Эдүгээ сайн мэдээний ажил Бурханы төлөвлөсөн ёсоор биелж, дэлхийгээр нэг тарж бутраад байсан тэнгэрийн гэр бүлүүд ар араасаа Сион руу тасралтгүй цутган ирсээр байна. Сайн мэдээ болон Бурханы ариун нэрийг бүх үндэстэнд тунхаглах алхаа дэлхийг донсолгож байгаа болохоор талархахаас өөр аргагүй нь.
Сионы ах эгч дүү нарын хувьд сайн мэдээ тараана гэдэг хэдийнээ амьдралынх нь нэг хэсэг болсон байдаг. Одоо Бурханы сургаалыг хэм хэмжүүрээ болгон, хэрхэн сайн мэдээний зохистой амьдралаар амьдрахыг дахин нэг тодруулцгаая.
Бид хичээнгүйлэн залбирч, Бурханы үг сурч, авралын зар тараах зэргээр сайн мэдээнд зохистойгоор биеэ авч явахын төлөө хичээж байгаа. Амьдралын ийм хэв маяг нь бидний сэтгэл оюунаас гардаг. Тиймээс сайн мэдээнд зохистой дүр төрх нь Бурханы хүсдэг, Бурханыг баярлуулах сэтгэлээс бий болдог юм. Бусдад ямар ч гэм хор учруулалгүйгээр сүнслэг туслалцаа үзүүлэх үедээ л бид сайн мэдээний зохистой хэв маягаар амьдарч чадна гэдгийг Библид тодорхойлжээ.
“Ингэж зүдэж зүтгэж байж л дорой нэгэндээ тус болох ёстойг би та нарт бүх талаар үзүүлсэн. Мөн Эзэн Есүсийн айлдсан “Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй” гэсэн үгийг санагтун гэж хэлэв.”Үйл 20:35
Сайн мэдээн дотор биднээс Бурханы хамгийн их хүсдэг зүйл нь бусдаас авах гэлгүй, хайрыг суурь болгон их бага ямар нэг хэмжээгээр бусдад өгөх гэсэн дүр төрх маань юм. Хайрын талаар, Бурханаас ерөөл авах аргын талаар бүрэн дүүрэн ойлгоогүй үедээ бид хөрш нийгэмдээ хор хөнөөл учруулж, улмаар Бурханаас ерөөл ч авч чадахгүй.
Бусдад тусламж үзүүлэх үед бид Бурханы ерөөл авна. Үхэж байгаа сүнсэнд амийн замыг зааж өгөх нь хамгийн том тус юм. Паул элч энэ тал дээр үлгэр дуурайл үзүүлж, Бурханы агуу ерөөлийг хүртсэн.
Сайн мэдээний амьдралын хэв маяг маань ямар байгааг эргэн нэг харцгаая. Хайр авах байранд зогсож байна уу, эсвэл өгөх байр сууринд байна уу? “Бурхан яагаад үүнийг надад өгөхгүй байна вэ? Ийм ерөөлийг яагаад надад өгдөггүй байна?” гэж бодохын оронд “Биднийг аварч, хамгаалах гэж Бурхан хичнээн их зүтгэл гаргаж байгаа билээ? Бүх зөгнөлөө гүйцээхийн тулд зургаан мянган жил амралтгүй ажиллаж байгаа нь агуу ивээл байтал Бурхандаа би юу хийж чадах вэ?” гэх мэтээр Бурханы ивээлд хариулахыг хичээж амьдарвал сайн мэдээний илүү бялхам үр жимс гаргаад зогсохгүй Бурханыг баярлуулна.
Сайн мэдээнд зохистой байдлаар биеэ авч явъя гэвэл юун түрүүнд бусдад туслахыг хичээх хэрэгтэй. Хэрвээ бид авах байр сууринаас хандан, бусдад төвөг болох юм уу эсвэл бусдад сэтгэл санаа, эд материалын хохирол учруулбал хэрхэн бид сайн мэдээнд зохистойгоор биеэ авч явах билээ? Хүнд өгөх гэхээсээ илүү зөвхөн авах гэдэг хүн цангаагаа тайлах гэж далайн ус уухтай адил юм. Уух тусам улам илүү цангадаг учраас сэтгэл нь хэзээ ч ханадаггүй. Тэгээд нэг л мэдэхэд байнга л гомдол дургүйцэл гаргахаас өөр хийх юмгүй болж, хүссэнийг нь хангаж өглөө ч сэтгэл нь ханахгүй. Бурхан хичнээн бялхтал ерөөсөн ч удалгүй дахиад л хов хоосон болсон мэт тасралтгүй шалж шаардсаар байдаг.
Эсрэгээрээ Бурханы ивээлд талархан сайн мэдээний түүхэнд оролцдог хүн өөрөө хэдийгээр дутуу дулимаг байсан ч яавал бусдад жаахан ч атугай тус нэмэр болох уу, Бурханы ажилд юугаар туслах уу гэдгийг бодоод үргэлж Бурхандаа баяр баясгалан өргөх гэдэг. Тэгж байж тэрээр өөрөө ч өөдрөг итгэлтэй болж, итгэлийн амьдрал нь ч ерөөгддөг юм.
Библийн бүх түүхийг судалж үзэхээр үргэлж өгч байдаг хүн ерөөл хүртэж, үргэлж авах гэдэг хүн эсрэгээрээ ерөөлөө алдаж байсан тохиолдлууд их гардаг.
Бурхан биднийг цаг үргэлж бүрэн төгс хайрладаг. Яг энэ мөчид ч хүртэл Бурхан бидэнд хайраа тасралтгүй зориулсаар байгаа. Цусаа урсган байж биднийг хайрлан, махаа тастан байж мөнх амь өгсөн шүү дээ. Үхэх заяатай нүгэлтэн бидний л төлөө махан бие гэх асар нөмрөн энэ газарт ирсэн.
2000 жилийн өмнө байгуулсан шинэ гэрээний хууль дүрэм диаволын улмаас хуучирч хоосорсон тул Бурхан 3 удаагийн 7 баяр болон бусад бүх хууль тушаалаа сэргээж, тэнгэрт ч, газарт ч, газрын доор ч хэн ч авчирч чадахгүй амийг сүүлчийн энэ үед аврагдах хүүхдүүдийнхээ төлөө соёрхсон ажээ.
Зөвхөн Христ л амийг өгч, бүхнийг сэргээж чадах тул зовлонт махан биеийн хувцсыг дахин нэг удаа өмссөн билээ. Бурхан энэ бүхнийг үнэ хөлсгүй өгөхөөр энэ газарт ирсэн тул Өөрийнх нь амьдрал доромжлол, зовлон, золиосоор дүүрэн байлаа. Бүтээгч Бурхан болох Христ биднээс юу ч авах гээгүй юм. Харин бидэнд юм бүхнийг өгөхийг л хүссэн билээ.
Бид сайн мэдээ хөгжихийг, сайн мэдээний олон үр жимс гаргахыг хүсэж байгаа. Үүний тулд одооноос бид бусдад тусалдаг, бусдын сайн сайхны төлөө эрмэлздэг байх хэрэгтэй. Хүмүүст мөнх амь, Бурханы үг, Бурханы хайрыг авахад нь тусламж үзүүлбэл Сионд маань зөвхөн хайр энэрэл бялхаж, сайн мэдээний үр жимс дүүрээд, сорилт саад гэж огт үгүй болж, авралын түүх ч мөн удалгүй гүйцэлдэж дуусах юм.
“Хайр тэвчээртэй энэрэнгүй билээ. Хайр атаархдаггүй. Хайр агсганадаггүй, ихэрхдэггүй, зүй бус авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, … бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг.”1Кор 13:4-7
Энэ мэтээр Бурхан биднээс өөрийнхийг эрдэггүй, бусдынхыг эрдэг байхыг хүсдэг. Өөрийнхийг эрдэггүй гэдэг нь өөрийн амар тайван, хялбар байдлын төлөө бусдад хохирол өгөхгүй байх гэсэн утгатай юм.
Уурлаж бачимдсандаа бусад руу үсчин, дуугаа өндөрсгөн яривал өөрөө тайвширч мэдэх ч нөгөө хүний сэтгэлийг хичнээн өвтгөх бол? Өөрт төвөгтэй, амаргүй байсан ч тэвчиж, эелдэг зөөлөн хандвал нөгөө хүн ч мөн хайраар хандах болно. Тийнхүү бидний дунд инээд хөөр дэлгэрч, эцэст нь бүгд эв найртай, амар тайван амьдрах нь мэдээж хэрэг.
Үүнчлэн бусдын ашгийг л юун түрүүнд хайх нь хайрыг хэрэгжүүлэх хамгийн агуу тушаал юм. Өнгөрсөн хугацаанд бид олон гэр бүлийг авралын замд хөтлөхийн төлөө сэтгэлийнхээ угт шаналсан. Энэ хичээл зүтгэлээ хоосон болгохгүйн тулд “Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй”, “Өөрийнхийг эрдэггүй бусдын ашгийг эрдэг хайр” хэмээх үгсийг өдөр бүр санаарай.
Зөнч нар хонин сүргийнхээ сүнслэг ашгийн төлөө шамддаг, зовлон бэрхшээлтэй заримыг нь Бурханы үнэн дотор тайвшруулдаг, мөн гэр бүлүүд нь алив асуудлыг зөнч нарынхаа байр сууринаас ойлгохыг хичээдэг, ачааг нь хөнгөлөхийн төлөө мэрийдэг, бие биеэ магтан урамшуулдаг, бусдыг магтаал хүртэх үед хамтдаа баярладаг байцгаая. Тэгвэл диавол хэрхэн сорьж чадах билээ? Харин эсрэгээрээ бие биедээ атаархаж, бие биенээ шүүвэл яах бол?
“Ах дүү нь ах дүүтэйгээ тэр тусмаа үл итгэгсдийн өмнө шүүхдэх гэж үү? … Гэтэл та нар өөрсдөө, бүр ах дүүсээ хүртэл буруутгаж, луйварддаг аж. Зөвт бусчууд ер нь Бурханы хаанчлалыг өвлөхгүйг та нар мэддэггүй хэрэг үү? …”1Кор 6:6-9
Бусдын сайн сайхныг эрдэг хүнд зөвт бус зүйл гэж байдаггүй. Харин өөрийнхийг эрж, зөвхөн авах гэдэг хүний сэтгэлд нь зөвт бусын үр соёолох нь мэдээж. Тийм хүмүүс бусад хүн магтуулахыг хараад атаархах сэтгэл төрж, бусдын дээр гарахыг санаархан, ямар нэг зөрчил үүсгэдэг. Энэ бүхэн нь диаволын өгдөг дургүйцэх сэтгэл бөгөөд улмаар өөрөө зовоход хүрнэ.
Тэд эцэстээ тэнгэрийн амийн номд нэр нь бичигдэлгүй, шүүлтийн тэр өдөр Бурханы хаанчлалыг хэзээ ч өвлөхгүй гэсэн аймшигт хатуу үг сонсох болно. Сайн зүйлээ бусадтай хуваалцах гэж хичээдэг хүмүүсийн нэр л зөвхөн тэнгэрийн амийн номд бичигдэн, Бурханаас магтаал сонсоно гэдгийг санаж, үргэлж тийм үзэсгэлэнтэй сэтгэлээр сайн мэдээний амьдралаар амьдраарай.
Эрт үед нэгэн хаан жирийн ард шиг хувцаслаад ард түмнээ хэрхэн амьдарч байгааг нь мэдэхээр явж байгаад нэгэн гуйлгачинтай таарчээ. Хувцасных нь хормойноос зууран, байн байн өглөг өгөөч гэх гуйлгачны өрөвдөлтэй төрхийг хараад хаан түүнээс ийн асуужээ.
“Эхлээд та юу байгаагаасаа надад өгвөл би ч танд өгнө!”
Гуйлгачин хэсэг бодсоны эцэст саван дээрх хулуу, хэдэн төмсөө хажуу тийш нь болгоод нэг эрдэнэ шиш авч өгөх гэснээ хайран санагдаж, гурван ширхэг үрийг нь зулгаан авч хаанд өгчээ. Өнөөг хүртэл бусдаас зөвхөн авахаа л мэдэхээс биш, өгч мэдэхгүй амьдарч ирсэн гуйлгачны хувьд гурван ширхэг шишийн үр гэдэг их л гар тэнийсэн нь тэр байв. Хаан алган дээрх эрдэнэ шишийн гурван үрийг хараад хамт яваа бараа бологчдоо тэр эрдэнэ шишийн хэмжээтэй алт гуйлгачинд өг хэмээн тушаажээ.
Хэрвээ гуйлгачин тэр эрдэнэ шишээ бүгдийг өгсөн сөн бол, эсвэл төмсөө, үгүй бол том хулуугаа тэр чигээр нь өгсөн сөн бол тийм хэмжээний л том алт авах байсан юм. Харин бусдад өгч мэддэггүй, зөвхөн өөрөө авахаа л мэддэг тэрээр арайхийн эрдэнэ шишийн гурван ширхэг үрний дайтай л ерөөл хүртжээ. Үүнтэй адил амьдралдаа хүнд юм өгч сураагүй хүн ихийг өгч чаддаггүйн хэрээр их ерөөл ивээлийг ч мөн хүртэж чадахгүй нь лавтай.
Өдөр бүр шинэ гэр бүлүүддээ сүнслэг хоолыг нь өгч, сул дорой нэгнийхээ төлөө залбиран, зовж зүдэрсэн үед нь тэднийгээ асарч хандах гэр бүлүүдээ харахаар хайрын үзэсгэлэнтэй тэр төрхөнд нь сэтгэл хөдөлдөг. Бусаддаа тэгж хайр үзүүлж байгаа байдлыг нь л сайн мэдээний зохистой амьдрал гэж хэлж болно.
“Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй” хэмээх Бурханы үгийн дагуу бусдад аль болох их тус дэм болж, аль болох их өгөхийг хичээгээрэй. Тэгээд юун түрүүнд би Бурханы төлөө, ах эгч дүү нарынхаа төлөө, хүн төрөлхтний төлөө юу хийж, юугаар тусалж чадах вэ гэдгийг бодоод, хичээнгүйлэн хэрэгжүүлж гэмээнэ бид өөрсдийгөө даруу болгоод зогсохгүй уужим сэтгэлтэй болох юм.
Жинхэнэ Бурханд итгэдэг Сионы гэр бүлүүд бид Христийн сэтгэлээр бүх ертөнцийн ашиг тусын төлөө хичээсээр байгаа. Хүн нэг бүр тийм өгөх сэтгэлээр дүүрэх үед сайн мэдээний түүх илүү хурдан биелэх билээ.
Бурхан сүүлчийн шүүлтийн тэр өдөр морилон ирэх үед ариун хүмүүс бид хийсэн үйлсийнхээ дагуу Бурханаас шагнал авах юм. Сайн сайхан бүхнээ хөрштэйгөө хуваалцсан гэр бүлүүд Бурханы өгөх дүүрэн шагнал, магтаалыг хүртэж, мөн Бурханы үгийг хичээнгүйлэн тараасан гэр бүлүүд үзэсгэлэнтэй үйлсийнхээ төлөө Бурханд магтуулна.
Тиймээс бид Бурханы хүүхдийн хувьд сүнсний хоол болох авралын үнэнийг улам бүр хичээнгүйлэн тарааж бусдыг хайрлая. Ингэж Бурханы үнэн сэтгэлийг хөрш нийгэмдээ дамжуулдаг Бурханы хүүхдүүд болбол сайн сан. Нэмж хэлэхэд үгийг гэрчлээд зогсохгүй амьдралынхаа туршид сайн мэдээнд зохистой амьдралаар амьдран, их ерөөл авах тэнгэрийн ариун ард түмэн болоорой хэмээн хүсэх байна.