Шинэ гэрээний үйлчлэгчид үгийг хичээнгүйлэн тунхаглан, тэнгэрийн гэр бүлүүд маань одоо дэлхий даяар үнэнийг олохоор Сионд цугларч байгаа билээ. Тэд сайн мэдээ тарааж л байвал тэдэнд газар, байршил огт хамаагүй байдаг. Солонгост ч, гадаадад ч ялгаагүй зарим нь нисэх онгоцонд, зарим нь хөлөг онгоцонд, зарим нь армид алба хашиж байхдаа, зарим нь янз бүрийн нөхцөл байдалд гээд сайн мэдээг хичээнгүйлэн тунхаглаж байна. Газар дээр, тэнгист болон агаарт ч, хаа байсан ч тэд Бурханы үгийг хүчтэйгээр тунхаглаж, сайн мэдээний ажил түргэн биелж байна.
Сионы олон ард түмэн үнэн рүү хөтлөгдөж байгаа билээ. Тэдний дунд үнэнийг шуудхан ойлгодог хүмүүс байхад Бурхан энэ газар яагаад махан биеэр ирснийг ухаарахдаа удаан хүмүүс ч бий. Одоо “Бид Бурханыг хэр ухаарна төдий чинээ мэднэ” гэсэн сэдвээр Бурханыг зөв мэдэхийн тулд ямар итгэлтэй байх ёстой талаар тунгааж үзэцгээе.
2000 жилийн өмнө Есүсийн шавь нар өөр өөр итгэлтэй байсан юм. Зарим нь Есүсийг шуудхан таньж байхад зарим нь тэгээгүй.
Нэгэн удаа Филип Есүсээс Эцэгээ харуулахыг гуйсан. Тэгэхэд нь Есүс “Би та нартай хамт ийм удаан байхад чи Намайг таньж мэдсэнгүй гэж үү, Филип ээ? Намайг харсан нь Эцэгийг харсан. Гэтэл “Бидэнд Эцэгээ харуулаач” гэж чи яаж хэлнэ вэ?” хэмээн хариулсан (Иох 14:6-9). Филип үргэлж дэргэд нь байсан хэр нь Есүсийг бусдаас илүү эш үзүүлэгч гэж мэдэж байснаас Түүнийг Эцэг Бурхан гэдгийг тийн асуух хүртлээ ухаараагүй байв.
Шавь нар бүгд л Есүсийн сургаалыг сонсож байсан ч, Түүнийг өөр өөрийнхөөрөө харж байсан. Петр Есүсийг мөнх амь өгөх Христ хэмээн ухаарч байхад (Иох 6:68-69), Томас Түүний амилсан тухай мэдээг сонссон ч эргэлзэж байв. Тэр Түүний гар дахь хадаасны сорвийг үзэж, хажуу руу нь гараа хийж үзсэний дараа л “Эзэн минь, Бурхан минь” гэж Есүст итгэсэн юм (Иох 20:24-29). Искариотын Иудас харин яасан билээ? Тэр Бурханы үнэн төрхийг нь харалгүй, Есүсийн махан биеийн байдлыг л харж, эцэст нь Түүнээс урвасан билээ.
Христийг ингэж өөр өөрөөр харж байсны учир нь тэдний итгэлийн ялгаанд оршиж байв. Бид тортогтой шилний цаанаас тод хардаггүй шүү дээ. Бид өмнөхөө сайн харахын тулд шилээ сайн арчих ёстой байдаг. Үүний адил бид Бурханыг бүүдгэр нүдээр харвал Тэр бидний өмнө байсан ч олж харахгүй юм.
Бидний сүнслэг нүдийг бүүдийлгэж байгаа бүхнийг арчихад Бурхан тод харагдана. Ухаарсан хүнд Бурхан Өөрийг нь илүү ухаарах мэргэн ухааныг нэмж, ухаараагүй хүнд Библид “Хэнд байна түүнд ихээр өгөгдөж, элбэг дэлбэг байх болно. Харин хэнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс авагдана” гэж айлдсанчлан улам бүр эргэлзэх хүчин зүйлийг нэмж өгдөг.
Бурханы талаар хагас дутуу ойлголттой хүнд Бурхан Өөрийнхөө төрхийн хагасыг л харуулж, харин Бурханыг бүрэн дүүрэн ойлгосон хүнд Өөрийн төрхийг бүхэлд нь харуулдаг. Бурхан 100% итгэлтэй хүнд Өөрийгөө 100% ойлгуулж, 50% итгэлтэй хүнд 50% ойлгуулдаг. Есүс Петр, Иохан, Иаков зэрэг шавь нараа дагуулан ууланд гарахдаа тэдэнд Өөрийн үндсэн бурханлаг дүр төрхөө үзүүлсэн юм (Мат 17:1-8). Харин Иудаст Тэр хэзээ ч бурханлаг төрхөө харуулаагүй.
Бид Бурханыг сайн мэдэхийн тулд Түүнийг бүрэн ухаарах ёстой. Бурханыг ухаарахын хэрээр бидэнд илүү их баримт нотолгоо харуулж, Бурханыг ухаарах мэргэн ухаан өгдөг. Харин Өөрийнх нь талаар ойлголтгүй эргэлздэг хүмүүсээс Тэрээр Өөрийгөө нуудаг (Иса 45:15 үзэх). Бид Бурханыг хэдий чинээ ойлгоно, Бурхан бидэнд төдий чинээ их итгэл төрүүлэх гайхамшгийг харуулдаг юм.
“… —Хүмүүс Хүний Хүүг хэн гэж ярьж байна? гэж асуухад тэд —Зарим нь баптисч Иохан, зарим нь Елиа, харин зарим нь Иеремиа эсвэл эш үзүүлэгчдийн нэг гэдэг гэхэд Тэр —Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ? гэсэнд Симон Петр —Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн гэв. Есүс түүнд хариуд нь —Ионагийн хүү Симон оо, чи ерөөлтэй еэ! … Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө. Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно. Газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно гээд, Тэрээр Христ гэдгийг нь хэнд ч бүү хэл хэмээн шавь нартаа тушаав.” Мат 16:13-20
Есүс Өөрийг нь ухаарсан шавь нартаа Христ гэдгийг нь өөр хэнд ч хэлэх ёсгүйг анхааруулсан. Учир нь Христ гэж хүлээн авсан хүмүүст л сүнсний ерөөл өгөхийн тулд тэр юм. Есүсийг энэ газар ирсэн Христ гэж зөв ухаарсан Петрт Тэрээр илүү том итгэл зөвшөөрч өгсөн. Тиймээс Бурхан түүнийг тэнгэрийн хаанчлалын түлхүүр болох агуу бэлгээр шагнаж, санаанд оромгүй гайхамшгуудаар дамжуулан Өөрийн сүр хүчийг олон удаа түүнд харуулсан юм. Есүс ууланд өөрчлөгдсөн бурханлаг төрхөө харуулж, бүтэн шөнийн турш загас барьж чадаагүй Петр болон загасчдад бараг завь нь живэхүйц их загас барихыг харуулж, Өөрийгөө Бурхан гэдэгт баттай итгүүлсэн юм. Түүнчлэн Бурханыг ухаарч таньсан хүнд илүү их ойлголтыг өгч байсан.
Элч Паул, Петр, Иохан нарт Есүс жинхэнэ бурханлаг төрхөө харуулж байсан. Үүнтэй адил бид Эцэг, Эх Елохим Бурханаа тэнгэр газрыг бүтээсэн Бүтээгч Бурхан гэдэгт нь эргэлзэлгүй итгэх ёстой юм. Тэгснээр Бурхан бидэнд Өөрийн хүч чадлыг байнга харуулж өгөх билээ.
“Эхэнд Үг байсан ба Үг Бурхантай хамт байсан агаад Үг нь Бурхан байв. Тэрбээр эхэнд Бурхантай хамт байсан. Бүх юм Түүгээр буй болсон. Буй болсон юмсаас Түүнгүйгээр буй болсон юмс гэж нэг ч үгүй. Түүнд амь байсан ба амь нь хүмүүний гэрэл байв. Гэрэл харанхуйг гийгүүлдэг агаад түүнийг харанхуй дийлээгүй юм. … Ертөнцөд ирж хүн бүрийг гэгээрүүлдэг жинхэнэ гэрэл байв. Тэрээр ертөнцөд байсан ба ертөнц нь Түүгээр буй болсон атлаа ертөнц Түүнийгээ эс танив. Тэр өөрийнхөндөө ирсэн боловч өөрийнхөн нь Түүнийг эс хүлээн авчээ. Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэгчдэд Тэрээр Бурханы хүүхэд болох эрхийг өглөө. …”Иох 1:1-14
Иохан элч Есүсийг эхэнд Үг байсан Бурхан махан бие өмсөж бидний дунд оршиж байгаа хэмээн ухаарсан. Итгэлгүй хүмүүст Бурхан жирийн нэг мужааны хүү мэт харагдаж байхад Иохан элч Түүнийг бүгдийг бүтээгч хүчит Бурхан хэмээн харсан юм.
Бурханы талаар ухаарсан Иохан элч Бурхантай хамт нэг агаараар амьсгалж, Бурханы агуу ажлуудад хамт оролцож байгаагаараа ихэд бахархан талархаж байсан. Ээжийнхээ бүх л анхаарлыг татах гэж эргэн тойронд нь шулганаж байдаг жаахан хүүхэд шиг Иохан элч Есүст үргэлж ойр байж, заримдаа цээжийг нь налж, эсвэл Түүний замд саад хийх гэсэн хүмүүсийн эсрэг хилэгнэн уурлаж байсан (Иох 13:23, Лук 9:51-56 үзэх).
Бурхан махан бие өмсөн ирж бидний дунд байгааг тэр ухаарсан бөгөөд яг энэ ухаарлаараа Есүсийн хийсэн бүгдийг анхааралтай харж байсан юм. Тиймээс тэрээр Бурхан хүн төрөлхтөнд ямар их хайртайг, Түүний үгийг дагах хүмүүс хичнээн ерөөлтэйг ухаарч чадсан билээ. Хэдийгээр тэр доромжлогдон Христийн нэрнээс болж цаазаар аваачигдсан ч тэнгэрийн яруу алдрыг харж баяртайгаар даван туулсан. Тийм агуу итгэлтэй байсан учраас Патм арал дээр цөллөгт байхдаа ч Бурханы сүүлчийн хүсэл болох Илчлэл номыг бичиж, Хурганы эхнэр болох тэнгэр Эхийн тухай бичиж үлдээх агуу ерөөлийг авсан юм.
Амийн тухай Есүсийн сургаал бүх Иудей даяар тархсан. Зарим нь ойлгохгүй байхад зарим нь ухаарч, зарим нь Түүнээс татгалзаж байхад зарим нь итгэж байсан билээ.
Бурхан бидэн рүү янз бүрийн замаар ойртдог. Тэрээр итгэл султай хүмүүст итгэхэд улам бэрх зүйлийг харуулж, итгэл сайтай хүмүүст харин ч улам үнэмшихүйц Өөрийн яруу алдрын ажлыг харуулдаг юм. Бурханы энэхүү зүй тогтол нь нэг талаар гайхамшигтай ч, нөгөө талаар эмээхүйц юм.
“Би болон Эцэг нэг юм гэж айлдлаа. Иудейчүүд Түүн уруу чулуудахаар дахин чулуу шүүрцгээв. Есүс тэдэнд —Олон сайн үйлсийг Эцэгээсээ Би та нарт үзүүлсэн. Тэдгээрийн алинаас нь болж та нар Над уруу чулуу шиднэ вэ? гэхэд иудейчүүд Түүнд —Сайн үйлийн чинь төлөө биш, харин Бурханыг доромжилсны чинь төлөө бид Тан уруу чулуу шиднэ. Учир нь Та хүн байж, Өөрийгөө Бурхан болгож байна гэв.”Иох 10:30-33
Иудейчүүд Есүсийг тэдний дунд хичнээн гайхамшгуудыг үйлдсэн ч Бурхан гэж огт ухаараагүй. Тэдний зүрх, нүд халуун төмрөөр тамгалагдсан тул анхнаасаа л Есүсийн сургаалыг итгэлгүй зүрх сэтгэлээр судалж байсан билээ. Махан биеэр ирсэн Бурхан гэдгээ хангалттай харуулж байсан ч тэд итгэж чадалгүй, харин ч Түүнтэй дайсагнаж, бүр Түүний тухай улам бүр бузар муу махан биеийн бодлыг тээж байсан. Бурхан эцэст нь тэдэнд Есүсийг тарчлаан зовоох боломжийг олгосон. Тэрээр бузар мууг үйлдэгчдийг илүү бузар мууг үйлдэхийг зөвшөөрсөн юм.
Бурханд эргэлздэг Искариотын Иудаст улам бүр эргэлзээ төрөхүйц зүйлийг үзүүлсэн. “Тэр үнэхээр Христ гэж үү?”, “Тэр үнэхээр биднийг аварч чадна гэж үү?” хэмээн эргэлзсэн Иудасын нүдэнд Есүс хуурай газраас гарсан үндэс мэт, ямар ч анхаарал татахуйц дүр төрхгүй харагдаж байсан юм. Түүний нүдээр Есүс ямар ч эрдэм номгүй, тэр үеийн засгийн эрх баригчид шиг эрх мэдэл, сүр хүчгүй байсан. Есүс агуу гайхамшигт үгсийг айлдаж байсан ч түүнд сүргүй, Бурхан гэж санагдахааргүй байв.
Иудас тийн эргэлзсэн бодлууд тээсэн тул диавол түүний дотор орж Есүсийг худалдах муу бодол өгсөн. Эцэст нь тэр Түүнийг махан биеэр харж байсан хүмүүстэй нэгдэн хуйвалдаж, Есүсийг загалмайд цовдлох ажлыг удирдахад гол үүрэг гүйцэтгэсэн.
“Түүнийг ийн ярьж байх зуур, үзэгтүн, арван хоёрын нэг буюу Иудас нь ахлах тахилч нар болон ард олны ахлагчдын явуулсан илд шийдэмтэй бөөн хүний хамт хүрч ирэв. … Үзэгтүн, Есүстэй хамт байгсдын нэг нь гар сунган илдээ сугалаад, тэргүүн тахилчийн зарцыг цохиж, чихийг нь тас цавчжээ. Есүс түүнд —Илдээ хуйнд нь хий. Илд авагч бүхэн илдээр хөнөөгдөнө. Арван хоёр легионоос олон тэнгэрэлчийг одоо Надад илгээхийг Би Эцэгээсээ гуйж чадахгүй гэж чи бодож байна уу? Энэ нь болох ёстой гэсэн Бичвэр тэгвэл яаж биелэгдэх билээ? гэв.”Мат 26:47-54
Есүс махан бие өмсөн энэ газар байхдаа ч арван хоёр легионоос олон тэнгэр элчийг дуудаж чадах байсан. Бурхан тэнгэрийн өмсгөлөө газрын хувцсаар сольж ирлээ гээд Бурханы мөн чанар, чадвар нь өөрчлөгдсөн гэсэн үг биш.
Бурхан энэ газар бидэнтэй адил махан биеэр оршин, арван хоёр шавьтайгаа цаг хугацаа, орон зайд хязгаарлагдан амьдарч байсан билээ. Тиймээс Петр хэдийгээр Бурханыг ухаарсан ч эгзэгтэй үед итгэлээ орхиж байсан. Тэглээ ч Есүс Өөртөө итгэдэг шавь нарт амилсныхаа дараа ч агуу итгэл өгч, эцсээ хүртэл тэднийг хайрласан гэдгээ баттай харуулж байв. Гурав дахь хоногтоо үхлээс амилсан төрхөө ч тэдэнд харуулж, нүдэн дээр нь тэнгэрт өргөгдсөн юм. Есүс Өөртөө итгэдэг хүнд итгэхээс өөр аргагүй баримт нотолгоог харуулсаар байсан билээ. Харин итгээгүй Искариотын Иудаст тэдгээр яруу алдарт үзэгдлийг ганц ч удаа харуулаагүй бөгөөд эцэс сүүлд нь Есүсийг худалдаад сүйрэлд орсон харамсмаар дүр зургийг ч Библид тэмдэглэсэн юм.
Ертөнц махан бие өмсөж ирсэн Бурханыг мэддэггүй. Гүтгэн доромжилсон хүмүүст бүх зүйл Түүнийг буруутгах шалтаг, хүчин зүйл болж байсан. Тиймээс Есүс “Надаас болж үл бүдрэгч нь ерөөлтэй” гэж айлдсан (Мат 11:6). Христийг баттай зөв ухаарч мэдсэн хүмүүс үнэхээр ерөөгдсөн юм.
2000 жилийн өмнө Есүсийг загалмайн зовлон эдэлж байхад итгэдэггүй хүмүүс “Тэр яаж Өөрийгөө аварч чадах бол?” гэсэн бодолд автаж байсан. Харин Есүс чимээгүйхэн цусаа урсган загалмайн зовлон тарчлалыг тэвчсэн. Итгэдэггүй хүмүүсийн нүдээр энэ нь Тэр Өөрийгөө аврах хүчгүй, сул дорой учраас зовж байна гэж харагдаж байв. Харин Христийн оршихуйг ухаарч чадсан хүмүүсийн хувьд энэ нь Исаиа 53-р бүлэгт зөгнөсний дагуу Есүс “Гэмт үйлдэл, хилэнцийн улмаас хатгагдан, бяцарсан” гэж харагдсан юм. Христ зөвхөн тэдгээр хүмүүст л гурав дахь хоногтоо үхлээс амилсан гайхамшгийнхаа гэрч байхыг зөвшөөрсөн билээ.
Өнөө үед бид Библийг Бурханы үг гэж итгэж л байгаа бол Библид гэрчилж байгаа Елохим Бурханы талаарх сургаалыг зүрх сэтгэлээ нээн хүлээж авах ёстой. Бурхан хүний дотор юу байгааг мэддэг тул хүний тухай хэн нэгний гэрчлэл Түүнд хэрэггүй юм (Иох 2:25). Библи л Бурханыг гэрчилж байгаа бол бид итгэх хэрэгтэй. Бид Библийн сургаалд итгэж Бурханыг харах аваас Түүний жинхэнэ төрхийг олж харна.
“Тиймээс таньж мэдэцгээе, ЭЗЭНийг мэдэхийн тулд шамдацгаая. Үүр цайх нь баттай лугаа адил Түүний ирэх нь гарцаагүй. Бороо мэт, газар дэлхийг услах хаврын бороо мэт Тэр бидэнд ирнэ. … Би тахилыг бус хайр энэрлийг, Би шатаалт тахилаас илүүгээр Бурханыг мэдэх мэдлэгийг таална.”Хос 6:3-6
Бурханыг мэдэхийн тулд шамдаарай хэмээн Библи бидэнд айлдсан. Бурханыг мэдэхгүйгээр мянган удаа, арван мянган удаа шатаалт тахил өргөж, мөргөл тэмдэглэсэн ч ашиггүй юм. Хэрэв бид Бурханд зөв итгэхгүйгээр мөргөл тэмдэглэвэл Паул элчийн гэрчилсэн шиг Афинд эс танигдсан бурханд тахил өргөж байсан тэдгээр мунхаг хүмүүсээс ялгаагүй болно (Үйл 17:22-23 үзэх).
Итгэлтэй байж бидэнтэй хамт байгаа Бурханыг харцгаая. Бид итгэлийн нүдээр Бурханыг харвал Есүс шавь нартаа өөрчлөгдсөн төрхөө харуулж, таван талх, хоёр загасаар таван мянга гаруй хүмүүсийг хооллож байсан шиг өнөө үед ч Бурханы гүйцэтгэж байгаа тийм гайхамшгийг харж чадна. Нүдэн дээр нь гайхамшгийг харуулсаар байхад олж харахгүй байгаа хүний сүнслэг нүдний шил нь халтартаж толботсон гэсэн үг. Бурханд өөрчлөлт ч, өөрчлөгдөх сүүдэр ч үгүй юм (Иак 1:17). Бурханы талаарх хувь хүний итгэл нь Бурханы жинхэнэ төрхийг бүүдийлгэж орхидог.
Библид бид Бурханыг мэдэх нь Түүнд тахил өргөхөөс илүү баярлуулдаг гэж айлдсан болохоор Бурханыг мэдэхийн тулд шамдацгаая. Өөрийг нь ойлгож итгэдэг хүмүүст Бурхан ерөөлийн үүд нээж өгдөг гэдгийг санаж, Бурханыг мэдэх үнэн зөв мэдлэгтэй болцгооё. Тэгвэл бид Петр, Иохан нар шиг тэнгэрийн хаанчлалын ерөөлийг хүлээн авна.
Бурханд ертөнцийг аврах аугаа их хүч чадал бий. Сионы ах дүү, эгч дүү нар бүгд бат итгэлтэйгээр ариун Елохим Бурханы гүйцэлдүүлж буй сайн мэдээний гайхамшигт үйл хэрэгт оролцоод, хүн төрөлхтнийг зөв замаар хөтөлнө хэмээн найдаж байна.