Эерэг үг ярианы дадал

조회 7,860

“Ханан дээр бүү сараач”, “Хог бүү хая”, “Зураг авахыг хориглоно”, “Юм идэж уух хориотой”, “Энд зогсохыг хориглоно” …

Гудамж зам, оффисын барилга байшин, ресторан уушийн газар гэх мэт иргэд олноороо зорчдог газруудаар явахад янз бүрийн хориглосон тэмдэг эсвэл “CCTV ажиллаж байна” гэсэн анхааруулга хаа сайгүй тааралдана. Хөл хөдөлгөөн ихтэй Сөүлийн нэгэн гудамжаар 13км алхахад бараг 2000 орчим анхааруулах тэмдэг хана, багана, орц хонгилд байршуулсан байжээ. Энэ нь есөн алхам тутамд нэг таарч байна гэсэн үг л дээ. Энэ талаар нэгэн сэтгэл зүйч “Элдэв тэмдэг, анхааруулга нь нийгмийн хэв журам, аюулгүй байдлыг хангахад зайлшгүй шаардлагатай арга хэмжээ мөн боловч хэрээс хэтрэх юм бол сэтгэл зүйн дарамт болж, сэтгэл гутрал, ганцаардах мэдрэмж зэрэг сэтгэцийн янз бүрийн эмгэг өвчний эх үүсвэр болно” хэмээн хэлж байжээ.

Үг яриа ч мөн ялгаагүй. Хэрэв бид “Болохгүй”, “Битгий”, “Энд гар хүрч болохгүй шүү” гэх мэт албадлагын чанартай үг их хэрэглэвэл бие биенийхээ сэтгэцийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулж болзошгүй. Иймэрхүү үг их сонсож өссөн хүүхдүүд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаггүй, хүнтэй харилцахаас жийрхэх хандлагатай болдог байна. Бид сөрөг үг хэрэглэхийн оронд эерэг үг, анхааруулга хэлэхийн оронд санал зөвлөмж, хатуу шулуун үг хэлэхийн оронд аятай зөөлөн үг хэрэглэдэг сайхан дадал хэвшүүлэх хэрэгтэй юм.