Харилцааны эхлэл – Ар гэрийнхнээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөх

​Бусдад хүлээн зөвшөөрөгддөг хүн аз жаргалтай байдаг. Ар гэрийнхэндээ хүлээн зөвшөөрөгддөг хүн бүр ч аз жаргалтай.

16,623 үзэлт

Нэгэн бэр нас дээр гарсан хадам ээжийнхээ оронд шар буурцагны цуу даржээ. Бэр нь яалт ч үгүй хадам ээжээсээ сурснаа нэг бүрчлэн чин сэтгэлээсээ хийсэн боловч хадам ээжийнх нь дарсан шиг амттай байсангүй гэнэ. Юу нь буруу болсныг огт мэдэж чадаагүй тэрээр хадам ээжээсээ тусламж хүсжээ. Тэгтэл орон дээрээ хэвтэж байсан ээж нь бэрийнхээ үгийг анхааралтай сонсож байснаа “Юу нь буруу болсныг мэдэх шиг боллоо” гээд чилээрхсэн хэрнээ ухасхийн босов гэнэ. Хадам ээжийнх нь нүд урьд урьдынхаасаа илүү гялалзаж, нүүр царай нь эрч хүчээр дүүрэн байв.

Дарсан шар буурцагны цуугаа олигтой амттай болохгүй байгааг асуусан бэрдээ төвөгшөөлгүй, харин ч уриалагхан тусалсны учир бэр нь шар буурцагны цуу дарах чадварыг нь хүлээн зөвшөөрсөнд байсан юм. Залуудаа эрч хүч, тамир тэнхээ дүүрэн байсан хүн нас ахиад ирэхээрээ гундаж мохдог шалтгаан нь мэдээж махан биеийн тэнхээ доройтдог ч яг үндсэндээ бол тэд өөрсдийгөө хэнд ч хэрэггүй болсон мэт санадаг болсонд байгаа юм. Аав ээжийгээ настай гээд “Юу ч битгий хий!” “Зүгээр л гэртээ байж бай!” гэх зэрэг үг битгий хэлээрэй. Харин чадлынх нь хэрээр юу ч юм хийх боломж олгож, ямар нэг асуудал гарвал санаа бодлыг нь асууж байх хэрэгтэй. Хэн хүнгүй л бусдаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх хүсэлтэй байдаг. Тэгээд уг хүсэл нь биелэгдэхээр сэтгэл хангалуун болж, аз жаргал мэдэрдэг байна.

Хүлээн зөвшөөрөгдөхийг хүсэх нь хүний нэг хэрэгцээ юм

Бусад хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх хүслийг “нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх хүсэл” гэж нэрлэдэг. Энэ нь тогтвортой амьдрал, төрөл зүйлээ хамгаалах зэрэг физиологийн хүслийн хамт хүний үндсэн хүслийн нэг юм. АНУ-ын нэгэн сэтгэл судлаач Уильям Жеймс хэлэхдээ “Хүн төрөлхтний мөн чанаруудаас хамгийн хүчтэй хүсэл бол бусдад хүлээн зөвшөөрөгдөхийг хүсэх хүсэл юм” гэжээ.

Бяцхан хүүхдүүд аав ээждээ, сурагч оюутнууд багшдаа, ажилчид даргадаа өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх гэж хичээдэг. Бусад хүмүүст хүлээн зөвшөөрөгдвөл өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэл нэмэгдэж, сэтгэлзүйн хувьд ч тогтвортой болдог аж. Хичнээн гэдэс цатгалан, эд зүйлээр элбэг хангалуун байлаа ч “Чамтай байгаадаа би аз жаргалтай байна”, “Та минь мундаг сайн хүн шүү” гэх зэргээр хэлэх хүн байхгүй бол амьдрал нь утга учиргүй хоосон санагдах юм. Хүлээн зөвшөөрөгдөх энэ хүсэл нь биелэхгүй бол хүн сэтгэлийн хямралд орж, урам зориггүй болж, бүр ноцтой нь үүнийгээ уур хилэнгээр гаргах тохиолдол ч гардаг. Хэдэн жилийн өмнө АНУ-д нэгэн шууд нэвтрүүлгээр сурвалжлага хийж байсан сурвалжлагчид тохиолдсон галт зэвсгийн осол, Солонгосын нэгэн шалган нэвтрүүлэх цэг дээр гарсан галт зэвсгийн ослын гэмт хэргийн нийтлэг шалтгаан нь хамт ажилладаг хүн өөрийг нь “үл тоомсорлосон” гэх шалтгаанаас болсон байжээ.

Ар гэрийн дотор ч хэрвээ гэрийнхэндээ хүлээн зөвшөөрөгдөхгүй бол уур уцаар гомдол дүүрэх нь мэдээжийн хэрэг. Өрхийн тэргүүн ар гэрээ тэтгэн, гэрийн эзэгтэй орон гэрийн ажлаа хийж, сурагч хүүхдүүд нь хичээл номоо хийдэг. Энэ бүхнийг байдаг л зүйл мэтээр бодож болохгүй. Тэгэхийн оронд зөөлөн дулаан үгээр хүч хөдөлмөрийг нь хүлээн зөвшөөрч байгаарай. Дэлхий даяараа хүлээн зөвшөөрсөн ч ар гэрийнхэндээ хүлээн зөвшөөрөгдөхгүй бол ямар ашиг байх билээ. Харин эсрэгээрээ гэрээсээ гадуур хичнээн хэцүү бэрхтэй тулгарсан ч гэлээ гэрийнхэндээ хүлээн зөвшөөрөгдөж л байхад хавьгүй тайвширдаг. Магтах нь сайн хийсэн юмыг нь хэлж тайлбарлаж байгаа хэрэг шүү дээ. Харин хүлээн зөвшөөрөх гэдэг нь сайн ч хийсэн бай, муу ч хийсэн бай хамаагүй байгаагаар нь хүлээн авах явдал юм. Хүлээн зөвшөөрнө гэдэг нь магтаалаас илүү өргөн цар хүрээтэй төдийгүй тэр нь өөрөө урам зориг өгч байдаг юм шүү.

Байгаагаар нь хүлээн зөвшөөр

Энэ дэлхийд хоорондоо 100% адилхан хүн гэж байдаггүй. Гадаад дүр төрх нь өөр өөр байдаг шиг сэтгэлгээний хэв маяг, юманд хандах хандлага, ааш зан, төрөлх авир араншин ч бүгд өөр. Буурцагтай талханд дуртай хүн кремтэй талханд дуртай хүнийг буруутгадаггүй шиг бусдын бодол өөрийн тань бодлоос өөр байх нь буруу зүйл биш. Хоорондын тийм ялгааг хүлээн зөвшөөрөхгүй л бол маргаан үүсэж, харилцаанд ан цав гардаг.

Гэр бүлийн тухайд ч ялгаагүй. Эхнэр нөхөр хоорондоо өөр, хүүхэд аав ээжээсээ өөр байдаг. Эвтэй найртай гэр бүлийн харилцаагаа сахин хамгаалахыг хүсвэл өөр хоорондоо харилцан адилгүй гэдгийг л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Айл гэр гэдэг халуун ам бүлийнхнээ байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг газар байх ёстой. Тэгэхийн тулд нас, хүйсийн ялгаагаар нөгөө хүнээ үл тоомсорлодог хандлагаа эхлээд хаях хэрэгтэй. Хүүхдүүддээ “Жаахан юм байж чи юугаа мэддэг юм”, “Зүгээр том хүний үгэнд ор” гэх юм уу эсвэл ханьдаа “Эмэгтэй хүн гэрийн ажлаа л сайн хийх хэрэгтэй”, “Эрчүүд угаасаа л ийм ш тээ…” гэж хэлбэл мэт үг сонссон хүний дургүй нь л хүрнэ. Тиймд иймэрхүү үг хэлж болохгүй.

Хүн бүрд л сул тал байдаг бөгөөд бүгд л алдаа гаргадаг. Ар гэр бол бие биенийхээ дутууг дүүргэж, нэг нэгнээ тэвэрч хүлээн авах газар юм. Өөрсдөө үр хүүхдүүддээ төгс харагдах гэж хичээдэг, үр хүүхдээ ч төгс байлгах гэдэг аав ээжүүд өөрсдийгөө ч, үр хүүхдээ ч хэцүү байдалд оруулдаг. Төгс хань, төгс гэр бүл гэж байдаггүй. Тэглээ гээд хичээл зүтгэлгүй ингэж тэгсхийгээд амьдарч болно гэсэн үг биш л дээ. Гэрийнхнээ байгаагаар нь хүлээн зөвшөөрч, өөрийнхөө алдаа дутагдал, орчин нөхцөл зэргийг ч байгаагаар нь хүлээн зөвшөөрч, сайжруулах арга зам эрэлхийлэхэд л илүү сайн сайхан ирээдүй нээгдэнэ.

Бусдыг хэрхэн хүлээн зөвшөөрөх вэ?

Нөгөө хүнээ хүлээн зөвшөөрч байгаа мэдрэмж 30% нь үг яриа, 70% нь нүүрний хувирал, хандлага зэрэг шууд бус хүчин зүйлсээс гардаг. Сайн сайхан юм ярьсан ч ярьж байгаа хүний хандлагаас болж сонсож байгаа хүнд сөрөг сонсогдож болох юм. Ярилцахдаа нөгөө хүнийхээ нүд рүү нь хараад, аядуухан инээмсэглэж, нөгөө хүнийхээ үгийг анхааралтай сонсох нь тун чухал. Ярьж байгаа хүн өөдөөс эгцлэн харалгүй, байнга ийш тийш харах юм уу эсвэл ярихдаа хөмсөг зангидах, гэнэт ярианы сэдэв өөрчлөх зэрэгт өөрийг нь үл тоомсорлож байна гэж үздэг.

Нөгөө хүнийхээ үзэл бодолтой санаа нийлэхгүй тохиолдолд ч хүртэл эхлээд түүний үзэл бодлыг нь хүлээн зөвшөөрсний дараа өөрийнхөө үзэл бодлыг хэлэх нь зүйтэй. Бусдын үзэл бодол сэтгэлд нийцэхгүй байна гээд шууд үл тоомсорлох, нөгөө хүнийхээ үзэл бодлоос зөвхөн асуудалтай талыг л хайх зэрэг нь ярианы эрч хүчийг сулруулж, улмаар яриа хөөрөө тасалдахад хүргэнэ.

Аливаа хүсэлт тавихдаа нөгөө хүнээ хэр хүлээн зөвшөөрч байгаагаа харуулсан утгаар илэрхийлбэл илүү үр дүнтэй байдаг. “Бусад нь завгүй байгаа учир чи хийчих” гэж хэлэх, эсвэл “Энэ ажлыг чамаас өөр сайн хийх хүн алга. Би чамд л найдаж байна” гэх хоёрын аль нь илүү сайхан сонсогдож байна? Нэг нэгнээ хүлээн зөвшөөрнө гэдэг бол харилцан ярианы үндсэн нөхцөл юм. Тийм учраас нөгөө хүнээ үл тоомсорлоогүй гэдгээ, харин ч хүлээн зөвшөөрч байгаа гэдгээ хангалттай мэдрүүлэх хэрэгтэй.

Күнз хэлэхдээ “Бусад хүмүүс намайг ойлгохгүй байна гэдэгт бүү санаа зов, харин өөрөө бусдыг ойлгохгүй байгаадаа санаа зовох хэрэгтэй” гэсэн байдаг. Библид ч гэсэн “Хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, өөрсдөө ч тэдэнд бүхий л зүйл дээр тийнхүү ханд (Матай 7:12)” гэж сургасан шүү дээ. Бусдад хүлээн зөвшөөрөгдөхийг хүсэж байгаа бол өөрөө эхлээд бусдыг хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй. Хамгийн ойр дотно байдаг ар гэрийнхнийхээ тухайд ч эхлээд өөрийгөө эргэн хараарай. Тэднийгээ юу юугүй үл тоомсорлож, хамаагүй харьцаж байсан удаа байх вий. Яриа нийлдэггүй гээд, өөрөөс тань өөр байсны төдийд шоо үзсэн удаа байх вий. Харилцаа нь нөгөө хүнээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөхөөс эхэлдгийг битгий мартаарай.