Сионы гэр бүлүүд өдөр бүр ариун Бурханы дүр төрхийг дуурайхыг хичээж байгаа билээ. Өөрсдийн төрхийг эргэн харвал анх итгэлийн амьдралаа эхэлж байсан үеэс илүү Бурханы дотор сүнслэгээр өссөн одоогийн төрх маань Бурханыг илүү их дуурайж байгааг харж болохоор байна.
Бүх Сионы гэр бүл Бурханы дүр төрхийг бүрэн төгс дуурайх тэр өдөр нэг цагийн өмнө ч атугай хурдан болоосой гэж хүсэж байна.
Та нар хүүхэдтэй бол яг одоо тэднийгээ нэг ажиглан хараарай. Тантай адилхан байгаа биз? Харин хүүхэдгүй хүн нь аав ээжийгээ бодоод үз дээ. Хүүхдүүдийн чинь төрх, зан ааш аав ээжийгээ дуурайгаагүй байна гэж үү? “Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” гэсэн зүйр үгэнд гардагчлан үр хүүхэд нь эцэг эхээ дуурайх нь мэдээжийн хэрэг юм.
Хүн Бурханы хүслийн дагуу бүтээгдсэн. Үр хүүхэд нь аав ээжийгээ дуурайж төрөх болгосон Бурханы хүсэл юу юм бол? Үүний учир нь Бурхан биднийг сүнсний Эцэг Эх болон Бурханы дүр төрхийн дагуу бүтээсэн гэдгийг ойлгуулахын тулд ажээ.
“Тэгээд Бурхан —Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё. … Ийнхүү Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ.”Эхл 1:26-27
Махан биеийн дүр төрх маань махан биеийн аав ээжээ дуурайдаг шиг сүнсний маань төрх Бурханыг дуурайхаар бүтсэн юм.
Бид одоо Бурханыг дуурайх явц дээрээ байна. Бурханы дүр төрхөөр бүрэн төгс өөрчлөгдөх сэтгэл оволзом агшны талаар Библид ийнхүү бичжээ.
“Харин бидний иргэний харьяалал тэнгэрт байгаа бөгөөд тэндээс бид Аврагч Эзэн Есүс Христийг хүлээж байна. … дорд биеийг маань Өөрийнхөө цог жавхлант биетэй адил болгон өөрчилнө.”Фил 3:20-21
Энэ ертөнцөд Бурханаас бидэнд өгсөн үүрэг дуусаж, мөнхөд өөрчлөгдөх тэр агшин ирэх үед бидний дорд мөхөс төрхийг Бурхан Өөрийнхөө цог жавхлант биетэй адил болгон нүд ирмэхийн зуур өөрчилнө хэмээн амласан.
Харин энэхүү агуу амлалтыг бүх хүнд өгөөгүй юм. Зөвхөн Бурханыг дуурайдаг хүүхдүүд нь л цог жавхлант биеэр өөрчлөгдөн, тэгтлээ хүсэн хүлээж байсан мөнхийн тэнгэрийн хаанчлалдаа орж чадна.
Тэгвэл эхлээд Матай 7-р бүлгээс Бурханыг дуурайсан хүн болох нөхцөлийг судалж үзэцгээе.
“Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Эцэгийн минь хүслийг үйлдэгч нь л орно.”Мат 7:21
Дээрх ишлэл нь Эцэгийн хүслийг үйлддэг хүмүүс л Бурханыг дуурайсан хүн болж, тэнгэрийн хаанчлалд орно гэсэн үг юм.
Өнөөг хүртэл бид Библид бичигдсэн бүх хууль тушаалыг яг Бурханы заасан хэвээр сахин үйлдэхийн төлөө хичээж ирсэн билээ. Мөн газрын хязгаар хүртэл сайн мэдээ тунхагла хэмээсэн тушаалыг дагахаар өдөр шөнөгүй зүтгэсээр байна. Тэвчээр, хайр, уужим сэтгэлтэй болж, бурханлаг төрхөөр өөрчлөгдөхийн төлөө Бурханы үгийг цаг ямагт судлахын сацуу амьдрал дээр хэрэгжүүлэхийн төлөө ч хичээж байгаа. Бурхан бидэнд ийнхүү айлджээ.
“Хорвоо хийгээд хорвоогийн юмсад бүү дурла. Хэн нэг нь хорвоод дурладаг бол түүнд Эцэгийн хайр алга. … Хорвоо хийгээд түүний хүсэл тачаал өнгөрнө. Харин Бурханы хүслийг үйлдэгч нь мөнхөд оршму.”1Иох 2:15-17
Энэ ертөнцийнхний хайрлаж ирсэн эд баялаг, эрх мэдэл, сүр жавхлан нь бүгд түр зуурынх бөгөөд хэсэг хугацааны дараа алга болдог манантай адил юм. Мөнхийн тэнгэрийн хаанчлалд мөнхөд амьдрахын тулд Бурханыг дуурайх ёстой бөгөөд Бурханыг дуурайхын тулд Бурханы хүслийг дагахаас өөр арга байхгүй.
Бурханы хууль тушаалыг дагалгүй, сайн мэдээ тараахаас татгалзах нь Бурханы хүсдэг зүйл огтхон ч биш.
“… олон хүн Христийн загалмайн дайснууд мэт явдаг гэж би одоо уйлан байж хэлж байна. Тэдний төгсгөл сүйрэл, тэдний бурхан нь ходоод бөгөөд тэд гутамшигт зүйлсээр сайрхдаг. Тэд дэлхийн юмыг л сэтгэдэг.”Фил 3:18-19
Ертөнцийн хүмүүс сүйрч устах газрын юмсын төлөө махран, хэргэм зэрэг, нэр хүнд, эд хөрөнгө, эрх мэдлийн төлөө л бол ямар ч хамаагүй арга хэрэглэдэг. Харин тэнгэрийн иргэншилтэй бид иймэрхүү ялзарч муудах махан биеийн зүйлсээс илүү тэнгэрийн зүйлсийг бодоод, тэнгэрийн оронд бэлтгэх хэрэгтэй.
“Бурханыг дуурайсан хүмүүс” тэнгэрийн хаанчлалын хаалгаар нэвтэрнэ
Бурханыг дуурайхгүйгээр тэнгэрийн хаанчлалд огтхон ч орж чадахгүй гэдгийг дараах өгүүллээс судалж үзэцгээе.
Тэнгэр газрын хил дээр нэгэн тэнгэр элч тэнгэрийн орны хаалгыг хамгаалдаг байж гэнэ.
Тэнгэрийн улсад орохын тулд хүн бүр тэнгэр элчийн шалганаар заавал дамжин өнгөрөх ёстой аж. Зөвхөн Бурханыг дуурайсан хүн л нэвтрэх ёстой байв.
Тоо томшгүй хүн тэнгэрийн орны үүдэнд ирээд, газарт эзэмшиж байсан юм юмаараа сайрхан гаргаж үзүүлэв. Дэлхийд хаан байсан хүн эрдэнэсээр чимсэн титэм зүүгээд, гялалзсан хааны өмсгөл дээрээ хаш чулуун бүс бүслэн, ихэмсэг гэгч нь намс намс алхлаад тэнгэр элчийн өмнө очиж зогсов. Харин тэнгэр элч толгойгоо сэгсрэн ийн хэллээ.
“Та Бурханы төрхийг аль ч талаар дуурайгаагүй байна. Наад гял цал титэм чинь тэнгэрийн оронд бол хаягдал төмөр төдий л хог новш. Алив холд!”
Дараа нь ховдог шуналдаа өөхөлсөн цулцгар хацартай нэгэн баян эр алт эрдэнэс дүүрэн ачиж, тэнгэр элчийн өмнө очив. “Тэнгэрийн орныг бохирдуулдаг хог байх чинь ээ. Чиний наад махлаг царай чинь Бурханыг огт дуурайгаагүй байна. Энэ хаалгаар орж болохгүй!”
Дэлхийд цуглуулсан эд баялгаараа тэнгэр элчийг хахуульдчихна гэж санасан баян юу ч хэлж чадалгүй холдон одлоо.
Тэгтэл нэгэн үзэсгэлэнтэй бүсгүй өөртөө итгэлтэй нь аргагүй тэнгэр элчийн өмнө гарч ирлээ. Харин тэнгэр элч урам нь хугарсан янзтай хараад ийн хэлэв.
“Энгэсэг түрхээд гадна төрх чинь сайхан харагдаж байгаа ч дотор талд чинь Бурханыг дуурайсан юм юу ч алга.”
Эмэгтэйг холдон явсны дараа тэр хавиар гэнэт шуугиан дэгдэв. Хүмүүс хашхиралдан алга таших дуунаар нэгэн алдартай эрхэм цээж түхийлгэн алхаж айсуй. Харин нэр цуутай тэр хүн ч тэнгэрийн хаанчлалын хаалгаар нэвтэрч чадсангүй.
“Та хүмүүст таалагддаг байж болох ч Бурханыг огт дуурайгаагүй тул тэнгэрийн оронд орж чадахгүй.”
Олон хүн тэнгэрийн хаанчлалд орох гавьяатай юм шиг ихэмсэг гэгч нь алхаж ирсэн ч тэнгэр элчийн зандрах дуунаар шүүрс алдан холдсон гэнэ. Түүний дараа ч тэнгэр элч Бурханыг дуурайсан хүн хүлээсэн хэвээр байжээ.
Нэлээд хугацаа өнгөрсний дараа тэнгэр элчийн өмнө хэдэн хүн ирж зогслоо. Удам угсаа, мэдлэг боловсрол гээд байх юмгүй, ядуу хэрнээ Бурханыг чин сэтгэлээсээ хайрлаж, хүслийг нь дуулгавартай дагаж амьдарсан даруу хүмүүс байв.
Бурханы хүслээр хийж байгаадаа л сэтгэл нь ханан бахархаж, ертөнцийн юмсад авталгүй, зөвхөн тэнгэрт хураасан зүйлдээ жинхэнэ найдвараа тавин амьдарч ирсэн, ертөнцийн хүмүүст бол доожоогүй, сул дорой харагдах тэдгээр хүмүүс рүү тэнгэр элч найдлага тавин харж байв. Тэнгэрт эрдэнэс мэт гялалзах үзэсгэлэнтэй хүмүүс тэд үнэхээр мөн байсанд тэнгэр элч баярлан хашхирлаа.
“Тавтай морилно уу. Та нар л жинхэнэ миний хүлээсэн хүмүүс. Бурханы уйтгар гуниг, зовлон зүдгүүр, Христийн үүрсэн загалмайн зовлон гээд бүх талаар Бурханыг дуурайсан чинь үнэхээр үзэсгэлэнтэй байна. Эцэг Эхээ баярлуулах гэж цаг ямагт хичээн, цэвэршүүлэлтийн зовлон бэрхшээлийг ч ивээлтэйгээр туулсан та бүхэн л тэнгэрийн орны хаалгаар нэвтрэх эрхтэй, Бурханыг дуурайсан хүмүүс юм. Орж болгооно уу.”
Биднийг ийм л Бурханыг дуурайсан хүмүүс болгон бүтээхийн төлөө Бурхан “Миний хүслийг биелүүлэгтүн! Миний хүслийг биелүүлэгтүн!” хэмээн чин сэтгэлээсээ дахин дахин захисан билээ. Энэхүү чин сэтгэлийн дуу хоолой нь одоо энэ мөчид ч бидний сэтгэлийг тогшин байна.
Зарим нэг нь Эцэгийн хүслийг биелүүлэх нь дарамт мэт буруу ойлгодог. Харин тэр л зам тэнгэрийн орны хаалгыг онгойлгох түлхүүр гэдгийг битгий мартаарай. Түр зуурын зовлон бэрхшээл бидэнд ачаа болох юм уу эрх чөлөөг маань цагдсандаа бус, харин Христийг дуурайлгах гэсэн явц, Бурханы ивээл хайр гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид Бурханы зарим хэсгийг л дуурайх биш бүх талаар дуурайх ёстой юм.
“Бидний мэдээнд хэн итгэсэн бэ? … Учир нь Тэрээр Түүний өмнө нялх нахиа мэт, хуурай газраас гарсан үндэс мэт ургав. Бидний харахаар хэлбэр дүрс, цог жавхлан Түүнд байсангүй. … Тэрээр хүмүүст жигшигдэж, орхигдсон, өвчин зовлонг мэдэгч, зовлон шаналлын хүн ажээ. … Гэвч гэмт үйлдлийн маань улмаас Тэр хатгагдан хилэнцийн маань улмаас Тэр бяцарч авай. Амар тайвны маань төлөө Түүн дээр гэсгээл байж, шархаар нь бид эдгэрчээ.”Иса 53:1-5
Хэдийгээр гадаад төрх, хэлбэр дүрс нь анхаарал татахааргүй байдлаар ирсэн хэдий ч Христ бидний өвчин зовлон, уй гашууг үүрсэн. Тэрхүү зовлон дунд Христ биднийг төрүүлж, авралын зар гэх явц дунд нүглээр толботсон гэр бүлүүдийг одоо хэр нь шинэ амиар төрүүлж байгаа билээ.
Эдүгээ Христийн зовлонгийн замыг даган алхаж байгаа бид Бурханыг дуурайн, ах эгч дүүгийнхээ ачааг үүрэлцэн, алдаа эндлийг нь ч хүлцэн тэвчдэг болох хэрэгтэй. Золиос хайрын эрхэм дээд тийм сэтгэлтэй болбол хүү охиных нь хувьд Эцэг Эхээ бид илүүтэй дуурайх юм.
Христийн амьдрал ямархуу байсныг бид сайн мэднэ. Авралын зар тараах үүргийг өгсөн нь биднийг Эцэгийн золиосын замыг төдийгүй Эхийн хайрын замыг ч бүгдийг нь дуурайлгах гэсэн Бурханы гүн хүсэл байсан юм. Тэнгэрийн орны яруу алдарт зам руу Бурхан ингэж л хөтөлж байна.
“Хотод гэрэлтүүлэх нар, сар хэрэггүй ажээ. Учир нь Бурханы цог жавхлан түүнийг гэрэлтүүлэх бөгөөд дэнлүү нь Хурга байлаа. … Аливаа бузар ба жигшүүрт зүйл үйлддэгсэд, худал хуурмаг нь хэзээ ч тийшээ орохгүй. Харин зөвхөн Хурганы амийн номд нэрс нь бичигдэгсэд л орох ажгуу.”Илч 21:23-27
Ариун хотод орж чадах хүн нь зөвхөн Эцэг Эхийг дуурайсан гэм зэмгүй хүмүүс. Тэнгэрийн орон хичнээн үзэсгэлэнтэй бол, бид өөрчлөгдөөд ямар төрхтэй байх бол гэдгийг мэдмээргүй байна гэж үү? Эхийг залаад Эцэгийнхээ гэрт хурдан очих сон гэж хүсэхгүй байна уу? Үнэхээр хүсэж байвал хэн ч харсан биднийг Бурханыг дуурайсан хүүхэд гэж хүлээн зөвшөөрөх хэмжээнд Христийн жишээг дагах хэрэгтэй.
Тэнгэрийн орны хаалгыг цэлийтэл нээгээд биднийг баярлан угтах тэнгэр элч нарыг нэг бодоод үзээрэй. Тэр өдөр бид Бурханыг бүрэн дуурайж чадаагүйдээ тэнгэр элч нарт хөөгдөн гадуурхагдвал хичнээн харамсан, цурхиран уйлах бол? Зовлонгийн ором, хайрын сэтгэл, шинэ гэрээний сайн мэдээг тараахын төлөө өдөр шөнөгүй хичээж зүтгэх нь Христийн мөрийг яг дуурайсан хүний онцлог юм.
Хэдийгээр одоо бид сул дорой, дутуу дулимаг, ядуу зүдүү байсан ч Бурханыг ч хайрлан, тэнгэрийн хаанчлалыг ч хайрлан, алдагдсан зуун дөчин дөрвөн мянган ах эгч дүүгээ гэсэн чинхүү сэтгэлтэй байж, өргөст зовлонгийн замыг ч талархалтайгаар, баяртайгаар дагах хэрэгтэй. Бурханыг бүх талаар дуурайж, үндэстнүүдийн алдар, хүндэтгэл, Бурханы яруу алдрын гэрэл дүүрэн байдаг ариун хотод заавал бүгд ороорой.