Илчлэл номон дээр, Бурхан хүн төрөлхтнийг шүүх цаг болоход, Түүний сэнтийн өмнө хүн нэг бүрийн амьдралынх нь турш хийж ирсэн үйлсийг тэмдэглэсэн нэг ном дэлгээстэй байгаа нь гардаг. Тэгээд Бурхан тэр номд бичигдсэний дагуу хүн нэг бүрийг зөвийг үйлдэж үү, бурууг үйлдэж үү, Бурханы хүсэлд дуулгавартай байж сайн үйлс хийж үү, муу үйл хийж үү гээд дэлхийд өнгөрөөсөн бүхий л цаг хугацааг нь шалган дэнсэлж хүн бүрд үйлсийнх нь дагуу төлдөг.
Тэгвэл бидэнд өгөгдсөн амьдралын өдөр хоног цаг мөч бүхэн нэн чухал. Үйлсийн тэмдэглэлд муугаар бичигдсэн хүнд Бурхан муу үйлсийнх нь дагуу хариу өгч, шийтгэнэ. Тиймээс бид өдөр бүр өгөгдсөн цаг хугацаагаа гагцхүү сайхан үйлсээр л дүүргэн, тэнгэрийн үйлсийн тэмдэглэлдээ сайн мөр үлдээх хэрэгтэй юм.
Сүүлийн үед Солонгос улсад ч бас гэмт хэргийг илрүүлэх хувь нэмэгдэж байгаа. Энэ нь CCTV хяналтын системд бүх зүйл маш нарийн бичигдэх болсонтой холбоотой аж. Хэн нэгэн рүү хуруу чичлэх юм уу дуугаа өндөрсгөн хашхирч байгаа ялихгүй үйлдэл хүртэл тод бичигдэж байгаа болохоор гэмт этгээд дүрс бичлэгийг хараад л дорхноо хэргээ улайхаас өөр аргагүйд хүрдэг юм байна.
Энэ дэлхий дээр хүртэл ингэж нарийн бичигдэж байхад, сүнсний ертөнцөд Бурханы өмнө бидний үйлс хичнээн баттай баримттай бичигдэж байгаа бол?
“Цагаан өнгөтэй агуу сэнтий болон дээр нь Залрагчийг би харав. Түүний дүр төрхөөс газар, тэнгэр зугтсан бөгөөд тэдэнд байх газар эс олдов. Их, бага үхэгсдийг сэнтийн өмнө зогсохыг би харлаа. Номууд дэлгээстэй байв. Өөр нэг ном дэлгээстэй байсан нь амийн ном аж. Үхэгсэд үйлсийнхээ дагуу энэхүү номд бичигдсэнээр шүүгдэв. Дотроо байсан үхэгсдийг тэнгис гаргаж өгөв. Үхэл ба Үхэгсдийн орон өөрсдийн доторх үхэгсдийг гаргаж өгөв. Тэдний нэгбүр нь үйлсийнхээ дагуу шүүгдэв. Тэгээд үхэл ба Үхэгсдийн орон галт нуурт хаягдлаа. Энэ бол хоёр дахь үхэл буюу галт нуур болой. Мөн амийн номд нэр нь бичигдсэн нь олдоогүй бүхэн галт нуурт хаягдав.” Илч 20:11-15
Өмнө болсон албан тушаалтнуудын чуулган дээр Эх маань “Үйлсийнхээ дагуу номд бичигдсэнээр шүүгдэв” гэсэн сэдвээр сургаал айлдаж байсан юм. Бидний үйлдэл нэг бүр, сэтгэлдээ агуулж байгаа бүхэн гээд Бурханы өмнө юу ч орхигдолгүйгээр нэг бүрчлэн илчлэгддэг болохоор бичигдэхгүй өнгөрөх зүйл ганц ч байдаггүй юм байна.
Би өмнө нь тэр сургаалыг үргэлж сонсдог байсан хэр нь яагаад ч юм тэр өдрийн сургаал сэтгэлд минь илүү тод үлдсэн юм. Бид тэнгэрийн оронд буцаад очиход, үйлсийн тэмдэглэлд маань чухам юу бичигдсэн байх бол?
Библид үйлсийн тухай олон тэмдэглэл гардаг. Матай, Марк, Лук, Иохан гэсэн сайн мэдээний дөрвөн номонд Мариагийн үйлс маш сайхнаар сийлэгдэн үлдсэн байдаг.
“Есүсийг Бетанд, уяман өвчтэй Симоны гэрт байхад, их үнэтэй тос бүхий гөлтгөнөн сав барьсан эмэгтэй Түүн дээр ирээд, Түүнийг хооллохоор тухлахад толгойд нь тосоо цутгав. Шавь нар нь хараад зэвүүцэж —Юунд ийм үрэлгэн байна вэ? Энэ тосыг өндөр үнээр зарж, ядууст өгч болох байлаа шүү дээ гэцгээв. Харин Есүс үүнийг мэдээд, тэдэнд —Та нар юунд энэ эмэгтэйд төвөг удна вэ? Тэр Надад сайныг үйлдэв. Учир нь та нар үргэлж ядуустай цуг байна. Харин та нар Надтай үргэлж цуг байхгүй. Энэ эмэгтэй бие дээр минь үнэртнийг цутгаснаараа Намайг оршуулгад минь бэлтгэв. Үнэнээр Би та нарт хэлье. Энэхүү сайнмэдээ ертөнцийн хаа ч тунхаглагдсан, энэ эмэгтэйг дурсаж, үйлс нь яригдах болно гэлээ.” Мат 26:6–13
Мариа гөлтгөнөн савтай, их үнэтэй тосыг Есүсийн толгой дээр цутгав. Тэгтэл Искариотын Иудас уурлан, тосыг нь зараад мөнгийг нь ядууст өгсөн бол дээр байхгүй юү гээд босоод иржээ. Харин тэр ядууст санаа тавьсандаа бус, бэлэн мөнгөөр сольж өөртөө ашиг үлдээхээ бодсоных байж. Тиймээс Библид Иудасыг хулгайч гэсэн байдаг (Иох 12:1-8). Есүс Мариагийн үйлдлийг зэмлээгүй, харин ч бүр “Сайн мэдээ ертөнцийн хаа ч тунхаглагдсан, энэ эмэгтэйг дурсаж, үйлс нь яригдах болно” хэмээн айлдсан юм.
Магадгүй тэнгэрийн үйлсийн тэмдэглэлд Мариагийн энэ үйлс байгаа хэвээрээ бичигдсэн байх. Магадгүй биш үнэхээр л яг бодит байдал дээр ийм байгаа. Та бүхэн өөрсдийгөө шүүгч болоод сэнтийн өмнө Мариагийн үйлсийн тэмдэглэлийг уншиж байна гэж бодоод үзээрэй. Тэгээд шүүх болбол Мариад тэнгэрийн хаанчлал явах шийдвэр буулгах уу, эсвэл тамын шийтгэл өгөх үү? Есүс түүний энэ үйлсийг сайн мэдээ тунхаглагдсан газар бүрд яригдахаар сайн үйлс юм шүү гэж хэдийнээ шийдвэрлэчихээд явсан.
Библид энэ мэт сайн үйлс бичигдсэн байхад, үүнтэй эсрэг тэсрэг үйлс ч бас тэмдэглэгдсэн нь бий.
“—Хоёр хоногийн дараа Алгасал баяр болохыг та нар мэднэ. Хүний Хүү цовдлуулахаар тушаагдана гэлээ. Тэр үед тэргүүн тахилч Каиафын ордонд ахлах тахилч нар болон олны ахлагчид цуглаад, Есүсийг залилан барьж алахаар хуйвалдацгаав.” Мат 26:2-4
“Тэр үед арван хоёрын нэг Искариотын Иудас ахлах тахилч нарт очиж —Түүнийг та нарт барьж өгвөл та нар надад юу өгмөөр байна? гэхэд тэд түүнд гучин мөнгөн зоос дэнслэв. Тэр мөчөөс эхлэн Есүсийг барьж өгөх аятай завшааныг тэрээр эрэлхийлж эхлэв.” Мат 26:14-16
Искариотын Иудас Есүсийг барьж алах гэсэн муу хүчнүүдтэй нэгдэн нийлдэг. Есүсийн амийн үнийг тэдэнтэй тохиролцчихоод, тэр мөчөөс эхлэн Есүсийг барьж өгөх аятай боломжийг хайх болжээ. Ингэж тэр Есүсийг алах ажлыг толгойлох болсон доо.
“Түүнийг ийн ярьж байх зуур, үзэгтүн, арван хоёрын нэг буюу Иудас нь ахлах тахилч нар болон ард олны ахлагчдын явуулсан илд шийдэмтэй бөөн хүний хамт хүрч ирэв. Түүнээс урвасан нэгэн тэдэнд —Хэнийг би үнсэнэ, Тэр мөн. Түүнийг барь хэмээн дохио өгсөн байлаа. Тэр даруй Есүс уруу очиж «Амар байна уу, Рабби» гээд Түүнийг үнсэв. Есүс түүнд —Анд минь, чи яах гэж ирэв? гэлээ. Тэгээд тэд ирж, Есүсийг гараараа зууран авч баривчлав.” Мат 26:47-50
Одоо бид тэнгэрийн үйлсийн тэмдэглэлд маш тод бичигдсэн нэгэн хэсгийг Библиэс үзэж байна. Ийм муу хэрэг үйлдсэн Искариотын Иудасын амьдрал эцэстээ золгүйхэн төгсдөг.
“—Ахан дүүс ээ! Есүсийг баривчлагсдыг газарчлан ирсэн Иудасын тухайд Давидын амаар Ариун Сүнс урьдаас хэлсэн тэрхүү Бичвэр биелэгдэх ёстой байв. Учир нь тэр бидэнтэй хамт байж, бидний албыг хуваалцаж байлаа. (Тэрээр зүй бусын төлөөсөнд авсан газраа, түрүүлгээ харж унан хэвлийгээ ярж, гэдэс дотор нь цувжээ. Үүнийг нь Иерусалимд оршин суугч бүхэн мэдсэн агаад уг талбайг өөрсдийнхөө хэлээр Хакелдамах буюу Цуст талбай гэж нэрлэжээ). Энэ нь Дуулал номд “Түүний орон гэр нь эзгүйрч, Тэнд нь хэн ч бүү сууг” гээд, “Харгалзах үүргийг нь өөр нэгэн аваг” гэж бичигджээ.” Үйл 1:16-20
Ийнхүү Искариотын Иудас 12 шавийн яруу алдарт эгнээнээс хасагдаж, Маттиа гэдэг хүн түүний оронд үүрэг гүйцэтгэх болжээ (Үйл 1:21-26). Искариотын Иудас Есүсээс урвасан л төдий. Урваснаараа тэр энэ дэлхий дээр баян чинээлэг, энх тунх амьдрал олоод авчихаагүй шүү дээ. Муу хүний төгсгөл ийм л байдаг жамтай. Хүн зөвт бус үйлдлээрээ энэ дэлхийд түр зуурын шийтгэл л авдаг. Харин мөнхийн ертөнцөд очсон хойноо ч үйлсийн тэмдэглэлд бичигдсэнийхээ хэрээр шийтгэл авах нь тогтоогдсон байдаг.
Искариотын Иудасын энэ мэт үйлсийн тэмдэглэлийг хараад түүнд тэнгэрийн хаанчлал явах шийдвэр гаргах хүн байх болов уу? Искариотын Иудасыг “Төрөөгүй байсан бол дээр байх байсан” гэж Есүсийн айлдсаныг харсан ч тэр, түүний очих газар хаана гэдгийг тодорхой мэдэж болохоор байна.
Үйлсийн тэмдэглэлд зөвхөн Искариотын Иудас, Мариагийн үйлс л бичигдсэн юм биш ээ. Бурхан хүн бүрийг үйлсийнх нь дагуу, номд бичигдсэний дагуу нэг бүрчлэн шүүнэ хэмээн айлдсан байдаг.
Хийсэн бүхий л үйлс маань тэнгэрийн орны үйлсийн тэмдэглэлд нэгд нэггүй бичигдэж байгаа гэвэл бид чухам ямар үйлс, яаж сайхнаар бичүүлэх вэ гэдгээ өдөр бүр эргэцүүлэн бодож амьдрах хэрэгтэй. Бурханы даалгасан сайн мэдээний үүргээс зайлсхийгээгүй биз, сайн мэдээний бадарсан итгэл надад бий юү, ах эгч дүүстэйгээ хагаралдаад байна уу эсвэл нэгдэж чадаж байна уу, бие биедээ найр тавих сэтгэл бий юү гэх зэргээр сайтар бодож үзээрэй.
Өнөөг хүртэл бид яльгүй дутмаг үйлс бичүүлж байсан бол энэ мөчөөс эхлээд сайн сайхан тэмдэглэлээр дүүргэхийг хүсье. Үйлсийн тухай өөр нэг тэмдэглэлийг Библиэс үзэцгээе.
“Есүс Иерихог дайрч өнгөрөв. Харагтун, татвар хураагчдын ахлагч Закхай гэгч баян хүн байжээ. Есүс гэж хэн болохыг харахаар зүтгэж байсан боловч бие хаа нам тул цугласан олноос болоод харж чадахгүй байв. Тэгээд тэр түрүүлэн гүйж, Түүнийг харах гэж инжир модонд авиран гарав. Учир нь Есүс тэр замаар дайрч өнгөрөх гэж байлаа. Есүс тэнд хүрч ирээд, дээш харж түүнд —Закхай, хурдал, буугаад ир. Өнөөдөр Би танайд очих ёстой гэжээ. Тэр хурдлан бууж, Түүнийг баяртайгаар хүлээн авав. Үүнийг харсан хүн бүхэн дургүйцэж, —Есүс нүгэлтнийд хоноглох гэнэ гэцгээж байлаа. Закхай зогсоод Эзэнд —Хараач, Эзэн, өөрийнхөө хөрөнгөний хагасыг би ядууст өгнө. Хэрэв би хэн нэгнээс залилан авсан байвал түүнийгээ дөрөв дахин нугалж эргүүлэн өгнө гэсэнд Есүс түүнд —Өнөөдөр энэ айлд аврал ирлээ. Учир нь тэр ч гэсэн Абрахамын хүү мөн.” Лук 19:1–9
Закхай Есүсийг гэрт нь ирнэ гэхэд маш их баярлахдаа хөрөнгөнийхөө тэн хагасыг ядууст өгнө, мөн хэрэв хэн нэгнээс залилан авсан байвал түүнийгээ дөрөв дахин нугалж эргүүлэн өгнө гэжээ. Закхай Есүсийг баяртайгаар хүлээн авсанд Есүс ч бас ихэд баярлаж түүнд авралын ерөөл хайрласан.
Закхай шиг Есүсийг хүндэтгэн үзэж, сайныг үйлдсэн хүмүүсийн энэ мэт тэмдэглэл нь тэнгэрийн оронд ч бас бүрэн бичигдсэн байгаа. Одоо яг энэ мөчид ч тэнгэрийн оронд тэнгэр элч нар бидний үйлсийн тэмдэглэлийг хичээнгүйлэн хөтөлж суугаа.
Хаадын үеийн түүхээс харсан ч, хааны цусыг өвлөж авсан ханхүү байснаараа л хаан болчихдог биш. Үйлс муу байх аваас хаан суудлаас нь буулгадаг. Үүнтэй адил Бурханы мах, цусыг өвлөж авсан тэнгэрийн хүүхэд байлаа ч үйлсийн тэмдэглэл нь энэ дэлхийн хүмүүсээс ч илүү бузар муугаар дүүрсэн байвал Бурхан түүнийг зөвт хүмүүсийн дундаас ялгаж, авралын эгнээнээс шахаж гаргадаг (Мат 13:47-50). Хэрэв Бурхан ингэхгүй гэвэл, бид үхэл хүртэл итгэмжтэй байх ч шаардлагагүй, итгэлийн замаар зөв алхах ч хэрэггүй болно.
Энэ дэлхийн хүмүүс шиг зүгээр л ертөнцийн зугаа цэнгэл, үрэлгэн амьдралд автаж байгаад аврал авчихна аа гэж бодвол том эндүүрэл болох юм. Бурхан үйлсийнх нь дагуу шүүх болно.
40 жил цөлөөр амьдарсан тухайн үеийн израиль ард түмний үйлсийн тэмдэглэл ч бас Библид дэлгэрэнгүй гардаг. Ард түмэн Алгасал баяр сахин Египетээс чөлөөлөгдөж, Канаан нутгийг чиглэн явах замд нь Бурхан тэдний хүн нэг бүрийн үйлсийг нэгд нэггүй харж байжээ. Бурханы үгэнд дуулгавартай байна уу, сэтгэл зүрхэндээ Бурханыг хүндэтгэж байгаа эсэхийг нь мэдэх гэж тэднийг хэд хэдэн удаа зовлонтой тулгаруулж, тэр явцад нь Бурхан тэднийг хором мөч бүрд дүгнэн шүүж байсан.
“Өнөөдөр миний та нарт тушааж буй бүх тушаалыг та нар ёсчлон дага. Тэгвэл та нар амьд явж, олширч, эцэг өвгөдөд чинь ЭЗЭНий тангарагласан тэр газарт орж, түүнийг эзэмших юм. ЭЗЭН Бурхан чинь чамайг энэ дөчин жилийн турш цөлд удирдсан бүх л зам мөрийг дурсан сана. Энэ нь чиний зүрхэнд юу байсныг, тухайлбал тушаалыг нь дагах эсэхийг чинь мэдэхийн тулд мөн чамайг номхтгож, шалгаж сорихын тулд байсан юм. Хүн зөвхөн талхаар бус, харин ЭЗЭНий амнаас гарах үг бүрээр амьдардаг гэдгийг чамд ойлгуулахын тулд Тэрээр чамайг номхтгон, чамайг өлсгөж, чиний мэддэггүй, чиний эцэг өвгөд ч мэддэггүй байсан маннагаар чамайг хооллож байсан. Энэ дөчин жилийн турш чиний өмссөн хувцас элэгдээгүй, чиний хөл цэврүүтээгүй. Эцэг хүн хүүгээ хүмүүжүүлдэг шиг ЭЗЭН Бурхан чинь чамайг сахилгажуулж байсныг зүрхээрээ ухаар. Тиймээс Түүний замаар явж, Түүнээс эмээхийн тулд чи Бурхан ЭЗЭНийхээ тушаалыг сахь. Бурхан ЭЗЭН чинь чамайг сайхан газарт аваачиж байна. …” Дэд.Хуу 8:1–10
Ард түмнийхээ сэтгэлийг тандаж, Бурханы тушаал дагах эсэхийг мэдэхийн тулд Бурхан тэдэнд 40 жилийн хугацаанд олон шалгуур өгч байжээ. Тэднийг сул дорой болгож, заримдаа цангааж, зарим үед өлсгөх гээд олон хүндрэлтэй тулгаруулж байв. Ингэхэд тэдний сэтгэлд юу байгаа нь илрээд ирэв. Зарим нэг нь шүтээн шүтэж, зарим нь завхайрч, нэг хэсэг нь Бурханыг сорьж, нөгөө хэсэг нь гомдоллож байгаад цөлд унацгаасан байна (1Кор 10:1-12 үзэх). Египетээс гарахад хориос дээш насны зургаан зуун мянган эр байсан. Тэднээс Бурханыг харахад Иошуа, Калеб хоёроос гадна Канаан нутагт орж чадахаар сайн үйлстэй хүн ганц ч байгаагүй. Тэгээд тэр үеийнхнээс эцсээ хүртэл тэвчээр заан Канаан нутагт орсон хоёр л хүн байж.
Бурхан биднийг цөлд унасан тэдгээр хүмүүс шиг болж болохгүй хэмээсэн. Тэдний үйлсийн тэмдэглэлийг сургамж болгоод өөрсдийн үйлсийн тэмдэглэлээ сайхнаар бичээсэй гэж Бурхан биднээс хүсэж байгаа.
Бид өнөөдөр энэ мөчид Бурханы хууль тушаал, зарлиг, тогтоолд дуулгавартай байна уу эсвэл Бурханаас илүүтэй өөр юмнаас эмээн, өөр зүйлд сэтгэлээ эзэмдүүлж байна уу гэдгээ эргэн нэг харцгаая. Бурхан бидний өмнө олон янзын нөхцөл байдлыг тавьдаг. Бурхан ариун золиосоороо үхэхээс өөр аргагүй сүнсний цаазын ялтан нүгэлтнүүдийг уучлан, мөнхийн тэнгэрийн хаанчлалын нутагт нь буцаах яруу алдрын замыг нээж тавьсан. Бурханы энэ ивээлд талархаж, тэнгэрийн нүгэлтнээ ухааран гэмшлийн амьдралаар амьдарч чадах хүмүүсийг л Тэрээр сонгон шалгаруулна.
Сүнсээр харвал бид бүгдээрээ нүгэлтнүүд. Бид төгс гэмших хэрэгтэй. Үүгээр зогсохгүй дэлхийн бүх хүмүүсийг гэмшүүлэх авралын зар тараах үүргийг Бурхан бидэнд даалгасан. Иймд сурагчид нь сургууль дээрээ, ажил хийдэг нь ажил дээрээ, гэрийн эзэгтэй нь хөршдөө авралын зар тараахад хичээж, өөр өөрсдийн байр сууринаас Шинэ-Үйлс ном бичин, үйлсийн тэмдэглэлдээ ивээлтэй зүйл үлдээхийг хүсье.
Искариотын Иудасын авах шийтгэл ямар байх бол? Бас Мариагийн авах ерөөл, шагнал ямар бол? Зөвхөн Бетаны Мариа, Искариотын Иудасын тэмдэглэл ч бус 3500 жилийн өмнөх Израиль ард түмний, мөн өнөөгийн бидний үйлсийн тэмдэглэл ч бас нэг бүрчлэн хөтлөгдөж байгаа. Бурханы эсрэг гомдоллолгүй, зүрх сэтгэлээсээ талархах зүйлсийг эрэлхийлж, Бурханаас эмээж, хууль тушаал, тогтоолуудыг нь хүндэтгэн сахиад, Хургыг хаашаа ч хөтөлсөн дагаж, ивээлтэй үйлсийн тэмдэглэлтэй болцгооё. Бурхан биднийг ертөнцийн гэрэл ба давс болоорой хэмээсэн. Иймд Бурханы хүүхдийн ёсоор сайн үйлсээрээ ертөнцийг манлайлан, ертөнцийг аврах авралын зар тараах үүрэгтээ цагаа олсон ч олоогүй ч хичээж, сайхан үйлс тэнгэрийн тэмдэглэлд үлдээх Сионы гэр бүлүүд болохыг хүсэх байна аа.