Надаар дамжилгүйгээр

16,515 үзэлт

Бурхан хүн төрөлхтөнд сүнснийх нь авралын төлөө Библийг өгсөн. Библи нь авралд хүргэх мэргэн ухааныг бидэнд өгөх чадалтай ном юм (1Пет 1:9, 2004 оны хэвлэлт 2Тим 3:15-17 үзэх). Хэрэв хэн нэгэн Бурханд хичээнгүйлэн итгэсэн боловч авралын замыг мэдэхгүйгээсээ болоод аврагдаж чадаагүй бол тэр хамгийн золгүй хүн болно. Сүнсний аврал авахын тулд Бурханы үгнээс бүрдсэн Библийг зөв зүйтэй ойлгож, Библиэр зааж өгсөн авралын замыг олох хэрэгтэй. Библийг хичээнгүйлэн судлах ёстойн учир үүнд л оршдог юм.

Бурхан бол зам, үнэн, амь

Бурхан үе тус бүрд эш үзүүлэгчдээр дамжуулан үгээ тунхаглаж ирсэн. Мосегийн үед Бурхан Синаи ууланд бууж ирээд ард түмнээ сургах хуулиудыг өгсөн. 2000 жилийн өмнө Бурхан Өөрөө махан бие өмсөн энэ газарт ирж, ард түмэндээ авралд хүргэх мэргэн ухааныг сургасан. Энэ бүхэн бичигдсэн ном нь Библи юм. Тэгвэл Библиэр газарчилсан авралын замыг олж мэдэцгээе.

“Есүс —Зам, үнэн, амь бол Би байгаа юм. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй.”Иох 14:6

Есүс “Зам бол Би” хэмээгээд “Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт өөрөөр хэлбэл авралд хүрэхгүй” хэмээн айлдсан. Үнэнийг хайх гэдэг нь бидний сүнсийг авралд хөтлөх Бурханыг хайна гэсэн утгатай юм. Бурхан Өөрөө зам, үнэн, амь гэсэн билээ.

Итгэлийн амьдралаар амьдарч байж Бурханы үгийг ухаарахгүй бол Бурханы үгнээс өөр зүйл эрэлхийлэх юм уу өөр зүйл эрхэмлэх мунхаг үйл гаргаж магадгүй юм. Бурханаас ангид бүх зүйл утга учиргүй. Пастор хичнээн алдар нэртэй гээд Бурханаас ангид бол ямар ч утгагүй. Петр ч, Паул ч биднийг аврахгүй шүү дээ. Тэд бидний хувьд итгэлийн дуурайл болохоос мөргөх оршихуй биш юм. Бидэнд мөргөх нэг л Оршихуй бий. Тэр бол биднийг авралын замаар хөтөлдөг Бурхан.

“Та нар бичвэрүүдэд мөнх амь бий гэж боддог тул түүнийг нягталдаг. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ. Та нар амьтай болохын тулд Над дээр ирэхийг хүсдэггүй.”Иох 5:39-40

Авралд хүргэх цорын ганц зам бол Бурханд итгэх юм. Харин Бурхан энэ газарт жирийн хүн болж ирсэн тул хүмүүс Бурханыг хайх ч үгүй, зөв ухаарах ч үгүй байгаа билээ. Хэрэв хэн нэгэн Бурханд итгэдэг гэсэн ч махан бие өмсөж ирэхэд нь итгэхгүй, Түүн рүү ирэхгүй бол тэр хүн хэрхэн аврал авч чадах билээ? Есүс “Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй” хэмээн тодорхой айлдсан. Энэ нь Есүсээр дамжилгүйгээр Бурханы хаанчлалд хэн ч орж чадахгүй гэсэн үг юм.

Библид айлдсан авралд хүргэх мэргэн ухаан

Бурханаар дамжилгүйгээр бид авралд хүрч чадахгүй учраас Түүнийг мэдэхийн тулд шамдах ёстой. Эхлэл номонд Бурхан хэдийн Эцэг төдийгүй Эх Бурханаар оршдогийг бидэнд мэдүүлсэн.

“Тэгээд Бурхан —Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё. Тэгээд тэднээр далайн загас, огторгуйн шувууд, мал адгуус, бүх газар дэлхий, газраар мөлхдөг мөлхөгч бүгдийг захируулъя гэж айлдав. Ийнхүү Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ.”Эхл 1:26-27

Бурханы дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүн бүтээгдсэн болохоор бид эрэгтэй, эмэгтэй дүр төрхийн хоёр Бурхан байгааг мэдэж болно. Бүх христчүүд эрэгтэй дүр төрхийн Бурханыг Эцэг Бурхан гэж дууддаг. Тэгвэл эмэгтэй дүр төрхийн Бурханыг Эх Бурхан гэж дуудах нь мэдээж биш үү? Эцэг Эх Бурханаар дамжилгүйгээр хэн ч тэнгэрийн хаанчлалын өв залгамжилж чадахгүйг Абрахамын гэр бүлийн түүхээр баталъя.

“Нэгэн баян хүн байжээ. Тэр нил өнгийн нарийн нэхсэн маалинган хувцас өмсөж, өдөр бүр найрлан цэнгэдэг байв. Яр шарханд баригдсан Лазар гэгч нэгэн ядуу эр хаалгыг нь сахин хэвтэж, мөнөөх баяны ширээнээс унасан өвдөл цөвдлийг нь идэхсэн хэмээн хүсдэг байжээ. Хажуугаар нь ноход ирж, шархыг нь долоодог байв. Ядуу эр үхсэнд тэнгэрэлч нар түүнийг авч Абрахамын өвөр дээр тавьжээ. Баян нь ч үхсэнд түүнийг оршуулав. Тийнхүү тэр Үхэгсдийн оронд тарчлан байхдаа хараагаа дээшлүүлж, тэртээд байгаа Абрахамыг болон Түүний өвөр дэх Лазарыг харав. Тэгээд тэр “Абрахам эцэг ээ, …”Лук 16:19-24

Баян хүн, Лазар хоёрын тухай энэ сургаалт зүйрлэлээр Есүс бидэнд там ба тэнгэрийн хаанчлалыг мэдүүлжээ. Ядуу Лазарыг тэнгэрийн хаанчлалд очсоныг илэрхийлэхдээ Абрахамын өвөр дээр тавьсан хэмээсэн. Эхнээсээ л Бурхан бидний Эцэг юм. Бидэнд амь өгдөг сүнсний жинхэнэ Эцэг Бурхан (Мат 23:9). Тиймээс “Абрахам эцэг” гэсэн нь Бурханыг бэлгэдсэн юм. Абрахамын өвийг залгамжлах явц нь Бурханы хаанчлалын өвийг хэнээр дамжуулан, хэн нь өвлөж авахыг мэдүүлсэн хуулбар бүхий түүх болно.

Абрахамын гэр бүлийн түүх ба Эх

“Үүний дараа ЭЗЭНий үг Абрамд үзэгдлээр ирж Абрам аа, бүү ай! Бамбай чинь Би тул шагнал чинь агуу их гэжээ. Абрам —Эзэн БУРХАН минь! Та надад юу хайрлахсан бол? Би үр хүүхэдгүй бөгөөд миний голомт сахих хүү бол энэ Дамаскийн Елиезер юм гэв. Абрам цааш нь —Та надад үр удам заяагаагүй. Харагтун, гэрт минь өссөн хүү миний өв залгамжлагч болно гэж хэлжээ. Харагтун, ЭЗЭНий үг түүнд ирж —Тэр хүн чиний өв залгамжлагч болохгүй, харин өөрийн чинь биеэс төрөх хүн л өв залгамжлагч болно…”Эхл 15:1-6

Абрахам нас дээр гарч, өв залгамжлагчаа тогтоох хэрэгтэй байв. Тэрээр өөрөө үр хүүхэдгүй байсан учраас гэрт нь өссөн Елиезерт өв залгамжлалаа өгөхөөр төлөвлөж байжээ. Харин Бурхан “Тэр хүн чиний өв залгамжлагч болохгүй” гээд, зөвхөн Абрахамын биеэс төрөх хүн л Абрахамын өв залгамжлагч болно гэсэн болзол тавьсан.

“Абрамын эхнэр Сараи түүнд нэг ч хүүхэд төрүүлээгүй байв. Тэрээр Хагар нэртэй нэгэн египет зарц бүсгүйтэй байв. Сараи, Абрамд —ЭЗЭН намайг төрөхийг зөвшөөрсөнгүй. Тийм учраас та миний зарц бүсгүй дээр орно уу? Би түүгээр дамжуулан хүүхэдтэй болж магад гэж гуйсанд Абрам, Сараиг сонсон дагажээ. … Тэгээд Хагар, Абрамд хүү төрүүлсэн ба Хагарын төрүүлсэн тэр хүүд Ишмаел гэдэг нэрийг Абрам өгөв. Хагар, Ишмаелыг Абрамд төрүүлж өгөхөд Абрам наян зургаан настай байжээ.”Эхл 16:1-3, 15-16

Абрахамын эхнэр Сара хүүхэд төрүүлж чадахааргүй өндөр настай байсан тул Абрахам Сарагийн зарц, египет бүсгүй Хагараас Ишмаел гэдэг хүүтэй болов. Абрахамын биеэс төрсөн хүү тул Ишмаелыг “Өөрийн чинь биеэс төрөх хүн л чиний өв залгамжлагч болно” гэсэн үг ёсоор үзэхэд, өв залгамжлах бүрэн эрхтэй байв. Гэсэн хэдий ч Бурхан өөр нөхцөл тавьсан.

“Бурхан, Абрахамд —Чиний эхнэр Сараин хувьд чи түүнийг Сараи гэж дуудахгүй харин түүний нэр Сара байх болно. Би түүнийг ерөөж, түүгээр чамд хүү өгөх болно. Би түүнийг ерөөж, түүгээр үндэстнүүдийг бий болгох бөгөөд үндэстнүүдийн хаад түүнээс гарна гэж айлдав. … Абрахам, Бурханд —Ишмаел л Таны өмнө амьдраасай гэж хэлсэнд Бурхан —Үгүй ээ, чиний эхнэр Сара чамд хүү төрүүлж өгнө. Чи түүнийг Исаак гэж нэрлэнэ. Би түүнтэй гэрээ байгуулж, түүний үр удамтай энэ гэрээгээ мөнхийн гэрээ болгон байгуулна. …”Эхл 17:15-21

Абрахам зарц бүсгүйн биеэс төрсөн Ишмаелыг өв залгамжлагч болгохыг хүссэн ч Бурхан зөвшөөрөөгүй бөгөөд Сарагаас төрөх хүү Исаактай гэрээгээ байгуулна гэж айлдсан. Бурханы амласан ёсоор Сара 90 насандаа Абрахамд Исаак гэдэг хүү төрүүлж, тэрээр Абрахамын өв залгамжлагч болов.

Өв залгамжлахад шийдвэрлэх нөхцөл нь эх

Абрахамын өв залгамжлалыг шийдэх үйл явцын талаар Библийн олон хуудсанд дурдсан. Хэрэв энэ нь бидний авралтай хамаагүй байсан бол Бурхан ингэж нарийн тэмдэглэх учир байхгүй. Библи бидэнд авралд хүргэх мэргэн ухааныг өгдөг гэсэн тул Абрахамын гэр бүлийн түүх нь хэнээр дамжуулан бид мөнхийн тэнгэрийн хаанчлалын өвийг авах вэ гэдгийг харуулсан чухал зөгнөл юм.

Абрахамын гэр бүлийн өвийг залгамжлах гурван нэр дэвшигчийг анхааралтай харцгаая. Нэгдүгээрт, Елиезер түүний гэрт өссөн зарц байсан. Эртний Израильд хэрэв аав ээж нь ямар нэг айлд зарц байсан бол хүүхдүүд нь бас аяндаа л тэр айлын зарц болж өсдөг байв. Эндээс Елиезерийн аав ээж зарц байсныг мэдэж болно. Бурхан түүнийг өв залгамжлагч болох эрхгүй хэмээсэн.

Хоёрдугаарт, Ишмаел нь эрх чөлөөт эцэг болох Абрахамын биеэс төрсөн хүү мөн боловч ээж нь Сарагийн зарц египет бүсгүй юм. Бурхан Ишмаелыг өв залгамжлахгүй хэмээгээд, Сарагийн биеэс төрөх хүү л өв залгамжилна гэсэн нөхцөл заасан. Эцэст нь эрх чөлөөт эмэгтэй Сарагийн биеэс төрсөн Исаак Абрахамын өв залгамжлагч болсон.

Эртний Израиль улсын хуулинд ууган хүү өв залгамжлах тогтолцоо байсан. Эцгийн талыг харгалзвал мэдээж Ишмаел ууган хүүгийн хувиар өв залгамжлах ёстой байлаа. Харин эхийн талыг харгалзан Исаак өв залгамжлалыг авсан.

Эхээр дамжуулан Исаак Абрахамын өвийг залгамжилсан нь Бурханы хаанчлалын өв залгамжлалыг Эх Бурханаар дамжуулан авна гэдгийг харуулсан түүх юм. Тэнгэрийн өвийг залгамжилж авна гэдэг нь мөнх амь, аврал, тэнгэрийн хаанчлалын бүх ерөөлийг авна гэсэн үг юм.

“Бид дүр төрхийнхөө дагуу хүнийг буй болгоё” хэмээн айлдсан Бурхад бол Эцэг, Эх Елохим Бурхан юм. Зөвхөн Эцэгээр дамжин тэнгэрийн хаанчлалд орж болох байсан бол Ишмаел Абрахамын өвийг залгамжлах ёстой байсан. Харин энэ нь Бурханы хүсэл биш байв. Эрх чөлөөт эмэгтэй Сарагаар дамжуулан Исаакт Абрахамын гэрийн өв залгамжлал өгөгдсөн юм. Энэ түүхээр Бурхан бидэнд эрх чөлөөт эмэгтэй болох тэнгэр Эхээр дамжин бид тэнгэрийн өвийг авна гэдгийг тодорхой харуулсан билээ.

Эхээс авах аврал

Паул элч Галат 4-р бүлэгт ийн тэмдэглэжээ.

“Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм. … Ах дүү нар аа, та нар Исаакийн адил амлалтын хүүхдүүд билээ. Харин тэр үед махбодоор төрсөн нь Сүнсээр төрснийгөө хавчсанчлан эдүгээ мөн тэгж байна. Гэтэл Бичвэр юу гэж хэлдэг вэ? “Энэ зарц бүсгүйг хүүтэй нь зайлуул. Зарц бүсгүйн хүү эрх чөлөөт эмэгтэйн хүүтэй хамт өв залгамжлахгүй” гэдэг. Тиймээс ах дүү нар аа, бид зарц бүсгүйнх биш, харин эрх чөлөөт эмэгтэйн хүүхдүүд билээ.”Гал 4:26-31

Библи биднийг Исаакийн адил амлалтын хүүхдүүд гэсэн бөгөөд дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй, бидний эх хэмээн айлдсан. Эрх чөлөөт эмэгтэйг хүүхдүүд нь хэн гэж дуудах ёстой билээ? Мэдээж “Ээж” гэж дуудах ёстой ёо доо. Сүнсний аврал авахын тулд Иерусалим Эхэд итгэх ёстой. Ариун Сүнсний энэ үед эрх чөлөөт эмэгтэй Саратай адил эрх чөлөөт эмэгтэй болох Эх Бурхан гарч ирээд, Исаактай адил амлалтын хүүхдүүдийг төрүүлж, мөнхийн тэнгэрийн хаанчлалд хөтөлж байна. Эхээр дамжихгүйгээр хэн ч тэнгэрийн хаанчлал явж чадахгүй.

Тиймээс Иохан элч, Сүйт бүсгүй болох тэнгэр Иерусалим амийн усыг өгнө гэж тодорхойлоод, Зехариа эш үзүүлэгч амийн усны ундарга бол Иерусалим гэдгийг нотолсон (Илч 22:17, Илч 21:9, Зех 14:8 үзэх). Эхээр дамжиж байж л мөнх амь авч, тэнгэрийн хаанчлал явж чадна гэдгийг Библид тодорхой зааж байна.

Бурхан бол зам болохоор Түүнийг хаашаа ч хөтөлсөн бид дагах ёстой гэдгийг Библи зааж өгдөг. Абрахамын гэр бүлд өв залгамжлалыг авах цор ганц зам нь эх байсан. Абрахамын гэр бүлийн өв залгамжлагч байх нэг дэх нөхцөл нь түүний биеэс төрсөн хүүхэд байх, хоёр дахь нөхцөл нь Сарагийн биеэс төрсөн байх гэдгийг Бурхан зааварчилсан юм. Эцэг Бурхан төдийгүй Эх Бурханд ч итгэх итгэлтэй байж л Исаактай адил Бурханы хаанчлалын өв залгамжлагч болох юм.

Тэнгэрийн өв залгамжлагчийн хувьд зохистой амьдрал

Бид Бурханы хаанчлалын өв залгамжлагчид юм. Сүнс Өөрөө биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг, өв залгамжлагчид гэдгийг гэрчилдэг (Ром 8:16-18). Тиймээс бид Бурханы өв залгамжлагчийн хувьд зохистой итгэлийн замаар алхах ёстой.

“Та нар бол хөвгүүд нь мөн тул, Бурхан Өөрийн Хүүгийн Сүнсийг бидний зүрхэнд илгээсэн байна. Тэр Сүнс “Ааба, Аав аа” гэж дууддаг. Тиймээс чи цаашид зарц биш, харин хүү нь юм. Хэрэв хүү нь юм бол Бурханаар дамжин өв залгамжлагч нь ч бас мөн.”Гал 4:6-7

Хэрэв хэн нэгэн өв залгамжлагч өдөр бүр буруу замаар амьдарч, муу үг хэлж, муухай зан гаргавал аав ээждээ ихээхэн төвөг удна. Эцэг, Эх Бурханд итгэдэг гэчихээд Эцэг, Эх Бурханы сургаал, сургамжийг дагадаггүй зөвт бус хүн хэзээ ч Бурханы хаанчлалын өв залгамжлалыг авахгүй.

“Зөвт бусчууд ер нь Бурханы хаанчлалыг өвлөхгүйг та нар мэддэггүй хэрэг үү? Бүү мэхлэгдэгтүн. Садарлагчид ч, шүтээн шүтэгчид ч, завхайрагчид ч, янхан эр ч, ижил хүйстэнтэйгээ нөхцөгчид ч, хулгайч нар ч, шуналтнууд ч, архичид ч, хараалчид ч, дээрэмчид ч Бурханы хаанчлалыг өвлөхгүй.”1Кор 6:9-10

Бурханы хаанчлалыг өв залгамжилж авахыг хүсвэл өв залгамжлагч шиг төрхтэй байх ёстой. Зөв боловсон үйлс, ивээлтэй үг, бусдыг халамжлах хайр, ертөнцийг өрөвдөн үзэж хүн төрөлхтнийг амийн замаар хөтөлсөн Бурханы уужим сэтгэлийг тэр чигээр нь дуурайж, Бурханы хүүхдийн ёсоор ивээлтэйгээр амьдарч, ертөнцийн хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлдэг өв залгамжлагчид болох хэрэгтэй.

Эцэг, Эх Бурхан биднийг хэзээ ч муу замаар хөтлөхгүй тул Эцэг, Эх Бурханд туйлаас итгэж дагадаг хүмүүс муу зүйлд уруу татагдахгүй юм. Харин Бурханы хөтлөөгүй буруу замаар явж буй хүмүүс муу үйлдэлдээ унан, өв залгамжлагчийн байр сууриа алддаг.

Эцэг, Эх Бурханы сургаалыг л даган, мөнхийн тэнгэрийн хаанчлалыг чиглэн явцгаая. 2000 жилийн өмнө Есүсийн шавь нар Түүний үгийг үнэхээр чухалд тооцон, туйлаас дагасан. Хэдийгээр махан биен хувцастай энэ газарт ирсэн ч Есүс бол мөнх амийн үгийг өгөгч Бурхан (Иох 6:68) бөгөөд Түүгээр дамжихгүйгээр хэн ч тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй гэдэгт баттай итгэсэн юм. Тийм ухаарал болон итгэл өнөөгийн бидэнд ч бас байх ёстой.

Бидний аврал нь зам, үнэн, амь болсон Бурханд байдаг. Эх Бурханд итгэн, үгэнд нь дуулгавартай байн, Эхээр дамжин тэнгэрийн өвийг ивээлтэйгээр хүлээж авах, Исаакийн адил тэнгэрийн хүүхдүүд болохыг хүсэж байна.