Өөрөөсөө хумслагч

9,176 үзэлт

Дэлхийд зартай нэгэн үнэт эдлэлийн хулгайч байжээ. Тэрээр ихэвчлэн айлын дээд давхраас үнэт эдлэл хулгайлдаг байсан ч тун ухаалаг нэгэн тул нотлох баримт огт үлдээдэггүй байсан аж. Тиймдээ ч цагдаа нарт баригдалгүй олон жил явжээ.

Гэвч “олон хавар нэгэндээ” гэгчээр нэг удаа айл дээрэмдэж байхдаа цагдаа нарт баригдаж, хорин жил шоронд суужээ. Шоронгоос жаран настай суллагдсан тул цааш яаж амьдрах нь ч бүрхэг байж. Тэрээр өнгөрсөн амьдралдаа туйлын ихээр харамсаж, нэгэн жижигхэн тосгонд зөв шударга амьдрахаар шийдсэн байв. Нэг өдөр сурвалжлагч түүнээс ярилцлага авч, ийн асуужээ.

“Та тэр олон баячуудаас яг хэнийхээс нь хамгийн их зүйл хулгайлсан бэ?”

Тэрбээр нулимс дуслуулан, харамсан байж ийн хэлэв.

“Би ч өөрөөсөө л их хулгайлсан хүн дээ. Би уг нь гарын ур дүйтэй, техникт чадварлаг, төгөлдөр хуур ч сайхан тоглодог байлаа. Би уран илтгэгч олон сайхан найз нөхөдтэй, бие хаа өв тэгш, спортод ч гологдохооргүй байсан. Гэтэл би гэдэг хүн тэр сайхан авьяас чадварыг хулгай хийхэд л зарцуулж, амьдралынхаа хамгийн сайхан үеийг шоронд үрсэн дээ. Тэгэхээр би өөрөөсөө л хамгийн ихийг хулгайлсан хүн болж таарч байгаа биз.”

Хүн бүр өөрийн гэсэн авьяас чадвартай төрдөг. Харин бид Бурханаас заяасан тэрхүү авьяас чадварыг утга учиргүй зүйлд зарцуулах аваас өөрөө өөрөөсөө л хумслагч болно гэсэн үг юм шүү.