4-р зууны үеэс өнөөг хүртэл Есүсийн бурханлаг чанарын талаарх маргаан тасралтгүй өрнөсөөр ирсэн.
Зарим сүмд Бурхан ба Есүсийг тусад нь авч үзэн, Есүсийг хүмүүн бидний нэгэн адил бүтээл гэж үздэг байхад, зарим нь Есүсийг тэнгэр элчийн нэг гэж үздэг. Тэр ч байтугай “Бурхан ба Есүсийн хүсэл, зорилго хоёр нь адилхан ч Тэд тус тусдаа” гэж үздэг сүм ч байдаг. Нэг Библийг үзэж байгаа хэрнээ яагаад ингэж их ялгаатай тайлбарлаж байгаа юм бол? Үүний шалтгаан нь Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүсийн тэмдэглэсэн ариун бичээсийг нүглээр бохирдсон хүмүүний нүдээр л хараад тайлбарлаж байгаа хэрэг. Хүн төрөлхтнийг аврахын тулд махан бие өмсөж ирсэн Христийн мөн чанар бол Бурхан гэдгийг Библийн зөгнөл болон түүний биелэлтээр дамжуулан судалцгаая.
Иммануел
“Тиймээс Эзэн Өөрөө чамд нэгэн тэмдэг өгнө. Үзэгтүн! Нэгэн онгон бүсгүй хөл хүндтэй болж, Хүү төрүүлж, Түүнийгээ “Иммануел” гэж нэрлэнэ.” Иса 7:14
“Есүс Христ ийнхүү мэндэлжээ. Түүний эх Мариа Иосефтой сүй тавиад, дэр нийлэхээсээ өмнө Ариун Сүнсээр хэвлийдээ хүүхэд олсон нь мэдэгджээ. … «Харагтун, онгон бүсгүй хүүхэд олж, Хүү төрүүлнэ. Түүнийг Иммануел (орчуулбал «Бурхан бидэнтэй хамт») гэж тэд нэрлэнэ» гэсэн юм.” Мат 1:18-23
Исаиа номонд зөгнөсөнчлөн хожим гарч ирэх Христийг Иммануел гэж илэрхийлсэн. Түүнийг орчуулбал “Бурхан бидэнтэй хамт” гэсэн утгатай юм. Бурхан бидэнтэй хамт байхын тулд бидэн шиг махан биеэр ирэх ёстой. Харин Есүсийг Иммануел гэсэн болохоор Есүс нь махан бие өмсөж ирсэн Бурхан юм.
Хүүхэд болж төрсөн Бурхан
“Учир нь бидний төлөө Хөвгүүн төрж, бидэнд Хүү өгөгдсөн аж. Засаглал Түүний мөрөн дээр байж, Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, … Давидын сэнтий дээр Түүний хаанчлал дээгүүр засаглал хийгээд амар тайван нь тэлэхүйд эцэс үгүй. Шударга ёс, үнэн зөвөөр үүнийг өдгөөгөөс өнө мөнхөд тогтоон тулна. Түг түмдийн ЭЗЭНий зүтгэл үүнийг гүйцэлдүүлэх болно.” Иса 9:6-7
“Тэнгэрэлч, түүнд —Мариа, бүү ай. Чи Бурханы тааллыг олжээ. Үзэгтүн, чи хэвлийдээ үртэй болж Хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно. … Эзэн Бурхан Түүнд өвөг Давидынх нь хаан ширээг өгөх болно.” Лук 1:30-32
Тэнгэр элч Мариад үзэгдэж, хожим төрөх хүүг Есүс гэж нэрлэ гээд Түүнийг Давидын хаан ширээнд суух болно гэж мэдүүлсэн. Гэвч Есүсийг төрөхөөс 700 жилийн өмнө Исаиа эш үзүүлэгч Давидын хаан ширээнд суух хүүг Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг гэж бичсэн байна. Энэ нь Есүс бол Хүчит Бурхан гэсэн үг биш гэж үү?
Хашхирагч нэгний гэрчилсэн Бурхан
“Хашхирагч нэгний дуу “Зэлүүд талд ЭЗЭНий замыг бэлтгэцгээ. Цөлд Бурханд маань их замыг шулуун болгогтун. … “Бурхан тань энэ байна” гэж Иудагийн хотуудад хэлэгтүн. Үзэгтүн, Эзэн БУРХАН хүч чадалтайгаар ирж, мутраараа Өөрийнхөө төлөө захирна. Үзэгтүн, шагнал нь Түүнтэй, Хариу нь Түүний өмнө байна. Тэр хоньчины ёсоор сүргээ хариулж, мутартаа хургануудаа цуглуулан энгэртээ тэврээд, хөхүүлийг нь зөөлөн хөтөлнө.” Иса 40:3-11
“Тэр өдрүүдэд баптисч Иохан… Яг түүний тухай эш үзүүлэгч Исаиа «Цөлд хашхирагч нэгний дуу нь “Эзэний замыг бэлтгэцгээ, жимийг нь шулуун болгогтун” гэнэ» гэсэн байдаг. … Би та нарт гэмшлийн чинь төлөө усаар баптисм хүртээдэг. Харин Надаас илүү хүчирхэг Нэгэн миний араас ирж байна. Би Түүний шаахайг авч явах ч үнэ хүндгүй. … Тэгээд Иоханаар баптисм хүртэхийн тулд Галилаас Иорданд байгаа түүн дээр Есүс очив.” Мат 3:1-17
Исаиа эш үзүүлэгч хожим Ёхова Бурхан хүч чадалтайгаар ирж, Хоньчины ёсоор сүргээ хариулахыг зөгнөхийн зэрэгцээ Ёхова Бурханыг ирэхээс өмнө Түүний замыг бэлтгэх эш үзүүлэгч буюу хашхирагч нэгэн гарч ирээд Эзэн Бурханы замыг бэлтгэнэ гэсэн байна. Харин Матай тэрхүү “хашхирагч нэгэн” бол баптисч Иохан гэж зөгнөсөн. Мөн баптисч Иохан араасаа ирэх Нэгэний тухайд Есүс гэж гэрчилсэн болохоор Есүс бол Исаиа эш үзүүлэгчийн зөгнөсөн “хүч чадалтайгаар ирэх Ёхова Бурхан” юм.
Бүтээгч Бурхан
“Чиний Аврагч, чамайг эхийн хэвлийгээс бий болгосон. ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би бүхнийг бүтээгч ЭЗЭН. Би Өөрөө тэнгэрийг сунгаж, дэлхийг ганцаараа дэлгэсэн.” Иса 44:24
“Ертөнцөд ирж хүн бүрийг гэгээрүүлдэг жинхэнэ гэрэл байв. Тэрээр ертөнцөд байсан ба ертөнц нь Түүгээр буй болсон атлаа ертөнц Түүнийгээ эс танив. Тэр өөрийнхөндөө ирсэн боловч өөрийнхөн нь Түүнийг эс хүлээн авчээ. Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэгчдэд Тэрээр Бурханы хүүхэд болох эрхийг өглөө.” Иох 1:9-12
“Тэр бол үл үзэгдэгч Бурханы дүр бөгөөд… Учир нь Түүн дотор тэнгэр ба газар дахь бүх юмс, үзэгдэх ба үл үзэгдэх юмс, хаан ширээнүүд, эсвэл ноёрхлууд, удирдлагууд, эсвэл эрх мэдлүүд ч бүтээгдсэн. Бүх юмс Түүгээр болон Түүний төлөө бүтээгдсэн байна. … Тэрээр бие болох чуулганы тэргүүн. Тэр бол эхлэл, үхэгсдээс анх төрсөн нь мөн.” Кол 1:15-18
Исаиа эш үзүүлэгч бүх юмс бүтээсэн Бүтээгч бол гагцхүү Ёхова Бурхан гэж бичсэн. Харин элч Иохан, Паул нар бүх юмсыг бүтээсэн Бүтээгчийг Есүс гэж хэлсэн болохоор Есүс бол Ёхова Бурхан биш гэж үү? Хэрэв Ёхова Бурхан болон Есүс өөр өөр байсан бол Ёхова Бурханы бүтээсэн дэлхий болон Есүсийн бүтээсэн дэлхий гэж хоёр дэлхий орших ёстой. Гэвч бодит байдал дээр тийм биш. Тиймээс Есүс бол Бүтээгч Ёхова Бурхан мөн.
Бүдрүүлгийн чулуу, тээглэх хад
“Та нарын ариун хэмээн үзэх ёстой нэгэн нь Түг түмдийн ЭЗЭН юм. Тэрээр эмээдэс тань байх болно. Тэр та нарыг айлгах болно. Дараа нь Тэр ариун газар болно. Гэхдээ Израилийн хоёр гэрийг цохих чулуу, бүдрүүлгийн хад, Иерусалимын оршин суугчдын урхи ба занга болно.” Иса 8:13-14
“Эзэнд ир. Тэр бол хүмүүст гологдсон боловч, харин Бурханы өмнө сонгогдсон, үнэт, амьд чулуу билээ. … Тиймээс итгэгч та нарт энэ нь үнэт, харин үл итгэгчдэд “Барилгачдын голсон чулуу нь булангийн чулуу болов” гээд “Бүдрүүлгийн Чулуу, тээглэх Хад болсон юм” гэсэнчлэн болой. …” 1Пет 2:4-8
Исаиа эш үзүүлэгч “Түг түмдийн ЭЗЭН бүдрүүлгийн чулуу, тээглэх хад” болно гэж зөгнөсөн ч олон хүн махан бие өмсөж ирсэн Бурхан болох Есүст итгэж чадаагүй бүдэрч унасан. Элч Петр Исаиа 8:14 ишлэлийг иш татаад Есүсийг “Бүдрүүлгийн Чулуу, тээглэх Хад болсон юм” гэж гэрчилжээ. Тиймээс Есүс бол Ёхова Бурхан мөн.
Хаадын Хаан, эздийн Эзэн
“Ерөөлт бөгөөд цор ганц хэмжээлшгүй Эрхт, хаадын Хаан, эздийн Эзэн цагт нь үүнийг харуулна. Түүнд ганцааранд нь үхэшгүй мөнх буй бөгөөд хүршгүй гэрэл дотор оршдог. …” 1Тим 6:15-16
“Тэд Хурганы эсрэг дайн хийх бөгөөд Хурга тэднийг ялах болно. Учир нь Тэр бол эздийн Эзэн, хаадын Хаан билээ. Түүнтэй хамт байгчид нь дуудагдсан, сонгогдсон, итгэмжит хүмүүс юм гэв.” Илч 17:14
Хаадын Хаан, эздийн Эзэн гэсэн цолыг хүлээн авах зохистой Нэгэн бол зөвхөн Бурхан юм. Тиймээс элч Паул “Ерөөлт бөгөөд цор ганц хэмжээлшгүй Эрхт, хаадын Хаан, эздийн Эзэн” гэж бичсэн байдаг. Харин элч Иохан нь Хурга болох Есүсийг зааж “эздийн Эзэн, хаадын Хаан” гэсэн байна. Зөвхөн Бурханд л өгөх цолыг Есүст өгсөн бол Есүс бол Ёхова Бурхан гэсэн үг биш гэж үү?
Альфа ба Омега
“Байгаа, байсан, мөн хожим ирэх Төгс хүчит Эзэн Бурхан “Альфа ба Омега нь Би байгаа юм” хэмээн айлдаж байна.” Илч 1:8
“Альфа ба Омега, Эхэн ба Эцэс, Эхлэл ба Төгсгөл нь Би байгаа юм. … Есүс Би …” Илч 22:13-16
Альфа ба Омега нь грек хэлний цагаан толгойн эхний болон сүүлчийн үсэг бөгөөд Ёхова Бурхан бол “Эхэн ба Эцэс, Эхлэл ба Төгсгөл” гэсэн утгатай юм. Харин 22-р бүлэгт Есүс Өөрийгөө “Альфа ба Омега” гэж айлдсан байна. Тийм болохоор Ёхова Бурхан болон Есүс нь нэг юм.
Үг нь махбод болсон нь
“Үг нь Бурхан байв. … Тэрээр ертөнцөд байсан ба ертөнц нь Түүгээр буй болсон атлаа ертөнц Түүнийгээ эс танив. Тэр өөрийнхөндөө ирсэн боловч өөрийнхөн нь Түүнийг эс хүлээн авчээ. Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэгчдэд Тэрээр Бурханы хүүхэд болох эрхийг өглөө. … Үг нь махбод болж, бидний дунд оршин, бид Түүний алдар сууг үзсэн. Энэ нь Эцэгээс цор ганц Төрөгчийн алдар бөгөөд…” Иох 1:1-14
Элч Иохан үг болох Бурхан махан бие болж ирсэн ч бүтээгдсэн бүтээлүүд нь Түүнийг эс хүлээн авсан гэж хэлсэн байна. Махбод болж ирсэн Бурхан нь Есүс биш гэж үү? Хүмүүс Есүсийг хүлээн авч чадаагүй харин ч үгүйсгэсэн. Гэвч Түүнийг хүлээн авагчдад Тэрээр эрхэм дээд алдрын гэрэл болсон бөгөөд Бурханы хүүхдүүд болох эрхийг өгсөн байна.
Би болон Эцэг нэг юм
“Би болон Эцэг нэг юм гэж айлдлаа. Иудейчүүд Түүн уруу чулуудахаар дахин чулуу шүүрцгээв. … иудейчүүд Түүнд —Сайн үйлийн чинь төлөө биш, харин Бурханыг доромжилсны чинь төлөө бид Тан уруу чулуу шиднэ. Учир нь Та хүн байж, Өөрийгөө Бурхан болгож байна гэв.” Иох 10:30-33
Есүс “Би болон Эцэг нэг юм” гэж айлдсан үг нь Өөрийгөө Бурхан болохыг баттай гэрчилж байгаа юм. Харин иудейчүүд өөрсдийн нүдний өмнө байгаа Есүсийг Бурхан гэж хүлээн зөвшөөрөөгүй. Тиймээс хуучин гэрээний хуульд “ЭЗЭНий нэрийг доромжлох аваас үхэх ёстой бөгөөд даяар хотол түмэн түүнийг чулуугаар чулуудаг” (Лев 24:16) гэсэн байдаг тул Бурхан болох Есүсийг тэд чулуугаар чулуудах гэсэн юм. Тэд Есүсийг таниагүй ч Тэрээр Эцэг Бурхан байсан юм.
Есүсийг харсан хүн нь Бурханыг харсан юм
Алгасал баярын шөнө Есүс шавь нартаа сүүлчийн удаа сургаал айлдаж байгааг нь харцгаая.
“Есүс —Зам, үнэн, амь бол Би байгаа юм. … Та нар Намайг мэдсэн бол Эцэгийг минь ч мөн мэдэх болно. … Одооноос эхлэн та нар Түүнийг (Эцэгийг) мэддэг болов. Мөн Түүнийг (Эцэгийг) харсан гэв.” Иох 14:6-7
Библи судалсан хуулийн багш нар бол Есүсийг “Зам, үнэн, амь бол Би байгаа юм” гэж айлдахад нь Өөрийгөө хэн болохыг зааж өгч байгааг нь амархан мэдэх байсан байх. Хуучин гэрээний Библиэс харахад “Зам, үнэн, амь бол Би байгаа юм” гэж айлдаж болох Нэгэн гагцхүү Ёхова Бурхан юм. Ёхова Бурхан махан бие өмсөж энэ дэлхийд ирэхдээ “Есүс” гэсэн нэрээр ирсэн болохоор “Та нар Намайг мэдсэн бол Эцэгийг минь ч мөн мэдэх болно. Одооноос эхлэн та нар Түүнийг харсан гэв” гэсэн юм.
Гэвч 12 шавийн нэг Филип энэ үгийг ойлгоогүй байв. Бусад шавь нар ч бас ялгаагүй байсан байж мэднэ. Филип Түүнд “Эзэн, бидэнд Эцэгээ харуулаач. Энэ л бидэнд хангалттай” (Иох 14:8) гэж хэлдэг. Тэр үед Есүс ихэд харамсан өгүүлдэг.
“Есүс —Би та нартай хамт ийм удаан байхад чи Намайг таньж мэдсэнгүй гэж үү, Филип ээ? Намайг харсан нь Эцэгийг харсан. Гэтэл “Бидэнд Эцэгээ харуулаач” гэж чи яаж хэлнэ вэ? … Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт Надад итгэгтүн. Эс бөгөөс үйлсийн учир Надад итгэгтүн.” Иох 14:9-11
Мөн чанар нь Ёхова Бурхан гэдгийг ухаараагүй байсан шавь нартаа Есүс Өөрийгөө илчилж, Аврагч гэдгийг гэрчилсэн юм. Есүс махан биеэр амьдарч байхдаа Өөрийг нь Христ гэдийг хэнд ч бүү хэл хэмээн шавь нартаа сануулсан байдаг (Мат 16:20). Бүх яруу алдрыг Эцэгт өргө гэж шавь нараа сургаж байсан хамгийн сүүлд цугласан газраа “Та нар нэрээр минь юм гуйвал Би түүнийг чинь үйлдэнэ” (Иох 14:14) гэжээ. Мөн чанар нь Бурхан боловч махан бие өмссөн үед Бурханы Хүүгийн хувиар үүргээ гүйцэтгэсэн. Харин Есүс тэнгэрт одохоос өмнөхөн “Одооноос Миний нэрээр гуйвал залбирлыг чинь сонсож өгнө” гэж амлаад, Ариун Хүүгийн үеийн Аврагчийн нэрийг тунхагласан юм.
Түүний мөн чанар нь Бурханы мөн чанар
“Өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай. Хэдийгээр Тэрээр Бурханы дүр байсан ч, Бурхантай тэгш байхыг булаах гэсэнгүй, харин Өөрийгөө юу ч үгүй болгон боолын дүрийг авч, хүнтэй адил болжээ. Хүн төрхийг олсон Тэрээр Өөрийгөө мөхөс болгож, үхэлд, загалмайн үхэлд хүртэл дуулгавартай байв.” Фил 2:5-8
Элч Паул итгэгчдэд “Христ Есүст байсан тийм бодолтой бай” гэж зөвлөсөн. Есүс Бурханы дүр байсан ч үйлчлүүлэхийг хүсээгүй, үйлчлэх Нэгэний байр сууринд байсан. Биднийг Бүтээгч Эзэний хүү болгон дахин бүтээхийн тулд Тэрээр Бурхан мөн боловч Бурханы Хүү болон ирж Өөрийгөө мөхөс болгон, үхэлд, загалмайн үхэлд хүртэл дуулгавартай байх жишээг үзүүлсэн юм.
Ёховагийн Сүнс бол Христийн Сүнс
“Энэхүү авралын тухайд гэвэл, та нарт ирэх нигүүлслийн тухай эш үзүүлцгээсэн эш үзүүлэгчид анхааралтай судалж, лавлан, өөрсдөд нь байсан Христийн Сүнс аль үе болон хэнийг заасныг нягталж үзжээ. Учир нь Христийн зовлон ба дараа нь ирэх алдрыг Тэр урьдаас айлдсан байжээ.” 1Пет 1:10–11
Шинэ гэрээний сайн мэдээгээр дамжуулан хүлээн авсан нигүүлслийн тухайд элч Петр тайлбарлахдаа хуучин гэрээний эш үзүүлэгчид Христийн Сүнсээр хөдөлгөгдөж нигүүлслийг нь зөгнөсөн гэсэн байна. Харин хуучин гэрээний эш үзүүлэгчид Ёховагийн Сүнс өөр дээр нь байна гэж тэмдэглэсэн байдаг.
“Над дээр Эзэн БУРХАНы Сүнс байна Учир нь зовогсдод сайнмэдээ хүргэж, шаналсан зүрхтэйг нь эдгээн, олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж, хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд Намайг Эзэн тосолсон юм. Намайг Тэр илгээсэн юм.” Иса 61:1
“Эдгээр нь Давидын сүүлчийн үгс юм. ЭЗЭНий Сүнс надаар дамжуулан айлдав. Түүний үг миний хэлэн дээр буй.” 2Сам 23:1-2
Исаиа эш үзүүлэгч дээр ирээд, хожим болох зүйлсийн тухай зөгнөсөн Нэгэн нь Христ бөгөөд Давидаар дамжуулан айлдсан тэрхүү ЭЗЭНий Сүнс Христийн Сүнс байсан юм. Тийм учраас Ёхова Бурхан болон Есүс нь нэг юм.
Олдож болох үед нь ЭЗЭНийг хайгтун
Сая бид Есүсийн тухай Библид зөгнөсөн олон зөгнөлөөс хэдхэн зүйл судалж үзлээ. Мөнх амь бол Бурхан бөгөөд Есүс Христийг мэдэх явдал юм. Есүс Христ хэн болохыг мэдэхгүй байж яаж Бурханыг мэднэ гэж хэлж болох вэ? Есүсийн Өөрөө айлдсан үг эсвэл элч нарын захиаг харахад Есүс бол махан бие өмсөж ирсэн Бурхан юм. Элч нар болон анхны сүмийн итгэгчид Есүсийг Ёхова Бурхан гэж боддог байсан. Тэд итгэдэггүй хүмүүсээс доог тохуу, доромжлол амссан ч үүнд бууж өгөлгүй Христ бол Бурхан гэдгийг гэрчилсэн.
Исаиа эш үзүүлэгч “Олдож болох үед нь Бурханыг хайж, ойр байгаа дээр нь Түүнийг дууд” гэсэн. Бурхан ойр байгаа дээр гэсэн нь махан биеэр байхыг нь хэлж байгаа юм.
“… Давидын төлөөх итгэмжит хайр энэрлийн ёсоор Би та нартай мөнхийн гэрээ байгуулна. … Олдож болох үед нь ЭЗЭНийг хайгтун. Ойр байгаа дээр нь Түүнийг дуудагтун. … Өөрийг нь өрөвдөх ЭЗЭН өөд эргэг, өгөөмрөөр уучлах Бурханд маань эргэг.” Иса 55:3-7
Бурхан махан бие өмсөх үе бол бид Бурхантай уулзаж аврал авах цаг юм. Одоо цаг нь болсон.
* Дэлгэрэнгүй агуулгыг Ан Сан Хун Христийн бичсэн <Ариун Эцэг · Ариун Хүү · Ариун Сүнс · Ариун Гуравын сэнтий нэгийн тайлбар> номноос үзээрэй.