлэгч модны жимс харахад ч аймшигтай, жигшмээр байсан бол Сатаны үгийг сонсмогц хүний санаа бодлоор дүүрч, хүнсэнд сайн, нүд булаам, ухаан тэлмээр, хорхой хүрмээр сайхан жимс шиг санагдсан. Бурханы бодол ба хүний бодол нь хоорондоо ийм том ялгаатай. Хүн хормын дараа юу болохыг мэдэхгүй ч Бурхан хойшид болох зүйлийн талаар бүхнийг мэддэг болохоороо л “Тэгж болохгүй” хэмээн тушаасан.
Бурханы “хий” гэснийг эцсээ хүртэл баяртайгаар хийж, “Битгий хий” гэснийг нь сайхан харагдсан ч хийхгүй орхих үед тэнгэр элч нар хүртэл тэр хүний өмнө толгойгоо бөхийлгөх болно. “Энэ хүн бол зөвхөн Бурханы Ариун Сүнсээр удирдуулдаг, Бурханы бодол хүсэлтэй нийцдэг хүн. Амьд оршигч Бурханы үг гэж хэлж болох хүн” гээд тэнгэр элч нар хүртэл хүлээн зөвшөөрдөг.
Дуулгаваргүй байх нь үхэл, харин үхэлд хүртэл дуулгавартай хүнд Бурхан мөнх амь соёрхдог. “Би” гэгч ганц хүн чухал. “Би” гэгч ганц хүн Эцэг, Эхийн хүслийг туйлаас дуулгавартай дагавал бүх хүн мөнх амийн замаар явж чадна. Харин “би” гэгч ганц хүн дуулгаваргүй байвал бүгдийг нь буруу замаар оруулж ч мэднэ.
Бурхан биднийг дуулгавартай байгаарай хэмээсэн нь огт дарамт учруулах гэсэндээ айлдсан биш. Бурханы бүх сургаал нь бидний авралын төлөө, сүнсний маань энх тунхын төлөө аж.
“Чиний Аврагч, Израилийн Ариун Нэгэн, ЭЗЭН ингэж айлдаж байна. Чамд тустайг сурган чамайг явах замаар чинь удирддаг “Бурхан ЭЗЭН чинь Би байна. Тушаалуудад минь анхааралаа хандуулдаг ч болоосой, чи! Тэгвэл амар тайван чинь гол мэт, зөвт байдал чинь далайн давалгаа мэт байхсан. Үр удам чинь элс мэт, хэвлээс чинь гарагчид элсний ширхэг мэт болно. Нэрс нь оршихуйгаас минь хэзээ ч таслагдахгүй, устгагдахгүй.”” Иса 48:17-19
Исаиа эш үзүүлэгчийн үеийн израиль ард түмэн Бурханы тушаалыг дагахгүй, дуулгаваргүй байсны улмаас гай зовлон амсах болжээ. Библийн түүх бидэнд бүх гай зовлон нь Бурханы үгэнд дуулгаваргүй байсны үр дагавар, бүх ерөөл нь дуулгавартай байсны үр дүн гэж харуулдаг.
Бурхан биднийг мөнхийн амь орших тэнгэрийн хаанчлал руу дагуулан явахын тулд бүхий л зүйлийг бидний ашгийн төлөө сургаж, зайлшгүй хийх ёстой зүйлсийг минь тушааж, жишээ үзүүлдэг. Хүүхдүүдийнхээ ашгийн төлөө “Бурханы тушаалыг сахь”, “Тунхагла”, “Бие биеэ хайрла”, “Диаволыг эсэргүүц” гэх мэтээр олон сургаал айлдсан.
“Та нарын дуулгавар биелэгдэх үед бид бүх дуулгаваргүйг шийтгэхэд бэлэн байна.” 2Кор 10:6
Хүүхдүүд нь хүртэл Бурханы үгэнд дуулгаваргүй байхад, бусад дуулгаваргүй байдлыг шийтгэвэл Тэрээр тэгш, зөв шударга Бурхан гэгдэхгүй. Тийм болохоор тэнгэрийн хаанчлалд орохын тулд байх ёстой зүйлийн нэг нь дуулгавартай ухаан юм. Зөв шударгын Бурхан бидний дуулгавартай байдал биелэгдмэгц, сайн мэдээнийхээ түүхийг дуусгахад бэлэн байгаа.
Тэнгэрийн хаанчлалын талаар санагалзах тусам тэнгэр Эцэг, Эхийн айлдсан сургаалыг зүрх сэтгэлээсээ дуулгавартай дагаж байна уу, эсвэл сэтгэлдээ нийцсэн үгийг л дуулгавартай дагаж, тийм биш бол дуулгаваргүй хандаж байгаа юу гэдгээ дахин нэг эргэж харах хэрэгтэй. Бурханы сургаал л бол өчүүхэн зүйлийг ч дуулгавартай дагах ёстой.
“Үргэлж баяртай бай”, “Ах, эгч дүүс бие биенээ хайрлаж, нэгдмэл бай” гэсэн бол тэр сургаалд мөн дуулгавартай байгаарай. Бусад зүйлсийг бүгдийг нь хийсэн ч, энэ мэт зарим зүйлийг хийж чадахгүй байгаа нь Бурханы бодлыг өөрийнхөө бодлоор өөрчлөх гэсэн шалтаг төдий юм. Бурханы хориглосон сайн мууг мэдүүлэгч модны жимсийг нүд булаам, ухаан тэлмээр, хорхой хүрмээр сайхан жимс гээд идсэн Адам, Евагийн бодлоос ялгаагүй. Өөрийнхөө иймэрхүү бодлыг орхиж, Бурханы хүсэлд баяртай байж, дуулгавартай болох үед л авралд хүрэх болно.
Бурханы ивээлээр дэлхийгээс худалдан авсан зуун дөчин дөрвөн мянган ариун хүн бол “Хургыг хаашаа ч явсан, Түүнийг дагадаг хүмүүс” хэмээн ийн зөгнөжээ.
“Харагтун, Сион уулан дээр Хурга зогсож байхыг би харлаа. … зуун дөчин дөрвөн мянган хүн Түүнтэй хамт байлаа. … Тэд сэнтийн өмнө болон дөрвөн амьтан, мөн ахлагчдын өмнө шинэ дуу дуулав. Дэлхийгээс худалдаж авсан зуун дөчин дөрвөн мянган хүнээс өөр хэн ч тэр дууг сурч эс чадав. Тэд бол өөрсдийгөө эмсээр бузарлаагүй хүмүүс юм. Учир нь тэд ариун аж. Тэд бол Хургыг хаашаа ч явсан, Түүнийг дагадаг хүмүүс. Тэднийг Бурханд болон Хурганд анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас худалдан авсан ажээ. Тэдний амнаас ямар ч худал хуурмаг олдсонгүй. Тэд гэм зэмгүй.” Илч 14:1-5
Зуун дөчин дөрвөн мянган ариун хүн бол Бурханы сургаалд баярлаж, талархах сэтгэлээр үгийг нь туйлын дуулгавартай дагадаг хүмүүс юм. Бурханы үгийн тухайд дагасан ч болно, дагаагүй ч болно гэж бодож болохгүй. Христийн жишээг дагаад, бүрэн төгс дуулгавраар биелүүлэх ёстой. Харин хатуу, дуулгаваргүй, гэмшдэггүй зүрх сэтгэлээ орхихгүй бол мөнхийн сүйрэл гэх ялаар төгсөнө.
“Эсвэл Бурханы энэрэнгүй чанар өөрийг чинь хөтлөн гэмшилд хүргэдгийг та мэдэлгүй, Түүний энэрэл, хүлцэл ба тэвчээрийн баяныг басамжлах уу? Харин та өөрийн хатуурал, гэмшдэггүй зүрхнээсээ болж өөр дээрээ Бурханы зөв шүүлтийн уур хилэн ба илчлэлийн өдрийн хилэгнэлийг хурааж байна.” Ром 2:4-5
Өнөөгийн нийгэмд өөрийгөө боддог хувиа хичээх үзэл улам бүр газар авсаар байна. Зарим хүн зөвхөн өөрийгөө л хайрлаж, бодолтой нь жаахан л зөрчилдвөл хийхээс зайлсхийдэг. Тэд гөжүүд, гэмшдэггүй зүрх сэтгэлээр дүүрчээ.
Хэрэв бид аливаа зүйлийг зөвхөн өөрийнхөө бодлоор хийвэл Сатаны мэхлэлд унаж, буруу муу юм ч нүдэнд гоё харагдаж, чихэнд сайхан сонсогдож мэднэ. Бурханы хөтлөх зам одоохондоо өөрт хохиролтой санагдавч, ирээдүйг маань мэдэж, бидний ашгийн төлөө айлдсан Бурханы үгийг эцсээ хүртэл дуулгавартай дагавал хожим хойно бялхам ерөөл болон өөрчлөгдөж, эргэж ирнэ.
Цөлийн 40 жилийн түүхээс үзэхэд дуулгаваргүй хүмүүс амлалтын Канаан нутагт орж чадалгүй цөлд хиарсан байдаг.
“Өөрийнхөө амралтад эс оруулна гэж Тэр хэнд андгайлсан бэ? Дуулгаваргүй байсан тэдэнд биш үү?” Евр 3:18
Дуулгаваргүй ард түмэн Канаан нутагт орж чадаагүй шиг дуулгаваргүй хүн Бурханы амралт, тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй хэмээсэн. Энэ хорвоо тэр аяараа Бурханаас нүүр буруулсан ч, бид харин Елохим Бурханыг эцсээ хүртэл дагах итгэлтэй байх ёстой. Сүнс болон Сүйт бүсгүйн сургаалыг хүн нэг бүр бүх дэлхийн ард түмэнд хичээнгүйлэн тунхаглах учиртай.
Ганц хүн маш чухал. Хүн нэг бүр маань ийм ухаантай байж, энэ ертөнцийг сүнсний гүн нойрноос сэрээвэл Бурханы хайртай хүүхдүүдийг бүгдийг нь олж чадна. Ганц хүний дуулгаваргүй байдал олон хүнийг үхлийн замаар хөтөлж, ганц хүний дуулгавар олон хүнийг мөнх амийн зам руу хөтөлсөн түүхээр “би” гэгч ганц хүн Бурханы үгийг эцсээ хүртэл сахивал хүн төрөлхтөн бүхэлдээ мөнх амийн зам руу буцан ирнэ гэдэгт ивээлтэйгээр итгээд, Бурханы хүсэлд дуулгавартай байхыг ихэд хүсэж байна.
Бид Елохим Бурханыг хаашаа ч хөтөлсөн эцсээ хүртэл дагадаг итгэгчид юм. Бурханы үгэнд үргэлж баяртай байж, баяртайгаар, талархах сэтгэлээр дуулгавартай даган, Бурханыг л түшиж, тэнгэрийн аврал авахыг Сионы гэр бүлүүдээсээ хүсэж байна.