Би Никеагийн шашны хурал дээр яагаад Алгасал баярын талаар маргаан гарах болсныг, үүний дараах нөхцөл байдлын талаар мэдэхийг хүсэж байна.

11,409 үзэлт

Зүүний ба барууны сүмүүд

Никеагийн шашны хурал нь МЭ 325 онд Ромын эзэн хаан Константины удирдлаган дор Бага Азийн Никеа хотноо зохион байгуулсан барууны болон зүүний сүмүүдийн удирдагчдын оролцсон томоохон хэмжээний шашны хурал байв. Уг хурлаар хэлэлцсэн гол асуудал нь Алгасал баярын ариун зоогийн ёслолын өдрийг товлох, Ариун Гуравын сэнтий нэгийг үгүйсгэдэг Арианизмыг цаашид хэрхэх асуудал байлаа. Ялангуяа Алгасал баярын ариун зоогийн ёслолын өдрийг товлох асуудал 2-р зууны дунд үеэс маргаантай байсан бөгөөд Никеагийн шашны хурлаар Алгасал баярыг бүрэн устгаснаар уг маргаан эцэслэсэн юм.

Алгасал баярын маргаан элч нарыг нас барж, анхны сүм зүүний болон барууны сүм гэж хуваагдсан үеэс л эхэлсэн юм. Бага Азид төвтэй зүүний сүмүүд болон Ромд төвтэй барууны сүмүүд Христийн үхлийг дурсдаг Алгасал баярыг тус тус өөр өдөрт тэмдэглэдэг байжээ.

Библийн сургаалын дагуу зүүний сүм Алгасал баярын ариун зоогийн ёслолыг ариун тооллын 1-р сарын 14-ний орой үйлдэж, Исгээгүй талхны баярын (15-ны өдөр) дараах эхний ням гарагт Амилалтын баяр тэмдэглэдэг байсан юм. Гэвч барууны сүмүүд Алгасал баярыг тэмдэглэлгүй, Амилалтын баяраар ариун зоогийн ёслол үйлддэг байлаа. Ариун зоогийн ёслолыг яагаад ингэж өөр өөр өдөр үйлдэж байсан бэ гэхээр барууны сүмүүд Есүсийн амилалтыг онцлоод ариун зоогийн ёслолын өдрийг дур мэдэн өөрчилсөнтэй холбоотой юм. Энэхүү зөрөө нь зүүн, баруун тийш шилжин суурьшихаар зорчих христчүүдэд ихээхэн төөрөгдөл үүсгэсэн байна. Тэднийг зүүний сүмд Алгасал баяр, Исгээгүй талхны баяраа тэмдэглэчихээд Ром руу аялахад нь барууны сүмүүд Амилалтын баярын өдөр ариун зоогийн ёслол үйлдэж байдаг байв. Үүнийг харсан тэд гайхахгүй байхын аргагүй шүү дээ.

Анхны сүмийн үнэн

Хуучин гэрээний үед израильчууд Алгасал баяраа тэмдэглэж, Исгээгүй талхны баярын дараах Амралтын өдрийн дараагийн өдөр тахилч нар анхны үр жимсний багцыг хураан, Бурханд тахил болгон өргөдөг байв. Энэ нь Ургацын анхны үрийн баяр юм. Энэхүү баярын тахилыг Бурханд өргөн өргөтөл израильчууд шинэ үр тариа идэж болдоггүй байжээ (Лев 23-р бүлэг).

Есүс Алгасал баяр тэмдэглэж, дараагийн өдөр нь буюу Исгээгүй талхны баяраар загалмай дээр амьсгал хураасан. Тэгээд Амралтын өдрийн маргааш амилснаараа уг баярын зөгнөлийг биелүүлсэн юм (Мар 16:9). Есүс нойрсогсдоос анхны үр жимс болж амилснаараа хуучин гэрээний Ургацын анхны үрийн баярын тахил буюу анхны үр жимстэй холбоотой зөгнөлийг биелүүлсэн юм (Мат 27:50-53, 1Кор 15:20).

Библийн сургаалын дагуу анхны сүм ариун тооллын эхний сарын 14-ний орой Алгасал баяр тэмдэглэж, 15-нд нь мацаг барин Исгээгүй талхны баяраа тэмдэглэдэг байв. Тэгээд эхний Амралтын өдрийн маргааш нь (ням гараг) Христийн амилалтыг дурсдаг Амилалтын баяраа сахидаг байжээ.

Үнэн өөрчлөгдсөн нь

Никеагийн шашны хурлаас сарны хөдөлгөөний дагуу жил бүр баярын өдрийг тодорхойлоход хүндрэлтэй гэх шалтгаанаар Амилалтын баярыг жил бүр хаврын өдөр шөнө тэнцэх өдрөөс бүтэн сар гарсны дараа тохиох анхны ням гарагт нь тэмдэглэж байхаар тогтож, улмаар энэ өдөртөө ариун зоогийн ёслол үйлдэж байхаар шийдвэрлэжээ.

Барууны сүмүүд тэр болтол Алгасал баярыг тэмдэглэдэггүй байсан ч Алгасал баярын дараах ням гарагт Амилалтын баяраа тэмдэглэсээр байсан байна. Тиймээс зүүний болон барууны сүмүүдэд ариун зоогийн ёслол өөр өөр өдөр үйлдэгддэг байсан ч тэд Амилалтын баярыг тодорхойлохдоо Алгасал баярыг хэм хэмжүүр болгодог байжээ. Гэсэн хэдий ч Никеагийн шашны хурлаар Амилалтын баярыг хаврын өдөр шөнө тэнцэх өдөр дээр үндэслэн тогтоосон бөгөөд Алгасал баярын утга учир бүрэн дүүрэн алдагдсан байна. Сүмийн түүхэнд Амилалтын баярын өдрийг товлох зорилгоор Никеагийн шашны хурлыг хуралдуулсан гэх ч үүний цаана Алгасал баярыг бүрмөсөн устгах гэсэн далд явуулга нуугдаж байгаа.

Сатаны эсэргүүцэл саад ингээд зогссон юм биш. Олон бурхант шашны үзэл санааг эртнээс хүлээн зөвшөөрдөг байсан Ром сүм Амилалтын баяртай ойролцоо цаг үед Хойд Европт тэмдэглэгддэг байсан хаврын охин тэнгэр Ийстерийн тэмдэглэлт өдрийг (Улаан өндөгний баяр) сүмд оруулж ирээд Амилалтын баяртай хольж хутгажээ. Тийм ч учраас Амилалтын баярыг тэд англиар “Easter” гэж нэрлэдэг. Өнөө үед Амилалтын баярын үеэр өндөг иддэг зан үйл нь харийн бурхдад итгэгчдийн зан үйлээс улбаатай юм.

Алгасал баярын маргаан

Ром сүм Алгасал баяр тэмдэглэлгүй, харин Амилалтын баяраар ариун зоогийн ёслол үйлдэх болов. МЭ 155 оны орчим Смирна сүмийн харгалзагч Поликарп Ром сүмийн харгалзагч буюу пап лам Аникетустай Алгасал баярын асуудлаар маргаан дэгдээв. Поликарп Алгасал баярыг Есүсийн шавь Иохан болон бусад олон элчтэй цуг жил бүр тэмдэглэж ирснээ дурдаад, Алгасал баяр нь Есүсийн үеэс уламжлагдан ирсэн уламжлал гэдгийг онцлон тэмдэглэв. Гэвч талууд тохиролцоонд хүрч чадаагүй.

Үүний дараа 197 оны үед Ром сүмийн Виктор пап лам Алгасал баяраар биш Амилалтын баяраар ариун зоогийн ёслол үйлдэх нь “Доминикийн дүрэм (Dominical Rule: Эзэний дүрэм)” хэмээгээд, сүмүүдэд үүнийгээ дагаж мөрдөхийг тулгажээ. Барууны сүмүүд Доминикийн дүрмийг дагахаар шийдсэн боловч христийн шашны үндэс суурь болсон зүүний сүмүүд үүнийг нь эрс эсэргүүцэж байлаа. Ялангуяа Ефес сүмийн харгалзагч Поликратес пап лам Викторт захидал илгээж, Алгасал баярыг заавал тэмдэглэх ёстойг хатуухан тайлбарласан байдаг. Тухайн үед Поликратесын Викторт илгээсэн захидлын агуулгаас бид анхны сүмийн үеэс хойш үнэн аажмаар аажмаар ялзарч эхэлсэн нөхцөл байдлыг таамаглаж болно.

“Бид баяруудаа үнэн мөнөөр нь зөв сахиж байгаа. Бид үүн дээр нэмсэн юм уу хассан зүйл байхгүй. … Арван хоёр шавийн нэг болох Филип элч… мөн бидний Эзэний цээжийг налаад сууж байсан… Иохан элчийн булш ч энэ Ефест байна. … Энэ хүмүүс огтхон ч замаасаа хазайлгүй итгэлийн зөв зарчмыг дагаж сайн мэдээнд байгаачлан 14-ний өдөрт Алгасал баяраа тэмдэглэж байлаа. Мөн Поликратес миний бие та нарын хажууд мөхөс нэгэн боловч өмнөх харгалзагчдынхаа мөрдөж байсан зан үйлийг ном ёсоор нь уламжлуулж ирсэн болно. Миний өмнө 7 харгалзагч байсан. Би өөрөө 8 дахь үеийн харгалзагч. Өмнөх томилогдож байсан харгалзагч нар үргэлж ард түмэн (иудей хүн) хөрөнгөө цэвэрлэсэн өдөр тэмдэглэж байсан. Тиймээс Эзэний дотор 65 оныг элээж, дэлхий даяар байгаа ах дүүстэйгээ нэгсэн нийлсэн би бээр Библийн алив сургаалыг судалж ирсэн. Иймд намайг шахан хавчихын төлөө өрнүүлж байгаа бүхий л хэрэг явдалд миний бие огтхон ч гайхахгүй. Учир нь мөхөс надаас илүү аугаа их хүмүүс “Бид хүнд дуулгавартай байхаас илүүтэй Бурханд дуулгавартай байх хэрэгтэй” хэмээн хэлдэг байсан юм шүү дээ.” Иосефусын түүх, зохиогч Флавиус Иосефус, орчуулагч Ом Сон Уг, Инсон хэвлэлийн газар, 294-295хуу

Виктор дээрх захидлыг хүлээн авсныхаа дараа Ази дахь бүх сүмүүд болон Алгасал баярыг тэмдэглэдэг ойр орчмын сүмүүдийг “уламжлалт бус” гэх шалтгаанаар хилстүүлж, шашны бүлэглэлээс шахан гаргахыг оролджээ. Гэсэн хэдий ч эргэн тойрныхоо олон сүм хийдийн эсэргүүцлийн улмаас тэрээр зорилгодоо хүрч чадаагүй аж.

Зүүний сүм Алгасал баярыг Есүсийн сургаал болон элч нарын уламжлалын дагуу тэмдэглэж ирсэн нь шинэ гэрээний үед ч Алгасал баяр үгүй болох ёсгүйн нотолгоо юм. Алгасал баяр бол Есүсийн “Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй” (Иох 6:53) хэмээн айлдсан үгийг нь биелүүлэхийн төлөө талх, усан үзмийн дарсаар тогтоосон амийн баяр юм. Тиймээс Паул элч Христийг дахин ирэх хүртэл шинэ гэрээ Алгасал баярыг тунхаглаарай гэж захисан (1Кор 11:23-25).

Амийн үнэнийг бүх дэлхийд тунхаглацгаая

Никеагийн шашны хурал тэдэнд олон талаараа чухал ач холбогдолтой байв. Константин эзэн хааны оролцоотойгоор Ром сүмийн эрх мэдэл улам бэхжиж, эзэн хаан сүмд асар их нөлөө үзүүлж чадсан байна. Эзэн хааны дэмжсэн Ром сүмд захирагддаггүй аливаа сүмийг “тэрс” гэж тооцдог байсан бөгөөд үүний улмаас Бурханы үгийг дагаж амьдрах гэсэн итгэгчид цөл, уул, эсвэл агуйд нуугдан Алгасал баяраа тэмдэглэх шаардлага гарч байв. Гэсэн хэдий ч “Эртний Нэгэн ирж, Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүсийн төлөө шүүх өгөгдөж, ариун хүмүүс хаанчлалыг залгамжлах цаг ирэх хүртэл болно” (Дан 7:22) хэмээсэн шиг, цаг нь болоход Сатаны улмаас устгагдсан амийн үнэн Эртний Нэгэн буюу Хоёрдугаар Христ ирснээр эргэж сэргэсэн юм.

Бид Бурханы байгуулсан шинэ гэрээ Алгасал баяраар мөнх амийн амлалт авсан. Бурхан яагаад Өөрийгөө үхэх хүртэл золиослон байж Алгасал баярыг сэргээгээ юм бол? Алгасал баяргүйгээр хэн ч нүглийн уучлал, аврал авч чадахгүй учраас тэр юм. Нүгэлт хүүхдүүдээ аврах гэсэн агуу их хайр, золиосоороо Алгасал баярыг сэргээсэн Бурханыхаа ивээлд бид талархаж, амийн энэхүү нандин мэдээг илүү хүчтэйгээр тунхаглах учиртай билээ.