Хэдэн сар бие өвдөж, эмийн сангаас аль л сайн гэсэн болгоныг, янз янзын эм авч, эмээ гэрээрээ ууж, эмчлэх гэж яаж ч үзээд тус болсонгүй. Ажлаасаа гарах дээрээ тулаад байхдаа би ажлаараа дамжин таньдаг болсон нэг эмчид үзүүлэв.
Эмч маань 7 хоног уух эмийн жор бичиж өгөв. Тэгээд надад сахар дархлаа сулруулж, эдгэрлийг удаашруулдаг болохоор нэг хэсэгтээ сахар хэрэглэхээс зайлсхий гэж хатуу анхааруулав.
Хоол хүнсэндээ сахар хэрэглэхгүй байна гэдэг надад тийм ч амар байсангүй. Аль л амттай болгон сахартай байгаад байдаг. Жимс, жүүс бүр санах ч юм биш.
Эхний гурван өдөр нь ёстой хэцүү байв. Хоол идсэний дараа чихэрлэг десерт идмээр санагдаад л. Амттанаас зайлсхийх гэтэл хорхой хүргэнэ. Гэвч би эрүүл мэндээ бодож сахар орсон ямар ч зүйлийг харах ч үгүй, бүр бодох ч үгүй байхаар шийдлээ.
Өмнө минь яг кофе байх агшин надад нэлээн хэцүү. Тансаг амттай кофе уух хүслээ хүртэл дарж амьдрах нь гэхээс бүр сэтгэл хөндүүрлэх шиг болно. Кофе уумаар санагдах болгонд арав хүртэл тоолох юм уу, эсвэл тэр газраасаа холдож явна. Тэгээд өөртөө би чинь эрүүл мэндээ бодох хэрэгтэй гэж хэлдэг сэн. Хэрэв би эдгэрэхгүй бол мөргөлдөө анхаарах ч боломжгүй, авралын зар тараах талаар бүр ярих ч юм биш. Тиймд ямар ч арга алга байв. Өөртөө нэлээн анхаарсны хүчээр ашгүй бие маань бага багаар илааршив.
Тэр үед би их зүйлийг ухаарсан. Сахартай хоол хүнснээс байдгаараа сэргийлж байхдаа “Бурханы хүүхдүүд хийж болохгүй гэж бодсоноо хийж болохгүй, харж болохгүй гэж бодсоноо харж болохгүй” гэсэн Эхийн үг байнга санаанд орно.
Эхийн үгийг санах бүрд би хичнээн муухай нүгэлтэн гэдгээ л ухаарч мэдэрдэг юм. Эх цаг ямагт биднийг сүнсэндээ хор хөнөөлтэй ёр муугийн алив хэлбэрээс цээрлэж, Бурханы үгээр цэвэрш гэдэг шүү дээ. Тэгтэл би Эхийн үгийг хэрэгжүүлж дагахын оронд өөрийнхөө мунхаг нүгэлт төрхийн дагуу л дандаа үйлдэж байж. Дутуу дулимаг оюун ухааныг минь тогших элдэв урхи сааданд би байнга л автчихаад байдаг байж.
Баярын өдрүүдэд Бурханд бүх нүглээ өчиж, сүнснийхээ эрүүл мэндийн төлөө Бурханаас бүх нүгэлт зан, ертөнцийн муу зуршлаа хаяхад минь туслаарай гэж би залбирсан. Баярын ерөөлөөр, Бурхан сүнсийг минь угааж цэвэрлэсэн.
Миний дотор нүгэл байгаад байвал хүнд цүнх үүрч байгаатай л адилхан хэрэг аж. Бурханы ивээлээр нүглээ уучлуулсан болохоор миний сүнс хөнгөрсөн. Сүнсээ би дахин дарамттай байлгамааргүй байна. Библид “Ёр муугийн алив хэлбэрийг цээрлэ” (1Тес 5:22) гэсэн тул бүхий л муу зуршлаа орхиод алхаагаа хөнгөрүүлж, тэнгэрийн хаанчлалыг чиглэн гүйх болно.