Золиос, хайрын Эх

17,765 үзэлт

Библид “Бурхан бол хайр” хэмээн тэмдэглэсэн байдаг (1Иох 4:8). Өөрийн золиосоороо амийн үнэний шинэ гэрээг босгож өгсөн Эцэг Бурхан болон одоо энэ цаг мөчид ч хүртэл мөнхийн тэнгэрийн хаанчлал өөд хөтлөхөөр нөр их хичээж буй Эх Бурхан маань бид бүхнийг өнөөдрийн энэхүү байр сууринд хүргэсэн юм.

Эцэгийн маань хайр хэмжих аргагүй, Эхийн маань хайр түүнээс бүр ч илүү хэмжээлшгүй, хязгааргүй их билээ. Сионы гэр бүлүүдийн бие биедээ туслан хайраар нэгддэг тэр хүч Эх Бурханаас гарсан гэж хэлмээр байна. Эхийн хязгааргүй золиос, хайр л үл үзэгдэх сүнсний ертөнцөд Сатаны бүх саадыг хөөн зайлуулж, үр хүүхдүүд биднийгээ ялалтанд хүртэл хөтөлдгийг Библиэр дамжуулан баталж үзье.

Харамгүй хайр

Эрт урьд цагт нэгэн багш шавь нарынхаа хамтаар ухаарал олж авахаар урт аян замд гарч гэнэ. Тэд ертөнцөд хамгийн сайхан хайр юу болох талаар мэтгэлцэн явсаар нэгэн тосгонд хүрчээ. Гэтэл тосгоныг бүхэлд нь гэнэтийн гай зовлон дайрсан ч юм уу тэнд хүний яс уул овоо мэт овоорон байж гэнэ.

Олон хүний яс хөглөрсөн байдлыг хараад багш нь гэнэт нэг юм санаанд нь орсон мэт шавь нараасаа энэ дотроос эмэгтэй хүний яс олж чадах уу? гэж асуув. Шавь нар нь бие биенийхээ царайг л харж зогсохоос яс ялгахаар хүн байсангүй.

Тэгэхэд нь багш нэг яс гартаа бариад “Энэ эмэгтэй хүний яс байна” гэж гэнэ. Шавь нар гайхан энэ олон ясан дотроос яаж эмэгтэй хүний яс гэдгийг амархан гэгч нь мэдэв хэмээн асуужээ. Тэгэхэд багш учир явдлыг тайлбарлаж өгөв.

“Эхлээд эмэгтэй хүний амьдралыг бодоод үз дээ. Эмэгтэй хүн бага байхаасаа л эмэгтэй гэдгээрээ үргэлж эр хүнээс доогуурт тооцогддог. Гэрлэж хүүхэдтэй болбол биедээ байгаа бүх шим тэжээлийг хүүхдэдээ хувааж өгнө. Үр хүүхдээ төрүүлэх гэж өөрийн цусаа заавал урсгана. Бас үр хүүхдээ хооллох хэрэгтэй. Ингээд бодохоор эмэгтэй хүний мах төдийгүй ясанд нь шим тэжээл үлдэх арга байна уу? Эмэгтэй хүний ийм л гашуунаас гашуун гэгч хувь заяа ясыг нь үүн шиг хөнгөн, хар өнгөтэй болгочихдог юм” гэв.

Шавь нар багшийнхаа яриаг сонсоод, бүгд ээжийгээ бодов. “Эх хүний амьдрал ийм л байдаг юм байна. Бүгдийг өгдөг болохоос өөртөө авдаг нь юу ч байдаггүй юм байна.” Тэд ийн ухаараад хэсэг нам гүм болж орхилоо. “Үрээ хэвлийдээ тээж төрүүлээд, өсгөх явцдаа бүхнээ үрдээ өгч, ясан доторх чөмгөө хүртэл бүрэн шавхаж өгдөг нь эх хүн тул яс нь хөнгөн байлгүй яахав” гэсэн багшийнхаа үгэнд шавь нарын сэтгэл ихэд хөдөлж, бүгд ээжийгээ бодон нулимс унагасан гэдэг.

Эх хүн үр хүүхдүүддээ аливааг болзолгүйгээр өгдөг. Өөрт байгаа бүхнээ хүүхдүүддээ зориулна. Зөвхөн өгөх л гэж зүтгэдэг нь эх хүн. Яагаад энэ газар дахь бүхий л ээжүүдийн амьдрал ийм байдаг юм бол? Бурхан эх хүнийг юуны учир ингэж бүтээв?

Үр хүүхдийнхээ төлөө байнга өгч халамжилдаг, өөрөө хүнд хэцүү байлаа ч үрийнхээ сайн сайхны төлөө гэдэг золиос, хайр нь эх хүний төрөлх мөн чанар биш үү гэж бодогдоно. Энэ нь бидний тэнгэр Эхийн эрхэм нандин сүнслэг мөн чанар тул Бурхан энэ газрын ээжүүдийн сэтгэлд ийм сэтгэл оюуныг суулгаж өгсөн гэж итгэж байна.

Иерусалимыг хайрлагч ба Иерусалимд үйлчилдэггүй хүн

Багшийнхаа ярианаас ухаарал олж авсан шавь нарын сэтгэл ихэд хөдөлж, ээжийгээ бодон нулимс дуслуулсан шиг бид ч мөн сүнснийхээ Эхийн золиос, хайрыг нь ухаарч, цээжиндээ гүнээ хадгалах учиртай хэмээн бодогдоно.

““Иерусалимыг хайрлагчид бүгд түүнтэй баясан цэнгэгтүн. Түүний төлөө гашуудагсад бүгд түүнтэй хамт хөөрөн баясах нь Түүний тайвшруулагч мээмнээс хөхөж цадахын тулд, хөхөж элбэг хангалуун алдарт нь баярлахын тулд юм.” Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би түүнд амар тайвныг гол мэт, үндэстнүүдийн алдрыг үерийн урсгал мэт болгоно. Та нарыг гар дээр өргөн өвдөг дээр энхрийлнэ. Эх нь хүнийг тайвшруулах адил Би та нарыг тайвшруулж, та нар Иерусалимд тайвшрах болно.” Үүнийг үзээд зүрх тань баясаж, яс тань ургамал ногоо мэт сэргэнэ. ЭЗЭНий мутар боолууддаа мэдэгдэнэ. Харин дайснуудаа Тэр зэвүүцнэ.” Иса 66:10-14

Галат номноос үзвэл “Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм (Гал 4:26)” хэмээсэн байдаг. Түүнчлэн “Иерусалимыг хайрлагч” гэдэг нь сүнсний Эхийгээ хайрладаг хүн гэсэн утгатай. Эх маань мах цуснаасаа таслан хувааж, эцэст нь үлдсэн ясаа хүртэл хуваагаад өөр хуваах зүйлгүй болж хөнгөртлөө бидэнд хичнээн их хувааж өгсөн бол? Өвдөлт, гунигаа ямар их тэвчсэн бол? Ухаарна гэдэгт тань итгэж байна.

Иерусалим Эхийн хайрыг ухаардаг хүнд Бурханы ерөөл, харин Бурханы хайрыг ухаардаггүй урвагчид Бурханы уур хилэн бууна.

“Бос, гэрэлт. Учир нь гэрэл чинь ирж, ЭЗЭНий алдар чиний дээр мандаж байна. Үзэгтүн, газрыг харанхуй, хүмүүсийг гүн харанхуй бүрхэнэ. Гэвч ЭЗЭН чиний дээр мандаж, алдар нь чиний дээр үзэгдэнэ. Үндэстнүүд гэрэл уруу чинь, хаад мандах туяа уруу чинь ирнэ. Хараагаа өргөн эргэн тойрноо харагтун. Тэд бүгд цуглан чам дээр ирж байна. Хөвгүүд чинь алс холоос ирнэ. Хажууд нь охид чинь тэврүүлэн ирнэ. … Үүл мэт, үүрэндээ буцах тагтаанууд мэт нисэж буй тэд хэн бэ? Тэр чамайг алдаршуулсан учир Бурхан ЭЗЭНий чинь нэрд, Израилийн Ариун Нэгэнд хөвгүүдийг чинь мөнгөтэй, алттай нь, алс холоос авчрахын тулд Таршишийн усан онгоцнууд эхэнд нь ийнхүү эргийн орнууд Намайг харуулдана. … Чамд үйлчлэхгүй байх үндэстэн, хаанчлалууд сөнөнө. Тийм үндэстнүүд бүрмөсөн устгагдана.” Иса 60:1-12

Исаиа номын 60-р бүлгийн зөгнөлд хожим илчлэгдэх Иерусалимын яруу алдрыг магтан дуулсан байдаг. Мөн Иерусалимд үйлчлэхгүй бүх үндэстэн, хаанчлалуудыг эцсийн өдөр шүүнэ гэсэн Бурханы анхааруулгыг ч мөн тунхагласан юм.

Иерусалимын яруу алдар дэлхий дахинд

Хамгийн өчүүхэн байсан Бурханы ард түмэн хүчирхэг үндэстэн болъё гэвэл Иерусалимын яруу алдрын гэрлийг дэлхий даяар гэрэлтүүлэх хэрэгтэй. Эцэг Бурхан маань бидэнд Иерусалимын яруу алдрын гэрлийг дэлхий даяар түгээхдээ бүү амраарай хэмээн айлдсан.

“Намайг алдаршуулахын тулд Миний тарьсан мөчир, мутрын минь бүтээл болох Чиний ард түмэн бүгд зөвт болж, газрыг мөнхөд эзэмшинэ. Хамгийн өчүүхэн нь мянга болж, хамгийн дорой нь хүчирхэг үндэстэн болно. ЭЗЭН Би цагт нь яаравчлуулах болно.” Иса 60:21-22

“Иерусалим аа, Би хэрмэн дээр чинь харуулуудыг тавив. Тэд өдөр ч, шөнө ч дуугаа хураахгүй. ЭЗЭНийг дурсагч нар аа, бүү амрагтун. Тэр босгон байгуулж, Иерусалимыг газрын магтаал болгох хүртэл нь Түүнд бүү амралт өгөгтүн.” Иса 62:6-7

Библид Иерусалимын яруу алдрыг дэлхий даяар тунхаглахдаа бүү амрагтун гэж дахин дахин шаардаж байна. Эхийн элэг эмтлэм золиос, хайр, хүчир хөдөлмөрийг ойлгодог л бол Түүний яруу алдрыг Самари ба дэлхийн хязгаар хүртэл тунхаглах ёстой юм.

Энэ газар дахь эх хүний дүр байдлаар тэнгэр Эхийнхээ золиос, хайрыг бид жаахан ч атугай ойлгож болно. Энэ газарт байдаг тогтолцоо, хийгддэг ажил нь тэнгэрлэг юмсын хуулбар ба сүүдэр бөгөөд бүх юмс Бурханы хүслээр бүтээгдсэн гэсэн байдаг (Евр 8:5, Илч 4:11 үзэх).

Эцгийн хайр харагдахгүйгээр бат бөх гэгчийн хэрмийг босгодог бол эхийн хайр нь хүүхдүүдтэйгээ илүү ойр дотно, шууд харьцааг бий болгоно. Үр хүүхэд нь гал дунд, туйлын цөхрөм байдалд байна гэж бодож үзье л дээ. Тэр үед эцэг хүн байдлыг эргэцүүлэн байж шийддэг бол эх хүн төрөлх зөнгөөрөө шийддэг гэнэ. Эцэг хүний “Гал ийм хэмжээтэй байгаа юм чинь, тийшээ гүйж ороод хэдэн секундын дотор хүүхдээ гаргаж авч чадахгүй л бол хоёул хоёулаа үхэх юм байна” гэж бодох шийдвэр нь түрүүлдэг. Харин эх хүн хүүхдээ аврахын төлөө хүүе гэхийн завдалгүй нэн түрүүнд гүйгээд ордог. Эх хүний хайр ийм л ямар ч болзолгүй байдаг.

Эхийн золиос, хайраар өгөгдсөн ялалт

Энэ мэтээр үр хүүхдийнхээ амийг л аварна гэвэл бүхнээ харамгүй золиосолдог Эхийн хайр дотор сүнсний хүүхдүүд нь өсөж том болдог тул Сатантай хийсэн сүнсний дайнд эмэгтэйн бусад үр удам эцэстээ ялах болно.

“Би тэр эмэгтэй та хоёрын хооронд, бас чиний үр, тэр эмэгтэйн үрийн хооронд дайсагнал үүсгэнэ. Тэр үр толгойг чинь бяцалж, түүний өсгийг чи няцална гээд” Эхл 3:15

Бурхан могой эмэгтэй хоёрын хооронд дайсагнал үүсгэнэ гэсэн. Энэ эмэгтэйг Библид “амьд бүхний эх” гэж тодорхойлсон байдаг (Эхл 3:20). Эмэгтэй (Эх) болон могой (диавол) хоорондоо дайсагнах юм. Мөн эмэгтэйн үр удам ба могойн үр удам ч хоорондоо дайсагнах аж.

Дайсан диавол биднийг тэнгэр Эхийн ариун хүслийг дагуулахгүй гэж түмэн зүйлийн төөрөгдлийн урхи тавьж байдаг. Энэ газар түрхэн зуур байж байгаад устах хоосон зүйлд цагийг нь дэмий үрүүлэх гэж элдэв ажил гаргаж ирдэг.

Сатаны мэхлэлийг сөрж ялахын тулд Иерусалим Эхийг хайрлах сэтгэлээр үгийг нь дуулгавартай дагаж, зааснаар нь хэрэгжүүлье гэсэн хичээл зүтгэл бидэнд заавал хэрэгтэй. Тэнгэр Эх маань хүүхдүүдийнхээ төлөө одоо энэ цаг мөчид ч ажиллаж, харамгүй зүтгэж байхад “би” чухам юу хийж байна? Махан биеийнхээ амрыг эрж, ая тухаа эрхэмлэх гэсэндээ цаг зав, сэтгэл зүрхээ их зориулж байна уу, эсвэл бусдад өгч, бусдыг халамжилж, Эхийнхээ хамтаар сүнсний авралын төлөө хичээж байна уу гэдгээ эргэн нэг харцгаая.

“Өнөөх асар том луу буюу бүх ертөнцийг мэхлэгч Диавол буюу Сатан гэгддэг хуучны могой доош хаягдав. Тэр дэлхий уруу хаягдлаа. Түүний хамт тэнгэрэлч нар нь ч доош хаягдав.” Илч 12:9

“Луу мөнөөх эмэгтэйд хилэгнэж, Бурханы хуулиуд болон Есүсийн гэрчлэлийг сахидаг, эмэгтэйн бусад үр удамтай нь дайтахаар явав. Тэгээд тэр тэнгисийн эргийн элсэн дээр зогслоо.” Илч 12:17-18

Асар том луу доош хаягдсан гэсэн ба өнөөх лууных нь үнэн төрхийг хартал хуучны могой буюу Еден цэцэрлэг дэх өнөөх могой байсан байна. Тэр могой тэнгэрээс хөөгдсөн төдийгүй энэ газар эмэгтэйн эсрэг ярьж байна.

Библид луу болон могой гэж Сатаныг хэлдэг. Сатан Эх Бурханд хилэгнэж, Бурханы хуулиуд болон Есүсийн гэрчлэлийг сахидаг эмэгтэйн бусад үр удамтай дайтахаар тэнгисийн эргийн элс мэт их ард түмний дээр дарангуйлан зогсжээ. Гэвч эцэстээ бүх дайн Сатаны ялагдлаар төгсөнө.

“Мянган жил төгсөх үед Сатан шоронгоосоо суллагдан, дэлхийн дөрвөн өнцөгт буй үндэстнүүдийг, Гог болон Магогийг мэхлэн, тэднийг дайнд цуглуулахын тулд гарч ирнэ. Тэдний тоо тэнгисийн эргийн элс мэт аж. Тэд газрын энгээр нэг тарж, ариун хүмүүсийн хуаран, хайрлагдсан хотыг бүсэлжээ. Тэнгэрээс гал бууж тэднийг залгив. Тэднийг мэхэлсэн диавол хүхэр бүхий галт нуурт хаягдлаа. Тэнд мөн араатан болоод хуурамч эш үзүүлэгч байх агаад тэд үеийн үед өдөр шөнөгүй тарчилна.” Илч 20:7-10

Могой ба эмэгтэй, могойн үр удам ба эмэгтэйн үр удмын хооронд болсон сүнсний дайнд луу унтаршгүй мөнхийн галтай тамд үеийн үед тарчилснаар төгсөж байна.

Сатан Эхийг яавч дийлж чадахгүй. Хайр хэмээх хамгийн агуу хүчийг эзэмшигч нь Эх болохоор хэрхэн яаж дийлнэ гэж?

Хүүхдүүддээ ялалт авчирч өгсөн тэр агуу хүч бол амиараа хүртэл дэнчин тавьж, биднийгээ сахин хамгаалдаг Эхийн маань эцэс төгсгөлгүй хайр байсан юм. Тийм учраас Иерусалимыг хайрлагчид хаашаа ч явсан Иерусалимын яруу алдрыг гаргаж, Самари ба дэлхийн хязгаар хүртэл Иерусалимын золиос, хайрыг дамжуулдаг юм.

Золиосоор олдсон аврал

Сатан мөнхийн галтай тамд тарчлах болж, харин бид Эхийн хөтлөлийг дагаад ямар газар очихоо лавшруулан үзье.

“Тэр надад Бурханы болон Хурганы сэнтийнээс гарах болор мэт гялалзсан, амийн усны голыг үзүүлсэн нь гудамж дундуур урсаж байв. Голын хоёр талд арван хоёр төрлийн үр жимс ургуулан, сар бүр үр жимсээ боловсруулж буй амийн мод байлаа. Тэр модны навчис нь үндэстнүүдийг эдгээхийн тулд байв. Тэнд цаашид ямар ч хараал байхгүй болно. Мөн Бурхан ба Хурганы сэнтий тэнд байж, зарц нар нь Түүнд үйлчилнэ. Тэд Түүний царайг харна. Түүний нэр тэдний духан дээр байх болно. Тэнд цаашид шөнө болохгүй. Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас тэдэнд дэнгийн гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй болно. Тэгээд тэд үеийн үед хаанчилна.” Илч 22:1-5

Эх Бурхан хайртай хүүхдүүдээ Сатаны бүх заль мэхнээс эцэс хүртэл нь сахин хамгаалж, мөнх амийн замаар хөтлөн, эцэстээ үеийн үед хаанчлах тэнгэрийн хаан тахилч болгосон юм. Сүнсээр харвал ийн болох хүртэл Өөрийнх нь мах, яс сул дорой болж, дордохын дээдээр дордсон. Сайн бүхнийг нь хүүхдүүд бид авсан. Хүч болох зүйлээ бүгдийг нь хүүхдүүддээ өгсөн юм. 6000 жилийн уртаас урт хугацаа тэрхүү сүнсний дайн тулаан дунд өнгөрсөн билээ. Бид эмэгтэй хүний яс яагаад хөнгөн байдаг тухай тайлбарыг сонсоогүй байсан ч бүрэн ойлгож чадна.

Иерусалим тэнгэр Эхийн хайрыг ухаардаггүй хүмүүс тэнгэрийн хаан тахилчийн байр сууринд зогсож чадахгүй. Сатаны эрх мэдлийг унагаж, бас ялж чадахгүй. Эхийн хайрыг зүрхэндээ тээн хэрэгжүүлэх үед Эх мөнхийн ялалтыг олсны адил бид ч мөн “ялагч” болж чадна (Илч 3:12 үзэх).

Хайр байхгүй авралын зар нь амьгүй, үхмэл юм. Хий нүргэлэх харанга, хангинах цангаас өөрцгүй. Бурханы ариун хайр бидний цээжин дотор орших тэр л үед бид жинхэнэ авралын зар тарааж, жинхэнэ хайрыг хэрэгжүүлж чадна. Бидний дотор ажилладаг Эхийн хайр нь биднийг бие биедээ анхаарал халамж тавьдаг болгосон. Мөн хэн нэгэн буруу бодол тээх үед түүнийг нь засан залруулж, буруу байдалд байвал тэндээс нь гаргаж, бүгдийг хамтад нь тэнгэрийн хаанчлалд хүргэх юм.

Эхээс авсан хайраа ах эгч дүү нартайгаа, мөн хараахан үнэн дотор орж ирээгүй хөршүүд болон ертөнцийн хүмүүстэй хуваалцъя. Тэгээд Исаиа номны зөгнөл ёсоор хүмүүс тэнгэр Эхийн энгэрт үүл мэт, тагтаа мэт эргэн ирж чадах хүртэл нь яруу алдрын зам нээж өгөхийг хүсэж байна. Мөн хайрын сэтгэлээр ойр орчимдоо байгаа олон хүнд анхаарал халамж тавих төдийгүй тэрхүү хайрын эх үндэс бол тэнгэр Эх гэдгийг байнга сануулаад, хайрлуулсан шигээ хайранд нь хариулцгаая. Манай Сионы гэр бүлүүд Эх хаашаа ч хөтөлсөн тэр замаар нь тууштай дагаад, үргэлж яруу алдар, магтаал, талархал өргөөрэй.

Тэнгэр Эцэг Эх маань биднийг тэнгэрийн хаан тахилчид болоосой гэж хүсэж байгаа. Тэрхүү яруу алдрын байр суурийг нэг ч хүн алдалгүйгээр эцэс хүртэл чандлан сахиарай, хэнд ч титмээ бүү алдаарай хэмээн Елохим Бурхан захисан билээ (Илч 3:11). Тэнгэр Эхээ дээдлэн залаад, Эхийнхээ өгөөмөр их хайрыг нь хүртэн, ертөнцийн олон үндэстэнд тэрхүү ивээлт амийн хайр, тэнгэрийн хаанчлалын хайрыг чадах чинээгээрээ дамжуулж, мөнхийн тэнгэрийн хаанчлалд бүгд хамтдаа хөл тавихыг хүсье.