Мөхөс үедээ хүчтэй

31,138 үзэлт

Бурханы удирдлаган дор дэлхийн сайн мэдээний ажил хурдтай гүйцэлдэж буй энэ үед Бурхан биднээс ямар итгэл хүсэж байгааг тунгаацгаая.

Ихэнх хүн Бурханд итгэдэггүй ч өөрсдийнхөө мөхөс доройг мэдрэх үед аяндаа л Бурханыг эрж хайж, Бурханыг түших гэдэг. Харин өөрсдийгөө хүчтэй гэж бодвол Бурханд найдахын оронд өөрсдийн хүч, чадвартаа найдах хандлагатай болдог. “Мөхөс үедээ хүчтэй” гэсэн үг утга авцалдаагүй мэт санагдаж мэдэх юм. Гэвч итгэлийн амьдралд бид өөрсдийн мөхөс доройг мэдрэхдээ л сая нэг Бурханыг эрж хайдаг. Тэгэхэд агуу хүчит Бурханы хүч үйлчлэх тул бид мөхөс үедээ улам хүчирхэг болдог.

Сайн мэдээний ажил хийх үед заримдаа бидэнд “Би их зүйл мэддэг. Библиэс ишлэл сайн олдог. Би энэ тал дээр бусдаас илүү ойлголт, мэдлэгтэй” гэж өөрийгөө дөвийлгөн бодох үе бий. Ингэх нь Бурханд бус, өөрийн ой тогтоолт, хэл ярианы чадвартаа түшиглэн сайн мэдээ тунхаглаж байгаа мунхаглал юм.

Дэлхийн сайн мэдээний түүх бидний чадвараас бус, Бурханаас шалтгаална. Бурханыг хэр их эрж хайж, хэр түшиж найдсан бэ гэдгээс сайн мэдээний алдаа оноо хамаарна.

Даруу сэтгэлээр Бурханыг эрж хайж, түшицгээе

Соломон хааны хүү Рехобоам эцгээсээ хүчирхэг улс өвлөн авч, хаан ширээнд суусан. Соломон хааны хүү Рехобоам эцгээсээ хүчирхэг улс өвлөн авч, хаан ширээнд суусан. Соломоны үед Израиль улс хөлжин, хүчирхэгжиж, зэргэлдээх улсуудаа дагаар оруулан, алба гувчуур хүртэл авдаг байжээ. Түүнчлэн Соломоны мэргэн ухаан болон мэдлэгт суралцахаар олон хүн зорьж ирдэг байлаа. Энэ нь Израилийн түүхэн дэх хөгжил цэцэглэлтийн ид оргил үе байлаа.

Рехобоам хүчирхэг улс өвлөн авмагцаа Бурханыг түшихээ больж, Бурханы хуулийг ч умартав. Тэрээр улс орныхоо хүчирхэг байдалд түшиглэн, төр удирдаж байв. Хааныхаа жишгээр ард түмэн нь ч аяндаа буруу замаар оржээ.

“Рехобоамын хаанчлал батжин, тэр хүчирхэгжих үедээ тэр болон түүний хамт бүх Израиль ЭЗЭНий хуулийг орхин хаяв. Тэд ЭЗЭНд үнэнч бус байсан тул Рехобоам хааны тавдугаар онд Египетийн хаан Шишак Иерусалимын эсрэг довтлохоор мянга хоёр зуун тэрэгт цэрэг, жаран мянган морин цэрэгтэй ирэв. Түүний хамт Египетээс тоо томшгүй луб, сукки, етиоп хүмүүс иржээ. … Египетийн хаан Шишак Иерусалимын эсрэг довтлон ирж, ЭЗЭНий өргөөний болон хааны өргөөний эрдэнэсийг олзлон авчээ. Тэрээр бүхнийг авсан төдийгүй Соломоны хийсэн алтан бамбайнуудыг ч хүртэл хаман оджээ.” 2Шас 12:1-9

Ихэмсэг бардам Рехобоам Бурханаас эргэснийхээ үр дүнд өөртөө Бурханы уур хилэн дуудав. Египетчүүд Израиль руу халдан ирж, хааны өргөөний хамаг эрдэнэсийг болон Соломон хааны хийсэн Бурханы өргөөн дэх үнэт сав суулгыг хүртэл юу ч үгүй тонов. Рехобоам магадгүй улс орон нь хүч мөхөс, харийн түрэмгийллийн улмаас айн дагжиж байсан сан бол Бурханыг эрж хайж, Бурханаас тусламж гуйх байсан байж ч мэдэх юм. Гэвч тэрээр хаан эцгээсээ хүчирхэг төр өвлөн авсан тул Бурханы хүчинд биш, өөрт байгаа цэргийн хүч, хөрөнгө чинээндээ түшиж, алдаа гаргасан ажээ.

Рехобоам ихэмсэг бардам болж, Бурханы хүсэл болоод Бурханы хуулийг үл тоомсорлон, улсынхаа сүр хүчинд бардаж байгаад Бурханы гэсгээлт амсан, улс орноо сүйрлийн ирмэгт аваачсан энэхүү түүх нь бидэнд том сургамж юм. Бид Рехобоам шиг байж огт болохгүй. Мөхөс, хүчтэйн алинд ч ямагт Бурханыг түшдэг, Бурханаас эмээдэг хүмүүс нь хамгийн ухаалаг, хэрсүү хүмүүс юм.

Эргэн тойрных нь нөхцөл байдал жаахан л дээрдвэл төд удалгүй Бурханыг умартаж, Бурханыг түшихээ больдог хүн олон бий. Түүнчлэн сул доройчууд л шашин шүтдэг гэж бодоод өөртөө эрддэг хүмүүс ч олон байдаг. Тэд үнэн хэрэгтээ өөрсдийнхөө хичнээн доройг ухаараагүй байна. Хүн хүчирхэг байлаа гээд юу шалих вэ дээ? Хүн хичнээн их чадвартай, эрдэм мэдлэг, мэргэн ухаантай, өндөр эрх мэдэлтэй байлаа гээд сансар огторгуйг бүтээсэн Бурхантай харьцуулж болно гэж үү?

Хүмүүс Бурхан туслахгүй байсан ч өөрсдийн хүчээр сайхан амьдарч болох юм шиг эрддэг. Гэвч Бурханы тусламж хэсэгхэн зуур тасарвал чухамдаа юу болох бол? Хэрэв ус, агаар, нарны гэрэл гээд Бурханаас хүнд заяагдсан байгалийн үр өгөөж тасалдлаа гэж бодъё. Тэгвэл тэр үед ч бас “Бид өөртөө л итгэнэ. Бурхан хэрэггүй” гэж хэлж чадна гэж үү?

Бурханыг харахад хүмүүс бид үнэхээр мөхөс, чадваргүй оршихуй юм. Харин бид Бурхан Өөрийг нь хайж, түшдэг хүүхдүүдтэйгээ үргэлж хамт байж, тусалдагт нь баярлах хэрэгтэй. Энэ газрын махан биеийн түүхээс харахад ч Бурханы тусламжийг хүсдэггүй, аливааг өөрийн хүчээр хийх гэж оролддог хүмүүсийн эцсийн үр дүн сүйрэл байсан. Бид өөрсдийгөө Бурханы өмнө даруу, дорд болгож, бүх зүйл дээр төгс хүчит Бурханыг түших хэрэгтэй билээ.

Бурханыг түшихэд бүх ерөөл ирнэ

Бурхан энэ ертөнцийн хамгийн мөхөс, дорд хүмүүсийг сонгож дуудсан. Яагаад гэвэл ийм л хүмүүс өөрсдийн хүч, эрх мэдэлд биш, зөвхөн Бурханд найдаж түших юм (1Кор 1:26-29 үзэх).

“Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНд дуулгавартай байж, миний өнөөдөр чамд тушааж буй Түүний бүх тушаалыг хичээнгүйлэн дагаж мөрдвөөс ЭЗЭН Бурхан чинь чамайг газар дэлхий дээрх бүх улс үндэстний дээгүүр өндөрт тавина. Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНд дуулгавартай байвал энэ бүх ерөөл чам дээр бууж, чамд хүрнэ. Чи хотод ч ерөөгдөнө, хөдөөд ч ерөөгдөнө.” Дэд.Хуу 28:1-3

Бид газар дэлхий дээрх улс үндэстний дээгүүр өндөрт тавигдана. Энэ нь бидний хүч чадвараас шалтгаалахгүй, харин Бурханыг түших үед л боломжтой болно.

Эдүгээ сайн мэдээ гайхмаар хурдтай тунхаглагдаж, дэлхийн олон үндэстэн Елохим Бурханы яруу алдрыг ухааран Сион руу цутган ирж байна.

Тун удахгүй бүх үндэстэн Бурханы өмнө өвдөг сөгдөх зөгнөлийн цаг мөч тулж ирнэ. Тэрхүү яруу алдрын өдөр бид Бурханы хүчээр дэлхийн үндэстнүүдийн дунд яруу алдар болон магтаал авна. Хувь хүний мэдлэг, эд хөрөнгө, алдар нэр, эрх мэдлээр ертөнц биднийг бишрэх юм биш. Харин орчлон ертөнцийн түмэн бодисыг захирдаг Бурхан бол бидний Эцэг Эх учраас, мөн бид Бурханы хүүхдүүд нь учраас л дэлхийн улс үндэстнүүд өмнө маань өвдөг сөгдөн, бидэнд яруу алдар өргөх юм.

“Өнөөдөр миний чамд тушааж буй тушаал, зарлиг, шийдвэрүүдийг нь сахилгүй өөрийн Бурхан ЭЗЭНийг умартахаас болгоомжил. Чи идэж цадаад, сайхан байшин барьж, тэндээ амьдран мал сүрэг чинь үржин олширч, алт мөнгө чинь арвижиж, чамд байгаа бүхэн чинь арвижих үед чиний зүрх бардам болж, өөрийн Бурхан ЭЗЭНийг мартуузай. Тэр Египет нутгаас, боолчлолын гэрээс чамайг гаргаж аваад, өргөн уудам, аймшигт цөл дундуур, хорт галт могой, хилэнцэт хорхойтой, усгүй улайдмал газраар удирдан дагуулж, чамд цахиур чулуунаас ус гаргаж өгсөн билээ. Чамайг номхтгон, чамайг сорьж шалгаад, эцэст нь чамайг сайн сайхан амьдруулахын тулд Тэрээр чиний эцэг өвгөд ч мэддэггүй байсан маннагаар цөлд чамайг хооллож байсан билээ. “Миний чадал, миний гарын хүч тэнхээ энэ хөрөнгө чинээг надад бий болгосон юм” гэж чи зүрхэндээ хэлүүзэй. … Тэр чамд хөрөнгө чинээ олох хүч чадал өгдөг учраас чи өөрийн Бурхан ЭЗЭНийг санагтун. …” Дэд.Хуу 8:11-20

Бид эд хөрөнгөтэй, элбэг хангалуун, дутах юмгүй бол Бурханы тусламж авахгүй ч сайхан амьдарч болох юм шиг бардамнаж мэдэх тул тэгэх тусмаа илүү их болгоомжилж, сэрэмжтэй байх хэрэгтэй. Бидний бүх эзэмшил элбэг хангалуун болбол “Би өөрийн хүч, өөрийн чадвараар бүхнийг хийж чадна” гэсэн муу бодолд автаж, энэ нь улмаар Бурханыг ч мартуулж мэднэ. Тэрний оронд эд хөрөнгө гэхээр юмгүй ч бүгдийг чадагч, хүчирхэг Бурхантай хамт байсан нь хавьгүй дээр. Бурханы хүч чадал өмссөн хүнийг хүний хүч чадал өмссөн хүнтэй харьцуулах аргагүй шүү дээ.

Дэлхийн авралын түүх Бурханаас хамаарна

Эрдэм мэдлэг, үндэс угсаа, хөрөнгө чинээ, эрх мэдэл гээд махан биеэр харвал Паул элчид дутуу юм байгаагүй. Харин сайн мэдээний ажлын явцад тэрээр өөрийгөө юу ч хийж чадахгүй гэж бодсон үедээ, мөн туйлын хүнд хэцүү, мөхөс дорой үедээ Бурханыг эрж хайж, Бурханыг л түшдэг байсан. Тиймдээ ч мөхөс гэдгээ ухаарсан тэр л үед өөрийгөө хамгийн хүчтэй байсан гэсэн байдаг.

Авралын зар тараах явцад нь харийнхны аюул, дээрэмчдийн аюул, овог нэгтний аюул гээд элдэв аюул тулгарахад эрдэм мэдлэг, удам угсаа нь түүнд тус болоогүй. Мөн түүнийг өөрийн мэдлэг, ухаандаа түшиглэн сайн мэдээ тунхаглахад хүссэнээр нь болохгүй байсан. Харин өөрийн дутуу дулимгийг ухаарч, Бурханыг түшээд явахад нь гайхамшигт түүх дагалддаг байсан аж.

Паул тэдгээр туршлагаараа хүн гэгч хичнээн дорой, ядмаг оршихуй болохыг ухаарчээ. Тэрээр мөхөс гэдгээ хүлээн зөвшөөрөхөд хамгаас хүчит Бурханы хүч чадлыг мэдэрч, Бурханы тусламжинд туйлын их түшиглэх болжээ.

Ийм л ухаарал болон итгэлээр тунхаглахад нь түүний очсон газар бүрд сайн мэдээний гал дүрэлзэн асаж байсан юм.

“… Тэмцээнд өрсөлдөгч бүр бүх талаар биеэ захирах чадварт өөрийгөө дасгалжуулдаг аж. Тэд муудах титэм хүртэхийн төлөө бол, харин бид үл муудах титмийн төлөө юм. Тиймээс би зорилгогүй мэт гүйдэггүй, хий агаар цохих мэт нударгалдаггүй, харин ч бусдад тунхагласан атлаа өөрөө тэнцээгүй байх вий гэсэндээ биеэ залхааж, боолчилдог.” 1Кор 9:24-27

Паул элч өөрт тавих анхаарлаа жаахан л сулруулбал бардам болж мэдэх байсан тул тэрээр өдөр бүр өөрийгөө зэмлэж, Бурханы өмнө боол болгодог байв. Ингэж хичээж зүтгэснийхээ үр дүнд тэрээр сайн мэдээний замаа дуусгах мөчид “Одоо зөв байдлын титэм надад зэхэгдсэн байгаа” хэмээн өөртөө итгэлтэй хэлж чадсан юм.

Хэрэв бид сайн мэдээний замаар алхахаар шийдсэн бол сэтгэлээсээ нэн түрүүнд бардам занг таягдан хаях ёстой. Мөхөс дорой, дутуу дулимаг байдлаа гүнээ ухаарч, зөвхөн Бурханыг л түшин, Ариун Сүнсний хүч чадлыг өмсөх хэрэгтэй юм.

Сайн мэдээний атар газарт очсон эш үзүүлэгчдийн туршлагаас сонсохоор тэд хэл ус, амьдралын хэв маяг гээд огт өөр орчинд харь хүмүүст сайн мэдээ тараахдаа аяндаа л Бурханыг түшихээс өөр аргагүй болдог гэнэ. Чөлөөтэй хэл нэвтрэлцэхгүй байдалд зөвхөн Бурханыг л түшиж, чин сэтгэлээсээ тараавал үгийн утга сонсогч хүнд бүрэн хүрч, сэтгэл нь хөдлөөд Бурханыг хүлээн авах тохиолдол их байдаг аж. Эдгээр нь хүний хүчээр хэрхэн болж бүтэх билээ?

Бид чадвартай ч бай, чадваргүй ч бай, хүчтэй ч бай, мөхөс ч бай ямар ч нөхцөлд бардамналгүй, зөвхөн Бурханыг түшин, сайн мэдээний ивээлтэй амьдралаар амьдрах хэрэгтэй юм. Бид мөхөс доройгоо мэддэг тул Самари болон дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээ тунхаглахад айж эмээх зүйл гарч мэднэ. Тэгэх тусам нь Эцэг, Эхээс тусламж гуйцгаая. “Аав ээж маань л туслахгүй бол би ганц ч алхаж чадахгүй балчир хүүхэд шиг” гэж бодоод, Ариун Сүнсний өвч зэвсэг өгөхийг Эцэг, Эхээсээ чухалчлан гуйцгаая.

Одоо дэлхий даяар сайн мэдээ хурдтай тунхаглагдаж байна. Хүнд хэцүү байдалд зөвхөн Бурханыг л түшиж тунхагласан болохоор тэр юм. Замд явахдаа ч, үг тунхаглахдаа ч хором мөч бүрд залбирлаар Бурханыг хайж, Бурханыг түшсэн болохоор гайхамшигтай үр дүнг бид харж байна. Бид өөрт юу ч байхгүй, ямар ч чадваргүй гэдгээ ухаарах юм бол тэр л үед Бурхан бидэнтэй хамгийн ойр оршиж, Ариун Сүнсний хүч чадал хийгээд бэлгүүдийг бидэнд буулгаж өгдгийг битгий мартаарай.

Бидний тусламж Бурханаас ирдэг

Бурхан хүүхдүүддээ бүхнийг өгч чадна. Таатай сайхан нөхцөл байдал өгч чадах хэр нь заримдаа биднийг хүнд хэцүү байдалд тавьж, олон бэрхшээлтэй тулгаруулдаг. Үүний учир нь Тэрээр бидний итгэлийг зовлон дунд цэвэршүүлэхийн тулд юм. Бурханы энэ хүслийг ойлгож, сайн мэдээний замаар алхвал бид өмнөө тулгарсан ямар ч сорилт, зовлонг чадмаг гэгч нь ялан гарна.

“Харцаа би уулс өөд өргөнө. Хаанаас надад тусламж ирэх вэ? Тэрхүү тусламж минь тэнгэр газрыг бүтээгч ЭЗЭНээс. Тэр хөлийг чинь эс гуйвуулна. … ЭЗЭН чамайг хамгаалагч, ЭЗЭН чиний баруун гар тал дахь сүүдэр чинь юм. Шөнөөр саранд ч өдрөөр наранд ч чи цохиулахгүй. ЭЗЭН чамайг муу бүхнээс хаацайлж, Тэрээр амийг чинь хамгаална. Орох, гарах бүрийг чинь ЭЗЭН өдгөөгөөс мөнхөд сахин хамгаална.” Дуу 121:1-8

“Гэвч ЭЗЭН, Та намайг нигүүлсэж, тэдэнд хариу барихын тулд намайг босгооч. Дайсан минь намайг ялсан дуугаар хашхирдаггүй билээ. Та намайг таалдгийг би үүгээр мэддэг билээ. Та намайг үнэнч байдлын минь дунд түшиж, намайг мөнхөд өмнөө байлгадаг. Израилийн Бурхан ЭЗЭН мөнхийн мөнхөд магтагдтугай! Амен, амен.” Дуу 41:10-13

Бурхан бидэнд тусалж байгаа тул сүүлчийн сүнслэг их дайнд бид ялалт байгуулах нь гарцаагүй. Хэдийгээр бид харахгүй ч Бурхан үргэлж бидэнтэй хамт байж, тусалж, сүнсийг маань хамгаалдаг. Үүнд Эцэг, Эхдээ бид үргэлж талархах хэрэгтэй. Мөн залбирлаар Бурханаас байнга тусламж гуйж, Ариун Сүнсний гайхамшигт түүхийг биелүүлцгээе. Есүсийг анх ирэх үед ч Түүнийг тэнгэрт одсоны дараа итгэгчид өдөр бүр цуглаад, залбиралд өөрсдийгөө зориулж байв.

Үүний үр дүнд Ариун Сүнс хальтал бууж, тэд тэсрэлтийн их хүчээр авралын түүхийг гүйцэлдүүлсэн байдаг.

Сүүлчийн үед Ариун Сүнсний хөдөлгөөн хийх үүрэг бидэнд зөвшөөрөгдсөн билээ. Бид ч мөн залбирлаар Бурханы тусламжинд түшиглэн, хайрын сэтгэлээр сайн мэдээ тунхаглацгаая. Сүнс бүр Бурханы өмнө цэх зогсох хүртэл бид өөрсдийгөө золиослон, оюун ухаанаа бүрэн дайчлаад тэнгэрийн тушаалыг дагацгаая. Биднийг мөхөс байхад Бурханы түүх хүчирхэг болдгийг марталгүй, Сионы гэр бүлүүдийн хувиар ямар ч нөхцөлд зөвхөн Бурханыг л түшээд дэлхийг аврах сайн мэдээний алхаагаа үргэлжлүүлцгээе.