Тэнгэрийн ууган хүү

11,808 үзэлт

Өнөө үед дэлхий дээр тоо томшгүй олон сүм төдийгүй Бурханд итгэдэг гэх тэнгисийн эргийн элс мэт олон хүн бий. Бүгд л өөр өөрийн сургаал номлолоо барин, өөрсдийгөө Бурханы хүүхэд гэж, мөн аврагдсан хүмүүс гэж эрдэцгээнэ.

Тэр үй түмэн хүний дунд Бурханы хүүхдүүд чухамдаа хэр олон байгаа бол? Бурханы хүүхэд болж дүр эсгэлээ гээд Бурханы хүүхэд болчихдог юм биш. Бурхан хүүхдээ гэж хүлээн зөвшөөрөөгүй тэр хүн Бурханы хүүхэд болж ер чадахгүй. Гагцхүү Бурханы гэрчлэлийг авсан хүн л Бурханы хүүхэд болж, тэнгэрийн хаанчлалд орох эрхтэй болно.

Ариун Сүнсээр гэрчлүүлсэн “амлалтын хүүхдүүд”

2000 жилийн өмнө Бурхан хүүхдүүдтэйгээ адилхан махан биен хувцас өмсөөд, “Хүү”-ийн байр сууриар энэ газарт ирсэн билээ. Тэр бол Есүс Христ байсан юм.

Тухайн үед хүмүүс Есүсийг таньж чадалгүй, зарим нь гадуурхан, зарим нь эш үзүүлэгч, элч гэж бодсон боловч Петр гэх шавь нь “Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн” гэж Есүсийн өмнө зоригтойгоор итгэлээ илчилсэн юм. Тэгэхэд нь Есүс Петрийг ерөөж, түүнд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг зөвшөөрсөн (Мат 16:13-19).

Махан биеэр энэ газарт ирсэн Бурханыг хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэгчдэд “Бурханы хүүхэд болох эрх” өгсөн юм (Иох 1:10-14). Тэгээд Бурхан Өөрөө биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг маань гэрчилсэн билээ.

“Биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг Сүнс Өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг. Хэрэв бид хүүхдүүд нь юм бол, өв залгамжлагчид нь ч бас мөн. Христтэй хамт алдаршуулагдахын тулд хэрэв бид үнэхээр Түүнтэй хамт зовдог юм бол, бид Бурханы өв залгамжлагчид бөгөөд Христийн хамтран залгамжлагчид юм.” Ром 8:16-17

Бурханы хүүхэд бол заавал Бурханы өв залгамжлагч (үе залгамжлах үр хүүхэд) болох ба уг өв залгамжлагч нь заавал тэнгэрийн хаанчлалын яруу алдарт оролцоно гэдгийг Библид заасан байна. Бурханы хүүхдүүд нь тэнгэрийн хаанчлалыг өв болгон авах ёстой учраас бүгд өв залгамжлагчид нь юм. Өв залгамжлагч болох эрх ууган хүүд байдаг учраас биднийг Бурханы хүүхэд, өв залгамжлагч гэсэн нь тэнгэрийн анх төрөгсөд гэсэн үг юм (Евр 12:22-24 үзэх).

Тэгвэл Бурхан ямар хүнийг Бурханы хүүхэд, өв залгамжлагч гэж хүлээн зөвшөөрсөн юм бол? Библид Бурханы хүүхдийг “амлалтын хүүхэд” гэж нэрлэж, Абрахамын гэр бүлийн өв залгамжлагч Исаактай адил хүүхдүүд гэж тайлбарласан.

“Ах дүү нар аа, та нар Исаакийн адил амлалтын хүүхдүүд билээ.” Гал 4:28

Өв хөрөнгөө өвлүүлэн үлдээхийг хүссэн итгэлийн өвөг Абрахамд өв залгамжлагчаар нэр дэвшсэн гурван хүн байсан. Тэдний дотроос Бурханы хүлээн зөвшөөрсөн Исаак нь Абрахамын цорын ганц өв залгамжлагчаар сонгогдсон юм. Энэхүү үйл явцыг судлангаа ямар хүн Бурханы жинхэнэ хүүхэд, өв залгамжлагч болохыг тодруулцгаая.

Абрахамын гэр бүлийн түүхээс авах сургамж

Абрахам 85 настай ч түүнд үр хүүхэд заяагаагүй. Хорвоог орхихоосоо өмнө тэрээр өв залгамжлагчаа тогтоож, эд хөрөнгөө өвлүүлэн өгөх хэрэгтэй байтал үр хүүхэдгүй тул сэтгэл нь шаналахаас өөр аргагүй байв. Тэгээд Абрахам гэрт нь өссөн Елиезер гэгч үнэнч боолоо өв залгамжлагч болгож, өв хөрөнгөө түүнд өвлүүлэхээр сэтгэл нь шулуудсан байжээ.

“Абрам —Эзэн БУРХАН минь! Та надад юу хайрлахсан бол? Би үр хүүхэдгүй бөгөөд миний голомт сахих хүү бол энэ Дамаскийн Елиезер юм гэв. Абрам цааш нь —Та надад үр удам заяагаагүй. Харагтун, гэрт минь өссөн хүү миний өв залгамжлагч болно гэж хэлжээ. Харагтун, ЭЗЭНий үг түүнд ирж —Тэр хүн чиний өв залгамжлагч болохгүй, харин өөрийн чинь биеэс төрөх хүн л өв залгамжлагч болно гээд, …” Эхл 15:2-5

Бурхан Абрахамд “Тэр хүн чиний өв залгамжлагч болохгүй” хэмээн айлджээ. Биднийг Бурханы хүүхэд гэдгийг Ариун Сүнс Өөрөө гэрчилсэн шиг энд ч Ариун Сүнс Эцэг Бурхан Өөрөө Елиезерийг Абрахамын өв залгамжлагч гэж хүлээн зөвшөөрөлгүй, “Өөрийн чинь биеэс төрөх хүн л өв залгамжлагч болно” хэмээн гэрчилж байна.

Хожим нь Абрахам эхнэр Сарагийн ятгалгаар Сарагийн зарц бүсгүй болох Хагараас Ишмаел хэмээх хүүтэй болжээ.

“Тэгээд Хагар, Абрамд хүү төрүүлсэн ба Хагарын төрүүлсэн тэр хүүд Ишмаел гэдэг нэрийг Абрам өгөв.” Эхл 16:15

Хүү төрсөн учраас өв залгамжлагчийн асуудал нь шийдэгдчихнэ гэж тэр санаж байв. Тэрхүү Ишмаел л Абрахамын гэр бүлд ууган нь бөгөөд цорын ганц хүү нь байлаа. Абрахам мэдээж Ишмаелд өв хөрөнгөө үлдээж өгөх гэсэн ч энэ нь мөн л Бурханы хүсэл биш байжээ. Абрахамыг 99 настай байх үед Бурхан түүнд үзэгдэж дахин ийн айлдав.

“Бурхан, Абрахамд —Чиний эхнэр Сараин хувьд чи түүнийг Сараи гэж дуудахгүй харин түүний нэр Сара байх болно. Би түүнийг ерөөж, түүгээр чамд хүү өгөх болно. Би түүнийг ерөөж, түүгээр үндэстнүүдийг бий болгох бөгөөд… Тэгэхэд Абрахам нүүрээрээ газар унан инээж —Зуун настай хүнд хүү төрнө гэж үү? Ерэн настай Сара хүүхэд төрүүлнэ гэж үү? гэж зүрхэн дотроо хэлжээ. Абрахам, Бурханд —Ишмаел л Таны өмнө амьдраасай гэж хэлсэнд Бурхан —Үгүй ээ, чиний эхнэр Сара чамд хүү төрүүлж өгнө. Чи түүнийг Исаак гэж нэрлэнэ. Би түүнтэй гэрээ байгуулж, түүний үр удамтай энэ гэрээгээ мөнхийн гэрээ болгон байгуулна.” Эхл 17:15-19

Абрахам гэр бүлийнхээ асуудлаар Бурханы сэтгэлийг дахин чилээж байгаа юм шиг санагдаж, Ишмаелыг л Бурханы өмнө амьдраасай гэх хүслээ айлтгасан. Гэвч Бурхан түүнийг ч бас үл зөвшөөрөв. Эцэстээ Ишмаел ч Абрахамын өв залгамжлагч болж чадаагүй. Елиезерийг ч, Ишмаелыг ч бүгдийг нь биш гэсэн хэр нь харин Исаакийг төрөхөөс нь өмнө Бурхан Өөрөө түүнийг өв залгамжлагч хэмээн хүлээн зөвшөөрсөн юм.

Абрахамын гэр бүл бол тэнгэрийн хүүхдүүд биднийг ямар замаар аврал авахыг зааж өгсөн загвар юм. Абрахамын гэр бүлийн өв залгамжлагчийг шийдвэрлэдэг энэхүү түүхэнд Бурханы хаанчлалыг өвлөн авах өв залгамжлагчийг шийдэх чухал үнэн агуулагдсан болохоор л Бурхан Өөрөө шууд оролцон, Абрахамын өв залгамжлагч болох ба болохгүй хүнийг ялгажээ.

Библид биднийг Исаактай адил хүүхдүүд гэж айлдсан. Бид Исаактай адил болохын тулд итгэлийн маань нөхцөл ямаршуухан байх ёстой вэ? Абрахамын гэр бүлд өв залгамжлагчийг тогтооход хамгийн гол чухал болзол нь эх Сара байсан. Ишмаел хэдийгээр Абрахамын удам угсаа мөн байлаа ч түүний эх нь зарц боол байв. Бурхан Абрахамын өв залгамжлагч болох эрхийг олгохдоо хоёр янзын болзол тавьдаг.

Нэгдүгээр болзол нь Абрахамын биеэс төрөх ёстой байв. Хоёрдугаар болзол нь Сарагийн биеэс төрөөгүй л бол Бурхан өв залгамжлагч буюу ууган хүү гэж хүлээн зөвшөөрөхгүй байв.

Бидэнд эрх чөлөөт Эх Бурхан байдаг (Гал 4:26). Эх Бурхангүйгээр огтхон ч өв залгамжлагч болж чадахгүй. Өв залгамжлагч биш гэдэг нь Бурханы хүүхэд биш гэсэн үг шүү дээ. Бурханы хүүхэд биш бол эцэстээ аврагдаж чадахгүй гэсэн үг. Тиймээс Библид “Та нар Исаакийн адил амлалтын хүүхдүүд билээ” (Гал 4:28), “Бид зарц бүсгүйнх биш, харин эрх чөлөөт эмэгтэйн хүүхдүүд билээ” (Гал 4:31) гэсэн сургаалаар биднийг Эх Бурханы хүүхдүүд гэдгийг ахин дахин онцолсон байдаг.

Эхээрээ л бид мөнхийн тэнгэрийн хаанчлалд үеийн үед яруу алдар эдлэх хүүхдүүд гэсэн гэрчлэлийг олж авч байна. Мөн Бурхан “Чи миний хүүхэд, Миний өв залгамжлагч” гэж Өөрөө гэрчилсэн юм.

Шинэ гэрээ сахидаг тэнгэрийн анх төрөгсдөд амласан ерөөл

Тэнгэр Эцэг Эхийн хүүхэд, өв залгамжлагч боллоо гэдэг нь үнэхээрийн ерөөлтэй, бас талархмаар хэрэг билээ. Бурхан хайртай хүүхдүүддээ буюу тэнгэрийн анх төрөгсдийн төлөө хүний бодлоор төсөөлөхийн аргагүй ерөөл бэлтгэсэн.

“Тэгээд Бурхан —Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё. Тэгээд тэднээр далайн загас, огторгуйн шувууд, мал адгуус, бүх газар дэлхий, газраар мөлхдөг мөлхөгч бүгдийг захируулъя гэж айлдав.” Эхл 1:26

Бүтээгч Эзэн Бурхан анх хүнийг бүтээхдээ тэдэнд “Бүгдийг захируулъя” гэсэн зорилготой байв. Бурханы дүр төрхийн дагуу бүтээж буй болгосон хүнд олгосон энэ эрх мэдэл нь зөвхөн газар дээр захирахыг хэлээгүй, мөн аврагдах итгэгч нар хожим Бурханы хаанчлалд үеийн үед захирна гэсэн утгатай аж.

“Тэнд цаашид ямар ч хараал байхгүй болно. Мөн Бурхан ба Хурганы сэнтий тэнд байж, зарц нар нь Түүнд үйлчилнэ. Тэд Түүний царайг харна. Түүний нэр тэдний духан дээр байх болно. Тэнд цаашид шөнө болохгүй. Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас тэдэнд дэнгийн гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй болно. Тэгээд тэд үеийн үед хаанчилна.” Илч 22:3-5

Эхлэл номонд амласан энэхүү захирах эрх мэдэл нь эцэстээ энэ газарт аврал авч, Бурханы хаанчлалыг өв болгон авах Бурханы хүүхдүүдэд соёрхсон онцгой эрх бөгөөд алдар хүнд билээ. Үүний адил Бурханы хаанчлалд очоод үеийн үед хаанчлах хүмүүс нь тэнгэрийн анх төрөгсөд болох “Исаактай адил хүүхдүүд” юм.

Тиймээс Исаактай адил хүүхдүүдэд заавал эрх чөлөөт Эх Бурхан байх ёстой. Бурхан “Бид дүр төрхийнхөө дагуу хүнийг буй болгоё” хэмээн эрэгтэй ба эмэгтэй төрхийг бүтээсэн гэсэн тэмдэглэлээс ч Эцэг Бурхан ба Эх Бурхан байдаг гэдгийг баталж болно (Эхл 1:26-27).

“Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.” Илч 22:17

Биднийг хүүхдээ болгохоор дуудсан Нэгэн нь Эцэг Бурхан ба Эх Бурхан юм. Өнөөгийн Ариун Сүнсний үед Сүнс болон Сүйт бүсгүй болсон Эцэг Эх Бурханыг хүлээн авсан хүмүүс л Бурханы хүүхэд болох эрхийг авч байгаа хэрэг.

Бурханы хаанчлал бол мөнх амь оршдог орон учраас Бурхан биднийг эхлээд мөнх амь аваг хэмээн дуудсан билээ.

“Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна. Миний мах жинхэнэ хоол, Миний цус жинхэнэ ундаа мөн.” Иох 6:54-55

Бурхан Алгасал баяраар хүүхдүүддээ мах, цусаа өгсөн (Мат 26:17-19, 26-28 үзэх). Алгасал баяраар амласан шинэ гэрээний үнэн дотор бид мөнх амийг олон, мөнх амийн бодит болох шинэ Иерусалим тэнгэр Эхийг хүлээн авч чадсан билээ.

Алгасал баяр шинэ гэрээ нь тэнгэр Эхтэй нарийн холбоотой юм. Есүс Алгасал баярын талхыг “Миний бие” гэж хэлсэн байдаг. Бурхан Еваг бүтээх үед Адам Еваг зааж “Яснаас минь авсан яс, махнаас минь авсан мах” хэмээн гэрчилсэн. Адам нь дахин ирэх Есүс, мөн Ариун Сүнс Эцэг Бурханыг бэлгэдсэн хүн юм (Ром 5:14). Еваг Адам гэрчилсэн шиг Эцэг Бурхан бидний амь болсон Эх Бурхан өөд шинэ гэрээний үнэнээр биднийг хөтөлсөн юм. Эцэстээ Библийн бүх үнэн Эхтэй холбогдож байна.

Бид тэнгэрийн анх төрөгсөд, ууганууд болж, Бурханы хаанчлалыг өвлөн авч чадахын цаад утга учир нь Эх Бурхан байгаа учраас тэр билээ. Эхийг ухаарч, хүлээн авч чадахгүй бол Елиезер шиг нэгэн болох төдийгүй мөн Ишмаелтай адил Бурханы хаанчлалыг өвлөж авах эрхээ алдах болно. Эх Бурханд итгэдэг хүмүүс тэнгэрийн анх төрөгсөд, ууганууд болж чадах учраас энэ үед Эцэг Эх Бурхан маань Сүнс болон Сүйт бүсгүй болон гарч ирээд, хүн төрөлхтнийг дуудан, Эцэг Эх Бурханы цус болох Алгасал баяр гэрээний цусыг бидэнд зөвшөөрсөн билээ.

Бурханыг дуурайн, Бурханы ажлыг хийдэг тэнгэрийн анх төрөгсөд

Шинэ гэрээний цус бол бүх сансар огторгуйд зөвхөн Сионы хүүхдүүдэд л байдаг учраас хэдий хуурамч эш үзүүлэгчид, хуурамч христчүүд хонины арьс нөмрөн зүсээ хувиргасан байлаа ч Бурхан амархан гэгч нь ялгачих юм. Олон хүн “Эзэн минь, Эзэн минь” гэсээр өөрсдийн хэр чадлаараа мэрийж, итгэлийн амьдрал сахисан болохоор тэнгэрийн хаанчлалд оруулж өгөхийг чухалчлан гуйх хэдий ч харин Бурхан тэднийг өв залгамжлагч гэж хүлээн зөвшөөрөхгүй. Бурханы хүүхдүүдийн дотор Бурханы мах цус, мөн Бурханы тушаал, Библийн гэрчилдэг Аврагч болох шинэ нэрэнд итгэх итгэл, шинэ Иерусалим Эхэд итгэх итгэл байдаг бол харин тэдэнд байдаггүй аж. Тиймээс Бурхан “Би та нарыг огт танихгүй. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл” гэж айлдах аж (Мат 7:21-23).

Диавол биднийг тэнгэрийн хаанчлал явуулахгүйн тулд сүнслэг ДНХ-д маань хор хөнөөл учруулж, Бурханы ДНХ-тэй таарахгүй болгох гэдэг. Иймэрхүү зүйлийг огт хүлээн зөвшөөрч болохгүй. Солонгост хүний бие махбод бүхэлдээ эцэг эхээс өвлөгдсөн учраас толгойноос хөлийн ул хүртэл нэг ширхэг үсээ ч гэмтээж болохгүй гэсэн эртний уламжлал байдаг байв. Сүнсээр ч мөн адил Эцэг Эхийнхээ өвлүүлж өгснийг бид нэгийг нь ч гэмтээж болохгүй. Сионы гэр бүлүүд Эцэг Эхийн гэсэн болгоныг эцсээ хүртэл чандлан сахиж, тэнгэрийн анх төрөгсөд болохынхоо хувьд мөнхийн тэнгэрийн ерөөл авахыг хүсэж байна.

Хүүхэд нь мөн л бол эцэг эхийгээ л дуурайна. Эцэг Эх маань сүнс аврах ажилд баярладаг байхад харин би тэр ажлаас зайлсхийх, мөн “Бусад хүн аврагдана уу, байна уу хамаагүй өөрөө л аврагдаж байвал бол оо” гэсэн бодолтой бол Бурханыг дуурайсан хүүхэд гэж хэлэхэд хэцүү. Абрахамын хүүхдүүд мөн бол Абрахамын үйлдсэнийг үйлдэж, Бурханы хүүхэд мөн бол Бурханы үйлдсэнийг үйлд гэсэн билээ (Иох 8:39). Эцэг Эх маань сүнсний авралын төлөө хүчээ дайчилсан л бол бид ч мөн тэр л амьдралаар нь замнах учиртай.

Тэнгэрийн анх төрөгсөд болох онцгой эрхийн тухайд тоомжиргүй хандаж хэрхэвч болохгүй. Ууган хүүгийн эрхээ үл тоомсорлосон Есав ууган хүүгийн хувьд авах бүх ерөөлөө булаалгачихаад бархиран уйлдаг. Яахаа ч мэдэхгүй эцэстээ эцгээсээ “Надад хүртээх ерөөл танд жаахан ч гэсэн үлдээгүй гэж үү?” гэж асуудаг. Гэвч дүү Иаков нь хэдийн бүх ерөөлийг нь авсан байжээ. Нэг удаа зарсан ууган хүүгийн эрх дахин эргэж ирээгүй аж (Эхл 25:24-34, 27:1-40).

“Хэн чинь ч Бурханы нигүүлслээс хоцрохгүйн тулд болон аливаа гашуун үндэс урган хор учруулж, түүгээр олноороо бузарлагдахгүйн тулд сэрэмжил. Ууган хүүгийн эрхээ хоолоор арилжсан Есав шиг эсвэл садар самуун, олиггүй хүн болчихгүйн тулд сэрэмжил. Тэр дараа нь ерөөл өвлөхийг хүссэн ч гологдсон билээ. Учир нь тэр, нулимстайгаар ерөөл хайсан хэдий ч гэмшлийн төлөөх зай эс олсныг та нар мэднэ.” Евр 12:15-17

Үнэн дотор Есав шиг сүсэггүй хүүхэд хэзээ ч битгий гараасай. Тэнгэрийн ууган болох эрх ямар эрхэм чухал болоод тэнгэр элч нар хүртэл манай үнэнийг харахыг хүсдэг гэсэн байх вэ дээ (1Пет 1:12). Хүний ертөнцөд атаархмаар зүйл нэгээхэн ч үгүй. Тэгэхээр тэнгэр элч нарын атаархаж байсан ганц зүйл нь тэнгэрийн анх төрөгсөд, ууганууд болох энэ үнэн байв.

Ирээдүйд хаан болох ханхүү хаан хүний үндсэн шинж чанарыг өөртөө агуулахын тулд тусгай хичээл заалгадаг шиг бид ч бас одоо тэнгэрийн хаанчлалын уугануудын хувьд хичээл заалгаж байгаа. Сайн мэдээ бол хэн хүний хамаагүй хийдэг ажил биш. Харин уугануудад өгсөн онцгой эрх билээ. Бурхан зөвт гэж хүлээн зөвшөөрч баталсан хүүхдүүддээ л энэ ажлыг даалгасан юм (1Тес 2:4). Мөн Бурханы тушаалыг сахих, гэр бүлүүдийг хайраар халамжлах, Бурханы сургаалыг байгаагаар нь дагаж үйлдэх гээд энэ бүхэн нь уугануудын хичээл юм. Нэг үгэнд л дуулгаваргүй хандвал эцэстээ тэнгэрийн ууганы эрхээсээ татгалзсан Есав шиг нэгэн болж орхино. Тэнгэрийн анх төрөгсөд, тэнгэрийн ууган болгон дуудсан ач ивээлд нь хязгааргүй их талархал өргөн, ууган болгон төлөвшүүлэх гэсэндээ сургаж байгаа олон олон сургаалыг нь хичээнгүйлэн биелүүлж, улмаар Эцэг Эхдээ яруу алдар өргөх тэнгэрийн ууганууд болоорой гэж хүсэх байна.

Энэ мөчид ч Эх минь бидэнтэй хамт байна гэдэг нь бидэнд хязгааргүй их ерөөл, аз жаргал биш гэж үү? Эх байхгүй байсан бол бид Исаактай адил хүүхэд болж чадахгүй. Ишмаел эсвэл Елиезер шиг өв залгамжлалыг хүсээд хүсээд олж авч чадахгүй нэгэн болж орхих байсан.

Бидэнд хамгаас чухал эрхэм эрдэнэ бол Эх минь юм. Бидний сэтгэл дэх мөнхийн эх нутаг болсон Иерусалим Эхээ даган, хаашаа ч хөтөлсөн дуулгавартай байж, бүгд мөнхийн тэнгэрийн хаанчлалд орох тэнгэрийн анх төрөгсөд, ууганууд болохыг хүсье.