WATV.org is provided in English. Would you like to change to English?

Сарагийн инээмсэглэл ба Сион

242 Үзсэн тоо

Библид Абрахамыг Эцэг Бурханыг бэлгэдсэн хүн гэдэг (Лук 16:19-31). Түүний өвийг залгамжилсан Исаак нь Бурханы хүүхдүүдийг, өөрөөр хэлбэл амлалтын хүүхдүүд болох биднийг илтгэдэг (Гал 4:28). Тэгээд Исаакийн ээж буюу Абрахамын эхнэр Сара нь сүнсээр шинэ гэрээний бодит болсон бидний Эхийг бэлгэддэг юм (Гал 4:21-26).

Түнэр харанхуй, эзгүй хоосон ертөнцөд Бурхан үнэний Сионоо байгуулж өгсөн болохоор Сатаны хүч нөлөө аажим аажмаар хумигдаж, Сион маань өдрөөс өдөрт баясгалан, цэнгэл, талархал, дуу хуураар бялхан байна (Иса 51:3). Сионд тэнгэр Эцэг Эхтэйгээ уулзсан бид үргэлж баяртай байх учиртай. Сара Исаакийг олсноор өдөр бүр инээд хөөрөөр тасраагүй шиг бид ч бас тэнгэр Эхдээ тийм их баяр баясгалан өргөх хэрэгтэй юм.

Эхийн инээмсэглэл хүүхдэд нөлөөлөх нь

Олон нийтийн нэг байгууллагаас судалгаа явуулжээ. Ээжүүдээс “Хэзээ хамгийн аз жаргалтай, инээд хөөр тасрахгүй байсан бэ?” гэж асуухад “Үр хүүхдээ инээж байх үед нь” гэсэн хариулт давамгайлж байв. Хүүхдүүдэд нь ч мөн адилхан асуулт тавихад “Аав ээжийгээ инээж байх үед нь” гэсэн хариулт дийлэнх нь байж.

Тэнгэр Эцэг Эх маань ч бас бидний дээр баясал хөөртэйгөөр баярлаж буй (Зеф 3:17-18). Бидний төлөө энэ өдрийг хүртэл золиослогдсон тэнгэр Эцэг Эхдээ баяр баясгалан өргөх үед бид ч мөн цаанаасаа л баяртай.

Эхийнх нь инээмсэглэл үр хүүхдэд нь хэрхэн нөлөөлдгийг туршиж үзсэн гэнэ. Тэгшхэн газар дээр гол дунд нь хонхор үүсгээд дээгүүр нь шилэн хавтан дэвсжээ. Ингээд нэг талд нь хүүхдийн ээжийг зогсоосон гэнэ.

Туршилт явуулж байгаа хүмүүсийн хүссэнээр эхлээд ээж нь хүүхэд рүүгээ ямар ч нүүрний хувиралгүйгээр харж зогсов. Эсрэг талд нь байсан хүүхэд ээжийгээ хараад нөгөө шилэн хавтан дээгүүр мөлхсөөр дөхөөд ирж л дээ. Гэнэт хонхор газар байхыг хараад аюулаас зайлсхийх гэж төрөлх зөнгөөрөө зогсчихов. Явах уу, болих уу гэсэн янзтай хэсэг тээнэгэлзсэнээ ээжийгээ ямар ч нүүрний хувиралгүй зогсоод байхаар нь хүүхэд эргээд л мөлхчихөж.

Үүний дараа ээж нь байрнаасаа хөдлөлгүй зөвхөн нүүрний төрхөө л өөрчилж, цацартал сайхан инээмсэглэсэн байна. Хүүхэд дахин ээж рүүгээ мөлхөж гарав. Хэсэг мөлхөөд мөнөөх хонхор хэсэгт тулж ирснээ доошоо харж. Харин энэ удаад байдал өөр байлаа. Нөгөө талд ээж нь нүүр дүүрэн инээгээд зогсож байгаа болохоор хүүхэд тэр хэсгийг цовоо гэгч нь даваад ээждээ хурдхан ирж тэврүүлсэн байна.

Үүн шиг хүүхдэд урам зориг өгч байдаг хүчин зүйл бол эхийн инээмсэглэл. Хүүхэд аливаа юманд сурсан мэдлэг туршлага гэхээсээ илүүтэй төрөлх зөнгөөрөө хандана. Ээжийгээ сайхан инээмсэглэх үед хүүхэд аюулыг нэг харснаа зоригтой гэгч нь мөлхсөөр ээждээ ирж байгаа энэ туршилтын үр дүнгээр эхийн инээмсэглэл хүүхдэд хичнээн их нөлөөлдгийг харуулж байна.

Инээмсэглэл бол Бурханы бас нэгэн тушаал

Ертөнцийн хүмүүс ч бас инээмсэглэлийн ач холбогдлыг онцолдог ч үргэлж баяртай байх нь Бурханы хүсэл хэмээн Библид заадаг билээ.

“Хэн ч хэн нэгний мууг муугаар хариулахгүй байхад анхаар. Харин үргэлж бие биендээ болон бүгдийн төлөө сайнд тэмүүл. Үргэлж баяртай бай. Тасралтгүй залбир. Бүх зүйлд талархалаа өргө. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн.” 1Тес 5:15-18

“Үргэлж” баяртай бай, “тасралтгүй” залбир, “бүх зүйлд” талархлаа өргө гэсэн нь бүх юм сайн сайхан болох үед л ингэ гэсэн үг биш, харин ямар ч нөхцөл тулгарсан хэзээд баяртай байж, залбирч, талархахаа бүү март гэсэн утгатай. Энэ нь Бурханы хүсэл л бол Бурханы бидэнд тушаасан тушаал болно гэсэн үг. Бурханы тушаал сахидаг итгэгчид энэ үгийг зайлшгүй биелүүлэх учиртай.

Хүнд хэцүү санагдсан зарим тохиолдолд ч залбирлаараа Бурханыг түшээд, тэр дундаас баяр баясгалан, талархах зүйл олж чадваас үнэхээр баярлам, талархам үр дүн зайлшгүй өгөгдөнө. Сара Исаакийг төрүүлж хэмжээлшгүй их баяр хөөр эдлэн байсан дүр зургийг хараад, бид ч бас сүнслэг Сара болох тэнгэр Эхдээ баяр баясал өргөдөг хүүхэд нь болох гэж хичээцгээе.

“Сара жирэмсэлж, Бурханаас түүнд хэлж тогтоосон цагт нь, нас өтөлсөн Абрахамд хүү төрүүлж өгөв. Абрахам өөрт нь төрсөн хүүдээ буюу Сарагийн төрүүлж өгсөн хүүд Исаак гэдэг нэр өгөв. … Хүү Исаакаа төрөхөд Абрахам зуун настай байлаа. Сара —Бурхан надад инээмсэглэл авчирлаа. Сонсогч хэн бүхэн надтай хамт инээх болно гэв. Сара —Сара хүүхдүүдээ хөхүүлнэ гэж Абрахамд хэлэх хэн байлаа даа? Гэлээ ч би Абрахамыг нас өтөлсөн үед нь хүү төрүүллээ гэв.” ​Эхл 21:2-7

Бурхан Сарад хүү төрүүлнэ гэж амлаад түүнд “Инээмсэглэл” гэсэн утгатай Исаак гэдэг нэр өг хэмээв (Эхл 17:19). Бурханы айлдсанаар Сара Исаакийг төрүүлэн “Бурхан надад инээмсэглэл авчирлаа. Сонсогч хэн бүхэн надтай хамт инээх болно” гэж хэлж байв. Өтөлсөн хойно нь гарсан Исаакаар Бурхан өөрт нь инээмсэглэл өгсөн, эргэн тойрных нь хүмүүс ч баяр хүргэж хамт баярлана гэсэн утгатай.

Исаакийг хараад Сара үргэлж инээмсэглэж байлаа. Исаак эх Сарадаа инээмсэглэлийн утга учир нь болсон шиг өнөө үед Сионд байгаа хүүхдүүд бид ч мөн сүнслэг Сара болох тэнгэр Эхдээ инээмсэглэл нь болох ёстойг Библи бидэнд ухааруулж байна.

Баяр баясгалан нь Ариун Сүнсний үр жимс

Сион бол тэнгэр Иерусалим Эх бидэнтэй хамт байгаа газар (Иса 33:20-24). Бурхан хамт байж, ерөөлийг тушаасан Сионд баргар царайлах нь зохимжгүй. Хэн ч байсан ерөөл авбал баярлана биз дээ? Итгэгч хүн байнга хүрлийгээд, уурлаж уцаарлан, сэтгэл санаа тайван биш харагдвал Бурханд итгэдэггүй хүмүүс “Бурханд итгэвэл ерөөл авдаг гээд л байсан чинь ерөөл авсан хүмүүсийн царай яагаад ийм баргар, уйтгартай юм бол?” гээд харин ч бүр эргэлзэх сэтгэл төрнө.

Аврал авч тэнгэрийн хаанчлал явах болсон болохоор бүгдээрээ баяр хөөрөөр бялхаж, тэнгэр Эцэг Эхдээ баяр баясгалан өргөцгөөе. Ариун Сүнс авсан хүмүүсийн зан чанарт ч өөрчлөлт гардаг.

“Харин Сүнсээр яв, тэгвэл та нар махбодын хүсэлээ гүйцэлдүүлэхгүй гэж би та нарт хэлнэ. Учир нь махбод Сүнсний эсрэг хүсдэг, Сүнс махбодын эсрэг хүсдэг юм. Юун гэвээс хүссэн юмсыг чинь хийлгэхгүйн тулд махбод, Сүнс нэг нэгнээ эсэргүүцдэг ажээ. … Харин махбодын үйлс нь илэрхий юм. Эдгээр нь завхайрал, бузар тачаал, садарлал, шүтээн шүтлэг, ид шид, дайсагнал, маргаан, хардалт, уур хилэн, харгалдаан, хагарал, тэрс үзэл, атаархал, архидалт, утга учиргүй наргиж цэнгэх зэрэг нь юм. Би урьд нь та нарт сануулж байсанчлан урьдчилан сануулъя. Ийм зүйлсийг үйлдэгчид нь Бурханы хаанчлалыг өвлөхгүй. Харин Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайн сэтгэл, итгэмж, дөлгөөн зан, өөрийгөө захирахуй нь юм. Эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй. Христ [Есүст] хамаатай хүмүүс өөрсдийн махбодыг бузар хүсэл, тачаалынх нь хамт загалмайд цовдолсон ажээ.” ​Гал 5:16-24

Махан биеийн шунал Ариун Сүнсний ариун хүслийг эсэргүүцэх гол хүчин зүйл болдог. Махан биеийн шуналаа гүйцэлдүүлье гэвэл сөргөлдөөн, хагарал бий болж ивээлгүй байдал үүснэ. Тиймээс л христчүүд махан биеэ бузар хүсэл, тачаалынх нь хамт загалмайд цовдолдог юм.

Хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэмж, дөлгөөн зан, өөрийгөө захирахуй зэрэг нь Ариун Сүнсний үр жимс юм. Ариун Сүнсний үр жимс дотор баяр баясгалан, аз жаргал ч багтдаг. Ариун Сүнс авсан хүнд эдгээр үйлсийн үр жимс гаргах ёстой. Ариун Сүнс авсан хүн баяр хөөр, аз жаргалтай байдаг. Баяр баясгалантай, аз жаргалтай бол аяндаа л инээмсэглэл төрнө.

Инээд цалгисан, уй гашуу, санаа алдалт зугтан одсон Сион

Сионд бидэн рүү харан үргэлж инээмсэглэдэг тэнгэр Эх маань хамт оршиж, Эхийнхээ инээмсэглэхийг харан хүүхдүүд нь болсон бид ч бас инээмсэглэл сурч хамтдаа инээдэг. Сионы ард түмэн үүрдийн баяр баясгалан, аз жаргалыг олж, уй гашуу, санаа алдалт зугтан одно.

“Тэгэхэд сохрын нүд нээгдэж, дүлийгийн чих онгойно. Тэр үед доголон нь буга мэт дүүлж, хэлгүй нь баяртайгаар хашхирна. Учир нь цөлөөс ус гарч, эзгүй талд урсана. Улайдмал шороо цөөрөм, ундаассан газар усан булаг болно. Цөөвөр чонын үүр, хоноглох газруудад өвс ургамал хулс, зэгс ургана. Тэнд нэгэн тэргүүр зам буй болж, Ариун Зам хэмээн нэрлэгдэнэ. … ЭЗЭНээр золигдогсод эргэж, баярын уухайтайгаар Сион уруу ирнэ. Тэргүүн дээр нь үүрдийн баясгалан байна. Тэд баяр баясгалан, аз жаргалыг олно. Уй гашуу, санаа алдалт зугтан одно.” ​Иса 35:5-10

Дэлхий даяар байгаа бүх Сион тэнгэр Эцэг Эхийн хайр дотор яг ийм л төрхийг бий болгох хэрэгтэй. Амралтын өдөр нь Бурханы чухал тушаал мөн ч гэлээ “Үргэлж баяртай бай. Энэ бол та нарын төлөөх Бурханы хүсэл” гэж айлдсан болохоор бидний инээмсэглэл нь мөн Бурханы тааламжит хүсэл болдгийг сэтгэлдээ сийлцгээе.

“ЭЗЭН Сионы олзлогдогсдыг буцаан авчрах үед бид зүүдэлж байгаа хүмүүс адил байв. Тэгээд ам маань инээдээр, хэл маань уухайн дуугаар дүүрсэн юм. … ЭЗЭН бидэнд зориулан аугаа үйлсийг үйлдсэн. Бид баярлаж байна. Аяа ЭЗЭН, олзлогдогсдыг маань Өмнөдийн гол горхинууд шиг буцаан авчраач. Нулимс дуслуулан үр суулгагчид уухайн дуутай ургац хураах болно. Үртэй уутаа үүрэн уйлан цааш нааш явах тэрээр багцалсан тариагаа үүрэн баяр хөөрийн дуутай гэртээ ирнэ.” ​Дуу 126:1-6

“Сионд гашуудагсдад үнсний оронд гоёл чимгийг, гашуудлын оронд баяр хөөрийн тосыг, гаслант сүнсний оронд магтаалын хувцас өгөхийг тогтоохын тулд бөгөөд Түүнийг алдаршуулахаар тэднийг зөвт байдлын царснууд, ЭЗЭНий суулгац гэж нэрлэхийн тулд болой.” ​Иса 61:3

Сионы хүүхдүүддээ гашуудал зовлонгийн оронд баяр хөөр, магтаал соёрхоно гэжээ. Энэ бүхэн Сионд буулгаж өгөх Бурханы ерөөл билээ.

Биднийг энэ дэлхийд амьдрахад гуньж гутрах зүйл, гашуудаж зовох хэрэг гардаггүй гэж үү? Тэнгэрт нүгэл үйлдээд энэ газарт хөөгдөж ирсэн нүгэлтнүүд учир өдөр бүрийг баяр хөөртэй өнгөрөөх амьдрал хэнд ч заяагаагүй ээ. “Мянган шуудай будаатай хүнд мянган янзын түгшүүр бий. Түмэн шуудай будаатай хүнд түмэн янзын түгшүүр бий” гэсэн үг байдаг. Үүн шиг юм юмтай хүн нь байгаагийнхаа хэрээр зовж шанална, байхгүй нэг нь дутагдаж гачигдаад мөн л зовно. Энэ л хүмүүний амьдрал гэлтэй.

Бурхан ийм нөхцөл байдал дунд ч биднийг баяртай бай гэсэн. Бурханы хүслийг дагаад, зовлон дундаас ч баяр баясгалан, талархах хүчин зүйлийг хайж олдог мэргэн ухаан төгөлдөр хүүхдүүд болцгооё.

Баяр хөөр дунд ирэх Бурханы хаанчлал

Исаакаар Сарад инээмсэглэл өгсөн Бурхан бидэнд ч бас инээмсэглэл бэлэглэсэн. Үүрд үхэхээс өөр аргагүй байсан тэнгэрийн нүгэлтнүүд Бурханы ариун золиосоор нүглийн уучлал авч, авралын алдар эдлэх болсон билээ. Сүнсний Эцэг Эхтэй минь уулзуулж, сүнсний ах эгч дүү нартай минь ч уулзуулж, алдсан тэнгэрийн хаанчлалын эх нутагтаа дахин буцах зам нээж өгсөн. Энэ хичнээн баярламаар бас талархмаар хэрэг билээ дээ!

Үргэлж талархаж, баяр хөөртэй байж, уй гашуу, санаа алдалт ихтэй энэ дэлхийд Бурханы хүүхдүүдийн хувиар гэрэл болцгооё. Хааяа бид эдийн засгийн эсвэл орчны нөлөөнөөс болж түр зуурын бэрхшээлтэй учирдаг ч бидэнд тэнгэрийн хаанчлал, гэрэлт ирээдүй бий. Иймээс л баяртай байж, таларх гэсэн.

“Бурханы хаанчлал бол идэх болон уух явдал бус, харин Ариун Сүнс дорх зөвт байдал, амар тайван хийгээд баяр баясгалан нь юм. Христэд ийнхүү үйлчилдэг хүн Бурханд таалагдаж, хүмүүсээр сайшаагдана. Тиймд амар тайвныг тогтоодог болон бие биенээ босгон байгуулдаг зүйлсийг мөшгөцгөөе. …” ​Ром 14:17-20

Бурхан Сионы хүүхдүүддээ инээмсэглэдэг байхыг тушаасан. “Үргэлж баяртай бай” гэсний зэрэгцээ “Зөвт байдал, амар тайван хийгээд баяр баясгалан нь Бурханы хаанчлал” хэмээн айлдсан юм. Бидний дотор Бурханы хаанчлал байгуулагдаж, бид тэнгэр Эцэг Эхийг дотроо залсан атлаа баяр баясгалангаа хаашаа ч юм алдаж, гуниг шаналлаар дүүрч яахан болох билээ?

Хүүхэд ээж рүүгээ ирж байснаа ээж нь ямар ч нүүрний хувиралгүй хүрлийгээд байхаар нь хэсэг зогссоноо буцаад явчихдаг. Хичнээн хөөрхөн эмэгтэй байсан ч хүйтэн царайлаад байвал хүмүүс дөхөж ирснээ чиглэлээ өөрчилнө.

Ирж байсан хүн чиглэлээ өөрчлөх явдал Сионд гарахгүй байгаасай. Урд нь саад байсан ч инээмсэглэж байгаа ээж рүүгээ бол хүүхэд ойртоод л ирнэ. Нүүрний баясгалантай хүнтэй бүгд л ойр байхыг хүсдэг. Бидний амьдралд заримдаа гунигтай, санаа зовоосон, шаналгах зүйл бий. Гэсэн ч бид бүхэн Ариун Сүнс дотор гашуудал, гунигаа ул мөргүй арилгаад, Исаактай адил тэнгэр Эхдээ инээмсэглэл нь болох учиртай.

“Ах дүү нар аа, та нар Исаакийн адил амлалтын хүүхдүүд билээ. Харин тэр үед махбодоор төрсөн нь Сүнсээр төрснийгөө хавчсанчлан эдүгээ мөн тэгж байна. Гэтэл Бичвэр юу гэж хэлдэг вэ? “Энэ зарц бүсгүйг хүүтэй нь зайлуул. Зарц бүсгүйн хүү эрх чөлөөт эмэгтэйн хүүтэй хамт өв залгамжлахгүй” гэдэг. Тиймээс ах дүү нар аа, бид зарц бүсгүйнх биш, харин эрх чөлөөт эмэгтэйн хүүхдүүд билээ.” ​Гал 4:28-31

Сарад бүх л зүйлийн утга учир хүү Исаак нь байлаа. Исаакийг нь зовоосон Ишмаел гэх мэтийн хүмүүс Сарагийн уурыг хүргээд эцэст нь хөөгддөг шүү дээ.

Сарад Исаак эцэс төгсгөлгүй инээд хөөр авчирдаг. Бид ч бас тэнгэр Эхээ инээлгэж чадахуйцаар алдагдсан ах эгч дүү нараа хурдхан хайж олоод, илүү олон Исаакийг Эхийнхээ энгэрт буцаан авчирцгаая. Үүгээр зогсохгүй Эхийн энгэрт түрүүлж ирсэн Сионы хүүхдүүд бид “Үргэлж баяртай бай” гэсэн үгийг даган, хожим ирэх ах эгч дүү нартаа инээмсэглэл дамжуулагч нар болцгооё.

Бие биен рүүгээ хараад инээгээрэй. Бие биедээ талархаж, нэгэнтэйгээ хөөр баяраа хуваалцацгаая. Сион маань зөнч, итгэгч гэлтгүй эр эм хөгшин залуугүй цөм л баяр хөөртэй, аз жаргалтай, ерөөл бялхсан газар байх хэрэгтэй шүү дээ.

Тэгье л гэвэл Сараг илүү их инээлгэх олон исаакчуудыг хайж олох хэрэгтэй. Алдагдсан ах эгч дүү нараа Сион руу хурдан буцаан авчирч, жинхэнэ баяр баясгалан, аз жаргал цалгисан мөнхийн тэнгэрийн эх нутагтаа бүгд хамтдаа явах ёстой биш гэж үү? Тэнгэрийн хаанчлалд найдвараа тавьж, илүү хүчтэй байн, алдагдсан тэнгэрийн гэр бүлээ эрж олох ажилд бүхнээ дайчилж, өнөөдөр ч бас Эцэг Эхдээ баяр баясгалан, талархал их өргөдөг Сионы гэр бүлүүд болохыг хүсэх байна.