Ертөнцөд амьдрах зуураа хүмүүс үй түмэн бэрхшээл, сорилттой тулгардаг. Тийнхүү тус тусын загалмайгаа үүрч, зовлонгийн замаар алхах нь аянчны амьдрал ажгуу.
Харин Бурханыг хүлээн авсан бидний амьдралд Бурханы төлөвлөгөө бий. Үүнийг ухаарсан байхад өнөөгийн амсаж байгаа зовлон бэрхшээл маань аврал руу хөтөлж байгаа Бурханы агуу төлөвлөгөөний нэгээхэн хэсэг гэдгийг, бидний төлөө Бурханы бэлдсэн дахин төрөлтийн нэг явц гэдгийг бид ойлгох юм.
Америкт болсон явдал байгаа юм. Чикагогийн нэгэн дэлгүүрийн барилгад гал гарч, хоромхон зуур дэлгүүр юу ч үгүй шатжээ. Дэлгүүрийн эзэн өдий төдий зовлон бэрхшээл дундаас ёстой л бор зүрхээрээ дэлгүүрээ босгосон байж л дээ. Тиймээс үүнийг нь мэддэг хөршүүд, байнгын үйлчлүүлэгчид нь энэ золгүй явдалд маш их харууссан гэнэ.
Тэр чигтээ шатсан тэр барилгыг харсан олон хүн дэмий л халаглана. Тэгтэл нэг өдөр үнсэн товрог дээр “Маргаашнаас би дахин эхлэх болно. Надад цөхрөх шалтгаан огтхон ч байхгүй” гэж бичсэн жижигхэн модон пайз босгосон байжээ.
Шатсан дэлгүүрийн эзэн модон пайзныхаа дэргэд тавиур тавиад, дэлгүүрт зарж байсан бараанаасаа авчран, наймаагаа эхлүүлжээ. Зовж зүдэрснийхээ эцэст хөл дээрээ босгосон бизнес нь нэг шөнийн дотор утаан дунд замхарсан ч тэр сэтгэлээр унасангүй. Хүмүүс түүний цуцашгүй тууштай сэтгэлийг биширч, бараагаа тавиур дээр тавингуут нь л худалдан авцгааж байлаа. Нэг их удалгүй тэрээр шинэ барилга барих хангалттай мөнгө хуримтлуулсан гэнэ.
Дэлгүүрийн эзэн яаж дахин эхлүүлж чадсан юм бол? Шалтгаан нь тун энгийн байв. Дэлгүүр нь юу ч үгүй шатаж, нэг өглөө л хамаг хичээл зүтгэл нь алга болсонд сэтгэл нь маш их гутарсан. Тэгээд машинаа унан, хотоор давхиж байгаад санаандгүй тоосго өрж байгаа хүнийг харжээ. Анхны ширхэг тоосгоноос эхлэн нэг нэгээр өрсөн улаан тоосго хэдхэн цагийн дотор том хана болон сүндэрлэхийг хараад тэрээр “Эхэндээ надад юу ч байгаагүй. Харин би энэ өрлөгчин шиг чин сэтгэлээр нэг нэгээр нь өрсөндөө л том дэлгүүрийн эзэн болсон. Одоо тэгвэл өрлөгчний сэтгэлээр шинээр эхэлье байз” гэж ухаарчээ. Ийм цуцашгүй сэтгэл бизнесийг нь дахин хөл дээр нь босгож, амжилтанд хүргэжээ.
Үнсэн товрог болсон барилга ч эзнийхээ сэтгэлийн тэнхээгээр дахин баригдсан шиг итгэлийн амьдралд бидний сүнс ч хэнийг эзнээ болгон залснаас хамаарч хүнд хэцүүг ялан дийлэх эсэх нь шийдэгдэнэ. Сэтгэл дотроо Бурханыг Эзэнээ болгон залалгүй, өөр сүнснүүд санаа бодлыг минь удирдвал бэрхшээл тулгарах бүрдээ бид гутралд автаж ч болзошгүй.
Хэрвээ сэтгэлийг чинь бардамнал гэгч эзэгнэчихээд байгаа бол үүнийгээ загалмайд цовдлон хаях хэрэгтэй. Хэрвээ сэтгэлийг чинь гутрал гэгч эзэгнэчихээд байвал түүнийгээ ч мөн шууд зайлуулж хаях хэрэгтэй. Бурхан дотор дахин төрөх явцад маань сорилт саад олон гарна. Гэвч хүсэл найдвартай байгаа цагт ямар ч гай зовлон биднийг дийлэхгүй. Эсрэгээрээ сэтгэлээр амархан унадаг хүн амжилт оллоо ч өчүүхэн сорилттой тулгарвал сэтгэлээр унаж цөхрөлд автдаг. Сорилттой тулгарах бүрд амьдралын маань төлөөх Бурханы төлөвлөгөө заавал байгаа гэдэгт итгэн, ямар ч гай зовлон, хүнд нөхцөл байдал, бэрхшээлийг ялж чадах Сионы гэр бүлүүд болцгооё.
Бурхан байгаль эхээр дамжуулан зүй тогтлоо бидэнд мэдүүлж байдаг. Бүхий л байгалийн түмэн бодисын зүй тогтлыг харахад дахин төрөлтийн хүнд нөхцөл, зовлон бэрхшээлгүйгээр Бурханы бэлдсэн ивээлтэй үр жимсийг огтхон ч гаргаж чадахгүйг ухаарахаар байна.
Хүр хорхой үүр болох хальсаа нэвтлэн гарч ирэхгүйгээр эрвээхий болохгүй. Дэгдээхий амьд биет болохын тулд өндгөө хагалж гарах хэрэгтэй. Мөн Есүс буудайн үр газарт унаад үхэж байж олон үр жимс гаргана гэж айлдсан.
“Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Буудайн үр газар эс унан, эс үхвээс тэр ганцаараа үлдэнэ. Харин тэр үхвээс олон үр гаргана.” Иох 12:24
Буудайн үр ганцаараа үлдвэл ер нахиалж, ургаж чадахгүй. Үр жимс ургуулахыг хүсэж байвал “хагарах” явц байх хэрэгтэй. Тэгж байж л дахин төрж, шинэ биеийг олж чадна. Шинэ биеийг олж чадахгүй бол үр гаргах аргагүй.
Буудайн үр нахиалахын тулд аль нэг хэсэг нь задарч хагарах ёстой. Задарч хагарсан тэр хэсгээс нь эхэлж нахиа гардаг учраас тэр аж. Гэвч задарч хагарах өвдөлтөөс айж, зүгээр байгаад байвал үр гарахгүй. Буудайн үр зөвхөн зовлон бэрхшээл туулж байж дахин төрж, ивээлтэй үр их гаргана. Тийм учраас Библид ус ба Ариун Сүнсээр дээрээс төрөхгүй бол Бурханы хаанчлалыг үзэж чадахгүй гэж айлдсан байдаг.
“Есүс хариуд нь —Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Хэн дээрээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалыг үзэж үл чадна гэхэд” Иох 3:3
Дээрээс төрөөгүй хүн Бурханы хаанчлалыг үзэж чадахгүй. Хагарч, задрах зовлон туулаагүй хүн үр жимс гаргаж ч, Бурханы хаанчлалыг үзэж ч чадахгүй гэж Библид хэлжээ.
Одоогийн бидний зовлон бэрхшээл нь буудайн үр нахиалахын төлөөх өвдөлт, өндөг хагарах зовлонтой л адил юм. Гэсэн ч эцэст нь Бурхан олон үр жимс зөвшөөрнө гэдэгт бат итгэвэл баяртайгаар, талархсан сэтгэлээр итгэлийн замыг туулж чадна гэдэгт итгэж байна.
Буудайн үр болж дахин төрөх жишээг Есүс Өөрөө үзүүлсэн.
“… Үнэхээр Тэр бидний сул дорой байдлыг тээж, өвчин зовлонг маань үүрчээ, гэтэл бид Түүнийг Бурханд зодуулж, цохиулж, зовсон гэж л тооцжээ. Гэвч гэмт үйлдлийн маань улмаас Тэр хатгагдан, хилэнцийн маань улмаас Тэр бяцарч авай. Амар тайвны маань төлөө Түүн дээр гэсгээл байж, шархаар нь бид эдгэрчээ. Бүгдээрээ бид хонь мэт төөрч, бүгд л өөр өөрийн замаар явав. Бүгдийн маань хилэнцийг харин Түүнд ЭЗЭН тохов. … Гэвч Түүнийг няцалж, зовоох нь ЭЗЭНий таалал байв. Амиа Тэр ялын тахил болговоос, үрээ Тэрээр үзнэ. Өдрүүдээ уртасган ЭЗЭНий таалал гарт нь цэцэглэх болно.” Иса 53:3-10
Тамлагдаж, ташуурдуулж, хатгагдаж, үзэн ядагдаж, доог тохуу болж… “Үрээ Тэрээр үзнэ” гэж айлдсан нь биелэгдэх хүртэл Христ бүрэн төгс “хагарах” зовлонг биеэрээ амссан юм. Харин буудайн үр үхэхгүй бол олон үр гаргаж чадахгүй гэдгийг мэдэж байсандаа Есүс бүх зовлонг тэвчсэн. Христийн тэрхүү цөхрөшгүй тэвчээрээр өнөөгийн бид авралыг хүсэж, мөнх амьтай болно гэж найдах болсон билээ.
Христийг бяцлах нь Бурханы таалал хэмээн Библид айлдсан. Бидний амьдрал дунд ч Бурханы хүсэл байгаа болохоор заримдаа биднийг зовоох явц ч бий. Энэ явцыг тэвчиж, дахин төрвөл олон үр жимс гаргах болно. Сионы ард түмний хувьд Христийг дуурайн, тус тусын том жижиг сорилтыг бүгдийг нь ялан гарч, дахин төрөөд олон үр жимс гаргаарай.
Стефан ч бас өөрийг нь алах гэж байгаа хүмүүсийн төлөө “Эзэн, энэ нүглийг нь тэдэнд бүү тохооч” (Үйл 7:59-60) гэж залбирсан байдаг. Нүгэлтний сэтгэлтэй байсан бол яаж тэднийг үзэн ядахгүй байж чадах билээ? Гэвч Христийг Эзэнээ болгон хүлээн авч, дахин төрөх амьдралаар амьдарч байсан учраас Христийн сэтгэлээр дайснаа ч хайрлаж чадсан байна.
“Амьд байгаа нь би биш, харин миний дотор амьдардаг Христ юм. Эдүгээ махбоддоо миний амьдарч байгаа нь Намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө өргөсөн Бурханы Хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм.” Гал 2:20
Элч Паул ч бас Есүс Христийг хүлээн авсны дараа дахин төрөх амьдралаар амьдарсан. Тийм учраас анхны сүмийн итгэгч нарт бичсэн захидалдаа тэрээр “Хэрэв хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шинэ бүтээл мөн” (2Кор 5:17), “Хуучин хүнээ тайлж, Христ дотор шинэ хүнийг өмс” гэж захисан (Ефе 4:22-24).
Урьдын хуучин хүнээ загалмайд цовдолж хаяад шинэ хүн болсон Паул өөрийнх нь дотор зөвхөн Христ амьдарсан гэсэн. Тиймээс үргэлж Христийг баярлуулдаг зүйл Паулд баяр баясгалан болж, Христийн хүсдэг зүйл Паулын өөрийнх нь хүсдэг зүйл болж байжээ.
Есүс хүн төрөлхтнийг аврахын төлөө энэ газарт ирээд нүгэлтний гэмшиж байгаа төрхөд баярладаг байсан. Христийг Эзэнээ болгон хүлээн авсан Паулын нүдэнд хүн төрөлхтөн тэр чигээрээ авралын субьект гэж харагдсан. Тиймээс Паулын хийж эхэлсэн ажил нь авралын зар тараах байлаа.
Одоо бид бүхэн ч бас Паул шиг Бурханд таалагддаггүй хуучин хүнээ бүгдийг нь загалмайд цовдлох хэрэгтэй. Бидний дотор зөвхөн Христ амьд байхад л Христийн хүсдэг, баярладаг зүйлийг бид хүсдэг болох юм.
Заримдаа бид өөрийгөө хагалахгүй хэрнээ олон үр жимс гаргах гэдэг. Харин энэ нь Бурханы зүй тогтол биш. Зөвхөн нүгэлт төрх байдлаа хагалах өвдөлтөөр дамжиж байж л сая нэг өөр шинэ хүнийг өмсөнө. Бурханыг Эзэнээ болгон хүлээн авсан “шинэ хүн” болоход Бурханы баярладаг зүйл биднийг ч баярлуулж, Бурхан яруу алдар авах ажил бидний ч яруу алдар авах ажил болох юм. Тэгсэн цагт л Бурхан олон үр жимс зөвшөөрнө.
Есүс талантны сургаалт зүйрлэлд нэг талант авсан хүнийг шийтгэж, тэнгэрийн хаанчлалд орж чадахааргүй болгон хаадаг. Учир нь тэрээр өөрийгөө хагалж чадалгүй, нэг талантаа тэр хэвээр нь байлгаж байсан юм. Хоёр талант, таван талант авсан хүн нь өөрийгөө хагалж, дахин төрсөн тул олон үр жимс гаргасан гэсэн үг. Гэвч нэг талант авсан хүн нь нахиалах өвдөлтөд дургүй гээд үрээ тэр чигээр нь байлгаж байсан учраас Есүс түүнийг хөөсөн.
Бид одоо амийн үр жимс гаргахаар хичээж байна. Хэдийгээр итгэлийн амьдралд маань бэрхшээл, хүнд нөхцөл байдал, зовлон зүдгүүр байгаа ч тэр нь үр жимс их гаргах шинэ хүн бүтээхийн төлөөх явц төдий болохоос эцсийн зорилго огт биш. Биднийг зовоох нь биднийг шинэ хүнээр дахин төрж, үр жимс гаргуулах гэсэн Бурханы төлөвлөгөө, зүй тогтол юм.
Үүнийг ухаарвал итгэлийн замд тулгарах ямар ч зовлонг бид Бурханы өгч байгаа эрхэм бэлэг хэмээн үзэн талархаж чадна. Дахин төрөх явцад хааяа хүнд байдал, зовлон бэрхшээл байлаа ч амьдралд маань тохиолдох алив бүхэн Бурханы төлөвлөгөө байдгийг санаад, тэвчин тэсвэрлээрэй. Сионы ах эгч дүү нар маань дахин төрөөд тэнгэрийн найдвар авч, Бурханаа ихэд алдаршуулна хэмээн итгэж байна.