Бурханд талархал өргө

211 Үзсэн тоо

Сүнслэг цөлд итгэлийн замаар алхахдаа хааяа бид эргэн тойрныхоо орчин нөхцөлд сэтгэл дундуур болж, хямарч, талархал өргөхийн оронд юм л бол гомдоллож гоншгонох хандлагатай байдаг. Харин Бурхан хүүхдүүд биднээсээ талархдаг амьдралаар амьдарч, үргэлж талархахыг Библиэр сургадаг билээ.

Библиэс харахад Бурханд өргөдөг олон тахил дунд талархлын тахил гэж бий. Талархлын тахилаар Бурханд яруу алдар өргөдөг төдийгүй Бурхан энэ тахилыг Абелын тахил шиг хүлээн авдаг (Дуу 50:23 үзэх). Бурханд итгэгчдийн хувиар бид таагүй, хүнд хэцүү орчин нөхцөлд байсан ч талархал өргөж сурах учиртай.

Талархахаа мартсан үеийнхэн

Нэг өдөр дунд эргэм насны нэг эмэгтэй сагс дүүрэн жимс худалдаж аваад нэг айлд зочилжээ. Гэрийн эзэгтэйд түүнийгээ өгөнгөө сагснаас хамгийн гоё алимыг нь аваад эзэгтэйн хүүд өгөв. Харин хүү алим авснаа юу ч дуугарсангүй. Ээж нь үүнийг хараад “Хүнээс юм авахдаа яах ёстой гэж сурлаа?” гэв. Тэгтэл хүү сая нэг өнөөх эмэгтэй рүү хараад нэг юм хэллээ.

“Энэ алимыг надад хальслаад өг дөө.”

Энэ түүх нь өнөө үеийнхэн хичнээн талархдаггүй болсныг тод томруун харуулж байна. Дээр үед бол хэн нэгнээс өчүүхэн жаахан зүйл авсан ч дахин дахин талархлаа илэрхийлдэг байсан. Харин өнөө үед хүмүүс талархахыг мартсан. “Баярлалаа” гэхийн оронд “Энэ алимыг хальслаад өг” гэж хэлсэн хүүхдийн түүхийг сонсоод энэ үеийнхний хар бараан талыг тусгасан юм шиг санагдаад би их харууссан.

Сионы ард түмэн бид тийм байж болохгүй. Хэрэв бид том жижиг юм бүхэн дээр талархал өргөх юм бол Сионд амьдарч, Бурханд үйлчилж байгаагаа нотолж буй хэрэг.

Английн зохиолч Исаак Уолтон “Бурхан хоёр л газар оршдог. Нэг нь тэнгэрт, нөгөө нь талархдаг хүний сэтгэлд” хэмээсэн байдаг. Бурхан Өөрийгөө үеийн төгсгөл хүртэл үргэлж бидэнтэй хамт байна гэсэн (Мат 28:20). Тиймээс бид Бурханд үргэлж талархал өргөх хэрэгтэй.

Өөр нэг түүх дурдъя. Тэнгэрийн хаанчлалд хоёр сагс байх аж. Нэг нь хүслийн сагс, нөгөө нь талархлын сагс. Хүмүүсийн энэ газар байхдаа өргөсөн залбирлыг нь тэнгэр элч нар тэр сагснуудад хийгээд, өдөр бүр Бурхан руу зөөнө. Хүслийн сагс нь өдөр бүр пиг дүүрэвч харин талархлын сагс нь дундуур байдаг гэнэ. Тиймээс түүнийг Бурханд хүргэж өгдөг тэнгэр элч Бурханы өмнө ихэд харуусан, толгойгоо ч өөд өргөж чадахгүй гудайлгана. Энэ дэлхийн хүмүүс “Бурхан минь надад үүнийг өгөөрэй”, “Надад тэрийг соёрхож өгөөрэй” гээд л Бурханд өдий төдий хүслээ илгээнэ. Харин тэд тэнгэрийн Бурханд талархал өргөх нь ховорхон. Бид талархлаар хомс эрин үед амьдарч байгаа. Тиймээс л хүн болгон амин хувиа хичээж, өөрийгөө төв болгосон амьдралаар амьдрахаас ч аргагүй юм даа гэж бодогдоно.

Талархал бялхах Сион

Бурхан талархдаг хүмүүсийн зүрх сэтгэлд оршдог. Тэнгэрийн орон талархдаг хүмүүсийн байдаг газар бөгөөд энэ дэлхий дээр бол Бурханы оршдог газар нь Сион юм. Сионд оршдог бид эхлээд талархал өргөж сурах ёстой. Тэгж байж бид Бурханд үргэлж яруу алдар, магтаал, талархал өргөж чадна.

“Манай баяр наадмын хот Сионыг харагтун! Ажин түжин орон, гадаснууд нь хэзээ ч сугарахгүй, нэг ч аргамж нь тасрахгүй, эвхэгдэхгүй майхан болох Иерусалимыг нүд чинь үзнэ. Тэнд цог жавхлант Нэгэн, ЭЗЭН, бидний төлөө байх болно. Ингэхдээ гол, өргөн сувгийн газар мэт болж, сэлүүрт завь хийгээд усан онгоц ч түүгээр өнгөрөхгүй. Учир нь ЭЗЭН бол шүүгч маань, ЭЗЭН бол хууль тогтоогч минь, ЭЗЭН бол хаан маань мөн. Тэр биднийг аварна. … “Би өвчтэй байна” гэж нэг ч оршин суугч эс өгүүлнэ. Тэнд амьдарч байгаа хүмүүсийн хилэнц уучлагдах болно.” Иса 33:20-24

Сионд оршдог хүмүүс талархах сэтгэлтэй байх ёстой. Нүглийн уучлал, аврал, мөнх амийн ерөөл, мөн бусад олон зүйл гээд Сионд Бурхан хамт байдаг учраас ер нь бид Сионд юугаар ч дутахгүй. “Аврал өгсөн Тандаа талархъя”, “Нүглийн уучлал өгсөн Тандаа талархъя” гээд иймэрхүү талархлын тахил өдөр бүр өргөх ёстой газар бол Сион.

““Зөвт байдлыг мөшгөн ЭЗЭНийг хайгчид аа. Намайг сонсогтун. … Үнэхээр ЭЗЭН Сионыг тайвшруулж, хоосорсон газар бүхнийг нь тайтгаруулна. Зэлүүд талыг нь Еден шиг, цөлийг нь ЭЗЭНий цэцэрлэг мэт болгоно, Тэр. Тэндээс баясгалан, цэнгэл, талархал, дуу хуур олдох юм.” Иса 51:1-3

Сионд баясгалан, цэнгэл, талархал, дуу хуур олдоно гэж Библид гарч байна. Сионд орхигдох ёсгүй зүйл бол талархал өргөх.

Одоогоос 3500 жилийн өмнө израильчууд цөлийн замд амьдарч байхдаа талархахын оронд гомдоллож байсан юм. Үүнийхээ уршгаар Египетээс гарсан хүмүүс Канаан нутагт орж чадалгүй, бүгд сүйрсэн байдаг. Гомдоллодог хүмүүсийг сүйрэл дагалддаг бол харин талархал өргөдөг хүмүүсийн тухайд тэнгэрийн хаанчлал цаг үргэлж тэдний эргэн тойронд байдаг. Энэ бодит үнэнийг марталгүй байж, хэдийгээр эргэн тойрон, орчин нөхцөл заримдаа биднийг гунигтай болгож, бэрхшээл зовлон тулгаран, зоригтойгоор урагш давшихад маань саад болдог ч бүхий л нөхцөл байдалд талархах зүйлс олохыг хичээх хэрэгтэй.

Талархал өргөх үг хэл

Дэлхийн 2-р дайны үеэр нэгэн англи цэрэг маш сайн арчилж тордож байсан цэргийн гутлаа алджээ. Тэрээр гутлаа хэдхэн удаа өмсчихөөд баттай хадгалах гээд шүүгээнд хийсэн байсан ч гэнэт алга болж. Тэгээд уур нь дүрсхийн, хулгайлсан хүнийг олбол ёстой уучлахгүй дээ гээд гутлаа хайж гарлаа.

Тэгээд тэрээр хоёр хөлөө боолтоор боочихсон нэг цэрэг модны сүүдэрт суучихсан, амандаа дуу аялахыг хараад ихэд гайхав. Өөрөө гутлаа алдсандаа дургүйцэж, бөөн уур болж байхад гуталнаас хавьгүй чухал хоёр хөлөө алдчихаад байгаа хэрнээ тэр шархтай цэрэг уужуу сэтгэлээр Бурханд магтаалын дуу аялж байх нь тэр. Түүнийг хараад англи цэрэг өөрийгөө хичнээн талархаж мэдэхгүй амьдарч ирснээ ухаарав.

Тэгээд тэрээр бодлоо өөрчилж, “Би гутлаа алдаагүй ээ. Би зүгээр л гутал хэрэгтэй ядуу нэгэнд бэлэглэсэн” гэж бодохыг хичээв. Ингэж бодлоо өөрчилсөн тул сэтгэл нь уужуурч, тайван болов гэнэ. Тэр үеэс хойш түүний амьдрал эрс өөр болсон гэдэг. Юу ч тохиолдсон бай зөвхөн тухайн нөхцөл байдлыг л хараад байх биш, тэгэхийн оронд байдлыг өөр өнцгөөс харахыг хичээх болов. Юу ч тохиолдсон, ямар ч хүнд бэрхшээл, зовлон тулгарсан тийм бэрх нөхцөлд ч талархахыг л сурч авсан гэнэ лээ. Үүнийхээ ачаар хожим нь тэрээр агуу хүн болсон гэдэг.

Сионд бидний Бурханд өргөх ёстой тахил бол “талархлын тахил” юм. Бурхан бидэнд сургахдаа Сионд үргэлж баясгалан, цэнгэл, талархал орших ёстой хэмээсэн.

Бурхан талархдаг хүний зүрх сэтгэлд оршдог төдийгүй Тэрээр Сионд оршдог хүүхдүүдтэйгээ үеийн төгсгөл хүртэл хамт байна гэж айлдсан. Тиймд Сионы ард түмэн бид үргэлж талархах сэтгэлтэй байх ёстой. Талархдаггүй хүмүүсийн үр дагавар юу вэ гэдгийг Библиэр олж мэдэцгээе.

“Тэд Бурханыг мэдсэн атлаа Бурхан гэж Түүнийг алдаршуулсан ч үгүй, Түүнд талархал өргөсөн ч үгүй. Тэгээд ч тэд бодол санаандаа хоосорч, ухваргүй зүрх нь харанхуй болжээ. Өөрсдийгөө мэргэн гэж хэлдэг атлаа тэд мунхаг болсон бөгөөд үл муудагч Бурханы алдрыг мууддаг хүн, шувууд, дөрвөн хөлт амьтад хийгээд мөлхөгчидтэй адил дүрээр сольжээ. Иймд Бурхан тэднийг зүрхнийнх нь хүсэл тачаалын бузар юмстай зөнд нь орхиж, тэд бие махбодоо өвөр хоорондоо гутаажээ. Учир нь, тэд Бурханы үнэнийг худал хуурмагаар сольж, Бүтээгчээс илүүгээр бүтээлд нь мөргөн, зарагджээ. Бурхан бол үүрд магтагдах Бүтээгч мөн. Амен.” Ром 1:21-25

Талархдаггүй хүмүүсийг Бурхан зүрхнийх нь хүсэл тачаалын бузар юмстай зөнд нь орхино гэжээ. Бурхан гомдоллодог сүнсийг бузар юмстай орхидгийг, харин талархал өргөдөг бүх хүнийг Сионд дуудаж, баясгалан, цэнгэл, талархал өргөх зүрх сэтгэлтэй байхыг зааж сургана гэдгийг Библи бидэнд хэлж өгч байна.

“Иймд хайрлагдсан хүүхдүүдийн хувьд Бурханыг дуурайгчид бай. Христ та нарыг хайрласан бөгөөд Өөрийгөө бидний төлөө Бурханд анхилуун үнэрт өргөл ба тахил болгон өргөсний адил хайр дор яв. Харин ариун хүмүүст үл нийцэх аливаа садар самуун, бузар булай, шунал нь та нарын дунд бүү дурдагдаг. Садар булай, шалиг балай эсвэл самуун балиар яриа нь зохимжгүй. Харин оронд нь талархалаа өргө.” Ефе 5:1-4

Эргэн тойрноо хар даа. Өнөөдрийг дургүйцэл, уур хилэнгээр өнгөрөөдөг хүмүүс байхад өдөр бүрийг Бурханы тухай бодож, Бурханд талархаж өнгөрүүлдэг хүмүүс ч бий. Садар булай, самуун балиар яриа нь итгэгчдийн хооронд зохимжгүй, ямар ч нөхцөлд талархлаа өргө хэмээсэн. Энэ бол Бурханы бидэнд заадаг сургаал.

Талархах сэтгэлээ алдах л юм бол бидний зүрх сэтгэлд элдэв янзын сөрөг бодлууд оршиж эхэлнэ. Би зүдэрч байна, зовж байна, өвдлөө, ганцаардлаа гээд талархах сэтгэлээ алдах л юм бол энэ бүхэн бидэн дээр цутган ирнэ. Тиймээс Сионд өргөх талархлаа зогсоож болохгүй. Талархал өргөхөө зогсоовол ах эгч дүү нарын үзэсгэлэнтэй нэгдмэл байдал гэгч зүйл биеллээ олохгүй, хайр хөрж, өөр өөрсдийнхөө бодлоор зүтгэцгээж, улмаар Сион хэрүүл маргаанаар тасрахгүй.

“Юунд ч санаа бүү зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. Бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална.” Фил 4:6-7

Хэрвээ бидэнд буруу алдаатай бодол байвал бид Искариотын Иудас шиг сорилтонд амархан орно. Эхэндээ бол тэр Есүсийг хичээнгүйлэн дагаж ирсэн ч мөнгөнд шунаж, 30 мөнгөн зоосны төлөө нэг шөнийн дотор л Есүсээс урвасан шүү дээ. Иудасын энэ том алдаа буруу бодлоос нь гарсан юм.

Бурхан талархдаг хүмүүсийн зүрх сэтгэл, бодол санааг хамгаална гэж айлдсан. Тиймд талархах сэтгэлээ алдахгүй байцгаая. Сэтгэлдээ талархал тээж байхад баяр баясгалан дотроосоо ундран гарч, сөрөг бодлын оронд Бурханд итгэх итгэл маань өдрөөс өдөрт өсөх болно. Хэрэв итгэлээр хурдан өсөхгүй бол итгэлийн амьдралд баяр хөөр төрөхгүй. Энэ нь магадгүй бид талархал өргөж сураагүйтэй холбоотой. Хэрэв бид цаг үргэлж Бурханд талархаж, талархалтайгаар залбирвал Бурхан биднийг Сатанд урхидуулахгүйн тулд бидний зүрх сэтгэлийг болон бодол санааг хамгаална гэсэн. Ингэхээр талархана гэдэг хичнээн чухал.

Талархлаар бялхагтун

Сионд хэдийн орж ирсэн хэрнээ бид зүгээр л амар амгалан байгаад байх биш, өдөр бүр Бурханд талархлын тахил өргөдөг эсэхээ эргэн нэг харж, өөрсдийгөө эргэцүүлэн боддог байх учиртай.

“Хэн ч та нарыг үнэмшилтэй үгээрээ бүү төөрөгдүүлээсэй гэсэндээ би үүнийг хэлж байна. Хэдийгээр би биеэрээ байхгүй байгаа боловч журамтайг чинь болон Христ дэх итгэлийн чинь баттайг хараад, баярлан сүнсээрээ би та нартай хамт байна. Тиймээс та нар Эзэн Христ Есүсийг хүлээн авсан шигээ Түүн дотор алхахдаа, заалгаснаараа Түүнд үндэслэгдэн, байгуулагдаж, итгэлдээ баталгаажин, талархлаар бялхагтун.” Кол 2:4-7

Библид биднийг Бурханд итгэх итгэлээр алхахдаа өдөр бүр талархлаар бялхаж, итгэлдээ баталгааж хэмээсэн. Өнөөдөр бид Бурханд хичнээн талархдагаа, мөн тэнгэр дэх тэнгэр элч нар маань бидний талархлын сагсыг хараад гуниглах вий гэдгийг нэг бодоцгооё. Хэрвээ талархал дутуу бол одооноос өөрсдийгөө эргэн тунгааж, тэнгэр элч нараа баяртайгаар Бурханд сагс хүргэж өгдөг болгохын тулд талархлын сагсаа талархлын тахилаар дүүргэцгээе. Сион бол цаг үргэлж талархал, баяр хөөр, магтаалын дуу бялхах газар. Тиймд Сион бол Бурхан оршдог газар, тэнд байдаг хүмүүс нь мөнх амь, аврал, өөр бусад бүх ерөөлийг авдаг газар юм.

Ерөөл авдаг хүмүүс талархал өргөхөө мартаж болохгүй. Хэрэв бид хүнээс ямар нэг юм авсан л бол түүнд нэн түрүүнд “баярлалаа” гэж хэлэх нь зүй ёсны хэрэг шүү дээ. Бурхан бидэнд юу юунаас илүү агуу, хамгийн том бэлэг болох авралыг өгсөн. Тэгтэл бид “Мөнх амь өгсөн Тандаа баярлалаа” хэмээн талархлын тахил өргөж, Бурханд талархлаа бүрэн дүүрэн илэрхийлэхгүй байгаад байвал, мөн гомдлоор дүүрч, бухимдаж, амархан уурлаад байвал энэ газрыг Сион гэж болох уу даа?

Библид Сионыг дургүйцэл, гомдол алга болсон газар гэж зөгнөсөн. Одоо бид тэр л Сионд ирчихээд байгаагаа огтхон ч битгий мартаарай (Евр 12:22-24).

“Та нар биднээс Бурханы үгийг хүлээн авахдаа үүнийг хүний үг бус, харин итгэдэг та нарын дотор ч ажилладаг Бурханы үнэн үг гэж байгаагаар нь хүлээн авсан. Үүнд бид бас Бурханд үргэлж талархдаг юм.” 1Тес 2:13

Анхны сүмийн ариун хүмүүс Бурханд тасралтгүй талархал өргөж, Бурханаас юу ч сонссон бай Бурханы үг гэж хүлээн авч, дагадаг байжээ. Талархал өргөх тухайд бидэнд өгсөн Библийн сургаал нь ч Бурханы үг шүү дээ. Тиймээс үүнийг нь ч талархалтайгаар хүлээн авцгаая. Хэрвээ бид хэрхэн талархахаа эсвэл хэрхэн талархлаар дүүрэн байхаа мэдэхгүй амьдарч ирсэн бол одооноос эхлээд Бурханы өгсөн ямар ч нөхцөл байдалд талархлаар бялхсан итгэлийн амьдралаар амьдарцгаая.

Өдөр бүрийг талархлаар эхэлж, талархлаар дуусга

“Хэн ч хэн нэгний мууг муугаар хариулахгүй байхад анхаар. Харин үргэлж бие биендээ болон бүгдийн төлөө сайнд тэмүүл. Үргэлж баяртай бай. Тасралтгүй залбир. Бүх зүйлд талархалаа өргө. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн. Сүнсийг бүү бөхөө. Эш үзүүллэгийг бүү басамжил. Харин бүхнийг шалга, сайнаас зуур. Ёр муугийн алив хэлбэрийг цээрлэ.” 1Тес 5:15-22

Өдөр бүр ийм ивээлтэй үгийн анхилуун үнэр үнэрлэдэгтээ л гэхэд Бурханд бид талархал өргөх ёстой биш үү? Бурханаас үг авсан ч бай, ерөөл авсан ч бай юм бүхэн дээр Бурханд талархал өргөцгөөе. Амьдралд маань саад бэрхшээл, зовлон тулгарсан ч тэдгээрийн төлөө талархал өргөх учиртай. Ийм саад бэрхшээлийг бидэнд өгдөг нь бас Бурхан. Хэрэв ямар ч саад бэрхшээл байхгүй бол бид үүнийг хэрхэн даван туулахад суралцахгүй. Заримдаа Бурхан биднийг алт мөнгө цэвэршүүлдэг шиг нөхцөл байдалд тавьж, эцэст нь биднийг шижир алтнаас ч илүү гялалзсан болгоно.

“Ийм золгүй зүйл надад яагаад тохиож байгаа юм бол?” гэж битгий бодоорой. Ямар ч нөхцөл байдалд орлоо гэсэн талархах л ёстой. Эхлээд Бурханд талархаад, дараа нь ямар ч хүнд бэрхшээлийг даван туулах мэргэн ухаан, хүч гуй. Тэгвэл Бурхан туслахдаа л тусална. Хэрэв Бурханы өгсөн мэргэн ухаанаар Бурханы гүн гүнзгий хүслийг ухаарвал бүр ч илүү талархлаар бялхах болно.

Өдөр бүхнийг өглөө сэрэх мөчөөс эхлээд л талархлаар эхэл. Орой унтахдаа ч “Өнөөдөр ч мөн ийм сайхан амьдрал өгсөн Бурхан Тандаа баярлалаа” хэмээн Бурханд талархлын тахил өргө. Тэгвэл сайхан унтаж амрах болно. Тиймд Бурханд өргөх талархлын тахилаар талархлын сагсаа дүүргээд, өдөр бүрийг талархлаар эхэлж, талархлаар дуусга.

“Бурхан минь баярлалаа” хэмээн хашхиран, Бурханд үргэлж талархлаа илэрхийлцгээе. Бурханд талархал өргөөд, Бурхан орших Сионд баяр баясгалан, магтаалын дуу дуулж, үеийн үед, үүрд мөнхөд Бурхантай хамт алхахыг Сионы гэр бүлүүдээсээ хүсье.