Итгэгчдийн тухайд Бурханы амласан ерөөлийг авах хүртэл хүлээлтийн цаг хугацаа гэж бий. Тэд Бурханы морилон ирэхийг ч хүлээж, мөнхийн тэнгэрийн хаанчлалд үеийн үед эдлэх баяр хөөр, аз жаргалаа ч хүлээнэ. Мөн дайсан диаволын хамгийн сүүлд шүүгдэх тэр цаг мөч төдийгүй итгэл дотор нойрсож буй хүмүүсийн амилалт, амьд үлдсэн бид өөрчлөгдөн Бурханыг угтах яруу алдрын цаг мөчийг ч хүлээдэг.
Хүлээлтэнд тэвчээр хэрэгтэй. Мөн бэлтгэлээ базаах ч шаардлагатай. Энэ амьдралынхаа турш бидний хүлээх ёстой зүйл юу болохыг, бас ямар бэлтгэл хэрэгтэйг одоо бодож үзэцгээе.
Уг нь бид тэнгэрт Бурхантай хамт оршдог тэнгэр элч нар байв. Гэвч Сатаныг урван тэрслэхэд хамсаатан нь болж, нүгэл үйлдээд энэ газарт хөөгдөн ирсэн гэж Библид мэдүүлдэг.
Үхэхээс өөр аргагүй нүгэлт биднийг аврахын төлөө Бурхан Өөрийн биеэр энэ газар ирээд, загалмайд цусаа урсган, бидний нүглийн хөлсийг өмнөөс минь төлсөн. Түүгээр сүнсний нүгэлтнүүдэд нүглийн уучлал аваад, тэнгэрийн хаанчлалын эх нутагтаа буцах зам нээгдсэн билээ.
Бидний сүнс өнө удаан хугацаанд биднийг аврах Бурханыг тэсэн ядан хүлээсээр ирсэн. Бидний сүнсний хүсэн мөрөөсөж ирсэн хүлээлтийн субьект бол Бурхан.
“ЭЗЭН, та нарт нигүүлсэнгүй хандан хүлээж байна. Тиймээс Тэр та нарт өршөөл үзүүлэн өндөрт байж байна. Учир нь ЭЗЭН шударга ёсны Бурхан. Түүнийг хүлээгчид нь бүгдээрээ ерөөгдсөн ажээ!” Иса 30:18
“Манаач хүн өглөө болохыг хүлээхээс ч илүүгээр сэтгэл минь ЭЗЭНийг хүлээнэм, манаач хүн өглөөг хүлээхээс ч илүүгээр.” Дуу 130:6
Зөвхөн хуучин гэрээний итгэгч нар ч биш, 2000 жилийн өмнө Есүсийн тэнгэрт одохыг гэрчилсэн шавь нар нь бас Христ дахин ирнэ гэсэн найдвар сэтгэлдээ өвөрлөн, итгэлийн замаар баяртайгаар алхсан. Тэдэн шиг энэ үеийн бид ч мөн тийм найдвар өвөрлөөд, Христийн заларч ирэхийг чин сэтгэлээсээ хүсэмжилж байгаа билээ.
Манаач хүн хурдхан өглөө болохыг хүлээдгээс илүүтэй бидний сүнс Бурханыг чин сэтгэлээсээ хүлээж байгаа гэдэгт итгэнэ. Хүн бүрд өөрийн гэсэн хүлээлт байж таараа. Гэвч итгэгч нар итгэлийн амьдралдаа өөрсдийгөө цэвэршүүлэнгээ морилон ирэх Бурханыг хүлээх учиртай.
Библид Бурханыг хүлээгчид нь ерөөлтэй гэж заасанчлан Бурханыг хүлээгчдэд авралын ивээл ба мөнх амийн ерөөл өгөгддөг. Өмнө нь итгэл дотор түрүүлж амьсгал хураасан хүмүүс сүүлчийн бүрээн дуунаар амилж, бид өөрчлөгдөн Христийг угтан авцгаах юм.
“Учир нь, Эзэн Өөрөө тушаалын уухай, тэргүүн тэнгэрэлчийн дуу ба Бурханы бүрээнээр тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христ дотор үхэгсэд эхлээд амилна. Дараа нь амьд үлдсэн бид тэдэнтэй хамт агаарт Эзэнтэй уулзахаар үүлэн дунд өргөгдөж, тийнхүү Эзэнтэй үргэлж хамт байх болно.” 1Тес 4:16-17
“… Бид бүгдээрээ нойрсохгүй, харин бүгдээрээ өөрчлөгдөх болно. Ингэхдээ нүд ирмэхийн зуур, нэг агшинд, сүүлчийн бүрээнээр. Учир нь бүрээ дуугарч, үхэгсэд үл муудахаар амилуулагдаж, бид өөрчлөгдөнө. Учир нь муудах нь үл муудахыг өмсөх ёстой бөгөөд үхдэг нь үхэшгүйг өмсөх ёстой.” 1Кор 15:50-53
Чин сэтгэлийн хүлээлтийн эцэст Бурхан морилон ирэх тэр өдөр Бурханы ард түмэнд энэхүү гайхамшигт өөрчлөлтийг урьдчилан тогтоочихоод байгаа шүү дээ. Түүний дараа ямар хүлээлт байгааг лавшруулан үзэцгээе.
“Энэ бүхэн тийн устгагдах аваас ариун байдал ба итгэл сүсэг дор та нар ямаршуу байх ёстой вэ? Бурханы өдөр ирэхийг хүлээж, түргэлүүл. Тэр өдөр тэнгэр шатан устаж, язгуур юмс түймэрт хайлах болно. Харин Түүний амлалтын дагуу зөвт байдал оршдог шинэ тэнгэр, шинэ газрыг бид хүлээн байна.” 2Пет 3:11-13
“Тэр өдөр ирэхийг хүлээж, түргэлүүл” гэсэн үг нь энэ газарт сүүлчийн Шүүгчээр ирэх Бурханыг ариун байдал ба итгэл сүсэг дотор хүлээ гэсэн утгатай юм. Тэнгэр Эцэгээ угтан авч, тэнгэр Эхтэйгээ тэнгэрийн хаанчлалын нутагтаа буцах тэр өдөр нь бидний хувьд баяр хөөр бялхсан мөнхийн цаг хугацааны эхлэл байх болно.
“Би шинэ тэнгэр, шинэ газрыг харлаа. Учир нь анхны тэнгэр, анхны газар нь өнгөрөн одож, тэнгис үгүй болов. … Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл гэж байхгүй, гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Учир нь анхны юмс өнгөрөн оджээ. …” Илч 21:1-5
“Тэр надад Бурханы болон Хурганы сэнтийнээс гарах болор мэт гялалзсан, амийн усны голыг үзүүлсэн нь гудамж дундуур урсаж байв. … Тэнд цаашид шөнө болохгүй. Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас тэдэнд дэнгийн гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй болно. Тэгээд тэд үеийн үед хаанчилна.” Илч 22:1-5
Элч Иоханы илчлэлтээр харсан шинэ тэнгэр, шинэ газар бол тэнгэрийн хаанчлал юм. Мөнхийн тэнгэрийн хаанчлалд орвол үхэл, гашуудах, уйлах, өвдөх гэж байхгүй болно. Энэ газарт биднийг зовоож байсан хүнд ачааг маань Бурхан бүгдийг авч хаян, мөнхийн баяр баясгалан, аз жаргал болон хүсэж тэмүүлдэг бүхнийг маань бүгдийг зөвшөөрнө.
Мөдхөн ирэх яруу алдрын цагийг хүлээгээрэй гэсэн тул бид бүхэн мөнхийн тэнгэрийн хаанчлалд улам ихээр найдвар тавин, Бурханы ажилд хүчээ зориулцгаая. Бидний зүдэл зүтгэл хоосон биш хэмээсэн билээ (1Кор 15:58).
Тэсэн ядан хүсэн хүлээдэг зүйлээ хүлээн авахын тулд үүндээ бэлдэх хэрэгтэй. Намар болоход модод хүртэл ирэх улиралдаа бэлтгэдэг. Модод улирал улирлаас илүүгээр хамгийн үзэсгэлэнтэйгээр гоёдог улирал нь намар гэхэд болно. Багсайтал ургасан навчсаа гээх үедээ модод улаан, шар гээд гоёмсог өнгөөр навчсаа гоёно. Тийнхүү үзэсгэлэн гоогоо гайхуулж ханасан мод навчсаа бүгдийг нь гөвчихөөд, ирж яваа өвөл, хавар гээд шинэхэн улирлуудыг угтана.
Өөрийнхөө бүх юмыг гөвөн хаяж байгаа үеийн дүр төрх хамгийн үзэсгэлэнтэй байдгийг Бурхан бидэнд байгалийн энэхүү зүй тогтлоор ухааруулах мэт. Бид ч мөн хорвоогийн муу муухай бодлоор дүүрэн байсан өөрсдийгөө хоосолж, дотроо Бурханыг бүрэн дүүрэн хүлээн авах хэрэгтэй билээ.
“Гэвч миний хувьд ололт байсан болгоныг би Христийн төлөө хохирол болгон тооцов. Тэр ч байтугай, би Христ Есүс Эзэнээ танин мэдэхүйн хосгүй давуу талын төлөө бүх юмсыг хохирол болгон үздэг. Би Түүний төлөө бүх юмсын хохирлыг амсаж, тэдгээрийг хог гэж үздэг нь Христийг олохын тулд бөгөөд… Түүнд би олдохын тулд юм.” Фил 3:7-9
Элч Паул өөрийн үзэл бодол, мэдлэгээ хаясан. Өөрийгөө ч хаясан. Бурханыг хүлээн авахад саад болж байсан бардам зан, төрөлх муу зан авираа бүрэн хоосолж хаяад, дотроо гагцхүү Христийг л хүлээн авахаар шийдсэн байв.
Өөрийгөө гөвж хаях үедээ модод хамгийн үзэсгэлэнтэй байдгийн адил бид бас Паул шиг өөрийгөө хоослох үед сүнсний маань төрх хамгийн үзэсгэлэнтэй болох юм. Бүхнээ гөвж хаясан мод умардын хүйтэн салхи шуургыг ч, тэсгим хүйтнийг ч тэсвэрлэн, юм бүхэн урган төлжих шинэхэн хавартай золгоно. Энэ нь л шинэ амиар дахин төрж байгаа зүй тогтол билээ.
“Есүс хариуд нь —Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Хэн дээрээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалыг үзэж үл чадна гэхэд” Иох 3:3
Хүн дээрээс эс төрвөл Бурханы хаанчлалыг үзэж чадахгүй хэмээн Есүс сургасан байдаг. Дээрээс төрөхийн тулд өөрийгөө хаях хэрэгтэй. Өөрийгөө хаяж байж л дотроо Бурханыг байлгаж чадна.
Өөрсдийгөө бүрэн дүүрэн гөвж хаях үед Бурхан бидэн рүү илүү ойртож, үнэт эрдэнэ маань болно. Өнөөг хүртэл хадгалж ирсэн ертөнцлөг бодол, хорвоогийн хүсэл шунал гээд бүгдийг гөвж хаяад шинээр дахин төрсөн хүмүүст Бурхан “Миний дотор байж, Би ч түүний дотор оршин байна” гээд тийм хүмүүсийг “их жимс гаргана” гэж амласан (Иох 6:53-56, Иох 15:5 үзэх).
“Амьд байгаа нь би биш, харин миний дотор амьдардаг Христ юм. Эдүгээ махбоддоо миний амьдарч байгаа нь Намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө өргөсөн Бурханы Хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм.” Гал 2:20
Ертөнцлөг хүсэл шуналаа бүрэн хоослох үед маань л Христ бидний дотор оршиж, бидэнд шинэ амь өгч, бидний бүх бодол санаа, оюун ухаан, итгэлийг ч хүртэл бүгдийг нь удирдана. Бидэн дотор одоо ч үлдээд байгаа аминчхан зан, зөрүүд зан, нүгэлтэн гэдгийг маань ухааруулахгүй өөрийгөө бусдаас илүүд үзэхэд хүргэдэг бардам зан, зөвхөн өөрийгөө гэсэн бодол гээд энэ бүгдийг хаяж байж л дотроо Эхийн сэтгэлийг байлгаж чадна.
Бурхан ч хүртэл Өөрийгөө хаян, бидний төлөө энэ газар ирсэн билээ. Тэгвэл одоо бидний өөрсдийгөө хаях ээлж. Дотроо байгаа нүгэлтний мөн чанараа хаяж, тэнгэр Эцэг Эхийг хүлээн аван, Эхийн сэтгэлийг зүрх сэтгэлдээ байлгацгаая. Өөрөө өөрийгөө хаяж, өөрийн ашиг сонирхлыг эрээд байлгүй, ах эгч дүүсээ анхаарч, харж халамжлан, сүнслэг аюулгүй байдалд нь санаа тавих зэргээр ийнхүү Эхийнх шиг сэтгэлтэй болох үед л бид ч үзэсгэлэнт төрхөөр өөрчлөгдөнө. Тиймээс элч Паул биднийг Христэд байсан шиг тийм бодолтой байхыг сануулсан байдаг (Фил 2:5).
Эх хүн гэр дотроо ахмад нь боловч үргэлж л боолын ажил хийдэг. Хүүхдүүд нь хувцсаа бохирдуулбал түүнийг угаах нь эхийн ажил. Хүүхдүүдийнхээ буулгаж хаясан өрөөг эмхэлж цэгцлэх ч эхийн ажил, хүүхдүүддээ хоол унд хийж өгөх нь эхийн ажил. Хүүхэд өвдвөл асарч сувилах нь ч ээж хүний л ажил үүрэг. Өндөр байр суурьтай, үйлчлүүлэх ёстой нэгэн хэр нь эсрэгээрээ үргэлж боолын хийдэг дорд хэцүү, үйлчлэх ажлыг хийж, үр хүүхдээ асарч тойлдог нь эх хүн.
Өөрөө хичнээн өлссөн ч ээж хүн хүүхдүүдээ л эхэлж хооллоно. Байр суурь талаасаа бол өөрөө эхэлж зоог барьж, үлдсэнийг нь хүүхдүүддээ өгч болох ч эх хүн хэзээ ч тэгдэггүй. Хавьгүй дээгүүр байр суурьтай ч эрх мэдлээрээ далайлгаж, хүүхдүүдээрээ хүндлүүлэх гээд байхгүй. Харин ч дорд нэгэн аятай үр хүүхдээ л халамжлан, хатуу ширүүнийг ч үл ажран тэвчинэ.
Ээж хүн бяцхан үрээ өлсөхөд нь ангир уургаа хөхүүлэхгүй байж чаддаг билүү? Ээж хүн үрээ үзэн ядаж, сэтгэлийг нь өвтгөдөг билүү? Хүүхэд нь алга болчихоод байхад эх хүн ганцаараа амар тайван сууж чаддаг билүү? Энэ мэт эх хүний сэтгэлийг нэг нэгээр бодоод үзэхэд бид юу хийх ёстой вэ гэдгийн хариулт гарч ирнэ. Эхийн сэтгэлийг л сэтгэлдээ тээх үед Библид бичигдсэн Бурханы бүх сургаалыг дуулгавартай дагана.
Эцэг Бурхан маань энэ үеийн бидэнд шинэ Иерусалим тэнгэр Эхийг ухааруулж, биднийг Эхэд хөтлүүлсэн. Эх Өөрийн биеэр хайрын жишээ үзүүлэн, сургамжилж, бидний мэдээгүй тэр агшинд ч хүүхдүүдийнхээ төлөө тасралтгүй үүрийн залбирал хийн, дэлхий дахинаас ирж буй тэр олон гэр бүлийн бэрхшээл зовлонг нэг бүрчлэн шийдэж, аргадан тайвшруулдаг. Эхийг хараад, бид ч мөн Эх Бурханы ийм сэтгэлийг өвөрлөх учиртай.
Эхийн сэтгэлтэй болбол Эхийн хийж буй ажлуудыг бид хийж чадна. Эхийн харж ханддаг гэр бүлүүдийг бид бас харж хандана. Тийнхүү сүнс нэг бүр үнэний Сион дотор ивээлтэйгээр өсөж торниод, Эцэгийг ирэх тэр өдөр дутуу зүйлгүйгээр өчүүхэн ч ичих юмгүйгээр угтан авч, мөнхийн тэнгэрийн хаанчлалд бүгд орохыг Сионы гэр бүлүүдээсээ хүсье.
Есүс үхэгсдээс амилан, дөч дэх хоног дээрээ тэнгэрт өргөгдөхийнхөө өмнө Петрээс “Чи намайг хайрладаг уу?” гэж гурвантаа асуугаад, гурван удаа давтан хэлсэн үг нь “Хоньдыг минь тэжээ” гэсэн гуйлт байсан билээ. Итгэгчдийг халамжлах нь Бурханыг хайрладаг хүн бүрийн хийх ёстой ажил билээ. Эхийн сэтгэлээр тэдэнд анхаарал халамж тавьж, сүнслэг хоолыг идүүлэх нь түрүүлж үнэнийг хүлээн авсан бид бүхний хийх ёстой үндсэн үүрэг юм.
Бидний сэтгэл Эх Бурханы сэтгэлээр бялхам дүүрсэн бол сайн мэдээний арван талантын үүрэг ч амархан биелнэ. Энэ хэцүү санагдаж байгаа бол одоохондоо өөрчлөгдөөгүй байгаагаас болж байгаа юм. Өөрийн сэтгэлээр өөрөө хийх гэж зүтгэвэл юу ч хийж чадахгүй.
Хүүхэд нь алга болсон эх хүн байлаа гэж бодож үзье. Үрээ алдсан эх унтаж амрахаа ч умартан, хүүхдээ түгшин түгшин хайдаг. Түүнээс өөр сэтгэл түгшээсэн хэрэг гэж үгүй. Сайн мэдээг бид чухамдаа ингэж Эхийн сэтгэлээр тарааж байна уу гэдгээ эргэцүүлж бодох хэрэгтэй. Эхийн сэтгэлтэй адил шаналал байхгүй л бол нэг сүнс хайж олох амаргүй.
Эхийн сэтгэлтэй л байвал хэл яриа түгдэрч Библийн мэдлэг дутуу дулимаг байсан ч үр жимс гаргадаг. Урт болон богино хугацааны авралын зар тараагчид гадаадад очоод, Бурхан руу олон сүнс хөтөлснийг нь харахад ч сайн мэдээ хүний чадвараас хамаардаггүй, бидний сэтгэл хэний сэтгэлээр дүүрсэн бэ гэдэг нь л шийдвэрлэх хүчин зүйл байдаг нь илт байна. Хэцүү бэрх, танил бус орчинд хэл яриа сайнгүй ч ярилцсан хүн нь “Энэ хүн юуг тэгтлээ санаа зовнин дамжуулаад байгаа юм бол доо” гэж дагаж ирээд, сургаал сонсож, үнэнийг хүлээж авдаг. Солонгост тунхаглаж байгаа авралын зар мөн л адилхан. Эхийн сэтгэлээр сайн мэдээ тунхаглавал хаана ч байсан сайн мэдээний цэцэгс дэлгэрч, үр жимс гаргана. Сэтгэлдээ Эх Бурханы сэтгэлийг тээх үед бид тосоо бэлтгээд, Сүйт залууг хүлээдэг ухаалаг таван охин шиг болж байгаа нь тэр. Улмаар тэнгэрийн хаанчлалыг хүлээх эрхтэй болно.
Баяр болбол хүмүүс олноороо аав ээж, ахан дүүстэйгээ уулзахаар тэсэн ядан хүлээж, төрсөн нутаг руугаа буцдаг. Бидний хувьд ч хүлээлтийн эцэст мөнхийн тэнгэрийн хаанчлал эх нутагтаа буцах тэр өдөр заавал ирнэ. Хүүхдүүдээ тэсэн ядан хүлээх эцэг эхтэй адил бидний Бурхан ч мөн хүүхдүүд минь хурдхан үзэсгэлэнтэй төрхөөр өөрчлөгдөөд, тэнгэрийн хаанчлал гэх эх нутагтаа ирээсэй гэж сэтгэлийн гүнээс хүлээн суугаа.
Амийн усны гол ямар бол, тэнгэр элч нар ямар төрхтэй бол, Бурханы хаанчлал ямар газар бол гэж мэдэхийг хүсэхгүй байна гэж үү? Хүний бодлоор төсөөлж чадахгүй, сэтгэл огшим баярт цаг мөчийг хүлээн, нэг өдрийн өмнө ч болов бушуухан өөрийгөө хаяж, дээрээс төрөөд бүгд Эхийн сэтгэлтэй болцгооё. Бидэнд өчүүхэн төдий үлдсэн муу зуршил, муу зан төрхөө бүгдийг хаяж, сэтгэлдээ Христийг байлгаад, мөнхийн тэнгэрийн хаанчлалд нэг хүн ч хоцорч үлдэлгүй орохыг хүсэх байна. Гэртээ ч, сүм дээр ч, гадуур ч ойр орчныхоо хүмүүст Эхийн сэтгэлээр хандаж, олныг хайрын Бурханы энгэрт хөтлөх сайн эш үзүүлэгчид болохыг хүсэн ерөөе.