Алдаагаа цайруулах хайрын үг

5,990 үзэлт

“Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог.”

“Үг сөрвөл хэрүүл, үүл сөрвөл бороо.”

“Алдаж хэлсэн ганц үгнээс андын тангараг тасарна.”

Аливаа хэлний санд үг яриатай холбоотой зүйр цэцэн үг олон байдаг. Тэдгээрээс ихэнх нь буруу үг хэл уур бухимдал төрүүлж мэдэх тул болгоомжгүй болчимгүй үг яриа бүү хэл гэсэн утгатай байдаг. Ойр дотно юм чинь гээд хамаагүй хэлсэн үг, инээлгэж наргих гээд тоглоом шоглоомоор хэлсэн үг буцаах аргагүй муу үр дагаварт хүрдэг нь бидний эргэн тойронд элбэг тохиолддог. Шалихгүй ганц үг бөөн асуудал болж хүндэрдэг. Ингээд бодохоор үгийн хүч гэгч энэ ертөнцийн ямар ч зэр зэвсгээс илүү хүчтэй ажээ.

“Учир нь бид цөмөөрөө олон юман дээр бүдэрдэг. Үгэн дээрээ бүдэрдэггүй нэгэн байваас, тэрээр бүх биеэ хазаарлах чадвартай төгс хүн болой.” Иак 3:2

Хараахан төгс болж чадаагүй байгаа бидний хувьд байнга үг хэлний алдаа гаргаж байдаг. Аль болох үг хэлээ болгоомжлон, аль болох алдаагаа багасгах нь л хамгийн сайн зүйл. Гэвч санаандгүй гаргасан алдаагаа буцаах арга бас байна аа. Буруу зүйл хийсэн бол алдаагаа ний нуугүй хүлээн зөвшөөрч, уучлаарай гэж хэлэхэд л болно. Гол нь өөрийн нэр нүүр, бардам зангаас илүү өөрөөс нь болж сэтгэлдээ шарх олсон нөгөө хүний байр сууринаас бодож үзээд, түүнээс үнэн сэтгэлээсээ уучлал гуйх. Энэ нь л хайр юм. Өөрөө хийсэн хилэнц нүгэлгүй атлаа миний өмнөөс амиа хүртэл хөсөр орхисон Бурханы маань сургаж захисан хайр шүү дээ.