
Непалын Хэтауда мужийн Бакайя гэдэг бүс нутагт таманчуудад болон мажи үндэстнүүдэд зориулагдсан хоёр тосгон бий. Уг хоёр тосгон байгуулагдах хүртэл таман, мажи үндэстнүүд олон зуун жил өөр хоорондоо дайсагнасаар иржээ. Дайсныхаа итгэдэг бурхдыг нь хилэгнүүлэхийн тулд мажичууд таманчуудын сүм рүү гахайн өөх шидэлж, харин таманчууд болохоор мажичуудын сүм хийд рүү үхрийн өөх шидэлдэг байжээ. Энэ мэт ширүүн мөргөлдөөний улмаас үүссэн элдэв хүчирхийллээс болж нийт нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх шаардлага ч гарч байсан аж.
Хэрэв та эвлэршгүй дайсантайгаа Сионд тааралдсан бол яах вэ? Сионд бол хэн нь ямар үндэстэн байх нь огт хамаагүй зүйл л дээ. 2019 оны Тэнгэрт одсон өдрийн дурсгалын мөргөлийн үеэр уг хоёр тосгоны итгэгчид Эхийн хайран дотор нэгдэж, нэг болсон тухай Сионы үнэрийг та бүхэнтэйгээ хуваалцахыг хүслээ.
Тэнгэрт одсон өдрийн мөргөлийг бид Кажипокари гэдэг газар гадаа тэмдэглэхээр болов. Гэр бүлүүд үүрийн 4 цагт босож хоол ундаа бэлтгээд 3 цаг гаран алхаж Кажипокарид хүрч ирлээ.
Тэнгэрт одсон өдрийн өглөөний мөргөл ивээлтэй өндөрлөж, өдрийн хоолны цаг болов. Хоёр тосгоны итгэгчдийг тус тусдаа суугаад хооллох гэж байхаар нь би “Та нар хамт суугаад авч ирсэн хоолоо хувааж идвэл ямар вэ?” гэж санал тавив. Тэгтэл тэд жаахан балмагдаж байгаа нь илт харагдлаа. Учир нь Мажи гэр бүлүүд будаа, шөл л авч ирж, хачир бэлдээгүй байв. Харин Таман гэр бүлүүд болохоор замдаа ойрхон дэлгүүрээс будаа авчихна гэж санаад хачир л бэлдэж ирцгээсэн байлаа. Нэг нь хачиргүй, нөгөө нь будаагүй байсан болохоор намайг авчирсан хоолоо хувааж идээрэй гэж хэлэхэд тэдэнд их ичмээр санагдсан гэнэ. Тэд нэгнээ хийсэн хоолыг нь голох вий гэж санаа нь зовж байсан ч энэ нь огт асуудал болсонгүй. Мажичуудын бэлдсэн будаа, таманчуудын бэлтгэсэн хачрыг л хамт зооглоход болно шүү дээ. Тэд урьдчилан ярьж төлөвлөөгүй байж яг л яриад тохирчихсон аятай тийм төгс зохицол бүхий хоол авч ирсэн нь надад их хачирхалтай санагдаж байлаа.
Хоол идэх үеэр ч ховор үзэгдэл анзаарагдлаа. Таман гэр бүлүүд өөрсдөө сайн идээгүй байж “Зүгээр ээ, Мажигийн итгэгчид маань сайн идээрэй” гээд янз бүрийн хачир гаргаж өгч байв. Харин Мажи гэр бүлүүд өөрсдөд нь будаа хангалтгүй байсан ч нөгөөдүүлдээ аягалж өгөн, “Бид рути (бин) идчихье” гээд л тэд байгаа бүхнээ хувааж байлаа. Тэд нэгэндээ санаа тавин хооллож байсан тул эхэндээ хүрэлцэхгүй юм шиг санагдаж байсан хоол харин ч дуусаагүйгээр үл барам бүр илүү гарах нь тэр. Би тэднээс таван талх, хоёр загасны гайхамшгийг мэдэрсэн дээ.
Гэр бүлүүд хамтдаа хооллож дууссаны дараа өнгөрсөн хугацаанд нэгнээ буруугаар ойлгож байсан зүйлийнхээ талаар ярьцгааж, бие биенээсээ уучлалт гуйн хоорондоо эвлэрцгээв. Тэдний ихэнх нь үнэнийг хүлээж аваад нэг их удаагүй шинэ гэр бүлүүд байсан л даа. Тэд анх удаа уулзаж байгаа мөртлөө хоёр тосгоныхны хуучинсаг сэтгэлгээг мэддэг болоод ч тэр үү “Намайг үнэхээр уучлаарай” гээд толгой бөхийн нэгнээсээ уучлалт гуйж байсан юм. Энэ мөч үнэхээр эхнээсээ дуустал сэтгэл огшоом ховор мөч байсан даа.
Нэмж нэг зүйл дурдахад Таман гэр бүлүүд Алгасал баяр ойртож байхад өөр хоорондоо нэгдэж, бидний сэтгэлийг их огшоосон. Тэд жирийн үед мөргөлөө ихэвчлэн ойрхон мөргөлийн газарт сахидаг байсан юм. Харин Алгасал баярыг Хэтаудад байдаг үндсэн сүмд ирж тэмдэглэхээр болов. Гэтэл Алгасал баярын өмнөх өдөр гэв гэнэтхэн томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал болж, тэрнээс болоод Хэтауда руу явдаг замыг хаасан тухай мэдээ сонсогдлоо. Нийтийн тээврээр явахад хүндрэл үүссэн тул гэр бүлүүд өдөржин алхаад, замын голд байдаг Хертиа Сионоор дайран, тэндээсээ тракторт суун үндсэн сүмд ирцгээсэн юм. Зарим гэр бүл “темп” гэх гурван дугуйт таксинд ердийнхөөс 5 дахин их өртөг төлж ирсэн байлаа.
Харин Таман гэр бүлүүд унаа унаш муутайгаас тэдэнд алхаж ирэхээс өөр сонголт байгаагүй юм. Алгасал баярыг цагт нь амжиж тэмдэглэхийн тулд тэд шөнө дөлөөр тосгоноосоо гарах хэрэгтэй байлаа. Сурагчид цувааны хамгийн урд талд гарч, араас нь хүүхдээ үүрсэн ээжүүд, хэдэн ээлжийн сольж өмсөх хувцсаа үүрсэн эрчүүд гээд олон хүн шөнө дөлөөр аян замд гарцгаасан байна.
Хэтауда хүртэлх зам нэлээн бартаатай. Тэд шөнө нойр дутуугаас зовхи нь анилдан, хөл нь өвдөж, өлсөж цангана. Хэдэн ядарсан шинэ итгэгч яах гэж ингэж зовж яваагаа ойлгохгүй нь гээд замын дундаас буцах гэж ундууцна. Тэд Алгасал баяраас Амилалтын баяр хүртэл Библид бичигдсэн шинэ гэрээний баяруудыг үндсэн сүм дээрээ ивээлтэй сахихаар шийдэн, хэдэн малаа хажуу айлдаа гуйж үлдээгээд, нутгаасаа хүсэл тэмүүлэл дүүрэн гарцгаасан боловч дэндүү их ядарсандаа анхны зорилгоо мартацгаасан аж. Тэр үед тэргүүний хэдэн гэр бүл бусдыгаа цуглуулан юу ч болж байсан Хэтауда руу явахыг уриалжээ. Ингээд тэд бие сэтгэлээ бэлтгэн, Хэтауда сүмд эсэн мэнд хүрч ирцгээсэн юм. Зовж зүдэрсний эцэст тэд баяраа сахиж, Бурханы бялхам их хайр, гүн гүнзгий золиосыг зүрхэндээ сийлсэн болоод ч тэр үү Тэнгэрт одсон өдрийн мөргөлийн үеэр тэд сүнсээр их өссөн нь илт харагдаж байлаа.
Эв эетэй байна гэдэг энэ ертөнцөд бол амаргүй хэрэг байж мэдэх ч Сионд харин боломжтой. Гагцхүү Бурханыг дээдлэн хүндэлж, тэнгэрийн хаанчлалын найдвар өвөрлөх юм бол шүү дээ. Хэтауда Сионы гэр бүлүүд бүгдээрээ үзэсгэлэнтэй эв эеэр өдөр бүр Бурханаа баярлуулна гэж би чин сэтгэлээсээ найдаж байгаа.
“Харагтун, ах дүүс хамтдаа нэгдмэлээр амьдрах нь хичнээн сайхан, хичнээн тааламжтай вэ! … Учир нь тэнд ЭЗЭН ерөөлийг, мөнх амийг тушаасан билээ.” Дуу 133:1-3