Хүмүүс бидний хувьд энэ дэлхий асар өргөн уудам мэт санагддаг ч энгүй уудам сансар огторгуйгаас харахад бол хайж олоход ч бэрх тийм өчүүхэн цэг. Библид энэ газар дэлхийг Бурханы өмнө хувингийн дусал мэт, дэнсэн дээрх ширхэг тоос мэт тооцогддог гэж хэлсэн байдаг юм (Иса 40:15).
Иймхэн дэлхийд амьдарч байгаа хүн төрөлхтний төлөө Бурхан нэгэн гэрээ байгуулсан. Цаглашгүй сансар огторгуйг эрхшээдэг Бурханы өгсөн алив тогтоол, хууль, тушаал дотор хүн төрөлхтнийг тэнгэрийн хаанчлалд мөнх амийн аз жаргал эдлүүлэх гэсэн Бурханы хүсэл шингэсэн байдаг.
Энэ үед Бурхан шинэ гэрээний Алгасал баярыг сэргээж, “Сахь” гэж бидэнд айлдсан юм. Үүнд ч мөн Бурханы онцгой ивээл, ерөөл бий. Биднийг туйлаас хайрладаг Бурханыхаа хүслийг ухаарч, шинэ гэрээ амийн үнэнийг эрхэмлэн сахихыг, мөн тунхаглахыг Сионы гэр бүлүүдээсээ хүсэх байна.
Энэ ертөнцөд эд хөрөнгөтэй хүн ч бий, ядуу зүдүү хүн ч бий. Эрүүл саруул хүн ч бий, өвчтэй зовлонтой нь ч бий. Янз бүрийн л хүн энэ бөмбөрцөг дээр амьдарч байна. Харин энэ дэлхийд хүмүүний байх хугацаа түр зуур, хязгаарлагдмал. Дэлхийд төрсөн хэн ч бай хэзээ нэгэн цагт энэ хорвоог орхих болдог.
“Хүн ганц удаа үхэж, дараа нь шүүгдэхээр товлогдсон шиг” Евр 9:27
Дэлхийн амьдралаа дуусгаад мөнхийн ертөнц рүү явж чадах тогтоол, зарлигийг Бурхан хүн төрөлхтөнд тогтоосон юм. Мөн үүнтэй холбоотой алив үг сургаалаа Библид бичиж үлдээн, Бурханы хуулийн дагуу амьдардаг хүмүүст тэнгэрийн хаанчлалын ерөөл бэлдсэн юм.
“Өнөөдөр миний чамд тушааж буй тушаал, зарлиг, шийдвэрүүдийг нь сахилгүй өөрийн Бурхан ЭЗЭНийг умартахаас болгоомжил. … Чамайг номхтгон, чамайг сорьж шалгаад, эцэст нь чамайг сайн сайхан амьдруулахын тулд…” Дэд.Хуу 8:11-16
“Өөртөө зориулан шүтээн бас дээр тэнгэр дэх, доор газар дахь, газрын доор усан дахь ямар нэг дүрсийг бүү хий. Тэдэнд чи бүү мөргө, бүү үйлчил. Учир нь чиний Бурхан ЭЗЭН… Харин Намайг хайрлаж, Миний тушаалыг сахигчдад мянган үед нь хүртэл хайр энэрэлээ үзүүлдэг.” Гэт 20:4-6
Бурхан тушаал, хууль, зарлигаа өгсний цаад учир нь эцэстээ бидэнд ерөөл өгөх гэсэндээ тэр юм. Бурханыг хайрлаж, Бурханы тушаалыг сахидаг хүнд мянган үед нь хүртэл ерөөл өгнө хэмээсэн байдаг. Энэ нь мөнхийн ерөөл өгнө гэсэн үг биз?
Бид Амралтын өдөр, Алгасал баяр төдийгүй Бурханы тушаалуудаас нэгийг нь ч хасаж, нэг ч зүйл нэмэлгүй бүрэн дүүрэн сахих ёстойн учир ч мөн эдгээрийн дотор Бурхан ерөөл амласан болохоор тэр юм. Бурханы эдгээр тушаалаас Алгасал баярт ямар ерөөл шингэсэн байдгийг Библиэс судалъя.
Алгасал баярт биднийг гамшгаас аварч, мөнхийн тэнгэрийн хаанчлал өөд хөтөлнө гэсэн Бурханы амлалт шингэсэн байдаг. 3500 жилийн өмнөх Мосегийн үеийн түүхээр дамжуулан энэ талаар баталцгаая.
“Та нар түүнийг идэхдээ бэлхүүсээ бүсэлж, хөлдөө гуталтай, гартаа таягтай, яаравчлан ид. Энэ нь ЭЗЭНий Алгасал болой. Би тэр шөнө Египет орон даяар явж, Египетийн нутаг дахь уугануудыг, хүн, мал гэж ялгалгүй бүгдийг цохиж, Египетийн хамаг бурхдад ял шийтгэл буулгана. Би ЭЗЭН. Та нарын байгаа гэр дээрх цус нь та нарт тэмдэг болно. Би Египет газрыг цохих үедээ цусыг хараад, та нарыг алгасах учир сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй. Энэ өдөр та нарын хувьд дурсгал болж, та нар үүнийг ЭЗЭНий баяр болгон үе уламжлан үүнийг үүрдийн зарлиг болгон тэмдэглэ.” Гэт 12:11-14
Египет орон даяар уугануудыг устгах гамшиг буусан өдөр Алгасал баяр сахисан израильчууд дээр гамшиг буугаагүй юм. Гэвч Алгасал баяр сахиагүй бүх египет айл гамшигт өртжээ. Эцэст нь Бурханы хүч чадалд бууж өгсөн Египетийн Фараон хаан израильчуудыг боолчлолоос чөлөөлсөн юм. Израиль ард түмэн ийм гайхалтай түүхийг хараад Бурханыг ухаарч, Бурханд итгэж эхэлдэг.
Алгасал баярыг сахисан израиль ард түмэн аврал авч, Алгасал баяр сахиагүй египетчүүд гамшигт өртсөн өнгөрсөн түүх бий. Энэ түүх нь Египет гэж зүйрлэсэн энэ нүгэлт ертөнцөд хожим болох юмсын сүүдэр байсан юм. “Би Египет газрыг цохих үедээ цусыг хараад, та нарыг алгасах учир сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй” гэсэн Бурханы амлалт Мосегийн үед л хүчинтэй байсан юм биш. Одоо энэ үед ч Алгасал баяр сахивал Бурханы хамгаалалтыг авна. Бурханы тогтоол, зарлиг, хуулийг сахидаг хүн гамшгаас аврагдаж, нүгэлт ертөнцөөс чөлөөлөгдөн тэнгэрийн Канаан болох тэнгэрийн хаанчлалд орж чадна гэдгийг 3500 жилийн өмнөх түүхээр дамжуулан бидэнд урьдаас харуулсан байдаг.
“Хамгийн Дээд Нэгэний халхавчинд оршигч нэгэн Төгс Хүчит Нэгэний сүүдэр дор амьдарна. Би ЭЗЭНд “Миний хоргодох газар, бат цайз минь, миний итгэдэг Бурхан минь” гэнэ. … Мянган хүн чиний дэргэд, түмэн хүн баруун гар талд чинь унавч, энэ нь чамд эс тусна. Чи зөвхөн нүдээрээ хараад л буруутад өгөх хариуг үзэх болно. Учир нь чи хоргодох газар минь болох ЭЗЭНийг, Хамгийн Дээд Нэгэнийг орших газраа болгосон юм. Ямар ч хор хөнөөл чамд эс учирна. Ямар ч гамшиг майханд чинь үл ойртоно.” Дуу 91:1-10
“Ямар ч гамшиг үл ойртоно” хэмээсэн амлалт Алгасал баярт агуулагдаж байгаа. Мянган хүн дэргэд, түмэн хүн баруун гар талд унавч Алгасал баяр сахидаг хүн дээр бол гамшиг огт буухгүй гэсэн тул Бурханы амлалт дотор байгаа маань хичнээн азтай, талархмаар хэрэг билээ дээ!
Бурхан хүн төрөлхтөнтэй байгуулсан гэрээгээ хэзээ ч зөрчихгүй. Гэвч харамсалтай нь өнөө үед олон хүн зөв итгэлтэй байж чадалгүй Бурханы гэрээг зөрчиж, Алгасал баяр сахидаггүй. Бурханы үгийн дагуу үйлддэг хүн дэндүү цөөхөн. Тийм учраас Есүс “Нарийн хаалгаар ор” гэж сургасан байдаг (Мат 7:13-14). Олон хүн энэ замаар явдаг гээд сохроор дагах биш Бурхан биднийг ямар замаар хөтөлж байгааг судалж, түүгээр даган алхах ёстой юм.
Египетээс гарсан тухайн үед хатавч ба тотгондоо нялсан Алгасал баярын хурганы цус нь гамшиг өнгөрүүлэх тэмдэг болсон. Сүүлчийн үед ч Бурхан Алгасал баяр сахисан хүмүүсийн духан дээр гамшиг өнгөрүүлэх тэмдэг тавьсан юм. Үүнийг Езекиел номд “тэмдэг” гээд Илчлэл номд “тамга” гэж илэрхийлсэн байна.
“… Тэр бүсэлхийдээ бичгийн хэрэглэлтэй, маалинган хувцас өмссөн хүнийг дуудав. ЭЗЭН түүнд —Хотын дундуур, Иерусалимын дундуур явж, энэ дотор үйлдэгдэж буй хамаг жигшүүрээс болж санаа алдаж, ёолон буй хүмүүсийн духан дээр тэмдэг тавь гэв. Харин намайг сонсож байхад бусад хүмүүст Тэр айлдсан нь —Түүний араас даган хотын дундуур явж, цохигтун. Нүд чинь өрөвдөж болохгүй, хэлтрүүлж болохгүй. Хөгшчүүл, залуус, залуу эмэгтэйчүүд, хүүхдүүд ба эхнэрүүдийг ч хүйс тэмтэр. Гэвч тэмдэгтэй хүмүүст бүү хүр. Та нар ариун газраас минь эхлэгтүн. Тийнхүү тэд сүмийн өмнө байсан ахмадуудаас эхлэв.” Езе 9:3-6
Бурхан бүх хүн төрөлхтөн дээр гамшиг буулгах үед Бурханы тэмдэг авсан ард түмэнд гамшиг буулгүй өнгөрч байгаа дүр зураг Езекиел номын зөгнөлд гарч байна. “Тэмдэгтэй хүмүүст бүү хүр” хэмээсэн Бурханы энэхүү тушаал нь Египетээс гарсан тухайн үед “Алгасал баяр сахисан израильчуудад бүү хүр” гэж Тэрээр устгагч тэнгэр элчид өгсөнтэй адилхан тушаал юм. Илчлэл номд ч мөн үүнтэй адилхан тушаал буулгасан нь гарч байна.
“Үүний дараа би дэлхийн дөрвөн өнцөгт зогсон, газар дээр ч, тэнгис дээр ч, ямар ч модон дээр салхи салхилуулахгүйн тулд дэлхийн дөрвөн салхийг барих дөрвөн тэнгэрэлчийг харав. Би мөн амьд Бурханы тамгатай өөр нэгэн тэнгэрэлч наран мандах зүгээс гарч ирэхийг харав. Газар, тэнгист хөнөөл учруулах эрхтэй дөрвөн тэнгэрэлчид хандан тэрээр чанга дуугаар хашхиран —Бурханыхаа зарц нарын духан дээр биднийг тамга дартал газарт ч, тэнгист ч, модонд ч бүү хөнөөл учруул хэмээв.” Илч 7:1-3
Библийн зөгнөлд салхи нь дайныг илтгэдэг бөгөөд (Иер 25, Дан 7-р бүлэг) энд дэлхийн дөрвөн салхи өөрөөр хэлбэл зүүн, баруун, өмнө, хойноос нэгэн зэрэг босох салхи гэсэн учраас дэлхийг хамрах дайныг илтгэж байна. Бурхан ийм гамшиг нүүрлэхээс өмнө хүүхдүүдийнхээ духан дээр тамга дарна. Тамга дарах хүртэл газарт ч, тэнгист ч, модонд ч хөнөөл учруулалгүй өөрөөр хэлбэл гамшиг буулгалгүй хойшлуулж байгаад тамга дарах ажил дуусахаар тэр үед тамгатай хүмүүсээс бусдыг нь устга гэж тушаасан байна.
“Тав дахь тэнгэрэлч бүрээдэхэд тэнгэрээс дэлхийд унасан одыг би харав. Тэр одонд оёоргүй гүний худгийн түлхүүрийг өгсөн байлаа. … Дэлхийн өвс ногоонд ч, ямар ч ногоон ургамал болон модонд хор учруулж болохгүй гэж тэдэнд хэлсэн ажээ. Зөвхөн духан дээрээ Бурханы тамгагүй хүмүүст болох юм.” Илч 9:1-4
“Духан дээр нь Бурханы тамга дарна”, “Духан дээрээ Бурханы тэмдэгтэй”, “Хурганы цус тэмдэг болно” гэх мэт үгс нь гамшиг буух эгзэгтэй нөхцөл байдалд Бурханы авсан арга хэмжээ юм. Египетэд гамшиг буух үед ч, сүүлчийн гамшиг буух үед ч духан дээрээ Бурханы тамга авсан хүмүүст хөнөөл учрахааргүй болгожээ. Бурхан одоо ч бас Алгасал баяраар Өөрийн ард түмний духан дээр тамга дарж байгаа.
Эхлэлээс төгсгөлийг хардаг Бурханы сүүлчийн үед хүн төрөлхтний авралын төлөө сэргээсэн үнэн бол Алгасал баяр юм. Алгасал баярыг сахивал ямар зарчмаар гамшгаас аврагдаж, яаж аврал авахыг судалж үзье.
“Та нар исгэгдээгүй юм шиг шинэ зуурсан гурил байхын тулд хуучин хөрөнгийг цэвэрлэ. Учир нь Алгасал баярын хурга маань болох Христ ч нядлуулсан.” 1Кор 5:7
Алгасал баярын Хурга гэж Христийг бэлгэддэг. Египетээс гарах үед Алгасал баярын хурганы цусыг нялсан айл дээр гамшиг буугаагүй шиг шинэ гэрээний үед ч Алгасал баярын Хурганы бодит болсон Христийн үнэт цусыг авсан хүн гамшгаас аврагдана. Тийм учраас Есүс элч Петр Иохан нараар Алгасал баярт бэлдүүлж, шавь нартайгаа хамт Алгасал баяр сахисан юм.
“Алгасалын хургыг нядлах, Исгээгүй талхны баярын эхний өдөр болов. Есүс, Петр Иохан нарыг илгээн —Явж, бидний зооглох, Алгасал баярын зоогийг бэлд гэв. … Тэд явж, Түүний айлдсанаар бүгдийг олж, Алгасал баярын зоогийг бэлдэв. Цаг болоход Тэр тухлан суулаа. Элч нар Түүнтэй хамт байв. Есүс тэдэнд —Би зовохоосоо өмнө энэхүү Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ. … Тэр талх авч, талархал өргөөд, хуваан тэдэнд өгөхдөө —Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав. Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, —Энэ аяга нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм.” Лук 22:7-15, 19-20
3500 жилийн өмнө хурга нядалж цусыг нь хатавч ба тотгонд нял гэж айлдсан шүү дээ. Гэвч одоо бол Алгасал баярын Хурга болох Христийн мах, цусаар тамга дарсан. Есүсийн энэ бүх ул мөр нь биднийг ч бас яг адилхан үйлдэж аврал аваасай гэсэндээ үзүүлсэн жишээ байсан юм.
“Миний та нарт үйлдсэн лугаа адил та нарыг үйлд хэмээн Би ийм дуурайл өгөв.” Иох 13:15
Шинэ гэрээ Алгасал баяр нь хүн төрөлхтний төлөө Есүсийн тогтоосон амийн үнэн юм. Есүсийн үзүүлсэн жишээгээр бид Алгасал баяр сахиж, Есүсийн ариун биеийг бэлгэддэг Алгасал баярын талхыг идэж, үнэт цусыг нь бэлгэддэг Алгасал баярын усан үзмийн дарсыг уудаг. Ингэснээр Бурхан бидэнтэй хамт байж, улмаар бидний духан дээр золилтын тамга дарагдах учиртай. Мөн Бурханы мах, цусыг өвлөн авсан хүүхдийн хувиар мөнх амийг олж, тэнгэрийн хаанчлалд орох эрх олж авах юм (Иох 6:53-57). Гамшгаас биднийг хамгаалж, мөнхийн тэнгэрийн хаанчлалын ерөөлд хүрэх замыг нээн хүн төрөлхтнийг аврах үнэн бол Алгасал баяр билээ.
Есүс ч Алгасал баяр сахисан, элч Петр, Иоханаас эхлээд шавь нар ч бүгд Алгасал баяр сахисан байдаг. Есүсийн сургаалыг Өөрөөс нь сурсан шавь нар МЭ 100 оныг хүртэл амьд байж. Тэр үеийг хүртэл анхны сүмийн итгэгчид цөм Алгасал баяр сахиж байж. Ийм тэмдэглэл Библи болон сүмийн түүхийн номд гардаг. Гэвч үнэний гэрэл аажмаар бүдгэрч, МЭ 325 онд Никеагийн шашны хурлаар Алгасал баярыг устгажээ. Ийнхүү Бурханы зарлиг хүний улмаас устаж алга болсон юм.
Бурханы тогтоосон үнэнийг хүн өөрийн дураар сахихгүй байж болох уу даа? Хэн сахь гэж тушаагаад, хэн тэр тушаалыг гүйцэтгэсэн бэ? Алгасал баяр бол Есүсийн сахихыг ихэд хүссэн баяр, Есүсийн сургаалд суралцсан элч нар ч сахиж, мөн тунхаглаж ирсэн зарлиг юм. Паул элч ч мөн Алгасал баяр бол устаж алга болж болшгүй үнэн гэдгийг онцолсон байдаг шүү дээ.
“Учир нь би та нарт дамжуулснаа Эзэнээс авсан. Чухамхүү баригдсан тэр шөнөө Эзэн Есүс талх аваад, талархал өргөж, хуваагаад “Энэ бол та нарын төлөөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд” гэсэн. Тэрчлэн зоогийн дараа мөн аяга авч “Энэ аяга нь Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм. Үүнээс та нар уух болгондоо Намайг дурсаж үүнийг үйлд” гэсэн. Учир нь энэ талхыг идэж, энэ аяганаас уух бүрдээ та нар Түүнийг ирэх хүртэл Эзэний үхлийг тунхагладаг юм.” 1Кор 11:23-26
“Энэ талхыг идэж, энэ аяганаас уух бүрдээ” гэсэн үг нь Алгасал баярыг жил бүр алгасалгүй сахиж, тунхагла гэсэн утгатай юм. Тиймээс Бурхан хоёр дахиа энэ газар ирээд Алгасал баярын үнэнийг сэргээсэн билээ. Энэ үед Алгасал баярыг соёрхсон нь биднийг аврахын төлөөх Бурханы хүсэл. Тийм байтал өнөө үед олон сүм Алгасал баяр сахидаггүй мөртлөө итгэхэд л болно гэж хэлдэг. Итгэдэг л бол итгэлээ үйлсээр харуулах ёстой шүү дээ.
Бурханы өгсөн гэрээнд хэзээд ерөөл шингэсэн байдаг. Энэ нь хоромхон зуурт үзэгдээд алга болох түр зуурын ерөөл биш мөнхийн ерөөл. Сионы гэр бүлүүд та бүхэн маань мөнхийн зүйлд найдаж, мөнхийн ертөнцийн ерөөлийг илүү их гуйж, Бурханы ерөөл амлаж хүн төрөлхтнийг аврахын тулд соёрхсон шинэ гэрээний үнэн Алгасал баярыг ар гэрийнхэн, айл хөрш, танилууд гээд илүү олон хүнд хурдхан тунхаглаарай. Тийнхүү бүх хүн Алгасал баярын ариун зоогонд оролцон хамтдаа амь авч, аврагдаасай гэж хүсэж байна.