​Сорилт ба найдвар​

17,443 үзэлт

Хүн болгон өөрийн туршлага дээрээ үндэслэн аливааг шүүж, ойлгох гэдэг хандлагатай байдаг. Үнэн хэрэгтээ дан ганц өөрийн туулж мэдэрсэн зүйл дээрээ үндэслэдэг болохоор мэдлэг гэгч дэндүү хязгаарлагдмал. Олон хүн Библийн зөгнөлд итгэдэггүй. Ертөнцийн хүмүүсийн тухайд урьд өмнө өөрсдөө огт туулж, мэдэрч байгаагүй учраас амилалтын болон өөрчлөлтийн талаарх зөгнөлд итгэж ухаарах хэцүү. Тэр тусмаа ирээдүйд Бурханы ард түмэнд өгөх яруу алдрын тухай зөгнөлд итгэж, ухаарах бүр ч амаргүй.

Өнөөг хүртэл туулж, мэдэрч ирсэн зүйлс л бүх юм биш гэдгийг тэд ухаардаггүй. Өөрөө туулж мэдрээгүй аливаа зүйлээ сохроор үгүйсгэхийн оронд Бурханы үгийг хүлээн авч, итгэх хэрэгтэй. Сионы ах эгч дүү нар маань Библийн зөгнөлийг бариа болгон гүйж, бүх сорилтыг ялах итгэл, найдвартай байхыг чин сэтгэлээсээ хүсье.

Үл үзэгдэх мөнхийн зүйлсийн төлөөх найдвар

Хэдэн хүний дунд нар мандаж жаргах байршлын талаар ширүүн маргаан дэгджээ. Загасчин нь нарыг дорнын далайгаас мандаж, өрнийн далайд жаргадаг гэж тодорхойлжээ. Уулын хөндийд амьдардаг анчин нарыг зүүн хөндийгөөс мандаж, баруун хөндийд жаргадаг гэж загасчинтай маргаж гэнэ. Эскимос хүн нарыг зүүн хээр тал, мөсөн уулын цаанаас мандаж, баруун хээрт жаргадаг гэж зүтгэв. Хээр талд хонь хариулж байсан хоньчин хүү нарыг зүүн бэлчээрээс мандаж, баруун бэлчээрт жаргадаг гэж гэнэ. Хотын худалдаачин тэдний зүтгэхийг бүгдийг үгүйсгэн, дуугаа өндөрсгөн нар зүүн талын тэнгэр баганадсан барилгуудын дундаас мандаж, баруун талын тэнгэр баганадсан барилгуудын дунд жаргадаг гэх нь тэр.

Тэд бүгд ийм маягаар өөр өөрийн туршлага дээрээ тулгуурлан өөд уруугүй маргалдсаар байлаа. Эцэст нь тэдний маргаан харилцан тохиролцоонд хүрч чадсангүй. Хэн нь ч хэнийх нь үг үнэн болохыг баталж чадсангүй гэнэ. Тэдний зүтгэж байгаагаар бол тэнгэрт таван өөр газраас таван өөр нар мандах нь ээ дээ. Харин тийм биш, тийм байх боломжгүйг бид бүгд мэднэ. Энэ түүх нь хүмүүсийн туршлагад суурилсан алив мэдлэг хэр буруу, хэр хязгаарлагдмал байдгийг харуулсан жишээ юм.

Энэ ертөнцөд зөвхөн өөрийн туулж мэдэрсэн зүйлдээ л итгэдэг хүн олон. Харин Библид бидний үзээгүй гайхамшигт ер бусын ертөнц байдгийг гэрчилдэг. Библи бол Бурхан бидэнд найдвар болгон өгсөн зөгнөлийн үгсийг агуулдаг. Ихэнх хүн өөрт тохиолдож байгаагүй зүйлдээ итгэхгүй л дээ. Гэсэн ч тэд биечлэн туулж амсаагүй алив зүйлийг сохроор үгүйсгэх гэж оролддог буруу зуршлаа орхих хэрэгтэй.

Итгэлийн амьдралд сорилт шалгуур тулгарахад бид өөрийн туршлагадаа тулгуурлан сэтгэлээр унаж, урам хугарахын оронд тэдгээрийг найдвараар ялан гарах хэрэгтэй. Үзэсгэлэнтэй, сүр жавхлантай, хүний төсөөлөл болон туршлагаас давсан тийм л ертөнц биднийг хүлээж байгаа.

“Гэвч “Нүд үзээгүй, чих сонсоогүй, хүний зүрх сэтгэлд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ” гэж бичигдсэн ёсоор болжээ.” 1Кор 2:9

Бурхан хайртай хүүхдүүд бидэндээ бэлдсэн юм бүхэн нь бидний урьд өмнө огт мэдэрч байгаагүй ер бусын нууцлаг зүйл. Ер бусын гайхамшигт, мөнхийн тэнгэрийн хаанчлал биднийг хүлээж байгаа. Бурханы бидэнд бэлдсэн энэхүү сүр жавхлант хаанчлал бол бидний эцсийн зорьсон газар билээ.

Энэ ертөнцөд мөнх юм гэж үгүй. Бидний нүд, чих, зүрх сэтгэлийг хангах юм гэж үгүй. Ертөнцийн бүх эд баялаг, алдар сууг эдэлсэн Соломон хаан ч хүртэл “Харах нүд ханахгүй, чагнах чих дүүрэхгүй” гэсэн дүгнэлтэнд хүрсэн байдаг (Ном.Үгс 1:8). Энэ ертөнц тийм л хоосон, утгагүй зүйлсээр дүүрэн юм. Сүнсний “хоргодох хот” гэж нэрлэсэн учир энэ.

Бурхан Өөрийг нь хайрладаг хүүхдүүддээ урьд өмнө нь хэний ч харж мэдрээгүй гайхамшигт ертөнцийг бэлдсэн. Зовлон зүдгүүр, уйтгар гуниг маань эцэслэх тэр мөчид биднийг ийм л сүр жавхлант ертөнц тосно.

“Зөвхөн үүнд ч биш, харин бас бид, өөрсдөдөө Сүнсний анхны үр жимсийг авсан бид ч дотроо ёолон биднийг үрчилж авахыг буюу бидний биеийг золин аврахыг тэсэж ядан хүлээдэг. Учир нь бид ийм найдвараар аврагдсан. Гэхдээ харагдаж байгаа найдвар нь найдвар биш юм. Хүн харж буй зүйлдээ найдахын хэрэг юу байна? Харин бид харахгүй байгаа зүйлдээ найдвал түүнийгээ тэвчээртэйгээр хүлээдэг.” Ром 8:23-25

Бидний найдаж байгаа ертөнц бол урьд өмнө хэдийн туулж мэдэрсэн ертөнц биш ээ. Бид Бурханы бэлдсэн өмнө нь огт мэдрээгүй тийм ертөнцийг тэсэн ядан хүлээдэг. Библи биднийг өнөөгийн бүх зовлон сорилтыг даван туулаад тэвчээртэйгээр хүлээ гэж айлдсан.

Тэнгэр Эцэг Эхийнхээ хүсэлд дуулгавартай байж, яг энэ өдрийг хүртэл мөнхийн ертөнц тийш бид гүйсээр байна. Бидний зам болон зүтгэл хоосон болохгүй гэдэгт итгээд, эцсээ хүртэл тэнгэрийн хаанчлалыг чиглэн тасралтгүй гүйх ёстой.

Өөрчлөлтийн яруу алдар ба найдвар

Библид бидний огтхон ч туулж мэдэрч байгаагүй өөрчлөлтийн агшныг маш тодорхой тайлбарласан байдаг.

“Ах дүү нар аа, үүнийг би та нарт хэлье, мах ба цус нь Бурханы хаанчлалыг өвлөж чадахгүй. Муудах нь үл муудахыг өвлөхгүй юм. Харагтун, би та нарт нэгэн нууцыг хэлье. Бид бүгдээрээ нойрсохгүй, харин бүгдээрээ өөрчлөгдөх болно. Ингэхдээ нүд ирмэхийн зуур, нэг агшинд, сүүлчийн бүрээнээр. Учир нь бүрээ дуугарч, үхэгсэд үл муудахаар амилуулагдаж, бид өөрчлөгдөнө. Учир нь муудах нь үл муудахыг өмсөх ёстой бөгөөд үхдэг нь үхэшгүйг өмсөх ёстой. Энэхүү муудах нь үл муудахыг өмсөж, үхдэг нь үхэшгүйг өмсөх үед “Үхэл ялалтад залгигдлаа” гэж бичигдсэн үг биелнэ. “Үхэл ээ, ялалт чинь хаана байна вэ? Үхэл ээ, хатгуур чинь хаана байна вэ?” Үхлийн хатгуур нь нүгэл. Нүглийн хүч нь хууль юм. Харин Эзэн Есүс Христээр маань бидэнд ялалт өгдөг Бурханд талархал нь байх болтугай. Тиймээс хайрт ах дүү нар минь, та нарын зүдэл зүтгэл Эзэн дотор хоосон биш гэдгийг мэдэж, тууштай байж, гуйвж дайвалгүй, Эзэний үйл хэргээр үргэлж бялхаж бай.” 1Кор 15:50-58

Библид биднийг “Нүд ирмэхийн зуур, нэг агшинд бүгдээрээ өөрчлөгдөх болно” гэж хэлсэн тул Бурханы хүүхдүүд бидэнд өөрчлөгдөх тэр цаг гарцаагүй ирнэ. Энэ бол Бурханы хайртай хүүхдүүддээ зориулж бэлтгэсэн олон зүйлийн нэг. Бурхан энэхүү сүр жавхлант мөч ирэхийг тодорхой амласан.

Агшин зуур гэнэт өөрчлөгдөх үедээ ямар харагдахаа нэг бодоцгооё. Бурханы хайрладаг хүмүүстээ зориулж бэлтгэсэн зүйл бол нүд үзээгүй, чих сонсоогүй, хүний зүрх сэтгэлд ороогүй юмс. Хэрэв бид итгэлийн замаар алхах явцдаа энэ л итгэл, найдварыг эрхэмлэн, зүрх сэтгэлээ энэ л зорилгын төлөө чиглүүлбэл Бурхан бидэнд мөнх амийн яруу алдар өгөх нь гарцаагүй.

Таван өөр нарны тухайд маргалдсан хүмүүс өмнө нь өөрсдөө огт туулж мэдэрч байгаагүй зүйлийг үгүйсгэн маргалдсаар байсан юм чинь тэд шинэ ертөнцийн хариултыг хэрхэвч олохгүй шүү дээ. Урьд өмнө огт мэдэрч байгаагүй мөнх амийн хаанчлал болох тэнгэрийн хаанчлалыг бодоод, Бурханы амлалтанд бат итгэж, энэ дэлхийд тулгардаг урхи мэх, саад сорилт төдийгүй алив өвчин зовлон, уйтгар гунигийг ялах учиртай юм шүү.

“Харин Бурхан Өөрийн хүссэнчлэн түүнд бие өгдөг. Үр бүр өөрийн биетэй аж. Бүх махбод адилгүй. Хүний махбод өөр байхад, амьтдын, шувуудын, загаснуудынх ч өөр аж. Мөн тэнгэрлэг биес ба газрын биес гэж байна. Харин тэнгэрлэг биесийн гялбаа өөр, газрын биесийн гялбаа өөр юм. Нарны гялбаа өөр, сарны гялбаа өөр, одны гялбаа өөр байдаг. Од одноосоо гялбаагаараа ялгардаг.” 1Кор 15:38-41

Бурхан бүтээсэн бүтээлдээ тэнгэрлэг юмсын бие болон газрын юмсын бие гэсэн хоёр төрлийн бие өгсөн. Бие махбод маань энэ дэлхийд амьдарч байгаа ч Бурхан төд удахгүй бидний хүн тус бүрд үзэсгэлэнтэй тэнгэрлэг бие өгнө.

Хэрэв та бүхэн тэнгэрт үзэсгэлэнтэй төрхтэй байхыг хүсвэл энэ дэлхий дээр тасралтгүй залбирч, сайн мэдээг халуун сэтгэлээр тунхаглан, Бурханы үг уйгагүй сурч, Ариун Сүнсний үр жимс гарган итгэлийн үзэсгэлэнтэй амьдралаар амьдраарай. Бурханы хүсэл шингээгүй үг сургаал гэж үгүй. Бурхан биднийг ямар нэг юм хий гэх үед тэр ажлаараа дамжуулан бидэнд ерөөл өгөх гэдэг (Дэд.Хуу 8:16 үзэх). Бурханы хэлсэн бүгдийг дуулгавартай дагах юм бол бид үзэсгэлэнтэй тэнгэр элчийн төрхөөр өөрчлөгдөж чадна.

Тэнгэрийн орныг ирэх бүх үеийн турш үүрд эзэмшинэ

Бурхан бидэнд итгэл найдвар өгөх ивээлтэй олон үг Библид бичиж үлдээсэн.

“Энэ дөрвөн аварга араатан бол газраас босох дөрвөн хаан юм. Харин Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүс хаанчлалыг авч, ирэх бүх үеийн турш үүрд эзэмшинэ” гэв. Дан 7:17-18

Бурханы ард түмэн биднийг урьд өмнө огт мэдэрч туулж байгаагүй зүйл болох тэнгэрийн хаанчлалд мөнхийн яруу алдар, баяр хөөр эдэлнэ гэж зөгнөсөн байна. Энэ нь нэгэнт л Бурханы бидэнд өгсөн амлалт учраас бид энэ ертөнцөд амьдарч байхдаа түр зуурын зовлон зүдгүүр, сорилт бэрхшээлийг даван туулж чаддаг байх ёстой биш үү?

Одоо бид тийм л сүр жавхлант ертөнцийг өв залгамжлал болгон авахын төлөө ажиллаж байгаа. Сорилт саадыг ялж, уйгагүй залбиран, халуун сэтгэлээр тунхаглах нь тэнгэрийн хаанчлалд орохын тулд бидний гаргах ёстой зайлшгүй хичээл зүтгэлийн нэг хэсэг юм.

“Учир нь бид Есүс үхсэн бөгөөд амилсанд итгэдэг агаад Есүсээр нойрсогсдыг Бурхан Түүний хамт тийнхүү авчирна. Бид үүнийг Эзэний үгээр та нарт хэлье. Эзэнийг иртэл амьд үлдсэн бид нойрсогчдын өмнө орохгүй. Учир нь, Эзэн Өөрөө тушаалын уухай, тэргүүн тэнгэрэлчийн дуу ба Бурханы бүрээнээр тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христ дотор үхэгсэд эхлээд амилна. Дараа нь амьд үлдсэн бид тэдэнтэй хамт агаарт Эзэнтэй уулзахаар үүлэн дунд өргөгдөж, тийнхүү Эзэнтэй үргэлж хамт байх болно. Тиймээс эдгээр үгсээр бие биенээ тайвшруул.” 1Тес 4:14-18

Агаарт Эзэнтэй уулзах яруу алдар мөн л бидний урьд өмнө туулж мэдрээгүй зүйл. Бурханы ард түмний хувиар бид өөрчлөгдөөд, Бурханы бэлдсэн үзэсгэлэнтэй мөнхийн эх нутаг, тэнгэрийн хаанчлалдаа тэнгэр Эцэг Эхтэй хамт үеийн үед амьдарна.

Бид ер туулж мэдэрч байгаагүй ч гэлээ тэнгэрийн орон бол гарцаагүй бодит юм. Бид мөнхийн тэнгэрийн хаанчлалыг гэсэн найдвар тээж, өвчин зовлон, сорилт шалгуурыг дахиад жаахан л тэсэх хэрэгтэй. Бурхан хүүхдүүдээ зөвхөн зовлон бэрхийг л амсуулаад байхыг огтхон ч хүсэхгүй юм. Амсаж байгаа сорилт бэрхшээлээр дамжуулан Бурхан биднийг гайхамшигтай тэнгэрийн тэнгэр элч нар болгохыг хүсдгийг ухаарах хэрэгтэй.

“Тэр надад Бурханы болон Хурганы сэнтийнээс гарах болор мэт гялалзсан, амийн усны голыг үзүүлсэн нь гудамж дундуур урсаж байв. Голын хоёр талд арван хоёр төрлийн үр жимс ургуулан, сар бүр үр жимсээ боловсруулж буй амийн мод байлаа. Тэр модны навчис нь үндэстнүүдийг эдгээхийн тулд байв. Тэнд цаашид ямар ч хараал байхгүй болно. Мөн Бурхан ба Хурганы сэнтий тэнд байж, зарц нар нь Түүнд үйлчилнэ. Тэд Түүний царайг харна. Түүний нэр тэдний духан дээр байх болно. Тэнд цаашид шөнө болохгүй. Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас тэдэнд дэнгийн гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй болно. Тэгээд тэд үеийн үед хаанчилна.” Илч 22:1-5

Тэнгэрийн орон бол арван хоёр төрлийн үр жимс ургаж, амийн мод байдаг газар. Шөнө болдоггүй газар. Урьд өмнө огт мэдэрч байгаагүй гайхамшигт ертөнц. Тийм л сүр жавхлант ертөнцөд орох мөч ойрхон ирчихээд байна.

Бидэнд ийм найдвар, зорилго байгаа төдийгүй тэнгэр Эцэг Эхийнхээ хөтлөлөөр шинэ гэрээний үнэний замыг тууштай дагаж буй шалтгаан энэ. Бурханы хаанчлал нь үхэл, зовлон, гуниг гэж байхгүй газар. Энэ дэлхийн хүмүүсийн огт туулж мэдрээгүй газар болохоор тэд энэ газарт итгэж чадахгүй байгаа бол харин Бурхан энэ үзэсгэлэнтэй ертөнцийг хүүхдүүд биднийхээ төлөө бэлдчихээд, биднийг энэ л ертөнцийн зүг хүчтэйгээр гүйхийг маань хүсэн хүлээсээр байгаа.

“Би шинэ тэнгэр, шинэ газрыг харлаа. Учир нь анхны тэнгэр, анхны газар нь өнгөрөн одож, тэнгис үгүй болов. Ариун хот, шинэ Иерусалим нь нөхөртөө зориулан гоёсон сүйт бүсгүй мэт бэлтгэгдэн Бурханаас гарч, тэнгэрээс буун ирэхийг би харлаа. Сэнтийнээс гарах чанга дууг би сонсов. —Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд Түүний ард түмэн болж, Бурхан Өөрөө тэдний дунд байж [Бурхан нь болно]. Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл гэж байхгүй, гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Учир нь анхны юмс өнгөрөн оджээ. Сэнтийд Залрагч —Харагтун, Би бүх юмсыг шинэ болгож байна гээд —Бичигтүн, эдгээр үгс итгэмжит бөгөөд үнэн гэв.” Илч 21:1-5

Бурхан сүр жавхлант тэнгэрийн хаанчлалыг, үхэл, зовлон байхгүй ертөнцийг бидэнд өв болгохоо амласан. Энэ бол бидний итгэлийн эцсийн цэг юм.

Ямар ч зорилго чиггүй Бурханд сохроор итгэх нь утгагүй хэрэг. Бурханы хууль тушаалыг сахиж, итгэлээ сахих гэж хичээх учир шалтгаан бол бид тэнгэрийн хаанчлалыг эзэмших гэж хүссэндээ тэр юм. Энэ ертөнцөд амжилттай байхыг илүүд үздэг хүмүүс хүссэнээ олж авахын тулд үүр цүүрээс үдшийн бүрий хүртэл шаргуу ажилладаг. Энэ ертөнцийн нүдэнд үзэгдэх юмсад сэтгэл оюунаа чилээдэг хүмүүс ч хүртэл газрын юмс олж авах л гэж тэгтлээ их зүтгэл гаргадаг байхад Бурханы ард түмэн нүдэнд үл үзэгдэх ертөнцөд сэтгэлээ чилээн, тэнгэрийн хаанчлалыг олж авахын тулд бүр ч их зүтгэл гаргах нь зүйн хэрэг биш үү?

Тэсвэр тэвчээрээр орох тэнгэрийн хаанчлал

Тэнгэрийн хаанчлал ойрхон байна. Тэнгэрийн хаанчлал орохын тулд хангалттай хүчин зүтгэж байгаа эсэхээ дахин нэг нягталж үзэхэд цаг гаргах хэрэгтэй. Тэнгэрийн хаанчлал нь тэнгэрийн найдвар тээсэн Бурханы ард түмэнд л өгөгдөх мөнхийн өв залгамжлал юм. Тийм үзэсгэлэнтэй тэнгэрийн хаанчлалд хангалттай орохын тулд жаахан илүү тэвчихийг, үнэнч итгэмжтэй байхыг Библи бидэнд заадаг.

“Эдлэх гэж буй зовлонгуудаасаа бүү ай. Үзэгтүн, диавол та нарыг сорихын тулд та нараас заримыг чинь шоронд хаях гэж байна. Та нарт арван өдөр зовлон ирнэ. Үхэл хүртэл үнэнч бай. Тэгээд Би чамд амийн титэм өгнө.” Илч 2:10

Хүүхдүүд биднийгээ сүр жавхлант тэнгэрийн хаанчлалд мөнх амь, аз жаргал, мөнхийн тайвшрал эдлэхэд хэрэгтэй юм бүхнийг бэлдчихээд Бурхан биднийг хүлээж байгаа. Нүд үзэж, чих сонсоогүй, хүний зүрх сэтгэлд ороогүй юмсыг Бурхан хүүхдүүддээ бэлдсэн. Энэхүү ер бусын ертөнцөд тэмүүлэх хүсэл найдвар өвөрлөж, Бурханы ажлыг хийхдээ чадлынхаа хэрээр зүтгэх хэрэгтэй. Сайн мэдээний төлөө л ашиглаж байгаа бол утга учиргүй цаг мөч гэж үгүй. Бурхан бидэнд тун өчүүхэн үүрэг өгсөн байлаа ч энэ нь үнэхээрийн утга учиртай төдийгүй тэнгэр элч нар ч хүртэл атаархам зүйл.

Үзэсгэлэнтэй тэнгэр элч болон өөрчлөгдөхийн тулд Бурханы үг уйгагүй судалж, тасралтгүй залбиран, сайн мэдээ халуун сэтгэлээр тунхаглах ёстой. Өөрчлөгдөх тэр өдөр Бурханы өмнө толбогүй, өө сэвгүй зогсохын тулд бид Бурханы үгэнд дуулгавартай байж, өөр хоорондоо үзэсгэлэнтэйгээр нэгдэн, сайхан зан чанартай болон төлөвших ёстой. Хэрэв бид тэнгэрийн орон руу хичээнгүйлэн гүйхгүй, дэлхийн хүмүүстэй адилхан амьдралыг сонгох юм бол өөрсдийгөө яаж тэнгэрийн иргэний харьяалал авах эрхтэй гэж хэлэх вэ? Бид хүмүүсийн олж хараагүй, хүсэн хүлээж чадаагүй зорилго, дээдийн дээд зорилгыг чиглэн гүйж байна. Сионы гэр бүлүүд маань замд тулгарах бүхий л урхи мэх, шалгуур сорилтыг даван туулж, тэнгэрийн хаанчлалд заавал орцгоохыг хүсэх байна.