Сүүлийн үед тэнгэрийн олон гэр бүл Сионд эргэн ирж, Бурхан дэлхийн газар бүрд Сионы амбаарыг бидэнд зөвшөөрөн өгч байгаа билээ. Зөгнөлийн дагуу сайн мэдээний үгс бүх дэлхийгээр дүүрч байна (Хаб 2:14, Мат 24:14).
Дэлхий даяараа Бурханы үгээр дүүрч байгаа энэ үед харин “Би” гэгч хүний тунхаглаж байгаа дуу хоолой хэр их хувийг эзэлж байгаа бол? Сайтар тунгаацгаая. Мөнхийн харамсал үлдээхгүйн тулд сайн мэдээ тараагдаж байгаа энэ үед бид тараах уу, яах уу гээд эргэлзээд суугаад байж болохгүй. Айдас дотор Бурханы ерөөлийг алдаж болох аюул байдаг бол айж сүрддэггүй зоригтой тунхаглал дотор Бурханы ерөөл их байдаг. Энэ тухай Библийн сургаалыг хамтдаа үзэцгээе.
Амжилтанд хүрэхэд хамгийн чухал зүйлийн нэг бол “Хэрэгжүүлэх” байдаг. Санаа нь байвч хэрэгжүүлэхгүй бол тэр хүн амжилтанд хүрч чадахгүй. Гэрлийн чийдэн зохион бүтээхээсээ өмнө Эдисон олон удаа бүтэлгүйтэж байсан ч туршилтаа цөхрөлтгүй үргэлжлүүлсээр л байжээ. Түүнээс нэг хүн “Та ингэж их бүтэлгүйтэж байсан хэрнээ яагаад гэрлийн чийдэн зохион бүтээхээ болиогүй юм бэ?” гэж асууж гэнэ. Түүний хариултанд Эдисон “Би өнөөг хүртэл нэг ч удаа бүтэлгүйтэж байгаагүй ээ. Харин гэрлийн чийдэнг ингэж хийвэл болдоггүй юм байна гэсэн аргуудыг л сурсан юм” гэж хариулж байжээ.
Бидний хувьд ч мөн бүтэлгүйтнэ гэж байхгүй ээ. Бурхан бол хийж чадахгүй юм гэж байхгүй Нэгэн шүү дээ. Бурханд итгэж, найдаад айдас хүйдэсгүйгээр урагшлах юм бол эцэст нь амжилтанд, ялалтанд хүрэх болно.
“… ЭЗЭН, Гидеонд —Мидианчуудыг Израилийн гарт өгөхөд чамтай байгаа хүмүүс хэтэрхий олон байна. Израиль “Би өөрийн гараар өөрийгөө аварсан” гэж Намайг эсэргүүцэн сайрхах вий. Тиймээс одоо ард олны чихэнд “Айж сүрдэж байгаа хэн боловч буц, Гилеад уулаас эртхэн холдогтун” гэж тунхагла гэв. Ингэхэд хорин хоёр мянган хүн буцаж, арван мянган хүн үлдэв.” Шүү 7:1-3
Израиль улс Мидианы дарамтанд байх үед, Гидеон Бурханы хүслийн дагуу тэднийг зайлуулахын тулд дайн зарладаг. Дайсны тал нь 135,000 хүнээс бүрдсэн нэгдсэн их цэрэгтэй байсан бөгөөд тэмээний тоо, зэр зэвсгээрээ ч илүү байв (Шүү 7:12, 8:10). Харин тэдний хажууд манай талын цэргийн тоо ердөө 32,000 л байсан. Тоогоор нь харьцуулсан ч, хаана нь ч хүрэхгүй ялагдах байлаа. Гэтэл Бурхан энэ тоог хүртэл цөөлж, айж сүрдсэн цэргүүдийг гэр рүү нь буцаан явуулжээ. Цэргүүдээс 22,000 нь буцаж, 10,000 цэрэг үлддэг.
Нэг цэрэг дайсны 13 цэрэгтэй дайтах нөхцөл байдалд байхад Бурхан энэ тоог ч бас олон байна гэв. Бурхан тэднээс илүү бат итгэлийг хүссэн.
“ЭЗЭН, Гидеонд —Ард олон мөн л дэндүү олон байна. Тэднийг ус уруу дагуулан аваач. Тэнд Би тэднийг чиний төлөө шалгая. … ард олныг ус уруу дагуулан авчрав. ЭЗЭН, Гидеонд —Нохой шиг, хэлээрээ ус долоох хүн бүрийг чи нэг талд гарга, өвдөг дээрээ бөхийн ус ууж буй хүмүүсийг түүнчлэн салангид байлга гэв. Амандаа гараараа ойртуулан долоогч хүний тоо гурван зууд хүрэв. Харин үлдсэн хүмүүс бүгд өвдөг дээрээ бөхийн ус ууж байлаа. ЭЗЭН, Гидеонд —Ус долоогч гурван зуун хүнээр Би та нарыг аварч, мидианчуудыг чиний гарт өгнө. Харин үлдсэн бүх хүнийг гэр гэрт нь хариул гэж айлдав.” Шүү 7:4-7
Бурхан маш энгийн шалгалт хийж эцсээ хүртэл итгэлээ хадгалан дайтаж ялах цэрэг, тэгж чадахгүй цэргээр нь ялгасан юм. Тэгэхэд 300 цэрэг усаа амандаа гараараа ойртуулан долоох мэт ууж, үлдсэн нь өвдөглөн сууж ус уудаг. Зүрх сэтгэл хийгээд санаа бодлыг нэвт хардаг Бурхан, цэргүүдийн биеэ авч явах байдлаар нь тэдний доторхыг харсан юм. Ус уухдаа л өвдөг сөгдөж байгаа хүн түгшүүртэй мөч тулгарахад дайсныхаа өмнө өвдөг сөхрөн бууж өгөх тул гэр рүү нь буцааж, харин огтхон ч өвдөг сөхрөхгүй 300 цэргийг л сонгодог.
Ингээд эцсийн шалгуурт тэнцсэн нь 300 цэрэг л болдог. Тэд бол үнэхээр айж сүрддэггүй эрэлхэг цэргүүд байсан юм. 300 цэргээр 135,000 цэргийг ялна гэдэг бол зөвхөн Бурханы л хийж чадах ажил шүү дээ. Бурханд бат итгэж, айж эмээлгүй тулалдсан дайчдад агуу ялалтыг зөвшөөрч өгсөн юм (Шүү 7:8-8:12).
Өнгөрсөн үеийн түүхээс бид, Бурхан өнөөг хүртэл биднээс юу хүсэж байгаа вэ гэдгийг нь ухаарах ёстой юм. Сайн мэдээ тараахдаа ч мөн айдасгүйгээр тараах хэрэгтэй. Хэрэв бид айдасгүйгээр тараах юм бол хэдий олон хүн үнэнийг эсэргүүцлээ ч, дэлхийн сайн мэдээний ажил бүгд гүйцэлдэх болно.
Тунхаглалыг ч мөн сүнсээр харвал “Сайн тэмцэл” юм (2Тим 4:7). Энэ цаг үеийн бид бол Иерусалим тэнгэр Эхийн яруу алдрыг дэлхий даяар түгээх үүрэг авсан сүнслэг цэргүүд юм. Бид ч бас 300 дайчин 135,000 цэрэгтэй дайтахтай ялгаагүй тийм тулаанд орж байгаа билээ. Илчлэл номын зөгнөлд луу эмэгтэйн бусад үр удамтай дайтахаар тэнгисийн эргийн элс мэт олон хүнийг дарлаж байгаа гэсэн байдаг (Илч 12:17). Ийм нөхцөл байдалд Бурхан чухам ямар хүмүүсийг үнэний цэргүүдээрээ шалгаруулж авах бол?
Тулаан юм уу тэмцээнд орохдоо өрсөлдөгчөөсөө айвал тэр тулаан, тэмцээнд ялагдсанаас өөрцгүй юм. Дайснаасаа, өрсөлдөгчөөсөө айвал хэзээ ч дайснаа ялж чадахгүй. Эргэлзэх, айх, түгших, сандрах, тэвдэх зэрэг нь сайн мэдээний замд саад болдог. Бурхан хулчгар хүнийг хүсдэггүй. Тийм хүн Бурханы агуу үйл хэрэгт оролцох эрхгүй болохоор гэртээ хариад амарч бай гэж хэлсэн. Харин Бурхан айж сүрддэггүй итгэлээр сайн мэдээ тунхагладаг тийм л хүнийг хайж байгаа.
Хүнд алт мөнгө, үнэт чулуу бэлэглэхдээ “Бэлгийг минь авахгүй байвал яана аа”, “Бэлгийг маань хуурамч бараа гэж бодвол яана аа” гэж сандарч санаа зовдог хүн байдаг гэж үү? “Энэ ямар үнэтэй гээч?” гээд өөртөө итгэлтэйгээр гаргаж өгдөг шүү дээ. Тэгвэл үнэт эрдэнээс илүү эрхэм үнэнийг тараахдаа ч мөн өөртөө итгэлтэй байх хэрэгтэй юм.
Харанхуй газарт хэсэгхэн хугацаанд гэрэл гэрэлтүүлээд больчихвол холоос харсан хүн тэр гэрлийг олоод ирж чадахгүй байх аа. Гэрэлтүүлэх үү, байх уу гэж эргэлзэлгүй бүгд босоод Иерусалим Эхийн яруу алдрын гэрлийг Самари, дэлхийн хязгаар хүртэл гэрэлтүүлцгээе. Тэгж байж л гэрэлтэх Иерусалимын тэрхүү мандах туяа руу ертөнцийн хүмүүс ирж чадна (Иса 60:1-4).
Энэ жилдээ дэлхийн ариун хүмүүс бүгд айж эмээхгүйгээр тунхаглацгаая. Энэ үнэн бол жинхэнэ амийн үнэн учраас баттай, итгэлтэйгээр тунхаглах л юм бол сонссон сүнс бүр амилж чадах юм. Бурхан бидэнд тусална гэж амласан. Айлгүйгээр, зоригтойгоор давшсан хүнд л ялалт ирдэг өөр нэгэн түүхийг Библиэс үзэцгээе.
Израиль болон филистчүүдийн хооронд дайн болоход филист хүн, аварга биетэн Голиат Бурханыг доромжлоход Израиль тэр аяараа түүнээс сүрдэн айж байв. Ахмад дайчид нь хүртэл Голиатаас сүрдэж, зориг нь мохсон байхад харин Давид хөвгүүн түүнтэй халз тулалдахаар эрэлхэгээр гарч ирдэг.
“Давид, Саулд —Тэр хүнээс болж хэн ч зүрх бүү алдаг. Боол нь явж, тэр филист хүнтэй тулалдъя гэв. Тэгэхэд Саул, Давидад —Чи тэр филист хүн уруу очиж, түүнтэй тулалдаж чадахгүй. Чи ийм залуу бага хүн, харин тэр залуу байхаасаа цэргийн хүн байсан гэв. Гэвч Давид, Саулд —Боол нь эцгийнхээ хонийг хариулдаг байсан. Арслан юмуу баавгай ирээд, хонин сүргээс минь хурга авч явахад би араас нь хөөж очоод, түүнийг довтолж, түүний амнаас хургаа авардаг байсан. Хэрэв тэр над уруу дайрвал би сахлаас нь шүүрэн авч түүнийг цохиж алдаг байв. Таны боол би арслан, баавгайн аль алиныг нь алсан билээ. Тэр хозлуулаагүй филист хүн амьд Бурханы цэргийг шившиглэсэн тул тэдний нэгэн адил болох болно гэж хэлэв. Давид цааш нь —Арслан, баавгайн савраас намайг аварсан ЭЗЭН тэр филист хүний гараас ч намайг аварна гэв. Саул, Давидад —Явагтун, ЭЗЭН чамтай хамт байх болтугай гэж хэлэв. Тэгээд Саул, Давидыг өөрийнхөө хувцсаар хувцаслаж, толгойд нь хүрэл дуулгаа өмсгөж, биед нь хуягаа өмсгөв. … Давид, Саулд —Сураагүй учир би үүнийг өмсөж явж чадахгүй нь гээд өмсгөлийг нь тайлжээ. Тэр өөрийнхөө таягийг гартаа авч, горхиноос өөртөө таван мөлгөр чулуу шилж аваад, өөрийнхөө авч явсан хурганы уутанд хийж, дүүгүүрээ гартаа бариад өнөөх филист хүн уруу явлаа.” 1Сам 17:32-40
Эгэл хоньчин хөвгүүн аварга биетэн Голиаттай тулалдана гэхэд Саул хаан эхэндээ эргэлзэж байсан. Харин Давид арслан, баавгайнаас хонио хамгаалж байснаа ярин Саулыг ятгадаг.
Хээрийн араатан хонин сүрэг рүү нь дайрч хургыг нь зуугаад явах үед Давид хэдий балчир хөвгүүн боловч арслан баавгайнаас айлгүй тулалдаж, сахлаас нь шүүрч байгаад цохиж алдаг байжээ. Балчир хөвгүүн яаж тэр догшин арслан, баавгайтай тулалдан дийлж чадах билээ. Давид хэдийн Самуелаар дамжуулан Бурханаар тослуулсан байсан учраас “Би Бурханаар тослогдсон нэгэн учир Бурхан үргэлж надтай хамт байгаа” гэдэг агуу итгэлтэй байсан. Тэр итгэлийг нь хараад Бурхан тэнгэр элчээрээ дамжуулан арслан, баавгайг ч номхруулж өгсөн юм. Гаднаас нь харахад Давид хийж байгаа мэт боловч түүний дотор Бурхан тусалж, Бурхан ажиллаж байсан.
Хуяг, дуулгаа тайлж хаяад Голиаттай нүүр тулахаар гарсан Давидад эр зориг байсан юм. Учир нь тэрээр Бурхан өөртэй нь хамт байгаа гэдэгт гарцаагүй итгэж байлаа.
“Филист хүн Давидыг хараад, залуухан, улаа бутарсан агаад сайхан төрхийг нь үзэж түүнийг үл тоомсорлов. Филист хүн, Давидад —Чи юунд таяг барьж над уруу ирэв? Би нохой юм уу? гэв. Филист хүн өөрийнхөө бурхдаар Давидыг хараав. Филист хүн, Давидад —Нааш ир, би чиний махыг огторгуйн шувууд, хээрийн араатанд өгье гэж занав. Давид филист хүнд —Чи илд, бамбай, жад барьж над уруу ирж байгаа бол харин би чиний доромжилсон Израилийн бүх цэргийн Бурхан, түг түмдийн ЭЗЭНий нэрээр чам уруу ирж байна. Өнөөдөр ЭЗЭН чамайг миний гарт өгнө. Би чамайг алаад, чиний толгойг биеэс чинь таслан авна. Өнөөдөр би филист цэргүүдийн хүүрийг огторгуйн шувууд, хээрийн араатанд өгнө. Бүх улс, Израильд Бурхан байна гэдгийг үүгээр мэдэх болно. Энэ цугласан олон ч ЭЗЭН илд, жад хэрэглэлгүй аварна гэдгийг мэдэх буй заа. Энэ тулалдаан ЭЗЭНийх бөгөөд ЭЗЭН та нарыг бидний гарт өгнө гэв. Филист хүн босож, Давидын өөдөөс тулалдахаар ирэхэд Давид ч филист хүнтэй нүүр тулахаар тулалдааны тэргүүн шугам уруу яаран гүйж ирлээ. Давид уутанд гараа хийж, нэг чулуу гаргаж аваад, дүүгүүрээр дүүгүүрдэн филист хүний духыг онов. Чулуу дух уруу нь зоогдон ороход тэр нүүрээрээ газар шаан уналаа. Ийнхүү Давид дүүгүүр болон нэг чулуугаар мөнөөх филист хүнийг ялав. Давидын гарт илд үгүй байтал филист хүнийг тэр цохиж алав. Давид гүйн очоод тэр филист хүний дээр гарч түүний илдийг хуйнаас нь сугалан авч түүнийг алаад толгойг нь тас цавчив. Өөрсдийн тэргүүлэгч дайчин эр үхсэнийг филистчүүд үзээд зугтацгаав.” 1Сам 17:42-51
Голиатын баргил бүдүүн дуунд Давид огт хулчийж сүрдээгүй. “Чи илд, бамбай, жад барьж над уруу ирж байгаа бол, харин би түг түмдийн Эзэний нэрээр чам уруу ирж байна” хэмээж, өөрөөс нь хамаагүй өндөр аварга биет хүн сүр бараатайгаар дайрч ирэхэд нь Давид өчүүхэн ч айлгүй түүнтэй тулалдсан юм.
Залуугаасаа цэргийн хүн байсан Голиат ганц бөөрөнхий чулуунаас бултаж чадаагүй. Гэхдээ энэ бол Давидын хүч биш түүнтэй хамт Бурханы хүч байсан учраас аварга биет тэр чулуунаас бултаж чадалгүй духандаа зоолгоод тэр дороо нүүрээрээ газар шаан унасан юм. Энд огт айж сүрддэггүй Давидын эр зориг байсан. Бурханд туйлаас итгэж, жаахан ч болов сүрдэж хойш ухраагүй тэр эр зориг нь Бурханд таалагдаж улмаар түүнд тусалсан билээ. Израилийн ард түмнийг айлган сүрдүүлж, чичрүүлж байсан Голиат үхмэгц филистчүүд бүгд зугтаан алга болцгоосон. Энэ бол Давидын ялалт, Бурханд бат итгэсэн итгэлийнх нь ялалт байв.
Өнгөрсөн түүхүүд бүгд биднийг сургахын тулд бичигдэж, бидний итгэлийн амьдралыг зөв хөтлөх заах тэмдэг болж өгдөг. Өнөө үед Иерусалим тэнгэр Эхийг бүх дэлхийд тунхаглаж байгаа бидэнд ийм эр зориг бас байх хэрэгтэй. “Эхийн тухай тараавал энэ хүн намайг хачин хүн гэж бодох болов уу, яах бол?” гэсэн ийм айдас биднийг, бас бидний хийх ёстой хамгийн ариун хийгээд агуу үүргээс маань няцааж байгаа нэг шалтгаан болж болох юм.
Айдаг хүн юу ч хийж чадахгүй. Бурхан хамт байгаа гэдгийг мартчихаад эргэн тойрныхоо нөхцөл байдалд хойш татагдаж, зүрх нь үхээд, хийх үү яах уу гэж эргэлзсээр байтал, бас тийм сэтгэлээр арай гэж амаа нээгээд тараалаа гэхэд тэр нь ивээлтэй үр дүн авчирч чадахгүй ээ.
Давид арслан, баавгайнаас хүртэл айгаагүй, аварга биет Голиатаас ч сүрдээгүй. Харин бид баптисм хүртэж Бурханы хүүхэд болох сүнслэг тосоор тослуулсан атал ийм тийм асуудлуудаас айж сүрдээд байж болохгүй юм. Саул ч бас тослуулсан хэр нь амь тэмцэн зугтаж байхад харин Давид тэгээгүй. “Би Бурханаар тослуулсан нэгэн учраас Бурхан надтай хамт байхад хэдий аварга биетэн байлаа ч намайг яаж ч чадахгүй ээ” гэж байлаа. Энэ бол болчимгүй хөөрүү сагсуу зан биш. Энэ бол Бурханд итгэх итгэлээс нь гарсан эр зориг юм.
Бид Давид хөвгүүн шиг, Гидеоны 300 дайчид шиг байр сууринаас дэлхийг сайн мэдээгээр даяаршуулж, аврахын төлөө хичээн зүтгэж байгаа билээ. Сүнсээр харвал Голиат шиг аварга биетнүүд, Мидианы 135,000 их цэрэг шиг сүнснүүд бидний эргэн тойрныг бүсэлсэн байгаа. Давид Израилийг хэрхэн аварсан билээ? Гидеоны дайчид Израилийг яаж аварсан билээ? Тэд айж сүрддэггүй итгэлээрээ ялалтыг олж Израиль ард түмнийг бүслэлтээс авраагүй гэж үү?
Хэрэв айж, эргэлзээд байсан бол гэр сүмээс эхэлсэн энэ сайн мэдээ одоо болтол дотоодынхоо хэдхэн хотод л тараагдаад зогсох байсан биз ээ. Бурханд итгэх бат итгэлээр сайн мэдээ тараасан учраас өнөөдөр дэлхийн 175 оронд сайн мэдээний ажлаа явуулж, зөгнөлийн дагуу бүгдийг нь биелүүлэн гүйцэтгээд байна.
Бид бүгдээрээ эр зоригтой байцгаая. Иерусалим Эхийн яруу алдрыг дэлхий дахинд түгээж байгаа энэ үед, өчүүхэн ч атугай бүү хойш суугаарай. Хойш сууж, эргэлзэн тээнэгэлздэг итгэл биш, харин айж сүрддэггүй тунхаглал л сайн мэдээний түүхийг бүтээх юм.
2014 оныг Эх эрх чөлөөлөлтийн жил болгон зарласан билээ. Эх “Энэ жил урьд урьдын жилүүдээс сайн мэдээ хамгийн сайн тараагдах болно” гэж айлдсан. Эх эрх чөлөөлөлтийн жилийг зарлана гэдэг бидний хувьд маш чухал зүйл. Тэр үгэнд итгэж найддаг хүн эсвэл дандаа л өгч байдаг ерөөлийн үг биз дээ гээд өнгөрөөдөг хүн хоёр яах аргагүй ялгаатай.
Үгэнд итгээд дагасан Петрийн тухай бодож үзье. Загасчин байсан Петр шөнөжин загасчлаад юу ч барьж чадаагүй. Туйлдахын дээдээр туйлдаад, ажлаа дуусгах гэж байхад нь Есүс ирээд усны гүн рүү очоод тороо хаяад доошлуул гэдэг. Ширүүн дориун зантай байсан Петр тэр үед яг л номхон хонь шиг болж Есүсийн хэлснээр тороо доошлуулаад үздэг. Тэгтэл хамаг загаснууд Петрийн торонд баригддаг. Нөхдөө дуудаад тороо гарган завин дээр задлахад баригдсан загас хоёр завь дүүргэдэг (Лук 5:1-7).
Библид энэ тухай бичсэн нь бидэнд бас үгэнд итгэвэл ийм үр дүн авчрах юм шүү гэсэн амьд сургамж өгөхийн тулд биш гэж үү? Энэ жил, эрх чөлөөлөлтийн жилд сайн мэдээ хамгийн сайн тараагдана гэж хэлсэн учраас тэр үгэнд итгэн эр зоригтойгоор, эрч хүчтэйгээр тараацгаая. Тэгвэл Гидеонд тохиолдсон шиг, Давидад тохиолдсон шиг тийм агуу түүх, санаанд оромгүй авралын түүх тохиолдох болно.
Бид ч бас Бурханаар тослогдсон нэгэн атал хэн бидний замыг хааж зүрхлэх билээ? Бидэнтэй тэнгэр Эх хамт байгаа. Эхийг тунхаглаж байхад айж сүрдэж, түдгэлзээд байвал Бурхан эхний салаанаасаа гараад гэртээ буц даа гэж хэлэх болно. Сүүлчийн хорон муугийн хүчнүүдийг устгах эмэгтэйн бусад үр удам болоод эрэлхэг зоригтойгоор тулалдахын тулд Гидеоны дайчид шиг итгэлээр, Давид шиг итгэлээр сайн мэдээг тараацгаая. Елохим Бурхан болсон тэнгэр Эцэг, тэнгэр Эхээрээ бахархан, айж сүрддэггүй тунхаглалаараа сайн мэдээ хүчтэйгээр тараадаг Сионы гэр бүлүүд болохыг та бүхнээс хүсье.