Амьдралын маань өдөр хоног нэг нэгээр өнгөрөн одохын хэрээр Бурханы хаанчлал ойртсоор. Тэнгэрийн хаанчлал өдрөөс өдөрт ойртсоор байхад сүнсэнд маань одоо хүртэл хир буртаг, хольц наалдаастай байвал тиймэрхүү хир буртагтайгаар Бурханы хаанчлалд орж чадах уу? Мэдээж чадахгүй шүү дээ.
Бурханы ард түмэн нь Бурхан ариун байдаг шиг ариун хүмүүс юм (1Пет 1:15-16, 2:9 үзэх). Тэнгэр Эцэг, Эхийн мөнхийн хаанчлалд оръё гэвэл Бурхан таалдаггүй хир буртгийг арилгах ёстой. Бид сүнснийхээ бүх хирийг арилгасны дараа тэнгэрээс буун ирэх сүнслэг ивээл, нигүүлслийг авч, тэнгэрийн эх нутагтаа буцах эрхийг олж авах болно.
Солонгост дээр үед өөр нутагт амьдарч байсан хүмүүс баяр ёслолоор төрсөн нутагтаа очих гэж янз бүрийн бэлтгэл ажил хийдэг байлаа. Нийтийн усны холболт хийгдээгүй болохоор ердийн үед байнга усанд ороод байж чаддаггүй байж л дээ. Харин нутаг явахаасаа өмнө усанд орж, шинэ хувцас өмсөөд, бэлэг сэлт аваад, эцэг эхтэйгээ уулзахаар явдаг байлаа.
Сүнсний эх нутаг, Бурханы хаанчлалд очихын төлөө ч мөн ингэж бэлтгэлээ базаах явц хэрэгтэй. Юун түрүүнд хийх ёстой ажил бол бидэнд тогтсон сүнснийхээ хирийг арилгаж цэвэрлэх явдал.
“Мөнгөний дархан сав хийхдээ мөнгийг хольцноос нь цэвэршүүлэх адил хааны өмнөөс буруут хүнийг холдуулсугай! Хаан сэнтий нь тэгвэл зөвт байдалд тогтоно.” Сур.Үгс 25:4-5
Мөнгөнөөс хольцыг нь арилгаж цэвэршүүлэхгүй л бол мөнгө гэх үнэ цэнэ байхгүй. Мөнгийг үнэт эрдэнийнх нь хувиар үнэ цэнэтэй гэдгийг нь харуулахын тулд түүнд наалдаастай бүхий л бохир зүйлсийг арилгаж цэвэрлэх ёстой байдаг.
Энд мөнгө нь ямар нэг үнэ цэнэтэй зүйлийг зааж байгаа хэрэг. Үнэндээ сүнслэг нүдээр харахад аврал авсан зуун дөчин дөрвөн мянган ариун хүн бол хамгийн үнэ цэнэтэй, төгс төгөлдөр оршихуй юм. Тэд Бурханы анхны үр жимс болохын хувьд Бурханыг харахад гэм зэмгүй, хамгийн үзэсгэлэнтэй, 6000 жилийн хугацаанд Бурханы энэ газарт бүтээсэн анхны төгс бүтээл гэж дурдсан байдаг (Илч 14:1-5).
Тийм байтал бидний сүнс Бурханыг харахад сайхан биш, ертөнцийн элдэв хог шаар, хир толбоор дүүрэн байвал яах болж байна? Тэрийг нь арилгахгүй бол Бурханы ариун хүн гэж дуудагдах эрхгүй. Алт, мөнгө гээд үнэт эрдэнэ байсан ч хольцтой байвал үнэ цэнэтэй сав хийж чадахгүйтэй адилхан юм.
Мөнгийг цэвэршүүлье гэвэл хайлуулаад, элдэв бохир хольцыг нь арилгах ёстой шиг бидний сүнсэнд наалдсан байгаа муу муухай, бохир заваан юмсыг цэвэрлэх үйл явц тийм ч амар хялбар биш. Бурханы ариун гэхгүй зүйлийг бүгдийг нь хаях хэрэгтэй. Бурхан биднийг цэвэршүүлж, боловсруулах явцыг бид тэр чигээр нь дагавал жинхэнэ гоёмсог сүнслэг эрдэнэс болж дахин төрнө.
Эцсээ хүртэл муу муухайгаа хаяж чадахгүй бол Бурхан тэр хүнийг ялгаж хаяна. Есүсийн сургаалт зүйрлэлд тэнгэрийн хаанчлалыг загас барихаар тэнгист хаясан тортой адил гээд, тор дүүрмэгц сайныг нь саванд хийж, мууг нь ялгаж хаяна гэж гардаг. Мөн хоёр эмэгтэй тээрэмдэж байхад нэгийг нь авч, нөгөөг нь орхино гэсэн айлдал ч бий (Мат 13:47-50, 24:40-41 үзэх).
Бурханы хүүхдийн хувиар бид Бурханы тушаалуудыг бүрэн дүүрэн сахиад зогсохгүй хир толбоо бүгдийг нь арилгах ёстой. Тэгж байж л бид тэнгэрийн хаанчлалд орж чадна. Өдийг хүртэл тээж ирсэн бүхий л муу муухай зуршил, буруу зөрүү бодол, гөжүүд зангаа эрс шийдэмгий хаяад, Бурханы үгээр бүрэн төгс дахин төрөх Сионы хүүхдүүд болцгооё.
“Олдож болох үед нь ЭЗЭНийг хайгтун. Ойр байгаа дээр нь Түүнийг дуудагтун. Хорон муу нь замаа, буруу нэгэн нь бодол санаануудаа орхиг. Өөрийг нь өрөвдөх ЭЗЭН өөд эргэг, өгөөмрөөр уучлах Бурханд маань эргэг. “Учир нь Миний бодол санаа та нарын бодол санаа шиг биш. Миний зам ч та нарын замаас өөр” гэж ЭЗЭН айлдаж байна. Тэнгэрс газраас өндөр байдаг шиг зам минь та нарын замаас, бодол минь та нарын бодлоос өндөр билээ. …” Иса 55:6-11
Бурханы бодол нь бидний бодлоос өөр. Тиймээс л бодол санаануудаа орхиод, Бурхан руу, мөн Бурханы өгсөн сургаал заавар, зам руу нь эргэ хэмээсэн. Хэрэв бид Бурхан руу эргэвэл Тэрээр биднийг өршөөж уучилна.
Бурханы өгсөн сургаалтай бидний бодол зөрчилдөж байвал өөрсдийнхөө бодлыг эрс шийдэмгий хаях хэрэгтэй. Өөрийнхөө бодлыг хаяж чадахгүй бол бид хир толботой хэвээрээ л байгаад байна гэсэн үг.
Бурхан биднийг өө сэвгүй, гэм зэмгүй төгс бүтээл болгон бүтээхийн төлөө зөвт сургаалаараа цэвэрлэсээр байгаа. Бурханы үгээр буруу, бохир зүйлсээ нэг нэгээр нь цэвэршүүлэх ёстой атал өөрийн бодол санаагаар дүүрч, Бурханы бодлыг шахан зайлуулахад хүрвэл бид тэнгэрийн орон дахь байр сууриа алдана.
Хир тортгийг арилгаж байж л сайхан болно. Бохир завааныг хаяж байж л сайн сайхан зүйлийг шингээж авна. Өөрийн бодлоо хаяж байж л Бурханы ивээлтэй үг “намайг” хянан удирдаж, Бурханы зөв шударга үг дотор минь амьд байж, “би” тэнгэрийн орон явах эрх олж авна.
Бурхан бидний хаях ёстой сүнслэг хирийг маш тодорхой дурдаад, иймэрхүү зүйлсийг хаяхгүйгээр тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй хэмээн айлдсан.
“ЭЗЭНий үзэн яддаг нь зургаа агаад тийм ээ, Түүний сэтгэлийн жигшүүр нь дараах долоо билээ. Дээгүүр хардаг нүд, худал хэлдэг хэл, гэмгүйн цусыг урсгагч гар, гэм хортой санааг сэдэгч зүрх, ёрын мууд яаран гүйгч хөл, гүжирддэг хуурамч гэрчлэгч болон ах дүүст зөрчлийг тараагч нар ажээ.” Сур.Үгс 6:16-19
Бурханы үзэн яддаг зүйлийн дунд хамгийн эхнийх нь дээгүүр харах юм. “Би үүнийг сайн хийдэг, би энэ ажилдаа гаргууд, хэнээс ч илүү сайн хийж чадна”. Хүн өөрөө ч мэдэхгүй байж байгаад энэ мэт алдаа эндэл гаргадаг учраас бардам зангаас бид үргэлж сэрэмжлэх ёстой. “Би энэ тал дээр хэн хүнээс дутмаг байхад Бурхан намайг хэрэглэсэн, би сайн хийж чадахгүй ч байдаг чадлаараа хичээвэл Эцэг, Эх минь өрөвдөөд, тусалж өгнө.” Ийн итгээд үйлс гаргах хэрэгтэй юм.
Худал хэлдэг хэл, гэмгүйн цусыг урсгагч гар, гэм хортой санааг сэдэгч зүрх, ёрын мууд яаран гүйгч хөл, гүжирддэг хуурамч гэрчлэгч, ах дүүст зөрчил тараагчийг Бурхан үзэн яддаг хэмээн айлдсан. Бид аврал авсан Бурханы ариун хүмүүс юм бол сэтгэл дотроосоо бүх хир толбоо арилгах ёстой.
“… Газар дээрхийг бус дээгүүрх зүйлсийг эрмэлз. Учир нь та нар үхсэн бөгөөд та нарын амь Христтэй хамт Бурханд нууцлагдсан. Бидний амь болох Христ илчлэгдэх үед та нар ч бас яруу алдар дотор Түүнтэй илчлэгдэх болно. Тиймд та нар газар дээрх эрхтнүүдийг үхүүл. Энэ нь садар самуун, бузар булай, тачаал, муу хүсэл, шунахайрал болох шүтээн шүтэх явдал юм. Эдгээрээс болж Бурханы хилэн [дуулгаваргүй хөвгүүд дээр] ирэх болно. Та нар тэдгээрийн дотор амьдарч байхдаа үнэндээ тэдгээрийн дотор алхаж л явсан. Харин эдүгээ та нар бас уур, хилэн, хорон санаа, гүтгэлэг болон амнаас гарах жигшүүрт үгс бүгдийг нь зайлуулж хаягтун. Бие биендээ худал бүү ярь. Яагаад гэвэл та нар хуучин хүнээ үйлтэй нь тайлж, шинэ хүнийг өмссөн. Энэ нь өөрийг нь бүтээсэн Түүний дүр төрхийн дагуу мэдлэгт шинэчлэгдсэн хүн юм.” Кол 3:1-10
Бид хуучин хүнээ бүрэн тайлж хаях ёстой. Энэ газрын бузар юмсыг өөртөө байлгаснаар Бурханы хаанчлалын сүнслэг оршихуй болж чадахгүй. Тиймээс өмнө нь Бурханыг мэддэггүй байхдаа төлөвлөж байсан доод хэмжээстийн зорилгоосоо салаад, одоо илүү эрхэм үнэтэй, яруу тансаг Бурханы хаанчлалын юмсад зорилго, хүслээ тавь хэмээсэн. Өөрөөр хэлбэл мөнгийг хольцноос нь цэвэршүүл гэсэнтэй утга адил юм.
Бурхан үзэн яддаг л бол юуг ч бай бид бүгдийг нь хаяж, харин Бурханы баярладаг зүйлсийг Ариун Сүнсээр хийдэг байцгаая. Тэр нь зөвт үйлс хийгээд шинэ Иерусалим тэнгэр Эхийн үзэсгэлэнтэй нарийн маалинга болох юм.
“… —Халлелуяа! Төгс хүчит Эзэн Бурхан маань хаанчилж байна гэхийг би сонсов. Баярлан хөөрч, Түүнд алдрыг нь өргөн өргөмжилцгөөе. Учир нь Хурганы хурим болж, сүйт бүсгүй нь өөрийгөө бэлдэв. Тэрээр гялалзсан, цэвэр, нарийн маалингаар хувцаслах болжээ. Учир нь нарийн маалинга нь ариун хүмүүсийн зөвт үйлс юм.” Илч 19:6-8
Бид Сүйт бүсгүйн нарийн маалинга болж байж л Сүйт бүсгүйн орох хуримын найранд цуг оролцож чадна. Бидэнд тэнгэрийн хаанчлалд орох эрх байгаа болохоор орно гэсэн үг биш, харин нарийн маалинга болоод Сүйт бүсгүйтэй хамт явах юм. Бурханы хаанчлалд бузар юм болон жигшүүрт зүйл үйлдэгсэд огт орж чадахгүй.
“Хотын хаалганууд өдөр хэзээ ч хаагдахгүй. Учир нь тэнд шөнө гэж үгүй. Тэд үндэстнүүдийн алдар, хүндлэлийг тийш авчирна. Аливаа бузар ба жигшүүрт зүйл үйлдэгсэд, худал хуурмаг нь хэзээ ч тийшээ орохгүй. Харин зөвхөн Хурганы амийн номд нэрс нь бичигдэгсэд л орох ажгуу.” Илч 21:25-27
Илчлэл 21-р бүлэгт бидний хожим явах шинэ тэнгэр, шинэ газрыг дүрсэлсэн байна. Бурхан бузар юм болон жигшүүрт зүйлд баярладаггүй. Бурхан иймэрхүү зүйл үйлдэгсдийг тэнгэрийн хаанчлалд огт орж чадахгүй хэмээсэн.
Ертөнцийн юмст бодол санаа нь автсан хүнд тэнгэрлэг юмс зөвшөөрөгдөхгүй. Бузар болон жигшүүрт зүйлийг бүгдийг арилгаад, Бурханы баярладаг зүйлийг олж үйлдэх хэрэгтэй. Өөрийн бодол болон бүхий л муу зан чанараа хаяад, Бурханы үгэнд төгс итгэж, дуулгавартай дагах аваас бид үнэ цэнэтэй, үзэсгэлэнтэй төрхөөр Бурхандаа баяр хөөр өргөж чадна.
Дөнгөж хөлд орж байгаа балчир хүүхэд, гүйлтийн шилдэг тамирчин хоёр байлаа гэж бодъё. Үнэн хэрэгтээ хөнгөний тамирчин нь илт давуу ур чадвартай байвч дөнгөж хөлд орох гэж хичээн, ганц нэг түнтэр түнтэр алхаж байгаа хүүхдээ хараад эцэг, эхийн сэтгэл илүү их хөдөлнө.
Үр хүүхэддээ хараа тавих аав ээжийн энэ сэтгэл бол бидэнд хараа тавих Бурханы сэтгэл юм. Бид бүгдээрээ балчир хүүхэдтэй адилхан болохоор Бурханы өгсөн үүргийг гүйцээж хүчрэхгүй дутуу дулимаг зүйлс их байдаг. Харин Эцэг, Эхийн үгэнд түшээд, итгэлээрээ, чадлынхаа хэрээр хийе гээд хичээвэл сайн мэдээний цэцэг дэлгэрч, үр жимс гарч, Бурханы ерөөл, хайр дагалдана. Сайн чадмаг хийж байгаа болохоор биш, хийж чадахгүй ч гэсэн Бурханы үгийг хүндэтгэн үзээд, хийе гэж хичээж байгааг нь хараад Бурханы сэтгэл хөдөлж, болохгүй байсан ажлыг ч болгож өгдөг.
Тунхаглал ч мөн адил. Алдагдсан ах дүү, эгч дүүгээ хайх явцад бидний зан чанарыг тэнгэрийн ариун ард түмэн болгохоор цэвэршүүлж, мөнхийн тэнгэрийн хаанчлалд оруулахын төлөө Бурхан бидэнд тунхаглалын үүрэг даалгавар өгсөн. Тунхаглал бол ур чадвар биш. Сайн мэдээ дамжуулах нь хүний үгийн мэргэн ухаанаар хийгддэг зүйл биш. Гагцхүү Бурханы хүч чадал болон мэргэн ухаанаар тунхаглагддаг юм (1Кор 1:17 үзэх).
Үгийг тунхаглах туршлагатай, чадварлаг гэр бүл гэхээс илүү итгэлийн амьдралаа эхлүүлээд төд удаагүй шинэ гэр бүлүүд үр жимс олныг гаргаж байгааг бид Сион дотор харах нь элбэг. Хараахан сайн хийж чадахгүй ч гэсэн нэг сүнсийг аваръя гэж хичээж байгаа сүнслэг балчир хүүхдийнхээ хөлд орж байгаад Бурханы сэтгэл уярч, сайн мэдээний үр жимс өгч байгаа юм.
Бага балчир хүүхэдтэй адилхнаар өөрийгөө даруу болгоё. “Бурханы хаанчлалд ороход надад одоог хүртэл дутуу зүйл их ч, хөлд орж сурч байгаа балчир хүүхэдтэй адил Бурханы үгийг нэг нэгээр нь хэрэгжүүлье” гэсэн сэтгэлээр Эцэг, Эхийн хүслийг дагавал Бурхан бидэнд ивээлтэй үр дүн зөвшөөрч өгөх нь мэдээж юм. Чадахгүй байгаа ажлаа ч чадах гэж хичээж, яавал Эцэг, Эхдээ яруу алдар өргөж, ертөнцийн гэрэл, давс болохынхоо хувьд Бурханы хүүхэд шиг байх вэ гэж хичээж байгаа хүмүүс л Бурханыг уяраадаг сүнслэг балчир хүүхэд төдийгүй тэнгэрийн хаанчлалыг хүчирхийлэгч хүмүүс юм.
Ертөнцийн мэргэжилтнүүд биш, Бурханыг уяраадаг хүмүүсийн хийж байгаа ажил нь сайн мэдээ юм. Бидний төлөө амиа ч гаргуунд гаргаж, тэнгэрийн яруу алдрын сэнтийгээ орхисон Бурханы өгсөн бүхий л сургаал бидний ашиг тусын төлөө гэдэгт туйлаас итгээд, Бурханы бодлын дагуу үйлдэх юм бол тэрхүү үр дүн нь тэнгэрийн оронд үүрд мөнх, дуусашгүй яруу алдар, ерөөл болон илчлэгдэнэ.
Сайн хийж чадахгүй ч Эцэг, Эхийн үгэнд дуулгавартай байя гэж хичээх явцад ертөнцийн бодол, бидний буруу бодлууд үгүй болдог. Тэгж сүнслэг хир бүрэн арилсны дараа л Бурхан биднийг үзэсгэлэнтэй сав болгон бүтээнэ.
Бурханы өгсөн үгийг тэр чигээр нь даган үйлдэцгээе. Үгийн дагуу л үйлдэх аваас бүх ерөөл ирнэ. 2000 жилийн өмнө Есүс төрөлхийн сохор хүнийг хараад, шавар зуурч нүдийг нь шаваад, явж Силоамын цөөрөмд угаа хэмээсэн. Христэд итгэж, үгийн дагуу үйлдсэн сохрын нүд хараа ордог (Иох 9-р бүлгийг үзэх).
Кана хотын хуримын үеэр ч Есүсийн эх Мариа найрын зарц нарт хандаж Есүсийг юу гэж айлдана, түүнийг нь хий гэж зааварчилсан. Торхнуудыг усаар дүүргэ гэсэн Есүсийн үгийг зарц нар тэр ёсоор нь дуулгавартай дагахад ус бүхэлдээ сайн чанарын дарс болж хувирч байв (Иох 2:1-11 үзэх).
Дэлхийн системийн дагуу боломжгүй зүйлс өдий төдийгөөрөө бий. Харин тэнгэрийн системээр бол боломжгүй зүйл гэж байхгүй. Итгэж л чадвал энэ мэт Бурханы хүч чадлыг харж болно хэмээн Библи зааж өгч байна. Тэгтэл ихэнх хүмүүс газрын системээр авч үзээд хариу нь гарахгүй бол боломжгүй гэж боддог. Ийм буруу бодлыг бүхлээр нь хаяад, хаашаа ч хөтөлсөн эцсээ хүртэл дагах Сионы хүүхдүүд болбол мөнгөн доторх хольцыг бүгдийг нь гаргаж хаяж чадна. Ийнхүү Эцэг, Эхийн хөтөлж байгаа тэнгэрийн хаанчлалын замаар эцсээ хүртэл ивээлтэйгээр дагахыг дахин хүсэх байна.
Бид энэ ертөнцөд амьдрах хугацаандаа тэнгэр Эцэг, Эхтэй хамтдаа байж, сургаал зааврыг нь хүлээн авч байгаа маань үнэхээр сэтгэл оволзом баяртай хэрэг. Эцэг, Эхийн сургаалаар муу муухай бүхнээ хаяад, сайн зүйлийг олж авах явцдаа бид тэнгэрийн хүн болж, төгс дахин төрж чадна.
Бурханы ард түмэн хир буртагтайгаа байгаад байвал тэд Бурханы ариун хүмүүс гэж дуудуулах эрхгүй шүү дээ. Гэрэл харанхуйг тээж байвал түүнийг харанхуй гэхээс, гэрэл гэхгүй биз дээ. “Мөнгийг хольцноос нь цэвэршүүл” гэсэн Бурханы сургаалыг дахин нэг удаа сэтгэлдээ гүн сийлээд, бүхий л бузар болон жигшүүрт зүйл, өөрийн бодол санаагаа хаяад, зүрх сэтгэлээ Бурханы зүйлсээр л дүүргэцгээе. Сионы гэр бүлүүд маань өнөөдөр ч, маргааш ч, тэнгэрийн эх нутагтаа очоод ч тэнгэр Эцэг, Эхийнхээ сургаалыг мөнхийн мөнхөд дагаасай гэж чин сэтгэлээсээ залбиран гуйж байна.