Боолын ухаан ба хүүгийн ухаан

조회 26,130

Бурханаар батлагдсан сайн мэдээний үйлчлэгчид бид Бурханы агуу том түүхэнд оролцож байна. Харин ямар бодол санаа, ямар сэтгэлээр сайн мэдээнд хандах ёстой вэ гэдэг нь үнэхээрийн чухал юм.

Сайн мэдээний үр цацаж, цэвэр буудай хураах учиртай ургац хураагчийн үүрэг хүлээсэн та бүхэн үнэхээр хүүгийн ухаанаар ажиллаж байна уу эсвэл зүгээр талбайд цаг нөхцөөдөг боолын ухаанаар ажиллаж байна уу? Боолын ухаан ба хүүгийн ухааны хооронд асар их ялгаа бий.

Христтэй хамт алдаршуулагдахын тулд Түүнтэй хамт зовдог хүүгийн ухаан

Баян тариачныд зарагддаг нэгэн боол байсан гэж бодъё. Тэр боол үр цацаж, арчилж, тордох ажлыг сэтгэлээсээ хийлгүй, ажлын хөлсөө авбал л боллоо гэсэн бодлоор өдөр хоногийг нөхцөөдөг. Тэрээр юм л бол салхи салхиллаа, нар шатлаа, бороо орлоо гэх зэргээр шалтаглан яаж ийгээд л бага ажиллахыг санаархан баашилна.

Харин хүү сэтгэлээсээ үр суулгаад, нахиалж боловсрох хүртэл бүх сэтгэлээ зориулан арчилж тордоно. Улайсам халуун наранд ч намар хураах ургацаа л бодож, баяр хөөртэйгөөр ажилладаг. Аагим зунаар хөлсөө урсган байж ургуулсан үр тариа, ургацын эзэн нь өөрөө болохоор л тэр шүү дээ. Намартаа халиурдаг есөн зүйлийн алтан шаргал буудай, түмэн өнгөөр алаглан бөнжийх жимс жимсгэнийг өөрөө л эзэмшинэ гэхээс зуны шатам халуунд урсгасан хөлсөө юман чинээ санадаггүй.

Энэ мэтээр боолын ухаан ба хүүгийн ухаан нь уг мөн чанараасаа эхлээд л эрс ялгаатай. Үүнийг сэтгэлдээ шингээж, сайн мэдээний ажлыг ямар байр суурь, ямар ухаанаар хийх ёстойг судалж үзэцгээе.

“Учир нь Бурханы Сүнсээр удирдуулж байгаа бүхэн нь Бурханы хөвгүүд юм. … Биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг Сүнс Өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг. Хэрэв бид хүүхдүүд нь юм бол, өв залгамжлагчид нь ч бас мөн. Христтэй хамт алдаршуулагдахын тулд хэрэв бид үнэхээр Түүнтэй хамт зовдог юм бол, бид Бурханы өв залгамжлагчид бөгөөд Христийн хамтран залгамжлагчид юм. Энэ цагийн зовлонгууд бидэнд илчлэгдэх тэрхүү алдрын дэргэд юу ч биш гэж би боддог.” Ром 8:14-18

Бид Христтэй хамт алдаршуулагдахын тулд Түүнтэй хамт зовох ёстой Бурханы хүүхдүүд. Өөрөөр хэлбэл өв залгамжлагчид нь юм. Тэгвэл бид үнэхээр хүүгийн ухаанаар сайн мэдээний ажил хийж ирж үү эсвэл боолын ухаанаар ажиллаж ирж үү гэдгээ нэг эргэцүүлж үзэх хэрэгтэй.

Одоо энэ мөчид ч бүх гэр бүл маань төрөл бүрийн салбарт, их бага оногдсон ажлаа дор бүрнээ сэтгэл гарган хийж байгаа. Харин Библид Бурханы яруу алдрын төлөө сайн мэдээний ажлыг ийнхүү хийх явцад хүнд хэцүү бэрхшээл, зүтгэл шаардагдсан төвөгтэй байдал, уурлаж бухимдах асуудал ч гарна хэмээсэн. Мөн хүүгийн ухаанаар тэнгэрийн хаанчлалын төлөө бэрхшээлийг тэвчиж тэсвэрлэдэг хүн болон сарын хөлсөө л тооцон, боолын ухаанаар өдрийг тэгж ингэсхийгээд өнгөрөөдөг хүн гээд хоёр янзын хүн байгаа талаар ч гардаг.

Хүүгийн ухаантай хүн нь Бурханы өв залгамжлагч ба Христийн өв залгамжлагч юм. Тэд хожим авах яруу алдрынхаа төлөө өнөө үеийн зовлонгуудыг тэсвэрлэж, Бурханы хүүхдийн хувиар ямар нэгэн зүйлийг зовж байж л олж авна гэдгийг бодоод, тиймдээ ч сайхан ирээдүй болон хожим авах өвийнхөө төлөө бүх зовлон бэрхшээлийг тэсвэрлэхдээ сайн байдаг.

Харин боолын ухаантай хүн тэгж зовохыг огтхон ч хүсдэггүй. Хий гэвэл хийчихээд, өөрөө санаачилж сэтгэлээсээ хийнэ гэж байхгүй. “Ажлын хөлсөө л авбал барав, тэгтлээ зовж махрах хэрэггүй” гэж бодоод хүнд ажлаас аль болох зугтах гэдэг. Ийм хүн сүр жавхлант тэнгэрийн хаанчлалын өвийг огтхон ч авахгүй юм.

Хүүгийн ухаан нь Христийн ухаан юм

Тэнгэрийн хаанчлалын сайн мэдээний төлөө нойр хоолгүй, даарч хөрөн зүтгэж, ядмаг хувцаслан, ташуурдуулж зовж байсан элч Паулын талаар нэг бодож үзэцгээе. Тэрээр сайн мэдээний төлөө яах аргагүй хүүгийн ухаанаар ажиллаж байсан хүн юм. Бурханы хүү байсан болохоор бүх л хүнд хэцүүг тэсвэрлэн, тэнгэр дэх өвийнхөө төлөө сайн мэдээ тараахад амьдралаа зориулжээ.

“Та нар бол хөвгүүд нь мөн тул, Бурхан Өөрийн Хүүгийн Сүнсийг бидний зүрхэнд илгээсэн байна. Тэр Сүнс “Ааба, Аав аа” гэж дууддаг. Тиймээс чи цаашид зарц биш, харин хүү нь юм. Хэрэв хүү нь юм бол Бурханаар дамжин өв залгамжлагч нь ч бас мөн.” Гал 4:6-7

Бурханаар дамжуулан тэнгэрийн хаанчлалыг өвлөн авах хүүхдүүд нь бид нар. Тэнгэрийн хаанчлалын төлөө хийж байгаа ажил бүхэн маань бусдын төлөө биш, харин өөрсдийнхөө авах өв залгамжлал, тэнгэрийн яруу алдрын төлөө л хийж байгаа юм.

Өв залгамжлал хүүгийнх болохоос боолынх биш. Тариачны хүү зуны аагим халуунд ч зэрлэг зулгаан, талбайгаа усалж, хор цацаж, хөлсөө дуслуулан хичээж ажилладаг нь бүх газар тариалангийн үр шим эцгийнх нь бөгөөд эцэстээ өөрт нь өв болж ирэх учраас тэр ажээ.

Та бүхний тухайд ямар вэ? Боол болохыг хүсэж байна уу эсвэл хүү болохыг хүсэж байна уу? Хүүгийн байр суурь нь бусад хүмүүс амарлаа гээд хамт амарчихдаггүй. Харин ч илүү хичээнгүйлэн ажиллаж, нэг ч болов үр жимс нэмж гаргах гэдэг. Нэгэнтээ л сайн мэдээний үйлчлэгч болсон бол тэнгэрийн хязгааргүй ерөөл авахын төлөө боолын ухаанаар мунхаг үйлс гаргаж хэрхэвч болохгүй. Хүүгийн ухаанаар ажиллах хэрэгтэй.

Есүс махан биеийн хувцас өмсөөд боолын биш, хүүгийн хувиар ажиллах жишээг Өөрийн биеэр бидэнд үзүүлсэн.

“Тэрээр махбодынхоо өдрүүдэд… Тэрээр Хүү нь байсан хэр нь зовсон зүйлсээсээ дуулгаварт суралцсан. Тэр төгс болгогдсоноороо Өөрт нь дуулгавартай байдаг бүхэнд мөнх авралын эх үндэс нь болсон бөгөөд…” Евр 5:7-10

Христ загалмайд зовж шаналсан бүхий л байдлын талаар элч Паул “Тэрээр Хүү нь байсан хэр нь зовсон зүйлсээсээ дуулгаварт суралцсан” хэмээсэн. Хэрэв боол байсан бол зовлон эдлэхгүй байх байсан. Боолын тухайд бол ажлын цагаа л өнгөрөөчихвөл авахаар тохирсон ажлын хөлсөө авдаг.

Зовоод байх шаардлагагүй. Харин хүү ажлын хөлсний төлөө ажилладаггүй. Зөвхөн ургац арвин жил байгаасай л гэж хүсэж, хөлс хүч, чин сэтгэлээ зориулдаг. Есүс ч мөн үүнтэй адил хүүгийн ухаанаар Бурханы хүслийг бүрэн төгс дагаж, загалмайд цусаа урсган, золиос туулан байж хүн төрөлхтөнд аврал гэдэг яруу алдрын үрийг үлдээсэн билээ.

“Бидний мэдээнд хэн итгэсэн бэ? ЭЗЭНий мутар хэнд илчлэгдсэн бэ? Учир нь Тэрээр Түүний өмнө нялх нахиа мэт, хуурай газраас гарсан үндэс мэт ургав. Бидний харахаар хэлбэр дүрс, цог жавхлан Түүнд байсангүй. Биднийг татахуйц дүр төрх түүнд алга байв. … Гэвч гэмт үйлдлийн маань улмаас Тэр хатгагдан, хилэнцийн маань улмаас Тэр бяцарч авай. Амар тайвны маань төлөө Түүн дээр гэсгээл байж, шархаар нь бид эдгэрчээ.” Иса 53:1-5

Есүс хүнд үзэн ядагдах, хүний дургүй хүргэх зүйл хийсэн учраас тэгтлээ хүнд зовлон шаналлыг эдэлсэн биш юм. Бидний нүглийг уучлахын төлөө, Өөрийнх нь золиосгүйгээр хайртай хүүхдүүдээ аврах боломжгүй байсан тул өргөст замаар харин ч баяр хөөртэйгөөр, дуулгавартайгаар алхаж байсан юм.

Боолын ухаантай хүмүүс Христ шиг байж огт чадахгүй. Гагцхүү Христ биднийг Өөрийнхөө хөлийн мөрийг дагаасай гэсэндээ зовлонгийн замаар алхаж, хүүгийн ухааны жишээг харуулсан юм. Учир нь хүнд хэцүү нөхцөл байдал, бэрхшээлийг ялан гарч байж л тэнгэрийн гялалзсан яруу алдрыг бид авах бөгөөд Бурханы хүү охидын хувиар тэнгэрийн өв залгамжлалыг авах юм.

Ухаалаг боол шиг бэлэн бай

Өнөө үед биелэгдэж байгаа сайн мэдээний түүхийг харвал шатам халуун зун, тэсгим өвлийн хүйтэнд тунхаглаад боловсорч байгаа үр жимс нь урин хавар, сэрүүн намраар гарах үр жимснээсээ илүү байгаа гэсэн сүүлийн арван жилийн тоо байна. Өөрөөр хэлбэл нөхцөл байдал сайн үеэсээ нөхцөл байдал тааруу хүнд үедээ илүү олон гэр бүлээ олсон гэсэн үг. Ингээд үзэхээр Бурхан биднийг боолын ухаанаар хийж байна уу эсвэл хүүгийн ухаанаар хийж байна уу гэдгийг харж байгаа нь илт байна.

Есүс хүүгийн ухааны жишээ болгон дараах сургаалт зүйрлэл айлдсаныг үеийн төгсгөлтэй золгосон бид сайтар анхаарах хэрэгтэй.

“Тиймээс та нар ч мөн бэлэн бай. Хүний Хүү та нарын санаагүй цагт ирнэ. Бусад зарц нарынхаа хоол ундыг нь цагт нь өгүүлэхээр эзэн нь гэрийнхээ дээгүүр тавьсан, итгэмжит, ухаалаг зарц нь хэн бэ? Тийнхүү үйлдэж байхад эзэн нь ирээд харвал тэр зарц ерөөлтэй еэ! Үнэнээр Би та нарт хэлье. Эзэн хамаг хөрөнгөө түүнд даатгана.” Мат 24:44-47

Сургаалт зүйрлэлд гарч байгаа “итгэмжит ухаалаг зарц” нь хэдийгээр “зарц” гэж байгаа ч үнэндээ хүүгийн ухаантай хүн юм. Хүн харсан ч, хараагүй ч цагт нь хоол ундыг нь өгч буйг эзэн нь буцаж ирэхдээ хараад хамаг эзэмшлээ түүнд даатгана хэмээсэн. Тэгэхээр ийм хүн хүү биш гэж үү? Боолын хүнд хүчир ажлыг ч төвөгшөөлгүй хийсэн тэрээр зарц мэт харагдавч үнэн хэрэгтээ хүү мөн.

Галат, Ром ном болон Библийн өөр олон номд Бурхан бүх өв хөрөнгөө Өөрийн үр удамдаа л өгнө гэсэн байдаг. Үр удам нь өв залгамжлагч болдог болохоор тэд Бурханы мөнхийн тэнгэрийн хаанчлалыг өв залгамжилж авах биш үү? Сайн мэдээний төлөө өдөр шөнөгүй зүтгэж, өчүүхэн жижиг зүйлд ч санаа тавих тэд үнэхээр тэнгэрийн өвийг залгамжлах эрхтэй Бурханы хүү юм.

Бурхан хүүхдүүддээ тэнгэрийн хаанчлалыг өв болгон залгамжлуулах тэр өдөр муу зарц шиг гаднах харанхуйд хаягдаж, уйлж, шүдээ хавирахгүйн тулд нэг өдрийн өмнө ч болов өөрсдийгөө хүүгийн ухаантай байгаа эсэхийг шалгаж үзэцгээе. Хүү нь хэрнээ зарцын ухаантай хүн байгаа бол Библид тэмдэглэгдсэн шиг муу зарц гэж тамгалуулахгүйн төлөө тэр ухаанаа сольж өөрчлөөрэй.

“Харин өөдгүй муу зарц зүрхэндээ “Эзэн маань ирэхгүй удна” гээд, анд нь болох зарц нараа зодож, архичидтай идэж ууж эхэлтэл бодоогүй өдөр, мэдээгүй цагт нь мөнөөх зарцын эзэн ирж, түүнийг тас хэрчиж, хоёр нүүртнүүдтэй ижил хувь онооно. Тэнд уйлаан, шүд хавирах нь буй.” Мат 24:48-51

Муу зарц эзнийхээ нүдийг хариулж байгаад идэж ууж, залхууран суудаг. Тийм учраас хэзээд ч, хаана ч эзнийхээ хүслийг бүрэн ухаарч, гүйцэлдүүлж чадаагүйн улмаас муу зарц гэгдэн ял шийтгэл хүлээж, харуусам төгсгөлтэй учирдаг. Тиймээс л Бурхан боолын ухаантай байж мөнхийн галтай тамд орох хүн ба хүүгийн ухаантай байж мөнхийн тэнгэрийн хаанчлалд орон өв залгамжлах хүн гэсэн хоёр төрлийн хүмүүс байгааг харуулж, бидэнд ухаалаг итгэмжит зарц болоорой гэж айлдсан юм. Бурхан ялгааг нь онцолсон сайн, муу зарцын сургаалт зүйрлэлийг сурах явцдаа сүнслэг сургамж олж аваарай.

Бид бүгдээрээ Бурханы сүүлчийн сайн мэдээний агуу үйл хэргийн төлөө дуудагдсан Бурханы хүүхдүүд юм.

Сионы хайртай ах эгч дүү нар аа! Алдагдсан хүүхдүүддээ л амь өгөхийн төлөө гаргасан Бурханы хайр золиосонд улам бүр талархаад, Сүнс болон Сүйт бүсгүйг дуурайсан хүүгийн ухаанаар сайн мэдээнд оролцъё. Эцэгийг ирэх тэр өдрийг хурдлуулахын тулд даалгасан сайн мэдээний ажлаа хүүгийн ухаанаар гүйцэлдүүлцгээе.