Бурханыг магтагтун

19,974 үзэлт

Эх “Үргэлж баяртай бай. Тасралтгүй залбир. Бүх зүйлд талархлаа өргө. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн” (1Тес 5:16-18) гэсэн Библийн үгийг онцолж, талархлаа ихэд илэрхийлдэг хүн Эцэгээсээ агуу ерөөл авна хэмээн айлддаг.

Сионы гэр бүлүүд та бүхнийг Эхийн захиасыг даган, үргэлж Бурханд талархан, Түүнийг алдаршуулах сайн мэдээний амьдралаар алхаж байгаа гэдэгт итгэж байна. Бүхий л ажлыг Бурхан хөтөлж өгдөг. Сайн мэдээг ч мөн Бурхан удирдан гүйцэлдүүлдэг. Бид үүнд итгээд, бүх зүйлд талархал, яруу алдар, магтаал, хүндэтгэл өргөдөг хүүхдүүд болбол хагацаж салсан тэнгэрийн бүх гэр бүлийг маань Бурхан үтэр түргэн Сион руу хөтөлнө.

Сайн мэдээний ажил нь хүний хүчээр огтхон ч гүйцэлдэх боломжгүй гэдгийг ухаараад, үргэлж талархаж, баяртай сэтгэлээр хичээнгүйлэн залбирч, Бурханы даалгасан сайн мэдээний үүргийг бүрэн биелүүлэхийг хүсье.

Удирдаач ба дохиур

Нэгэн хөгжимчин ариун дууны концерт дээр томоохон хэмжээний ариун дууны чуулганыг удирдах болж гэнэ.

Олны өмнө тоглох томоохон арга хэмжээ байсан тул тэрээр уг концерт болохоос өмнө дууны чуулганыг дуудаж, хичээнгүйлэн бэлтгэл хийлгэжээ. Тэгээд арга хэмжээний өмнөх өдөр сургуулилт хийж үзтэл ая эгшиг нь сайхан зохицож, бүгдийн сэтгэлд хүрэхүйц сайхан болсон байв. Удирдаач санаа нь амарч, хэдэн хором завсарлахаар дохиураа тавив.

Тэгмэгц дохиур “тор тор” гээд хажуулдан өнхөрсөөр тайзанд очиж хэлжээ.

“Тайз аа, тайз аа! Өнөөдөр чи намайг хичнээн чадварлаг дохиур болохыг харсан биз дээ?”

Тайз гайхсан байртай эргүүлэн асуужээ.

“Би чамайг удирдан тоглуулж байсныг чинь нэг удаа ч хараагүй байхад хэдийдээ чи чинь удирдчихдаг байна аа?”

“Саяхан ариун дууны чуулган дуулахыг сонсоогүй юу? Ая эгшиг нь хичнээн яруу байв аа. Ая дуу түрээд, чанга сул өнгөнүүд нь хоорондоо ямар сайхан зохицож байсан гээч. Энэ бүхнийг би өөрөө удирдсан юм.”

Дохиурыг ийн сагсууран ярихад нь тайз писхийн инээд алдан, ингэж хариулжээ.

“Тэр чинь чи удирдсан биш, удирдаач чамайг бариад түрхэн зуур хэрэгсэл болгон ашигласан биз дээ?”

Тайзны хэлсэн үгэнд дохиур дүрсхийн уурлав.

“Юу гэсэн үг вэ? Намайг хөдлөхөд бүх аялгуу хөврөн эгшиглэж байсныг хараагүй юм уу? Би удирдсан гээд байхад.”

Тэр хоёрыг ийнхүү маргалдаж байхад удирдаач хэсэг амраад дахин нэг удаа сургуулилт хийхээр босож зогсов. Удирдаач эргэн тойрноо тойруулан хараад, дохиураа нүдэнд нь харагдахгүй болохоор барьж байсан нотны цаасаа хуйлаад удирдаж эхлэв. Тэгээд дохиургүйгээр удирдахад ариун дуу бүр өмнөхөөс нь ч илүү ивээлтэйгээр эгшиглэжээ.

Ариун дуу дуусмагц тайз дохиурт ийн шивнэж гэнэ.

“Сайн сонссон биз? Удирдаач л чамайг гартаа бариад дохисон болохоос чи өөрөө удирдаагүй шүү дээ.”

Бүх түүхийг удирддаг Бурхан

Бид сайн мэдээ тараахдаа ухаарч ойлгох ёстой зүйл энэ. Шинэ гэрээний үйлчлэгчийн хувьд биднийг дохиур гэвэл биднийг барьж, бүх авралын түүхээ явуулдаг Удирдаач нь Бурхан юм.

““Зорилго минь хэрэгжинэ. Би тааламжит бүхнээ гүйцэтгэнэ” гэж айлдан Би эхлэлээс авахуулан төгсгөлийг, хийгдээгүй байгааг ч өнө эртнээс мэдүүлсэн. Би дорно зүгээс махчин шувууг, алс холын орноос зорилгыг минь хийх хүнийг дуудсан. Би айлдсан бөгөөд үүнийгээ Би гүйцэтгэнэ. Төлөвлөсөн бөгөөд заавал хийнэ.” Иса 46:10-11

Бурхан бүх түүхийг залж удирддаг. Энэ өдрийг хүртэл Бурхан биднийг гартаа барин хэрэглэж, Өөрийн ажлаа гүйцэлдүүлэх авьяас чадвар соёрхсон болохоор л өнөөдрийн бид байгаа юм. Бид онцгой хэл ярианы чадвартайдаа, ертөнцийн хүмүүсээс дээгүүр гоц авьяастайдаа аврагдаж, тиймдээ Бурханд дуудагдсан юм биш.

“Харин Иаков аа, чамайг Бүтээгч ЭЗЭН, Израиль аа, чамайг бий болгогч ЭЗЭН одоо ингэж айлдаж байна. “Би чамайг аварсан учир бүү айгтун. Би чамайг нэрээр чинь дуудсан. Чи Минийх. Чамайг ус гатлахад Би чамтай хамт байна. Голоор туулахдаа чи живэхгүй. Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй, дөл нь ч чамайг шатаахгүй. Учир нь Би чиний Бурхан ЭЗЭН, Израилийн Ариун Нэгэн, чиний Аврагч мөн. …” Иса 43:1-3

“… «Сионоос Чөлөөлөгч гарч ирнэ. Тэр итгэл сүсэггүйдлийг Иаковаас зайлуулна. Би тэдний нүглүүдийг зайлуулах үед энэ нь тэдэнтэй байгуулах Миний гэрээ мөн.»” Ром 11:25-27

Бурхан бол Сионд биднийг аварсан Аврагч, харин бид Бурханы гарт байгаа ерөөл авсан оршихуй. Тиймээс биднийг аварсан Бурханы ивээлд үеийн үед яруу алдар, хүндэтгэл магтаал өргөх хэрэгтэй. Бид өөр хүнийг байтугай өөрсдийгөө ч аварч чадахгүй нүгэлт хүмүүс. Харин Бурхан биднийг аварч, авралын ерөөлтэй мэдээгээр амь аврах үйлсэд хамт оролцуулсан юм. Биднийг сайн мэдээнийхээ хэрэгсэл болгон хэрэглэснийх нь төлөө Бурхандаа байнга талархал, магтаал өргөцгөөе.

Бид Бурханы сайн мэдээний хэрэглэгдэхүүн

Бурханы хэрэглэгдэхүүний хувиар бид Бурханы хүслийн дагуу хөдөлж гэмээнэ Бурханы яруу алдрыг гаргана. Энэ нь маш чухал хэмээн санана. Бурхан биднийг хэрэглэвэл бид ертөнцөд магтаал, яруу алдар олох билээ (Зеф 3:14-20 үзэх). Бурханы гарт сүрлэг, гоёмсог хэрэглэгдэхүүн болон ашиглагдах үед бид ч эрт үеийн Паул, Петр нарын үйлс шиг агуу үйл хэргийг гүйцэлдүүлж чадна.

Магадгүй үүнийгээ буруу ойлгоод, дохиур шиг “Би сайн хийсэн болохоор бүх юм бүтлээ” гэж бодож байгаа бол энэ цаг мөчөөс эхлэн бодлоо өөрчлөх хэрэгтэй.

Бид сайн ажилласандаа аврал авч, үр жимс гаргасан биш юм.

Бид дохиуртай л адил. Биднийг барьж, хэрэглэсэн Нэгэн нь Бурхан. Ивээлтэй, яруу аялгууг эгшиглүүлэх хүч чадал зөвхөн Удирдаач болох Бурханд л байдаг. Гэтэл дохиур “Би хийсэн” гэж эрдээд, удирдаачийн авах ёстой магтаалыг авах гэх нь буруу юм. Бурхан нотны цаасыг ч хуйлаад, дохиурын оронд хэрэглэж чадна. Бурхан чулуунуудыг Абрахамын хүүхдүүд ч болгож (Лук 3:8), мөн чулуунуудаар Өөрийнхөө ажлыг ч илчилж чадна (Лук 19:40). Үүнийг марталгүй байж, Бурханд улам бүр талархал, магтаал өргөцгөөе.

“Энэ нь холын аянд гарахдаа зарц нараа дуудаад, эзэмшилээ тэдэнд даатгаж буй нэгэн хүнтэй адил билээ. Нэгэнд нь тэр тав, нөгөөд нь хоёр, өөр нэгэнд нь нэг талантыг тусбүрд нь чадварынх нь дагуу өгчээ. Тэгээд аянд гарч гэнэ. Таван талант авсан нь тэр даруй явж, түүгээрээ худалдаа хийгээд тавыг нэмж олов. …” Мат 25:14-17

Бидэнд байгаа бүхэн нь Бурханаас ирсэн болохыг Библи зааж өгдөг. Бидэнд жаахан ч болов авьяас чадвар байгаа бол тэр нь хувийн чадварынх биш. Бурхан сайн мэдээний төлөө ивээлтэй, зохимжтой хэрэглэ гэж хүн бүрд талант өгсөн.

Заримдаа зөнчийн хийж чадахгүйг итгэгч ч хийдэг. Удаан хугацааны итгэлийн туршлагатай гэр бүлээс илүү анх удаа үнэн дотор орж ирээд Бурханд талархах сэтгэлээр хичээж ажилласан гэр бүлүүд сайн мэдээний үр жимс дүүрэн гаргах нь ч бий.

Энэ бүхнээс харахад Бурханы ажил нь зөвхөн Бурханд хэрэглэгдэхээс шалтгаалдаг. Хэрэглэгдэхүүн болсон хүний итгэлийн туршлага, албан тушаал ямар байхаас хамаардаггүй. Үйлдсэнийнх нь дагуу төлнө хэмээн амласан болохоор ямар ч байр суурь, байр байдалд байсан сайн мэдээний ажилд тус нэмэртэй л гэвэл бага юмыг ч хэнэггүй өнгөрөөлгүйгээр, итгэмжтэй ажиллах хэрэгтэй, бид бүхэн.

Тэнгэрийн хаанчлалд орох хүмүүст байх ёстой сэтгэл

Удирдаач дохиурыг хөдөлгөн чадвараа гаргадаг шиг Бурхан биднийг хөдөлгөж өгөхөөс шалтгаалан сайн мэдээний түүх биелэгддэг. Бурхан бүх яруу алдрыг авах нь туйлын зохистой авч Тэрээр Өөрийн яруу алдраа бидэнд хувааж өгдөг. Тэгсэн ч бид Түүний яруу алдрыг өөрийнх юм шиг бодож болохгүй.

Мөнхийн тэнгэрийн хаанчлал руу явъя гэвэл өөрийгөө алдаршуулдаг мунхаглалаа хаях хэрэгтэй. Илчлэл номд тэмдэглэснээс харахад тэнгэрийн ахлагчид, сүнслэг зүйлс үеийн үед амьд байгч Бурханд тасралтгүй яруу алдар өргөдөг.

“… тэр дөрвөн амьтан нь… Тэд өдөр шөнөгүй тасралтгүйгээр —Байсан, байгаа, мөн хожим ирэх төгс хүчит Эзэн Бурхан ариун, ариун, ариун хэмээн хэлэх аж. Амьтад сэнтийд Залрагч ба үеийн үед амьд байгч Түүнд алдар, хүндэтгэл, талархлыг өргөх бүрд хорин дөрвөн ахлагч сэнтийд Залрагчийн өмнө унацгааж, үеийн үед амьд байгч Түүнд мөргөх бөгөөд титмүүдээ сэнтийн өмнө шидээд —Бидний Эзэн бөгөөд Бурхан минь, алдар, хүндэтгэл, хүчийг Та авах нь зохистой. …” Илч 4:8-11

“Зөвхөн аврагдсан ивээлдээ ч талархаад баршгүй байхад надад ийм титэм, тийм яруу алдар өгнө гэж юу гэсэн үг вэ?” Ахлагчид ийм л сэтгэлээр титмүүдээ тайлж, Бурханд эргүүлж өгдөг. Энэ бол тэнгэрийн хаанчлалд орох хүмүүст байх ёстой сэтгэл юм.

Бурхан бол үүрд мөнхөд магтагдах бидний Аврагч юм (Ром 9:5). Гагцхүү Бурхан л яруу алдар ба хүндэтгэл, магтаалыг авбал зохистой билээ.

Өдөр бүр магтаал өргөдөг итгэлийн амьдрал

Сионд амьдрагч бид Бурханы гараас зуурсан ерөөлтэй оршихуй юм.

Сансар огторгуйг удирдах хүчирхэг дохиурын үүрэг гүйцэтгэх хэмжээнд “намайг” гартаа барьж хэрэглэсэнд нь Бурхандаа бид тасралтгүй, дахин дахин талархах хэрэгтэй. Сансар огторгуй, түмэн бодисыг бий болгосон бүтээх хүч чадлыг нь магтан дуулж, биднийг аварсан ивээлд нь үргэлж талархан, магтах хэрэгтэй. Бүхий л юмсыг бидний төлөө бүтээж бэлдсэнийг нь бодож үзэхэд Бурханд магтаал, яруу алдар үеийн үед өргөлөө ч хангалттай биш билээ.

“Бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурхан магтагдах болтугай. Тэрээр Христ дор тэнгэрлэг оршихуй дахь алив сүнслэг ерөөлөөр биднийг ерөөсөн, Түүний өмнө биднийг хайр дор ариун бөгөөд гэм зэмгүй байхын төлөө Бурхан ертөнцийн сууриас урьд биднийг Христ дотор сонгосон юм. Тэрээр хүслийнхээ сайн тааллын дагуу, биднийг Есүс Христээр дамжсан үрчлэлд урьдаас тогтоожээ. Энэ нь хайрлагдсан Нэгэнийхээ дор бидэнд ивээж өгсөн Түүний нигүүлслийн алдрыг магтуулахын тулд болой.” Ефе 1:3-6

Элч нар ч мөн үүнийг ухаарсан тул Бурханд өргөх талархал, магтаалаа таслалгүй, сайн мэдээг баяртайгаар тараасан. Өнөө үед бидний үлгэр дуурайл авах гэж буй анхны сүмийн итгэл сүсэг ийм л төрх байдалтай байв.

Хойшид өдөр бүр инээн, инээд хөөрийг хэн бидэнд өгснийг санаж, өдөр бүр тийнхүү Бурханд магтаал өргөвөл бүр ч ивээлтэй болох юм. Энэ мэт магтаал ба инээд хөөрийг өөрөөсөө холдуулахгүй байвал инээд, баяр хөөр, аз жаргалыг бэлэглэсэн Бурханы зүй тогтлыг улам гүнзгий ойлгох ба Тэрээр ч мөн биднийг аварсандаа өчүүхэн ч атугай харамсахгүй, сэтгэл хангалуун байна гэдэгт баттай итгэж байна.

Бүхнийг Бурханд даатгаж, Түүний гарт атгуулж, даян дэлхийд сайн мэдээ тараах шинэ гэрээний үйлчлэгчид заавал болцгооё.

Бурханыг алдаршуулахад гардаг сайн мэдээний үр жимс

2003 онд Солонгосын Дэгү хотын метронд болсон харамсалтай үйл явдлын үеэр Сионы гэр бүлүүд үнэгүй хооллох сайн дурын үйлчлэлд гарч, удаан хугацаанд идэвхийлэн ажиллаж, амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг тайтгаруулж өгч байсан удаатай. Энэ ажлаас хойш ивээлтэй яриа их сонсогдох болсон. Тухайн үед талийгаачдын ар гэрийнхэн төдийгүй хажууханд сайн дурын үйлчлэл үзүүлж байсан бусад христийн сүмийнхэн ч хүртэл сэтгэл нь хөдөлж, ам нийлүүлэн магтаж байсан яриануудын нэг нь манай гэр бүлүүдийг зөвхөн Бурханд л яруу алдар өргөдөг гэцгээж байсан юм. Бусад хүмүүс жаахан ажил хийчихээд, өөр хоорондоо “Би хийсэн” гээд гавьяа байгуулах гэдэг байхад Бурханы сүмийн сайн дурын үйлчлэлд гарч байгаа хүмүүс хэнтэй ч уулзсан “Бурхан бидэнд ингэж сургаж, үйлчлэл хийх боломж зөвшөөрсөн” гээд бүх яруу алдрыг Бурханд өргөж байсан гэж ярьцгааж байлаа.

Бурханы сургаал үгүй бол өнөөдрийн бид оршиж чадашгүй, өнөөгийн Бурханы сүм ч оршиж чадашгүй юм. Бид гагцхүү Бурханы хүүхэд болгож өгсөнд нь талархаж, өнөөдрийг хүртэл биднийг хөтөлж өгсөн тэнгэр Эцэг, Эхдээ үргэлж яруу алдар, магтаал өргөдөг байх ёстой.

Ариун дууны чуулганы тансаг, яруу магтаалын дуу дохиураас гараагүй. Тэр бол удирдаачийн чадвар байсных юм. Манай Сионы гэр бүлүүдийг хэрэглэгдэхүүн болгон, сүнслэг ертөнцийг хөг нийлүүлэн удирдах Удирдаач нь Бурхан юм. Манай Сионы гэр бүлүүдийг хэрэглэгдэхүүн болгон, сүнслэг ертөнцийг хөг нийлүүлэн удирдах Удирдаач нь Бурхан юм. Бид бүх зүйлд Бурханд яруу алдар, магтаал, талархал, хүндэтгэлийг өргөвөл Бурханы удирдаж буй авралын түүх хурдан гүйцэлдэх болно.

Сайн мэдээг Самари ба дэлхийн хязгаар хүртэл тунхаглахын тулд бид Бурханы гарт атгуулан, Бурханаар хөтлүүлэх ёстой. Алтаар урласан дохиур байлаа гээд удирдаачийн гарт бариулахгүй л бол ямар ч хэрэгцээгүй. Бурханы гарт бариулаад, яруу тансаг найрал хөгжмийн аялгууг уянгалуулан, үзэсгэлэнтэй үр жимс гаргах Бурханы хүүхдүүд болохыг бүгдээс нь чин сэтгэлээсээ хүсье.

Бурханыг хамгийн ихээр алдаршуулдаг хүнийг Бурхан хамгийн ихээр хэрэглэнэ. Сионы ах, эгч дүү нар аа, ерөөлтэй ажилд их хэрэглэхийг залбиран гуйж, үргэлж Бурхандаа магтаал, яруу алдар өргөөд, дэлхийд сайн мэдээ тунхаглах ажлын нэгээхэн хэсгийг хариуцан ажиллахыг хүсье.