Бурхан биднийг дуудан “Миний ард түмэн”, “Миний хүүхэд” гэсэнд үнэхээрийн том утга учир бий. Загасны ертөнцөд мэдлэг, мэргэн ухаан, сайхан сэтгэлээрээ гаргуун, бусад загасаа сайн удирдан авч явдаг нэг загас байсан гэж бодъё. Авьяас билиг, удирдан жолоодох чадвар зэргээрээ загасны ертөнцдөө хичнээн өндөр байр суурьтай, хүндлэл хүлээсэн загас байлаа ч хүмүүний өнцгөөс харахад огт утга учиргүй, хамаагүй зүйл. Яг үүн шиг сүнсний ертөнцөөс хүмүүний ертөнцийг тольдоход Бурхантай бид ямар нэг харилцаа хамаарал байхгүй л бол энэ дэлхийд хичнээн өгөөмөр сайхан сэтгэлтэй, эрдэм мэдлэг сайтай, бусдаас гойд авьяас билигтэй байлаа гээд эрхэм дээд Бурханд тэр бүхэн ямар ч утга учиргүй, хамаа ч байхгүй.
Бурхан өт авгалдай мэт хүмүүнийг өрөвдөн үзэж, гэрээ, зарлиг, хуулиараа Өөрийн ард түмнээ бас хүүхдээ болгосон. Үр дүнд нь бид аврал болон мөнх амь авах тул энэ ертөнцийн юу ч биднийг Бурханы хайраас салгаж чадахааргүй хэмжээнд Бурхантай харилцах харилцаагаа бат хадгалах хэрэгтэй (Иов 25:4-6, Ром 8:35 үзэх).
Гадны нэг оронд дайн дажин гарлаа гэхэд тэнд хичнээн олон хүн үхсэн байлаа ч гэр бүл, таньж мэдэх хүмүүс нь байхгүй л бол хүмүүс нэг их санаа зовоод байдаггүй нь өөртэй нь хамаагүй гэж боддогт байгаа юм. Үүнтэй адил Бурхантай хамаагүй хүний тухайд хичнээн ухаантай, авьяас чадвартай, мундаг, хүчирхэг байгаад ч Бурханд ямар ч утга учиргүй, хамаагүй юм. Тийм хүнээс тэнгэрийн хаанчлал ч туйлын хол байх юм.
Иймээс бид Бурхантай заавал холбоо хамааралтай байх ёстой. Бурханы зарлигийг сахиснаар л Бурхантай холбоо хамааралтай болно гэдгийг Есүс зааж өгсөн байдаг.
“Тэгээд саванд ус хийж, шавь нарынхаа хөлийг угаагаад, бүсэлсэн алчуураараа арчиж эхлэв. Есүс Симон Петр уруу ирэхэд Петр Түүнд —Эзэн, Та миний хөлийг угаах гэж үү? гэв. Есүс хариуд нь —Чи Миний юу хийж байгааг одоо мэдэхгүй. Харин чи хожим ойлгоно гэлээ. Петр Түүнд —Та миний хөлийг хэзээ ч угаахгүй шүү гэсэнд Есүс —Би чамайг угаахгүй бол Надтай гэх хувь чамд үгүй (чи Надад хамаагүй, 2004 оны хэвлэлт) болно гэлээ. Тэгтэл Симон Петр Түүнд —Эзэн, зөвхөн хөлийг минь ч биш бас гар, толгойг минь угаагаач гэж хэлэв. Есүс —Усанд орсон нэгэн хөлнөөсөө бусдыг угаах хэрэггүй. Тэгээд ч бүхэлдээ цэвэр байна. …” Иох 13:5-10
Алгасал баярын өдөр Есүс шавь нарынхаа хөлийг угаах үед ийм явдал болжээ. Петр Есүсийг хүндэтгэсэн сэтгэлээр “Та миний хөлийг хэзээ ч угаахгүй шүү” хэмээн Есүст хэлжээ. Шавь нарын зүгээс бол Есүсийн хөлийг угаах нь байж болох зүйл. Гэтэл дээдийн дээд Нэгэн дорд хүмүүсийн хөлийг угаах нь зүйд нийцэхгүй гэж Петр бодож л дээ. Харин Есүс “Би чамайг угаахгүй бол чи Надад хамаагүй болно” хэмээн эрс шийдмэг хэлсэн байна.
“Надад хамаагүй болно” гэсэн энэ үг үнэхээрийн айдас төрүүлэм үг. Петр хэрэв Есүстэй хамаагүй болсон бол түүний оргилсон халуун итгэл, сайн мэдээний төлөөх хөлс зүтгэл хоосон байх байсан юм. Эцэстээ Петрийн бүхий л хүчин чармайлт Бурханы хаанчлалын төлөө биш, харин өөрийнх нь сэтгэл ханамжийн төлөө л байх байлаа. Тиймдээ ч Есүс хатуу үгээрээ Петрийн бурууг зааж залруулсан юм.
Загас яаж ч хичээлээ гээд тэр нь хүний ертөнцтэй ямар хамаа байна. Үүн шиг бид ч Бурхантай хамаагүй болох юм бол өдийг хүртэл туулж ирсэн итгэлийн зам маань утга учиргүй болж, алив зүтгэл маань ч талаар болох юм. Бурхан болон бидний харилцаа ийм л чухал.
Хоорондоо ямар ч холбоо хамааралгүй байсан Бурханы ертөнц болон хүмүүний ертөнцийг Бурхан гэрээгээр холбосон юм. Хуучин гэрээний үед хуучин гэрээгээр, шинэ гэрээний үед “шинэ гэрээ” хэмээх үнэнээр уяж зангидан, биднийг Бурхантай харилцаатай болгосон юм. Бид Бурхантай гэрээгээр холбогддогийг Библиэр баталцгаая.
“Хүчит Нэгэн, Бурхан ЭЗЭН айлдаж, нар мандахаас жаргах хүртэл дэлхийг дуудаж байна. Үзэсгэлэнгийн дээд болох Сионоос Бурхан гэрлээ цацруулж байна. Бидний Бурхан ирээд дуугүй байхгүй. Урд нь залгигч гал, эргэн тойронд нь хүчтэй шуурга. Тэрээр ард түмнээ шүүхийн тулд тэнгэр болон газар дэлхийг дээрээс дуудаж, “Тахилаар дамжуулан Надтай гэрээ хийсэн бишрэлтнүүдийг минь Над уруу цуглуул” гэдэг.” Дуу 50:1-5
Тахил болох мөргөлөөр дамжуулан Бурхантай гэрээ хийсэн хүмүүсийг Бурханы “бишрэлтнүүд” гэсэн байна. Бид Бурхантай хууль, тогтоол, зарлигаар нь бат бөх холбогдсон тул Бурханы бидэнд өгсөн бүх гэрээг эрхэм нандин гэж үзэх учиртай. Өдөр бүр өргөдөг байнгын шатаалт тахил болох залбирлын цаг, долоо хоног бүр сахидаг Амралтын өдрийн мөргөл, жил бүр сахидаг 3 удаагийн 7 баяр гээд Бурханы зарлиг, гэрээний аль аль нь Бурхантай бий болгосон харилцаагаа хадгалахад зайлшгүй чухал зүйлс юм.
“Ийнхүү Би тэднийг Египетийн нутгаас гаргаж, цөлд авчирсан. Би тэдэнд зарлигуудаа өгч, тогтоолуудаа мэдүүлсэн. Ингэснээр хүн тэдгээрийг биелүүлбэл түүгээр амьд байна. Бас тэднийг ариусгадаг ЭЗЭН Би мөн гэдгээ тэдэнд мэдүүлэхээр Миний болон тэдний хооронд тэмдэг болгож Амралтын өдрүүдээ Би тэдэнд өгсөн.” Езе 20:10-12
Бурхан болон Бурханы ард түмний хооронд тэмдэг болгон Амралтын өдрөө өгсөн нь Амралтын өдөр бид Бурхантай харилцаатай болж байгааг харуулж байгаа юм. Өнөө үед бидний сахиж байгаа Амралтын өдөр, Алгасал баяраас авхуулан шинэ гэрээний хууль зарлигууд нь Бурхан болон бидний харилцааг баталгаажуулж өгдөг хамгийн баттай нотолгоо. Тиймээс Бурханы өгсөн гэрээний үгэнд хайнга хандаж яасан ч болохгүй юм шүү.
Бурхан шинэ гэрээний хуулиа бидний дотор хийж, шинэ гэрээ сахидаг хүмүүсийн Бурхан нь болно хэмээн айлдсан юм. Гэрээгээр дамжуулан ерөөлөө соёрхдог Бурханы хүслийг судалж үзэцгээе.
“ЭЗЭН тунхаглаж байна. “Харагтун, Израилийн гэр ба Иудагийн гэртэй Би шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна. … “Гэвч тэр өдрүүдийн дараа Израилийн гэртэй Миний байгуулах гэрээ энэ юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би хуулиа тэдний дотор хийж, Би тэдгээрийг зүрхэн дээр нь бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно. Хүн бүр хөршдөө, ах дүүдээ «ЭЗЭНийг мэд» гэж заахгүй. Учир нь өчүүхнээсээ агуу нь хүртэл тэд бүгд Намайг мэдэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би тэдний хилэнцийг уучилж, нүглийг нь дахин эс санана.”” Иер 31:31-34
Гэрлэхээсээ өмнө хоорондоо ямар ч хамааралгүй хар элгийн хүмүүс байсан хэрнээ гэрлэж эхнэр нөхрийн харилцаа үүсвэл тэр цагаас эхлэн хэн хэнийх нь зан авир, үг үйлдэл гээд юм юм нь л хосуудын амьдралд ихээхэн нөлөөлдөг. Энэ мэтчилэн урьд өмнө нүглээс болоод Бурханаас салж холдсон байсан бид шинэ гэрээний үнэнээр дамжуулан Эцэг Эх, үр хүүхэд болон холбогдсон юм. Гэрээгээр дамжуулан Бурхан болон бидний хооронд салгая гээд ч салгах аргагүй харилцаа тогтсон хэрэг. Шинэ гэрээний үнэнээр Бурхан бидний Эцэг Эх болж, бид Бурханы хөвгүүд охид болсон учраас бид нээрээ л ертөнцийн хэн хүнээс илүү үнэ цэнэтэй ерөөл хүртсэн хүмүүс.
Зарим хүн Библид бичигдээгүй хүний тушаалыг сахичихаад өөрсдийгөө Бурхантай хамаатай гэж боддог. Харин тэдний ингэж авирлах нь өөрийгөө Бурхантай ямар ч хамаагүй хүн гэдгийг нь л илчлэхээс цаашгүй. Бурхантай байгуулсан гэрээг сахихгүй хэрнээ тэд хүнээр заалгасан тушаалыг дагаж байгаа юм чинь “Чи Надад хамаагүй болно” хэмээн айлдсан Есүсийн үг тэдэнд л яг таарна.
Шинэ гэрээ сахидаггүй хүмүүс Бурхантай ямар ч хамаагүйгээр үл барам Бурханы мах цусыг өвлөн авч ч чадахгүй юм. Тийм болохоор хичнээн шөнө өдөргүй залбирч, бүх мөргөлийг алгасалгүй сахилаа ч тэд тэнгэрийн хаанчлалд яавч орохгүй. Харин ч тэднийг Есүс ёс бусыг үйлдэгчид хэмээгээд “Би та нарыг танихгүй. Надаас зайл” хэмээсэн шүү дээ (Мат 7:21-23).
Тийн атал үүнийг ухаардаггүй хүмүүс эсрэгээрээ Библийг дагадаг бидний итгэлийг дорд үзэж, доромжилж байдаг. Энэ нь гүүрээр гарч явсан согтуу хүн усанд туссан сарыг харснаа өөрийгөө тэр сарны дээгүүр алхаж байна гэж эндүү бодохтой адилхан мунхаг хэрэг.
Бид Бурхантай гэрээгээр холбогдсон Бурханы хөвгүүд охид, харин тэд Бурхантай ямар ч холбоо хамааралгүй хүмүүс. Бурхантай холбоо хамааралгүй хүмүүсийн хэлж байгаа үгэнд итгэлээр ганхаад байх биш харин ч Бурханы өгсөн гэрээг сэтгэл зүрхэндээ гүн гүнзгий сийлээд шинэ гэрээний үнэнийг эрч хүчтэйгээр гэрчилцгээе.
Хүний тушаалыг сахидаг хүмүүст авралын амлалт байхгүй, харин Бурханы хууль, зарлиг, тушаалыг нандигнан сахигчдад тэнгэрийн хаанчлалын ерөөл зэхсэн байгаа. Тиймээс Библид Ариун Сүнсний үед аврал авах хүмүүсийг Бурханы тушаал сахигчид хэмээн тэмдэглэсэн байдаг.
“Харагтун, Сион уулан дээр Хурга зогсож байхыг би харлаа. Духан дээрээ Түүний нэр ба Эцэгийнх нь нэр бичээстэй зуун дөчин дөрвөн мянган хүн Түүнтэй хамт байлаа. … Тэд сэнтийн өмнө болон дөрвөн амьтан, мөн ахлагчдын өмнө шинэ дуу дуулав. Дэлхийгээс худалдаж авсан зуун дөчин дөрвөн мянган хүнээс өөр хэн ч тэр дууг сурч эс чадав. Тэд бол өөрсдийгөө эмсээр бузарлаагүй хүмүүс юм. Учир нь тэд ариун аж. Тэд бол Хургыг хаашаа ч явсан, Түүнийг дагадаг хүмүүс. Тэднийг Бурханд болон Хурганд анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас худалдан авсан ажээ. … Бурханы тушаалууд хийгээд Есүст итгэх итгэлийг сахидаг ариун хүмүүсийн тэвчээр энд байна.” Илч 14:1-4, 9-12
Дээрх ишлэл нь энэ дэлхийгээс аврал авсан ариун хүмүүс Хургатай хамт Сион уулан дээр зогсож байгааг элч Иохан илчлэлт хараад тэмдэглэсэн дүр зураг юм. Элч Иохан Ариун Сүнсний үед аврал авсан ариун хүмүүсийг “Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс”, “Бурханы тушаалууд хийгээд Есүст итгэх итгэлийг сахидаг хүмүүс” гэж илэрхийлсэн байна. Тэд Бурханы соёрхсон гэрээг амь наснаасаа ч эрхэмд үзэж, эцсээ хүртэл уг гэрээнийхээ холбооноос тас зуурсан хүмүүс юм. Хоёрдугаар Есүст итгэх баттай итгэлийг сахиж, Бурханы хууль тушаалыг тууштай сахин, Бурхан хаашаа ч хөтөлсөн дуулгавартай дагасан учраас тэд мөнх авралын байр сууринд зогсож чадсан гэдгийг Библи бидэнд мэдүүлж байна.
Ертөнцийн олон хүн энэ газрын амьдралаа л өөрсдийнхөө хамаг утга учраа гэж үздэг учраас энэ газрын зүйлсэд л найдвар тавьдаг. Харин бид мөнхийн тэнгэрийн оронд найдвараа тавьдаг. Тэгвэл тэнгэрийн оронд орох хүртлээ Бурхантай хэрхэвч тасалж болохооргүй сүнслэг харилцаагаа хадгалж үлдэхийн тулд Бурханы тушаал болон гэрээг тууштай сахиад, Бурханы дургүй зүйлд бид ч бас дургүй байж, Бурханы баярладаг зүйлд бид ч баярлан, баяр хөөртэй зүрх сэтгэлээр амьдарцгаая. Хургыг хаашаа ч хөтөлсөн эцсээ хүртэл бүрэн дүүрэн дагаад, Ариун Сүнсний үеийн зөгнөлийн гол баатрууд болцгооё.
Тэнгэрт үйлдсэн нүглийнхээ улмаас Бурханаас холдчихоод байсан бидэнтэй Бурхан гэрээ байгуулж, ингэснээрээ дахин Эцэг Эх, үр хүүхдийн харилцаа холбоог минь сэргээсэн билээ. Бурхан бидний сүнсний Эцэг Эх болж, бид тэнгэр Эцэг Эхийнхээ хүүхэд нь болох баттай харилцаа тогтсон тул Библийн үгнээс хол амьдарч яасан ч болохгүй юм шүү.
Ер нь танихгүй хүнийг ёс зүйгүй үйлдэл гаргаж, бүдүүлэг үг хэлэхэд нь хүмүүс нэг их тоож ач холбогдол өгөлгүй, өнгөрөөдөг. Харин хүүхэд нь тийм үйлдэл гаргавал ямар ч хүн тэр хүүхдээ зэмлэж загнаад ч болов буруу үйлдлийг нь засахыг хичээдэг шүү дээ. Бид эрт үед хийсэн нүглээсээ болоод үхэх тавилантай болж, Бурхантай ямар ч харилцаа холбоогүй хүмүүс болсон. Гэвч эдүгээ бид шинэ гэрээгээр Бурхантай хамаатай хүүхдүүд болцгоосон. Хүүхэд нь учраас бид үгийг нь дагахгүй бол Бурхан Петрийг зэмлэсэн шигээ биднийг ч зэмлэнэ. Харин үгийг нь дагасан үед биднийг магтан урамшуулж, том ерөөлөөр буцаан төлөх юм.
Бурханы арга зам, үг сургаалын дагуу амьдардаггүй, үл итгэгч хүмүүсийн алив муу муухай үйлдлийн хариуг эцсийн үед шүүлтийн өдрөө хүртэл түр зуур хойшлуулчихаад байгаа. Харин авралыг хүсэмжилж, үнэний Сион руу орж ирсэн Бурханы хүүхдүүд буруу замаар явах юм уу худал хуурмагт мэхлэгдэх юм бол Бурхан биднийг сахилгажуулаад ч болов зөв зам руу буцан ирэх боломжийг олгодог юм (Евр 12:5-9). Махан биетэйгээ зууралдсан бидний амьдрал тийм л явцаар дамжин аажим аажмаар тэнгэрийн хаанчлалыг эрмэлздэг болон өөрчлөгдөх юм. Харин тэгж олон боломж гаргаж өгөөд байхад ч хүртэл буцаж ирэхгүй хүмүүсийг цаашид Бурхантай хамаагүй чигт нь орхидог. Энэ нь тухайн сүнсэнд хамгийн аюултай үе юм.
Бурхан хууль тушаалыг зүгээр л дагаж захирагд гэсэндээ бидэнд өгөөгүй юм. Тушаал ч бай, гэрээ ч бай тэдгээрийн дотор үүнийг тогтоосон Бурханы гүн гүнзгий хайр шингэсэн байдгийг бид ухаарах хэрэгтэй. Зөвхөн биднийг л аврахын төлөө хууль, зарлиг, тогтоолоо соёрхон, биднийг гэрээн дотор амьдруулсан Бурхандаа хязгааргүй талархал өргөе.
Самари ба дэлхийн хязгаарт, дэлхийн хаана ч Бурхантай харилцаа холбоо тогтоож, Бурхантай гэрээ байгуулсан хүмүүс бол зөвхөн бид юм шүү. Одоо хэр нь Бурхантай ямар ч харилцаа, холбоо хамааралгүй хүн олон бий. Тэнгэр Эцэг Эх, тэнгэрийн хүүхдийн хоорондын харилцааг нь Христийн мах цусаар сэргээхийн тулд бүх хүнийг хичээнгүйлэн авралын зам руу хөтөлцгөөе. Тийнхүү зүтгээд, дэлхийн сайн мэдээний ажлыг бүрэн дуусгаж, “Бүрэн дууслаа” гэсэн энэхүү ивээлтэй мэдээг Иерусалим Эхдээ өргөхийг Сионы гэр бүлүүддээ захья.