Бурханы хүсэх газар руу

9,873 үзэлт

Хуучин гэрээний Библид израиль ард түмний туулсан 40 жилийн цөлийн зам нь дуулгавартай байхын ёсыг бидэнд зааж өгдөг амьд сургамж билээ. Израиль ард түмэн Алгасал баяраар гай гамшгаас аврагдан, Улаан тэнгисийг хуурай газар мэт гаталж, Египетээс гарсан тэр үедээ л Бурханы хүч чадалд талархдаг байв. Харин авралын тэр ивээлээ тун амархан мартаж, цаг ямагт гомдоллож эхлэв. Бурханы хөтөлж байгаа аян замд жаахан л хүндрэл тулгарахад гомдоллож гоншгонохоос өөр юм мэдэхээ больсон тэдний ихэнх нь цөлд эрсэджээ. Эцсийн дүнд Египетээс гарах тэр үед байсан 20-иос дээш насны эрсийн дотроос Бурханы хөтлөлийг төгс дагасан хоёрхон хүн л Канаан нутагт орсон билээ.

Энэ түүх нь итгэлийн цөлөөр алхаж байгаа бидний төлөөх сургамж юм. Бурхан хаашаа ч хөтөлсөн дагах нь Бурханд 100 хувь итгэж байгаа гэсэн үг. Өнгөрсөн түүхийг толь болгоод дуулгавар болон талархалтайгаар итгэлийн цөлийн замаар алхаж, мөнхийн тэнгэрийн Канаанд хүрэх Сионы гэр бүлүүд болохыг хүсэж байна.

Ах дүү таван вандуйн үлгэр

Андерсоны үлгэрүүд дотор ах дүү таван вандуйн үлгэр байдаг. Өргөн уудам талбайд нэгэн хальсан дотор ах дүү таван вандуй байж гэнэ. Вандуйнууд дээр өдөр нь нарны элч төөнөж, шөнө нь сарны гэрэл ойж, эрүүл чийрэг өсөцгөөв. Боловсорч гүйцээд, гаднах хальсаа суларч унах өдрийг л хүлээж байсан тав ертөнцөд гарахаараа хаашаа явахыг хүсэж байгаагаа хүүрнэж гэнэ.

Гэтэл нэг өдөр нэгэн жаалхүү тэдэнд дөхөн ирэхэд гаднах хальс нь чад хийн задарчихаж гэнэ. Жаалхүү таван вандуйг гартаа атгав. Тэгээд авч ирсэн чавхандаа вандуйнуудыг тавиад, нэг нэгээр нь чавхдаж эхэлжээ.

Эхний вандуй нисэнгээ ингэж хэлэв. “За, одоо би эрх чөлөөтэй боллоо. Өргөн уудам тал нутагт нисэж очоод хүсэл мөрөөдлөө биелүүлнэ дээ.” Хоёр дахь вандуйн ээлж болов. Хоёр дахь вандуй ч мөн “Би тэртээх дулаахан нарны орон руу явна аа” гээд эрч хүчтэй гэгч нь нисэж одов. “Би өдрийн цагаар сэрүүхэн сүүдэр дор ханатлаа унтаж жаргана аа” гээд гурав дахь нь, дөрөв дэх нь бүгд л өөр өөрийн хүссэн газрыг зорин нисэн одоцгоолоо.

Хамгийн сүүлд тав дахь вандуйн ээлж ирлээ. Отгон вандуй Бурханд залбирал өргөв. “Би хаашаа ч явсан хамаагүй ээ, зөвхөн Бурханы хүсэж байгаа газар л явуулж өгөөрэй.”

Отгон вандуй нисэж байгаад унасан газар нь зөөлхөн шороотой, хагд өвсөөр бүрхэгдсэн нэгэн ядуухан айлын цонхны тавцан байлаа. Тэр гэрт нэг охин ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг байв. Охин хүнд өвчин тусан хэвтэрт орж, ээж нь охиноо асарч тойлохоор аар саар ажил хийн амь зуулгаа зогоодог байв.

Нэг өдөр охин цонхоор харж байтал нэгэн бяцхан нахиа цухуйсан байв. Ээжийгээ ажилдаа явсан хойгуур ганцаардаж, өдөржингөө орон дээрээ хэвтэж өнждөг охин урьд өмнө харж байгаагүй хөх нахиа соёолсон байхыг хараад, ихэд баясаж гэнэ. Үүнээс хойш ээж охин хоёрт өдөр бүр өсөн ургаж байгаа вандуйн нахиаг харах нь тунчиг баяртай хэрэг болов. Вандуйгаараа найзаа хийн ярилцаж, суга өсөж байгааг нь хараад “Би ч бас энэ вандуй шиг цог золбоолог, эрүүл чийрэг өснө дөө” гэсэн амьдралын найдвар мөрөөдөл, хүсэл зоригтой болж, өвчин нь бас аажим аажмаар илаарших болсон гэнэ.

Дөрвөн вандуй өөр өөрийн хүсэж байгаа газартаа өөрсдийн хүсдэг ажлаа хийхээр ниссэн ч отгон вандуй өөрийн хүссэн амьдралаар биш, Бурханы хүсэж байгаа амьдралаар амьдруулаач хэмээн залбирч гуйсан. Тийнхүү отгон вандуй ядуу зүдүү, өвчинтэйгөө тэмцэж байгаа охинд том хүч болон амьдрах болжээ.

Бидний хувьд ч бас л адилхан болов уу. Өөрийн хүсэж байгаа газар руу явахаас илүүтэй Бурханы хүсэж байгаа газарт очоод, хүсэж байгаа ажлыг нь хийхэд амьдрал маань улам л үнэ цэнэтэй, урам зоригтой болно. Бурханы хүсэж байгаа газар руу явуулж өгөхийг чухалчлан гуйвал Тэрээр үнэхээр хэрэгцээтэй газарт нь биднийг илгээнэ. Тэгж гэмээнэ бидний энэхэн амьдрал, энэхэн оршихуй маань өөрөө ойр тойрны хүмүүстээ урам зориг, эрч хүч өгч, Бурхан биднээр отгон вандуйны үүргийг гүйцэтгүүлнэ гэдэгт итгэж байна.

Хургыг хаашаа ч явсан дагадаг ариун хүмүүс

Өөрсдийн хүсэл шуналаа дагаж ирээдүйгээ төлөвлөхөөс илүүтэй Бурханы хүслийг харж, хүслийг нь дуулгавартай дагаж амьдрах нь жинхэнэ итгэл мөн хэмээн бодно. Бурханы хүсэж байгаа газар Африк бол Африк руу, Европ бол Европ руу, Солонгос бол Солонгост, хаа ч бай Бурханы илгээх газарт бусдын сэтгэлд итгэл найдвар хийгээд Бурханы үнэний үгийг зөв суулгадаг байхыг Сионы гэр бүлүүдээсээ хүсэж байна.

Бурханы хүсэж байгаа газар руу явна гэдгийг өөрөөр илэрхийлбэл Бурханы хүсэлд нийцүүлэн дуулгавартай амьдарна гэсэн үг юм. Дуулгавартай амьдардаг хүмүүсийн хамгийн сүүлчийн хүрэх барианы газар нь тэнгэрийн хаанчлал юм.

“Асар их усны чимээ, хүчит аянгын нүргээн шиг дуу тэнгэрээс сонсогдлоо. … Тэд сэнтийн өмнө болон дөрвөн амьтан, мөн ахлагчдын өмнө шинэ дуу дуулав. Дэлхийгээс худалдаж авсан зуун дөчин дөрвөн мянган хүнээс өөр хэн ч тэр дууг сурч эс чадав. Тэд бол өөрсдийгөө эмсээр бузарлаагүй хүмүүс юм. Учир нь тэд ариун аж. Тэд бол Хургыг хаашаа ч явсан, Түүнийг дагадаг хүмүүс. Тэднийг Бурханд болон Хурганд анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас худалдан авсан ажээ.” Илч 14:2-4

Бурханд харьяалагдах ариун хүмүүс бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс. Тэд өөрсдийн хүсэж байгаа газарт биш Бурханы хүсэж байгаа газарт, өөрсдийн хүсэл зорилгын дагуу бус Бурханд тааламжит хүсэл дотор амьдарч ирсэн юм. Үүнийх нь үр дүнд Бурхан тэднийг хүмүүсийн дундаас худалдан авчээ.

“Өргөн уудам тал руу явна”, “Нарны орон руу ниснэ”, “Өдөржин сэрүүн сүүдэр дор унтан жаргана” гэсэн ах дүү вандуйнууд шиг бидэнд ч бас өөр өөрсдийн хүсэл мөрөөдөл бий. Харин бид Бурханд итгэдэг гэсэн мөртлөө өөрсдийн бодол санаа, арга барилаараа зөрүүдэлж, өөрийнхөө явах дуртай газар өөрийн хүсэж байгаа ажлыг хийе гэвэл амьдралынхаа цаг хугацааг хий дэмий өнгөрөөж, Бурханы хүслээс сөрж амьдрах болно. Отгон вандуй шиг Бурханы хүсэж байгаа газар Бурханы хүссэнээр амьдруулж өгөхийг хичээнгүйлэн залбирч гуйхад Түүнийг хамгийн их баярлуулах амьдралаар бид амьдарч чадна.

Бид өөрсдийнхөө ирээдүйг мэдэхгүй ч Бурхан бүгдийг мэддэг. Тиймээс үргэлж биднийг ашигтай замаар хөтөлж байна. Эцэс хүртлээ хөтлөлийг нь дагаад Бурханы мөнхийн улсад очих Сионы гэр бүлүүд болохыг хүсье.

Дуулгавартай хүн орох тэнгэрийн Канаан

Библид биднийг Бурханы хүслийг дагадаг итгэгчид болгох гэсэндээ дуулгаврын тухай сургаалууд өгсөн байдаг.

“Учир нь бид итгэлийнхээ эхлэлийг эцсээ хүртэл бат сахиваас Христийн хуваалцагчид болсон байна. Энэ нь “Өнөөдөр та нар Түүний дууг сонсвол, тэрслэл дэх шиг зүрхээ бүү хатууруул” гэсэнчлэн юм. Сонссон атал тэрсэлсэн нь хэн билээ? Үнэндээ Мосегийн дор Египетээс гарсан тэд бүгдээрээ биш гэж үү? Тэр дөчин жилийн турш хэнд хилэгнэв? Нүгэл үйлдэж, цөлд бие нь унагсдад биш үү? Өөрийнхөө амралтад эс оруулна гэж Тэр хэнд андгайлсан бэ? Дуулгаваргүй байсан тэдэнд биш үү?” Евр 3:14-18

“… Тэгэхлээр Бурханы хүмүүст Амралтын өдрийн амралт үлддэг. Учир нь Бурхан Өөрийн ажлаас амарсны адил хэн Түүний амралтад орно, тэр нь ажлаасаа амарсан юм. Иймд дуулгаваргүйн өнөөх жишээгээр хэн нэгэн нь уначихгүйн тулд тэрхүү амралтад орохыг хичээцгээе.” Евр 4:8-11

Бурханы хүсэж байгаа газар гэхээсээ өөрийн хүсэж байгаа газар руу явах гэж боддог бол бид дуулгаваргүйн жишээгээр амархан гэгч нь уначихна. Өөрийн хүслээ дагана гэсэн хүн тэр хүсэлдээ тааруулж эргэн тойрныхоо нөхцөл байдлыг тооцоолдог учраас үргэлж гомдлоор дүүрч, дуулгавартай байж чаддаггүй. Аливаа ажлыг өөрийнхөө хүсэл зоригоор, зөрүүд зангаараа хийх болгонд яах ч аргагүй сэтгэлд нь муйхарлал ургадаг.

Цөлийн 40 жилийн түүхэнд Бурхан ард түмэндээ дуулгавартай байдлыг сургасан. Бурханы үгэнд дуулгаваргүй байсан хүмүүс гэм нүгэл үйлдэж, эцэстээ цогцоснууд нь цөлд унажээ. Гагцхүү итгэлээр дуулгавартай дагасан хүмүүс л амралтын Канаан нутагт орж чадсан юм. Өнгөрсөн түүхээр дамжуулан өөрсдийгөө эргэн хараад “би” гөжүүд зангаараа өөрийнхөө л амьдралыг бодож, Бурханы хүсэж байгаа газар руу явахаас татгалзаагүй байгаа гэдгээ тунгааж үзээрэй. Бурханы хүсэл юу юм бол, Эцэг Эхийн хүсэл юу вэ хэмээн эхэлж бодвол гөжүүд сэтгэл аяндаа арилах болно.

Бурханы хүсэж байгаа газар руу явна гэвэл дуулгаваргүй байдал гэгч зүйл гарахгүй. Бурханы хүсэж байгаа газар руу явахыг гуйсан тав дахь вандуйг хамгийн утга учиртай газарт илгээн, ойр тойрныхондоо итгэл найдвар, урам зориг бэлэглэгч болгосон биш гэж үү? Энэ мэт “Би хаашаа ч явсан хамаагүй. Үржил шимгүй улс орон ч яахав, холын улс ч яахав, Солонгос ч байсан хамаагүй тул хаашаа ч бай, Бурханы хүсэж байгаа газар руу явуулж, Бурханы хүсэж байгаа ажлыг хийлгэж өгнө үү” гээд залбирал өргөөд үзэцгээе.

Бурханы хүсэж байгаа газар ирлээ гэж бодоход дургүйцэх зүйл ч гарахгүй. Орчин тойрны нөхцөл байдал хэдий тааруу байсан ч Бурхан намайг энэ газарт илгээсэн нь энэ байдлыг нэг нэгээр нь сайжруул гэсэн утгатай юм байна гэж итгээд, Бурханы ажилд шамдан зүтгэвэл 10 талант төдийгүй 100 талант, 1000 талант цаашлаад 10000 талант ч гаргаж чадна гэдэгт итгэнэ.

Бурханы хүсэж байгаа газар, Бурханы хүсэж байгаа ажил

Бурханы хүүхдийн хувиар бид ч мөн өөрсдийнхөө амьдралаар бусдыг хангалуун болгох хэрэгтэй. Ах дүү таван вандуйн тухай үлгэрээс харахад бид амьдралаараа бусад хүнийг хангалуун болгох нь эрхэм нандин үр жимс гаргах чухал нөхцөл юм гэдгийг ухаарч болно. Сайн мэдээний үр жимс гэгч зүйл бидний шуналаар гардаг бус харин бид Бурханы хүсэж байгаа газар, Бурханы хүсэж байгаа ажлыг хийх үед л Бурханы өгдөг бэлэг юм.

Бурхан биднээс дэлхий даяар явж, бүх үндэстэнд сайн мэдээ тунхаглахыг хүссэн.

“Есүс дөхөж ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.” Мат 28:18-20

“Есүс тэдэнд —Бүх ертөнцөөр явж, сайнмэдээг хамаг бүтээлд тунхаглагтун.” Мар 16:15

Зүгээр л дэлхийн газар болгонд явлаа гээд Бурханы хүссэн газарт явж байгаа хэрэг болчихгүй. Сургаалаас харахад Бурхан биднийг очоосой гэж хүсэж байгаа тэр газарт одоо ч Бурханы үг сонсоо ч үгүй, үзээ ч үгүй хүмүүс байгаа. Тэд Солонгост бас гадаадад ч олон бий. Тийм л хүмүүсийг бүгдийг нь хайж олоод сайн мэдээ тунхаглах нь Бурханы минь хүсэж байгаа газар, хүсэж байгаа ажил нь юм гэж хэлж болно.

“Түг түмдийн ЭЗЭН тангараглан “Үнэхээр бодсон хэрэг минь биелж, төлөвлөсөн минь бүтнэ.” Иса 14:24

Бурханы бодол зайлшгүй биелдэг. Бурханы төлөвлөсөн үйл заавал бүтдэг. Хүмүүс өөрсдийн мэдлэгт тулгуурлан Бурханы ажлыг төлөвлөж шийддэг болохоор л ямар нэг юм болохоо байчихгүй байгаа, бүтэхгүй бол яана аа гэсэн айдастай байдаг. Тэгэвч Бурханы бодсон зүйл гарцаагүй бүтдэг. Бурханы төлөвлөсөн үйлс ямарваа нэг арга зам, ямарваа нэг хүнээр дамжин заавал биелж байдаг.

Өөрийн хүсэж байгаа газар, өөрийн хүсдэг ажил, өөрийн бодол, үзэл баримтлал… Эдгээр нь муйхар гөжүүд сэтгэлийг төрүүлнэ. Бурханд тааламжтай ажил гэвэл бид баяртайгаар хүлээн авч, тэр ажлыг дуулгавартайгаар явуулахад зайлшгүй биелдэг юм. Тиймээс итгээд дагаарай гэсэн нь Бурханы маань хүсэл билээ.

Бурханд хандаж буй өөрсдийнхөө итгэлийг эргэн нэг хараад бидний итгэл чухамхүү зөв өсөж байна уу гэдгээ хянаж үзээрэй. Урьд өмнө нь дуулгавартай итгэлтэй байсан ч нэг л мэдэхэд “Би одоо хангалттай мэднэ” гэсэн бодол итгэлийг минь бага багаар идчихээгүй байгаа гэдгээ тунгаагаарай. Өөрийнхөө хүссэн газар руу биш, Бурханы хүсэж байгаа газар руу хөтөлж өгөхийг хүсдэг итгэлтэй байж, Бурханы сайн мэдээний түүхийг ивээлтэйгээр биелүүлэхийг чухалчлан хүсье.

Бурханы хүслийн дагуух итгэлийн амьдрал

Аливаа бүхнээс хамгийн дээд итгэл нь дуулгавар. Бурханы хүсэлд дуулгавартай байж, хүслийнх нь дагуу амьдрах хамгийн дээд итгэл бидэнд зайлшгүй байх ёстой.

“… Энэ нь биеэр амьдрах үлдсэн хугацаандаа цаашид хүний хүсэл тачаалын төлөө бус, харин Бурханы хүслийн төлөө амьдрахын тулд юм. Учир нь өнгөрсөн хугацаанд та нар завхайрал, тачаал, архидалт, утга учиргүй найрлан цэнгэх болон ёс бусын шүтээнд мөргөх явдлыг мөшгөн, харийнхны хүслийг гүйцэлдүүлж байсан чинь хангалттай. … Бүх юмсын төгсгөл ойр ирчихээд байна. Тиймээс бодлоготой, залбиралдаа эрүүл байгтун. Юуны өмнө, бие биенээ байнга хайрла. Учир нь хайр бол тоо томшгүй нүглийг халхалдаг.” 1Пет 4:1-8

Махан биеийн хүсэл шуналаа хөөн амьдарч ирсэн цаг бол нэгэнт өнгөрсөн хугацаа. Хүн нэг бүр маань амьдрах үлдсэн хугацаандаа гагцхүү Бурханы хүслийг дагаж амьдрах ёстой. Бүх бодол, үйлсээ Бурханы хүссэн чигт тохируулан явахыг ахин дахин хүсэх байна.

Энэ ертөнцийн юмс ч мөн удахаараа ялзарч муудахдаа амархан. Харин удсан гээд бүгд мууддаггүй. Удсан зүйл дотор мууддаг зүйл ч бий, исдэг зүйл ч бий. Муудсан, иссэн хоёрт цаг хугацаа их өнгөрөөсөн гэдэг нийтлэг тал байдаг ч үр дүн нь өөр өөр тусдаг. Нэг нь хаях зүйл болдог байхад нөгөө нь боловсрох тусмаа үнэ цэнэ нь улам бүр өсдөг.

Итгэлээр нас нэмэх тусам өөрийнхөө итгэлийг ялзарч байна уу, исэж байна уу гэдгийг анзаарч нэг үзээсэй гэх байна. Итгэлээ шинээр эхлүүлсэн Сионы гэр бүлүүд ч бас хараарай. Ямар ч ажил хийсэн өөрийн хүсэж байгаа ажил, өөрийн хүсэж байгаа газар гэж гөжүүдэлбэл муйхар бодол хүч түрэн орж ирээд, эцэстээ Бурханы хүсэл байсан ч дагаж чадахгүй байдалд ордог. Харин отгон вандуй шиг Бурханы хүсэж байгаа газарт илгээж өгөхийг чин сэтгэлээсээ залбирах юм бол Бурхан биднийг Өөрийн хүсэж байгаа газар руу, Өөрийн хүсэж байгаа хүн рүү хөтөлж илгээнэ. Тэр ч байтугай явах зам зуур чинь л Бурхан “Алив хурдхан авралын олсоо шидээрэй” гэж хэлэхээр хүмүүс тааралдах болно.

Тийм сүнснүүдийг бүү орхиорой. Ганцхан удаа зөрөөд өнгөрөхөд дахиад хэзээ ч уулзалдахгүй хүмүүс эргэн тойронд маань олон бий. Өнөөдөр ч Бурхан бидний алхааг хөтөлж байгаа болохоор зөрж өнгөрөх бүх хүнийг тоохгүй өнгөрөөж болохгүй. “Бурхан энэ хүмүүсийг хүсээд л яг одоо намайг ийш нь илгээсэн байх нь” гэж бодоод, сүнс аврах ажилд улам их сэтгэл гаргахыг хүсье.