Библийн бүтэц ба онцлог

131,025 үзэлт

1. Библийн хэл

“Библи” гэдэг үг нь грек хэлний “Библоз” гэсэн үгнээс гаралтай [Bibloz=Ном].

1) Хуучин гэрээ нь еврей хэлээр бичигдсэн.

※ Хуучин гэрээний зарим ном (Езр 4:8-6:18, 7:12-26, Иер 10:11, Дан 2:4-7:28) Вавилон улсын хэрэглэж байсан арамей [Халдеи] хэл дээр бичигджээ.

Иудейчүүд Вавилоноос чөлөөлөгдсөний дараа арамей, еврей гэсэн хоёр хэлээр ярьдаг байв.

2) Шинэ гэрээний Библи нь тэр үед дэлхий нийтээр хэрэглэж байсан грек хэл дээр бичигдсэн аж. МЭ 1-р зуунд грек хэл нь Ромын эзэнт гүрний албан ёсны хэл болсон байна.

※ Шинэ гэрээний Библи арамей болон еврей хэл дээр бичигдээгүй шалтгаан нь сайн мэдээ зөвхөн еврейчүүдэд биш харь үндэстнүүдэд ч тунхаглагдах ёстой учраас тэр юм (Александр хаан зүүн зүгийг эзлэн авснаас хойш ихэнх улс үндэстэн грек хэлийг хэрэглэж иржээ).

2. Библийн онцлог

Библи нь хуучин гэрээний эхний таван номыг бичсэн Мосегийн үеэс шинэ гэрээний сүүлийн хэдэн номыг бичсэн Иохан элчийн үе хүртэл 1600 гаруй жилийн хугацаанд бичигджээ. Давид хаан, Амос хоньчин гэх мэт янз бүрийн давхаргын олон эш үзүүлэгч Библийг бичсэн байна (Амо 1:1). Библи нь түүхийн олон өөр нөхцөл байдалд, өөр өөр цаг хугацаанд бичигдсэн юм. Гэвч энд бидний анхаарах ёстой нэг зүйл нь Бурхан Өөрөө эш үзүүлэгчдээр Библийг бичүүлсэн явдал юм.

Библийн зохиолч нь хүн биш Бурхан болохоор Эхлэл номноос Илчлэл ном хүртэл Библийн 66 ном нь хоорондоо зөрчилддөггүй бүгд харилцан уялдаатай байдаг. Библийн үг бүр хүч чадал, эрх мэдэлтэй бөгөөд бүх зөгнөл биелсээр байгаа юм. Тиймээс Библийг “ариун Бичвэр” хэмээн үзэж олон хүн уншдаг.

  • 2Тим 3:16 “Бичвэр бүр Бурханы амьсгалснаар бөгөөд…”
  • 2Пет 1:21 “Учир нь нэг ч эш үзүүллэг… Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс Бурханаас айлджээ.”

3. Канон (Зөв судар) ба Апокриф (Гадна судар)

1) Канон (正經) → Хуучин гэрээний 39 ном, шинэ гэрээний 27 ном.

※ Хуучин гэрээний 39 номыг еврей Библийн албан ёсны Канон гэж хүлээн зөвшөөрсөн.

2) Апокриф (外經) → Библийн хэд хэдэн удаагийн шалгуураар Каноноос хасагдсан номнууд (Ойролцоогоор 14 ном бий)

Эдгээр нь эш үзүүлэгч Малахигийн үеэс хойш (МЭӨ 400) Есүсийг төрөх хүртэл бичигдсэн номнууд юм.

Апокрифийн ёс суртахууны өнгө аяс нь Библийнхээс хамаагүй доогуур бөгөөд Библитэй зөрчилдөх сургаалуудыг агуулдаг. Энэ шалтгааны улмаас эдгээр нь хэзээ ч Еврейн уламжлалт Каноны нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрөгдөж байгаагүй юм. Апокриф нь чанар муутай, түүхэн үнэ цэнэгүй тул “хуурамч судар” гэж бас нэрлэдэг.

Есүс сургаал айлдахдаа хэзээ ч Апокрифаас иш татаагүй.

※ Ромын католик сүм Апокрифийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Хамба лам нарын нэг Гэгээн Жером 4-р зуунд Библийг латин хэл дээр, дараа нь Апокрифийг хавсралт болгон хөрвүүлсэн нь Апокрифийг ашиглах үндэс суурийг тавьсан юм. Шашин шинэчлэгчид Апокрифийг няцаасны дараа католик сүм Трентийн зөвлөлийг (1545-1547) хуралдуулж, Апокрифийг Библид багтаахаар шийдвэрлэжээ.

4. Библийн бүтэц

Библи нь хуучин гэрээний 39, шинэ гэрээний 27 Бичвэр бүхий нийт 66 номноос бүрддэг.

1) Хуучин гэрээний Библийн ангилал

① Хууль (Мосегийн 5 ном): Эхлэл, Гэтлэл, Леви, Тооллого, Дэд хууль

② Түүх: Иошуа, Шүүгчид, Рут, 1Самуел, 2Самуел, 1Хаад, 2Хаад, 1Шастир, 2Шастир, Езра, Нехемиа, Естер

③ Шүлэг: Иов, Дуулал, Сургаалт үгс, Номлогчийн үгс, Соломоны дуун

④ Зөгнөл: Исаиа, Иеремиа, Гашуудал, Езекиел, Даниел, Хосеа, Иоел, Амос, Обадиа, Иона, Мика, Нахум, Хабаккук, Зефаниа, Хаггаи, Зехариа, Малахи

※ Библийн номнуудыг цаг тооллын дарааллын дагуу биш, сэдэв агуулгын онцлогоор нь дараалуулж эмхэтгэсэн байдаг учраас андуурч болохгүй юм.

Жишээ 1) Зөгнөлийн ном болох Иеремиа ном нь Вавилоноос чөлөөлөгдөхөөс өмнөх үе болон Вавилонд эзлэгдсэн тухайн үеийн түүхийг бичсэн ном учраас зөгнөлийн хэсэгт ангилсан. Харин Вавилоноос чөлөөлөгдсөний дараа бичигдсэн 2Шастир номыг Иеремиа номны өмнө эмхэтгэсэн нь энэ номыг түүхийн хэсэгт ангилсантай холбоотой.

  • Иер 25:11 – Иудейчүүд Вавилонд 70 жил олзлогдоно хэмээн зөгнөсөн.
  • 2Шас 36:21 – Зөгнөл биелэгдсэн.

Жишээ 2) Вавилонд олзлогдохоос 100 жилийн өмнө бичигдсэн Исаиа ном нь зөгнөлийн ном бөгөөд энэ нь Библийн 23 дахь ном болж эмхэтгэгдсэн. Харин Вавилоноос чөлөөлөгдсөний дараа бичигдсэн Езра номыг түүхийн хэсэгт ангилж, Библийн 15 дахь ном болгон эмхэтгэжээ.

  • Иса 45:1 – Израильчуудыг Вавилоноос Кореш хаан чөлөөлнө хэмээн зөгнөсөн.
  • Езр 1:1 – Зөгнөл биелэгдсэн.

2) Шинэ гэрээний Библийн ангилал

① Сайн мэдээний 4 ном (Есүсийн үйлсийг бичиж тэмдэглэсэн): Матай, Марк, Лук, Иохан

※ Матай, Марк, Лук гэсэн сайн мэдээний гурван номноос 20-30 жилийн дараа Иохан ном бичигдсэн.

② Түүх (Элч нарын үйлсийг тэмдэглэсэн): Үйлс

③ Захидал: Ром, 1Коринт, 2Коринт, Галат, 1Тесалоник, 2Тесалоник, 1Тимот, 2Тимот, Тит, Ефес, Филиппой, Колоссай, Филемон

※ Аян замд бичсэн захидал (Паулын сайн мэдээний аян замдаа бичсэн захидлууд): Ром, 1Коринт, 2Коринт, Галат, 1Тесалоник, 2Тесалоник

※ Зөнчийн захидал (Паулын сүмийн зөнч нарт бичсэн захидлууд): 1Тимот, 2Тимот, Тит

※ Шоронд бичсэн захидал (Паулын шоронд бичсэн захидлууд): Ефес, Филиппой, Колоссай, Филемон

④ Ердийн захидал (Тодорхой хүлээн авагчгүй захидлууд): Еврей, Иаков, 1Петр, 2Петр, 1Иохан, 2Иохан, 3Иохан, Иуда

⑤ Зөгнөл: Илчлэл

※ Хуучин гэрээний номнуудын нэгэн адил шинэ гэрээний номнуудыг ч мөн цаг тооллын дарааллаар нь бус сэдэв агуулгын онцлогоор нь эмхэтгэжээ.

Жишээ) Шинэ гэрээний Библид 2Петр ном 26 дахь ном болж эмхэтгэгдсэн ч шинэ гэрээний Библийн 4 дэх ном болох Иохан номноос өмнө бичигдсэн.

  • 2Пет 1:14 – Петр өөрийгөө удахгүй махан бие болох асраа тайлна гэж бичсэн.
  • Иох 21:19 – Иохан ном Петрийг нас барсны дараа бичигдсэн нь батлагдсан.