Санагалзах нутаг тэнгэрийн хаанчлал ба хүлээлт

14,181 үзэлт

Өчигдөрхөн 2011 он эхэлсэн юм шиг санагдсан ч аль хэдийн нэг жил дуусч, дахин нэг жил эхэлж байна. Хоног хугацаа өдөр өдрөөр ард үлдэж, он цаг жил жилээр улиран одохын хэрээр тэнгэрийн хаанчлалыг болон тэнгэр Эцэгээ санагалзсан сэтгэл маань улам бүр яаран догдлох мэт.

Урьдын цагт нэгэнтээ алдаж, мартагдсан мөнхийн тэнгэрийн хаанчлалыг гэсэн санагалзал, тэнгэр Эцэгийг энэ газар үтэр түргэн морилон ирэхийг нь хүсэмжлэх хүлээлт гээд энэ бүхэн Сионыхны маань сэтгэл зүрхэнд давхацсан цаг үе бол жил жилийн энэ үе гэж бодогдоно.

Хүсэл найдвар нь бодитоор биелэхийг шүүрс алдан хүлээх зуур ариун байдал ба итгэл сүсэг дор мөнхийн тэнгэрийн эх нутгаа чин үнэнээр хүсэмжлэн санагалзаж, өдөр бүрийг утга учиртайгаар, үнэ цэнэтэйгээр амьдраасай хэмээн хүсье (Ром 8:25, 2Пет 3:11-13).

Санагалзах нутаг тэнгэрийн хаанчлал

Ямар ч хүнд унасан газар, угаасан ус, өсөж төрсөн нутгаа санагалзан үгүйлэх зөн совин гэж байдаг. Библид биднийг тэнгэр элчийн ертөнцөд гэм нүгэл үйлдээд энэ газар төрсөн сүнснүүд хэмээгээд сүнсний эх нутгийг маань тэнгэрт бий гэж зааж өгдөг. Тиймээс хүмүүст сүнслэг ертөнцийг санагалздаг төрөлх зөн гэж байдаг юм (Ном.Үгс 3:11).

Өрнө дорнын яруу найрагчид харь нутагт амьдрахын ганцаардал, гуниг зовлонгийн талаар өгүүлэн, эх нутгаа санагалзах сэтгэлийг харуулсан олон шүлэг найраг үлдээсэн байдаг. Түүний нэг болох бага балчраас настан буурлууд хүртэл мэддэг, олноо хүндлэгдсэн нэгэн шүлэг бол Солонгосын яруу найрагч И Ын Саны бичсэн “Нутагтаа харих сан” хэмээх бүтээл юм. Эх нутгаа тэгтлээ их санасан найрагчийн сэтгэлийг гоц гойд харуулсан уг шүлгийг уншиж тунгаая.

Нутгийн минь өмнөд хөх далай нүднээ тодорно
Намуухан тэр л далайгаа зүүдэндээ ч яахан мартах
Одоо тэнд шувууд нь ганганалдан нисээ дээ

Очих л юм сан, эх нутагтаа
Хөгжилдөн наадсан хонгор багын андаа дурсана
Хаа ч явсан унаган багын нөхдөө яахан мартах
Аль аль нь өнөөдөр үйлс бүтээж яваа даа

Ахиад нэг уулзах л юм сан даа Усны шувуу, багын анд унаган нутагт минь байхад
Учир юуны улмаас би алсын алсад одсон юм бол
Урдаа байгаа бүхнээ орхиод

Уугуул нутагтаа буцах сан
Сайхан нутагтаа урьдынх шигээ нэг амьдрах сан
Солонгон гоёл сэтгэлдээ өмсөөд инээх сэн
Бүр нулимс байхгүй өнгөрүүлсэн үедээ
Буцаад нэг очих л юм сан
И Ын Сан / “Нутагтаа харих сан” шүлгээс

Энэ шүлэг зөвхөн тэр найрагчийн нутагтаа очихыг хүссэн сэтгэлийг ч биш мөнхийн эх нутаг тэнгэрийн хаанчлалдаа буцахыг хүссэн бид бүхний сэтгэлийг ч мөн харуулж байна гэлтэй. Нутгийнх нь жигүүртэн шувууд, анд нөхөд гээд бүгд эх нутагт нь байхад өөрөө юунд нутгаасаа хагацан амьдрах болсноо уг найрагч эргэцүүлж л дээ.

Тэнгэрийн хаанчлалд бидний анд найз, ахан дүүс бүгд байхад бид яасан болоод тэднээсээ хагацаж, дэлхий хэмээх хоргодох хот руу ирж амьдрах болсноо эргэн нэг бодоцгооё. Алдагдсан тэнгэрийн эх нутгаа хүсэн тэмүүлж, тэрхүү сүр жавхлант газар тэнгэр Эцэг, тэнгэр Эх, тэнгэрийн үзэсгэлэнт тэнгэр элч нартай цуг баяр хөөр эдэлж байсан тэр үедээ бид буцах учиртай.

Эх орноо санагалзаж, уугуул нутгаа сэргээхийг хүсэж байсан израиль ард түмэн

Израиль ард түмэн зарим үед улс орноо алдаж, харийн нутагт амьдарч байхдаа ч зүрх сэтгэлдээ үргэлж санан дурсаж байсан нь эх нутгаа гэх сэтгэл байв. Вавилонд олзлогдон явж байхдаа ч тэд Иерусалим нутгаа мартаж чадаагүй.

“Вавилоны гол мөрнүүдийн дэргэд тэнд бид суугаад Сионыг санахдаа уйлав. Уд модонд, тэдэн дунд ятга хөгжмүүдээ бид өлгөв. Учир нь олзлогчид маань тэнд биднээс дуун найргийг, зовоогчид маань зугаа цэнгэлийг нэхэн “Сионы дуунаас бидэнд дуулж өг” хэмээв. Бид ЭЗЭНий дууг харь нутагт хэрхэн дуулах вэ? Иерусалим аа, чамайг мартах аваас баруун гар минь хатаг. Чамайг би эс санах аваас, хамгийн дээд баясгалангаасаа илүүгээр Иерусалимыг үл өргөмжилвөөс хэл минь тагнайдаа наалдаг. … Сүйрэгч болох Вавилон охин оо, бидэнд үйлдсэн ёсоор чинь чамд хариулагч нь азтай яа! Нялхсыг чинь булаагаад, хад уруу шидэгч нь азтай яа!” Дуу 137:1-9

Дуулал 137-р бүлэгт алдагдсан Сионоо сэргээхийг туйлаас хүсэж, Вавилоны гол мөрнүүдийн дэргэд нутгаа санан уйлцгаасан израиль ард түмний сэтгэлийг гаргажээ. Тэр үед Даниел мэтийн хүмүүс гэртээ өдөр бүр Иерусалимын зүг харсан цонхоо нээж, өдөрт 3 удаа залбирч байсан юм. Энэ нь эх нутгаа тэд хичнээн их санаж байсныг нь харуулах Библийн чухал хэсэг гэж болно (Дан 6:10).

Өнгөрсөнд болсон юм бүхэн бидэнд толь болж байдаг. Одоо мөнхийн төрсөн нутаг, тэнгэрийн хаанчлалыг бодох үе билээ. Зүрх сэтгэл маань Даниелынх шиг үргэлж сүнсний эх нутагтаа тэмүүлэх ёстой. Мөнхийн эх нутгаа санан “Бүр нулимс байхгүй өнгөрүүлсэн үедээ буцаад нэг очих л юм сан” хэмээх найргийн мөр шиг нулимс байхгүй, зовлон байхгүй, өвдөх, гашуудах гэж байхгүй мөнхийн ертөнцдөө буцан явахыг хүсэж байна.

Эх нутаг гэдэг бол орхиж, мартаж огтхон ч үл болох өлгий нутаг, эцэстээ заавал дахин олж очих ёстой газар билээ. Учир нь тэр л газар эцэг эх, ах эгч дүүс маань намайг харуулдан суугаа билээ. Нутагтаа буцлаа гэсэн ч эцэг эх, ах эгч дүүс байхгүй бол ямар утга учир байх билээ?

Мөнхийн тэнгэрийн хаанчлалдаа буцах үед тэнд биднийг ирсэнд баярлах тэнгэр Эцэг, үеийн үед хайрандаа өлгийдөж өгөх тэнгэр Эх маань хамтдаа байна. Мөн тэнгэрийн үй түмэн тэнгэр элчийн хамтаар үеийн үед эдлэх аз жаргал биднийг хүлээж байгаа. Энэ мэт дотнын хайртай тэдэнтэйгээ мөнхөд хамтдаа баяр хөөр, аз жаргал эдлэх газар нь бидний эх нутаг тэнгэрийн орон билээ.

Тэнгэр эх нутгаа эрмэлзэх сэтгэл

Энэ газар бол бидний мөнхөд байх газар бус, энэ дэлхий бидний хувьд харь нутаг бөгөөд бид энд гадныхан ба түр суурьшигчдын байдалтай байна. Итгэлийн өвөг дээдэс ч энэ газарт амьдарч байхдаа өөрсдийгөө гаднынхан ба түр суурьшигчид гэдгийг хүлээн зөвшөөрч, тийн ярьдаг нь тэнгэр эх нутгаа хайж байгаагаа тодорхой харуулдаг.

“Тэд бүгд амлалтуудыг авалгүйгээр, харин холоос тэдгээрийг харж, батлан хэлж, өөрсдийгөө дэлхийд гаднынхан ба түр суурьшигчид гэдгийг хүлээн зөвшөөрч итгэл дотроо нас барсан билээ. Учир нь тийн ярьдаг нь эх нутаг хайж буйгаа тодорхой харуулдаг. Үнэндээ, тэд гарч явсан нутгаа санаж байсан бол тэдэнд буцах боломж байх байсан. Харин тэд үлэмж дээр нутгийг хүсэж байв. Тэр бол тэнгэрлэг орон мөн. …” Евр 11:13-16

Тэрхүү мөнхийн тэнгэрийн хаанчлал бол бидний эх нутаг. Тэнгэрийн эх нутгаа үргэлж сэтгэлдээ тээцгээе. Нутгаа санадаггүй хүмүүс нутагтаа буцаж чадахгүй. Нутагтаа буцаж чадах хүн нь үргэлж нутгаа бодож санагалздаг хүн юм.

Түнхний яс нь мултарсан ч няцалгүй, эцсээ хүртэл нутгаа зорин гарсан Иаковын нутаг руугаа буцдаг тэрхүү амьдрал ч мөн эцэстээ өнөө үед амьдарч байгаа бидний төлөө бичсэн тэмдэглэл гэж ойлгож болно (Эхл 31-32-р бүлэг үзэх). Түнхний яс нь мултарч, өвдөж зовж байсан ч эх нутгаа орхиогүй Иаковтай адил байх хэрэгтэй. Няцаж яасан ч болохгүй. Нулимс байхгүй, зовлон байхгүй, гашуудах гэж байхгүй урьд цагийн тэр үедээ буцаасай гэсэндээ тэнгэр Эцэг Эх маань энэ өдрийг хүртэл зовлон золиос, хүчин зүтгэлээрээ бидний нутаг буцах замыг тавьж өгсөн учраас нэг хүн ч тэнгэрийн хаанчлалыг алдалгүй буцан очихыг хүсэж байна. Тэгээд одоо ч Вавилон дотроос Сионыг санагалзан суугаа ах эгч дүүсээ хурдан чөлөөлж, тэдэнд ч мөн Сион руу буцах зам, мөнхийн тэнгэрийн хаанчлалын эх орондоо буцан явах замыг нээж өгөхийг хүсье.

Гэмшиж нутагтаа буцан ирэх тэнгэрийн хүүхдүүд

Одоо бид тэнгэр эх нутгаа санагалзах сэтгэлийн хамтаар тэр үзэсгэлэнтэй, сүр жавхлант тэнгэр эх нутгаасаа хагацах болсон шалтгаанаа бодож үзээд, дахин нэг удаа гэмшин тэнгэр эх нутагтаа буцан очих хэрэгтэй. Есүсийн айлдсан сургаалт зүйрлэлүүдээс тэнүүлч хүү эх нутгаа санан гэмшиж, эцэгтээ буцаад ирж байгаа дүр зургийг олж уншицгаая.

“Тэр —Хоёр хүүтэй нэг хүн байжээ. Бага хүү нь эцэгтээ “Аав аа, эд хөрөнгөнөөсөө ногдох хувийг минь надад өгөөч” гэхэд эцэг нь хоёр хүүдээ хөрөнгөө хувааж өгөв. Хэдхэн өдрийн дараа бага хүү нь хамаг юмаа хамаад, алс холын орныг зорин оджээ. Тэнд тэр дур зоргоороо амьдарч, эд хөрөнгөө үрэн таран хийв. Түүнийг бүх юмаа барж дуусахад тэрхүү нутагт нь ч сүрхий өлсгөлөн болж, тэр юм юмаар гачигдаж эхлэв. Тэгээд тэр явж, уг нутгийн нэгэн иргэнийг бараадах болж, мөнөөх нь гахайгаа хариулуулахаар түүнийг явуулдаг байлаа. Гахайн идэж байсан буурцгаар ходоодоо дүүргэхийг тэр хүсэмжлэвч хэн ч түүнд юу ч өгсөнгүй. Тийнхүү тэр ухааран “Эцгийн минь хөлсөлсөн хүмүүсийн хичнээн нь ч талхаар элбэг дэлбэг байдаг билээ дээ. Гэтэл би энд өлсөж үхэх нь. Би босоод эцэгтээ очъё. Тэгээд түүнд «Аав аа, би тэнгэрийн эсрэг, таны өмнө нүгэл үйлджээ. Би цаашид таны хүү гэгдэх нь зохисгүй, харин намайг хөлснийхөө нэг хүн болгооч» гэж хэлье” гэв. Тэгээд тэр босож, эцэг уруугаа явжээ. Харин эцэг нь түүнийг холоос харж ихэд өрөвдөн гүйж ирээд, тэвэрч үнсэв. Хүү нь түүнд “Аав аа, би тэнгэрийн эсрэг, таны өмнө нүгэл үйлджээ. Би цаашид таны хүү гэгдэх нь зохисгүй” гэв. Харин эцэг нь боолууддаа “Хамгийн сайхан хувцас хурдан авчирч, түүнийг хувцасла. Гарт нь бөгж зүү, хөлд нь гутал өмсгө. Тарган тугал авчирч нядал. Бүгдээрээ найрлаж цэнгэе. Учир нь энэ хүү минь үхсэн боловч амь оржээ. Тэр алдагдсан боловч олдлоо” гэв. Тэд найрлан цэнгэлдэж эхлэв.” Лук 15:11-24

Эх нутгаа санаж байж л тэнүүлч хүү сэтгэлдээ гэмшиж эхэлсэн. Үүний адил бид ч мөн энэ газарт гашуудан зовж, ганцаардаж, өвдөж шаналах хэрэг үе үе тохиолдоход зөвхөн тэр гуниг зовлон, ганцаардал, өвчиндөө л автаад байлгүй, эх нутгаа боддог мэргэн ухаанаа харуулах хэрэгтэй юм.

Урьд цагт би ямар байсан юм бол, тэр сүр жавхлант тэнгэр элчийн ертөнцөд үнэндээ энэ ертөнцөд хэзээ ч байгаагүй тийм сүр жавхлант яруу алдар хийгээд аз жаргал гийсэн баяр хөөр надтай хамт өдөр бүр байсан байхад ер нь би юунаас болоод нутгаасаа хагацаж, одоо ямар байр сууринд байгаа бол хэмээн эргэцүүлэн бодох нь зүйтэй. Тэнгэрийн хаанчлалын найз нөхөд, үй түмэн тэнгэр элч бүгдээрээ л тэнгэрийн хаанчлалдаа байхад би яаж байгаад энэ газарт ирэх болсноо тунгааж, тэнүүлч хүү шиг гэмших сэтгэлээр төрсөн гэртээ харина гэсэн бодолтой байцгаая.

Нэг нүгэлтэн гэмшиж буцан ирэхэд тэнгэрт гэмших шаардлагагүй ерэн есөн зөвтөөс илүү баяр хөөр болдог хэмээсэн (Лук 15:1-7). Буцаж ирсэн тэнүүлч хүүгийн төлөө эцэг нь найр бэлтгэсний адил тэнгэрийн эх нутагт маань бид бүхнийг баяртайгаар угтан авах бэлтгэлийг одоо базааж байгаа.

Баяр хөөр, баяр баясгалан бялхсан тэнгэрийн хаанчлалаа марталгүй, тэнд оршиж байгаа тэнгэр Эцэг, мөн биднийг тэнгэрийн хаанчлалд хөтлөхийн төлөө хүүхдүүдтэйгээ хамт байж, энэ газарт золиослогдон зовж байгаа тэнгэр Эхийн бүхий л зүтгэлийг марталгүй, нэг нь ч үлдэлгүй мөнхийн тэнгэрийн хаанчлалд орохыг бүгдээс нь хүсье.

Ариун байдал ба итгэл сүсгээр санагалзан хүлээх тэнгэрийн хаанчлал

Эх нутагтаа буцаж очихын тулд нутгаа санагалзах сэтгэл байхын зэрэгцээ хүлээлт дагалддаг. Хүлээлтийн тухай чулуун хөшөөний домог байдаг. Шилла улсын үед Баг Жэ Сан гэдэг нэгэн түшмэлийн эхнэр авааль нөхрөө хүлээж байгаад чулуу болсон тухай домог байдаг.

Нүл Жи хааны ах дүү болох ханхүү нарын нэг нь Гугурёд, нөгөө нь Вэй улсад барьцаалагдан явсан байв. Хаан ах нь дүүгээ санаж, сэтгэл нь ихэд өвдөхөд Баг Жэ Сан түшмэл Гугурё улсад очоод нэг ханхүүг аварч авчраад, дараа нь шууд Вэй улс руу хөдөлж, нөгөө ханхүүг нь суллаж буцаасан боловч өөрөө баригдан амь эрсэджээ. Түүнээс хойш эхнэр нь өдөр бүр нэгэн толгод дээр гарч, нөхрийнхөө буцаж ирэхийг хүлээсээр байгаад чулуу болсон тухай хууч яриа ам дамжиж ирсэн юм.

Хэрвээ Баг Жэ Саны эхнэр бүх сэтгэлээрээ нөхрөө хүлээлгүй, “Ямартай ч нөхөр маань ирэх л юм хойно” гэсэн бодлоор тосгоныхоо эмэгтэйчүүдтэй тоглож наадан, зугаацаж, ариун бус үйлстэй байсан бол хожим ийм элэг эмтлэм домог яриа гарахгүй байх байсан.

Бурханыг хүлээхдээ биднийг “Ариун байдал ба итгэл сүсэг дор Бурханы өдөр ирэхийг хүлээж, түргэлүүл” (2Пет 3:11-13) гэж айлдсан ёсоор ийм л хүлээлт бидэнд хэрэгтэй. Тэнгэр Эцэг Эх хүн төрөлхтнийг аврахын төлөө махан биен хувцас өмсөөд энэ газар ирж, золиос ба зовлонгийн загалмайн ачаанаас ч татгалзаагүй шиг бид ч мөн Эцэг Эхийнхээ алхсан замыг дагаад алдагдсан ах эгч дүүгээ хайж олоод, үнэний гэрлээр ертөнцийг гэрэлтүүлэх үүргээ ивээлтэйгээр гүйцэтгэх явцдаа Бурханыг хүлээцгээе.

Эргэх улирал ээлжилж, он цаг солигдох бүрд тэнгэрийн хаанчлалыг санагалзах цаг хугацаа төдийгүй хүлээлтийн цаг мөч маань тэр хэмжээгээр богиносож байгаа гэж бодогдоно. Бүгдээрээ илүү урам зориг, эрч хүчтэйгээр Эцэгийг энэ газар ирэх тэр мөч хүртэл ариун байдалтай байж, хүн төрөлхтнийг аврах зорилго өвөрлөн, Бурханыг хүлээн, энэ газар бидэнтэй хамт байгаа тэнгэр Эхийнхээ золиос, зүтгэлд хариулах тэнгэрийн хүүхдүүд болцгооё.

Бид алдсан эх нутгийнхаа гэрт заавал буцах ёстой. Энэ хорвоо бол түрхэн зуур ирээд буцдаг аянчны аян зам гэдгийг марталгүй, бид үнэхээр бүх сэтгэл хүслээ тавих ёстой газар хаана вэ гэдгийг бодоод, тэнгэрийн хаанчлалын санагалзал, тэнгэр Эцэгээ гэсэн чин сэтгэлийн хүлээлтээр өдөр өдрийг ариун бөгөөд учир утгатай өнгөрүүлэх хэрэгтэй байна.

Тэнгэрийн эх нутагтаа буцах тэр өдөр дахиад хэзээ ч нулимс байхгүй цаг үедээ бид буцаж очих болно. Шинэ тэнгэр, шинэ газар хүлээн байгаа мөнхийн эх нутаг, тэнгэрийн хаанчлал бол өмнөдийн далай байдаг энэ газрын төрсөн нутагтай харьцуулшгүй газар билээ. Мэдээж махан биеийн унасан газар сайхан нутаг ч гэлээ сүнсний эх нутаг тэнгэрийн хаанчлалтай харьцуулшгүй.

Нулимс байхгүй мөнхийн тэнгэрийн хаанчлалын эх нутгаа хэрхэвч марталгүй, нэг нь ч тэнгэрийн хаанчлал явах цуваанаас хоцролгүйгээр бүгд буцан явцгаая. Бурханы үг болон Бурханы хүсэлд дуулгавартай байж, мөнхийн тэнгэрийн хаанчлалыг санагалзан, тийшээ эрч хүчтэйгээр гүйн орохыг хүсье.