Халуун зун байна уу, хүйтэн өвөл байна уу цаг агаараас үл хамааран, Сионы ах эгч дүү нар маань сайн мэдээний төлөө цаг үргэлж уйгагүй зүтгэж байгааг нь би мэднэ. Бурхан энэ газар алдагдсаныг хайж, аврахаар ирээд сайн мэдээ л тунхагласан. Хүн төрөлхтнийг тэнгэрийн хаанчлал руу хөтлөх сайн мэдээ бол одоо бидний сахиж, тунхаглаж байгаа шинэ гэрээ юм.
Шинэ гэрээний сайн мэдээг нэг үгээр дүгнэж хэлбэл энэ нь “бусдад санаа тавьж, халамжилдаг сайн мэдээ” гэж хэлж болно. Библид Бурхан болон Бурханы ард түмний хоорондын харилцааг Хоньчин ба хонин сүргийн харилцаа холбоогоор зүйрлэсэн байдаг. Сайн Хоньчин болох Христ хонин сүргээр бэлгэдсэн ард түмнээ хайр халамжаар санаа тавьж, тэднийгээ хамгаалахын тулд Өөрийн амиа ч харамлаагүй (Дуу 23:1-6, Иох 10:10-16 үзэх). Христ бидэнд ийм жишээ үзүүлсэн учир нь Тэрээр биднийг хөлийн алхааг нь дагаасай гэж хүссэндээ тэр юм. Сайн мэдээгээр түрүүлж авралд дуудагдсан бид ядарч сульдсан хүмүүсийг халамжлан санаа тавьж, тэдэнтэй хамт мөнхийн тэнгэрийн хаанчлал руу явах ёстой.
Хүн төрөлхтнийг аврахаар энэ газар ирэхдээ Бурханы биечлэн явуулж байсан сайн мэдээний ажлыг ихэвчлэн зөнчийн ажил гэж тодорхойлно. Зөнчийн ажил хийнэ гэдэг нь Бурханы хонин сүрэгт санаа тавина гэсэн утгатай. Зөнчийн ажил товчхондоо дараах гурван үүрэгтэй. Нэгдүгээрт Бурханы хоньдыг олох үүрэг, хоёрдугаарт тэдэнд санаа тавьж халамжлах үүрэг, гуравдугаарт тэднийг авралд хүртэл нь хөтлөх үүрэг юм.
Энэ нь Христийн биечлэн гүйцэлдүүлж байсан үйл хэрэг төдийгүй шинэ гэрээний сайн мэдээг хүлээн авсан хүн бүрийн анхаарлаа хандуулж, хэрэгжүүлэх ёстой зүйл. Нэгдүгээрт бид алдагдсан ах эгч дүү нараа хайж олон, тэр олдсон хүмүүстээ санаа тавих ёстой. Мөн бид тэднийг авралд хүртэл нь тэнгэрийн хаанчлал руу хөтлөх ёстой.
“Тэднийг өглөөний хоолоо идэж дуусахад Есүс, Симон Петрт —Иоханы Симон оо, чи Намайг эднээс илүү хайрладаг уу? гэж асуухад тэр —Тийм ээ, Эзэн. Танд хайртайг минь Та мэднэ гэв. Есүс түүнд —Хургануудыг минь тэжээ гэлээ. Дахин Есүс хоёр дахь удаагаа түүнд —Иоханы Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэхэд тэр Түүнд —Тийм ээ, Эзэн. Танд хайртайг минь Та мэднэ гэв. Есүс түүнд —Хоньдыг минь хариул гэлээ. Есүс түүнд гурав дахь удаагаа —Иоханы Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэв. … Петр гуниглав. Тэр —Эзэн, Та бүх юмсыг мэддэг. Танд хайртайг минь Та мэднэ гэв. [Есүс] түүнд —Хоньдыг минь тэжээ.” Иох 21:15-17
Амилсныхаа дараа Есүс Петрт үзэгдэхдээ түүнээс гурван ч удаа “Чи Намайг хайрладаг уу?” гэж асууж байна. Петр Есүсийг хайрладгаа дахин дахин өчсөн. Тэгэхэд нь Есүс “Хургануудыг минь тэжээ”, “Хоньдыг минь хариул” гэж хэлдэг.
“Хоньдыг минь хариул.” Ингэж хэлснээрээ Есүс “Та нар намайг хайрладаг бол хургануудад минь л их санаа тавиарай. Тэд сүнсээр одоо хэр нь ялгаж салгах ухаангүй, итгэлээр сул байгаа шүү. Тэдний дотор тэнгэрийн хаанчлалын найдвар төдийгүй итгэл суулгаарай. Тэднийг тэнгэрийн орон руу хөтлөөрэй. Тэднийг үргэлж хайраар халамжлан санаа тавиарай” гэсэн утгаар хэлсэн хэрэг. Энэ нь л Бурханы маань хүсэл юм.
Үүнийг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст даалгасан юм. Бид цаг ямагт Бурханы хоньдод санаа тавих ёстой. “Хоньд маань төөрчихөөгүй байгаа”, “Бид тэднийг зөв замаар хөтлөх ёстой юм шүү”, “Тэд сүнслэг хүчээ алдчихаагүй байгаа”, “Бид шинэ хүч сэлбэж өгөх ёстой шүү” гээд л санаа тавих учиртай. Энэ бол шинэ гэрээний сайн мэдээ.
Бид хичээнгүйлэн сайн мэдээ тунхаглах ёстойн учир нь “Хоньдыг олох” сайн мэдээний төлөөх эхний үүргээ гүйцэлдүүлж байгаа хэрэг. Хэрэв бид Есүсийн энэ дэлхийд үлдээсэн хөлийн мөрийг дагах юм бол сайн мэдээний төлөө юу хийх ёстойгоо мэдэж чадна.
“Хүний Хүү алдагдсаныг хайж, аврахаар ирсэн билээ гэв.” Лук 19:10
Есүс энэ дэлхийд ирсэн зорилгоо алдагдсаныг хайж аврах хэмээн айлдаж байна. Тиймээс л дэлхий дахины ах эгч дүү нар маань хэзээ ч, хаана ч Бурханы алдагдсан хүүхдүүдийг хайж олохын төлөө шаргуу ажиллаж байгаа.
Эхлээд бид алдагдсаныг хайж олох ёстой. Тэгээд тэднийгээ дахин хэзээ ч Сатанд булаалгахгүйн тулд халамжлан санаа тавих ёстой. Энэ бол Бурханы хүсэл. Эхэнд ирсэн Сионы хүүхдүүд сүүлд ирсэн сионыхондоо чин сэтгэлээсээ санаа тавьж, эцэст нь тэднийг авралд хөтлөх ёстой. Тэнгэрийн орон бол бидний ганцаараа явах тийм газар биш билээ. Тийм л болохоор Есүс нэг нэгнээ тэнгэрийн хаанчлалын авралд хүрэх хүртэл нь бие биедээ санаа тавь гэж айлдсан юм.
Сайн Хоньчин болж ирсэн Христ сүүлчийн үед биднийг аврахаар дахин Хоньчин болж ирнэ гэж амласан байдаг (Езе 34:11-31 үзэх).
“Хүн ганц удаа үхэж, дараа нь шүүгдэхээр товлогдсон шиг Христ мөн олны нүглийг үүрэхийн тулд ганц удаа өргөгдсөн бөгөөд хоёр дахиа үзэгдэхдээ нүглийг үүрэхийн тулд бус, харин Өөрийг нь тэсэн ядан хүлээгсдийг аврахын тулд ирнэ.” Евр 9:27-28
Христийн энэ дэлхийд ирэх зорилго нь анхны ирэлтээрээ ч, хоёр дахь ирэлтээрээ ч биднийг аврах байсан юм. Тиймээс энэ үед үнэнийг хүлээн авсан бид авралын маань төлөө Бурханы нээж өгсөн замаар ах эгч дүү нартайгаа хамт явах ёстой. Сайн мэдээний ажил үүрэг хашна гэдэг бол зөвхөн Бурханы үг тунхаглах биш. Тэнгэрээс алдагдсан ах эгч дүү нараа олох, тэдэнд санаа тавьж халамжлах, эцсээ хүртэл тэднийгээ аврал руу хөтлөх гэх мэт нь сайн мэдээний бүрэн гүйцэлдэл юм.
Эхлэл номонд Абел хонин сүргээ хариулж, Бурханд зөв тахил өргөсөн гэж бичсэн (Эхл 4:1-5). Хуучин гэрээний үеийн түүхэнд Бурхан эш үзүүлэгч, эсвэл хаан болгохоор хоньчдыг сонгосон олон үйл явдал гардаг.
“Мосе хадам эцэг Мидианы тахилч Иетрогийнхоо хонин сүргийг хариулж байв. …” Гэт 3:1
“… Тэгтэл залуу эрчүүдийн нэг нь —Харагтун, би Бетлехемийн Иессийн хөвгүүнийг харсан. Тэрээр чадварлаг хөгжимчин, эрэлхэг хүчит дайчин, үгэнд цэцэн сайхан эр билээ. ЭЗЭН түүнтэй хамт байдаг гэж хариулав. Саул, Иессид элч нарыг илгээж —Чи өөрийн хөвгүүн хоньчин Давидыг над уруу илгээгтүн гэж хэлүүлэв.” 1Сам 16:17-19
Мосе Иетрогийн хонин сүргийг хариулж байхдаа Бурханд дуудагдсан. Тэрээр израиль ард түмнийг Египетийн боолчлолоос чөлөөлж, Бурханаас хуучин гэрээний хууль авч ирсэн агуу эш үзүүлэгч болсон. Давид залуу хоньчин байхдаа тослогдсон бөгөөд тэрээр Израилийн хоёр дахь хаан болсон (1Сам 16:11-13). Библид Давидыг Бурханд бүрэн итгэж, найдаж, улсаа Бурханы хүслийн дагуу ухаалгаар захирч байсан хаан гэж дүрсэлсэн байдаг.
Хонио сайн хариулдаг хоньчин хүн л бол Бурханы өөрт нь даалгасан хүмүүсийг сайн харж хандахаа хэн хүнээс илүү мэднэ. Тиймээс л хонин сүрэг рүү нь чоно дайрах гэхэд чоныг ялж чадах боломжтой, хонин сүрэг нь өлсөж цангахад хоньдоо ногоон бэлчээрт, намуун усны дэргэд идээшлүүлж хариулдаг хоньчдыг Бурхан сонгон дуудаж, авралын агуу ажлынхаа төлөө удирдагч болгон тэднийг босгон байгуулсан билээ.
Сүргээ хариулж явахдаа Давид амиа алдах тийм эрсдэлд ч хоньдоо хамгаалж байсан юм. Тиймдээ ч Бурхан түүнийг “Зүрх сэтгэлийн дагуух хүн” хэмээж (Үйл 13:22), баярласан байдаг.
“… Гэвч Давид, Саулд —Боол нь эцгийнхээ хонийг хариулдаг байсан. Арслан юмуу баавгай ирээд, хонин сүргээс минь хурга авч явахад би араас нь хөөж очоод, түүнийг довтолж, түүний амнаас хургаа авардаг байсан. Хэрэв тэр над уруу дайрвал би сахлаас нь шүүрэн авч түүнийг цохиж алдаг байв. Таны боол би арслан, баавгайн аль алиныг нь алсан билээ. Тэр хозлуулаагүй филист хүн амьд Бурханы цэргийг шившиглэсэн тул тэдний нэгэн адил болох болно гэж хэлэв. Давид цааш нь —Арслан, баавгайн савраас намайг аварсан ЭЗЭН тэр филист хүний гараас ч намайг аварна гэв. …” 1Сам 17:32-37
Арслан юм уу баавгай ирээд, хонин сүргээс нь хурга авч явахад Давид тэдний эсрэг тэмцэж, заавал амнаас нь хургаа авардаг байсан аж. Иймэрхүү зоригтой итгэл сүнслэг хоньчин болох бидэнд нэн шаардлагатай. Алдагдсан ах эгч дүү нараа олж, тэднийгээ халамжилж, авралын замаар хөтөлцгөөе. Тэгж байж л бид нэг ч хүнийг алдалгүйгээр тэнгэрийн хаанчлал руу дагуулж явах юм.
“Хоньдыг минь тэжээ”, “Хоньдыг минь хариул.” Бурханаас бид ариун тушаал авсан улс. Эргэн тойронд маань итгэлийн амьдралаар амьдарч байгаа хэрнээ тэнгэрийн найдварыг хараахан ухаараагүй ах эгч дүү нар одоо ч байсаар байна. Тэднийг үнэнээр тэжээж, тэр сүнснүүдийг хариулан санаа тавих нь бидний үүрэг. Бид зүгээр л бусдаар халамжлуулах биш, ах эгч дүү нараа халамжлан, тэдэнд туслах хэмжээний насанд хүрсэн итгэлтэй байх хэрэгтэй.
“Бурхан Өөрийн цусаар Өөртөө өмчилж авсан Бурханы чуулганыг хариулуулахаар Ариун Сүнс та нарыг харгалзагч болгосон бөгөөд та нар өөртөө болон бүх сүрэгт анхаарал тавь. Намайг явсны дараагаар, сүргийг үл өршөөх хэрцгий чононууд та нарын дунд орно гэдгийг ч би мэдэж байна. Та нарын дундаас ч дагалдагчдыг өөрсдөдөө татах гажууд зүйлсийг заах хүмүүс гарч ирнэ. …” Үйл 20:28-31
TEV Библид 28-р ишлэлийн эхний хэсгийг “Тиймээс та нар өөрсдийгөө болон Ариун Сүнс та нарын хариулганд өгсөн бүх сүргийг халамжил” гэж бичсэнийг нь харж болно.
Мөн 28-р ишлэлийн сүүлийн хэсэгт “Бурхан цусаараа худалдаж авсан Бурханы сүмийн Хоньчин нь бай” гэсэн байна. Заримдаа зөвхөн өөрийгөө асран халамжлах ч хэцүү байдаг даа. Тиймээс бусдыг асран халамжилна гэдэг хийхэд тийм ч амархан биш. Хайр, золиосын сэтгэл байхгүй бол боломжгүй зүйл.
“Хайр бол хөршдөө муу муухайг үйлддэггүй. Иймд хайр нь хуулийн гүйцэлдэл мөн. Цаг үеийг, нойрноосоо сэрэх цаг хэдийнээ болжээ гэдгийг мэдэн үүнийг хий. Урьд бидний итгэсэн үеэс аврал одоо бидэнд улам ойрхон байна. Шөнө өнгөрч, өдөр ойртов. Тиймээс харанхуйн үйлсийг хажуу тийш тавьж, гэрлийн зэвсгүүдийг агсацгаая. Утга учиргүй найрлан цэнгэж, архидах бус, садарлан, тачаадах бус, хэрэлдэн маргаж, атаархан жөтөөрхөх бус, харин өдөр буй мэт бүгдээрээ зүй зохистой явцгаая. Эзэн Есүс Христийг өөртөө өмс. Хүсэл тачаалыг нь хангах юугаар ч махбодыг бүү тэтгэ.” Ром 13:10-14
Одоо гэрлийн зэвсгийг агсаад, харанхуй ертөнцлөг зүйлсийг хажуу тийш тавьж, сэрж, сэргэг ухаантай байцгаая. Бурханы хаанчлал улам ойртож байна. Бид хайраар л шинэ гэрээний хуулийн сүүлчийн хэсгийг биелүүлэх ёстой. Хэн маань ч авралаас мултралгүй, авралд хүрэхийн тулд Сионы ард түмний хувиар нэг нэгнээ халамжлан санаа тавьж, Бурханы ивээлтэй үгээр нэг нэгнээ хөтлөн, нэг нэгэндээ үргэлж санаа тавьцгаая.
Гэр бүл дотор хэн хүнээс илүү гэрийнхнээ асарч тойлдог нь ээж байдаг. Ээж хүн хүүхдээ аврахын тулд бүгдийг хийдэг. Бүр боломжгүй юм шиг зүйлийг ч болгож байдаг. Ийм золиосын хайр байхгүйгээр бид бусдыг халамжилж чадахгүй.
Эхийн сэтгэл байх л юм бол ах дүү, эгч дүү нараа бүгдийг нь асран халамжилж чадна. Давид амиараа дэнчин тавин байж арслангийн сахлаас нь барьж байгаад амнаас нь хургаа аварсан шиг бие биедээ хайраар санаа тавин халамжилж, авралд хүрэхийн төлөө хамтдаа хичээцгээе. Эцэг ирэх өдрийг хүртэл бид шинэ гэрээний сайн мэдээн дотор “хуулийн гүйцэлдэл” болох хайрыг амьдрал дээр хэрэгжүүлсээр байх ёстой.
“Хайртууд минь, бие биенээ хайрлацгаая. Учир нь хайр бол Бурханаас ирдэг. Хайрладаг хүн бүр Бурханаас төрсөн бөгөөд Бурханыг таньдаг. Эс хайрлагч нь Бурханыг таньдаггүй. Учир нь Бурхан бол хайр. Бурхан цорын ганц Хүүгээ ертөнцөд илгээсэн нь Түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм. Үүгээр Бурханы хайр бидэнд илчлэгдсэн юм.” 1Иох 4:7-9
Бурхан бол хайр. Бурхан биднийг аврахаар энэ газар ирж, элдэв янзын зовлон золиосыг татгалзалгүй амссанаараа биднийг гэх хайраа батлан харуулсан. Ийм хайр байхгүйгээр бусдыг халамжлан, бусдад санаа тавих боломжгүй.
Сионы гэр бүл болгон хайран дотор төгс болж бүтээгдэх үед шинэ гэрээний сайн мэдээ гүйцэлдэнэ. Шинэ гэрээний сайн мэдээ гэдэг нь бид нэг нэгэндээ санаа тавих хайрын сайн мэдээ юм.
“Хэрэв би хүмүүсийн болон тэнгэрэлч нарын хэлээр ярилаа ч надад хайр үгүй бол би хий нүргэлэх харанга, хангинах цан аж. Хэрэв би эш үзүүлдэг мөн бүх нууц болон бүх мэдлэгийг мэддэг байгаад, уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаа ч надад хайр үгүй бол би юу ч биш. Хэрэв би бүх өмч хөрөнгөө тараан өгч, биеэ шатаахаар тушаасан ч надад хайр үгүй бол энэ нь надад ямар ч ашиггүй юм. Хайр тэвчээртэй энэрэнгүй билээ. Хайр атаархдаггүй. Хайр агсганадаггүй, ихэрхдэггүй, зүй бус авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, зэвүүрхдэггүй, өс хураадаггүй, зүй бус юманд баярладаггүй, харин үнэнд баярладаг, бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг.” 1Кор 13:1-7
Мэдээж дээр дурдсан хамгийн агуу хайр бол хүүхдүүд бидэндээ Алгасал баярын золиосоор мах, цусаа өгсөн Бурханы маань хайр. Тэгтэл Бурхан бидэнд бас “Хөршөө өөрийн адил хайрла” гэсэн тушаалыг ч өгсөн. Тиймээс бид энэ хайрыг сэтгэлдээ тээж, амьдрал дээр ч мөн хэрэгжүүлэх учиртай.
Ах эгч дүү нартаа санаа тавьж, тэднийг тэнгэрийн орон руу хөтлөхийн тулд бидний сэтгэлд тэвчээр, сайхан сэтгэл гэж юм байх ёстой. 1Коринт 13-р бүлэгт хайр байхгүй хийсэн юм бүхэн бүрэн төгс биш гэдгийг харуулж байна. Хайр байхгүй гарсан үр жимс, хайр байхгүйгээр Бурханы үгээр олж авсан мэдлэг ч мөн л төгс бус юм.
Бурханы тушаалыг сахин, сайн мэдээ тунхаглаад, Бурханы үгийг зааж, ах эгч дүү нартаа төдийгүй хөршдөө үйлчлэх гээд энэ бүхэн хайраар л хийгдэх ёстой. Шинэ гэрээний үнэн дотор “хайр” гэх хамгийн агуу тушаалыг биелүүлэхийн тулд Есүс бидэнд “Хоньдыг минь хариул” хэмээх сүүлчийн тушаалаа өгсөн билээ.
Нэг нэгнийхээ төлөө залбирч, нэг нэгэндээ урам, хүч өгөн, нэг нэгнээ тэнгэрийн хаанчлалд ороход нь тусалцгаая. Хонин сүргээс нь шүүрэхэд хургаа аврахын тулд амиа хүртэл дэнчин тавьж, арслангийн болон баавгайн сахлаас зуурч байгаад амнаас нь хургаа гарган аварч байсан Давид шиг зоригтой байхыг бүгдээс нь хүсэх байна. Биднийг л үргэлж халамжилж, бидэнд л санаа тавьж байдаг Бурханы хайрыг бодоод, Сионы ах эгч дүү нараа сайн халамжлан, хайр дүүрэн Бурханы хүүхдийн хувиар хуулийг бүхэлд нь гүйцэлдүүлэхийн тулд олон сүнс Бурханы энгэрт хөтлөхийг дахин дахин хүсье.