Шавьжнаас сурсан мэргэн ухаан, хамтын оюун ухаан

650 Үзсэн тоо

Нэг үүрний шоргоолжнууд хоол хүнсний үйрмэг зөөн, тун эмх цэгцтэйгээр жагсаалаар явна. Шоргоолжны цуваа явах замаа яв цав мэдэж байгаа аятай эхлэлийн болон төгсгөлийн цэгтээ дорхноо л нийлнэ. Биеэс нь хэдэн арав дахин том хоол хүнс төгс цуваа үүсгэн явах шоргоолжны сүргийн хөдөлгөөнөөр хормын төдийд л алга болно. Харин ганцаараа явж байгаа шоргоолжийг харахаар хамаа замбараагүй тал тал тийш явж, замдаа таарсан болгоноос эв дүйгүй гэгч нь зайлсхийх нь тийм ч ухаалаг харагдахгүй. Харин шоргоолжнууд нэгдэхээрээ хоол хүнсээ нэг дор олчихно. Ёстой гайхалтай.

Гоц гойд математикч, шоргоолж

Хамтын ажиллагаа эсвэл өрсөлдөөнөөр олж авдаг оюуны чадварыг хамтын оюун ухаан гэдэг байна. Энэ нь тухайн хувь хүний оюун ухаанаас хол давсан их хүч, хүчин чармайлт гардаг аж. Америкийн шавьж судлаач Уильям Мортон Вилер шоргоолжны сүргийн үйл ажиллагааг ажиглаж, улмаар хамтын оюун ухааны судалгаагаа эхлүүлжээ. Одоо математикдаа гойд чадварлаг шоргоолж гэгч шавьжтай танилцацгаая.

Ферматын зарчим нь “Гэрлийн цацраг хоёр цэгийн хоорондох зам хамгийн бага байхаар тархдаг” гэж үздэг. Нэг ёсондоо аврагч живж буй хүнийг аюулаас аврахын тулд газраас ус хүртэл хамгийн бага хугацаа зарцуулах замаар явдгийг бодоход л энэ зарчмыг ойлгоход хялбар байх юм.

Ферматын зарчим

Гайхалтай нь шоргоолжнууд ч Ферматын зарчмын дагуу хамгийн бага хугацаа туулах замаар явдаг байна. Германы нэгэн судалгааны баг шалны материал нь хоёр өөр хайрцагт хоол хүнсний юм хийж, хайрцаг дотор хэсэг шоргоолж тавиад, улмаар туршилт хийжээ. Эхэндээ шоргоолжнууд тогтворгүй, эмх замбараагүй явж байснаа сүүлдээ Ферматын зарчмыг мэддэг аятай зам гаргаж эхлэх нь тэр. Хоол хүнс рүү очих замынх нь шалны материал өөрчлөгдөнгүүт хөдөлгөөний хурд өөрчлөгдөхөөр шоргоолжны сүрэг аяндаа замаа оновчтой болгож байжээ.

Шоргоолж явж байхдаа феромон үлдээж, улмаар бусад шоргоолжийг өөртөө татдаг. Феромон илүү хурц байх тусам шоргоолжнууд илүү их татагддаг байна. Эхэндээ шоргоолжнууд санамсаргүй байдлаар хөдөлж байснаа хугацаа өнгөрөх тусам ижил хугацаанд илүү олон шоргоолж явсан хамгийн дөт зам дээр илүү их феромон үлдэж, улмаар үүнийгээ сүрэг шоргоолжны зам болгон сонгосон байна.

Тэдгээр шоргоолжнууд Ферматын зарчмыг хүмүүс шиг ойлгосондоо хамгийн дөт замыг сонгосон юм биш ээ. Ухаалаг стратегич, мундаг удирдагчгүй байсан ч шоргоолжнууд феромон дагаж, хоол хүнсээ олох энгийн дүрмийг ахин дахин давтаж, олон шалгуур сорилт, алдаа эндлийг даван туулж байж, нарийн төвөгтэй асуудлаа шийдсэн юм. Нэг шоргоолжны оюун ухаан гоц гойд биш байж болох юм. Гэвч гол нь тэд хамтдаа, баг болж хийснээрээ мундаг амжилтанд хүрдэг аж.

Зөгий хоорондоо хамгийн сайн санаа нийлдэг

Хаврын сүүлээр зөгийн ам бүл олширч нэмэгдэн, үүрэндээ дүүрэн зөгий багшралддаг тул шинээр үүр бэлдэх болдог байна. Эхлээд скаут буюу туршуул зөгийнүүд оршин суух тохиромжтой газар хайн, дүнгэнэлдэн нисэж, эрэл хайгуул хийнэ. Гэр барих зөв газраа олчихоороо тэд сүрэг рүүгээ буцан ирж, сүүлээ годгонуулан шарвана. Энэ нь тэд бусад зөгийндөө гоё газар олчихлоо гэж хэлж байгаа арга аж.

Скаут зөгийнүүд сүүлнийхээ үзүүрийг годгонуулан, богино зайд урагш нисэлдэн, 8 тооны хэлбэр гарган, улмаар анх эхэлсэн газар руугаа буцан ирнэ. Бүжиглэх мэт харагдах энэ үйлдлээ тэд давтан хийнэ. Энэхүү бүжих мэт хөдөлгөөн нь зөгийнүүдийн өөр хоорондоо харилцах харилцааны арга хэрэгсэл юм. Шулуун шугамаар бүжих хугацаа нь тэдний олсон байршил хэр хол байгааг зааж, 8 тооны хэлбэрээр өнцөг үүсгэх нь тухайн олсон газрынхаа зүг чигийг заадаг байна.

Скаут зөгийний бүжиглэхийг хараад бусад зөгийнүүд нь санал болгосон тэр газрыг нь шалгахаар нисэцгээдэг байна. Шалгасныхаа дараа хэрэв тэр газар нь таалагдвал сүрэг зөгийнийхөө өмнө буцаж ирээд бүжиглэх байдлаар тэр газрыг дэмжиж байгаагаа харуулдаг байна. Бусад зөгийнийхөө дэмжлэгийг олохгүй бол скаут зөгий цаашдаа бүжиглэхээ больж, нөгөө газраас татгалздаг аж. Энэ явц давтагдахын хэрээр бүр илүү олон зөгий шийдвэр гаргахад оролцож, хамгийн олон зөгий зөвшилцөн санал нийлсэн хамгийн гоё газрыг нь оршин суух газраа болгон сонгодог байна.

Мундаг уран барилгач морин шоргоолж

Африкийн бэлчээр, өвсөрхөг газраар хачин содон хэлбэртэй, 3 метр гаруй өндөртэй цамхаг мэтийн зүйл харагддаг. Мод бутан дунд ийм том баримлыг хэн барьдаг байна аа гэж та бодож магадгүй л дээ. Гэвч гайхалтай нь энэ том цамхгуудын уран барималч нь морин шоргоолж. Ердөө 5 милометр урттай морин шоргоолж 3 метр гаруй өндөр байшин барина гэдэг нь хүн мянга гаруй метр өндөртэй тэнгэр баганадсан барилга барихтай дүйцэх юм. Дэлхийн хамгийн өндөр барилга (Дубайн Бурж Халифа) 830 метр өндөр гэхээр морин шоргоолжны чадвар үнэхээрийн бишрэм ер бусын юм.

Бат бөх багана шиг шовх өндөр морин шоргоолжны тэдгээр үүр цамхаг мэт байшингийнхаа гадаргуу дээрх нүхээр холбогдсон нарийн ээдрээтэй олон хаалга үүд, гарцтай. Хонгилд нь авгалдай өсгөх үржүүлгийн өрөө, мөөг тариалах хүлэмж, хүнсний агуулах гээд олон өрөөг урт хонгилоор холбосон асар том үүр бий.

Морин шоргоолжнууд мөөгөөр хооллодог нь бодисын солилцоонд нь тустай байдаг байна. Мөөг тариалах хэдэн зуун мянган морин шоргоолжны ялгадас асар их хэмжээний нүүрстөрөгчийн давхар исэл, дулаан ялгаруулна. Мөн морин шоргоолж хэврэг эмзэг арьстай тул хуурай цөлийн уур амьсгалтай ч чийглэг орчин шаардлагатай байдаг байна.

Харин өндөрлөж барьсан өнөөх үүр нь дулаан болон чийгийг зохицуулж байдаг агааржуулалтын системийн үүрэг гүйцэтгэдэг тул морин шоргоолжнууд хуурай, таагүй нөхцөлтэй цөлд амьдарч чаддаг байна. Халуун, хуурай агаар үүрийнх нь орой хэсэг рүү явж гадагшлан, харин гаднаас орж ирэх хүйтэн салхи үүрний доод нүхнүүдээр орж, халуун агаарыг дахин түлхэн гаргана. Энэхүү үр ашигтай бүтэц зохион байгуулалттай морин шоргоолжны үүр нь цаг агаарын ямар ч нөхцөлд 27℃ хэм болон 60%-н чийгшлээ хадгалж байдаг байна.

Зимбабве улсын Хараре дахь “Eastgate” худалдааны төвийг морин шоргоолжны үүрнээс санаа авч барин, эрчим хүч төдийлөн их зарцуулахгүйгээр дундаж температур болон чийгшлээ хадгалж байхаар зохион бүтээсэн байна. Үр дүн нь маш сайн байлаа. Уг худалдааны төв Африкийн аагим зуны цаг агаарт ч хүртэл агааржуулагчгүйгээр 25℃ хэмээс бага тохиромжтой нөхцөлөө хадгалж, зарцуулсан эрчим хүч нь мөн адил хэмжээтэй барилгын зарцуулсан эрчим хүчний 10%-тай дүйцэж байжээ.

Оюун ухаан гээд байх юмгүй, хараа байхгүй энэ мэт өчүүхэн жижиг шавьжнуудад уран барилгын хийц дизайн, зураг төсөл, шинжлэх ухааны мэдлэг байхгүй шүү дээ. Морин шоргоолжнууд амьд үлдэхийн тулд наад захын жирийн дүрмээ даган, хамгийн сайн үүр барих гэж хамтран ажилладаг нь гайхамшигтай.

Эрдэмтэд шавьжны хамтын оюун ухааныг дуурайлган, нэг том иж бүрэн робот биш, хэд хэдэн жижиг энгийн роботууд хамтран ажиллах систем боловсруулж байна. Тэднийгээ судсаар явах нано робот юм уу эсвэл аврах ажиллагааны газарт байрлуулсан робот байдлаар ашиглах төлөвтэй байгаа аж. Хамгийн дөт замыг олох гэх шоргоолжны гоц гойд чадварыг дуурайлгасан компьютерийн программыг замын хөдөлгөөн, маршрут, харилцаа холбооны сүлжээ зэргийг урьдчилан таамаглах болон оновчтой болгоход ашигладаг байна.

Удирдагч, даргагүй хэр нь нэг нэгтэйгээ хамтран ажилладаг өчүүхэн жижиг, шалихгүй хорхой шавьжнуудын бий болгосон дээд зэргийн, гоц гойд чадвар, хамтын оюун ухаан нь өчүүхэн дорой ядмаг хорхой шавьжинд өгсөн тэнгэрийн ерөөл гэлтэй.

“Яв, шоргоолж юу хийдгийг хар, ухаан суу, залхуу минь. Ямар ч ахлагч, харгалзагч, захирагч тэдэнд үгүй атал зунаар тэжээлээ бэлдэж, ургацаар хүнсээ цуглуулдаг.” Сур.Үгс 6:6-8

Эх сурвалж
Peter Miller, The Smart Swarm, Deseret News Publishing Company, 2018
Go Ho-gwan, What? Ants Know Fermat’s Principle? (in Korean, 개미가 페르마의 원리를 안다고?), Science Donga, July 2013
Lee In-sik, Group Intelligence of Ants, Bees, and Fish Changes the Future of the World? (in Korean, 개미, 벌, 물고기의 ‘떼지능’이 미래 세상 바꾼다), JoongWAng Sunday, May 19, 2013