Бурханыг баярлуулдаг хүн

11,452 үзэлт

Бурхан Сионд оршигч хүүхдүүддээ үхэл, зовлон, гашуудал гэж байдаггүй мөнхийн тэнгэрийн хаанчлалыг өв болгон өгнө гэж амласан. Бид ийнхүү мөнхийн мөнхөд эдлэх мөнхийн тэнгэрийн хаанчлалыг соёрхсон Бурхандаа талархал ба яруу алдар өргөж, Бурханыхаа хөтлөлийг даган явдаг итгэлтэй байх хэрэгтэй юм.

“Мэргэн хүү эцгийн баяр баясгалан, мулгуу хүү эхийн зовлон” хэмээн Сургаалт үгс номонд гардаг (Сур.Үгс 10:1). Бурханы мэргэн хүү, охины хувиар “Яавал Бурхандаа баяр баясгалан өргөж чадах бол? Ямархуу итгэл, шийдвэрээр Бурханд яруу алдар өргөн амьдарч чадах бол?” хэмээн тунгаан бодоод, бүгд харамсах зүйлгүйгээр ивээлтэй итгэлийн амьдралаар амьдрахыг хүсье.

Газраас илгээсэн материалаар барьсан тэнгэр дэх гэр

Нэгэн баян хүн итгэлийн амьдралаа дуусган, тэнгэрийн хаанчлалд орж гэнэ ээ. Тэнд нь тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг авсан Петр түүнд газарчлав гэнэ. Тэр баян дэлхийд байхдаа гоё тансаг байшинд амьдарч байсан ба тэгж байгаад Бурханд итгэн, тэнгэрийн хаанчлалд орсон учраас тэнгэрт өөрийнх нь амьдрах газар нь нүд гялбам гэрэлтдэг байшин байгаа даа гэж бодсоор, догдлох сэтгэлээ барьж ядан Петрийн араас дагаж алхав. Нэлээд алхаж байгаад хартал үнэхээр л дэлхийд нэг ч удаа харж байгаагүй алтан шаргал туяа цацруулсан тансаг зэрэглэлийн том орд харшууд эгнэн ярайсан орон сууцны хороолол харагдлаа.

“Пөөх, тэр орд харшуудын нэг нь л миний гэр болох нь ээ дээ.”

Баян хүн ийнхүү дүүрэн найдлагаар Петрийг дагаад явсан боловч Петр харин нэг л хачин, тэр зүгт ер дагуулж явалгүй, тэдгээр гэрэл цацарсан байшингуудын хажуугаар нь өнгөрөөд явчихав. Жаахан явж байтал өмнөхийг арай гүйцэхгүй ч гэлээ том үзэсгэлэнтэй барилга бүхий орон сууцны хороолол гараад ирж гэнэ. Гэвч Петр дэргэдүүр нь мөн л өнгөрөөд явчихав. Эцэст нь түүний хүрч очсон газар нь нэлээд ядуу дорой харагдах тосгон байлаа. Тэнд Петр оромж овоохой аятай нэгэн гэрийн өмнө зогсоод, нөгөө баянд ийн хэлж гэнэ.

“Энэ бол үеийн үед амьдрах таны гэр” гэв.

Баян ихэд гайхжээ. Тэрээр “Би дэлхийд амьдарч байхдаа ч бусад хүмүүс дээш хараад шүүрс алдмаар цэлгэр саруул байшинд тансаг амьдарч байсан байхад яаж энэ тамтаг болсон оромжинд үеийн үед амьдар гэж хэлж байна аа?” хэмээн барьцан уурсав. Петр түүнд учрыг нь ийн тайлбарлаж өгөв.

“Тэнгэрийн оронд тогтсон дүрэм журам гэж бий. Дэлхийд байхдаа илгээж байсан барилгын материалаар нь л мөнх амьдрах тэнгэрийн гэрийг нь тухайн хүнд барьдаг юм. Би ч бас таныг сайхан гэр оронтой болгохыг хүссэн. Харин таны илгээсэн материалууд чинь дэндүү муу юмнууд байдаг байсан болохоор сэтгэл минь ихэд өвдөж байж билээ. Гэлээ ч дүрэмд заагдсан хойно яалтай билээ. Таны дэлхийгээс илгээсэн материалаар гэрийг тань барьсан болохоор үүнээс дээрийг барьж чадсангүй ээ.”

Тарьснаа хураана

Мэдээж энэ бол ялимгүй дэгс яриа л даа. Тэнгэрийн хаанчлалд орвол овоохой шиг гэрт амьдрах хүн байхгүй. Бурхан хайртай хүүхдүүддээ зориулан бэлтгэж тавьсан тэнгэрийн хаанчлал бол нүд үзээгүй, чих сонсоогүй, хүний санаанд орохооргүй, хязгааргүй үзэсгэлэнтэй газар (1Кор 2:9) билээ.

Гагцхүү дээрх ярианаас бидэнд бодох ёстой нэг л зүйл байна. Бурхан авралын хаалгыг нээсэн учир хэн ч бай Сионд орж ирээд үнэн дотор байж, Бурханаас эмээж, хичээж, хүндэлбэл тэнгэрийн хаанчлалд баттай орох юм. Харин тэнгэрийн хаанчлалд ороод, үйлсийнх нь дагуу буцаан төлөх нь өөр өөр. Бурхан хүн бүрд үйлдсэнийх нь дагуу, ажилласных нь дагуу төлнө хэмээсэн (Илч 22:12).

Энэ газарт амьдарч байхдаа хэдий олныг атаархуулам, тансаг сайхан амьдарсан байлаа ч үйлсийн материал дутуу, муу бол тэнгэрт гэрэлтсэн сайхан гэр орон олж авч чадахгүй. Зөвт хүн ч, зөвт бус нь ч бүгд л өөрсдийнхөө үйлсийн үр жимсийг идэж (Сур.Үгс 1:31, Иса 3:10), хэн ч байсан тарьсныхаа дагуу л хурааж авах юм.

“Тэгэхлээр ийм байна. Харам таригч нь харам хураана. Өгөөмөр таригч нь өгөөмөр хураана.” 2Кор 9:6

Ихийг тарьдаг хүн ба багыг тарьдаг хүн, их хичээдэг хүн ба гавьтай хичээдэггүй хүн, бүх сэтгэл зүрх, оюун ухаанаа зориулдаг хүн ба ийн зориулдаггүй хүн гээд бүгдэд нь үйлдсэнийх нь дагуу буцаан төлөх нь өөр өөр байхаас аргагүй. Аливаа түүхээс харахад хааныхаа төлөө гавьяа байгуулсан гавьяатай түшмэлүүд дунд тэргүүн сайд, дэд сайд гэж байдаг бөгөөд хаан сайд тус бүрдээ гавьяа зүтгэлд нь дүйцсэн шагнал хайрладаг шүү дээ.

Тэнгэрийн хаанчлалд хамтдаа очсон Бурханы ард түмэн ч мөн тэнгэрийн хаанчлалд орсныхоо дараа хүн тус бүрийн авах шагнал нь өөр бөгөөд хүн бүрд оногдох ерөөл ч мөн өөр байх болно. Маанэ, талантны тухай сургаалт зүйрлэлд эзнийхээ хүсэлд үнэнч байж, талант гаргасан боолууд бүгд эзнийхээ баяр баясгалан буюу тэнгэрийн хаанчлалын яруу алдарт оролцдог. Харин тэр дунд арван хот захирах эрх мэдэлтэй боол ч байна, таван хот захирах эрх мэдэлтэй боол ч байх болно (Мат 25:14-30, Лук 19:12-27 үзэх).

Энэ газраас илгээсэн материалаар мөнхөд амьдрах гэрээ барина гэвэл бид чухамдаа тэнгэрийн хаанчлалд ямар материал илгээх хэрэгтэй бол? Аливаа ажлыг муу муухай бодол, бузар муу үйлсээр хийвэл чанаргүй муу материалууд хүргэгдэхээс өөр аргагүй. Харин халуун, үнэн сэтгэлээр Бурхандаа зориулсан хичээл зүтгэлээр, Библийн бүх сургаалыг сахиж дагадаг итгэлээрээ хийвэл бат бөх чанартай сайн материал илгээх юм.

“Бүү мэхлэгд. Бурхан элэг доог болохгүй. Юу гэвэл хүн юу тарьснаа л хурааж авдаг. Учир нь махбоддоо таригч нь махбодоосоо ялзралыг хурааж авна. Харин Сүнсэнд таригч нь Сүнснээс мөнх амийг хурааж авна. Сайныг үйлдэхдээ үл цуцъя. Учир нь бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна.” Гал 6:7-9

Хүн юу тарина, түүнийгээ хурааж авдаг. Махан биеийнхээ төлөө хичээж, махан биедээ цаг хугацаа зориулж зүтгэдэг хүн нь тэнгэрийн хаанчлал руу ялзарсан материал илгээхээс өөр аргагүй. Ариун Сүнсний төлөө тарьж буй хүн нь сайн мэдээнд тустай ажил л бол ямар ч ажил бай мэрийж хураасан болохоороо Бурханы хаанчлалд мөнхийн үзэсгэлэнтэй гэрт хөтлөгдөх болно.

Чин сэтгэлээсээ залбирч, Бурханы сургаалыг сайтар шимтэн судалж, алдагдсан хүмүүсийг хайн аврахаар энэ газарт ирсэн Бурханаас үлгэр дуурайл аваад, авралын эгнээнд хараахан нэгдэж чадаагүй сүнснүүдийг аврал руу хөтлөх үйлсэд хамаг хүчээ зориулах нь л Бурханы хаанчлалд сайн материал болох юм. Тэнгэрийн хаанчлалын төлөө хэдий хэр хөлс урсган, сэтгэл гаргаж, зүрхээ зориулж байна вэ гэдгээс шалтгаалаад бидний ирээдүй өөрчлөгддөг.

Сүнсний дагуух нь Бурханыг баярлуулдаг хүн мөн

Бид их тарих хэрэгтэй ч өөрийн хүсэлдээ автсан зүйлийг тарихын оронд Бурханы хүсэл, сургаалыг дуулгавартай дагасан үйлсийг тарих хэрэгтэй. Хэрвээ бид цаг үргэлж Бурханы сургаалын дагуу амьдарвал тэнгэрийн хаанчлалын зүг илүү сайн материал илгээх болно.

“Учир нь махбодын дагуух нь махбодынхыг, Сүнсний дагуух нь Сүнсний юмсыг боддог. Махбодын бодол санаа бол үхэл, Сүнсний бодол санаа бол амь ба амар тайван билээ. Учир нь махбодын бодол санаа бол Бурханы эсрэг дайсагнал юм. Учир нь энэ нь Бурханы хуульд захирагддаггүй бөгөөд тэгж чадах ч үгүй. Махбодынхоор байгсад Бурханд таашаагдаж чадахгүй.” Ром 8:5-8

Махбодын дагуух бодол санаанаас илүүтэй Сүнсний дагуух бодол санаатай болох үед л бид Бурханд дуулгавартай байх төдийгүй Бурханыг баярлуулж ч чадна. Сүнсний дагуух нь махбодын дагуух хүслээ дагаж амьдралгүй, Бурхан юунд баярлах вэ гэдгийг үргэлж боддог.

Тэнгэр Эцэг Эхийг баярлуулах зүйлсийг дагаад, өчүүхэн юманд ч хүртэл итгэмжтэй байн, Бурхандаа яруу алдар өргөцгөөе. Энэ газарт өөрийгөө илүү дорд болговол тэнгэрт өргөмжлөгдөх болно хэмээх Бурханы айлдал байгаа л бол тэр үгийнх нь дагуу даруу болоод, бусдад үйлчлэл үзүүлж, цагаа олсон ч олоогүй ч үгийг тунхагла гэсэн айлдал байгаа л бол мөн тэр ёсоор хичээнгүйлэн үгийг тунхаглаж амьдрах хэрэгтэй. Тэгж гэмээнэ бид тэнгэрийн хаанчлалд хамгийн үзэсгэлэнтэй орон байр олж авна (Мат 23:12, 2Тим 4:2 үзэх).

“Тиймээс хэрэв та нар Христтэй хамт амилуулагдсан л юм бол дээгүүрхийг хай. Тэнд Бурханы баруун талд Христ заларч байгаа. Газар дээрхийг бус дээгүүрх зүйлсийг эрмэлз. Учир нь та нар үхсэн бөгөөд та нарын амь Христтэй хамт Бурханд нууцлагдсан. Бидний амь болох Христ илчлэгдэх үед та нар ч бас яруу алдар дотор Түүнтэй илчлэгдэх болно. Тиймд та нар газар дээрх эрхтнүүдийг үхүүл. Энэ нь садар самуун, бузар булай, тачаал, муу хүсэл, шунахайрал болох шүтээн шүтэх явдал юм. Эдгээрээс болж Бурханы хилэн [дуулгаваргүй хөвгүүд дээр] ирэх болно. Та нар тэдгээрийн дотор амьдарч байхдаа үнэндээ тэдгээрийн дотор алхаж л явсан. Харин эдүгээ та нар бас уур, хилэн, хорон санаа, гүтгэлэг болон амнаас гарах жигшүүрт үгс бүгдийг нь зайлуулж хаягтун. Бие биендээ худал бүү ярь. Яагаад гэвэл та нар хуучин хүнээ үйлтэй нь тайлж, шинэ хүнийг өмссөн. Энэ нь өөрийг нь бүтээсэн Түүний дүр төрхийн дагуу мэдлэгт шинэчлэгдсэн хүн юм.” Кол 3:1-10

Тэнгэрийн хаанчлалд сайн материал илгээе гэвэл ертөнцлөг чанар бүхий “хуучин хүн” доторх ширүүн дориун зан ааш, энэ хорвоогийн дур хүсэл, шуналаа бүгдийг хаяж чаддаг байх нь зүйтэй. Тэнгэрийн хаанчлал тийш гүйж яваа хүн энэ хорвоогийн юманд тэмүүлж яваа хүнээс ялгаатай. Зан аашаа, бие хүнээ, амьдралынхаа зорилгыг ч хүртэл шинэчлэх гэж тэмүүлэх учиртай.

Тэгж байж л ямагт Христийн анхилуун үнэрийг гаргадаг. “Өнгөрсөн хугацаанд би тэнгэрийн хаанчлал руу ямар материал явуулж байсан бол, ер нь миний гэр хэр баригдаж байгаа бол?” гэдгээ нэг бодож үзээрэй. Арай хорвоогийн ажил хэрэг, ертөнцийн дур хүсэлд хоногийн 24 цагийг бүгдийг нь зориулсаар Бурханы төлөө ганц цаг ч гаргаж чадаагүй байгаа юм биш биз? Сэтгэл санааныхаа зүг чигийг жаахан л сүнслэгээр өөрчилбөл тэнгэр элч нар бидэнд илүү сайн материалаар илүү сайхан гэр орон барьж өгнө. Харин тэгэлгүй, цагаа юу ч хийлгүй хий дэмий үрж байгаа бол тэрхүү байдалд чинь тэнгэр элч нар мөн гарцаагүй харамсана.

Хоол идэхгүй бол өлсдөг шиг, сүнсний хоол идэхгүй л бол сүнс ч мөн өлсдөг. Мөргөлийн өдрүүдээр зөвхөн сургаал сонсоод зогсох биш, өдөрт дор хаяж хэдэн хуудас Библи уншиж, Бурханыг сэтгэлдээ гүн гэгч нь хүлээн аваад, Библи дэх Бурханы сургаалд өдөр бүр чих тавьцгаая. Зөвхөн мөргөл тэмдэглэхэд оролцсоноор л итгэл гэгч болчихдог юм биш. Ердийн амьдралдаа ч сайн мэдээ идэвхтэй тарааж, сайн мэдээний амьдралд хамаг чадлаараа зүтгэн, үргэлж Бурханы сургаал дотор амьдрах хэрэгтэй. Үйлсийн тухайд бол бага хичээсэн хүнд нь бага үр дүн хүртээж, илүү хичээж байсан хүнд нь их үр дүн хүртээнэ. Ийнхүү Библийн сургаалыг сэтгэлдээ тээн, тэнгэрийн хаанчлалд ороход харамсах зүйлгүйгээр бүх зүрх, бүх сэтгэлээ зориулцгаая.

Нүдэнд үл харагдах мөнхийн ертөнцөд найдах амьдрал

Бурхан нэгэнд нь мэргэн ухааны үгийг Сүнсээр өгсөн бол, нөгөөд мэдлэгийн үгийг тэр л Сүнсээр өгсөн бөгөөд өөр нэгэнд нь итгэлийг мөнөөх Сүнсээр өгсөн (1Кор 12:4-11). Тэгэхлээр Бурханыг баярлуулахад бидний хийж чадах зүйл олон байх нь. Бурхан хүн бүрд өөр өөр авьяас чадвар өгөн, тэдгээр чадваруудыг бүгдийг нь цуглуулаад, мөнхийн тэнгэрийн шинэ Иерусалим ариун газрыг байгуулж байгаа тул бид өөрсдийн даасан үүргээ бүх хүчээрээ биелүүлэх хэрэгтэй юм.

Тэнгэрийн хаанчлалыг хүчирхийлэгчид хүчээр авдаг хэмээсэн. “Хүчээр авна” хэмээн илэрхийлсэн лугаа адил халуун сэтгэлээр хүчин зүтгэх хэрэгтэй. Бурханы зөвшөөрсөн яруу алдартай харьцуулахад л үнэгүй, зүтгэлгүй гэж байгаа болохоос зүгээр гараа хөдөлгөлгүй сууж байгаад л аяндаа бид өөрчлөгдөөд тэнгэрийн хаанчлал явчихгүй. Тэнгэрийн хаанчлалын төлөө шамдаж, тэнгэрийн хаанчлалд амьдрах мөнхийн гэртээ өдөр бүр сайн материал илгээдэг хүмүүс тэнгэрийн хаанчлалд очиж чадна. Тэнгэрт очоод мөнхөд орших орон гэр ч үгүй хүнийг яаж тэнгэрийн хаанчлал дагуулж явах билээ? Тэнгэрийн хаанчлал нь зүтгэлгүйгээр, зүгээр л сууж байгаад явдаг газар байсан сан бол Паул элч яах гэж таван удаа гучин ес ташуурдуулан байж хамаг хүчээрээ зүтгэсэн байх уу? Бурхан яагаад нэг талант авсан хүний үр дүнг Библид бичиж үлдээсэн юм бол?

Тиймээс үхэл хүртэл үнэнч байж, хичээгээрэй гэсэн юм. Мөн зөвхөн энэ газрын юмсыг хайн, энэ газрын баяр баясгаланг л эдлэх гэж зүтгэхийн оронд дээгүүрхийг хай хэмээсэн. Бидний мөнхийн баяр баясгалан тэнгэрт байдаг.

Хожим бидний очих тэнгэрлэг орон, мөнхөд орших өөрсдийнхөө гэрийг бодож үзэцгээе. Өнөөг хүртэл дуулаагүй, үзээгүй гэрэл цацарсан тэнгэрийн хаанчлалын гэртээ амьдрахыг хүсэж байгаа бол одооноос ч болов сайн материалууд илгээцгээе. Залбирлын материал ч илгээж, авралын зар тараах халуун сэтгэлийн материал ч илгээе. Цаг зуурын хичээл зүтгэлээр тань Бурханы хаанчлалд үзэсгэлэнтэй, мөнхийн гэр яг энэ мөчид ч баригдсаар байгаа билээ.

“Тиймээс бид зүрх алддаггүй. Хэдийгээр гаднах хүн маань ялзарч байгаа ч доторх нь өдрөөс өдөрт шинэчлэгдэж байна. Учир нь агшин төдий ялихгүй зовлон нь бидэнд алдрын мөнхийн жинг үлэмж арвижуулж байна. Бид үзэгдэх юмсыг бус, харин үл үзэгдэх юмсыг хардаг. Учир нь үзэгдэх юмс бол цаг зуурынх, харин үл үзэгдэх юмс мөнх билээ.” 2Кор 4:16-18

Харагдаж буй энэ орчлонгийн юмсын баяр баясгалан бол цаг зуурынх. Бүхий л юмс цаг зуур төдийгөөс хэтрэхгүй. Харин үл харагдах сүнслэг ертөнцөд бол бүгд мөнхийнх байдаг. Тэр мөнхийн зүйлийн төлөө дээр орших юмсыг санаад, дээгүүрхийг бодон, Эцэг Эхийнхээ хүслийг сайн гэгч нь хүлээн аваад, илүү үзэсгэлэнтэй цэвэр буудай үр жимс элбэг дүүрэн гаргахыг хүсэж байна.

“Учир нь бид ийм найдвараар аврагдсан. Гэхдээ харагдаж байгаа найдвар нь найдвар биш юм. Хүн харж буй зүйлдээ найдахын хэрэг юу байна? Харин бид харахгүй байгаа зүйлдээ найдвал түүнийгээ тэвчээртэйгээр хүлээдэг.” Ром 8:24-25

Үл харагдах тэнгэрийн юмсыг хүсэж байгаа бол тэвчээртэйгээр хүлээгээрэй хэмээсэн. Бид сургаал үгсийн дагуу амьдарсандаа хязгааргүй их баяр хөөр мэдэрч, баярын уухай хадаах тэр өдөр бидний бодоо ч үгүй, мэдээ ч үгүй байхад маань гарцаагүй ирэх болно. Бүх зүйл хэлснээр нь зөвшөөрөгдөх хэтийн яруу алдрыг бодоод, өнөөгийн амьдралдаа махан биеийн зүйлд л тэмүүлэх бус Бурханы хүсдэг сүнслэг ажилд хүчээ зориулцгаая.

Паул элч “Би сайн тэмцлээр тэмцсэн, замаа дуусгасан, итгэлээ сахисан. Урьд минь зөв байдлын титэм надад зэхэгдсэн байна” гэсэн бахархах сэтгэлтэйгээр тэнгэрийн хаанчлалд орсон билээ. Тэрээр тэнгэрийн хаанчлалд гоёмсог, сайн материал ихээр илгээсэн юм. Тэр нь бид бүхний атаархах зүйл гэхэд болно.

Түүнд зөвхөн атаархаад байх бус одоо энэ цаг мөчөөс ч болов өөрийнхөө талаар эргэцүүлж, Бурханд яруу алдар, баяр баясгалан өргөх сүнслэг материалыг Бурханы хаанчлалын зүг байнга илгээцгээе. Гологдол материал биш, үзэсгэлэнтэй гялалзсан материал болохоор тэнгэр элч нар ч баяртайгаар гэр барьж чадахуйц тэнгэрийн хаанчлалд хүлээн зөвшөөрөгдөх цэвэр сайн материал илгээхийг хүсэж байна.

Идэвхтэйгээр авралын зар тараацгаая. Олон сүнс аварцгаая. Тэгвэл Бурханы хаанчлалд од мэт үүрд мөнх туяарах ерөөлийг өгнө хэмээн амласан. Тэнгэр элч нар “Одоо хангалттай байгаа болохоор авчрахаа болиорой” гэж хэлтэл нь тэнгэрийн хаанчлалд гоёмсог үйлсийн материал ихээр илгээж, үзэсгэлэнтэй тэнгэрийн хаанчлалын гэр барихыг Сионы гэр бүлүүдээсээ бүгдээс нь хүсье.