Дуулгавар ба итгэл

19,595 үзэлт

Энэ жил Эцэг Ан Сан Хун Христ энэ газарт мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. 100 гэдэг тоо нь төгс төгөлдөр байдлыг илтгэдэг. 99% болон 100%-г харьцуулахад ганцхан тооны зөрүүтэй ч энэ нь хоорондоо асар их ялгаатай. Эхнийх нь төгс бус, хоёр дахь нь төгс гэсэн санааг илэрхийлдэг.

Бид итгэлээ 100% төгс болгохыг хүсвэл дуулгавартай байдалд суралцах хэрэгтэй. Энд хэлж байгаа дуулгавар нь Бурханы үгэнд дуулгавартай байхыг хэлж байна. Сүүлийн үед хүмүүс бусдын үгийг сонсож дуулгавартай дагахаас илүүтэй өөрийнхөө үзэл бодлыг хамгаалж тэмцэхийг зөв зүйтэйд үздэг болж. Хүний үгэнд дуулгаваргүй байлаа ч Бурханы үгэнд бол үргэлж дуулгавартай байх хэрэгтэй. Итгэлгүйгээр Бурханд дуулгавартай байна гэдэг боломжгүй шүү дээ. Дуулгавар болон итгэлээрээ мөнхийн тэнгэрийн хаанчлалд орох тэнгэрийн хүүхдүүд болцгооё.

Дуулгаварт байдлаар биелэгдэх авралын түүх

Итгэлийн замаар алхахдаа бид бүгд хичээнгүйлэн залбирч, Бурханы үгийг судалж, сайн мэдээ уйгагүй тараах хэрэгтэй. Гэвч үүнд дуулгавар гэгч зүйл ямагт дагалдана. Бурхан хэзээ авралын түүхээ гүйцэлдүүлж дуусгах бол? Бидний дуулгавар бүрэн төгс биелэгдэх үед!

“Бидний байлдааны зэвсэг нь махбодынх бус, харин ялагдашгүйг ч ялж чадах Бурханы хүчит зэвсгүүд юм. Бид цэцэрхлийг нурааж, Бурханы мэдлэгийн эсрэг босогч алив бардамналыг устгаж, бодол бүрийг Христийн дуулгаварт олзолдог. Та нарын дуулгавар биелэгдэх үед бид бүх дуулгаваргүйг шийтгэхэд бэлэн байна.”2Кор 10:4-6

Бидний дуулгавар биелэгдэх үед бүх дуулгаваргүйг шийтгэхэд Бурхан бэлэн байгаа. Ёрын муу хүмүүс шийтгэл хүлээж, харин зөвт хүмүүс нь аврагдан мөнхийн тэнгэрийн хаанчлалд орох өдөр нь тэр өдөр юм. Дуулгаваргүй байвал мөнх аминд хүрч чадахгүй бөгөөд тэнгэрийн хаанчлалд ч орохгүй гэдгийг Библи бидэнд зааж байна.

“Гэлээ ч үхэл нь Адамаас Мосе хүртэл, ирэх байсан Түүний дүрс болох Адамын гэм зөрчилтэй адил нүгэл эс үйлдэгсдийг ч ноёрхож байжээ. … Хэрэв ганц хүний алдаа зөрчлөөс болж ганц хүнээр дамжин үхэл нь ноёрхсон юм бол, тэгэх тусмаа нигүүлслийн баялгийг болон зөвт байдлын бэлгийн дүүрэн хүртэгсэд нь Есүс Христ гэгч ганц Хүнээр дамжин амь дор ноёрхоно. Тийнхүү ганц алдаа зөрчлөөс болж бүх хүн ялд унасны адил, ганц зөвт үйлээс болж бүх хүн амийн зөвтгөлд хүрэв. Учир нь ганц хүний дуулгаваргүйгээс болж олон нь нүгэлтэн болсны адил Ганцын дуулгавраас болж олон нь зөвт болгуулна.”Ром 5:14-19

Адамын гэм нүгэл нь дуулгаваргүй байдлаас үүдэлтэй юм. “Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимснийг идэж болно. Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идэж болохгүй” гэж айлдсан Бурханы үгэнд дуулгаваргүй хандан, эцэст нь сайн муугийн жимснээс авч идээд нүгэл үйлдэх болсон юм.

Адам гэгч ганц хүний дуулгаваргүй байдлаас болж олон хүнд нүгэл ба үхэл ноёрхсон бол Есүс гэгч ганц Хүнээр дамжин олон хүн зөвт болж, амийн зөвтгөлд хүрчээ. Бид Христтэй нэг болж Христийн ухамсартай байх хэрэгтэй. Есүс итгэлийн ямар ухамсрыг жишээ болгон үзүүлснийг судалцгаая.

“Тэрээр Хүү нь байсан хэр нь зовсон зүйлсээсээ дуулгаварт суралцсан. Тэр төгс болгогдсоноороо Өөрт нь дуулгавартай байдаг бүхэнд мөнх авралын эх үндэс нь болсон бөгөөд Бурханаар Мелхизедекийн хэргэмийн дагуу Тэргүүн тахилчаар өргөмжлөгдөв.”Евр 5:8-10

Итгэлийн амьдралдаа бид Христээс олон зүйл сурах хэрэгтэй. Нэн тэргүүнд Бурханы үгэнд дуулгавартай байдгаас нь суралцах хэрэгтэй. Урьд өмнө Адамаас өвлөж авсан дуулгаваргүй байдлыг бүрэн таягдан хаяж, бүрэн төгс болохын тулд Христийн алхсан дуулгаварт байдлын замыг сурах учиртай билээ.

Өөрийн гэсэн үзэл бодол, мэдлэгээ хаяад Бурханыг баярлуулах зүйл юу вэ гэдгийг зөв ойлгож дагах үед сайн мэдээний түүх бүрэн гүйцэлдэх болно. Бидний дуулгавар бүрэн биелэгдэх үед Бурхан ёрын муу хүмүүсийг шүүнэ хэмээсэн. Бурхан биднийг бүрэн төгс болохыг л хүлээж байгаа.

Дуулгавартай байж гэмээнэ орох тэнгэрийн Канаан

Эхлээд тэнгэрийн хаанчлал явахын тулд өөрийгөө Бурханы хүсэлд үнэхээр дуулгавартай амьдарч ирж үү гэдгээ эргэн бодоцгооё. Еден цэцэрлэгт Адам Евагийн үйлдсэн гэм нүгэл дуулгаваргүй байсантай нь холбоотой. Дуулгаваргүй байдлаа таягдан хаявал бид урьд амьдарч байсан ертөнцдөө буцаж чадна. Дуулгаваргүй байвал тэнгэрийн хаанчлалд орохгүй.

“Учир нь бид итгэлийнхээ эхлэлийг эцсээ хүртэл бат сахиваас Христийн хуваалцагчид болсон байна. Энэ нь “Өнөөдөр та нар Түүний дууг сонсвол, Тэрслэл дэх шиг зүрхээ бүү хатууруул” гэсэнчлэн юм. Сонссон атал тэрсэлсэн нь хэн билээ? Үнэндээ Мосегийн дор Египетээс гарсан тэд бүгдээрээ биш гэж үү? Тэр дөчин жилийн турш хэнд хилэгнэв? Нүгэл үйлдэж, цөлд бие нь унагсдад биш үү? Өөрийнхөө амралтад эс оруулна гэж Тэр хэнд андгайлсан бэ? Дуулгаваргүй байсан тэдэнд биш үү? Итгэлгүй учир тэд орж чадаагүйг бид хардаг.”Евр 3:14-19

Бурхан израиль ард түмэнд Канаан нутгийг амралтын газар болгон өгч, хүүхдүүддээ сүнслэг Канаан болох тэнгэрийн хаанчлалыг мөнхөд амрах газар болгон өгсөн юм. Дуулгаваргүй хүмүүс Канаан орж чадаагүй шиг Бурханы үгэнд дуулгаваргүй хүн тэнгэрийн хаанчлалд орохгүй. Бурхан “Амралтын өдрийг ариунаар сахь” гэсэн байхад ням гаргийг сахиж, “Алгасал баярыг ариунаар сахиарай” гэж сургасан байтал нарны бурханд мөргөх өдрийг сахивал тэр хүн тэнгэрийн хаанчлалд орж чадах болов уу? Тэнгэрийн хаанчлалд орохыг чин сэтгэлээсээ хүсдэг хүн юу юунаас илүүтэйгээр Бурханы хүсэлд дуулгавартай байх ёстойг Библи бидэнд ахин дахин ухааруулсаар байна.

“Иймд тийш орох зарим нь үлдсэн бөгөөд урьд нь сайнмэдээ сонссон нь дуулгаваргүйгээсээ болж орж чадаагүй учир… Тэгэхлээр Бурханы хүмүүст Амралтын өдрийн амралт үлддэг. Учир нь Бурхан Өөрийн ажлаас амарсны адил хэн Түүний амралтад орно, тэр нь ажлаасаа амарсан юм. Иймд дуулгаваргүйн өнөөх жишээгээр хэн нэгэн нь уначихгүйн тулд тэрхүү амралтад орохыг хичээцгээе.”Евр 4:6-11

Эзгүй зэлүүд цөлийн замд хоол хүнс хомс, уух ус ч олдохгүй байв. Тэдний зүрх сэтгэлд таалагдахуйц амьдрах орчин бүрдээгүй л бол тэд гомдол, дургүйцэл асгаруулж байв. Гомдол, дургүйцэл нь тэд Бурханы үгэнд бүрэн итгээгүй, дуулгаваргүй хандсантай нь холбоотой. Бүгд л Канаан нутагт орохыг хүсэж байсан ч дуулгаваргүй байдлаасаа болж олон хүн цөлд унаж, Иошуа, Калеб шиг итгэлтэй, эцсээ хүртэл дуулгавартай байсан хүмүүс нь Канаан нутагт орсон юм.

Египетээс Канаан хүртэлх зай 300км орчим байв. Аравхан өдөр л алхаад орчихож болох замыг 40 жил туулсан байдаг. Хэсэг явж байгаад Бурханы үгэнд дуулгаваргүй байдал үүсэж, дахин цааш явахад нь өөр нэг дуулгаваргүй явдал гарч ирсээр байв. Дуулгаваргүйчүүд нь бүгд цөлд унацгааж, Канааныг чиглэх явц төдий чинээ удааширч байлаа. Тэрхүү үйл явдлаар дамжуулан ард түмний суралцсан зүйл нь дуулгавар юм.

Бид Бурханы тушаасан бүрийг бүрэн төгс дагана гэсэн шийдвэрээр Бурханы хүсэлд дуулгавартай байвал тэнгэрийн хаанчлалд хурдан хүрнэ. Харин тэгэлгүй “Энэ зэргийн юмыг Бурхан харж үзэх байлгүй” гээд Бурханы хүслээс зөрж, өөр замаар явбал тэнгэрийн хаанчлал биднээс холдох юм.

Үгэнд дуулгаваргүйгээсээ болж орхигдсон Саул хаан

Итгэлийн цөлийн замд Бурханы үгэнд дуулгаваргүй хандсан атлаа тэрхүү амьдралаа зөвтгөх гэх нь ч бий. Израилийн анхны хаан асан Саул яаж байгаад Бурханы ивээлээс холдож, хаан ширээгээ алдсаныг нягтлан харцгаая.

“Самуел, Саулд —Таныг Өөрийн ард түмэн Израилийн хаан болгон тослохоор ЭЗЭН намайг илгээсэн. Тиймээс одоо ЭЗЭНий үг ба дуу хоолойг сонсогтун. Түг түмдийн ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Би Амалекийг шийтгэнэ. Учир нь Израилийг Египетээс гарах замд тэд түүний эсрэг довтолсон юм. Одоо явж амалекчуудыг бут цохиод тэдний хамаг юмсыг бүрмөсөн сүйрүүлж, бүү өршөөгтүн. Эр, эм, нялхас хүүхэд, үхэр хонь, тэмээ илжиг бүгдийг нь ал” гэж хэлэв. … Саул Хавилагаас Египетийн өмнө орших Шурын хязгаар хүртэл амалекчуудыг бут цохив. Тэрээр амалекчуудын хаан Агагийг амьдаар нь барин олзолж, ард олныг нь илдийн ирээр хүйс тэмтрэв. Харин Саул ба түүний ард олон нь Агагийг бас хамгийн сайн хонь, үхэр, тарган тугал, хурга хийгээд сайн бүхнийг хэлтрүүлж, тэр бүгдийг бүрмөсөн сүйрүүлэхийг үл хүсэв. Тэд муу, үнэ цэнэгүй малыг харин бүрмөсөн устгажээ.”1Сам 15:1-9

Эрт үед амалекчууд израильчуудыг зовоодог байсныг Бурхан санаж, тэдний бүхий л өмч эзэмшлийг үгүй хийх тушаал буулгажээ. Гэвч Саул өөрийн хүслийн дагуу мал сүргээс сайныг нь үлдээж, мууг нь үхүүлэв. Тэгсэн хэр нь Бурханы тушаалыг ном ёсоор нь бүрэн дагасан хэмээн өчдөг.

“Тэр үед Самуелд ЭЗЭНий үг ирж —Би Саулыг хаан болгосондоо харамсаж байна. Учир нь тэр Намайг дагахаас буцан эргэж, Миний үг зарлигийг үл сахив гэв. … Самуел Саул уруу очиход Саул түүнд —ЭЗЭН таныг ерөөх болтугай! Би ЭЗЭНий үг тушаалыг сахилаа гэв. Харин Самуел —Тэгвэл миний сонорт буй хонины майлах дуу, надад сонсдож байгаа үхрийн мөөрөлдөх дуу чухам юу вэ? гэв. Саул —Эдгээрийг тэд амалекчуудаас авчирсан юм. Учир нь таны Бурхан ЭЗЭНд нядалж тахихын тулд хамгийн сайн хонь, үхрийг ард олон хэлтрүүлсэн юм. Гэвч бусдыг нь бид бүрмөсөн сүйрүүлэв гэлээ. … —Би ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагаж, ЭЗЭНий намайг илгээсэн аян замд явсан билээ. Би Амалекийн хаан Агагийг авчирч, амалекчуудыг хүйс тэмтэрсэн билээ. Гэвч ард олон Гилгалд таны Бурхан ЭЗЭНд нядалж тахихын тулд олзноос буюу хориг цээртэй юмсаас хамгийн сайн хонь, үхрийг авчирсан билээ гэв. Самуел —ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагах нь шатаалт тахил, нядлах тахилуудаас илүүгээр ЭЗЭНийг баярлуулах бус уу? Харагтун, дуулгавартай дагах нь нядлах тахилаас илүү, анхааран үзэх нь хуцын өөхнөөс илүү. Тэрслэл нь мэргэ төлгийн адил нүгэл бөгөөд гөжүүдлэх нь ёс бус агаад шүтээнд мөргөх адил билээ. Чи ЭЗЭНий үгийг үл хэрэгссэн тул ЭЗЭН бас чамайг үл хэрэгсэж, чи хаан байхаа болилоо гэв.”1Сам 15:10-23

Хүн дуулгаваргүй үедээ элдэв шалтаг тоочдог. Саул ч мөн Бурханы үгийг жаахан ч болов биелүүлснээрээ, ард олныхоо санаа бодлоор шалтагласан. Бурханы үгнээс илүү өөрийн бодлыг урьтал болгосон хэрэг.

Тийн үйлдсэн Саулыг Бурхан орхисон юм. Бурханы хүсэлд дуулгаваргүй байхдаа тэнгэрт нүгэл үйлдээд хүн төрөлхтөн дэлхий рүү хөөгдсөн юм. Үүн шиг энэ газарт ч гэсэн Бурханы үгэнд дуулгаваргүй байвал зовлонт ирээдүйтэй нүүр тулна. Иймдээ ч Саул шиг хааныг цаашид ард түмнийг удирдахыг нь болиулсан юм. Бурханы Сүнс Саулыг орхин явсны дараа Саул олон бэрхшээлтэй тулгарсан. Тэрээр муу сүнсэнд эзэмдүүлэн улс орноо хэвийн удирдаж чадахааргүй болж, эцэст нь тулалдааны талбарт эмгэнэлтэйгээр амь үрэгддэг.

Бурхан биднийг дуулгавартай байн тэнгэрийн хаанчлалд ирээсэй гэж хүсдэг

Бурхан дарангуйлагч аятай биднийг захирах гэсэндээ биднээс дуулгавар шаардаагүй. Сансраас харвал энэ дэлхий цэг төдийхөн. Ийм өчүүхэн хүмүүнээс хүндлэл хүртэх гэсэндээ дуулгавартай бай гэсэн юм биш. Бид тэнгэрт Бурханы үгэнд оролгүй зальт Сатаны үгийг дагаад нүгэл үйлдэн энэ дэлхий рүү хөөгдөж ирцгээсэн. Бурхан хайртай хүүхдүүдээ тэнгэрийн хаанчлалд хөтлөхийг хүсдэг. Бурханы хүслийг л дагаж гэмээнэ бид мөнхийн тэнгэрийн хаанчлалд орж, мөнх амийн баяр хөөр эдлэх гэрэлт ирээдүй маань баталгаажих тул Бурхан биднийг дуулгавартай байгаарай хэмээсэн юм.

Тиймээс цөлийн амьдралын 40 жилийн хугацаанд ч Бурханы үгэнд дуулгавартай ард түмэн болгон цэвэршүүлж, сургасан. Өнгөрсөн түүх нь биднийг сургахын тулд Библид бичигдсэн шүү дээ (Ром 15:4). Бурханы айлдсан үгний юунд нь дуулгаваргүй байгаагаа эргэн нэг харж, Бурханы хөтөлж буй замыг баяртай сэтгэлээр дагацгаая. Илчлэл номд ч гэсэн Хургыг хаашаа ч явсан Түүнийг дагадаг хүмүүс энэ дэлхийгээс аврагдахыг хэлжээ (Илч 14:4-5).

Эцэгийн гар бичмэлд “Елиша Елиаг дагасан, Иошуа Мосег дагасан, Петр Есүсийг дагасан. Би Эхийг дагана. Миний та нарт үйлдсэн лугаа адил та нарыг үйлд хэмээн Би ийм дуурайл өгөв” гэсэн үг бий. Тэгвэл Сионы хүүхдүүд бид ч мөн Эхийгээ дагах хэрэгтэй юм.

Ямар ч нөхцөлд байсан Эцэг Эхийнхээ айлдсан үгийг баяр хөөртэйгөөр дагавал орсон ч ерөөгдөнө, гарсан ч ерөөгдөнө. Ухаарч, баяртайгаар дагах нь Бурханы биднээс хүсэж буй дуулгавар юм. Түүнчлэн алив ерөөлийг авах нууц юм (Дэд.Хуу 28:1-14)

Хүний жишгээр явбал итгэлийн амьдрал маань буруу тийш даялахад хүрнэ. Харин Бурхан бидний итгэлийн гол цөмд байх ёстой. Эртний хүмүүс дэлхийг эргэдэггүй харин нар зүүн зүгээс мандаж баруун зүгт жаргадаг гэж үздэг байжээ. Гэвч үнэн хэрэгтээ дэлхий баруунаас зүүн тийш эргэдэг шүү дээ. Нүдэнд харагдах байдлыг л хараад шүүн тунгаах бус, харин сансар огторгуйг цогцоор нь удирдан захирдаг Бурханы өнцгөөс харж, Бурханы хөтлөлийг дагавал бид зөв зам, тэнгэрийн хаанчлалын замаар явж чадна.

Бурханы үгэнд түшиж дагадаг итгэл

Саул хаан дуулгаваргүйгээсээ болж ивээлгүй үр дүнд хүрсэн боловч харин тэрнээс эсрэг тэсрэг жишээг ч Библид тэмдэглэсэн байдаг.

“Бурханы үгийг сонсох гэсэн ард олон Түүнийг тойрон бүчсээр байхад Тэр Геннесаретын нуурын эрэг дээр зогсож байсан бөгөөд тэр үед нуурын хөвөөнд хоёр завь байхыг харав. Харин загасчид нь завинаасаа буугаад тороо угааж байлаа. Есүс завинуудын нэгэн дээр буюу Симоны завин дээр гараад, газраас жаахан холдуулахыг түүнээс гуйж, суугаад завин дээрээс ард олонд сургаалаа заалаа. Тэрээр айлдаж дуусаад, Симонд —Усны гүн уруу нь оч, загасчлахын тулд тороо доошлуул гэхэд Симон —Эзэнтэн, бид шөнөжингөө зүдэж зүтгээд юу ч бариагүй, гэхдээ хэлснээр Тань тороо доошлуулъя гэв. Ийн үйлдтэл маш олон загас орсноор тор нь хүүрч эхлэв.”Лук 5:1-6

Петр дуулгавартайгаар Бурханы үгэнд түшээд тороо доошлуулдаг. Тэгтэл Бурхан төсөөлөхийн ч аргагүй гайхамшигтай үр дүнг зөвшөөрч өгдөг. Шөнөжин юу ч баригдаагүй байтал завийг нь живүүлэх хэмжээний асар их загас баригджээ. Үүнд гайхсан Петр болон түүний хамтрагчид бүх зүйлээ орхиод Есүсийг дагасан юм (Лук 5:11).

Энэ мэт ивээлтэй үр дүн өгөхийн тулд Бурхан дуулгавартай байгаарай гэснийг санаж, Самари ба дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээг хүчтэйгээр тунхагла хэмээсэн үгэнд нь ч дуулгавартай байцгаая. Итгэлгүй бол яагаад ч дуулгавартай байж чадахгүй. Саул шиг шалтаг тоочихоо л бодно. Гэвч зовж зүдэрсэн ч гэсэн Бурханы үгэнд найдаж, тороо доошлуулсан Петр шиг хүн ямар ч хэцүү зүйл байсан баяртайгаар дуулгавартай дагаж чадна.

Сионы гэр бүлүүдийн дуулгавартай итгэлтэй байсны үр дүнд дэлхий дахины сайн мэдээний 7000 гаруй мужид Сион байгуулагдаад байна. Энэ жил тэнгэр Эцэг Эхийнхээ үгэнд бүр ч дуулгавартай байж, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг хараахан сонсоогүй байгаа хүмүүст дамжуулж, дэлхий даяар тунхаглах Сионы гэр бүлүүд болохыг хүсье. Бурхан дуулгавартай хүнд их ерөөл өгдгийг, тахилаас илүү дуулгавартай байдал хүсдгийг битгий мартаарай. Бурханыг хаашаа ч хөтөлсөн дагаж, тэнгэрийн хаанчлалд бүгдээрээ хамт орохыг хүсэх байна.