WATV.org is provided in English. Would you like to change to English?

Зовлон бэрхшээлийг сөрөөд

Үйлс 21:7-16

13,522 үзэлт

Паул элчтэй хамт яваа хүмүүс Кайсарид хүрч ирээд Филипийн гэрт хэд хонох үеэр ийм явдал болов.

Нэг өдөр Агаб гэгч нэгэн эш үзүүлэгч Паултай уулзахаар Иудейгээс иржээ. Агаб бүс авч хөл гараа хүлээд, Ариун Сүнс өөрт нь юу айлдсаныг дамжуулав.

“Иерусалим дахь иудейчүүд энэ бүсний эзнийг ийн хүлээд харийнхны гарт тушаана.”

Агабын хөл, гараа хүлсэн тэр бүс Паулынх байж. Тэнд байсан хүмүүс уйлан байж Иерусалим руу явахгүй байхыг Паулаас гуйлаа.

Тэгтэл Паул “Юунд та нар уйлж зүрхийг минь өвтгөнө вэ? Би Эзэн Есүсийн нэрийн төлөө хүлүүлэх нь байтугай Иерусалимд үхэхэд ч бэлэн байна” гэлээ.

Паулыг ийн хэлэхэд хүмүүс “Бурханы хүслээр болтугай” гээд түүнийг дахиж ятгасангүй.

Хэдэн өдрийн дараа Паул болон түүнтэй хамт байсан хүмүүс Иерусалим руу явлаа.

Иерусалимд очиход нь эсэргүүцэгчид өөрт нь юу хийхийг Паул элч мэдэж байжээ. Гэсэн ч тэрээр сайн мэдээний төлөө урьдаас тогтоосон замаар зориг шулуудан алхсан. Тэрээр сайн мэдээ тараах явцад учрах алив зовлон бэрхшээлд жаахан ч шантралгүй, алив саадын өмнө сөрж зогсдог байжээ.

Итгэлийн өвөг дээдэс маань зөвт хүний замаар алхахдаа хилс хэрэг хүлээж, учир битүүлэг элдэв бэрхшээлтэй тулгарлаа ч тэр бүхнээс зугтаж байсан удаагүй. Тэд гагцхүү тэнгэрийн ерөөлийг хүсэмжилж, Бурханыг бодон, Бурханы оноож өгсөн үүргийг гүйцэлдүүлэх гэсэн цорын ганц зорилготой байжээ.

Бурханы хаанчлалыг эрмэлзэн зөв амьдаръя гэсэн хүмүүсийг зовлон зүдгүүр тойрч гарахгүй нь мэдээж. Бурханыг энэ газарт ирэхэд ертөнц Түүнийг хэрхэн үзэн ядан гадуурхаж байсан шиг тэдэнд ч мөн тийн хандах болно. Учир нь тэд Бурханы алхсан замыг яг дагасан.

Сайн мэдээний замаар бидний өмнө алхсан Бурханыхаа золиосыг цаг үргэлж бодон, оногдсон үүргээ бүгдээрээ мартахгүй байцгаая. Алив бэрхшээлийн өмнө гуйвж дайвалгүй бат зогсдог, ухарна гээчийг мэддэггүй шийдмэг зоригтой хүний хувьд төсөөлж ч барамгүй, тийм их тэнгэрийн шагнал овоолоостой бий.