​Ах дүүсийн хайр нь аав ээжээ ачлах хамгийн дээд ачлал

Ах эгч дүүс бол нэг аав ээжээс амь авсан нэг бие юм. Тэд ах дүүсийн хайраар бие биенээ хүндэтгэж, сахилга баттай байх учиртай.

1101 Үзсэн тоо

И Сон Ги Солонгосын Чусон гүрнийг байгуулж, Тэжу хаан гэгдэх анхны хаан болов. Түүний тав дахь хүү И Бан Вон ихээхэн алдар нэр хүссэн нэгэн байжээ. Эцэг нэгтэй эх ондоотой дүү нарынх нь нэг угсаа залгамжлах хунтайж болоход уурласан И Бан Вон хоёр дүүгээ хоёуланг нь алжээ. Дараа нь Тэжу хааны хоёр дахь хүү хаан ширээнд заларсан боловч энэ удаа эх нэгтэй ах дүүс болох И Бан Вон, дөрөв дэх хүү И Бан Ган нарын хооронд зөрчилдөөн гарсан байгаа юм. Эхний эвдрэлцлийг ханхүү нарын эхний тулаан, харин дараагийнхыг нь ханхүү нарын хоёр дахь тулаан гэж нэрийддэг байна.

Чусон улсын эхэн үед тохиосон энэхүү гэр бүлийн эвдрэлцлээс үүдсэн эмгэнэлт явдал өнөө үед ч мөн байн байн тохиодог. Хөрөнгийн стандартын дагуу топ 40 группын 18 нь менежментийн эрхийн зөрчилтэй тулгарсан байжээ. Баян айлын ах дүүсийн хоорондын зөрчил маргаан эдүгээ тун нийтлэг үзэгдэл болоод байна. Зөвхөн чинээлэг гэр бүлд л ийм асуудал тулгардаг биш, жирийн нэг айл гэр бүл ч ийм хэргээс гадуур байдаггүй байна. Эд хөрөнгийн шударга бус хуваарилалтад дургүйцсэн дүү нь ах болон ахынхаа эхнэр рүү буу тулгасан хэрэг бий. Зарим үед үр хүүхдүүд нь илүү их өв хөрөнгө залгамжлах гэж улайрсандаа аав ээжийнх нь оршуулга хэрүүл зодоон болж хувирах ч энүүхэнд.

Төрсөн ах дүүсийн хоорондын хэрүүл маргаан бүр шүүхэд хандах дээрээ тулж, Солонгост тэр байтугай эцэг эхийгээ нас барсны дараа ах дүүс бие биетэйгээ өв залгамжлах асуудлаар шүүхэд гомдол гаргах тохиолдлын тоо 2005 онд 158 байснаа 2014 онд 811 тохиолдол болж эрс өссөн байна. Тэдгээр хэргийн заримынх нь хувьд хөрөнгө мөнгөний хэмжээ тийм ч их биш байж. Ах дүү улс хөрөнгө мөнгөний асуудлаар шүүхэд хандана гэдэг утгагүй л дээ. Гэхдээ тэд зүгээр л мөнгө алдахыг хүсдэггүйдээ тэр шүү дээ.

Эдийн засгийн хямралаас болоод өөрийн гэр бүлээ ч хүртэл харж хандах хэцүү болохоор ах дүүс бие биенээсээ хөндийрөх, эсвэл орлогын түвшин, эрдэм мэдлэгийн ялгаа, эсвэл эцэг эхээ тэжээх асуудал зэргээс болж харилцаагаа таслах тохиолдол олон байдаг. Зарим хүмүүс “ах дүүсийн хайр” гэдэг илэрхийллийг ямар нэг хуучирсан хоцрогдсон зүйл мэтээр боддог төдийгүй өнөө үед энэ ертөнц дэндүү сэтгэлгүй болсон. Гэвч айл гэрийн доторх хайр хөрнө гэдэг бол үнэндээ ноцтой асуудал юм.

Цус уснаас өтгөн

Төрсөн ах эгч дүүс гэдэг бага наснаасаа хамт өсөж торнидог болохоор олон нийтлэг дурсамж байгаа шүү дээ. Нэг аав ээжээс хайр халамж авдаг болохоороо хааяа өөр хоорондоо өрсөлдөгчид болох нь бий. Насны ялгаа бий, мөн ахмад эгчмэд нь дүү нартаа ээж аавын үүрэг гүйцэтгэнэ. Атаа, жөтөө, үзэн ядалт, хайр энхрийлэл, урам хугарах, талархах, сэтгэл хангалуун байх гээд өсөж томроод өөр хоорондоо янз янз авирлана. Уг нь бол аав ээж хоёр нь хүүхдүүддээ ямар ч хариу нэхээгүй болзолгүй хайраа зориулдаг. Гэвч төрсөн ах эгч дүүс ижил тэгш харилцаатай байдаг төдийгүй тэд бие биенээсээ харилцааны ур чадвар, нийгэмшил зэргийг сурч авдаг. Эдгээрийг эцэг эхтэйгээ харилцах харилцаанаас олж авч чадахгүй.

Аав ээж нь хорвоог орхиход төрсөн ах эгч дүүс л үлдэж хоцорно. Хүний амьдралыг наян жил гэж үзээд гурван үед хуваавал эхний үедээ хань ижил гэж байхгүй, сүүлчийн үе шатанд нь аав ээж гэж байхгүй байх нь. Тэгсэн хэр нь төрсөн ах эгч дүүс насан туршийн амьдралдаа хамт байдаг. Сургууль соёл, ажил мэргэжил гэх мэтийн тодорхой нэг хамт олонд харьяалагдах үеэр нь бол өөр харилцаа үргэлжилнэ. Зарим харилцаа шинээр бий болж, зарим харилцаа хүсэл сонирхол, зан чанар, ашиг сонирхлынхоо дагуу алдагдана. Төрсөн ах дүүс зарим үед хоорондоо маргалддаг ч тэд бол амьдралынхаа туршид хамгийн удаан хамт байдаг хүмүүс төдийгүй тэдний харилцаа эцэг эх, үр хүүхдүүдийн хоорондын харилцаа шиг онцгой байдаг.

Тийм учраас л төрсөн ах эгч дүүсийн хоорондох нөхөрлөл нь өөр бусад харилцаанаас ялгаатай. Тус тусдаа амьдарсан хугацаа нь хамт амьдарсан хугацаанаасаа илүү урт байсан ч ах дүүсийн нөхөрлөлийн утга учир тасрахгүй. Салж хагацсан ам бүлийнхэн эргэн уулзалдаж байгааг хараад бид үүнийг ойлгож чадна. Уг нь тэдгээр төрсөн ах эгч дүүс дөнгөж жаахан хүүхдүүд байхдаа дайны уршгаар салж хагацсан хэрнээ өтөлж хөгширсөн хойноо дахин уулзах хүртлээ бие биенээ мартдаггүй. Учир нь тэд нэг мах цусны тасархай шүү дээ. Цус уснаас өтгөн гэсэн үг байдаг даа. Хөлнөөсөө толгой хүртэл бүх юм нь өөр байсан ч нэг аав ээжийн хүүхдүүд болохоороо бие биеэ хайрлахын тулд л төрсөн улс.

Ах дүүс эв эетэй байхыг хүсвэл хүндлэл, сахилга бат хэрэгтэй

Төрсөн ах эгч дүүсийн хоорондын харилцаа сайнгүй байвал насанд хүрсэн хойноо сэтгэлийн хямралд өртөх магадлал өндөр байгааг нэгэн судалгаа харуулдаг. Ах дүүсийн үл ойлголцол сэтгэлийн хямралын эхэн үеийн шинж тэмдэг болж мэднэ, мөн төрсөн ах эгч дүүс хоорондоо эв эетэй байх нь бусадтай сайхан харилцаатай, бусадтай эв түнжинтэй байхад нь тусална гээд олон янзаар тайлбарлаж болох юм. Ямартай ч ах дүүс хоорондоо сайхан харилцаатай байх нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай байдаг байна.

Төрсөн ах эгч дүүс сайхан дурсамжаа төдийгүй таагүй дурсамжаа ч нэг нэгэндээ уудалдаг. Хэрэв та төрсөн ах дүүстэйгээ сайн сайхан харилцаатай байхыг хүсэж байвал урам хугарсан, муу муухай дурсамжаа бүгдийг нь мартах хэрэгтэй. Том болсон хойноо ах эгч дүүс бие биенээ хүндэтгэж, жижиг зүйл дээр ч гэсэн сахилга баттай байх учиртай. Багадаа ах дүү гэлтгүй аль аль нь хоорондоо маргалдаж, зодолддог боловч бүгд өсөж, өөрийн гэсэн гэр бүлтэй болоод ирэхээр нөхцөл байдал өөрчлөгддөг. Өмнө нь тэд ах эсвэл эгч чинь эсвэл дүү чинь байсан ч гэрлэж тусдаа гарсны дараа бол айл гэрийн өрхийн тэргүүн, хүний эхнэр эсвэл хэн нэгний аав ээж болсон шүү дээ.

Зарим төрсөн ах эгч дүүс баяр ёслолын үеэр нийлж цугларахаараа ихэвчлэн муудалцдаг. Төрсөн ах эгч дүү нартайгаа маргалдахыг хүсэхгүй байгаа л бол улс төр, нийгмийн асуудал, хэн хэнийхээ гэр бүлийн байдал, хүүхдүүдийнхээ боловсрол зэрэг бусдын уур ундууцлыг хүргэх, сэтгэл санааг өдөөж болох сэдвүүдээс зайлсхийж, мөн өөрөөрөө эрдэж сайрхахаас зайлсхийх нь дээр. Ярилцахдаа сонсож байгаа хүндээ анхааралтай хандах хэрэгтэй. Түүгээр ч барахгүй хэн нэгний алдаа дутагдлыг хайхын оронд бие биенээ уучилж, ойлгохыг хичээх хэрэгтэй. Дүү нь ахыгаа хүндэлж, ахыгаа дагавал “Төрсөн дүүгээс маань илүү дүү гэж байхгүй” гэсэн бодлоор ах нь дүүгээ аав ээжийн сэтгэлээр харж хандан, хайрлаж улмаар хоорондын харилцаа нь ч сайн сайхан байх юм.

Ах дүүсийн хайр ачлал хоёр салшгүй холбоотой

Ах дүү хоёр алтан гулдмайгаа хаясан тухай нэгэн түүх байдаг даа. Хоорондоо их дотно ах дүү хоёр гудамжинд алтан гулдмай олжээ. Үүний дараа тэд өнөөх цул алтаас болоод шунаж, бие биенээ үзэн ядах сэтгэл өвөрлөв гэнэ. Тиймээс ах дүү хоёр бие биенээ илүү үнэ цэнэтэй гэж үздэг тул огтхон ч эргэлзэлгүйгээр түүнийгээ хаяж орхидог. Энэ үнэхээр сэтгэл хөдлөм түүх. Энэ ах дүү хоёроор хамгийн их бахархсан хүмүүс аав ээж нь л байсан байж таараа.

Үр хүүхэд нь амжилттай, сайн сайхан амьдралтай байлаа гээд төрсөн ах дүү нартаа хонь чоно мэт авирладаг бол эцэг эх нь үргэлж сэтгэлийн зовиур тээх нь мэдээж. Харин үр хүүхэд нь санхүүгийн бэрхшээлтэй байсан ч төрсөн ах дүү нартайгаа эв найртай амьдардаг бол эцэг эх нь хэн хүнээс илүү жаргалтай байх юм. Эцэг эхдээ сайхан хувцас, сайхан хоол худалдаж авах нь ачлалын нэгэн үйл мөн ч гэлээ хамгийн дээд ачлал бол төрсөн ах эгч дүүс нэг нэгэндээ ах дүүсийн хайр энэрлээр хандах явдал юм.

Ах дүүсийн хайр ачлалт ёс хоёр хоорондоо салшгүй холбоотой. Солонгосын Чусон гүрний нэрт эрдэмтэн И И “Ах дүү нартайгаа эв найртай амьдрахгүй байх нь эцэг эхээ хайрлахгүй байгаагаас ялгаагүй. Хэрэв хэн нэгэн нь эцэг эхээ чин сэтгэлээсээ хайрладаг бол тэр л аав ээжийнхээ төрүүлж өсгөсөн үр хүүхдийг хайрлахгүй байж яаж болох билээ?” хэмээн өгүүлсэн байдаг. Библид “Хэн нэгэн нь “Би Бурханыг хайрладаг” гэж хэлчихээд, ах дүүгээ үзэн яддаг бол тэр худалч. Бурханыг хайрладаг нь ах дүүгээ мөн хайрлах ёстой” (1Иох 4:20-21) гэж гардаг шүү дээ. Сүнсний Эцэг Эхийгээ хайрлах нь ах дүүсээ хайрлахтай л адилхан гэж үздэгийг энэ ишлэл харуулж байна. Библид ах дүүгийн хайрын сайхныг “Ах дүүс хамтдаа нэгдмэлээр амьдрах нь хичнээн сайхан, хичнээн тааламжтай вэ!” хэмээн дуулдаг байх аа (Дуу 133:1).

Тийм байтал өнөө үед ах дүүсийн хайр гэхээсээ илүү алтыг сонгох хүмүүс улам бүр нэмэгдэж байна. Төрсөн ах эгч дүүтэйгээ ойр дотно байхаас илүү бусадтай ойр дотно байх нь аав ээждээ хийж байгаа хамгийн муу зүйл юм. Өөрөө тийм биш хэрнээ хүүхдүүддээ хоорондоо маргалдалгүй, эв найртай амьдар гэж зааж сургаж байвал ийм захиас сургамж ер нь жинхэнэ сургамж болох уу даа? Хэрэв аав ээж нь үр хүүхдүүддээ авга эгч, нагац ах дүү нартайгаа хэрхэн сайн харилцаатай байдгаа харуулбал хүүхдүүд ийм л байх ёстой юм байна гэдгийг ойлгох л болно.

Канад улсын Макмастерийн их сургуулийн судалгааны багийн хийсэн нэгэн судалгаагаар нэг цэцгийн мандалд өөр өөр төрөл зүйлийн ургамлыг хамт тарихдаа аль болох их хэмжээний ус, шим тэжээл авхуулах үүднээс уртаар нь замбараагүйгээр үндэслүүлжээ. Тэгтэл ижил төрлийн ургамал нь үндэснийхээ уртыг тохируулан бие биедээ буулт хийж байсан байна. Ургамал ногоо бороо орохоор норж, салхинд хийсэж, унадаг болохоороо сул дорой, чадваргүй мэт харагддаг. Гайхалтай нь харин тэд өөрсдийнхөө гэр бүлийн ургамлыг таньдаг байна.

Адамын ууган хүү Каин дүү Абелаа атаархлаас болж л хөнөөсөн. Энэ бол Библид тэмдэглэгдсэн хүн төрөлхтний түүхэн дэх төрсөн ах дүүгийнхээ эсрэг хийсэн анхны аллага байв. Энэ нь хүн төрөлхтний амар амгалан, энх тайвны төлөө ах дүүсийн хайр гэгч зүйл л сэргэх учиртайг харуулж байгаа юм. Ах дүүсийн хайр энэрэл нь ачлалт ёсыг дэлгэрүүлдэг төдийгүй аав ээждээ сайн сайхан ханддаг хэн ч муу муухай байдаггүй. Тиймээс ах дүүсийн хайрыг сэргээвэл айл гэрийн дотор ч, дэлхий ертөнцөд ч амар амгалан ноёлох учиртай.