Бурхан “Үйлчилдэг нэгэн болоорой” гэж сургасан байдаг. Бид Бурханы энэхүү сургаалын дагуу “үйлчлэх ёс”-ыг эрхэмлэн сахиж, Бурханд тааламжит тэнгэрийн хүүхдүүд болох ёстой юм.
Итгэгчид нэг нэгэндээ үйлчлэх ёстойн учир юу болохыг Библиэс тодорхой судлан үзэцгээе.
Нэгдүгээрт, Христ Өөрийн биеэр үйлчлэх жишээ үзүүлсэн.
Та нарын дунд бүү ийм байг. Харин та нарын дунд хэн чинь агуу болохыг хүснэ, тэр нь та нарын зарц болог. Мөн та нарын дунд хэн чинь тэргүүнд байхыг хүснэ, тэр нь та нарын боол болог. Үүнчлэн Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд мөн олны төлөө амиа золиос болгон өгөхийн тулд ирсэн билээ гэв. Мат 20:26-28
Бурхан бүхий л сансар огторгуйд хамгийн агуу, эрхэм Нэгэн юм. Тийн атал Бурхан энэ газарт хүний төрхөөр ирээд бидний төлөө үхэх хүртэл золиос амсан байж бидэнд үйлчилсэн шүү дээ. Ингэснээрээ бидэнд Өөрийн биеэр үйлчлэх жишээ үзүүлсэн юм (Иох 13:15). Бид Бурханы энэхүү жишээг дагаад гэр бүлүүддээ сэтгэл гарган үйлчлэх учиртай юм.
Хоёрдугаарт, бид Христ дотор нэгэн бие болсон.
Бидний ерөөдөг ерөөлийн аяга нь Христийн цусан доторх оролцоо биш үү? Бидний хугачдаг талх нь Христийн бие доторх оролцоо биш үү? Талх нэг тул бид олуулаа ч нэг бие. Учир нь бүгд нэг талхнаас хуваалцдаг. Махбодын дагуух Израилийг хар. Тахилаас идэгчид нь тахилын ширээн дээрхээс хуваалцагч биш үү? 1Кор 10:16-17
Энд хэлж байгаа Христийн бие, Христийн цусанд оролцох талх болон ерөөлийн аяга нь шинэ гэрээний Алгасал баярын талх, усан үзмийн дарсыг хэлж байна. Бид шинэ гэрээний Алгасал баяраар Бурханы мах цусыг хамтад нь өвлөн авч, нэгэн бие болсон билээ. Нэгэн бие болсон бид нэг нэгнээ хайрлан халамжилж, харилцан биедээ үйлчлэх нь шинэ гэрээний хүрээнд Бурханы тогтоосон хүсэл юм.
Гуравдугаарт, тэнгэрийн хаанчлалд том шагнал авна.
Иймээс хэн өөрийгөө энэ хүүхэд адил өчүүхэн болгоно, тэр нь тэнгэрийн хаанчлалд хамгийн агуу нь болно. Мат 18:4
… —Чамайг хэн нэг нь хуримын найрт уривал хойморт нь бүү залар. Эс тэгвээс чамаас илүү хүндтэй нэгэн тэнд уригдсан байвал хоёуланг чинь урьсан хүн ирж, чамд “Энэ хүнд суудлаа тавьж өг” гэвэл чи ичиж, доош суух болно. Харин чи уригдсан бол очоод хамгийн доор суу. Тэгвэл чамайг урьсан хүн ирж “Анд минь, дээшээ суу” гэвэл найран дээр чамтай хамт байгаа бүхний өмнө чи хүндлэлийг олно. Учир нь өөрийгөө өргөмжилдөг бүгд номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагсад өргөмжлөгдөнө гэв. Лук 14:7-11
Энэ мэт даруу төрх байдлаар гэр бүлүүддээ үйлчилдэг хүн тэнгэрийн хаанчлалд өргөмжлөгдөнө хэмээн Есүс айлдаад “үйлчлэх ёс”-ыг онцолсон байна. Энэ дэлхий сүнсээр харвал тэнгэрт нүгэл үйлдсэн сүнснүүдийн хоригдож буй шорон юм (Мат 9:13). Шоронд нүгэлтнүүд нэг нэгнийхээ дээр гарч, нэгнээсээ дээгүүр эрх мэдэл эдлэх гэдэг шүү дээ. Харин тэнгэрийн зүй тогтол тийм биш. Даруу төрх байдлаар ах эгч дүүдээ үйлчилж, тэднийгээ хайраар асран халамжилж байгаа итгэгч хүн л Бурханаас бүр ч их ерөөл авах боломжтой. Тиймээс бид тэнгэрийн хаанчлалын ерөөл болон шагнал руу харж, ах дүү эгч дүүдээ үйлчлэх хэрэгтэй.
Бурхан Өөрийн биеэр үйлчлэх жишээ үзүүлж, бие биедээ үйлчлээрэй хэмээн сургасан шүү дээ. Эхийн сургаалын сүүлчийн арван хоёр дахь сургаалд ч мөн үйлчлэлийн талаар ийн сургасан байдаг. “Бурхан үйлчлэхээр энэ газарт ирсэн. Үйлчлэл авахыг хүсэлгүй бие биедээ үйлчлэхэд Бурхан баярлана.” Бурханы энэхүү сургаалыг санан амьдралдаа хэрэгжүүлээд, хожим ирэх тэнгэрийн хаанчлалд асар их ерөөл болон шагнал хүртэх тэнгэрийн хүүхдүүд болоорой.
- Тунгаах зүйлс
- Итгэгчид яагаад бие биедээ үйлчлэх ёстой вэ?
- Эхийн сургаалын арван хоёр дахь ямар сургаал байдаг вэ?