​Амийн зам ба тэнгэр Эх​

11,616 үзэлт

Зам анх хэн нэгэн зорьсон газар руугаа ахин дахин ирж очсон ул мөрөөр аяндаа бий болдог. Урьд нь байхгүй байсан ч тухайн газраар анх явж ирсэн хүнээс эхлэлтэйгээр бага багаар тодорсоор олон хүн нааш цааш явах зам гардаг байна.

Сүнслэг зүй тогтлыг харахад ч бидний сүнс явах хоёр салаа зам бий. Нэг нь Бурхан тэнгэрийн хаанчлалаас энэ газар руу, энэ газраас дахин тэнгэрийн хаанчлал руу бидний авралын төлөө ирж очиход бий болсон тэнгэрийн хаанчлалын зам юм. Нөгөөтэйгүүр Сатан гар хөл бологчдоо дагуулан энэ газарт ирээд олон сүнсийг мэхэлж, там руу дагуулан явах тамын зам ч бас бий.

Буруу замаар орвол зүг чигээ алдан төөрч, зорьсон газраа хүрч чадахгүй эсрэгээрээ тэс өөр газар очдог байна. Бид заавал тэнгэрийн хаанчлалын замаар явах ёстой. Энэ замаас гарч хажуугийн замаар явж хэрхэвч болохгүй. Зорьсон газар тэнгэрийн хаанчлалдаа мэнд очихын тулд “Ирээрэй” гэсэн Бурханы дуу хоолойг даган Бурханы нээж өгсөн тэнгэрийн хаанчлалын замыг олох учиртай. Библиэр дамжуулан бидний явах ёстой тэнгэрийн хаанчлалын зам хаана байгааг баттай ухаарцгаая.

Петрийн үзсэн үзэгдлээс авах сургамж

Тэнгэрийн хаанчлал руу чиглэх замыг Бурхан бүтээсэн учир тэр замыг Бурхан л хамгийн сайн мэдэж байгаа. Тиймээс Есүс “Зам бол Би байгаа юм. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй” (Иох 14:6) гэж айлдсан. Бурханы хөтлөлийг дуулгавартай дагах нь л тэнгэрийн хаанчлалын замыг олох хамгийн сайн арга юм.

“Маргааш нь зургадугаар цагийн орчимд тэднийг хотод дөхөж очих үед Петр залбирахаар байшингийн дээвэр дээр гарав. Тэр өлсөж, юм идэхийг хүсэж байлаа. Тэднийг хоол бэлдэж байх зуур тэр хэт хөөрөлд автжээ. Тэнгэр нээгдэж, том бүтээлэг мэт нэгэн сав доошилсоор дөрвөн өнцгөөрөө газардахыг Петр харав. Дотор нь бүх дөрвөн хөлт амьтад, хэвлээр явагчид болон тэнгэрийн шувууд байх ажээ. Тэгтэл нэгэн дуу гарч, түүнд —Петр ээ! Бос, нядлаад ид гэв. Харин Петр —Эзэн, яасан ч үгүй. Учир нь би хэзээ ч бузар хийгээд цэвэр бус юм идэж байгаагүй гэлээ. Гэтэл мөнөөх дуу хоёр дахиа гарч, түүнд —Бурханы цэвэр болгосон юуг ч бузар гэж бүү нэрлэ гэв. Энэ нь гурав дахин давтагдав. Тэгээд сав тэр даруйдаа тэнгэр өөд өргөгдөн авагджээ.” Үйл 10:9-16

Петр нэгэн өдөр дотор нь төрөл бүрийн амьтад бүхий бүтээлэг тэнгэрээс бууж ирэх үзэгдэл харжээ. Цааш нь тэрээр “Бос, нядлаад ид” гэх Бурханы дууг сонсжээ. Гэвч хуучин гэрээний хуулийн дагуу хоолны талаарх зарлигийг тууштай сахиж ирсэн Петр тэр амьтад нь бузар, цэвэр бус амьтад гэж бодон “Яасан ч үгүй. Учир нь би хэзээ ч бузар хийгээд цэвэр бус юм өнөөг хүртэл идэж байгаагүй” гээд татгалздаг.

Иймээс “Бурханы цэвэр болгосон юуг ч бузар гэж бүү нэрлэ” гэх дуу гурав дахиа сонсогджээ. Өнөөг хүртэл өөрийн сурч мэдсэн мэдлэг, сахиж ирсэн зүйлээ Бурханы үгнээс илүүд үзсэн түүнийг Бурхан зэмлэсэн байна.

Петр зүүднээсээ сэрээд харь хүн Корнелын илгээсэн хүмүүстэй уулзав. Тэгэхэд л Петр бузар амьтан иддэг харь үндэстнүүдийг хүртэл Бурхан цэвэр болгосон, тэднийг авар гэснийг ухаарсан байна. Ингээд Петр Корнелын гэр бүлд Бурханы үгийг дамжуулж баптисм хүртээж байгаа дүр зураг дараа нь гардаг.

Өнөө үед бид бүхэн итгэлийн замаар алхахдаа Петр шиг алдаа гаргах тохиолдол хааяа нэг байдаг бололтой. Петр Бурханы хүслээс илүү өөрийнхөө бодлыг илүүд үзэх үед өөрөө ч мэдэлгүй Бурханы үгийг эсэргүүцсэнтэй адил бид өөрийн мэдлэг, хар ухаанаа Бурханы үгнээс дээгүүр тавих юм бол Бурханы хүслийг эсэргүүцэхэд хүрнэ.

Хуучин гэрээнд Бурхан цэвэр амьтан ба бузар амьтан гэж ялгаж, зөвхөн цэвэр амьтан идэх хууль тогтоож өгсөн (Лев 11-р бүлэг). Тиймээс израиль ард түмэн бузар амьтныг иддэггүй, бузар амьтан иддэг харь үндэстнийг хүртэл бузар гэж үзэн тэдэнтэй харьцдаггүй байв. Гэвч бузар амьтан ба цэвэр амьтан гэж ангилсан нь ч бас Бурханы үгээр тогтоогдсон зүйл болохоос анхнаасаа тийм байгаагүй. Хэдийгээр өдийг хүртэл бузар, цэвэр бус амьтан гэж бодож байсан ч Бурхан цэвэр болгосон гэж айлдсан бол үүнээс хойш тэр үгэнд итгэж, хүслийг нь дуулгавартай дагах ёстой.

Хургыг хаашаа ч явсан Түүнийг дагадаг хүмүүс

Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнсний үеийг дамнан үргэлжлэх урт удаан хугацааны авралын төлөвлөгөө зохиосон Бурхан хүүхдүүдээ аврахын тулд тэнгэрийн хаанчлалаас энэ газар хүртэл Өөрийн биеэр ирж, тэнгэрийн хаанчлалын зам нээж өгсөн. Бурхан үе тус бүрд ямар ч үг айлдсан бид тэр үгийг нь дуулгавартай дагах үед тэнгэрийн хаанчлалын замаар зөв алхаж чадах юм. Тиймээс л Илчлэл номд аврал авах хүмүүсийн талаар Бурханыг хаашаа ч явсан, Түүнийг дагадаг хүмүүс гэж тайлбарласан юм.

“Тэд бол өөрсдийгөө эмсээр бузарлаагүй хүмүүс юм. Учир нь тэд ариун аж. Тэд бол Хургыг хаашаа ч явсан, Түүнийг дагадаг хүмүүс. Тэднийг Бурханд болон Хурганд анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас худалдан авсан ажээ.” Илч 14:4

Энд дахин ирэх Есүсийг “Хурга” гэж илэрхийлж байгаа. Илчлэл номд зөгнөгдсөн аврал авах итгэгчид нь Хоёрдугаар Есүсийг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм. Библид тэднийг өөрийн бодол, өөрийн арга туршлагаа урьтал болгодог зөрүүд зангаа дагадаггүй, харин Бурханы хүслийг дагадаг гэмгүй цайлган хүмүүс гэж илэрхийлсэн байна.

Тэгвэл Хурга болох Христ аврал авах хүмүүсийг чухам хаашаа хөтлөн дагуулах юм бол?

“Тэд цаашид өлсөх ч үгүй, цангах ч үгүй. Тэд наранд шарагдах ч үгүй, ямар ч халуунд халахгүй. Яагаад гэвэл сэнтийн голд байгаа Хурга тэднийг хариулах бөгөөд амийн усны булгууд өөд хөтлөх болно. Бурхан тэдний нүднээс урсах нулимс бүрийг арчих болно гэлээ.” Илч 7:16-17

Библид Хурга Өөрөө Хоньчин болж, биднийг амийн усны булаг руу хөтөлнө гэдгийг мэдүүлж байна. Тиймээс Хургыг хаашаа ч явсан дага гэсэн байдаг. Хурга биднийг хөтлөх, амийн усны булаг байгаа тэр газар нь тэнгэрийн хаанчлалын зам болох юм.

Өнөө үед Хурга болох Хоёрдугаар Есүс ч мөн биднийг амийн ус руу хөтөлсөн билээ. Хоёрдугаар Есүсийг дагаж очсон амийн усны булаг нь юуг илэрхийлж байгааг харцгаая.

“Энэ нь өдөр ч, шөнө ч байхгүйгээрээ ЭЗЭНд танигдах ер бусын өдөр байх болно. Гэвч тэр үед үдшийн цагаар гэрэлтэй байх болно. Тэр өдөр амийн ус Иерусалимаас урсан гарч, хагас нь дорнын тэнгис уруу, нөгөө хагас нь өрнийн тэнгис уруу чиглэнэ. Энэ нь өвөл зунгүй урсах болно.” Зех 14:7-8

Дөрвөн улиралд амийн ус тасралтгүй урсах булаг нь Иерусалим юм. Библид “дээр оршигч Иерусалим” нь бидний Эхийг заадаг (Гал 4:26 үзэх). Хурга болох Хоёрдугаар Есүс биднийг Иерусалим тэнгэр Эхийн энгэрт авч ирсэн.

Амийн зам болох Иерусалим Эх

Бурхан Амралтын өдөр гэдэг зам гаргасан бол бид Амралтын өдрийг сахин тэнгэрийн хаанчлал руу чиглэн явах хэрэгтэй. Алгасал баяр гэх зам бий болгосон бол бид Алгасал баяр сахиж тэнгэрийн хаанчлал өөд тэмүүлэх учиртай. Түүнчлэн шинэ гэрээний бүх хуулийг тогтоосон Эцэг Бурхан биднийг амийн усны булаг Эх рүү хөтөлж өгсөн бол бид заавал Эхэд итгэж, тэр замаар тэнгэрийн хаанчлалыг чиглэн гүйх ёстой юм.

Зарим хүн Эхэд итгэхгүй байсан ч Алгасал баяр, Амралтын өдрийг л сахивал аврал авах биш үү гэж хэлдэг. Хуулийн үүргийг зөв ухаарч чадаагүйдээ тэд ийн бодсон хэрэг.

“Тиймд бид итгэлээр зөвтгөгдөхийн тулд бидний хувьд хууль нь биднийг Христ уруу хандуулах зааварчлага болов.” Гал 3:24

Хууль нь биднийг Христ рүү хандуулах зааварчлагын үүрэг гүйцэтгэдэг. Хуучин гэрээний хууль тухайн үед хүмүүсийг Анхны Есүс рүү хандуулах үүрэгтэй байсан бол өнөө үед бидний сахиж байгаа шинэ гэрээний хууль нь биднийг хэн рүү хандуулах вэ? Ариун Сүнсний үеийн Аврагч Сүнс болон Сүйт бүсгүй рүү хандуулах юм.

Хуучирч, устгагдсан байсан шинэ гэрээний хуулийг Хоёрдугаар Есүс сэргээсний цаад утга нь хүүхдүүд нь амийн усны булгийг олоод тэнгэр Эх рүүгээ ирж, мөнхийн тэнгэрийн хаанчлалдаа буцан ирээсэй гэсэн хүсэл бий. Хүн төрөлхтөнд шинэ гэрээний үнэнийг дахин соёрхсоноороо тэнгэр Эх рүүгээ ирэх замыг нь бэлдсэн юм. Тийм учраас зөвхөн зааварчлага төдийхөн хуулиар л төгс аврал авч чадахгүй. Авралыг гагцхүү амийн ундарга болох тэнгэр Эхээс л авна.

Хурганы бодит болж энэ газарт ирсэн Ан Сан Хун Христ “Петр Есүсийг, Иошуа Мосег, Елиша Елиаг, Би Эхийг дагана” гэж гар бичмэлдээ тэмдэглэж бидэнд үлдээсэн. Тэнгэрт одохоосоо өмнө сүүлчийн захиастаа ч “Эхийн үгийг сайн дагаарай” гэж айлдсан. Хүүхдүүд нь туулсан замыг нь дагаад, амийн усны ундарга болох Эхийнхээ үгэнд дуулгавартай байж, тэнгэрийн хаанчлал хүртэл эсэн мэнд ирээсэй гэж Эцэг хүссэн юм.

Тэнгэр Эхийн үгийг сайн сонсоорой гэсэн Эцэгийн сургаалыг Библид Абрахамын гэр бүлийн түүхээр дамжуулан тодорхой нотолж байна.

“… Египет бүсгүй Хагарын Абрахамд төрүүлсэн хүү нь Исаакийг дооглож байгааг Сара хараад, Абрахамд —Энэ зарц бүсгүйг хүүтэй нь зайлуул. Зарц бүсгүйн хүү миний хүү Исаактай хамт өв залгамжлахгүй гэжээ. Хүүгийнх нь талаарх энэ зүйл Абрахамыг ихэд зовоов. Бурхан, Абрахамд —Чи тэр хүү, зарц бүсгүй хоёроос болж сэтгэл бүү зов. Сарагийн чамд хэлсэн бүгдийг сонс. Учир нь Исаакаас гарсан нь л чиний үр удам гэж нэрлэгдэх болно.” Эхл 21:8-12

Зарц бүсгүй Хагарын төрүүлсэн Ишмаел балчир хүү Исаакийг зовоож байгааг Сара хараад Абрахамаас Хагарыг хүүтэй нь хөөж явуулахыг шаарддаг. Абрахам үүнийг сонсоод Ишмаел Исаак хоёрын дунд яахаа мэдэхгүй тээнэгэлзэж байхад нь Бурхан “Сарагийн чамд хэлсэн бүгдийг сонс” гээд Сарагийн гаргасан шийдвэрээр бүх ажлаа явуулахаар шийджээ.

Библид Абрахам нь Эцэг Бурханыг илэрхийлдэг. Тэгвэл түүний эхнэр Сара мэдээж бидний тэнгэр Эхийг илэрхийлэх юм (Гал 4:21-31 үзэх). “Сарагийн хэлсэн бүгдийг сонс” гэсэн Бурханы үгтэй адил Эхийн айлдах үг болгонд дуулгавартай байж, Эхийн хүслийг дагах нь амийн замаар явах хамгийн зөв арга юм.

Иерусалимын үгэнд дуулгаваргүй хүмүүс

Эцэгийн хөтлөлийг даган амийн усны булаг болох тэнгэр Эхэд туйлаас итгэж дуулгавартай байвал мөнхийн тэнгэрийн хаанчлалд хүрч чадна. Гэвч Иерусалим Эхэд үйлчлэхгүй, үгийг нь дагадаггүй хүмүүс тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй, сүйрэх юм (Иса 60:12).

“Иймд тийш орох зарим нь үлдсэн бөгөөд урьд нь сайнмэдээ сонссон нь дуулгаваргүйгээсээ болж орж чадаагүй учир… Иймд дуулгаваргүйн өнөөх жишээгээр хэн нэгэн нь уначихгүйн тулд тэрхүү амралтад орохыг хичээцгээе. Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог агаад зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм. …” Евр 4:6-13

Дуулгаваргүйн жишээгээр уначихгүйн тулд анхааралтай бай гэж Библи бидэнд сургаж байна. Учир нь Бурханы үгэнд дуулгаваргүй байвал мөнхийн амралт, бэлтгэсэн тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй юм. Бурханы үгнээс илүү өөрийн бодол, шийдвэрээ урьтал болгодог хүн эцэстээ дуулгаваргүй байхын жишээгээр унаж, аврал авч чадахгүйд хүрнэ.

Биднийг тэнгэр Эх рүү хөтлөхийн тулд Эцэг маань Библид байгаа үй олон гэрчлэлийн үгсийг маш тодорхой илчилсэн байдаг. Эхлэл номноос Илчлэл ном хүртэл Библийн бүх ном тэнгэр Эхийн талаар гэрчилж, Библид “Елохим” гэдэг үг үй олноор тэмдэглэгдсэн байгаа хэдий ч Эцэг Бурхан мэдүүлж өгөөгүй байсан бол бид хэрхэн авралын үгийг ухаарч, тэнгэрийн хаанчлалын замыг олж чадахсан билээ?

Эцэгийн зааж өгсөн тэнгэр Эхэд итгэхгүй байх нь Эцэг Бурханы үгэнд дуулгаваргүй байгаатай адил юм. Тэнгэр Эхийг дуулгавартай дагадаггүй хүмүүс тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй гэдгийг Библи тодорхой мэдүүлж өгч байна.

“Ирээрэй” хэмээх Бурханы дуу хоолой

Хүн төрөлхтнийг аврахаар энэ газарт ирсэн Эцэг Бурхан шинэ гэрээний тогтоол, зарлиг, хуулийг сэргээгээд, биднийг амийн зам буюу амийн усны булаг болох Эх рүү хөтөлсөн. Тэгээд энэ замын төгсгөл дэх эцсийн зогсоол тэнгэрийн хаанчлалд хүргэхийн тулд Эхтэй хамт шаналах сэтгэлээр биднийг дуудан байгаа.

“Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.” Илч 22:17

Сүнс нь Ариун Гуравын сэнтий нэгийн дагуу харвал Эцэг Бурхан, Эцэгийн Сүйт бүсгүй нь мэдээж Эх Бурхан. Энэ нь Эцэг Бурхан болон Эх Бурхан “Ирээрэй” гэж хүн төрөлхтнийг тэнгэрийн хаанчлалын зам руу дуудаж байгаа төрхийг элч Иохан илчлэлтээр хараад тэмдэглэсэн дүр зураг юм. Өнөөгийн Ариун Сүнсний үед “Ирээрэй” хэмээн дуудаж байгаа Сүнс болон Сүйт бүсгүй, тэнгэр Эцэг Эхийг дуулгавартай дагах хүнд амийн ус үнэгүй зөвшөөрөгдөх юм.

Мосегоос өмнөх бичиг үсэггүй байсан үеийн хуулиас эхлээд чулуун дээр тэмдэглэгдсэн үсгийн хууль болон Христийн үнэт цусаар байгуулсан шинэ гэрээний үнэн хүртэл цөм л тэнгэр Эхийг гэрчлэхийн төлөө байсан юм. Тэгээд бид хуучин гэрээний үеэс шинэ гэрээний үе хүртэл уртаас урт хугацааг дамнан тэнгэр Эхтэй уулзсан. Тэгтлээ санагалзаж байсан Эцэг Бурхан, Эх Бурхантай уулзсан бид өөрийн бодлоосоо болж Бурханы үгнээс татгалзсан Петрийн алдааг давтах биш “Хаашаа ч явсан дагана” гэж үгийг нь дуулгавартай дагах ёстой.

Бурханы бэлдэж тавьсан тэнгэрийн хаанчлалын замаас өөр мөнх аминд хүргэх зам байхгүй. Хэрвээ бид илүү сайн зам байгаа болов уу гэж өнгөлзвөл Сатаны тавьсан хавханд унана.

Эцэг золиосоороо тэгшилсэн амийн замыг даган чигээрээ явбал мөнхийн тэнгэрийн хаанчлал заавал гарч ирнэ. Эцэг биднийг хүлээж байгаа үзэсгэлэнтэй тэнгэрийн хаанчлал хүртэл нэг хүн ч хоцролгүй, тэнгэрийн хаанчлалын замыг даган мянга мянга, түм түмэн тэнгэр элч баярлан угтах тэнгэрийн эх нутагтаа очих Сионы гэр бүлүүд болохыг бүгдээс нь хүсье.