Амилалтын баяр

21,049 үзэлт

2000 жилийн өмнөх Есүсийн амилалт бидний итгэлийн амьдралтай салшгүй холбоотой, асар чухал үйл явдал юм. Христ үхэгсдээс амилснаараа үхвэл бүх зүйл дуусна гэж бодож байсан хүн төрөлхтөнд махан биеийн үхлийн дараа ч мөнхийн тэнгэрийн хаанчлалд Бурхантай хамт аз жаргал эдлэх мөнхийн амьдрал байгааг ухааруулсан билээ.

Амилалтын баяр нь Есүс Христийн амилсан өдөр. Тийм болохоор үхлийн эрх мэдлийг устгасан Бурханы хүч чадлыг дурсах өдөр. Амилалтын баярын үүсэл болон утга учрын талаар Библиэс судлан үзээд амилалтын найдвараа зүрхэндээ хадгалан, мөнхийн тэнгэрийн хаанчлалыг чиглэн явах Сионы гэр бүлүүд болоорой.

Амилалтын баярын үүсэл

Хуучин гэрээний 3 удаагийн 7 баяр израиль ард түмнийг Египетээс гараад Канааныг чиглэн явах үед Мосегийн үйлсийн дагуу тогтоогдсон юм. Амилалтын баярын үүслийг ч Мосегийн ул мөрөөс олж харж болно.

“… Фараон болон түүний түшмэдийн зүрх ард түмний эсрэг болон хувирч, тэд —Бид Израилийг өөрсдөдөө үйлчлүүлэлгүй явуулснаараа юу хийчих нь энэ вэ? гэцгээв. Фараон тэрэгт цэргээ бэлтгэж, хүмүүсээ авав. Зургаан зуун шилдэг тэрэгт цэрэг болон Египетийн бүх тэрэгт цэргийг тусбүрийнх нь даргатай хамт тэр авав.” Гэт 14:1-7

“Мосе гараа далай дээгүүр сунгав. ЭЗЭН шөнийн турш дорнын хүчит салхиар далайн усыг ухраасанд ус хуваагдаж, хуурай газар гарав. Израилийн хөвгүүд далай дундуур хуурай газраар явахад ус тэдний баруун зүүн талд хана мэт байв. Египетчүүд араас нь хөөж, Фараоны бүх морьд, түүний тэрэгт цэрэг ба морин цэргүүд тэдний араас далай уруу оров. … Мосе далай дээгүүр гараа сунгалаа. Египетчүүдийг ус сөрөн зугтаж байхад нь үүрийн гэгээнээр далай буцаж хэвэндээ оров. ЭЗЭН, египетчүүдийг далайн дунд живүүлэв. Ус буцан ирж, тэрэгт цэрэг ба морин цэргүүд буюу израильчуудын хойноос далай уруу орсон Фараоны бүх цэргийг бүрхэн авсанд тэднээс нэг нь ч үлдсэнгүй. Харин Израилийн хөвгүүд далай дундуур хуурай газраар явж, ус тэдний баруун зүүн талд хана мэт байв. Ийнхүү ЭЗЭН тэр өдөр Израилийг египетчүүдийн гараас аварлаа. …” Гэт 14:21-30

Алгасал баяр сахиад Египетээс гарч Канааныг чиглэн явж байсан израиль ард түмэн тэр даруй Египетийн цэргүүдэд хөөгдсөн юм. Тэдний өмнө Улаан тэнгис хөндөлсөж байлаа. Аюул эрсдэлд орсон ард түмэн хашхирмагц Бурхан Мосед таягаа сунган Улаан тэнгисийг хуваахыг зааварчлав.

Израиль ард түмэн Бурханы хүч чадлаар Улаан тэнгис гатлаад, ариун тооллын 1 сарын 22-ны өдөр, өнөөгийн гаргийн тогтолцооны дагуу бол ням гаргийн үүрээр эсэн мэнд хуурай газарт гарсан юм. Далайн ус буцаж нийлээд, тэднийг хөөж байсан Египетийн цэргүүд Улаан тэнгист оршуулагджээ.

Израиль ард түмэн Египетээс гарснаас хойш Улаан тэнгисийг гатлах хүртэл амссан зовлонг нь дурсан сануулахаар Бурхан Исгээгүй талхны баярыг тогтоосон юм. Нөгөөтэйгүүр Улаан тэнгисийг гатлан хуурай газарт гарсан явдлыг сануулахаар Ургацын анхны үрийн баярыг тогтоосон аж.

“ЭЗЭН, Мосед айлдахдаа… “Миний та нарт өгч буй нутагт ирж, ургацыг нь хураахдаа та нар ургацынхаа анхны үр жимсний багцыг тахилчид авчрагтун. Та нар хүлээн авагдахын тулд уг багцыг тэрээр ЭЗЭНий өмнө даллана. Амралтын өдрийн дараагийн өдөр тахилч түүнийг даллана. … Энэ нь амьдрах газар бүрд чинь хамаг үеийнхэнд чинь улиран үргэлжлэх зарлиг болой.” Лев 23:9-14

Ургацын анхны үрийн баяр нь Исгээгүй талхны баярын дараах Амралтын өдрийн дараагийн өдөр буюу ням гарагт сахидаг баяр юм. Энэ өдөр ургацынхаа анх боловсорсон үр жимсийг Бурханд хүлээн авхуулах үүднээс даллаж, тахил өргөдөг байжээ. Даллаж тахил өргөнө гэсэн утгаар Даллах өргөлийн баяр, тахилыг дээш өргөнө гэсэн утгаар Өргөх тахилын баяр ч гэж нэрлэдэг. Есүсийн амилсан өдөр нь энэхүү Ургацын анхны үрийн баяр байсан юм.

Ургацын анхны үрийн баярын зөгнөлийг биелүүлсэн Есүс

Баяр нь хожим Христийн биелүүлэх ажлын зөгнөл юм. Есүс Христ Алгасал баяраар шинэ гэрээ байгуулаад хүн төрөлхтнийг нүглээс аварч, тэр шөнөдөө баригдан Исгээгүй талхны баяраар загалмайд зовлон амсан, Исгээгүй талхны баярын дараах анхны Амралтын өдрийн дараагийн өдөр болох Ургацын анхны үрийн баяраар амилсан юм. Израиль ард түмэн Улаан тэнгист орсон нь Есүс булшинд орохыг, Улаан тэнгисийг гатлан хуурай газарт гарсан нь Есүсийн амилалтыг илтгэж байна. Бидний хүртэж байгаа баптисмд ч энэхүү утга шингэсэн байдаг.

Хуучин гэрээний Ургацын анхны үрийн баярын зарлигаар дамжуулан Есүс Христийн амилалт нь Ургацын анхны үрийн баяртай нягт холбоо хамааралтайг батлан харж болно.

“Харин чухамдаа Христ үхэгсдээс амилуулагдсан бөгөөд нойрсогсдоос анхны үр жимс мөн.” 1Кор 15:20

Есүс Христ амилснаараа “нойрсогсдоос анхны үр жимс” болсон. Хуучин гэрээний баярын дагуу харвал Ургацын анхны үрийн баярын тахил болсон юм. Тиймдээ ч Амралтын өдрийн дараагийн өдөрт Ургацын анхны үрийн баярын тахил өргөж байсан шиг зөгнөлийн хувьд Есүс ч мөн зайлшгүй Амралтын өдрийн дараагийн өдөр амилах ёстой байсан юм.

“Харин долоо хоногийн эхний өдөр, эрт үүрээр тэд булшин дээр ирэхдээ, бэлдсэн анхилуун үнэртнээ авчрав. Булшнаас хадыг өнхрүүлэн зайлуулсныг тэд хараад дотогш орсон боловч Эзэн Есүсийн цогцсыг олсонгүй. Ийнхүү тэднийг хэрхэхээ үл мэдэн байтал, үзэгтүн, гэрэлтсэн хувцастай хоёр хүн гэнэт тэдний хажууд зогсож байлаа. Мөнөөх эмэгтэйчүүд айн сандарч нүүрээ газар хүртэл бөхийлгөсөнд тэд —Та нар юунд үхэгсдийн дунд амьд Нэгэнийг хайна вэ? Тэр энд байхгүй, Тэр амилсан. …” Лук 24:1-7

Зөгнөлийн дагуу Есүс долоо хоногийн эхний өдөр буюу Амралтын өдрийн дараагийн өдөр ням гарагт амилсан юм. Тэрээр анхны үр жимс болохынхоо хувьд Бурханд өргөгдөх Ургацын анхны үрийн баярын зөгнөлийг биелүүлсэн хэрэг.

Өнөөгийн ихэнх сүм Есүс ням гарагт амилсан болохоор шинэ гэрээний үед долоо хоног бүрийн ням гарагт мөргөл тэмдэглэх ёстой гэж үздэг. Гэвч Библид Амралтын өдөр болон Амилалтын баяр нь тусдаа өөр өөр баярууд юм. Амралтын өдөр нь тэнгэр газрыг бүтээсэн Бүтээгч Бурханыг дурсах долоо хоног тутмын баяр, Амилалтын баяр нь Христийн амилалтыг дурсах жил тутмын баяр болохоор утга агуулгын хувьд ч тэс өөр гэдэг нь илт байна. Хуучин гэрээний үеэс Ургацын анхны үрийн баярыг Амралтын өдрийн дараагийн өдөр болох ням гарагт хийдэг байсан ба Есүс ч Ургацын анхны үрийн баярын зөгнөлийг биелүүлэн ням гарагт амилсан шүү дээ.

Сүнсний нүд нээж өгдөг Амилалтын баярын талх

Дэлхий дээр олон сүмд Амилалтын баяраар Улаан өндөгний баяр тэмдэглэж, будаж чанасан өндөг иддэг зан үйл бий. Тэд өндөгнөөс дэгдээхий гарна гэсэн үүднээс амилалтын утга учир үүнд бий гэж зүтгэдэг. Гэвч чанасан өндгөнд амьтай зүйл байгаа гэж итгэж байгаа нь хачирхалтай хэрэг шүү дээ. Уг баярын өндөгний тухай авч үзэхэд эртний Европт хаврын эмэгтэй бурхан Ийстерийг (Eostre) бэлгэддэг байсан өндөг христийн шашны зан үйл болж орж ирсэн хэрэг. Тиймд энэ нь Библийн хаана ч байхгүй харийн шашны зан үйл юм.

Библийн дагуу бол Амилалтын баярын зарлигт ямар зан үйл байдгийг Лук номноос судалцгаая.

“Үзэгтүн, тэр өдөр (амилсан өдөр) тэдний хоёр нь Иерусалимаас жаран стадиа зайтай байдаг Еммау хэмээх тосгон уруу явж байжээ. Тэд болсон бүх зүйлийн талаар өөр хоорондоо ярьж байв. Тэднийг ийнхүү ярьж хэлэлцэн явтал, Есүс Өөрөө тэдний дэргэд ирээд, цугтаа алхав. Гэвч тэдний нүд халхлагдаж, Түүнийг таньсангүй. … Тэгээд Тэр тэдэнтэй хамт ширээнээ тухлан сууж, талх авч, ерөөгөөд хувааж тэдэнд өгөв. Тэдний нүд нээгдэж, Түүнийг танив. Есүс нүдэнд нь харагдахгүй алга болжээ. Тэд нэг нэгэндээ —Замд Тэр бидэнтэй ярилцаж, Бичвэрийг бидэнд тайлбарлаж байхад нь зүрх маань [бидний дотор] шатаж байсан бус уу? гээд, …” Лук 24:13-35

Еммау руу явж байсан хоёр шавь нь амилсан Есүстэй хамт алхаж байсан ч нүд нь халхлагдан Есүсийг таньж чадаагүй. Есүс талх хуваан өгөхөд тэдний сүнсний нүд нээгдэж, Христийг зөв ухааран, бат итгэлтэй болсон байна.

Сатан Адам Еваг сайн муугийн жимс идүүлэхийн төлөө мэхэлж, нүглийн нүдийг нь нээсэн. Харин Христ талх хуваан шавь нартаа өгснөөр Христийг таних нүд нээгдэж буй хэрэг. Энэ мэт Амилалтын баяр нь бидэнд сүнслэг нүд нээж өгдөг Бурханы хүч чадал шингэсэн баяр юм. Энэ нь Амилалтын баярын талхны үүсэл болсон юм. Бурханы сүмийнхэн сүнсний нүд нээх талх хуваах ёслолыг Амилалтын баярын зарлиг болгон сахиж ирсэн байдаг (Үйл 20:6-7 үзэх).

Өнөө үед Библийн дагуу Амилалтын баяр сахидаг сүм ч зөвхөн манай Бурханы сүм. Бид Ан Сан Хун Христийн зааж өгсөн Библийн зарлиг ёсоор талх хувааж, Сүнс болон Сүйт бүсгүй болсон Эцэг Бурхан, Эх Бурханд итгэх жинхэнэ итгэл дотор байж, Амилалтын баярын утга учрыг судалж мэдэж байна. Амилалтын баярын талхаар сүнсний нүд нээж, Бурханыг таниулдаг гэдгийг бодит байдал дээр ч баталж болно.

Христ амилсны утга учир

Христийн амилалт нь үхэл ба Үхэгсдийн орны эрх мэдлийг устгасан тул үхлээс айж бүх насаараа үхлийн гинжинд хүлээстэй байсан хүн төрөлхтөнд амьд найдвар авчирсан юм (Евр 2:14-15).

“… үхэгсдээс амилсан Есүс Христийн амиллаар биднийг амьд найдвар өөд, мөхөшгүй, бузартаагүй, алга болчихгүй бөгөөд та нарын төлөө тэнгэрт хадгалагдсан өв өөд дахин төрүүлсэн.” 1Пет 1:3-4

“… Үхэгсдийн амилал байхгүй бол Христ ч амилуулагдаагүй болно. Христ амилуулагдаагүй бол бидний тунхаглал хоосон, та нарын итгэл ч хоосон болно. … Бид зөвхөн энэ амьдралынхаа төлөө Христэд найдсан бол бид бүх хүмүүсээс хамгийн өрөвдөлтэй нь болно. Харин чухамдаа Христ үхэгсдээс амилуулагдсан бөгөөд нойрсогсдоос анхны үр жимс мөн.” 1Кор 15:12-20

Амилалт байхгүй бол бидний итгэл хоосон болно. Харин Есүс үхэгсдээс амилснаараа биднийг ч бас шинэ амиар амилан, мөнхийн тэнгэрийн хаанчлалд орж чадна гэсэн найдвар өвөрлүүлсэн юм. Амилалт ба мөнх амийг Өөрийн биеэр жишээ үзүүлэн, итгэж болохуйц баримт бидэнд өгсөн юм. Ингэснээр бид жинхэнэ итгэлтэй болж, Бурханы үнэн гэрч болсныхоо хувьд мөнхийн тэнгэрийн хаанчлалын өвийг өвлөн авах учиртай.

“Та нар мөнх амьтай гэдгээ мэдээсэй гэсэндээ би Бурханы Хүүгийн нэрд итгэдэг та нарт үүнийг бичлээ. …” 1Иох 5:13-15

“Есүс дахин чангаар хашхираад амьсгал хураав. Үзэгтүн, сүмийн хөшиг дээрээсээ доош хүртэл хоёр хэсэг болон цуурсан ба газар хөдлөн хад чулуу бут үсэрч, булш нээгдэн нойрссон олон ариун хүний биес амилуулагдаж, Есүсийн амиллын дараа булшнуудаас гарч, ариун хотод орж, олонд харагджээ.” Мат 27:50-53

Есүс Христ бидэнд Алгасал баярын талх ба усан үзмийн дарсаар мөнх амь амлан, Амилалтын баяраар үхлийн эрх мэдлийг устгасан юм. Ертөнцөд олон хүн үхвэл бүх юм дуусна гэдэг ч үнэн дотор байгаа итгэгчдэд махан биеийн үхэл нь эцэс төгсгөл биш. Мөнхийн амь зөвшөөрөгдсөн бидэнд төгсгөл гэж байхгүй. Зөвхөн мөнхийн тэнгэрийн хаанчлалд л найдвараа тавин амилалтын яруу алдарт бүгдээрээ хамт оролцоцгооё.

Амилалтын амьд найдвар болон итгэл

Махан биеэр ирсэн Есүс ард түмнийхээ бүх нүглийг үүрч, амьсгал хураавал тэнгэрийн эрх мэдэл өөрийнх нь болно гэж Сатан бодсондоо Есүсийг загалмайд цовдолсон юм. Харин ганц цаг ч үхэж чадахааргүй мөнхийн амь болсон Есүс амилж, ингэснээрээ үхлийн эрх мэдлийг атгагч Сатаныг үлдэн хөөж, биднийг ч сүүлчийн бүрээнээр амилан, өөрчлөгдөх болно гэдгийг мэдүүлж өгсөн хэрэг.

Энэ нь Есүст итгэн дагадаг шавь нарт асар их найдвар, баяр хөөрийн мессеж байсан юм. Тиймээс элч нар болон анхны сүмийн итгэгчид сайн мэдээ тунхаглах газар болгондоо амилалтын талаар ч бас тунхаглаж байсан аж.

“… Учир нь бид Есүс үхсэн бөгөөд амилсанд итгэдэг агаад Есүсээр нойрсогсдыг Бурхан Түүний хамт тийнхүү авчирна. … Учир нь, Эзэн Өөрөө тушаалын уухай, тэргүүн тэнгэрэлчийн дуу ба Бурханы бүрээнээр тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христ дотор үхэгсэд эхлээд амилна. Дараа нь амьд үлдсэн бид тэдэнтэй хамт агаарт Эзэнтэй уулзахаар үүлэн дунд өргөгдөж, тийнхүү Эзэнтэй үргэлж хамт байх болно. Тиймээс эдгээр үгсээр бие биенээ тайвшруул.” 1Тес 4:13-18

Анхны сүмийн итгэгчид махан биеийн зовлонтой тулгарч, амиа зориулж байхдаа ч хүртэл сүнс нь амилан үргэлж Эзэнтэй хамт байна гэдэгтээ итгэсээр байсан юм. Амилалтын найдвар нь тэдний итгэлийг бэхжүүлж байсан учраас хүмүүсээс хавчлага, доромжлол амссан ч Христийн загалмайн амьдралыг дуртайяа дагаж байжээ.

Энэ үед амьдарч байгаа бид ч бас амилалтын найдвараа гээх ёсгүй юм шүү. Христ дотор үхэгсэд амилж, амьд үлдсэн нь өөрчлөгдөөд, тэнгэрт мөнх амийн аз жаргал эдэлнэ гэсэн үг бол чин үнэн Бурханы амлалт юм.

“… Энэ нь муудах байдал дор таригдаж, үл муудах байдал дор амилуулагдана. Энэ нь үл хүндлэл дор таригдаж, алдар дор амилуулагдана. Энэ нь мөхөс байдал дор таригдаж, хүч дор амилуулагдана. Энэ нь төрөлх биеэр таригдаж, сүнслэг биеэр амилуулагдана. Төрөлх бие байдаг бол сүнслэг бие ч мөн байгаа. … Ингэхдээ нүд ирмэхийн зуур, нэг агшинд, сүүлчийн бүрээнээр. Учир нь бүрээ дуугарч, үхэгсэд үл муудахаар амилуулагдаж, бид өөрчлөгдөнө. Учир нь муудах нь үл муудахыг өмсөх ёстой бөгөөд үхдэг нь үхэшгүйг өмсөх ёстой. Энэхүү муудах нь үл муудахыг өмсөж, үхдэг нь үхэшгүйг өмсөх үед “Үхэл ялалтад залгигдлаа” гэж бичигдсэн үг биелнэ. …” 1Кор 15:35-55

Бидэнд төрөлх бие төдийгүй хожим өмсөх сүнслэг бие ч байгаа. Сүүлчийн бүрээнээр үхэгсэд үл муудах биеэр амилуулагдаж, бид ч үхэшгүй биеэр нүд ирмэхийн зуур өөрчлөгдөх болно гэсэн тул үүнээс илүү үнэ цэнэтэй амлалт гэж хаана байхсан билээ?

Хүн хичнээн их эд хөрөнгө, өндөр мэдлэг боловсролтой байлаа ч эцэстээ бүгд л үхнэ. Үхэл гэнэт нөмрөхөд хэн боловч өнгөрсөн амьдралаа эргэн хараад хоосон, хоосны хоосон байж гэж л санаа алдана. Харин Бурхан энэ газрын амьдралаар бүх зүйл дуусахгүй гэдгийг зааж өгсөн юм.

Биднийг мөнхийн амь хүлээж байна. Бурхантай хамт сансар огторгуй дахь тэнгэр элчийн ертөнцөөр аялах яруу алдар, өнгөрсөн үеийн хамаг өвчин зовнил, гуниг харууслаа ардаа орхин өдөр бүр шинээр бүтээгдэх аз жаргалт цаг мөч мөнхийн мөнхөд бидэнд бэлтгэгдсэн байгаа. Хүүхдүүд нь эцэс хүртэл итгэлээ сахиад, амийн титмээс чанга зуураад, тэнгэрийн хаанчлалдаа эргээд ирэхийг Бурхан туйлын ихээр хүсэж байгаа.

“Тиймээс хайрт ах дүү нар минь, та нарын зүдэл зүтгэл Эзэн дотор хоосон биш гэдгийг мэдэж, тууштай байж, гуйвж дайвалгүй, Эзэний үйл хэргээр үргэлж бялхаж бай.” 1Кор 15:58

Мөнхийн тэнгэрийн хаанчлал дахь тэнгэр Эцэг Эхийн хүүхэд, хаан тахилч болохынхоо хувьд гүйцэтгэх үүргээ төсөөлж бодоод үзээрэй. Одоогийн бидний зүдэл зүтгэл Бурхан дотор огтхон ч хоосон биш гэдэгт итгээд, тууштай итгэлээр Бурханы үйл хэргээр үргэлж бялхацгаая.

Христ загалмай дээр амьсгал хурааснаараа шантарч няцсан шавь нарынхаа сэтгэлд эрч хүч, баяр хөөр өгсөн өдөр бол Амилалтын баяр юм. Энэ газрын амьдралыг хамаг утга учраа гэж бодон амьдарч байгаа хүмүүс “амилалт” гэх Бурханы мессежийг сонсох юм бол хичнээн их баярлах бол оо? Сионы гэр бүлүүд маань энэхүү ерөөлтэй мэдээг бүх хүнд тунхаглаад, бүгдэд нь мөнхийн тэнгэрийн хаанчлалын найдварыг түгээгээрэй гэж хүсмээр байна.