Зөвт хүмүүсийн ертөнц болон нүгэлтнүүдийн ертөнцийн ялгаа юу юм бол? Зөвт хүмүүсийн ертөнцөд “Уучлаарай” гэдэг үг байдаггүй гэнэ. Эсрэгээрээ нүгэлтнүүдийн ертөнцөд “Уучлаарай. Бүгд миний буруу” гэдэг үг байнга л сонсогддог гэнэ.
Тэгвэл та бүхэн зөвт хүмүүсийн ертөнцөд амьдрахыг хүсэж байна уу, нүгэлтнүүдийн ертөнцөд амьдрахыг хүсэж байна уу?
Энд зөвт хүмүүсийн ертөнц гэж жинхэнэ зөвт хүмүүсийн амьдардаг ертөнцийг хэлээгүй. Жинхэнэ тийм ертөнц нь тэнгэрийн оронд л байх боломжтой. Энэ дэлхийд өөрийгөө зөвт гэж бодон амьдардаг хүмүүс үй олон байдаг учраас миний энд дурдаад байгаа зөвт хүмүүсийн ертөнц гэдэг нь өөрийгөө зөвт гэж бодон амьдардаг хүмүүсийн ертөнцийг хэлж байгаа юм. Тийм хүмүүс амьдардаг ертөнц нь ямар юм бол?
Гэрийнхэн нь бүгд өөрийнхөө зөв гэж заргалддаг нэгэн айл байжээ. Нэг өдөр аав нь үнэтэй шаазан ваар худалдаж аваад нандигнан хайрлаж байсан юмсанж. Тэгтэл хэд хоногийн дараа жаал хүү нь өрөөнд тоглож байгаад тавиур дээр байсан вааранд хүрч унаган, олон хэсэг болгон үйрүүлж орхив гэнэ. Хажуунаас нь харсан эмээ нь галзууртлаа уурлаж, “Энэ гайхлыг дээ, би гадаа гарч тогло гэж хэлээгүй юү? Хар даа, эцэст нь ийм юм болж байгаа юм!” Эмээ нь ач хүүгээ саваадан загнаж байтал гал тогоонд байсан бэр нь гүйн орж ирээд хадам ээждээ хандан “Үгүй ер, та өчүүхэн юмыг юундаа сүр бадруулаад байгаа юм. Та сайн харж байсан бол ийм юм болох уу?” гээд уурлахад хадам нь “Чи юундаа над руу хашхираад байгаа юм бэ?” гэв. Эцэст нь хадам бэр хоёрын хооронд бөөн хэрүүл болж гэнэ. Ажлаа тараад ирсэн аав нь хайрлан гамнаж байсан ваар нь хагарсан, үүнээс болж гэрээр дүүрэн хэрүүл болсныг хараад уур нь шатан чанга дуугаар “Та нарыг харахаас нүд хорсож байна. Бүгд гарцгаа!” гэж хашхирчээ.
“Надад ямар ч буруу байхгүй. Бүгд чиний буруу.” Энэ нь зөвт хүмүүсийн ертөнцийнхний сэтгэлгээ юм. Нүгэлтэй гэмтэй хүн гэж байхгүй, бүгд л зөвт болох гээд үзчихдэг болохоор тийм ертөнцөд байнга л хэрүүл маргаан гарч, эвдрэлцэл тасардаггүй байна.
Яг ижил ийм нөхцөл байдалд эсрэгээрээ нүгэлтнүүд амьдардаг айл гэрийг авч үзье. Энэ гэр бүлийн аав ч бас үнэтэй шаазан ваар худалдан авч тавьтал хүү өрөөнд тоглож байгаад хагалж орхижээ. Эмээ нь гүйж ирээд “Өө яана аа, миний хүү зүгээр үү? Эмээ нь л сайн харж хандаагүйгээс боллоо. Миний буруу. Өмнө нь болгоомжтой бай гэж хэлэх ёстой байсан юм” гэж ач хүүгээ тайвшруулна. Ваар хагарах чимээнээр орж ирсэн бэр нь ч бас ингэж хэлж байна гэнэ. “Яана аа, уучлаарай, ээж ээ, миний буруу. Өчигдөр ваараа нэг л тэнцвэргүй тавьчихаж гэдгийг нь мэдсэн хэрнээ дараа засаж тавья гэж бодож байгаад мартчихаж. Тэгээд л ийм… Миний буруу” гэжээ. Болсон бүгдийг нэг бүрчлэн хажуунаас нь харсан аав нь ч мөн “Ийм юмаар энэ хэдийнхээ сэтгэлийг өвтгөсөн нь миний буруу. Би ваар худалдаж авч ирээгүй байсан бол… Миний буруу” гэж хэлжээ. Ваар хагарсан ч гэсэн энэ гэрийнхэн энэ хэргээс болоод харин ч бүр эв найртай болжээ.
Ямар вэ дээ? Та нар зөвт хүмүүсийн ертөнцөд нь амьдармаар байна уу, нүгэлтнүүдийн ертөнцөд амьдармаар байна уу?
Есүс ч гэсэн зөвтийг бус, нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн гэж айлдсан.
“Харин явж “Би тахилыг бус, энэрлийг хүсдэг” гэсэн нь ямар учиртайг мэд. Учир нь Би зөвтийг бус, харин нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэв.” Мат 9:13
Зөвт хүмүүсийн ертөнцөд “Би сайн хийсэн ч чи алдаа гаргаснаас болоод ийм хэрэг гарсан” гэх мэт үг голдуу хэрэглэгддэг бол нүгэлтнүүдийн ертөнцөд “Би арай илүү санаа тавьсан бол ийм хэрэг гарахгүй байх байсан. Бүгд миний буруу. Уучлаарай. Өршөөгөөрэй” гэх үг л байнга хэрэглэгддэг. “Надад буруу байхгүй. Буруу зөвхөн чамд л байна” гэх нь сүм доторх эвдрэлцлийг, дүүргийн эвдрэлцлийг, хорооны эвдрэлцлийг хөхүүлэн дэмжиж, эцэст нь итгэгч нарын дунд муу нөлөө авчирдаг. Бид нүгэлтэн гэдгээ ухаарч, тэр бүх нүглийн үр дүн надаас болсон гэж үргэлж бодох үед бидний итгэл зөв болж, Бурханы хүслийг биелүүлж чадна. Би нүгэлтэн болох үед л нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн Бурханы хүслийг сая нэг даган, сүнс аварч чадна.
“Тэр өдрүүдэд баптисч Иохан Иудейн цөлд гарч ирэн, тунхаглахдаа —Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй гэж байлаа.” Мат 3:1-2
“Тэр цагаас эхлэн Есүс —Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй гэж тунхаглаж эхлэв.” Мат 4:17
Гэмших хэрэгтэй хүмүүс бол нүгэлтнүүд. Бид тэнгэрийн хаанчлалыг хүсэж байгаа л бол нүгэлтнүүдийн байр байдалд зогсох хэрэгтэй. Мэдээж тэнгэрийн оронд үйлдсэн нүгэлдээ гэмших ёстой ч бид энэ дэлхийд зөвт хүмүүс шиг амьдарч ирсэндээ ч мөн гэмших хэрэгтэй. Тэнгэрийн хаанчлал ойртох тусам гэмшицгээ гэж айлдсан болохоор бид христчин хүний амьдралаар амьдрах явцдаа өөрийгөө зөвт хүн гэж эндүүрч байсан бүхэндээ гэмшиж, өөрсдийгөө засацгаая.
“Өөрсдийгөө зөвт хэмээн өөрсдөдөө итгээд, бусдыг басамжлагч хэсэг хүмүүст хандан энэ сургаалт зүйрлэлийг айлдав. —Хоёр хүн залбирахаар сүмд оржээ. Нэг нь фарисай, нөгөө нь татвар хураагч байж гэнэ. Фарисай хүн зогсоод өөртөө залбиран “Бурхан, Тандаа би талархъя. Юу гэвэл би бусад хүмүүс шиг зальхай, шударга бус, завхай биш, энэ татвар хураагч шиг ч биш. Би долоо хоногт хоёр удаа мацаг барьж, олсон бүгдийнхээ аравны нэгийг өргөдөг” гэв. Харин татвар хураагч нь зайдуу зогсоод, тэнгэр өөд харж ч зүрхлэлгүй, харин цээжээ дэлсэн байж, “Бурхан минь, нүгэлт намайг өршөөгөөч” гэв. Би та нарт хэлье, фарисай нь биш, харин энэ хүн зөвтгөгдөн гэртээ харив. Учир нь өөрийгөө өргөмжилдөг бүгд номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагсад өргөмжлөгдөнө гэв.” Лук 18:9-14
Бид өөрсдийгөө даруу байлгадаг хүн болох ёстой гэдгээ мэдэж байгаа ч яаж даруу байх ёстой аргыг хааяа мэдэхгүй байх нь бий. Даруу хүн болох анхны алхам нь “Уучлаарай”, “Бүгд миний буруу” гэж хэлж чаддаг нүгэлтэн болох явдал юм. Тиймээс Есүс ч мөн татвар хураагч болон фарисай хүний сургаалт зүйрлэлээр дамжуулан өөрийгөө даруу болгох аргыг тайлбарлаж өгсөн.
Дараах түүх бол Японы империализмын үед болсон явдал гэнэ. Харин өнөөх шавь нь амьдралдаа ханын цаас гэдэг юм үзэж байгаагүй тул ханын цаасны ар өврийг ялгаж чадахгүй байж гэнэ.
Хэсэг хугацааны дараа багш нь буцаж ирээд хартал нөгөө сурагч цавуудаж дууссан ч ханын цаасныхаа нүүрэн талд цавуу түрхчихсэн байв. Тэрхэн агшинд багшийнх нь царай хувьсхийж, самгардсан нь илт байв. Сурагч сая л нэг их том алдаа гаргасан гэдгээ ухаарч, “ийн ийн” гээд уйлж гарав. Тэгтэл багш нь сурагчаа тайвшруулан, “Битгий уйл даа. Энэ бүгд миний буруу. Чамд цавуудах арга зааж өгөөгүй маань нэг дэх буруу. Чамтай хамт хийх ёстой байсан ч хамт байж чадаагүй маань хоёр дахь буруу. Мөн чамайг анх удаа хийж байгааг чинь мэдээгүй маань миний гурав дахь буруу” гэж хэлжээ.
Багшийнхаа ийн хэлсэнд шавийнх нь сэтгэл гүнээ хөдөлж, өөрийнх нь буруу байсаар байтал багш нь уурлаж загнахаасаа илүү харин ч эсрэгээрээ бүх бурууг өөртөө тохон, яаж цавуудахыг илүү нарийн тодорхой, ойлгогдохоор заагаагүйдээ өөртөө хариуцлага тохож байв гэнэ. Нөгөө шавь нь насан туршдаа багшийнхаа даруу зангаас үлгэр аван амьдарсан гэнэ лээ.
Есүс тэнгэрийн хаанчлал бидний сэтгэл дотор байдаг гэж айлдсан. Өөрсдийгөө зөвт хүмүүсийн ертөнцөд биш нүгэлтнүүдийн ертөнцөд байлгаж, нүгэлтэн байсан гэдгээ дахин нэг удаа бодоод, нүгэлтнүүдийн хэрэглэдэг даруу үг хэллэг байнга хэрэглэвэл бид бүх хүнд баяр баясгалан өгч, бүх хүний сэтгэл дотор тэнгэрийн хаанчлалыг байлгах болно.
Хэдийгээр бид авралын зар хичээнгүйлэн тарааж, мөргөлөө ч байнга тэмдэглэж байгаа ч тэглээ гээд өөрийгөө дөвийлгөн зөвт хүн гэж эрдэж болохгүй. Бусдыг ч “Энэ зангаа засаарай”, “Яагаад тэгсэн юм?” гэх зэргээр өөлөх ёсгүй. Эдгээр нь тэнгэрийн хаанчлалын үг хэллэг биш юм. “Уучлаарай”, “Миний буруу” гэх зэрэг нүгэлтнүүдийн ертөнцөд ердийн хэрэглээ болгон хэрэглэдэг эдгээр үгс л тэнгэрийн хаанчлалын үгс юм. Тэнгэрийн хаанчлалын иймэрхүү үг хэллэгийг бид тогтмол хэрэглэх хэрэгтэй. Тэнгэрийн хаанчлалын үгсийг сонсох тусам баяр баясгалан, эр зориг, өөртөө итгэх итгэл улам бүр хоногшиж, бид бүгдийн сэтгэл нэг болдог.
Ар гэрт ч мөн адил. Бид нүгэлтэн гэдгээ ухаарвал ар гэрт маань хүүхдийн хүмүүжилд ч аяндаа сайнаар нөлөөлдөг. Ер нь хүүхдүүд томчуудын хийж байгаа зүйлийг хараад тэр хэвээр нь дагаж хийдэг учраас тэднийг “том хүний толь” гэдэг. Эв найртай айлын хүүхдүүд айл гэр болж тоглохдоо ч “Хань аа, сайн яваад ирээрэй” гэж найрсгаар дуурайдаг байхад эцэг эхийнхээ үргэлж муудалцаж хэрэлдэхийг харж өссөн хүүхдүүд хэрүүл маргааныг нь дуурайн нүүр нүдээ янз бүр болгон тоглодог. Аав ээж нь бие биенээсээ миний буруу гэж уучлал гуйхыг нь сонсож өсөх хүүхэд том болоод ч бусдыг халамжилж чаддаг болно.
Сүм дотор ч, ар гэр дотор ч, ер нь хаана ч байсан бүх юм бүтэмжтэй байг гэсэндээ Христ 2000 жилийн өмнөөс биднийг нүгэлтнүүд гэдгийг ухааруулж өгсөн. Мөн Христэд зөвт хүмүүс хэрэггүй гэж айлдсан. Бурхан зөвт хүмүүс хэрэггүй гэж айлдсан байхад өөрсдийгөө зөвт хүн болгох гээд байж болохгүй. Христ сүрхий царайлдаг зөвт хүмүүсийг биш нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн. Эргэн тойрныхоо хүмүүст чин сэтгэлээсээ “Уучлаарай”, “Миний буруу”, “Цаашдаа илүү нухацтай бодоод дахин ийм алдаа гаргахгүй байхыг хичээнэ ээ” гэх мэт уярам үгсийг байнга хэрэглэж, үйлдлээрээ тийн хийх гэж хичээгээд үзэцгээе. Чин сэтгэлээсээ ийнхүү хүлцэл эрвэл тэр мөчид бүх хүний зүрхэнд тэнгэрийн хаанчлал орших юм.
Зөвт хүн болох гэж дүр эсгэх тусам эргэн тойрныхондоо тамд байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, харин нүгэлтний хувьд даруу болох тусам эргэн тойрныхоо хүмүүсийн сэтгэлд тэнгэрийн хаанчлалыг мэдрүүлэх болно. Сүмд ч, ар гэртээ ч өөрсдийгөө тэгж даруу болгоцгооё. Тэгвэл анхандаа загнаж, зэмлэж байсан ойр тойрны хүмүүс маань ч гэсэн бага багаар тэнгэрийн хаанчлалын үг хэллэгийг сурах болно.
“Та нар газрын давс. Хэрэв давс амтаа алдвал хэрхэн буцааж давслаг болгох вэ? Энэ нь гадагш хаягдаж, хүмүүсийн хөл дор гишгэгдэхээс өөр юунд ч хэрэг болохгүй. Та нар ертөнцийн гэрэл мөн. Уулан дээрх хот нуугдаж үл чадна. Хэн ч дэнлүү асаагаад савны доор тавьдаггүй, харин дэнлүүний суурин дээр тавьдаг. Тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг билээ. Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг чинь алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.” Мат 5:13-16
Анхны сүмийн үеийн ариун хүмүүс Есүсийн дээрх үгсийг дуулгавартай дагаж, түүний улмаас Ариун Сүнс цаг үргэлж тэдний дээр оршиж байсан юм. Сүүлчийн энэ үед ч Бурханы сүмийн итгэгчид бид энэ үгийг хэрэгжүүлбэл Ариун Сүнсний хүч цаг ямагт бидний дээр байх болно.
Заавал миний зөв гэж биеэ өмгөөлж хамгаалахгүй байсан ч хүнд таван мэдрэхүй гэгч зүйл байдаг болохоор зөв хийсэн бол зөв нь зөвөөрөө, буруу хийсэн бол буруу нь буруугаараа бүгд л мэдэгдэнэ шүү дээ.
“Уучлаарай. Бодоод байсан чинь миний буруу байсан байна. Би энэ талаар хэт яарч, болчимгүй алдаа гаргажээ. Ийм алдааг давтахгүйг хичээнэ ээ.” Хэн нэгний алдааг буруутгахаасаа өмнө эхлээд энэ мэт үг хэлбэл бие биеэ буруутган зэмлэх гэхээсээ илүү нэг нэгэндээ санаа тавих сэтгэл төрнө.
Бусдын алдааг хүртэл хаацайлах нь Христийн ухаан юм. Христ тийм сэтгэлээр тэнгэрийн хаанчлалаас энэ нүгэлт дэлхий хүртэл ирээд, Өөрөө нүгэлтний байр сууринд зогсон, бидний оронд нүглийг маань үүрч, загалмайд цовдлогдсон. Христийн ийм л ухааныг бид сурч, амьдралдаа хэрэгжүүлж чаддаг байх хэрэгтэй.
“Петр тэдэнд —Гэмшигтүн, хүн бүр Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Ингэснээр та нарын нүгэл уучлагдаж бас та нар Ариун Сүнсний бэлгийг авах болно. … аврагдагтун… Ийнхүү түүний үгийг хүлээн авагсад баптисм хүртэцгээв. Тэр өдөр гурван мянга орчим хүн нэмэгджээ. Тэд, элч нарын сургаалд мөн нөхөрлөлд, талх хуваалт, залбиралд өөрсдийгөө зориулдаг байлаа. … Өдөр бүр тэд нэг сэтгэлээр сүмд цуглаж, талхаа айлуудад хувааж, талархал хийгээд өгөөмөр зүрхээр хооллоцгоон, Бурханыг магтаж, хамаг ардын хайр хүндэтгэлийг олж байв. Эзэн, аврагдагсдыг тэдэн дээр өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа.” Үйл 2:38-47
Анхны сүмийн итгэгчид бүх ардын хайр хүндэтгэлийг олж байсан гэж энд тэмдэглэжээ. Тэд зөвхөн Библийн үнэнийг л тунхагласан бол харь үндэстнүүд тэднийг магтаж хүндэтгэхгүй байх байсан. Тэдний тунхагласан үнэн хэдий баттай байсан ч үйлс нь бас сайхан байсан учраас тэд Бурханыг алдаршуулж байсан юм.
Хүмүүс өдөр бүр цуглаж, уулзаж байхад яаж зөрчилдөөн гарахгүй байх билээ? Хайртай хосын хооронд ч хурим хийгээд өдөр бүр хамт амьдраад үзэхээр хэн хэнийх нь алдаа ихсэж, бие биендээ анхаарал тавих нь муудан шархлуулах нь ч бий. Харин анхны сүмийн итгэгчид өдөр бүр баяр хөөртэйгөөр, чин сэтгэлээсээ уулзаж, цуглаж байсан нь тэдэнд баяр хөөр өгч чадах ямар нэгэн зүйл байсан учраас тэр. Мэдээж Ариун Сүнсний түүх ч байсан, өөр олон хүчин зүйл байсан ч хамгийн том шалтгаан нь тэд бүгд нүгэлтэн гэдгээ ухаарсан байж.
Анхны сүмийнхэн өөрсдийгөө нүгэлтнүүдийн ертөнцөд байлгасан. Өөр хоорондоо нүгэлтний хувиар миний буруу гэж уучлал хүсэн, өөрсдийн зан чанараа засах гэж хичээж байж. Ингэх тусам нь тэдэнд баяр хөөр ундарч байсан. Хүн угаас төгс бус оршихуй гэдгийг ухаарч, тэр дутуугаа хүлээн зөвшөөрөн бие биендээ зааж, хөтөлж байсан болохоор өдөр бүр цугласан ч талархал хийгээд өгөөмөр зүрх сэтгэлээр үргэлж дүүрэн байжээ. Тийм болохоор хамаг ардын хайр хүндэтгэлийг олж, сайн мэдээ тасралтгүй өргөжиж, аврагдагсдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байсан аж.
Бид тэнгэрийн хаанчлалын ард түмэн. “Уучлаарай”, “Миний буруу” гэх мэт тэнгэрийн хаанчлалын үг хэллэгийг сайн хэрэглэдэг байх ёстой. Ертөнцийн хүмүүсээс ч “Үнэнийг нь сайн мэдэхгүй ч үйлс нь үнэхээр өө сэвгүй. Бурханд итгэдэг хүн тэдэн шиг л үйлстэй баймаар даа” гэсэн магтаал сонсох Бурханы хүүхдүүд болцгооё.
Тэгье гэвэл бусдын төлөө золиос ч их гаргаж, гарз хохирол ч их амсах хэрэг гарна. Өөрт алдагдалтай ч бусдад ашиг тус, баяр баясгалан өгнө. Энэ нь л Христийн сэтгэл юм. Яагаад Христ зөвтийг бус, харин нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн гэснийг дахин нэг удаа сэтгэл зүрхэндээ гүн сийлж, нүгэлтний хувиар амьдрахыг хүсэх байна.
Одоо тэнгэрийн хаанчлал нүдний өмнөхөн ирсэн байна. Христ тэнгэрийн хаанчлал ойртох тусам “Гэмшицгээ” гэж тушаасан. Өөрийн бурууг хүлээн зөвшөөрч, засахыг хичээж байгаа нь чин үнэнээсээ гэмшье гэсэн нүгэлтнүүдийн сэтгэл юм.
Дан ганц үнэний үгийг тунхаглах нь авралын зар биш юм. Христийн сургаалыг тэр хэвээр нь дагах нь ч бас авралын зар юм. Сүмд гэр бүлүүд христчин хүн шиг ивээлтэй төрхөөр амьдарч байгааг хараад харь үндэстнүүдийн сэтгэл хүртэл хөдөлж, ивээлийн өргөө рүү ирцгээх юм.
Хэцүү ч гэсэн одооноос тэнгэрийн хаанчлалын үг хэллэгийг дадал болгоцгооё.
“Уучлаарай.” “Миний буруу.”
Эдгээр үгсийг их хэлэх тусам тэнгэрийн хаанчлалын хүмүүс тэр хэмжээгээр өсөн нэмэгдэж, тэнгэрийн хаанчлал нэг л мэдэхэд тулаад ирнэ.