Шинэ гэрээний Амралтын өдөр

501 Үзсэн тоо

Бидний авралын төлөө Библийн 66 номыг бичсэн Бурхан Библийн хамгийн сүүлчийн Илчлэл номны төгсгөлд Библийн үгэн дээр огт нэмж, хасаж болохгүй гэж анхааруулсан байдаг нь Бурханы үг хичнээн эрх мэдэлтэй болохыг ухааруулж байна. Библийн үг нэг бүрийг орхигдуулалгүй эрхэмлэн үздэг хүн Бурханы зөвшөөрсөн авралын амлалтыг авч чадна.

Шинэ гэрээний дотор Алгасал баяр, Амралтын өдөр, баярууд, толгойны алчуурын зарлиг, баптисм гээд олон зарлиг заавар байдаг ч тэдгээрээс Амралтын өдрийн талаарх заавар, Амралтын өдөрт агуулагдсан Бурханы хүслийг судалж үзье.

Ертөнцийн эхэнд тогтоосон Амралтын өдөр

Амралтын өдөр бол эхэнд Бурхан тэнгэр газар, түг түмнийг бүтээгээд амарсан өдрөөс үүсэлтэй, Бүтээгчийн дурсгалт өдөр юм. Эхлэл 1-р бүлэгт Бурхан зургаан өдрийн дотор бүтээлийн ажлаа гүйцэлдүүлээд, 2-р бүлэгт нь бүтээлийн ажлаа дуусгачихаад долоо дахь өдөртөө амарснаараа Амралтын өдөрт онцгой утга учир өгсөн юм.

“Тэнгэр газар болон түүний түг түмнийг ийнхүү гүйцээв. Долоо дахь өдөр гэхэд Бурхан хийж байсан ажилаа гүйцээгээд, хийж байсан бүх ажлаасаа Тэрээр долоо дахь өдөртөө амарчээ. Бүтээж байсан бүх ажлаасаа энэ өдөр амарсан тул Бурхан долоо дахь өдрийг ерөөж ариун болгов.” Эхл 2:1-3

Амралтын өдрийг хуучин гэрээний хууль гэж үздэг хүмүүс байдаг ч Бурхан хууль бий болгохоос ч өмнө, тэнгэр газар түг түмэн бүтээгдсэн цаг үеэс л Амралтын өдрийг ариусган, ерөөл өгдөг өдөр болгон тогтоосон байна шүү дээ. Бурхан Амралтын өдрийг онцгойлон тогтоосон нь авралтай салшгүй холбоотой хүчин зүйл түүн дотор байгаа учраас тэр юм.

Ертөнцийн эхэнд тогтоосон Амралтын өдөр нь Мосегийн үед бичмэл хууль болсон. Бурхан Арван тушаал гэх хуучин гэрээний хуулийг тунхаглах үедээ Амралтын өдрийн талаар нарийн тайлбарласан байдаг.

“Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахь. Чи зургаан өдөр хөдөлмөрлөж бүх ажилаа хий. Харин долоо дахь өдөр нь Бурхан ЭЗЭНий чинь Амралт тул чи ямар ч ажил бүү хий. Чи, чиний хүү, чиний охин, чиний зарц, чиний шивэгчин, чиний мал бас танайд байгаа ирмэл хүн ч мөн адил. Учир нь зургаан өдөрт ЭЗЭН тэнгэр, газар, далай болон тэдгээрийн дотор байгч бүгдийг бүтээж, долоо дахь өдөрт амарсан. Тиймээс Амралтын өдрийг ЭЗЭН ерөөн тэр өдрийг ариун болгосон юм.” Гэт 20:8-11

“Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахь” гэсэн үг нь Бурхан ард түмэндээ шууд айлдсан сургаал. Диаволын сааднаас болж бий болсон хүний тушаал биш, Бурхан Өөрөө тогтоож, Өөрөө тунхагласан Бурханы тушаал. Бурхан долоо дахь өдөр Амралтын өдрийг санаж, ариунаар сахихыг тушаал дотроо багтааж, ард түмэндээ тогтоол, зарлиг, хуулиа Өөрийн биеэр соёрхсон.

Мосегийн хуульд Амралтын өдрийг бузарладаг хүнийг үхэх ёстой гэсэн байдаг. Хуучин гэрээнд Амралтын өдөр бол үүнийг бузарладаг хүний амь нь хүртэл устгагдах хэмжээний тийм туйлын төгс зарлиг байсан (Гэт 31:12-17). Бурханы үгийг эсэргүүцдэг сүнс огтхон ч аврагдаж чадахгүй гэдгийг ухааруулах үүднээс Бурхан хуучин гэрээний бүх хуулийг хатуу чанд тогтоосон.

Есүсийн сахисан Амралтын өдөр

Амралтын өдрийг бичмэл болгон хуульчилснаас хойш 1500 жил гэх урт удаан хугацааны турш үүнийг сахисаар ирсэн төдийгүй шинэ гэрээний Амралтын өдрийн тогтолцоо болон үргэлжилсээр байгаа. Амралтын өдөр нь огтхон ч өөрчлөгдөх эсвэл хэрэгсэхгүй болгох ёсгүй үнэний хууль. Учир нь Есүс үүнийг Өөрөө сахиж, жишээ үзүүлсэн байдаг.

“Есүс Өөрийн өссөн хот Назарт ирж, заншсан ёсоороо Амралтын өдөр синагогт орж, Бичвэрээс уншихаар бослоо. Түүнд эш үзүүлэгч Исаиагийн номыг өргөн барив. Есүс номыг нээн доор бичигдсэн хэсгийг олоод…” Лук 4:16-21

Есүс Амралтын өдрийг заншил болгон сахисан. Амралтын өдөр бол Бурханы туйлын төгс тушаал, заавар учир Есүс Өөрийн биеэр сахиж, шавь нартаа үлгэр дуурайл үзүүлсэн.

Хуучин гэрээний үед ч Амралтын өдөр сахиж байсан, Есүсийн үед ч сахисаар л байсан. Хуучин болон шинэ гэрээний Амралтын өдрийн ялгаа нь хуучин гэрээний үед амьтны золиосоор Амралтын өдөр сахидаг байв. Харин шинэ гэрээний үед золиосын тахилын бодит болсон Есүс Христийн үнэт цусаар залбирал болон магтаал сүнслэгээр, үнэнээр өргөдөг мөргөл болон өөрчлөгдсөн юм.

“Хуулийг эсвэл эш үзүүлэгчдийг хэрэгсэхгүй болгохоор Намайг ирсэн гэж бүү бод. Хэрэгсэхгүй болгохын тулд бус, харин гүйцэлдүүлэхийн тулд Би ирсэн юм.” Мат 5:17

Амьтны цусаар тахил өргөн сахиж байсан хуучин гэрээний Амралтын өдөр нь хожим энэ газар ирэх Христийн бэлгэдэл, загвар байсан юм. Аливаа юмны загвар гэдэг нь бодит биш, дуураймал учраас төгс бус. Бодит болох Христийн ирээд тогтоосон Амралтын өдөр л жинхэнэ шинэ гэрээний Амралтын өдөр төдийгүй жинхэнэ амралтанд орох тэмдэг юм. Тиймээс л Есүс хуулийг хэрэгсэхгүй болгохоор ирсэн биш, харин гүйцэлдүүлэхээр ирсэн гэжээ.

Гүйцэлдүүлсэн Амралтын өдрийн хууль гэдэг нь амьтны цусаар бус, Христийн үнэт цусаар ивээл ерөөл хүртэх шинэ гэрээний Амралтын өдрийг хэлсэн хэрэг. Дүгнээд хэлэхэд өргөл, тахилын ёслол зэрэг нь шинэ гэрээгээр гүйцэлдсэн л болохоос биш Бурханы долоо дахь өдөр болгон тогтоосон Амралтын өдрийг угаасаа сахисаар ирсэн юм.

Элч нарын сахисан Амралтын өдөр

Өнөө үед ням гаргийн мөргөл сахиж байгаа сүмүүд өөрсдийнхөө зарчмыг зөвтгөхийн тулд “Амралтын өдөр нь хуучин гэрээний тушаал болохоор хэрэгсэхгүй болсон”, “Загалмайнаас хойш хэрэггүй болсон”, “Есүсийн амилсан өдөр ням гараг байсан болохоор өөрчлөгдсөн” гэх мэтийн худал үзэл баримталдаг. Тэд Бурханы тушаалыг хөсөрдүүлсэн хүмүүсийн үйлдлийг зөвтгөх гэсэндээ л ийн шалтаглаж байгаа. Гэвч Есүсийг загалмайд амьсгал хурааснаас хойш элч нар болон анхны сүмийн ариун хүмүүс Амралтын өдрийг сахисаар л байсан.

“Энэ нь Амралтын өдөр эхлэхийн өмнөх бэлтгэлийн өдөр байсан юм. Есүстэй хамт Галилаас ирсэн эмэгтэйчүүд нь дагаж, булш болон Түүний цогцсыг тэнд хэрхэн тавихыг харав. Тэд буцаж ирээд, анхилуун үнэртэн ба үнэрт тос бэлджээ. Амралтын өдөр тэд тушаалын дагуу амрав.” Лук 23:54-56

Энэ дүр зургийг харахад ч Есүсийг загалмайд цовдлогдсоных нь дараа хүртэл Амралтын өдрийг сахиж байсныг амархан ойлгохоор байна. Бүр цаашлаад Есүс амилж, тэнгэрт одсоны дараах байдлыг судалцгаая.

“… Бид тэр хотод хэд хоног байлаа. Амралтын өдөр бид хотын гулдан хаалганы гаднах гол дээр очив. Тэнд залбирлын газар байгаа болов уу гэж бид бодсон юм. Тэгээд сууцгааж, цугласан эмэгтэйчүүдтэй ярилцлаа.” Үйл 16:11-13

“… Паул заншсанаараа тэдэн дээр очиж, гурван Амралтын өдөр тэдэнд Бичвэрээс ухуулжээ. Христ зовж, дараа нь үхэгсдээс амилах ёстой байсныг тайлбарлан нотлоод —Миний та нарт яриад байгаа тэр Есүс бол Христ шүү дээ гэжээ.” Үйл 17:1-3

Элч нар Есүсийг тэнгэрт одсоны дараа ч мөн л урьдын адил тушаалын дагуу Амралтын өдөр сахиж байж. Элч Паул ч мөн тийн үйлдсэн. Паул бол урьдын тахин шүтэж байсан иудейн шүтлэгээ орхин, шинэ гэрээний үнэнийг хүлээн авч, Бурханы заавар биш байвал, мөн авралтай нь холбоо хамааралгүй л бол эзэмшсэн эрдэм мэдлэгээ ч хүртэл хог гэж үзээд эрс шийдэмгий хаясан хүн шүү дээ. Тийм Паул Амралтын өдрийн зарлигийг ямар ч шалтгаангүй сахих байсан уу? Паул Христийн зааврыг гэрчлэхдээ “Учир нь би та нарт дамжуулснаа Эзэнээс авсан” (1Кор 11:1, 23) гэсэн бөгөөд Есүсийн жишээг даган үйлдсэн хэмээн тайлбарласан шиг Амралтын өдрийг ч Христийн жишээг л даган сахиж байсан юм.

Үеийн төгсгөл хүртэл сахих ёстой Амралтын өдөр

Ертөнцийн эхэн үед тогтоогдсон Амралтын өдөр нь Мосегийн үеэс Есүсийн үе хүртэл, Есүсийн загалмайн зовлонгийн дараа ч элч нарын үе хүртэл сахигдаж ирсэн Бурханы чухал зарлиг юм. Энэ Амралтын өдөр нь хэзээ хүртэл сахих ёстой зарлиг болохыг судалцгаая.

“Зугтах чинь өвөл эсвэл Амралтын өдөр таарахгүйн тулд залбир. Учир нь ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй мөн хэзээ ч болохгүй гамшиг болно. Хэрэв тэр өдрүүдийг богиносгоогүйсэн бол нэг ч махбод аврагдахгүй байх байсан. Харин сонгогдогсдын төлөө тэр өдрүүдийг богиносгоно.” Мат 24:20-22

“Ертөнцийн эхнээс өнөөг хүртэл урьд өмнө нь болж байгаагүй гамшиг” гэдэг нь үеийн төгсгөлийн талаарх зөгнөл юм. Амралтын өдөр нь загалмайнаас хойш ямар ч утга учиргүй болох байсан бол Есүс үеийн төгсгөлд болох зүйлсийн талаар зөгнөхдөө Амралтын өдрийн тухай зориуд дурдах шалтгаан байхгүй шүү дээ. “Зугтах чинь өвөл эсвэл Амралтын өдөр таарахгүйн тулд залбир” хэмээсэн үгэнд сүүлчийн үед ч итгэгч нар Амралтын өдрийг заавал санаад сахих ёстой гэсэн Бурханы хүсэл агуулагдаж байна.

Бурханы тушаалд бидний зайлшгүй санах ёстой утга учир байгаа, ерөөл байгаа. Тиймээс Бурхан үеийн төгсгөлийн өдөр хүртэл Бурханы хууль болох Амралтын өдрийг огтхон ч мартаж болохгүй гэж бидэнд захисан билээ. Шинэ гэрээний Амралтын өдөр бол энэ дэлхийн сүүлчийн өдөр хүртэл орших Бурханы зарлиг бөгөөд мөнхөд өөрчлөгдөхгүй Бурханы тушаал юм.

Шинэ гэрээний Амралтын өдрийг сахигчид нь Бурханы ард түмэн

Шинэ гэрээний Амралтын өдрийг сахидаг хүмүүс Бурханы ариун ард түмэн болох учраас диавол үүнд саад болох гэж худал зүйлс гаргаж ирсэн. Бурханы тогтоосон цаг үеүд ба хуулийг устгаснаараа олон сүнсийг Бурханаас холдуулсан.

“… Тэрээр Хамгийн Дээд Нэгэний эсрэг үг хэлж, Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүсийг дарлан туйлдуулна. Тэрээр цаг үеүд ба хуулийг өөрчлөхийг зорих болно. …” Дан 7:23-25

Библид Хамгийн дээд Нэгэнийг эсэргүүцдэг диавол Бурханы цаг үеүд ба хуулийг өөрчлөхийг зорино гэж зөгнөсөн байна. Зөгнөл дагуу Сатаны хүч нөлөөгөөр Бурханд ариунаар мөргөл өргөдөг өдрийг долоо дахь өдөр болох Амралтын өдрөөс эхний өдөр болгон өөрчилсөн. Тэгвэл Сатаны хуулийг дагадаг хүмүүс аврал авч чадах болов уу?

Ертөнцөд олон сүм, өөрсдийгөө Бурханы ард түмэн гэж зүтгэдэг тэнгисийн эргийн элс шиг олон христчин байдаг ч Бурхан сүүлчийн шүүлтийн өдөр Өөрийн ард түмэн болон ард түмэн нь биш хүмүүсийг ялгана. Өөрийнхөө ард түмэнд л аврал өгөх гэсэндээ бидний зүрхэнд Бурханы хууль байгаа эсэхийг шалгана хэмээсэн.

“Үнэн зөвийг мэддэг, зүрхэнд нь Миний хууль буй ард түмэн Намайг сонсогтун. Хүний зэмлэлээс бүү ай. Доромжлолоос нь бүү эмээгтүн.” Иса 51:7

“ЭЗЭН тунхаглаж байна. “Харагтун, Израилийн гэр ба Иудагийн гэртэй Би шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна. Би тэднийг Египет нутгаас гаргахын тулд эцэг өвгөдийнх нь гараас хөтөлсөн тэр өдөр тэдэнтэй байгуулсан гэрээ буюу хэдийгээр Би тэдний хань нөхөр нь атал тэдний зөрчсөн гэрээтэй минь энэ нь адилгүй юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Гэвч тэр өдрүүдийн дараа Израилийн гэртэй Миний байгуулах гэрээ энэ юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би хуулиа тэдний дотор хийж, Би тэдгээрийг зүрхэн дээр нь бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно.” Иер 31:31-33

Шинэ гэрээний хуулийг сэтгэлдээ хадгалдаг хүмүүс л Бурханы ард түмэн юм. Бусдыг нь түр орхиод, зөвхөн Амралтын өдрийн тухайд авч үзвэл Амралтын өдөр бол ертөнцийн эхэнд Бурхан тогтоож, Мосегийн үед бичмэл болон хуульчлагдаж, шинэ гэрээний үед Есүс ч мөн үргэлж сахиж ирсэн, Есүсийг загалмайд зовлон эдэлсний дараа элч нар эцсээ хүртэл хатуу мөрдөж байсан Бурханы хууль юм. Үүнийг үеийн төгсгөлийн өдөр хүртэл битгий мартаарай гэсэндээ гамшгийн үед зугтах өдөр өвөл эсвэл Амралтын өдөр таарахгүйн тулд үргэлж залбир гэх сургаалаа Есүс бидэнд биечлэн айлдсан хэрэг.

Бурханы жинхэнэ ард түмэн мөн бол Бурханы хуулийг дагадаг байх ёстой. Бурхан хуулийг нь зүрхэндээ хадгалдаг хүмүүсийг Өөрийнхөө хайртай ард түмэн гэсэн бөгөөд тэднийг аварна гэсэн. Бид ганц Амралтын өдрөөр л бодоод үзэхэд бид Бурханы хүүхэд гэдэг нь гарцаагүй. Сионы ард түмний хувиар бид үүндээ итгэлтэй байж, бахархаж, шинэ гэрээний хуулийг зүрхэн дээр маань бичиж өгсөн Эцэг Бурхан болон шинэ Иерусалим тэнгэр Эхдээ мөнхийн магтаал, яруу алдар өргөдөг байх учиртай.

Шинэ гэрээний Амралтын өдөр нь Бурханы хүсэл төдийгүй тэнгэрийн орон явах зам

Бурхан бидэнд Амралтын өдөр бол үеийн төгсгөлийн өдөр хүртэл сахих ёстой хууль, зарлиг гэдгийг тодорхой ухааруулсан болохоор тэнгэрийн орон үнэхээр явахыг хүсдэг хүн мөн л бол Амралтын өдрийг заавал сахих ёстой.

“Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Эцэгийн минь хүслийг үйлдэгч нь л орно.” Мат 7:21

Амралтын өдөр болон ням гаргийн мөргөлийн аль нь Эцэгийн хүсэл билээ? Мэдээж Амралтын өдөр нь. Тиймээс Амралтын өдөр диаволаас болж өөрчлөгдөнө гэдгийг аль хэдийн мэдэж байсан Есүс “Хавчиг хаалгаар ор. Учир нь сүйрэлд хөтөлдөг хаалга нь уужуу, зам нь өргөн юм. Олонх нь түүгээр тийш ордог. Амь өөд хөтөлдөг хаалга нь хавчиг, зам нь нарийн юм. Цөөнх нь түүнийг олдог” (Мат 7:13-14) гэж айлдсан. Мөн “Хонины арьс нөмрөн та нар дээр ирэх хуурамч эш үзүүлэгчдээс болгоомжлогтун. Дотроо харин тэд хомхой чононууд юм” (Мат 7:15) хэмээн тодорхой анхааруулсан байдаг.

Амархнаар хэлбэл Амралтын өдөр бол биднийг Бурханы хаанчлал өөд чиглүүлэх замын тэмдэг л гэсэн үг. Бурхан хүүхдүүддээ тэнгэрийн орон руу очих замыг тодорхой мэдүүлсэн. Бид Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр баптисм хүртээдэг газар очих хэрэгтэй, Амралтын өдөр сахидаг газар очих хэрэгтэй, Ариун Сүнсний нэр болох Есүсийн шинэ нэрэнд итгэдэг газар очих хэрэгтэй. Мөн Елохим Бурхан болох Эцэг Бурхан, Эх Бурхан байгаа газар очих хэрэгтэй, тэр газар баяр сахидаг Сион мөн үү, биш үү гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэгсэн үед л мөнхийн тэнгэрийн оронд орох эрхтэй болно.

Ертөнцийн олон хүн Бурханд итгэж байгаа ч тэнгэрийн орны замыг хайхгүй байгаа. Библид буруу гэсэн л бол буруу замаасаа эргэх ёстой байтал тэр буруу замаараа эцсээ хүртэл зөрүүдлэн явж байгаа. Тийм өрөвдөлтэй сүнснүүд эргэн тойронд чинь байгаа бол одоо явж байгаа буруу замаа орхин Бурхан руу эргэн ирж, Вавилоноос хурдан гар гэсэн Эцэгийн хүслийг тодорхой мэдүүлцгээе (Иса 55:6-7, Илч 18:1-4 үзэх). Бүгд Эцэгийн хүслийн дагуу үйлдээд хамтдаа мөнхийн тэнгэрийн оронд орохыг хүсье.

Сионы гэр бүлүүд ар араасаа шинэ Иерусалим тэнгэр Эхийн энгэр рүү тагтаа мэт нисэн ирж байгаа энэ үед бид Бурханы тогтоол, зарлиг, хуулийг дахин сэтгэлдээ сийлээд, ямар ч нөхцөл байдал тулгарсан тэдгээрийг эрхэмлэн сахидаг байх хэрэгтэй. Зүрхэнд нь Бурханы хууль байгаа хүмүүс бол Бурханы ард түмэн шүү дээ. Шинэ гэрээний үнэний хуулийг сахиж, бусдад тунхаглаад, мөнхийн тэнгэрийн оронд орохыг Сионы бүх гэр бүлээсээ хүсэх байна.