Ан Сан Хун Христ бидэнд боолын сэтгэл ба эзний сэтгэлийн талаар олонтоо зааж сургасан. Аливаа юмны эзэн цаг үргэлж үүрэг хариуцлагаа ухамсарлаж ажилладаг. Харин боол бол ажлынхаа үр дүнд төдийлөн санаа тавихгүй, цаг хугацаа өнгөрөхөд л анхаарлаа хандуулж байдаг. Боол нь ажлын үр дүн яана уу ийнэ үү хамаагүй хариуцлага хүлээхгүй гэж боддог тул хэзээ ямагт хөндлөнгийн ажиглагчийн байр сууринаас харж, боломж хүлээн, эргэлзэж тээнэгэлзэнэ.
Тиймд бид өөрсдийгөө сайн мэдээний үүрэг хариуцлагаа ухамсарлан хийж байгаа эсэх дээр өөрсдийгөө эргэн харахаас өөр аргагүй. Сайн мэдээний төлөөх үүргээ ухамсарладаг хүн нь эзний сэтгэлтэй хүмүүс юм. Харин энэ үүргээ ухамсарладаггүй хүн нь боолын сэтгэлтэй хүн.
Сайн мэдээ тунхаглах нь Эцэг, Эхийн маань ажил. Тиймээс энэ нь сүнсний ам бүлийн маань ажил, бидний ажил, миний ажил юм шүү дээ. Сионыхон бид бүх хүнд сайн мэдээ тунхаглахын тулд сайн мэдээний төлөөх үүрэг хариуцлагаа ухамсарлах ухамсартай байж, сэтгэл оюунаа нэг болгох ёстой.
Солонгос улс Японы колоничлолд байх үед тусгаар тогтнолын төлөө тэмцэгч зүтгэлтэн “Дусан” Ан Чан Ху “Хариуцлагатай хүн бол эзэн хүн, хариуцлагагүй хүн нь гадны хүн” гэсэн үг үлдээсэн байдаг. Улс нийгмээ гэсэн хариуцлагаа ухамсарладаг хүн бол эзэн хүн учраас улсынхаа тусгаар тогтнолын төлөө өөрийгөө бүрэн дүүрэн зориулдаг. Харин гадны хүний байр суурин дээр байгаа хүн бол эзэн биш, өөрт нь огт хамаагүй гэж бодон, хөндлөнгийн ажиглагч хэвээрээ үлдэнэ.
Гэрт чинь ямар нэг асуудал гарсан бол шууд л гэр рүүгээ гүйж, асуудлыг зохицуулахын төлөө тэмцэнэ биз дээ. Учир нь гэрийн эзэн учраас тэр шүү дээ. Харин гадны хүн бол “Эдний гэрт нэг юм болж дээ” гэж бодоод, зүгээр л ажиглан зогсох юм. Ямар нэг арга хэмжээ авъя ч гэхгүй. Дусан “Нийгэмд хэдэн эзэн байдаг вэ?” гэж асуун, хүн бүрийг эзний ёсоор улс нийгмээ аврах үүрэг хариуцлагаа ухамсарлах ёстойг онцолсон байдаг.
Сайн мэдээ яг үүнтэй адилхан. Сайн мэдээний эзэд бол сайн мэдээний төлөөх хариуцлагаа ухамсарлах ухамсартай хүмүүс юм. Сайн мэдээг даалгахаар Бурханы баталсан хүмүүс бол бид (1Тес 2:4). Бурханы ажлыг дааж авсан хүний хувиар бид эзэн нь байж, үүрэг хариуцлагаа ухамсарлан, сайн мэдээ тунхаглах ажилд манлайлах ёстой.
“Есүс дөхөж ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.” Мат 28:18-20
Дээр дурдсан Есүсийн үгэнд гарч буй “та нар” гэдэг нь Христийн шинэ гэрээн дотор сургагдаж аврал авах итгэгчдийг заасан. Мэдээж “та нар” гэдгээр тухайн үеийн шавь нарыг заасан ч шулуухан хэлэхэд Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр баптисм хүртээх Ариун Сүнсний үед үнэнийг хүлээн авсан биднийг зааж өгч байгаа юм.
Аврагдах итгэгчдэд сайн мэдээ тунхаглахаар бүх ертөнц рүү явах үүрэг хариуцлага бий, бүх үндэстнийг дагалдуулах үүрэг бий, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр баптисм хүртээх үүрэг бий, мөн Есүсийн бидэнд тушаасан бүхнийг сахин биелүүлэхийг хүмүүст зааж өгөх үүрэг ч бий. Тийм байхад хэрэв бид тэр үүрэг хариуцлагаасаа зайлсхийж, “Өөр хэн нэгэн хийх байлгүй” гэж бодоод залхууран, хөндлөнгийн ажиглагч хэвээрээ байвал яах бол оо?
Хэрэв та нар сайн мэдээ тунхаглах хариуцлагаа мэдрэхгүй бол өөрсдийгөө одоо болтол эзний сэтгэлгүй байгаа юм байна гэж бодох хэрэгтэй. Эзний сэтгэлтэй хүн бол сайн мэдээ тунхаглах ажил удааширвал санаа зовно. Харин эзний сэтгэлгүй хүн бол яах ч үгүй. Сайн мэдээний ахиц дэвшил удаашралтай байгаад санаа зовох ч үгүй, сайн мэдээ хөгжин дэвжихэд баярлах ч үгүй.
Бид эзэн болохоос гадны хүн биш юм шүү. Бурханы сүм бол хэдхэн хүний удирдан чиглүүлж байдаг газар биш. Бид бүхэн тэнгэр Эцэг, Эхийнхээ хүслийг хэрхэн дуулгавартай дагаж, хэрхэн ур ухаанаа нэгтгэх талаар бодон, нэг Сүнсэн дотор нэгдэх хэрэгтэй. Сайн мэдээний ажил үүрэг гэдэг бол зөнч, албан тушаалтан, албан үүрэгтэн гэх мэт хошуучилж яваа хэдхэн гэр бүлийн хийх ажил биш, харин Бурханы бүх хүүхдийн хийх учиртай ажил үүрэг юм. Үүрэг хариуцлагаа ухамсарлах тийм ухамсартайгаар сайн мэдээ тунхаглах үед Бурхан бидэнд гайхамшигтай, төсөөлөхийн аргагүй зүйл соёрхоно.
Есүс тушаасан бүгдийг нь сахин биелүүлэхийг хүмүүст заа гэж бидэнд айлдсан. Бүх үндэстэнд тунхаглах учиртай Есүсийн сургаал нь хаанчлалын сайн мэдээ юм.
“Есүс Галил даяар явахдаа синагогуудад нь зааж, хаанчлалын сайнмэдээг тунхаглаж, ард олны доторх алив төрлийн өвчин эмгэгийг эдгээж байлаа. Түүний тухай зар Сири даяар тархсанд, …” Мат 4:23-24
“Харин эцсийг хүртэл тэвчсэн нь аврагдах болно. Хаанчлалын энэхүү сайнмэдээ дэлхий даяар тунхаглагдаж, бүх үндэстэнд гэрчлэл болно. Тэгэхэд л төгсгөл ирнэ.” Мат 24:13-14
Есүсийн тунхаглаж, шавь нартаа дагахыг жишээ болгон үзүүлсэн юм бүхэн хаанчлалын сайн мэдээ юм. Өнөө үед олон сүм өөрсдийгөө сайн мэдээ тунхаглаж байгаа гэдэг. Харин тэд Бурханы тушаалыг орхигдуулан, хүний тушаалыг сахиж байгаа юм (Мар 7:6-9).
Бурхан ер нь бидэнд ням гаргийн мөргөл болон Христмас баяр сахь гэж заасан уу? Шинэ гэрээний үнэн биш, хүний тушаал бүх ертөнцийг ноёрхох нь Бурханы хүсэл биш шүү дээ. Есүс тушаасан бүгдийг нь сахин биелүүлэхийг хүмүүст зааж өг л гэж тушаасан.
Энэ үүднээс бол сайн мэдээ нь хууль гэж болохоор байна. Есүс анх ирэхдээ шинэ гэрээ байгуулж, тэрхүү шинэ гэрээг сахидаг хүмүүст амь өгөх хуулийг Маркийн дээд давхрын өрөөнд гаргасан. Харин удалгүй энэ хуулийг Сатан устгасан. Яг л Есүсийн тарьсан буудайн дунд дайсан үрийн сүүл тарьсан талаарх сургаалт зүйрлэл ёсоор ертөнц тэр чигээрээ үрийн сүүлээр дүүрч, үнэнийг худлаас ялгаж салгах хэн ч байхгүй болсон юм (Мат 13:24-43 үзэх).
Бурхан энэ л шалтгааны улмаас Сүнс болон Сүйт бүсгүй болон энэ дэлхийд махан бие өмсөн ирж, алдагдаж, устсан байсан үнэнийг сэргээн, улмаар бид үнэнийг худлаас ялгаж салгахтайгаа болсон билээ. Библид гарч буй дээр дурдсан хаанчлалын сайн мэдээ бол итгэгчид нь Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр баптисм хүртдэг сүмийн тунхаглах зүйлийг л заасан юм. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр баптисм хүртэх сүмд Сүнс ба Сүйт бүсгүй болох Эцэг Эх Бурхан хамтдаа оршдог. Энэ бүхэн зөвхөн Бурханы сүмд л биелэгдэж байгаа.
Эцэст нь хаанчлалын сайн мэдээ тунхаглах нь бидний үүрэг хариуцлага. Элч Иоханы үзэгдэл нь Сүнс болох Эцэг Бурхан, Сүйт бүсгүй болох Эх Бурхан байдаг газар очиж байж л хүн төрөлхтөн амийн ус авч чадна гэдгийг харуулдаг. Бид Самари, дэлхийн хязгаар хүртэл явж, Библид байдаг Бурханы үгсийг бүх хүнд тунхаглан, зааж мэдүүлэх ёстой билээ.
Аав ээжүүд хүүхдүүдээ бусдын хүндэтгэлийг хүлээн, олонд танигдаж, сайн сайхан ажилтай байгаасай гэж хүсдэг. Тэнгэр Эцэг Эх маань биднийг хамгийн үнэ цэнэтэй ажил хийгээсэй гэж хүссэндээ л биднийг шинэ гэрээний үйлчлэгчид болгосон юм.
“… Энэхүү сайнмэдээ нь тэнгэрийн доорх бүх бүтээлд тунхаглагдаж, Паул би үүний үйлчлэгч болсон билээ.” Кол 1:23
“Тэр биднийг Шинэ гэрээний үсгийн бус харин Сүнсний үйлчлэгчид байх чадвартай болгосон. …” 2Кор 3:6
Колоссай болон 2Коринт номыг хоёуланг нь бичсэн Паул элч Колоссай дахь итгэгчдэд бичсэн захидалдаа өөрийгөө сайн мэдээний үйлчлэгч гээд, Коринт дахь итгэгчдэд бичсэн захидалдаа шинэ гэрээний үйлчлэгч гэсэн байна. Паул Амралтын өдөр, Алгасал баярыг сахисан талаар Библийн тэмдэглэл байдаг төдийгүй Бурханы үгийг гэрчилж байсан талаар гардаг. Тэрээр Бурханы үг дуулгавартай дагаж, Бурханы үг тунхаглах ажлыг “шинэ гэрээний ажил”, “сайн мэдээний ажил” гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл бүх үндэстэнд тунхаглагдах учиртай хаанчлалын сайн мэдээ нь шинэ гэрээ юм.
“Тийм учраас Тэрээр шинэ гэрээний зууч мөн. Энэ нь… дуудагдсан хүмүүст мөнх өвийн амлалтыг хүлээн авахуулахын тулд болой.” Евр 9:15
Бидний хүлээн авах мөнх өв гэдэг нь тэнгэрийн хаанчлал. Бурхан бидэнд тэнгэрийн хаанчлалыг шинэ гэрээгээр амласан. Тиймээс хүн төрөлхтөнд мөнхийн тэнгэрийн хаанчлал руу явах боломж олгохын тулд бид шинэ гэрээг бүх хүнд тунхаглах ёстой.
Шинэ гэрээний Алгасал баяр, шинэ гэрээний Амралтын өдөр гэх мэт Бурханы бүх хуулийг тунхаглах ёстойг, шинэ гэрээний бодит болсон Эх Бурханы талаарх үнэнийг Самари, дэлхийн хязгаар хүртэл тунхаглах ёстойг Библи бидэнд заасан. Бурхан биднээс “өөр сайн мэдээ” биш (Гал 1:6-9), Есүсийн энэ дэлхийд ирэхдээ тунхаглаж байсан шинэ гэрээний сайн мэдээг л бүх үндэстэнд тунхаглаасай гэж хүссэн.
Шинэ гэрээний үйлчлэгчийн хувиар сүнсээр ангаж цанган байгаа олон хүнд сайн мэдээ сонсох боломж олгоцгооё. Эзний сэтгэлээр, үүрэг хариуцлагаа ухамсарлах ухамсраар Самари, дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээ тунхаглахын төлөө хүчин зүтгэцгээе.
Иерихогийн хана хэрэм нуран унах үед израильчууд сэтгэл оюунаа нэгтгэж, Бурханы тушаал биелүүлэхэд оролцсон байдаг. Бурхан тэднийг хашхир хэмээсэн үед тэд бүгд хашхирч, нас хүйс харгалзахгүйгээр дуу хоолойгоо нэгтгэсэн юм. Тэд бүгдээрээ л үүрэг хариуцлагаа ухамсарласан хэрэг. “Би хашхирахгүй байсан ч зүгээр дээ” гэж бодон, хашхирахаас татгалзсан хүн байгаагүй юм. Бүх хүн хамтдаа ингэж хашхирахад Бурхан тэдэнд хариулсан.
Бурхан биднийг Самари, дэлхийн хязгаар хүртэл явж, Өөрийнх нь тушаасан бүхнийг сахин биелүүлэхийг бүх хүнд зааж өг гэж айлдсан. Бурханы тушаалыг сахин биелүүлэхийг заах нь бидний үүрэг хариуцлага юм. Бурханы өгсөн энэхүү үүрэг даалгаврыг биелүүлж, сүнс аврах баттай шийдвэрээр, зөгнөлийн баатрын хувиар зөгнөлийн үгийг хэрэгжүүлцгээе.
Бидэнд Сионыг сайн мэдэхгүй, буруу ойлголттой байдаг хүмүүсийн буруу ойлголтыг залруулан, үнэнийг мэдүүлэх үүрэг бий. Үүрэг хариуцлагаа ухамсарлах тийм баттай ухамсраар дэлхий дахины Сионы ах эгч дүү нар маань босож, үнэний гэрлийг гэрэлтүүлсэн. Тэгсний үр дүнд өнөө үед дэлхийн хаа сайгүй сүм байгуулагдсан шүү дээ. Одоо энэ мөчид ч Библийн зөгнөл Бурханы хүслийн дагуу гайхамшигтайгаар биелсээр байгаа.
Зөгнөл маш хурдан биелэгдэж байгаа болохоор бид зөгнөлд оролцолгүй зүгээр ажиглагч болж болохгүй. Зүгээр ажиглаад суухын оронд зөгнөлийн баатруудын хувиар сайн мэдээний ажил биелэгдэхэд оролцоцгооё. Кино эсвэл жүжигт юу ч хийхгүй чимээгүй л байгаад байдаг гол дүр гэж байхгүй. Тэнгэрийн тэнгэр элч нар ч энэ дэлхий рүү өнгийн харж байгаа. Өөрсдөд нь даалгасан ажлыг хийхгүй чимээгүй л суугаад байгаа зөгнөлийн баатрыг хараад тэд ямар урамгүй байх бол оо. Тиймээс утга учиргүй зүйлд өдөр хоногийг зарцуулахын оронд сайн мэдээний ажилд эзний хувиар оролцох үүрэг хариуцлагаа ухамсарлан, хүчтэйгээр урагш давшицгаая.
Шинэ гэрээний сайн мэдээний үйлчлэгчийн хувиар үүрэг хариуцлагаа бат ухаарсан Паул элч шинэ гэрээний сайн мэдээ тунхаглах ёстой учир шалтгааныг ийнхүү тайлбарлажээ.
“Түүнчлэн сайнмэдээг тунхаглагчид сайнмэдээгээр амь зуухыг Эзэн тогтоосон ажээ. … Учир нь надад энэ алба тохоогдсон тул би сайнмэдээг тунхагласнаараа сайрхах юм алга. Учир нь би сайнмэдээг эс тунхаглаваас золгүй еэ!” 1Кор 9:14-16
Паул элч “Сайн мэдээ тунхаглах алба надад тохоогдсон” гэж байна. Энэ нь тэрээр сайн мэдээ тунхаглах үүрэг хариуцлага хүлээсэн гэсэн үг. Паул элчтэй адилхан сайн мэдээ тунхаглахыг үүрэг хариуцлагаа гэж үзэх итгэлийн оюун ухаантай хүмүүс бол эзэд юм.
Бид Паул элчтэй адилхан байр сууринд байгаа. Паул элч шинэ гэрээний үйлчлэгч байсны адил бид бас хаанчлалын сайн мэдээ тунхаглах ёстой шинэ гэрээний үйлчлэгчид. Тиймээс Паул элч сайн мэдээ тунхаглахыг өөрт нь тохоогдсон гэсэн тул бид бас сайн мэдээ тунхаглах үүргээ биелүүлэх учиртай юм.
Бурхан бидэнд Бурханы үг тунхаглах үүрэг хариуцлагыг минь тов тодорхой сануулж, энэ үүрэг хариуцлагаа биелүүлдэг хүмүүст мөнхийн шагнал ерөөл өгнө гэдгээ амласан.
“… Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн бай. … Харин чи бүгдэд саруул ухаантай бай, хэцүүг тэвч, сайнмэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хий, үйлчлэлээ гүйцэтгэ. Учир нь би хэдийнээ ундаан өргөл мэт асгагдаад, явах цаг минь иржээ. Би сайн тэмцлээр тэмцсэн, замаа дуусгасан, итгэлээ сахисан. Урьд минь зөв байдлын титэм надад зэхэгдсэн байна. Зөвт Шүүгч Эзэн намайг тэр өдөр, зөвхөн намайг ч биш, Түүний үзэгдэхийг хүсэгч бүгдийг бас түүгээр шагнах болно.” 2Тим 4:1-8
Элч Паул амьдралынхаа сүүлийн мөч хүртэл бүх цагаа сайн мэдээ тунхаглахад зарцуулсан. Тэрээр энэ хорвоог орхих цаг нь болсныг мэдсэн ч гэсэн “Урьд минь зөв байдлын титэм надад зэхэгдсэн байна” хэмээн маш баяртай байв. Үүгээрээ элч Паул Бурханы амласан мөнхийн өв буюу тэнгэрийн шагнал, тэнгэрийн ерөөлийг хүлээн авна гэсэн утга хэлсэн биш үү? Үүрэг хариуцлагаа биелүүлсэн хүмүүс мөнхийн тэнгэрийн хаанчлалыг ийм л баяр хөөртэй сэтгэлээр хүлээн авна шүү дээ.
Талантын тухай зүйрлэлд таван талант илүү олсон хүн нь үүрэг хариуцлагаа итгэмжтэйгээр биелүүлсэн хүн юм. Нэмж хоёр таланттай болсон хүн ч үүрэг хариуцлагаа үнэнчээр биелүүлсэн хэрэг. Харин нэг таланттай хүн үүнд өөрийгөө хариуцлага хүлээхгүй гэж үзээд талантаа газарт нуусан байжээ. Эзэн нь гэртээ буцаж ирээд, гурав дахь хүнд “Олиггүй муу боол, залхуу чи” гээд зарц нартаа “Энэ тусгүй боолыг харанхуйд хөөж гарга!” гэж тушаав. Үүгээрээ тэрээр “Эзэн болон хүүхдүүд нь л байдаг гэрт гадны хүн байх шалтгаан үгүй. Тиймээс түүнийг хөөж гарга!” гэж хэлсэн юм (Мат 25:14-30).
Есүс маанэны сургаалт зүйрлэл (Лук 19:12-27) болон талантын сургаалт зүйрлэлд адилхан юм хэлсэн. Учир нь уг зөгнөл гарцаагүй биелэх ёстой. Тэнгэр Эцэг, Эх маань бидэнд дэлхий дахинд сайн мэдээ тунхаглах эрхэм үүрэг даалгасан. Тиймээс хариуцлагагүйгээр “Өөр хүн хийчих байлгүй” гэж бодохын оронд эзний сэтгэлтэй байж, сайн мэдээ тунхаглах үүргээ биелүүлэхийн тулд итгэлээр, тууштай шийдвэрээр уйгагүй зүтгэцгээе. Израильчууд бүгдээрээ Иерихо руу хашхирч байсан шиг Сионы ах эгч дүү нар маань бүгдээрээ дэлхий дахинд шинэ гэрээний сайн мэдээ тунхаглан хашхирцгаая.