WATV.org is provided in English. Would you like to change to English?

Эхийн дуу хоолойнд шингэсэн нууц

405 Үзсэн тоо
FacebookTwitterEmailLineKakaoSMS

Төрөлхийн дүлий төрсөн нэгэн нярай анх удаа ээжийнхээ дууг сонсоод уйлах шахан өмөлзөх бичлэг цахим ертөнцийг шуугиулаад байсан даа. Тусгай сонсголын аппаратны тусламжтайгаар анх удаа ээжийнхээ намуухан дууг сонсоод уг нярай инээмсэглэж, хошуугаа цорвойлгон бараг нулимс дуслуулна. Хэвлийдээ байхдаа сонссон ээжийнхээ дууг тэрээр санаа юм болов уу?

Ураг сонсож чадна

19-р зууны сүүлч үе хүртэл урагт сонсох чадвар байхгүй гэх үзэл баруунд ноёрхож байжээ. Харин 1925 онд Германы эмч Альбрехт Пейпер ураг автомашины сигналд хариу үйлдэл үзүүлдгийг олж илрүүлснээр ураг сонсож чаддаг болохыг баталсан юм.

Жирэмсний 4 дэх долоо хоног гэхэд үр хөврөл дээр чихний хэсгүүд бий болж эхлэх ба дотоод чих1 24 долоо хоног гэхэд бүрэн гүйцэд бүрэлддэг байна. Ургийн эхний шатанд мэдрэлийн системүүд хөгжиж эхлэн, 34 дэх долоо хоног гэхэд ураг нярай хүүхдийнхтэй харьцуулахуйц сонсголын мэдрэлтэй болдог ажээ.

1. Дотоод чих: Чихний хамгийн дотоод хэсэг. Дотоод чих нь сонсголын хэсэг болох дун яс, тал цагираг суваг, тэнцвэрийг мэдрэх үүдэвч гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.

Эхийн хэвлийд 10 сар байх зуураа ураг эхийн бие доторх зүрхний цохилт, гэдэсний хөдөлгөөн, цусны урсгал гэх мэтээс гардаг янз бүрийн дуу чимээг мэдэрдэг байна. Мөн ээжийнхээ зүрхний цохилтоос хоёр дахин хурдан цохилох өөрийнхөө зүрхний цохилтыг, ургийн хөдөлгөөний чимээг ч сонсдог аж. Ураг өсөж томрох явцдаа машин техник, хөгжим гэх мэт гадна чимээг ч мөн сонсдог байна.

Шинэ төрсөн нярай цочиж уйлах үед зурагтны хоосон сувгийн шажигнах чимээ тэднийг тайвшруулж, дорхноо уйлахаа болино. Зарим аав ээж тоос сорогчны чимээ хүүхдийг нь тайвшруулдаг гэж, зарим нь болохоор гялгар уут шажигнуулах чимээ нярай хүүхдийг инээмсэглүүлдэг гэдэг. Үүний учир нь гаднаас гарч буй дуу чимээ эхийн савны хана, амнион шингэн зэргээр дамжин өнгөрөхөд чимээ багатай шуугиан, чанга дуу чимээг шүүж, зөвхөн бага давтамжтай, тогтмол нам давтамжтай дуу чимээг урагт хүргэдэг байна. Эхийн хэвлий дэх энэ мэт тохиолдлын улмаас нярай хүүхэд нам дуунд илүү их дасдаг аж.

Сонсгол ба ургийн тархины хөгжил

Тархин дахь мэдрэлийн эсүүдийг хооронд нь холбох синапсууд хэрхэн нарийн боловсронгуй хөгжсөнөөс хамаарч хүний оюун ухааныг тодорхойлдог. Жирэмсний зургаа орчим сартайгаас ургийн тархины хөгжил хурдасч, өдөр тутамдаа 60 сая тархины эс бий болж, тархиных нь 80 гаруй хувь хэдийн бүрэлдэж гүйцэн, улмаар эхийн хэвлийн гаднах дуу чимээг сонсож эхэлдэг байна. Жирэмсний 8 сартай гэхэд богино хугацааны дурсамж бий болж эхлэн, ураг дуу чимээний хүчийг ялгаж чаддаг болдог байна. Тэр ч байтугай ээжийнхээ дуу хоолойны хүчийг ялгадаг болсноороо ээжийнхээ сэтгэл санааны байдлыг ч мэддэг аж. Үүнчлэн таван мэдрэхүйн дундаас сонсголын мэдрэхүй нь төрөхөөсөө өмнө хэвлийд хамгийн их хөгждөг төдийгүй энэ нь ургийн тархины хөгжилтэй нягт холбоотой.

Эрдэмтдийн үзэж байгаагаар ургийн харах, сонсох, арьсаараа мэдрэх зэрэг янз бүрийн мэдрэлийн өдөөлт нь тархины эсийн өсөлтийг энергиэр хангадаг. Тэдний дунд сонсголын мэдрэл нь нийт мэдрэмжийнхээ 80-с дээш хувийг эзэлдэг ба дуу чимээ, хөгжим зэрэг нь зөвхөн сэтгэл хөдлөлийн хөгжилд төдийгүй ургийн биеийн хөгжилд болон оюун ухаанд их нөлөөлдөг байна. Ургийн эхийн хэвлий дотор мэдэрдэг дуу чимээ нь ургийн сонсголын эрхтэнээр дамжин тархины эсэд нөлөөлдөг анхдагч өдөөлт болж, ургийн тархинд орж буй дуу чимээ нь тэдний дурсамжинд тод бичигдсэн байдаг.

Хэвлий доторх ургийн ихэнхдээ сонсдог дуу чимээ нь ээжийнх нь зүрхний цохилт. Шинэ Зеландын Оакландын их сургуулийн доктор Виллиам Лили метроном ашиглан, нэгэн сонирхолтой туршилт хийжээ. Судалгаанд хамрагдагсдад метроном өгөөд, таалагдсан хэмнэлээ тохируулахыг хүсэхэд ихэнх хүмүүс минутанд 50-90 удаа байхаар тохируулжээ. Энэ нь хүний зүрхний цохилттой бараг таарч байгаа юм.

Уйлж байгаа хүүхдийг ээжийнх нь цээжин дээр тавихаар уйлахаа больдог шалтгаан нь тэрээр ээжийнхээ цээжний цаанаас сонсогдох зүрхний цохилтыг нь мэдэрдэгт байгаа хэрэг. Түүний хувьд энэ бол эхийнхээ хэвлийд байхдаа байнга сонсдог байсан танил дуу чимээ юм. Үүнээс гадна хүүхэд ээжийнхээ бүүвэй аялахыг сонсвол бүр ч амархан тайвширдаг байна.

Сонсголыг өдөөдөг олон хүчин зүйлийн дундаас ураг ээжийнхээ дуу хоолойнд хамгийн дуртай байдаг. Ээжийнх нь намуухан дуу бол ургийн синапсыг хөгжүүлдэг хамгийн сайн өдөөлт юм. Нүдээ ч нээж амжаагүй шинэ төрсөн хүүхэд ээжийнхээ дуу гарсан зүг рүү хариу үйлдэл үзүүлдэг байна. Учир нь тэд эхийн хэвлийд байхдаа сонсож байсан дуу хоолойг санадаг аж. Хэрвээ тэд эхийн хэвлийд байхдаа аавынхаа дууг байнга сонсож байсан бол аавынхаа дуу гарсан зүгт ч хариу үйлдэл үзүүлдэг байна.

Эх үрийн барилдлага

2016 онд Станфордын анагаахын сургуулийн судалгааны баг 7-12 насны 24 хүүхдэд ээжийнхээ дууг сонсохоор тархиных нь аль хэсэг идэвхтэй болох нь уу гэдгийг харахаар MRI шинжилгээнд дүн шинжилгээ хийжээ. Судалгааны багийнхан ээжийнх нь дууг болон ээжтэй нь ижил насны танихгүй эмэгтэй хүний дууг бичиж, хүүхдүүдэд сонсгосон байна. Обьектив байдлын үүднээс үг хэлсэн хүмүүсийг хүүхдүүдийн нэрнээс өөр, ямар нэг санамсаргүй үг хэлэхийг хүссэн байна. Үүний үр дүнд судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 97% нь нэг секундын дотор ээжийнхээ дуу хоолойг таньсан байна.

Ээжийнхээ дуу хоолойг сонсоод хамгийн идэвхтэй болсон тархины хэсэг бол сонсголын анхдагч гадаргуу ба дух магнайн хэсгийн гадаргуу байжээ. Сонсголын анхдагч хэсгийг өдөөхөд сэтгэл хөдлөл, нийгмийн харилцаа, нүүр царай таних чадвар зэрэг нь сайжирдаг. Дух магнайн хэсгийн тархины гадаргуу нь орчны өөрчлөлтийг таньдаг эрхтэн төдийгүй голдуу орчны дуу чимээнд хариу үйлдэл үзүүлэх, шинэ мэдээлэл авахад тусалдаг байна. Мөн дух магнайн хэсгийн тархины гадаргуу нь эрүүл ухаанаа хянах замаар өөрийгөө хянах чадварыг сайжруулахад ч хувь нэмэртэй. Судалгааг санаачлан удирдагч, доктор Даниел Абрамс хэлэхдээ “Ээжтэйгээ өнгөрөөх цаг хугацааг нэмэгдүүлэх нь харилцааны ур чадвар, нийгмийн ур чадварыг дээшлүүлэхэд тусална” гэжээ.

Эхийн дуу хоолой нь сэтгэл хөдлөлийн тогтвортой байдлыг өгдөг гормоны шүүрлийг хурдасгадаг. Висконсин Мадисоны их сургуулийн сэтгэл судлалын профессор Сет Поллак 7-12 насны 61 охиныг математикийн бодлого бодох стресстэй байдалд оруулж, гурван бүлэг болгон хувааж, туршилт хийжээ. Эхний бүлгийнхнийг 15 минут орчим ээжүүдтэй нь нүүр тулан ярилцуулж, хоёр дахь бүлгийнхнийг ээжүүдтэйгээ 15 орчим минут утсаар ярьсны дараа 60 минутын турш кино үзүүлж, гурав дахь бүлгийнхнийг ээжүүдтэй нь холбоо бариулалгүй 75 минутын турш кино үзүүлжээ. Дараа нь тэрээр стресст хариу үйлдэл үзүүлдэг кортизолын өөрчлөлтийг нь болон хүнийг аз жаргалтай болгодог окситоцины өөрчлөлтийг нь ажигласан байгаа юм.

Туршилтын үр дүнд ээжтэйгээ шууд ярьсан хүүхдүүд ба утсаар ярьсан хүүхдүүд болон ээжтэйгээ огт холбоо бариагүй хүүхдүүдийн хооронд нэгэн өвөрмөц ялгаа гарсан байна. Ээжийнхээ дуу хоолойг сонссон хүүхүүдийн хувьд шалгалтаас хойш 30 минутын дотор кортизолын шүүрэл нь огцом буурч, окситоциний шүүрлийн хэмжээ бүтэн цаг хадгалагдсан байна. Харин ээжтэйгээ ярилгүй кино үзсэн хүүхдүүдийн хувьд гормоны шүүрлийн хэмжээ стресст орсон үеийнхтэй нь адилхан хэвээр байжээ. Энэ нь хүн ээжтэйгээ нүүр тулж уулзаагүй байсан ч зүгээр л ээжтэйгээ ярихын төдийд стрессийн түвшин буурдаг гэдгийг харуулж байгаа хэрэг. Хүүхдүүдийн тухайд ээжийнх нь дуу хоолой юу юунаас ч илүү тайвшруулдаг байна.

Нярай хүүхдүүд эхийн хэвлийд байхдаа л сонсож байсан ээжийнхээ намуун зөөлөн дуу хоолойг маш тод санаж байдаг аж. Тэр намуухан дууг сонсож л хүүхэд өсдөг. Ээжийнх нь дуу хоолойнд шингэсэн хүч чадал үнэхээрийн ер бусын нууцлаг гайхамшиг юм. Хүүхдүүдийн хувьд амийнх нь эхлэлээс нь л үргэлж цуг байсан ээжийнх нь дуу хоолой гэгч хүүхэд өөрөө л зөвхөн мэдэрч, тайвширч чадах эхийн хайрыг шингээсэн байдаг ажээ.

“Түүний тайвшруулагч мээмнээс хөхөж цадахын тулд, … “Эх нь хүнийг тайвшруулах адил Би та нарыг тайвшруулж, та нар Иерусалимд тайвшрах болно.” Иса 66:11–13

“Миний хоньд дууг минь сонсдог. Би тэднийг таньдаг бөгөөд тэд Намайг дагадаг юм.” Иох 10:27

Эх сурвалж:
“Fetal Communication” by Jeong Gyeong-hee and Park Hyo-mi, Communication Books, 2014
“A Calm Voice is Good for Fetus” by Seo Yu-heon, Donga Ilbo, 2000