​Магтах ба чимээгүй байх

6,724 үзэлт

Өдөр хоногоос уйдаж залхсан дунд эргэм насны нэгэн эр сэтгэл зүйчээс зөвлөгөө авахаар очоод ярилцаж гэнэ.

“Гэр бүл бололцоод амьдрал маань нэг л аз жаргалгүй байна. Уг нь эхнэр бид хоёрын харьцаа тийм ч муу биш л дээ. Гэхдээ л инээд хөөр гэж юм огт алга.”

Сэтгэл зүйч нөгөө эрээс хэд хэдэн ийм тийм асуулт асуув гэнэ. Уг эрийн тухайд тогтвортой ажлын байртай, эрүүл саруул тун дажгүй нэгэн байв. Эхнэр нь ч ар гэр, амьдрал ахуйгаа сайн харж ханддаг нь андашгүй. Мөнөөх эрийн яриаг бүгдийг нь сонссон сэтгэл зүйч ийн өгүүлэв.

“Аан мөн, тийм байх нь. Эхнэр тань хоол хийхдээ хэр үү? ”

“Заримдаа амттай, заримдаа амтгүй хийдэг.”

“Амттай хоол хийсэн үед нь та яадаг вэ?”

“Зүгээр л чимээгүй иддэг.”

“Тэгвэл амтгүй хоол хийсэн үед нь?”

“Шорвог байвал шорвог байна гэж, давс нь сул байвал давс султай байгааг нь хэлдэг.”

“Тэгвэл цаашдаа эсрэгээр нь хэлээд үзээрэй. Амттай хоол хийсэн үед нь амттайг нь хэлж, харин амтгүй байвал чимээгүй байх хэрэгтэй.”

Сэтгэл зүйчийн зөвлөгөөг дагатал цаашдаа гэр бүлийн амьдрал нь өнөөх эрд дахин уйтгартай санагдахаа болив гэнэ.